| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамсүрэнгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 168/2018/0135/э/ |
| Дугаар | 2018/ШЦТ/142 |
| Огноо | 2018-05-16 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | Ч.Мөнхзул |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 05 сарын 16 өдөр
Дугаар 2018/ШЦТ/142
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Батжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******
Улсын яллагч *******
Шүүгдэгч *******
Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******-д холбогдох 1821002760172 дугаартай хэргийг 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Баян-Уул суманд 1963 оны 07 дугаар сарын 05-ны өдөр төрсөн, 54 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг ..................... тоотод оршин суух, гавьяа шагналгүй, урьд
Дорнод аймаг дахь Сум дундын шүүхийн 1998 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 48 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1231 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сар хорих ялаар шийтгүүлж, мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,
Дорнод аймаг дахь Сум дундын шүүхийн 2005 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 16 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 200 цаг албадан ажил хийлгэх ялаар,
Дорнод аймаг дахь Сум дундын шүүхийн 2010 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 33 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ялаар шийтгүүлж, Хэнтий аймаг дахь Сум дундын шүүхийн 2011 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 73 дугаар шүүгчийн захирамжаар 01 жил 01 сар 09 хоногийн хорих ялыг хугацааны өмнө тэнсэн сулласан,
Сум дундын 10 дугаар шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 1А дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ялаар шийтгүүлж, Хэнтий аймаг дахь Сум дундын шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 12 дугаар шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 01 жил 11 сар 22 хоногийн хорих ялаас өршөөн хэлтрүүлсэн,
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 105 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 250 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлж байсан, ******* овогт *******
Шүүгдэгч ******* овогт ******* нь 2018 оны 04 дүгээр сарын 15-ны шөнө Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын 3 дугаар багийн нутаг “Чулуутын шанд” гэх газраас хохирогч Д.Б-н 3 тооны адууг хулгайлж, 3600.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “3 тооны адуу хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа ойлгож байна. Прокуророос санал болгож байгаа 450 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг зөвшөөрч байна...” гэв.
Хохирогч Д.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “2018 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 15 цагийн үед адуугаа худагт услаад гэрээс зүүн тийш гаргах үед адуу бүрэн байсан. 2018 оны 04 сарын 16-ны өдрийн 11 цагийн үед адуундаа очих үед адуу гэрээс урагш 3 км газарт байсан ба саарал азаргатай адуунд байсан хойд хөл өсгий цагаан улаан хээр морь 13 настай, хар халтар морь 9 настай, улаан хээр морь 11 настай эдгээр морьд бүгдээрээ саран дэвсгэртэй цэгтэй онгин тамгатай 3 тооны адуу алга болсон байсан. Миний алдсан адууг ******* хулгайлсан болохыг хэсгийн төлөөлөгч тогтоосон. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй..” гэжээ. /хх-ийн 14-16 тал/
Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: 2018 оны 04 сарын хэдний өдөр байсныг нь сайн санахгүй байна. Намайг гэртээ хэвтэж байхад гадаа автомашин дуугараад удалгүй ******* манай гэрт орж ирсэн. Тэгээд би хүнтэй уулзах гэсэн юм, морио өгөөч гэхээр нь би эмээлтэй морио юм уу гэж асуухад ******* надад эмээл байгаа гэж хэлсэн. Тэгээд би өөрийнхөө хүрэн халзан зүсмийн 8 настай бүдүүн морийг унаад яв гээд *******од өгөөд явуулсан” гэжээ. /хх-ийн 25 тал/
Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “ Би 2018 оны 04 сарын яг хэдний өдөр байсныг сайн санахгүй байна. Намайг гэрээсээ гараад зүүн тийшээ алхаад явж байхад ******* тааралдаад 3 тооны адуу ажиллах гэсэн юмаа, хөлсийг нь өгнө гэж хэлэхээр нь би дагаад гэрийнх нь хашаанд очиж уяатай байсан бараан зүсмийн 2 адууг *******-д ажиллаж өгсөн. ******* миний хажууд бас бараан зүсийн нэг адуу ажилласан. Тус адуунуудыг хулгайн адуу байсан талаар надад огт хэлээгүй. ******* бид хоёр хамт ажилласан. Өөр хүн байгаагүй” гэжээ. /хх-ийн 31 тал/
- *******-ын мэдүүлэг /хх-ийн 20, 40-42 тал/
- Гэрч *******гийн мэдүүлэг /хх-ийн 26-27 тал/
- Гэрч *******гийн мэдүүлэг /хх-ийн 32 тал/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.
Шүүгдэгч ******* овогт ******* нь 2018 оны 04 дүгээр сарын 15-ны шөнө Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын 3 дугаар багийн нутаг “Чулуутын шанд” гэх газраас хохирогч Д.Б-н 3 тооны адууг хулгайлж, 3.600.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан мэдүүлэг болон хохирогч Д.Б, гэрч *******, *******, *******, ******* нарын мөрдөн шалгах ажиллагаанд гаргасан мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч *******-д холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч *******-ыг бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүхээс *******-ыг бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана” гэж заасан байх бөгөөд шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчид 450 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх санал гаргасныг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч ******* нь бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд энэ хэрэгт эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй байна.
Шүүгдэгч ******* нь хохирогч Д.Б-д учруулсан 3600.000 төгрөгийг төлж барагдуулсан бөгөөд хохирогч Д.Б нь шүүгдэгч *******-д гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгч *******-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч *******- ын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан *******ын хүрэн халзан зүсмийн 8 настай морийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгчээс гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 8 настай морины үнэ 1200.000 төгрөгийг гаргуулж, улсын орлого болгох нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч *******-ын .... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******-ыг бусдын малыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-ыг 450 /дөрвөн зуун тавин/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 3, 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******-д энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 450 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял дээр, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 250 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн, нийт 700 /долоон зуун/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******-д оногдуулсан 700 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагаар хийлгэхээр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найман/ цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******ын эзэмшлээс хүрэн халзан зүсмийн 8 настай морийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******-оос гэмт хэрэг үйлдэхэд ашигласан морины үнэ болох 1200.000 /нэг сая хоёр зуун мянган/ төгрөгийг гаргуулж улсын төсөвт шилжүүлсүгэй.
7. Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн түүний ...................... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.БАТЖАРГАЛ