Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 2024/ДШМ/812

 

 

 

                                                                Б.Мд холбогдох

                                                          эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, шүүгч Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Х.Анхцэцэг,

хохирогч Х.М,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 2024/ШЗ/921 дүгээр шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Мын гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 2310 00823 1904 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Ц овгийн Б-ийн М, 19... оны ... дүгээр сарын ...-ны өдөр Архангай аймагт төрсөн, 31 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт ... дүүргийн ... дугаар хороо, ... дүгээр байрны ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:..../;

Шүүгдэгч Б.М нь тоног төхөөрөмж буцалтгүй зээлийн гэрээ байгуулаагүй байхдаа хохирогч Х.Мд “тоног төхөөрөмж буцалтгүй зээлийн гэрээ байгуулсан” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч, 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 300.000 төгрөг, 01 дүгээр сарын 15-ны өдөр 5.700.000 төгрөгийг үргэлжилсэн үйлдлээр шилжүүлэн авч залилах гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Б.Мын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 15 дугаартай шийтгэх тогтоолоор Б.Мыг зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан бусдын эд хөрөнгийг залилсан гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг жилийн хугацаагаар Налайх дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарласан зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол болох 6.0 сая төгрөгийг Б.Маас гаргуулж, хохирогч Х.Мд олгохоор шийдвэрлэсэн байна.

Дээрх шийдвэрийг эс зөвшөөрч хохирогч Х.М гаргасан давж заалдах гомдлоор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд 2023/ДШМ/404 дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн ба магадлалын үндэслэх хэсэгт “...шүүгдэгч Б.Мын хохирогч Х.М залилсан гэх үйлдэлд түүний нөхөр Г.Билгүүний үйлдэл оролцоо байгаа эсэхийг шалгаж тодруулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн Гуравдугаар бүлэгт заасан хамтран оролцогч байгаа эсэхийг анхаарч зохих ажиллагаа хийх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлд заасан хэргийн бодит байдлыг тогтоох үүргийг биелүүлээгүй зөрчил тогтоогдож байхад анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна” хэмээн дүгнэжээ.

“Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг анхан шатны шүүх, прокурор, мөрдөгч биелүүлнэ” гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан.

Эрүүгийн 2310 00823 1904 дугаартай хэргийг тус шүүх хүлээн аваад “...давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг анхан шатны шүүх, прокурор, мөрдөгч биелүүлнэ” гэсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “...Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллах дүгнэлтэд заасан гэмт хэргийн хүрээнд талуудын гаргасан хүсэлт, гомдлоор, эсхүл шүүгч өөрийн санаачилгаар ...хянан хэлэлцэж шийдвэр гаргана”, мөн зүйлийн 6 дахь хэсгийн 6.15 дахь заалтад заасан “мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх шаардлагатай” зэрэг үндэслэлээр шүүх өөрийн санаачилгаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг явуулав.

Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээс Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 2023/ДШМ/404 дугаартай магадлалд заасан “...шүүгдэгч Б.Мын хохирогч Х.М залилсан гэх үйлдэлд түүний нөхөр Г.Билгүүний үйлдэл оролцоо байгаа эсэх, мөн шүүгдэгчийн мэдүүлэгт нэр заан дурдагдсан, хохирогч Х.Мос авсан 6.0 сая төгрөгөөс 2.600.000 төгрөгийг авч койн аваад алдсан гэх н.Болдтулга нь дээрх авсан гэх мөнгийг буцаан төлсөн эсэх, төлөөгүй бол хэрэгт иргэний хариуцагчаар татан оролцуулах эсэх асуудлыг шалган тогтоох” зэрэг мөрдөн шалгах нэмэлт ажиллагаа хийлгэх шаардлагатай үндэслэлээр Б.Мд холбогдох эрүүгийн хэргийг тус прокурорын газарт буцааж, эрүүгийн хэргийг прокурорт хүргүүлэх хүртэлх хугацаанд Б.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.М гаргасан давж заалдах гомдолдоо: “...Миний нөхөр болох Билгүүн нь ямар нэгэн оролцоогүй бөгөөд Билгүүн бид хоёр дансаа тусдаа хянадаг, хаанаас ямар мөнгө орж, гарч байгааг Билгүүн мэдэхгүй, огт асууж шалгадаггүй. Тухайн үед Билгүүн нь “чамд түр мөнгө байна уу, уурхайгаас мөнгө орж ирэхээр өгье, түр зээлчих” гэхэд би байгаа гэж шилжүүлсэн. Удаагүй Билгүүн миний Хаан банкны 5749652700 тоот данс руу буцаагаад хийсэн. Энэ нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон. Энэ хэрэгт хамааралгүй бөгөөд хэрэгт татах нь буруу гэж үзэж дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

Хохирогч Х.М тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.М нөхрийгөө энэ хэрэгт хамааралгүй гэж байна. Дансны хуулгыг нь үзэхэд бүх мөнгийг Г.Билгүүн авч хэрэглэсэн байсан. 1.000.000 төгрөгөөр хоёр удаа, 500.000 төгрөгөөр нэг удаа, автомашиныхаа зээлийг төлж, хамаатныхаа хүмүүс рүү мөнгө шилжүүлэх зэргээр хэрэглэсэн байсан тул би мөрдөн шалгах ажиллагааны явцад энэ талаар хэлж Г.Билгүүнийг эхнэртэй нь хамт яллагдагчаар шалгуулах хүсэлт гаргаж байсан. Б.М анх надаас 300.000 төгрөг авахдаа “Манай нөхөр том машин барьдаг, бензиний мөнгө байхгүй гээд над руу уурлаад дарамтлаад байна” гэсэн. Би нөхрийнх нь байдлыг хэлж шалгуулъя гэхэд мөрдөгч “Чи Билгүүнтэй ямар нэгэн харилцаа үүсгээгүй, танихгүй тул түүнийг татан шалгах ямар ч үндэслэл байхгүй” гээд шалгаагүй.” гэв.

Прокурор Х.Анхцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Прокурорын зүгээс Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүлээн зөвшөөрч эсэргүүцэл бичээгүй тул тусгайлан гаргах саналгүй.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Б.Мд холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн шийдвэр, ажиллагааг бүхэлд нь хянав.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Б.Мыг тоног төхөөрөмж буцалтгүй зээлийн гэрээ байгуулаагүй байхдаа хохирогч Х.Мд “тоног төхөөрөмж буцалтгүй зээлийн гэрээ байгуулсан” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч, 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 300.000 төгрөг, 01 дүгээр сарын 15-ны өдөр 5.700.000 төгрөгийг үргэлжилсэн үйлдлээр шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт буруутгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгон яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүхээс “...шүүгдэгч Б.Мын хохирогч Х.М залилсан гэх үйлдэлд түүний нөхөр Г.Билгүүний үйлдэл оролцоо байгаа эсэх, мөн шүүгдэгчийн мэдүүлэгт нэр заан дурдагдсан, хохирогч Х.Мос авсан 6.0 сая төгрөгөөс 2.600.000 төгрөгийг авч койн аваад алдсан гэх н.Болдтулга нь дээрх авсан гэх мөнгийг буцаан төлсөн эсэх, төлөөгүй бол хэрэгт иргэний хариуцагчаар татан оролцуулах эсэх асуудлыг шалган тогтоох” зэрэг мөрдөн шалгах нэмэлт ажиллагаа хийлгэх шаардлагатай үндэслэлээр Б.Мд холбогдох хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Учир нь, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 2023/ДШМ/404 дүгээр магадлалаар хэргийг прокурорт буцаасан байх бөгөөд тус магадлалд заасан ажиллагаанууд огт хийгдээгүй, магадлалын заалт биелэгдээгүй байна.

Иймд, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 2024/ШЗ/921 дүгээр захирамжийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 2024/ШЗ/921 дүгээр захирамжийг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Мын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Шүүгдэгч Б.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

                                    ДАРГАЛАГЧ,

                                    ШҮҮГЧ                                                М.АЛДАР

                                    ШҮҮГЧ                                                Л.ДАРЬСҮРЭН

ШҮҮГЧ                                                Д.МӨНХӨӨ