Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 2024/ДШМ/837

 

 

Д.Од холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, шүүгч Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Чингүүн,

шүүгдэгч Д.О,

нарийн бичгийн дарга Б.Энхдөлгөөн нарыг оролцуулан,

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 2024/ШЦТ/525 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Оийн гаргасан давж заалдах гомдлоор Д.Од холбогдох 2206 00000 3189 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            С овгийн Д-ийн О, 19... оны ... дүгээр сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 40 настай, эмэгтэй, дээд боловсролтой, зочид буудлын удирдлагын менежер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл ... хамт ... дүүргийн ... дугаар хороо, “..” хотхоны ... дугаар байрны .... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:..../,

            Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2009 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 146 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар нийт 3 жил 6 сар 10 хоногийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан,

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 222 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож байсан;

            Шүүгдэгч Д.О нь 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Санни таун” хотхоны В1 давхарт иргэн Б.Бтэй үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, нүүрэн тус газарт нэг удаа гараараа цохиж, эрүүл мэндэд нь хамрын ясны далд хугарал, хамарт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Д.Оийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч С овогт Д-ийн О-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Оийг 915 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 915.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, уг ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Оээс 32.600 төгрөгийг гаргуулж, хохирогч Б.Бт олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Б.Бийн энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан болон цаашид гарсан хохирлын талаарх нотлох баримтыг бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс хохирол нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн сиди 3 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газарт шилжүүлж, гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Од хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Д.О давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогч хохирол нэхэхгүй, даатгалаас төлсөн, гомдол саналгүй гэж мэдүүлсээр байтал 32.600 төгрөг гаргуулж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Учир нь, Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.2 дахь заалтад зааснаар шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй. Өөрөөр хэлбэл, гэмтлийн шинэ, хуучин эсэхийг тогтоогоогүй байхад хөнгөн гэмтэл учруулсан эсэх нь эргэлзээтэй байна. Мөн тухайн хэрэг болсон гэх өдөр нийт 4 гэрч байсан байхад зөвхөн 1 гэрчийг асуусан байна гэж тайлбарлан шүүгч урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаанаар мөрдөн шалгах ажиллагааг хийлгэхээр өмгөөлөгчийн хүсэлтийг харгалзан үзэж, хэргийг прокурорт захирамж биелүүлэхийг шаардаж буцаасан. Энэ баримт нь 132 дугаар хуудаст байгаа.

Хэргийг прокурорт буцааснаас хойш нэмж ажиллагаа хийсэн нь шинжээч эмчийг асууж мэдүүлэг авсан, хохирогч гэх Б.Бтэй байцаагч утсаар ярьж “viber”-аар хэдэн зураг явуулсан байдаг. Тухайн зургууд нь хэзээ авхуулсан эсэх нь тодорхойгүй хөхөрсөн, шалбарсан, хавдсан зүйл огт байдаггүй.

Тэр байтугай хэргийн материалтай хохирогч гэх Б.Б нь огт танилцаагүй, шүүх хурал дээр надад хэргийн материал танилцуулаагүй би мэдэхгүй байна гэж хариулж байсан. Энэ нь шүүх хурлын тэмдэглэл, бичлэгт байгаа. Хэргийн 126 дугаар хуудаст Б.Бтэй мөрдөгч 89100229 дугаарын утсаар нь түүнтэй ярьсан тухай тэмдэглэл байдаг ба тэрээр хамрын зураг авахуулж байгаагүй гэдгээ хэлсэн байдаг.

Хэргийн 131 дүгээр хуудсанд 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хэрэг шүүхэд шилжүүлэх тухай мөрдөгчийн тогтоолдоо хүндэвтэр гэмтэл учруулсан гэж бичсэн байсан, мөрдөн шалгах ажиллагааг хэт нэг талыг барьж явуулсан гэж үзэж гомдолтой байгаа.

Хэргийн 134 дүгээр хуудаст 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр шинжээч эмчээс 2022 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 12992 дугаартай шинжээчийн дүгнэлтийн талаар асуусан байдаг. Гэмтэл согог судлалын Үндэсний төвийн үзлэгээр хугарал оношлогдсон тул дээрх дүгнэлтэд хүрсэн. Зулгаралт дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй, зулгаралттай адил хэсэгт үүссэн гэсэн байдаг. Хэрэв өмнө нь шинжээч эмч гаднаас нь хараад шинэ хуучныг нь тогтоох боломжгүй байсан юм бол тухайн үед яагаад заавал компьютер томографын зураг авахуулж тогтоох шаардлагатай байснаа гэнэт 2 жилийн дараа таамгаар тогтоож байгаа нь ойлгомжгүй байна. Гэтэл шинжээч эмч болон Гэмтэл согог судлалын Үндэсний төвийн эмч хамрын хугарал нь шинэ үү, хуучин гэмтэл үү гэдгийг заавал компьютер томографын зураг авахуулж тогтоох шаардлагатай гэж илгээх бичиг өгсөн байдаг. Гэвч хохирогч огт зураг авахуулаагүй.

Хэргийн 139 дүгээр хуудсанд хохирогчоор мэдүүлэг өгөхдөө “2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр та хоёрыг маргалдаж байхыг харсан хүн байгаа юу” гэсэн асуултад “Манай 2 слесарь Батзаяа, нэгийнх нь нэрийг санахгүй байна 2 ажилтан байсан, 830 дугаар байрны харуул эрэгтэй хүн байсан, өөр хүн байгаагүй, тухайн газар руу харсан хяналтын камер байгаагүй. Шүүх шинжилгээний ерөнхий газар 8000 төгрөгөөр шинжилгээ хийлгэсэн. Баянгол дүүргийн эмнэлэгт цаг авч чих хамар хоолойн тасагт 15.000 төгрөгөөр үзүүлсэн. Нийгмийн даатгалын сангаас төлөгдсөн. Хамрын хавдар буухгүй байсан учраас 3 хоног гэртээ хэвтсэн, ямар нэгэн эмнэлэгт бол эмчилгээ хийлгээгүй” гэж мэдүүлсэн байдаг.

Хэргийн 140 дүгээр хуудаст 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр үзүүлсэн баримт байна. Хэргийн 145 дугаар талд 2022 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 8:49 цагт авсан зураг байх ба энэ зурагт хамар нь гэмтсэн байхаар, биеийн байдал нь ч хүндэвтэр өвчтэй гэж харагдаж байна. Гэтэл Б.Б нь хамраа 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр цохиулж гэмтсэн гэдэг. Магадгүй өөр цаг хугацаанд, өөр газарт, өөр бусдад 2022 оны 10 дугаар сарын 03-нд цохиулж гэмтээд гэртээ хэвтэж өвдсөн зургаа 2022 оны 10 дугаар сарын 08-нд авсан байна гэж харагдаж байна. Мөн хуудаст 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 19:44 цагт авсан зураг бас байх бөгөөд энэ зурагт ямар нэг гэмтэл, хавдар, хаван, хөхрөлт энгийн нүдээр харагдахгүй байна. Зулгаралт гэж харагдаж байгаа нь шинэ биш, цус гараагүй тав тогтсон болох нь тодорхой харагдаж байна. Тиймээс эмч шинэ хуучин эсэхийг зайлшгүй компьютер томографаар тогтоолгохыг шаардсан гэж үзэж байна. Хэрэв шинэ гэмтэл байсан бол тухайн үед нь компьютер томографын зургаа авхуулах байсан.

Хэргийн 150 дугаар хуудаст 2024 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн мөрдөгчийн шүүхэд шилжүүлэх санал дээрээ хүний биед хүндэвтэр гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдож байна гэсэн нь ойлгомжгүй байна. Мөн яагаад өмнө нь СД-г хураан авч үзлэг хийгээгүй нь ойлгомжгүй байна.

Шүүгч хэргийг шийдвэрлэхдээ хохирогчийн зүй бус үйлдэл байхгүй, ажил үүргийн дагуу нэвтрэх шаардлагатай ажлын байр руу нэвтэрч ажлаа гүйцэтгэх шаардлага тавьсан нь зүй бус үйлдэлд хамааралгүй юм гэж шийтгэх тогтоолын 6 дугаар хуудаст бичжээ.

Гэтэл хэргийн 7 дугаар хуудсанд Б.Бийн хохирогчоор өгсөн мэдүүлэг байгаа бөгөөд тэр мэдүүлэхдээ “...Дулаан тавих гэж очсон, СӨХ-ийн харуулд шитний өрөөний хаалгыг онгойлгож өг гэж хэлсэн. Харуул нь надад түлхүүр нь байхгүй гэхээр нь тэгвэл цоожийг нь эвдээд орчихъё гэсэн чинь болохгүй гээд байсан. СӨХ-ийн даргад түлхүүр байгаа гээд даргатайгаа утсаар ярьсан. Би “Цоожийг нь эвдээд орчмоор байна” гэж хэлэхэд, харуул нь “би мэдэхгүй шүү” гэж хэлээд зогсож байсан чинь дарга нь гээд хүүхэн ирээд оруулахгүй, “Чи манай байрыг хариуцдаг слесарь биш байна. Тэгээд ч аж ахуйн нэгжүүд СӨХ-д өртэй оруулахгүй, энэ талбай оршин суугчдын мэдлийнх гэж хэлээд оруулахгүй” гэх мэт зүйл ярьсан. ...Харуулдаа хандаад “Энэ хүнийг гарга” гэж түлхээд намайг хөдлөхгүй байхаар гараараа хамар руу нэг удаа цохиход цус гарсан.” гэдэг.

Харин хэргийн 9 дүгээр талд гэрч Баясгалангийн мэдүүлэг байдаг ба “Хаалгыг нь эвдээд орчихъё гээд харуулд нь хэлээд зөвшөөрөхгүй, дарга руугаа утсаар яриад, тэгээд тэд хоорондоо маргалдаж байгаад Б.Б ахыг түлхэж байгаад нэг удаа нүүр рүү нь гараараа цохьсон” гэж мэдүүлсэн нь би санаатай цохиогүй, харин хохирогч гэх Б.Б нь их өндөр том биетэй залуу байсан бөгөөд харуул Нурлан залгаад “Грийт лакс” ХХК-ийн ажилчид хаалга цоож эвдэж орох гээд байна, хаалга эвдэж орж шитний өрөөнд юм хийнэ гээд байна гэж залгасан. Тэгэхээр нь би тэр өдрөөс 3 хоногийн өмнө айлын ус тог таслаад байсан учраас шитний өрөөг түгжсэн байсан учраас онгойлгож өгөхгүй гэж хэлсэн. ...Дахиад дайраад энэ хаалгыг эвдээд орох гээд байна” гэж Самбат над руу утасдаж хэлсэн. Би аж ахуйн нэгжүүд манайд 30.000.000 төгрөгийн өртэй гээд хүлээж аваагүй. Тэгээд намайг хэл амаар доромжилж, хүчээр эвдэх гэж дайраад, “Ална шүү чамайг гичий минь” гэж хэлэхээр нь би “Алчихгүй юу” гэж хэлсэн. Тэгээд өөдөөс гараа далайгаад дайраад миний нүүр рүү цохих гээд байхаар нь би айгаад гарынхаа алгаар өөрийгөө хамгаалаад “Болиоч чи” гэж хэлээд түлхсэн. Тэгээд харуулууд тэр хүнд шаардлага тавиад цагдаагийн байгууллагаар шийдвэрлүүлнэ гэж хэлээд гаргасан. Харин манай харуул Нурлан, Самбат нарыг асууж өгөхийг удаа дараа хүсэлт гаргасан боловч асууж өгөөгүй. Хэргийн 12 дугаар хуудсанд Д.О миний үнэн зөв өгсөн мэдүүлэг байгаа.

Гэтэл шүүгч тухайн үед бид бүгдийн хажууд хараад зогсож байсан мэтээр хэт нэг талыг барьж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Шүүгч Д.О намайг СӨХ-ийн дарга гэдэг нь нотлогдохгүй байна гэж хэлсэн. Тэгвэл Б.Бийн 830 дугаар байрыг хариуцсан орон сууцны слесарь гэдгийг юугаар тогтоож нотлоод байгаа нь ойлгомжгүй, мөрдөн байцаахдаа шалгаж тогтоогоогүй байхад ажил үүргээ гүйцэтгэж зүв зүгээр явахад нь би зодсон мэтээр шийдсэн нь хууль бус, шударга бус болсон гэж гомдолтой байна.

Шүүгч хурал дээр намайг “Хувийн байдалдаа анхаар, хүн өвдсөн болоод эмнэлэгт очсон байгаа” гэх мэтээр зөвхөн намайг 30 гаран минут зэмлэсэн. Шүүх хурал дээр хохирогч Б.Б ч гэсэн ямархуу дээрэнгүй харилцаатай нь бүгдэд харагдаж л байсан.

Миний хувьд шүүгчийн туслахын зүй бус харьцааны талаар гомдол гаргасан нь үнэн. Шударга бус хандсан учраас би гомдол гаргасан. Энэ нь шүүгчид намайг засаршгүй эвдэрсэн хүн шиг харагдсан байх л даа. Өмнө нь нэг удаа болохоор найзтайгаа муудалцсан хэн алийнх нь болчимгүй үйлдэл байсан. Дараагийнх нь би үр хүүхдүүд, гэр бүлээ өмөөрч, өвчтэй хүүхдээ эмнэлэгт хурдан хүргэх гэснээс болж маргасан. Гэхдээ хэн аль нь ял шийтгэл аваагүй, Өршөөлийн хуульд орсон байхад намайг засаршгүй хүнд гэмт хэрэгтэн шиг шүүгч хандсанд туйлын гомдолтой байгаа. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

Прокурор Ц.Чингүүн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хохирогчид учирсан гэмтэл шинэ гэмтэл болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогддог. Хэрэг 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 17 цагийн үед болсон. СӨХ-ийн дарга Д.О гэх эмэгтэй гэрээсээ хэрэг болсон газар очсон. 17 цаг 33 минут 55 секундэд дуудлага өгсөн дуудлагын хуудас хавтаст хэргийн 3 дугаар хуудаст авагдсан бөгөөд цагдаагийн албан хаагч 17 цаг 48 минутад хэргийн газарт очсон. Хавтаст хэргийн 13-14 дэх талд авагдсан шинжээчийн дүгнэлтэд 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн Гэмтэл согог судлалын үндэсний төвийн хүлээн авах эмчийн оношоор хөнгөн зэргийн хамар ясны далд хугарал гэж тодорхойлсон. Хавтаст хэргийн 16 дахь талд авагдсан дүрс оношилгооны эмчийн илгээх бичгийн болсон хэргийн товч хэсэгт хэрэг болсон буюу “2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр СӨХ-ийн даргад зодуулсан” гэж бичигдсэн. Хавтаст хэргийн 142-146 дахь талд хохирогч Б.Бийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл авагдсан. 2022 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр хохирогч Б.Бийн биед ил харагдах гэмтэл, шарх болон хамар ясанд хавдар, гэмтэл учраагүй байсан нь түүний селфи зургаар нотлогддог. 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 17 цаг 30 минутад хамраас нь цус гарсан, хамар яс хавдсан байсан нь гэрэл зургийн үзүүлэлтээр давхар нотлогддог. Шинжээч эмч Бадрал “хамар ясны хугарал нь шинээр үүссэн гэмтэл байна” гэж мэдүүлэг өгсөн. Эдгээр баримтуудыг үндэслэн хохирогчийн биед учирсан гэмтлийг шинэ гэмтэл гэж үзэх үндэслэлтэй байна. Гэмтлийн шинэ, хуучинтай холбогдуулан хохирогч Б.Бээс дахин мэдүүлэг авахад өмнө нь хамраа гэмтээж байгаагүй талаар мэдүүлсэн. Мөрдөн шалгах ажиллагааны явцад харуул, хамгаалалтын 2 ажилтнаас гэрчийн мэдүүлэг авах гэсэн боловч хаана байгаа нь тогтоогдоогүй бөгөөд мөрдөгч энэ талаар тэмдэглэл үйлдсэн. Тухайн 2 гэрчээс мэдүүлэг аваагүй боловч хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар шүүгдэгч Д.О гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдсон гэж үзэж байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Оийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтуудын хүрээнд тухайн хэргийн бүх ажиллагааг гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

Хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Д.О нь 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Санни таун” хотхоны В1 давхарт иргэн Б.Бтэй үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, нүүрэн тус газарт нэг удаа гараараа цохиж, эрүүл мэндэд нь хамрын ясны далд хугарал, хамарт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Б.Бийн “...Өнөөдөр 17 цаг 30 минутын үед би Санни тауны В1 давхарт хамт ажилладаг слесарь Баясгалан, Батзаяа нарын хамтаар халаалтын шугам нээх гээд очоод холигч насосны узель, цахилгааны шийттэй хамт байдаг өрөө лүү орох гэхэд хаалга цоожтой байсан учраас харуул гэх үл таних хүнд нь хэлэхэд “СӨХ-ийн даргатай яриад онгойлгуулаарай би кодыг нь мэдэхгүй” гэж хэлэхээр нь СӨХ-ийн даргын гэх 96684098 дугаар луу нь залгаад “аж ахуй нэгжийн халаалтыг нь нээх гэж байна” гэж хэлэхэд “наадах чинь манай эзэмшлийн өрөө, аж ахуй нэгж нь манайд өртэй байгаа учраас оруулахгүй” гэж хэлээд онгойлгохгүй байсан ба “чи манайд ажилладаггүй, манай байранд юм хийдэггүй” гэх мэт зүйлс ярьсан. Тэгээд яриад байж байх үед харуул нь хүрээд ирэхээр нь би түүнд хандаад “СӨХ-ийн дарга нь гарч ирэхгүй бол би цоожийг нь эвдээд орчихмоор байна” гэж хэлэхэд харуул нь “би мэдэхгүй шүү дээ” гэсэн. Би харуулд “та нар ингэж болохгүй шүү дээ” гэж хэлээд байж байх үед СӨХ-ийн дарга нь гэх эмэгтэй хүрч ирсэн. Түүнд хандаад би ажлаа хиймээр байгаагаа хэлэхэд аж ахуй нэгжүүд манайд 30.000.000 төгрөгийн өртэй, энэ талбай оршин суугчдын мэдлийнх гэж хэлээд оруулахгүй гэх мэт зүйлс яриад өөдөөс дайрч байгаад намайг зайл гэж хэлээд харуулдаа хандаад энэ хүнийг гарга гээд хөөж гарнаас зулгааж түлхээд намайг хөдлөхгүй байхаар гараараа нэг удаа миний хамар луу цохиход хамраас цус гарч би цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн. ...” /хх 7/,

гэрч Б.Б-ийн “...Би тухайн өдөр 16 цагийн үед байгууллагын ажилчид болох инженер Баттүшиг, сантехникч Батзаяа нарын хамтаар Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Санни тауны 830 байрны В1 давхар руу орсон. Учир нь, тухайн байрны айлд халаалт ирэхгүй байна гэсний дагуу орж халаалтыг нь өгөх зорилготой орсон. Тэгээд халаалтын зангилаа нь байдаг узель рүү нь орох гэхэд түгжээтэй байсан. Манаачаас нь очоод “хаалгаа онгойлгочих” гэж хэлэхэд манаач нь “СӨХ-ийн даргаас асуу” гэж хэлсний дагуу СӨХ-ийн дарга гэгчтэй нь Түшиг ах утсаар ярьсан ба юу яриад байгаа нь мэдэгдэхгүй хоорондоо маргалдаад байх шиг байсан. ...Тэрний дараа нь СӨХ-ийн дарга гэх 30-40 орчим настай эмэгтэй хүн В1 давхарт орж ирээд ...хаалгаа онгойлгохгүй “Чи аж ахуй нэгжийн халаалтыг өгөх гээд байна, тэд нар чинь манай СӨХ-д өртэй” гэж хэлээд байсан ба Баттүшиг “айл халахгүй байна онгойлгочих” гээд гуйгаад байсан. Тэгээд тэд хоорондоо маргалдаж байгаад Баттүшиг ахыг түлхэж, нэг удаа нүүр рүү нь гараараа цохисон. Тэгэхэд Баттүшиг ахын хамраас цус гарсан. Тэр СӨХ-ийн дарга гэх эмэгтэй нь “Тэр цагдаагаа дууд, чи цагдаагаараа яваад сайн яваарай” гэж хэлснээ 2 харуулыг дагуулаад цаашаа явж уулзаж байгаад харуулуудаараа бид нарыг тухайн газраас гаргах шаардлага тавиулсан. ...” /хх 9-10/,

шинжээч эмч Ц.Бадралын “...Хамрын ясны хугарал нь шинээр үүссэн шинэ тэмдэгтэй, 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн Гэмтэл согог судлалын үндэсний төвийн үзлэгээр хугарал оношлогдсон тул дээрх дүгнэлтэд хүрсэн. ...Хамрын яс нь жижиг ба зулгаралт гэмтэлтэй адил хэсэгт үүссэн байна. ...” /хх 136-137/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 12992 дугаартай “...Б.Бийн биед хамрын ясны далд хугарал, хамарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. ...” /хх 13-14/ гэх дүгнэлт,

гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 2/, шуурхай удирдлагын тасгийн дуудлагын лавлагааны хуудас /хх 3/, эд зүйл баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 142-146/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасны дагуу анхан шатны шүүхийн шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, мэдүүлэг, дүгнэлт, шинжлэн судалсан бусад нотлох баримтад үндэслэн, шүүгдэгч Д.Оийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Д.Оийн иргэн Б.Бтэй үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, нүүрэн тус газарт нэг удаа гараараа цохиж, эрүүл мэндэд нь “хамрын ясны далд хугарал, хамарт зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.Оийн үйлдсэн гэмт хэрэг, учруулсан хохирол, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 915 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 915.000 төгрөгөөр торгох ял оногдуулсан нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцжээ.

Шүүгдэгч Д.О “...хохирогчид учирсан гэмтэл шинэ, хуучин эсэхийг тогтоолгох хүсэлтэй байсан боловч уг ажиллагааг хийгээгүй. ...хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Энэ гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэг ба гэмт хэрэг үйлдсэн хүн өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж, хөнгөн хохиролд зориуд хүргэсэн байдаг. Субьектив талын нэмэгдэл шинж болох гэмт хэрэг үйлдсэн сэдэлт, зорилго, гэмт хэрэг үйлдэх үеийн гэмт этгээдийн сэтгэл санааны байдлыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хуульчлаагүй тул гэмт хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй бөгөөд энэ төрлийн гэмт хэрэг нь өс хонзон, танхайн болон хувийн ямар ч сэдлээр үйлдэгддэг гэмт хэрэг юм.

Д.Оийн үйлдлийг “...өөдөөс дайрч байгаад намайг зайл гэж хэлээд харуулдаа хандаад энэ хүнийг гарга гээд хөөж гарнаас зулгааж түлхээд намайг хөдлөхгүй байхаар гараараа нэг удаа миний хамар луу цохиход хамраас цус гарсан...” талаар хохирогч Б.Б, “...Тэгээд тэд хоорондоо маргалдаж байгаад Баттүшиг ахыг түлхэж, нэг удаа нүүр рүү нь гараараа цохисон. Тэгэхэд Баттүшиг ахын хамраас цус гарсан. ...” талаар гэрч Б.Баясгалан нотлон мэдүүлсэн бөгөөд Д.О нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж, Б.Бийн биед “хамрын ясны далд хугарал, хамарт зулгаралт гэмтэл” буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шинжээчийн 12992 дугаартай дүгнэлтээр давхар нотлогдон тогтоогдсон байна.

Түүнчлэн, хэрэгт авагдсан шинжээч эмч Ц.Бадралын мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, шуурхай удирдлагын тасгийн дуудлагын лавлагааны хуудас, эд зүйл баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг нотлох баримтууд нь хохирогчийн биед учирсан дээрх гэмтлийг тухайн хэрэг учрал болсон цаг хугацаанд үүссэн болохыг тодорхойлж байна.

Мөн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын үндэслэл болгосон дээрх нотлох баримтууд нь энэ гэмт хэргийг шийдвэрлэхэд хүрэлцээтэй, хангалттай, хоорондоо зөрүүгүй, нэг цаг хугацаанд болсон үйл баримтыг нотолж чадсан, хуульд нийцсэн байгааг дурдах нь зүйтэй.

Иймд, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 2024/ШЦТ/525 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Оийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 2024/ШЦТ/525 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Оийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 ДАРГАЛАГЧ,

                         ШҮҮГЧ                                               М.АЛДАР

                         ШҮҮГЧ                                               Л.ДАРЬСҮРЭН

                         ШҮҮГЧ                                               Д.МӨНХӨӨ