Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 128/ШШ2025/0777

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Батзориг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “А” ХХК

Хариуцагч: Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын татварын улсын байцаагч Ц.Б, Ц.М нар

Маргааны төрөл: ““А” ХХК-ийн 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг дуустал хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хийсэн Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын татварын улсын байцаагч Ц.Б, Ц.М нарын 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн ******* тоот “Нөхөн ногдуулалтын акт”-аар тогтоосон нөхөн ногдуулалтын дүнг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.6-д “төлбөр тогтоосон захиргааны актын төлбөрийн хэмжээг багасгах” гэж заасны дагуу 1,361,972,488.35 төгрөгөөр багасгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий маргааныг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э, хариуцагч Ц.Б, Ц.М, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Намуунцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “А” ХХК-иас шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлдээ: “А ХХК-ийн 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг дуустал хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын татварын улсын байцаагч Ц.Б, Ц.М нар Татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж тоот томилолтын дагуу НӨАТ-ын хэсэгчилсэн хяналт, шалгалт хийсэн.

Тухайн хяналт шалгалтын дагуу 2023 оны 06 дугаар сарын 27-ний өдөр ******* тоот “Нөхөн ногдуулалтын акт” үйлдэж, 932,343,380.26 төгрөгийн нөхөн татвар, 363,887,430.5 төгрөгийн торгууль, 159,719,465.85 төгрөгийн алданги буюу нийт 1,455,950.276.61 төгрөгийг нөхөн төлүүлэхээр акт тогтоосон.

Дээрх актад холбогдуулан Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан бөгөөд тус зөвлөлөөс “нийт 1,455,950.276.61 төгрөгийн төлбөр ногдуулснаас автобус худалдан авахад төлсөн 180,469,696.97 төгрөгийн зөрчилд ногдуулсан 18,046,969.70 төгрөгийн нөхөн 5,414,090.91 төгрөгийн торгууль, 3,519,429.47 төгрөгийн алданги, нийт 26,980,490.08 төгрөгийн төлбөрийг хүчингүй болгож, 9,142,964,105.52 төгрөгийн зөрчилд ногдох 1,428,969,786.53 төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр шийдвэрлэж тогтоол гаргасан. Уг тогтоолыг “А” ХХК-ийн зүгээс 2024 оны 10 сарын 10-ны өдөр гардан авч дараах үндэслэлээр эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Үүнд

1. Тус актад “Оршин суугч бус этгээдээс суутгасан нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд 2019 онд 252,522,463.00 төгрөгийн, 2020 онд 272,978,095.00 төгрөгийн, 2021 онд 365,827,550.92 төгрөгийн, 2022 онд 261,220,125.37 төгрөгийн, нийт 1,152,548,234.32 төгрөгийн программын орлого, 2021 онд 1,045,618,887.24 төгрөгийн, 2022 онд 2,783,351,367.14 төгрөгийн, нийт 3,828,970,254.28 төгрөгийн онгоцны хөдөлгүүрийн ашиглалтын орлого олгохдоо нэмэгдсэн өртгийн албан татвар суутган авч, төлөхөөр тайлагнаагүй нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.1, 7.2, 7.2.5, 16.1, 16.1.2 заасныг зөрчсөн” гэжээ.

1.1 Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлд Албан татвар ногдох бараа, ажил, үйлчилгээ, 7.2.5-д “оршин суугч бус этгээдийн оршин суугч этгээдэд борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээ”-нд албан татвар ногдуулна” гэж заажээ. Харин тус хуулийн 13.1-т “Дараах барааг албан татвараас чөлөөлнө”, 13.1.6-д “иргэний агаарын хөлөг, хөдөлгүүр болон газар дээрх дадлагажуур, тэдгээрийн эд анги, бүрэлдэхүүн хэсэг, дэд угсралтын хэсэг, сэлбэг, тоног төхөөрөмж, холбогдох хэрэгсэл” гэж заасан.

Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд хэдийгээр оршин суугч бус этгээдээс авсан үйлчилгээндээ албан татвар төлөх хэдий ч энэ нь тус хуульд заасны дагуу “иргэний агаарын хөлөг, хөдөлгүүр... холбогдох хэрэгсэл” гэсэн зохицуулалтад хамаарч албан татвараас чөлөөлөгдөхөөр зохицуулагджээ. Тус хэсэгт заасан “...барааг албан татвараас чөлөөлнө” гэсэн зохицуулалт нь гагцхүү худалдах, худалдан авах харилцаагаар хязгаарлагдахгүйгээр хуульчлагдсан ба тухайн барааг ашиглах, түрээслэх харилцаа мөн адил хамаарахаар зохицуулжээ. Иргэний агаарын хөлөг ашиглан үйл ажиллагаа явуулах нь гагцхүү агаарын хөлгийг түрээслэхээс гадна тухайн хөлгийн хөдөлгүүр, үйл ажиллагаа явуулахад шаардагдах программ хангамжийн цогц нэгдлийг ойлгоно. Хууль тогтоомжийн тухай хуульд зааснаар аливаа нэршил нь хоёрдмол утгагүй байх ёстой ба хуульд нэр томьёог дэлгэрүүлэн тайлбарлахыг хориглодог. Түүнчлэн Агаарын хөлгийн хөдөлгүүр нь тус хууль болон Монгол Улс 2018 оны 10 дугаар сарын 12-ний өдөр нэгдэн орсон Дэлхийн худалдааны байгууллагын “Иргэний агаарын хөлгийн худалдааны хэлэлцээр”-ийн хавсралтад заасан бүтээгдэхүүнд хамаарч байгаа болно.

1.2 Нөгөө талаар, Монгол Улсын 2018 оны 10 дугаар сарын 12-ний өдөр нэгдэн орсон, 1979 оны 04 дүгээр сарын 12-ний өдрийн Швейцарын Холбооны Улсын Женев хотод байгуулсан Дэлхийн худалдааны байгууллагын “Иргэний агаарын хөлгийн худалдааны хэлэлцээр”, Монгол Улсын 1989 оны 09 дүгээр сарын 07-ний өдөр нэгдэн орсон, 1947 оны Олон улсын Иргэний нисэхийн тухай Чикаго конвенцын хүрээнд үүсгэн байгуулагдсан Иргэний нисэхийн олон улсын байгууллага /ИКАО/-ийн бодлогод хамаарч, дээрх олон улсын эрх зүйн хэм хэмжээний дагуу аливаа татвар, тухайлбал, нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөхөөр байна. Дэлхийн худалдааны байгууллагын “Иргэний агаарын хөлөг худалдах хэлэлцээр”-ийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт “... Иргэний агаарын хөлгийн үйлдвэрлэл, засвар, үйлчилгээ, сэргээн босголт, өөрчлөлт, эсхүл хувиргалтад үндсэн эсхүл орлуулагч төхөөрөмжөөр алинаар нь ашиглагдаж буйгаас үл хамаарна” гэж зохицуулжээ.

Энэ зохицуулалтад дурдагдаж буй үйлчилгээ гэдэг ойлголт нь гагцхүү худалдан борлуулах харилцаагаар хязгаарлагдахгүй бөгөөд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4.1.4. “үйлчилгээ” гэж бараа борлуулах, ажил гүйцэтгэхээс бусад аливаа үйл ажиллагааг хэлнэ гэсэн зохицуулалтаар тодорхойлогдохоор байна.

1.3 Мөн Монгол Улс нь 1989 оны 09 дүгээр сарын 07-ний өдөр Олон Улсын Иргэний нисэхийн тухай /Чикаго конвенц/ 1947 оны конвенцид нэгдэн орж, уг конвенцын хүрээнд үүсгэн байгуулсан Олон улсын иргэний нисэхийн байгууллага /ИКАО/-ийн гишүүн болжээ.

Нэгдсэн Үндэстний Байгууллагын төрөлжсөн байгууллага болох ИКАО-ийн Зөвлөлөөс 1993 оны 12 дугаар сарын 14-ний өдөр баталсан Олон улсын Агаарын тээврийн салбарын татварын талаар ИКАО-ийн баримтлах бодлого 8632 тоот Тогтоолын 3 дугаар бүлгийн зохицуулалтуудаас үзэхэд тус хэлэлцээрт нэгдсэн улс дараах үүргийг хүлээжээ. Үүнд:

(1) Хэлэлцэн тохирогч улс бүр доорх арга хэмжээг авна.

(а) олон улсын агаарын тээврийн үйл ажиллагаа, агаарын хөлөгтэй холбоотой нөгөө улсад үүссэн орлогын болон бусад татвараас харилцан чөлөөлөх; болон

(б) Хэлэлцэн тохирогч нэг улсад ашиглаж буй агаарын хөлөг, олон улсын агаарын тээвэрт агаарын хөлгийг ашиглан үйл ажиллагаа эрхэлдэг ан ахуй нэгжийг уг үйл ажиллагаатай холбоотой хөрөнгийн татвар эсвэл түүнтэй адилтгах бусад

татвараас чөлөөлөх.

(2) (1) (а) ба (б)-д дурдсан “татвар” болон “татварууд” гэсэн ойлголтод тухайн улсын үндэсний болон орон нутгийн татварын албанаас ногдуулах татварууд багтана; гэж зохицуулсан байна.

Татварын ерөнхий хуулийн 2 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт “Монгол Улсын олон улсын гэрээнд татварын хууль тогтоомжоос өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө” гэж зохицуулсан тул дээрх Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенцыг тухайн харилцаанд ашиглах үүрэгтэй байна.

Татварын ерөнхий хуулийн 7.2-т “Монгол Улсын татвар нь доор дурдсан төрөлтэй байна” Үүнд: 7.2.3. “нэмэгдсэн өртгийн албан татвар” гэж зохицуулжээ.

Дээрх зохицуулалтын дагуу 2019-2022 онуудад нийт 1,152,548,234.32 төгрөгийн программын орлого, нийт 3,828,970,254.28 төгрөгийн онгоцны хөдөлгүүрийн ашиглалтын орлого олгохдоо нэмэгдсэн өртгийн албан татвар суутган авах үүрэг хүлээгээгүй тул тус орлогоос татвар төлөхөөр тайлагнах үүрэг мөн үүсэхгүй болно. Түүнчлэн тухайн зөрчилд ногдуулах торгууль болон алданги ногдуулах үндэслэл бүрдээгүй байна.

(3) Мөн тус актад “НӨАТ тайланд 2021 онд 3,689,145,616.85 төгрөгийн орлого дутуу тайлагнасан нь НӨАТ-ын тухай хуулийн 7.1, 7.2.4, 16.1, 16.1.1 дэх заалтыг зөрчсөн” “Нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд 2019 онд 208,181,818.11 төгрөгийн, 2022 онд 135,454,545.45 төгрөгийн, 2023 оны 01 сард 128,363,636.37 төгрөгийн, нийт 472,000.000.00 төгрөгийн суудлын автомашин худалдан авахад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг төсөвт төлөх албан татвараас хасаж татвар ногдуулах орлогыг буруулсан" гэжээ.

“А” ХХК нь “М и” ХХК, “М М” ХХК, “М с с” ХХК нартай байгуулсан бараа материал худалдах худалдан авах гэрээний орлогод ногдох НӨАТ-ын тайланг алдаатай гаргасан. Иймд 2021 оны 01 дүгээр сарын НӨАТ-ын тайланг 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр залруулах зорилгоор тайланг засварлах хүсэлт илгээсэн байдаг.

Татварын ерөнхий хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-т “Татвар төлөгч татварын тайланг дараагийн татварын жилд багтаан залруулж болно” гэж, Татварын ерөнхий газрын даргын 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/260 тоот тушаалын хавсралт “Татварын тайлан үйлдэх, тушаах, хүлээн авах, боловсруулах, тайланд залруулга хийх журам”-ын 4.1-т “Татварын ерөнхий хуулийн 31.1-д заасан хугацаанд багтаан татвар төлөгчийн хүсэлтээр татварын тайланд залруулга хийнэ”, 4.2-т “Татвар төлөгч нь татварын тайлан залруулах хүсэлтийг холбогдох нотлох бичиг баримтын хамт харьяалах татварын албанд ирүүлнэ”, 4.4-т “Татварын албаны татварын тайлан хүлээн авах чиг үүрэг бүхий нэгж энэ журмын 4.2-т заасан хүсэлтийг шийдвэрлэж, татвар төлөгчид мэдэгдэн, цахим татварын системд татварын тайланг залруулан тушаах боломжийг үүсгэнэ” гэж, 4.10-т “Тухайн татварын албаны татварын тайлан хүлээн авах чиг үүрэг бүхий нэгж татвар төлөгчийн хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдөрт багтаан хянаж, шийдвэрлэн татвар төлөгчид мэдэгдэнэ” гэж тус тус зохицуулсан байна.

Дээрх зохицуулалтын дагуу манай байгууллагын зүгээс холбогдох НӨАТ, и-баримтыг шивсэн болно. Татварын тайлангийн цахим систем нь нэгдсэн системтэй учир и-баримт шивсэн тохиолдолд орлого дутуу тайлагнасан гэж үзэх үндэслэлгүй болно.

Мөн албан татвар ногдох орлогоос хассан гэх суудлын автомашин худалдан авахад төлсөн НӨАТ-ын тайлан залруулга хүсэлт өгсөн байсан болно. Гэвч татварын байцаагч нарын зүгээс дээрх хүсэлт, залруулгыг үл хэрэгсэн нөхөн ногдуулалтын акт тавьсан нь татварын төлөгчийн эрхийг зөрчсөн үйлдэл байна.

2. Актын дүгнэлт хэсэгт “Зөрчлийн тухай хууль 11.19 дүгээр зүйлийн 11.19, 1.2, 11.19.1.1. Татварын ерөнхий хуулийн 73 дугаар зүйлийн 73.2.1, 82 дугаар зүйлийн 82.1.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 83 дугаар зүйлийн 83.2, 84 дүгээр зүйлийн 84.1.2. дахь заалтыг тус тус үндэслэн 932,343,380.26 төгрөгийн нөхөн татвар, 363,887,430.5 төгрөгийн торгууль, 159,719,465.85 төгрөгийн алданги, нийт 1,455,950.276.61 төгрөгийн төлбөр төлүүлэхээр акт тогтоов” гэжээ.

Татварын улсын байцаагчийн зүгээс Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 11.19.1.1, 11.19.1.2 дахь хэсгийг зөрчсөн гэж үзэх тухайн хэсэгт дурдсан торгуулийн аргa хэмжээг авсан байна. Гэвч дээрх хуулийн зохицуулалт нь Зөрчлийн тухай хуульд байхгүй байна

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 2-т “Эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулах шийдвэртээ… шийтгэл оногдуулах, албадлагын арга хэмжээ авах үндэслэл, хуулийн зүйл, хэсэг, заалт, оногдуулах шийтгэл, ...талаар тусгана” гэжээ. Тус шаардлагыг хангаагүй буюу хуульд байхгүй хуулийн заалтыг хэрэглэсэн байх тул дээрх хэсэгт холбогдох шийдвэр хүчингүй болно.

Түүнчлэн дээр дурдсан үндэслэлүүдийн дагуу холбогдох зөрчлүүд нь үндэслэлгүй байх тул мөн түүнд ногдох нөхөн ногдуулалт, торгууль, алданги үндэслэлгүй байна.

3. Татварын нөхөн ногдуулалтын хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон талаар: Татварын ерөнхий хуулийн 15.1-т “Татварын нөхөн ногдуулалт хийх, алданги, торгууль ногдуулах, хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх, алдагдал шилжүүлэх, нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулах хөөн хэлэлцэх хугацаа 4 жил байх бөгөөд Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа татварын хууль тогтоомжид хамаарахгүй” гэж, 15.3.3-т “борлуулалт хийгдсэнээс хойш тодорхой хугацааны дотор татвар төлөхөөр хуульд заасан татварын төрөл болон суутгаж төлдөг татварын хувьд тухайн төрлийн татварын тайланг гарган, татвараа төлж дууссан байх ёстой өдрийн дараагийн ажлын өдрөөс” гэж тус тус заасан байна.

НӨАТ-ын тухай хуулийн 3.1-т “Хувь хүн, хуулийн этгээдийн Монгол Улсад импортоор оруулсан, эсхүл Монгол Улсаас экспортод гаргасан болон Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бараа, ажил, үйлчилгээнд албан татвар ногдуулахад энэ хууль үйлчилнэ” гэж, 4.1.1-т “борлуулалт” гэж барааг бусдын өмчлөлд шилжүүлэх, ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэхийг, ойлгоно гэж тус тус зохицуулсан байна. Өөрөөр хэлбэл, НӨАТ нь борлуулалтын орлогод хамаарах татвар бөгөөд Татварын ерөнхий хуулийн 15.3.3 дахь хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацааны зохицуулалт үйлчлэхээр байна.

Дээрх хугацаанд хамаарах зөрчлийн хувьд 2019 оны 11,914,325 төгрөгийн нөхөн татвар, 2019 оны программын төлбөрийн суутган төлөх дүн болох 25,252,246,30 төгрөг, 27,297,809.50 төгрөг, 36,582,755.09 төгрөг, 26,122,012.54 төгрөгийн нөхөн ногдуулалтууд нь дээрх хөөн хэлэлцэх хугацааны зохицуулалтын дагуу хэрэгсэхгүй болох буюу нөхөн ногдуулах боломжгүй болж байна. Өөрөөр хэлбэл, дээрх зөрчлүүд, болон түүнд ногдох торгууль, алданги нь хуулийн дагуу акт тогтоогдохгүй буюу үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Иймд нөхөн ногдуулалтын актын 3,4 дэх хэсэгт заасан суудлын автомашин болон автобус худалдан авахад төлсөн НӨАТ хасаж тооцсон, дутуу тайлагнасан гэх зөрчилд ногдох төлбөрөөс Татварын маргаан таслах зөвлөлийн тогтоолоор 26,980,490.08 төгрөгийн зөрчлийг хүчингүй болгосонд үндэслэн “А” ХХК-ийн зүгээс 66,997,298.18 төгрөгийн төлбөрийг зөвшөөрч байх тул Актын үлдэх дүнг багасгуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Тухайлбал, 932,343,380.26 төгрөгийн нөхөн татвар, 363,887,430.5 төгрөгийн торгууль, 159,719,465.85 төгрөгийн алданги буюу нийт 1,455,950,276.61 төгрөгийг төлүүлэхээр тогтоосон 2023 оны 06 сарын 27-ний өдрийн ******* тоот “Нөхөн ногдуулалтын акт” болон Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 2024 оны 09 сарын 13-ны өдрийн 10 тоот тогтоолд өөрчлөлт оруулж Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.6-д заасны дагуу төлбөр тогтоосон захиргааны актын төлбөрийн хэмжээг 1,361,972,488.35 төгрөгөөр багасгаж өгнө үү” гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Татварын улсын байцаагчийн 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн нөхөн ногдуулалтын актаар манайд оршин суугч бус этгээдээс суутгасан нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд 2019 онд 250 сая төгрөг, 2020 онд 272 сая төгрөг, 2021 онд 361 сая төгрөг, 2022 онд 261 сая төгрөг, нийт 1,152,548,234.32 төгрөгийн программын орлого, мөн 2021 онд 1 тэрбум төгрөг, 2022 онд 2,7 төгрөг, нийт 3,828,970,254.28 төгрөгийн онгоцны хөдөлгүүр ашиглалтын орлого олохдоо нэмэгдсэн өртгийн албан татвар суутган авч төлөхөөр тайлагнаагүй нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийг зөрчсөн гэж манай дээр акт тавьсан. Бид Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.5-д оршин суугч этгээдэд борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээнд албан татварыг ногдуулна гэж заагаад, тус хуулийнхаа 13 дугаар зүйлийн 13.1-д дараах барааг албан татвараас чөлөөлнө гэж байгаа. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.6-д иргэний агаарын хөлөг, хөдөлгүүр болон газар дээрх дадлагажуур, тэдгээрийн эд анги, бүрэлдэхүүн хэсэг, дэд угсралтын хэсэг, сэлбэг, тоног төхөөрөмж, холбогдох хэрэгсэл гэж заасан. Эдгээрийг албан татвар ногдох орлогоос чөлөөлнө гэж заасан. Дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл хэдийгээр оршин суугч бус этгээд нь татвар төлөх хэдий ч тухайн хуульд заасны дагуу иргэний агаарын хөлөг, түүний хөдөлгүүр, холбогдох хэрэгсэл гэсэн заалтад хамаарч байгаа учраас татвар ногдох орлогоос чөлөөлөгдөнө гэж үзэж байгаа. Гэтэл татварын байцаагчид зөвхөн худалдан авах харилцаанд хамаарна гэж тайлбарлаад байгаа. Иргэний агаарын хөлөг ашиглан үйл ажиллагаа явуулах нь агаарын хөлгийг түрээслэхээс гадна хөдөлгүүр үйл ажиллагаа явуулахад шаардлагатай программ хангамжийн цогц нэгдлийг ашиглахыг ойлгоно. Тэгэхээр хуулийн нэр томьёог хоёрдмол утгагүй ойлгох ёстой. Хуульд нэр томьёог хуульд зааснаас дэлгэрүүлж тайлбарлахыг хориглодог. Мөн агаарын хөлгийн хөдөлгүүр нь тус хууль болон Монгол Улсын 2018 онд нэгдэн орсон Иргэний агаарын хөлгийн худалдааны хэлэлцээрийн хавсралтад заасан бүтээгдэхүүнд хамаарч байгаа.

Хоёрдугаарт Олон улсын иргэний нисэхийн байгууллага ICAO-ын  бодлогод дээрх олон улсын эрх зүйн хэм хэмжээний дагуу аливаа татвар, тухайлбал нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөхөөр заасан байгаа. Дэлхийн худалдааны байгууллагын Иргэний агаарын хөлөг худалдах хэлэлцээрийн 1 дүгээр зүйлийн 1-д иргэний агаарын хөлгийн үйлдвэрлэл, засвар, үйлчилгээ, сэргээн босголт, өөрчлөлт эсхүл хувиралтад, үндсэн эсхүл орлуулагч төхөөрөмжөөр алинаар нь ашигласнаас үл хамаарч энэ заалт хэрэгжинэ гэж заасан байгаа. Энэ зохицуулалтад дурдагдаж буй үйлчилгээ гэдэг ойлголт нь гагцхүү худалдан борлуулах үйлчилгээгээр хязгаарлагдахгүй бөгөөд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-д бараа борлуулах, ажил гүйцэтгэхээс бусад аливаа үйл ажиллагааг энэ хуулийн зохицуулалтад оруулж тайлбарлахаар заасан байгаа. Тэгэхээр бид онгоцны хөдөлгүүр болон программаа түрээслээд олж байгаа нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-д заасан үйлчилгээ гэдэг зүйлд хамаарч байгаа. Мөн Монгол Улсын 1989 онд нэгдэж орсон Олон улсын иргэний нисэхийн тухай Чикагогийн конвенц байдаг. Нэгдсэн үндэсний байгууллагын төрөлжсөн байгууллага болох ICAO-ын зөвлөлөөс 1993 оны 12 дугаар сарын 04-ний өдөр баталсан Олон улсын агаарын тээврийн салбарын татварын талаар ICAO-ын баримтлах бодлого 8632 тоот тогтоолын 3 дугаар бүлгийн зохицуулалтаас үзэхэд тус хэлэлцээрт нэгдэн орсон улс дараах үүргийг хүлээнэ. Нэгдүгээрт 1.А-д зааснаар олон улсын агаарын тээврийн үйл ажиллагаа, агаарын хөлөгтэй холбоотойгоор нөгөө улсад үүссэн орлогын болон бусад татвараас чөлөөлөх гэж байгаа. 1.В-д хэлэлцэн тохирогч улсууд нь агаарын хөлөг, олон улсын агаарын тээвэрт агаарын хөлгийг ашиглан үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжийг уг үйл ажиллагаатай холбоотой хөрөнгийн болон түүнтэй адилтгах татвараас чөлөөлнө гэж заасан байгаа. 2 дахь заалтад дээр дурдсан татвар болон татварууд гэсэн ойлголт нь тухайн улсын үндэсний болон орон нутгийн татварын албаны ногдуулах татварууд багтана гэж байгаа. Тэгэхээр Монгол Улсын нэгдэн орсон Чикагогийн конвенцын дагуу агаарын тээврийн үйл ажиллагаатай холбоотойгоор нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх үүрэг хүлээж байгаа. Үүнд тухайн үндэсний болон орон нутгийн татварын албанаас ногдуулж байгаа бүх татвар хамаарч байгаа. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай, Захиргааны ерөнхий хуульд Олон улсын конвенцыг баримтална, хууль болон олон улсын конвенц зөрчилдвөл олон улсын конвенцын заалтыг баримтална гэж заасан.

Гэтэл Монгол Улсын нэгдэж ороод гишүүн болсон Чикагогийн конвенцоор олон улсын агаарын тээврийн үйл ажиллагаа, агаарын хөлөгтэй холбоотой үүссэн орлогын, тэдгээртэй адилтгах татвар, үндэсний болон орон нутгийн бүх татваруудаас чөлөөлнө гэсэн үүргийг Монгол Улс хүлээсэн байгаа. Тэгэхээр уг олон улсын конвенцыг татварын байгууллага үйл ажиллагаандаа баримталж ажиллах ёстой байсан. Хэрвээ олон улсын конвенцыг баримтлаад ажилласан бол манай агаарын хөлгийн хөдөлгүүрийн болон агаарын хөлгийн программын түрээсийн орлогыг чөлөөлөх ёстой байсан. Үүнд нэмэгдсэн өртгийн албан татвар хамаарч байгаа. Нэмэгдсэн өртгийн албан татвар хамаарахгүй гэсэн заалт байхгүй. Үндэсний болон орон нутгийн бүх татвар хамаарч байгаа. Татварын ерөнхий хуулийн 2 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт Монгол Улсын олон улсын гэрээнд татварын хууль тогтоомжоос өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө гэсэн зохицуулалттай. Тийм учраас Монгол Улсын нэгдсэн орсон олон улсын гэрээ конвенцыг татварын улсын байцаагчид үйл ажиллагаандаа баримтлах үүрэгтэй байсан. Энэ үүргээ баримтлаагүйгээс үүдэн манайд нэмэгдсэн өртгийн албан татварыг ногдуулсан гэж бид маргаж байгаа. Мөн татварын улсын байцаагчид Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.6 дахь заалтыг манай дээр хэрэгжихгүй гэж үздэг. Тэгээд тус хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.5 дахь заалтаар манайд татвар ногдуулаад байгаа. Гэтэл Нэмэгдсэн өргийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.6 нь илүү нарийвчилсан заалт юм. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5-д зааснаар илүү нарийвчилсан хуулийн заалтыг баримтлах ёстой. Тэгэхээр татвар ногдуулчхаад чөлөөлөх зүйл заалт буюу 13.1.6-д иргэний агаарын хөлөг, хөдөлгүүр, түүний холбогдох хэрэгсэл орж байгаа. Хөдөлгүүр гэдэг нь ойлгомжтой хөдөлгүүр гээд биччихсэн байгаа. Харин программ хангамж нь холбогдох хэрэгсэлдээ орж байгаа. Тийм учраас бид Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.6-д заасны дагуу нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх ёстой байсан. Хоёрдугаарт Олон улсын иргэний нисэхийн тухай Чикагогийн конвенцын дагуу нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдсөн гэдэг байр суурьтай байгаа. Тэгэхээр энэ хүрээнд бид 2019-2020 онд нийтдээ 3,8 тэрбум төгрөгийн хөдөлгүүр ашиглалтын орлогод нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулах ёстой байсан гэж үзсэн татварын улсын байцаагчийн актыг үндэслэлгүй гэж үзэж байна.

Нийт 9 тэрбум төгрөгтэй холбогдох татварын акт байгаа. Түүнээс 3,8 тэрбум төгрөгийн акт гэхээр 40%-иас илүү болж байгаа. Маргааны 2 дахь гол асуудал бол манайд нэмэгдсэн өртгийн албан татварт ногдох орлогоо дутуу буюу бууруулж тайлагнасан гэдэг зөрчил тавигдсан. Өөрөөр хэлбэл тус актад 2021 онд 3,689,145,616.35 төгрөгийн орлогыг дутуу тайлагнасан, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийг зөрчсөн гэсэн акт тавигдсан. Гэтэл бодит байдал “А” ХХК нь “М и” ХХК, “М м” ХХК, “М с с” ХХК-иудтай бараа материал худалдах худалдан авах гэрээ байгуулаад нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаа алдаатай тайлагнасан. Татварын байцаагчаас биднийг татвар ногдох орлогоо бууруулсан гэж акт тавиад байгаа. Гэхдээ бид татвар ногдох орлогоо бууруулаагүй. Яагаад гэхээр энэ үед ногдох и-баримтыг шивчихсэн байгаа. Хэрвээ бид татварын улсын байцаагчийн актад дурдсан шиг 3,6 тэрбум төгрөгөөр татварын орлогоо бууруулах санаа зорилготой байсан бол и-баримтыг нь шивэхгүй. Харин бид нэмэгдсэн өртгийн албан татварын тайлан хийхдээ алдаа гаргачихсан. Уг алдаагаа залруулах боломж нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд байгаа. Тэгээд бид орлого олсон нь үнэн, энэ хуулиар олгогдсон боломжийн хүрээнд алдаагаа залруулъя гэх хүсэлтээ удаа дараа өгсөн. Алдаагаа залруулах хүсэлтийг татварын улсын байцаагчид хүлээж авч шийдэж хариу өгөөгүй. Тийм учраас бид алдаагаа залруулж чадаагүй. Бид яагаад алдаагаа залруулж чадаагүй гэхээр Татварын ерөнхий хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д маш тодорхой заачихсан байгаа. Татвар төлөгч татварын тайланг дараагийн татварын жилд багтаан залруулж болно. Ингэхдээ Татварын ерөнхий газрын даргын 2019 оны тоот тушаалаар батлагдсан Татварын тайлан үйлдэх, тушаах, хүлээн авах, боловсруулах, тайланд залруулга хийх журмын 4.1-д зааснаар Татварын ерөнхий хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д заасан хугацаанд багтаан татвар төлөгчийн хүсэлтээр татварын тайланд залруулга хийнэ гэсэн. Журмын 4.2-т татвар төлөгч нь татварын тайлан залруулах хүсэлтийг холбогдох нотлох баримт бичгийн хамт харьяа татварын албанд ирүүлнэ гэж заасан. Бид албан бичгээ энэ журмын дагуу ирүүлчихсэн. Тус журмын 4.4-д заасны дагуу татварын албанд татварын тайлан хүлээн авах чиг үүрэг бүхий нэгж нь энэ журмын 4.2-т заасан хүсэлтийг шийдвэрлэж, татвар төлөгчид мэдэгдэнэ гэж байгаа. Тэгээд мэдэгдсэний дараа цахим татварын системд татварын тайланг залруулга хийх боломжийг үүсгэнэ гэж байгаа. Журмын 4.10-д тухайн татварын албаны татварын тайланг хүлээн авах чиг үүрэг бүхий татварын нэгж нь татвар төлөгчийн хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдөрт багтаан хянаж шийдвэрлэн татвар төлөгчид мэдэгдэнэ гэж байгаа. Бид тайлангаа алдаатай хийсэн байна, үүнийгээ залруулъя гэдэг хүсэлт өгөөд байхад татварын улсын байцаагч болон татварын албанаас бидэнд албан бичгээр, цахим шуудангаар мэдэгдээгүй. Харин системээ нээгээд орхичихсон. Бид систем нээгээд орхичихсон гэдгийг нь мэдэх боломжгүй. Өөрөөр хэлбэл танай хүсэлтийг аваад залруулах боломжийг чинь олгож байна гэх мэдэгдэх үүргээ татварын байгууллага хэрэгжүүлээгүй учраас бид тайлангаа залруулж чадаагүй. Бид тайлангаа залруулчихсан байсан бол өнөөдөр татвар ногдох орлогыг 3,6 тэрбум төгрөгөөр бууруулсан гэдэг акт тавигдах нөхцөл бүрдэхгүй байсан. Өөрөөр хэлбэл, энэ акт тавигдаж байгаа үндэслэл нь татварын байгууллагын буруутай үйл ажиллагаанаас болсон.

Автомашинтай холбоотой хэсгийг бүхэлд нь залруулъя гэсэн. Зөвхөн “М и” ХХК, “М м” ХХК, “М с с” ХХК-иудтай байгуулсан бараа материал худалдан авах гэрээний дагуу нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаа алдаатай гаргачихсан. Энэ нь нийтдээ 3,6 тэрбум төгрөг болж байгаа. Гэхдээ бид энэ дүнгээр нь зохих журмын дагуу нэмэгдсэн өртгийн албан татварын шивэлтээ хийсэн. Тэгэхээр бидэнд татвар ногдох орлогоо бууруулах ямар ч санаа зорилго байгаагүй. Тайланг залруулах боломжийг татварын байгууллагаас олгоогүй. Дараагийн үндэслэлийн тухайд татварын улсын байцаагч нар актаа гаргахдаа Зөрчлийн тухай хуулийн 19.1 дүгээр зүйлийн 19.1.2, 19.1.1 дэх хэсгийг үндэслээд манайд нийт 932,343,380.26 төгрөгийн нөхөн татвар, 363,887,430.5 төгрөгийн торгууль, нийтдээ 1,4 тэрбум төгрөгийн акт үйлдсэн. Энэ актынх гол үндэслэл нь Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйл байгаа. Энэ хуулийн заалт Зөрчлийн тухай хуульд байхгүй. Өөрөөр хэлбэл хуульд байхгүй зүйл заалтыг үндэслээд манайд нөхөн ногдуулалтын акт буюу зөрчлийн акт үйлдсэн. Зөрчил болон түүнд ногдуулах алданги, торгуулийн заалт нь Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлд байдаг байсан ч одоо байхгүй болчихсон. Татварын маргаан таслах зөвлөлөөс энэ хууль нь 2020 онд Татварын ерөнхий хууль руу орчихсон. Гэтэл танай зөрчил 2019 оных учраас 2019 онд хэрэгжиж байсан Зөрчлийн тухай хуулийг баримтална гэж тайлбарладаг. Татварын маргаан таслах зөвлөл Зөрчлийн тухай хуулийн заалтыг хэрэглэх тал дээр буруу тайлбар өгсөн. Яагаад гэхээр Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 4-д 4.Зөрчилд тооцохгүй болсон, оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээг хөнгөрүүлсэн, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ гэж заасан. Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 6-д зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хууль хүчин төгөлдөр болохоос өмнө шийтгэл оногдуулах, албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай шийдвэрийг гүйцэтгэсэн бол хуулийг буцаан хэрэглэхгүй ба шийтгэл оногдуулах, албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай шийдвэрийг гүйцэтгээгүй байгаа тохиолдолд буцаан хэрэглэнэ гэж заасан. Өөрөөр хэлбэл 2023 онд манайд акт ногдуулахдаа Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийг баримтлах буюу буцаан хэрэглэх үндэслэлгүй байсан. Энэ нь Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 4, 6-д тус тус зааснаар тодорхой байгаа. Тэгэхээр огт хууль зүйн үндэслэлгүй акт тавьсан учраас бүхэлд нь хүчингүй болгоё гэдэг байр суурьтай байна. Хоёрдугаарт хөөн хэлэлцэх хугацааны асуудал байгаа. Хөөн хэлэлцэх хугацааны талаар Татварын ерөнхий хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д татварын нөхөн ногдуулалт хийх, алданги, торгууль ногдуулах, хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх, алдагдал шилжүүлэх, нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулах хөөн хэлэлцэх хугацаа 4 жил байх бөгөөд 15.3.3-д борлуулалт хийгдсэнээс хойш тодорхой хугацааны дотор татвар төлөхөөр хуульд заасан татварын төрөл болон суутгаж төлдөг татварын хувьд тухайн төрлийн татварын тайланг гарган, татвараа төлж дууссан байх ёстой өдрийн дараагийн ажлын өдрөөс тоолно гэж байгаа. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д болохлоор хувь хүн, хуулийн этгээд Монгол Улсад одоо импортоор оруулсан, Монгол Улсаас экспортод гаргасан Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бараа, ажил үйлчилгээнд албан татвар ногдуулахдаа энэ хууль үйлчилнэ гээд 4 дүгээр зүйлийн 4.1.1-д борлуулалт гэж барааг бусдын өмчлөлд шилжүүлэх, ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэхийг ойлгоно гэж тус тус зохицуулсан байна. Өөрөөр хэлбэл, нэмэгдсэн өртгийн албан татвар нь борлуулалтын орлогод хамаарах татвар бөгөөд Татварын ерөнхий хуулийн 15.3.3 дахь хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацааны зохицуулалт үйлчлэхээр байгаа. Борлуулалт хийгдсэнээс хойш тодорхой хугацааны дотор хуульд заасан татварын төрөл болон суутгаж төлдөг татварын хувьд тухайн төрлийн татварын тайланг гарган татвараа төлж дууссан байх ёстой өдрийн дараагийн өдрөөс тоолно гэж байгаа. Татварын ерөнхий хуулийн 15.3.3 дахь заалт хэрэгжинэ. Тийм учраас 2019 оны программын төлбөрийн суутган төлөх дүн 25 сая төгрөг гэж байгаа. 2019 оны 11 сая төгрөг, 25 сая төгрөг, 27 сая төгрөг, 36 сая төгрөг, 26 сая төгрөгийн нөхөн ногдуулалт дээр хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэж байгаа. Иймд татварын улсын байцаагчийн зүгээс Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.6, Олон улсын иргэний нисэхийн тухай Чикагогийн конвенцыг зөрчиж манайд нэмэгдсэн өртгийн албан татварыг ногдуулсан. Чөлөөлөгдөх бараа, ажил үйлчилгээнд акт тавьсан. Хоёрдугаарт тухайн татварын актыг хуульд байхгүй зүйл заалтыг үндэслэж гарсан учраас бүхэлдээ хууль зүйн үндэслэлгүй. Мөн 2019 оны нөхөн татварууд дээр хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан гэдэг үндэслэлээр маргаж байна” гэжээ.

             Хариуцагч Ц.Б, Ц.М нар шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: “Том татвар төлөгчийн газартай харьцагч ******* тоот регистртэй “А” ХХК-ийн 2019 оны 01 дүгээр сарын 01-нээс 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацааны Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд Татварын хяналт шалгалтын хэлтсийн даргын татварын хяналт шалгалт хийх тоот томилолтын дагуу Том татвар төлөгчийн газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.Б, Ц.М, нар хэсэгчилсэн шалгалт хийж 197,679,549,894.23 төгрөгийн зөрчилд 1,455,950,276.61 төгрөгийн төлбөр ногдуулж татварын улсын байцаагчийн 2023 оны 06 сарын 27-ны өдрийн ******* тоот нөхөн ногдуулалтын акт үйлдсэн.

“А” ХХК нь татварын улсын байцаагчийн нөхөн ногдуулалтын ******* тоот захиргааны актыг эс зөвшөөрч Татварын ерөнхий газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлд 2023 оны 08 дугаар сарын 11-ний өдөр гомдол гаргасан. Тус Маргаан таслах зөвлөл гомдлыг хуралдаанаараа хэлэлцэн Нөхөн ногдуулалтын актаар тогтоосон дүнг 26,980,490.08 төгрөгөөр бууруулан 9,142,964,105.52 төгрөгийн зөрчилд ногдох 1,428,969,786.53 төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр шийдвэрлэн 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 10 тоот тогтоол гарсан байна.

“А” ХХК Маргаан таслах зөвлөлийн шийдвэрийг эс зөвшөөрч дээрх төлбөрийг 1,361,972,488.35 төгрөгөөр багасгуулахаар 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр ******* дугаар албан бичгээр Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс ирүүлсэн “Итгэмжлэгдсэн төлөөлөгч томилж, хариу тайлбар, нотлох баримт шаардах тухай” 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр ирүүлсэн ******* тоот албан бичгийн дагуу бид компанийн гаргасан нэхэмжлэлд дараах хариу тайлбарыг хүргүүлж байна.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс ирүүлсэн "Итгэмжлэгдсэн төлөөлөгч томилж, хариу тайлбар, нотлох баримт шаардах тухай" 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр ирүүлсэн ******* тоот албан бичгийн дагуу бид компанийн гаргасан нэхэмжлэлд дараах хариу тайлбарыг хүргүүлж байна

“А” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ч*******, Хуульч н.Э нь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

1. Тус актад “Оршин суугч бус этгээдээс суутгасан нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд ...нийт 1,152,548,234.32 төгрөгийн программын орлого, ...нийт 3,828,970,254.28 төгрөгийн онгоцны хөдөлгүүрийн ашиглалтын орлого олгохдоо нэмэгдсэн өртгийн албан татвар суутган авч, төлөхөөр тайлагнаагүй нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.1, 7.2, 7.2.5, 16.1, 16.1.2-т заасныг зөрчсөн” гэжээ.

1.1. ... Харин тус хуулийн 13.1-т “Дараах барааг албан татвараас чөлөөлнө”, 13.1.6-д “иргэний агаарын хөлөг, хөдөлгүүр болон газар дээрх дадлагажуур, тэдгээрийн эд анги, бүрэлдэхүүн хэсэг, дэд угсралтын хэсэг, сэлбэг, тоног төхөөрөмж, холбогдох хэрэгсэл” гэж заасан.

Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд хэдийгээр оршин суугч бус этгээдээс авсан үйлчилгээндээ албан татвар төлөх хэдий ч энэ нь тус хуульд заасны дагуу “иргэний агаарын хөлөг, хөдөлгүүр, ....холбогдох хэрэгсэл” гэсэн зохицуулалтад хамаарч албан татвараас чөлөөлөгдөхөөр зохицуулагджээ. Тус хэсэгт заасан “...барааг албан татвараас чөлөөлнө” зохицуулалт нь гагцхүү худалдах, худалдан авах харилцаагаар хязгаарлагдахгүйгээр хуульчлагдсан ба тухайн барааг ашиглах түрээслэх харилцаа мөн адил хамаарахаар зохицуулжээ. Иргэний агаарын хөлөг ашиглан үйл ажиллагаа явуулах нь гагцхүү агаарын хөлгийг түрээслэхээс гадна тухайн хөлгийн хөдөлгүүр, үйл ажиллагаа явуулахад шаардагдах программ хангамжийн цогц нэгдлийг ойлгоно. Хууль тогтоомжийн тухай хуульд зааснаар аливаа нэршил нь хоёрдмол утгагүй байх ёстой ба хуульд нэр томьёог дэлгэрүүлэн тайлбарлахыг хориглодог. Түүнчлэн агаарын хөлгийн хөдөлгүүр нь тус хууль болон Монгол Улс 2018 оны 10 дугаар 12-ны өдөр нэгдэн орсон Дэлхийн худалдааны байгууллагын “Иргэний агаарын хөлгийн худалдааны хэлэлцээр”-ийн хавсралтад заасан бүтээгдэхүүнд хамаарч байгаа гэж дурдсан байна

Хариу тайлбар 1.1: “А” ХХК нь Ирланд улсын ACR Aero 2 Omega Limited компанитай “Онгоцны хөдөлгүүр ашиглах гэрээ” (ESN)-г 2021 оны 05 дугаар сард байгуулсан ба 2021 оны 07 дугаар сараас эхлэн хөдөлгүүр ашиглалтын төлбөр төлж эхэлсэн. Мөн 2019-2021 онуудад гадаадын компаниудын программыг ашиглан орлого олгож байсан ба эдгээр оршин суугч бус этгээдүүдэд олгосон программ болон хөдөлгүүрийн ашиглалтын орлогыг өөрийн үйл ажиллагааны өртөг, зардлаар бүртгэн тооцож ирсэн.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлд 4.1. Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно 4.1.2. "бараа" гэж мөнгөн хөрөнгөнөөс бусад бүх төрлийн хөрөнгийг, 4.1.4 "үйлчилгээ" гэж бараа борлуулах, ажил гүйцэтгэхээс бусад аливаа үйл ажиллагааг, гэж заасан ба эндээс үзэхэд дээрх программын болон онгоцны хөдөлгүүрийн ашиглалтын орлого нь үйлчилгээний орлого байна. Иймээс Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.6-д заасан албан татвараас чөлөөлөх "бараа"-д хамаарахгүй ба тус хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.1, 7.2, 7.2.5, 16 дугаар зүйлийн 16.1, 16.1.2-т заасны дагуу дээрх орлогуудаас нэмэгдсэн өртгийн албан татвар суутган авч төсөвт төлөх үүрэгтэй болно.

“Хууль тогтоомжийн тухай хуульд зааснаар аливаа нэршил нь хоёрдмол утгагүй байх ёстой ба хуульд нэр томьёог дэлгэрүүлэн тайлбарлахыг хориглодог” гэж дурдсан байна.

Эдгээр хуулийн зохицуулалтуудаас харахад Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд заасан албан татвараас чөлөөлөгдөх “бараа” гэсэн ойлголтод барааг түрээслэх, ашиглах харилцааг хамааруулах боломжгүй байна. Түүнчлэн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд албан татвараас чөлөөлөгдөх “үйлчилгээ"-г тусад нь зохицуулсан заалтууд байгаа болно.

Гомдлын 1.2: Нөгөө талаар, Монгол Улсын 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр нэгдэн орсон, 1979 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн Швейцарын Холбооны Улсын Женев хотод байгуулсан Дэлхийн худалдааны байгууллагын “Иргэний агаарын хөлгийн худалдааны хэлэлцээр”, Монгол Улсын 1989 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр нэгдэн орсон, 1947 оны Олон улсын Иргэний нисэхийн тухай Чикаго конвенцын хүрээнд үүсгэн байгуулагдсан Иргэний нисэхийн олон улсын байгууллага /ИКАО/-ийн бодлогод хамаарч, дээрх олон улсын эрх зүйн хэм хэмжээний дагуу аливаа татвар, тухайлбал, нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөхөөр байна.

Дэлхийн худалдааны байгууллагын “Иргэний агаарын хөлөг худалдах хэлэлцээр”-ийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт “... иргэний агаарын хөлгийн үйлдвэрлэл, засвар, үйлчилгээ, сэргээн босголт, өөрчлөлт, эсхүл хувиргалтад үндсэн эсхүл орлуулагч төхөөрөмжөөр алинаар нь ашиглагдаж буйгаас үл хамаарна” гэж зохицуулжээ.

Энэ зохицуулалтад дурдагдаж буй үйлчилгээ гэдэг ойлголт нь гагцхүү худалдан борлуулах харилцаагаар хязгаарлагдахгүй бөгөөд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4.1.4. “үйлчилгээ” гэж бараа борлуулах, ажил гүйцэтгэхээс бусад аливаа үйл ажиллагааг хэлнэ гэсэн зохицуулалтаар тодорхойлогдохоор байна. гэж дурдсан байна

Хариу тайлбар 1.2: Дээр дурдсан Иргэний агаарын хөлөг худалдах хэлэлцээрийн үйлдвэрлэл, засвар, үйлчилгээ, сэргээн босголт, өөрчлөлт, хувиргалтын үйл ажиллагааны 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэг нь иргэний агаарын хөлөг худалдах, худалдан авах. хүрээнд хамаарахаар байгаа ба онгоцны хөдөлгүүрийн ашиглалт, улмаар татвар ногдуулалттай холбоогүй болно.

Гомдлын 1.3: ... Нэгдсэн Үндэстний Байгууллагын төрөлжсөн байгууллага болох ИКАО-ийн Зөвлөлөөс 1993 оны 12 дугаар сарын 14-ний өдөр баталсан Олон улсын Агаарын тээврийн салбарын татварын талаар ИКАО-ийн баримтлах бодлого 8632 тоот тогтоолын 3 дугаар бүлгийн зохицуулалтаас үзэхэд тус хэлэлцээрт нэгдсэн улс дараах үүргийг хүлээжээ. Үүнд:

(1) Хэлэлцэн тохирогч улс бүр доорх арга хэмжээг авна.

(а). Олон улсын агаарын тээврийн үйл ажиллагаа, агаарын хөлөгтэй холбоотой нөгөө улсад үүссэн орлогын болон бусад татвараас харилцан чөлөөлөх; болон

(б). Хэлэлцэн тохирогч нэг улсад ашиглаж буй агаарын хөлөг, олон улсын агаарын тээвэрт агаарын хөлгийг ашиглан үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуй нэгжийг уг үйл ажиллагаатай холбоотой хөрөнгийн татвар түүнтэй адилтгах бусад татвараас чөлөөлнө.

(2) (1), (а) ба (б)-д дурдсан “татвар" болон "татварууд" гэсэн ойлголтод тухайн улсын үндэсний болон орон нутгийн татварын албанаас ногдуулах татварууд багтана; гэж зохицуулсан байна гэж дурдсан.

Хариу тайлбар 1.3: Дээр дурдсан Олон улсын Агаарын тээврийн салбарын татварын талаар ИКАО-ийн баримтлах бодлого 8632 тоот Тогтоолын 3 дугаар бүлэгт дээрх зохицуулалтуудын (3) дугаарт:

(3). Хэлэлцэн тохирогч улсууд (1) заалтыг хэрэгжүүлэх зорилгоор холбогдох Засгийн газар хоорондын агаарын тээврийн хэлэлцээрт харилцан татвар ногдуулахгүй байх талаар холбогдох зүйл заалт оруулах, татварыг давхардуулж ногдуулахгүй байх, татвараас чөлөөлөх Засгийн газар хоорондын хэлэлцээр, болон гишүүн улсууд дотоодын хууль тогтоомжид холбогдох нэмэлт өөрчлөлтийг оруулах замаар шийдвэрлэнэ гэжээ.

Орлого ба хөрөнгийн татварыг давхардуулж ногдуулахгүй байх, татвар төлөхөөс зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх тухай Монгол Улсын Засгийн газар, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Засгийн газар хоорондын Хэлэлцээрийн 8 дугаар зүйл “Олон улсын тээвэр”-т онгоцоор тээвэр хийх үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгжийн ашигт хэрхэн татвар ногдуулах талаар тусгасан. Гэвч энэхүү хэлэлцээр нь нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулах харилцаанд үйлчлэхгүй болно.

Иймд дээрх оршин суугч бус этгээдэд олгосон онгоцны хөдөлгүүрийн ашиглалтын орлогод нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулах эсэх асуудал дотоодын хууль тогтоомж буюу "Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль"-иар зохицуулагдахаар байгаа ба тус хуульд заасан татвараас чөлөөлөх үйлчилгээнд хамааралгүй байна.

Мөн гомдолд:... “А” ХХК, “М и” ХХК, “М М” ХХК, “М с” ХХК нартай байгуулсан бараа материал худалдах, худалдан авах гэрээний орлогод ногдох НӨАТ-ын тайланг алдаатай гаргасан. Иймд 2021 оны 1-р сарын НӨАТ-н тайланг 2022 оны 1 сарын 4-ний өдөр залруулах зорилгоор тайланг засварлах хүсэлт илгээсэн байдаг.

Татварын ерөнхий хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-т “Taтвар төлөгч татварын тайланг дараагийн татварын жилд багтаан залруулж болно” гэж, Татварын ерөнхий газрын даргын 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А-260 тоот тушаалын хавсралт “Татварын тайлан үйлдэх, тушаах, хүлээн авах, боловсруулах, тайланд залруулга хийх журам”-ын 4.1-т “Татварын ерөнхий хуулийн 31.1-д заасан хугацаанд багтаан татвар төлөгчийн хүсэлтээр татварын тайланд залруулга хийнэ”, 4.2-т “Татвар төлөгч нь татварын тайлан залруулах хүсэлтийг холбогдох нотлох баримтын хамт харьяалах татварын албанд ирүүлнэ”, 4.4-т “Татварын албаны татварын тайлан хүлээн авах чиг үүрэг бүхий нэгж татвар төлөгчийн хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдөрт багтаан хянаж, шийдвэрлэн татвар төлөгчид мэдэгдэнэ” гэж тус тус зохицуулсан байна. Дээрх зохицуулалтын дагуу манай байгууллагын зүгээс холбогдох НӨАТ, и-баримтыг шивсэн болно. Татварын тайлангийн цахим систем нь нэгдсэн системтэй учир и-баримт шивсэн тохиолдолд орлого дутуу тайлагнасан гэж үзэх үндэслэлгүй болно.

Мөн албан татвар ногдох орлогоос хассан гэх суудлын автомашин худалдан авахад төлсөн НӨАТ-ын тайлан залруулга хүсэлт өгсөн байсан болно. Гэвч татварын байцаагч нарын зүгээс дээрх хүсэлт, залруулгыг үл хэрэгсэн нөхөн ногдуулалтын акт тавьсан нь татвар төлөгчийн эрхийг зөрчсөн үйлдэл байна гэжээ.

Хариу тайлбар: Гомдолд дурдсанчлан “А” ХХК нь 2022 оны 01 сард татварын тайлангийн хугацаа сунгуулах хүсэлтүүдийг өгч хүсэлтийн дагуу цахимаар ирүүлсэн ΗӨΑΤ-ын тайланг татварын алба хүлээн авч татвар төлөгчийн эрхийг хангасан байна. Татварын алба татвар төлөгчийн хүсэлтийн дагуу залруулга хийж баталгаажуулсан тайланд үндэслэн татварын хяналт шалгалтыг хийсэн. Уг залруулсан тайлан буюу 2021 оны 01 дүгээр сарын "Нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийн тайлан”-д тусгагдсан нийт борлуулалтын орлогын дүн 138,710,811.79 төгрөг байгаа нь дээрх дутуу тусгасан гэж үзсэн борлуулалтын орлогын дүнгээс харьцангуй бага дүнтэй байгаа ба борлуулалт хийсэн дээрх компаниудтай хамааралгүй байна.

Татварын ерөнхий хуулийн 31 дүгээр зүйл.:Татварын тайланд залруулга хийх: 31.1-д “Татвар төлөгч татварын тайланг дараагийн татварын жилд багтаан залруулж болно”, 31.4т Татварын хяналт шалгалт хийхээр татвар төлөгчид мэдэгдсэнээс хойш энэ хуулийн 31.1-д заасан тайлангийн залруулгыг хийхгүй.”, 31.5-д “Татвар төлөгчийн хүсэлтээр тайланд залруулга хийсэн нь хуульд заасан хугацаанд төлөөгүй татварын алдангиас чөлөөлөх үндэслэл болохгүй." гэж заасан. Дээрх хуулийн заалтуудын дагуу тус компанийн 2021 онд нэмэгдсэн өртгийн албан татварын дутуу тайлагнасан борлуулалтын орлогын дүнг 2022 онд багтаан залруулж болох байсан.

2.1. “А” ХХК нь 2021 онд 3,689,445,616.85 төгрөгийн борлуулалтын орлого дутуу тайлагнасан зөрчил нь 2021 оны 1 сард 1,475,778,246.00 төгрөгийн орлогод 00000*******0002201050000******16,  2,213,667,370.85 төгрөгийн орлогод ******* дахин давтагдахгүй дугаар бүхий төлбөрийн “ebarimt”-ыг бусдад олгосон боловч “Нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийн тайлан”-д борлуулалтын орлогыг дутуу тусган татвар ногдуулах орлогыг бууруулсан.

2.2. “А” ХХК нь 2019 онд “Хаслизинг” ХХК-иас Ү62 Ниссан патрол маркийн суудлын автомашиныг худалдан авахад төлсөн, 2022 онд М м******* ХХК-аас 2023 оны 01 сард “М м*******” ХХК-иас суудлын автомашин худалдан авч, татвар ногдох орлогоос хасаж татвар ногдуулах орлого бууруулсан боловч татварын тайланг засварлаж татвар ногдуулан төлөөгүй байна.

Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлд 28.1-т “Татвар төлөгч холбогдох татварын хуулиар төлбөл зохих татварын ногдлоо өөрөө тодорхойлж, хуулиар тогтоосон хугацаанд төсөвт төлнө” гэж заасан.

Өөрөөр хэлбэл татвар төлөгч татварын ногдлоо өөрөө үнэн зөв тодорхойлж тайлагнах үүрэгтэй ба буруу тайлагнасан тайлангаа залруулах боломж байсан боловч залруулаагүй. Татварын алба тайлангийн хугацаа сунгах хүсэлтүүдийг нь хүлээн авч эрхийг нь эдлүүлэн тайлангуудыг нь хүлээн авсан боловч эдгээр тайлангуудад дээрх борлуулалтын орлого болон автомашины худалдан авалттай холбоотой залруулгууд хийгдээгүй байсан.

Гомдлын 2: Актын дүгнэлт хэсэгт “Зөрчлийн тухай хууль 11.19 дүгээр зүйлийн 11.19.1.2, 11.19.1.1, Татварын ерөнхий хуулийн 73 дугаар зүйлийн 73.2.1, 82 дугаар зүйлийн 82.1.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 83 дугаар зүйлийн 83.2, 84 дүгээр зүйлийн 84.1.2 дахь заалтыг тус тус үндэслэн 932,343,380.26 төгрөгийн нөхөн татвар, 363,887,430.5 төгрөгийн торгууль, 159,719,465.85 төгрөгийн алданги, нийт 1,455,950,276.61 төгрөгийн төлбөр төлүүлэхээр акт тогтоов” гэжээ.

Татварын улсын байцаагчийн зүгээс Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 11.19.1.1, 11.19.1.2 дахь хэсгийг зөрчсөн гэж үзэх тухайн хэсэгт дурдсан торгуулийн арга хэмжээг авсан байна. Гэвч дээрх хуулийн зохицуулалт нь Зөрчлийн тухай хуульд байхгүй байна.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 2-т “Эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулах шийдвэртээ ... шийтгэл оногдуулах, албадлагын арга хэмжээ авах үндэслэл, хуулийн зүйл, хэсэг, заалт, оногдуулах шийтгэл ...  талаар тусгана” гэжээ. Тус шаардлагыг хангаагүй буюу хуульд байхгүй хуулийн заалтыг хэрэглэсэн байх тул дээрх хэсэгт холбогдох шийдвэр хүчингүй болно.” гэжээ.

Хариу тайлбар 2:  2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр батлагдсан Зөрчлийн тухай хуулийг 2017 оны 07 дугаар сарын 01-ээс дагаж мөрдөхөөр хуульчилсан. Тус хуулийн 11.19 дүгээр зүйлд татварын хууль зөрчсөн этгээдэд хүлээлгэх хариуцлагын талаар тусгагдсан. Энэ хуульд 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн 1 дүгээр зүйлд "Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай мөн хуулийн 3 дугаар зүйлд “Энэ хуулийг Татварын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” гэж заасан.

Өөрөөр хэлбэл бидний хэрэглэсэн Зөрчлийн тухай хуулийн заалтууд нь 2017 оны 07 дугаар сарын 01-ээс 2020 оны 01 дүгээр сарын 01-ний хооронд үйлчилж байсан болно.

2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн “Татварын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/- ийг дагаж мөрдөх журмын тухай хууль”-ийн 4 дүгээр зүйлд “2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр баталсан Татварын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/-ийг буцаан хэрэглэхэд татвар төлөгчийн эрх зүйн байдлыг дордуулахаар бол 2008 оны 05 дугаар 20-ны өдөр баталсан Татварын ерөнхий хуулийн холбогдох заалт, 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр баталсан Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1, 3, 4, 5 дахь хэсгийг буцаан хэрэглэж, тухайн хуулийн заалтыг дагаж мөрдөнө гэж заасан. Дээрх заалтын дагуу 2019 онд хамаарах зөрчлүүдэд Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн заалтуудаар хариуцлага тооцсон болно.

Гомдлын 3: Татварын нөхөн ногдуулалтын хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон талаар: Татварын ерөнхий хуулийн 15.1-т “Татварын нөхөн ногдуулалт хийх алданги торгууль ногдуулах, хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх, алдагдал шилжүүлэх, нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулах хөөн хэлэлцэх хугацаа 4 жил байх бөгөөд Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа татварын хууль тогтоомжид хамаарахгүй” гэж, 15.3.3-т “борлуулалт хийгдсэнээс хойш тодорхой хугацааны дотор татвар төлөхөөр хуульд заасан татварын төрөл болон суутгаж төлдөг татварын хувьд тухайн төрлийн татварын тайланг гарган, татвараа төлж дууссан байх ёстой өдрийн дараагийн ажлын өдрөөс” гэж тус тус заасан байна. НӨАТ-ын тухай хуулийн 3.1-т “Хувь хүн, хуулийн этгээдийн Монгол Улсад импортоop оруулсан, эсхүл Монгол Улсаас экспортод гаргасан болон Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бараа, ажил, үйлчилгээнд албан татвар ногдуулахад энэ хууль үйлчилнэ” гэж, 4.1.1-т “Борлуулалт” гэж барааг бусдын өмчлөлд шилжүүлэх, ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэхийг ойлгоно” гэж тус тус зохицуулсан байна. Өөрөөр хэлбэл, НӨАТ нь борлуулалтын орлогод хамаарах татвар бөгөөд Татварын ерөнхий хуулийн 15.3.3 дахь хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацааны зохицуулалт үйлчлэхээр байна.

Дээрх хугацаанд хамаарах зөрчлийн хувьд 2019 оны 11,914,325 төгрөгийн нөхөн татвар, 2019 оны программ төлбөрийн суутган төлөх дүн болох 25,252,246.30 төгрөг, 27,297,805.50 төгрөг, 26,582,755.09 төгрөг, 25,122,012.54 төгрөгийн нөхөн ногдуулалтууд нь дээрх хөөн хэлэлцэх хугацааны зохицуулалтын дагуу хэрэгсэхгүй болох буюу нөхөн ногдуулах боломжгүй болж байна. Өөрөөр хэлбэл дээрх зөрчлүүд болон түүнд ногдох торгууль, алданги нь хуулийн дагуу акт тогтоогдохгүй буюу үндэслэлгүй хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Хариу тайлбар 3: Нэмэгдсэн өртгийн албан татвар нь сар бүр тайлан гаргаж борлуулалт болон худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн аль илүүгээр төлөлт, эсвэл буцаан авалт үүсдэг. Иймээс Татварын ерөнхий хуулийн 15 дугаар зүйлд 15.3-т “Энэ хуулийн 15.1-д заасан хугацааг дараах байдлаар тоолно” 15.3.2-т “тайланг сар, улирлаар гаргаж татвар төлөхөөр хуульд заасан татварын төрлийн хувьд тухайн жилийн 12 дугаар сарын буюу жилийн эцсийн тайлан гаргаж, татвараа төлж дууссан байх ёстой өдрийн дараагийн ажлын өдрөөс, гэж заасан заалтаар зохицуулагдах ба 2019 оны нэмэгдсэн өртгийн албан татвартай холбоотой зөрчлүүдийн хөөн хэлэлцэх хугацааг 2019 оны 12 дугаар сарын нэмэгдсэн өртгийн албан татварын тайланг гаргаж, татвараа төлж дууссан байх ёстой 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн дараагийн өдрөөс эхлэн тоолно.

            Татварын алба Татварын ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлд 41.1-д “Татвар төлөгч татварын хууль тогтоомжид заасны дагуу төлбөл зохих татварын ногдлоо бүрэн гүйцэд тодорхойлж, хугацаанд нь төлсөн эсэхийг татвар алба хянан шалгана” гэж заасны дагуу хяналт шалгалт хийж хуулийг хэрэгжилтийг хангуулдаг.

Бид татварын хяналт шалгалтын ажлыг Татварын ерөнхий хуулийн 76 дугаар зүйлийн 76.6 дах заалтад заасан зарчмын дагуу татварын улсын байцаагчийн бүрэн эрхээ хэрэгжүүлэн бусдын нөлөөнд үл автан гагцхүү хууль, түүнд нийцүүлэн гаргасан эрх зүйн бусад актыг удирдлага болгон ажилласан болно.

Иймд татвар төлөгчийн гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, татварын улсын байцаагчийн нөхөн ногдуулалтын актын хэрэгжилтийг хангуулж өгнө үү” гэжээ.

            Хариуцагч Ц.Б шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Нэхэмжлэгчийн зүгээс онгоцны хөдөлгүүр болон программ хангамжтай холбоотой 3 үндэслэлээр нэхэмжлэл гаргасан. Нэгдүгээрт Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.6-д татвараас чөлөөлөгдөх талаар заасан гэж тайлбарлаж байна.  Тус хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.5 дахь заалтад оршин суугч бус этгээдэд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулна гэсэн заалт буюу татвараас чөлөөлөх заалт биш юм. Хоёрдугаарт Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.6 дахь заалт нь илүү нарийвчилсан заалт биш юм. Хэн татвар төлөх вэ гэдгийг 7 дугаар зүйлд заасан. Хэнийг чөлөөлөх вэ гэдгийг 13 дугаар зүйлд заасан. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13.1-д барааг чөлөөлнө, 13.5-д үйлчилгээг чөлөөлнө гэж заасан. Урд талд нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн нэр томьёоны тайлбарт бараа, ажил, үйлчилгээг тус тусад нь тайлбарласан. Бидний зүгээс агаарын хөдөлгүүрийн ашиглалт, программын ашиглалт бараа биш гэж үзэж байгаа. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.6-д барааг худалдаж авах нөхцөлд энэ үйл ажиллагааг чөлөөлнө. 13.5-д үйлчилгээг чөлөөлөхөөр заасан.

Хөдөлгүүр ашиглаж байгаа, программ ашиглаж байгаа асуудал хуульд зааснаар үйлчилгээнд хамаарах учраас нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөхгүй. Хоёрдугаарт дэлхийн худалдааны байгууллагын иргэний агаарын хөлгийн хэлэлцээр байна. Үүнд иргэний агаарын хөлгийн үйлдвэрлэл, засвар үйлчилгээ, сэргээн босголт, өөрчлөлт эсхүл хувиргалтад үндсэн эсхүл орлуулагч төхөөрөмжөөр алинаар нь ашиглагдаж буйгаас үл хамааран энэ хэлэлцээрээр зохицуулахаар байгаа. Үүнд үйлчилгээ гэдэг чинь иргэний агаарын хөлөгт үзүүлж байгаа үйлчилгээний асуудал юм. Уг хэлэлцээрт татварын тухай зохицуулалт байхгүй. Тэгэхээр нэгдүгээрт татвартай холбоогүй. Хоёрдугаарт Хууль зүй, дотоод хэргийн яамнаас авсан тодорхойлолтод энэ хэлэлцээр ямар үйлчлэлтэй талаар тодорхой зааж өгсөн. Дараагийн асуудал нь Олон улсын иргэний нисэхийн тухай Чикагогийн конвенц байгаа. Гэхдээ конвенцод нэгдэн орсон боловч зөвлөлд нь нэгдэж орох талаар бичиг баримт явуулахад танайх татварынхаа хууль тогтоомжид иргэний агаарын үйлчилгээтэй холбоотой ямар нэгэн хөнгөлөлт үзүүл, энэ талаар ямар ч зохицуулалт байхгүй байна гэсэн. Үүнийг засварлаад ирсний дараа бүртгэж авна гэсэн. Нэхэмжлэгчийн зүгээс уг конвенцод татваруудаас чөлөөлөх талаар заасан гэж тайлбарлаж байна. 1.А-д олон улсын агаарын тээврийн үйл ажиллагаа, агаарын хөлөгтэй холбоотойгоор нөгөө улсад үүссэн орлогын болон бусад татвараас чөлөөлөх, 1.В-д хэлэлцэн тохирогч улсууд нь агаарын хөлөг, олон улсын агаарын тээвэрт агаарын хөлгийг ашиглан үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжийг уг үйл ажиллагаатай холбоотой хөрөнгийн болон түүнтэй адилтгах татвараас чөлөөлнө гэж заасан байгаа Тэгэнгүүтээ эдгээр заалтыг яаж хэрэглэх талаар 3 дугаар зүйлд нь заасан. Хэлэлцэн тохирогч улсууд 1 дүгээр заалтыг хэрэгжүүлэх зорилгоор холбогдох Засгийн газар хоорондын агаарын тээврийн хэлэлцээрт харилцан татвар ногдуулахгүй байх талаар холбогдох зүйл заалт оруулах, татварыг давхардуулж ногдуулахгүй байх, татвараас чөлөөлөх Засгийн газар хоорондын хэлэлцээр болон гишүүн улсууд дотоодын хууль тогтоомжид холбогдох нэмэлт өөрчлөлтийг оруулах замаар шийдвэрлэнэ гэсэн. Түүнээс биш энэ конвенцоор чөлөөлнө гэсний дагуу шийдэхгүй. Манайх татварын хуульдаа ч юм уу, давхар татварын гэрээндээ энэ заалтуудыг оруулж хуулийн дагуу зохицуулна гэсэн заалт юм. Энэ асуудлаар “*******” ХК шүүхэд хандаад татварын хуулиар зохицуулах болохоос ICAO-ын конвенцоор зохицуулах боломжгүй гэсэн шийдвэр гарсан байгаа.

Манай татварын хууль тогтоомжид тухайн өөрчлөлт байхгүй. Хоёрдугаарт нэхэмжлэгч “М и” ХХК, “М м” ХХК, “М с с” ХХК-иудаас ангар гэх онгоцны засвар үйлчилгээ хийдэг гарааш худалдаж аваад, өөрийнхөө хуучин гараашаа борлуулсан. Үүнтэй холбоотой нэмэгдсэн өртгийн албан татварын и-баримтуудаа 2021 оны 01 дүгээр сард бичээд өгчихсөн. Ингэнгүүтээ нэмэгдсэн өртгийн албан татварын тайландаа асар бага хэмжээний борлуулалтын орлого тайлагнасан. Энэ нь нийтдээ 3,7 тэрбум орчим борлуулалт юм. Үүнээс 370 сая төгрөгийн татвар төлөх ёстой. Тэгэнгүүтээ 2022 оны 01 дүгээр сард тайланд засвар оруулах хүсэлт ирүүлсэн. Хүсэлтийг нь татварын алба хүлээж аваад, нэхэмжлэгчид хүсэлтийг нь хүлээж авлаа гэсэн зурвас очиж байгаа. Тэгээд энэ хугацаанд өөрсдөө тайлангаа засварлаад ирүүлсэн. Тус завсарласан тайланд нь нийтдээ 138 сая төгрөгийн л борлуулалтын орлого байгаа. Гэтэл 3,6 тэрбум төгрөгийн борлуулалтын орлого байх ёстой.

Шинэ хуулиар алданги, торгуульд ямар ч хязгаарлалт байхгүй. 2023 онд шалгалт хийсэн. 2019 оны зөрчилд 2023 онд дагаж мөрдөж байгаа хуулиар алданги тооцвол үндсэн төлбөрөө давна. Тийм учраас Татварын ерөнхий хуулийн дагаж мөрдөх журмын 4 дүгээр зүйлд заасны дагуу Зөрчлийн тухай хуулийн заалтын дагуу нэхэмжлэгчид ашигтай байдлаар шийдвэрлэсэн. Бид он бүрийн зөрчилд алданги тооцно. Жишээ нь 2019 оны 12 дугаар сарын нэмэгдсэн өртгийн албан татварын тайлан 2020 оны 01 дүгээр сарын 10-ний өдөр гарна. Түүнээс хойш акт гарах хүртэл алданги тооцно. Тэгэнгүүт хуучин хуулиар үндсэн төлбөрийнхөө тодорхой хэмжээнээс хэтэрч болохгүй гэсэн хязгаарлалттай. Гэтэл татварын шинэ хуулиар ямар ч хязгаарлалт байхгүй. Олон жилээр тооцвол үндсэн төлбөрөөсөө даваад явчихна. Тэгэхээр буцааж хэрэглэхээр хөнгөлөгдөж байгаа учраас Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийг хэрэглэсэн. Дараагийн асуудал болох хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой асуудалд Татварын ерөнхий хуулийн 15 дугаар зүйлийн 15.3.2 буюу тайланг сар, улирлаар гаргаж татвар төлөхөөр хуульд заасан татварын төрлийн хувьд тухайн жилийн 12 дугаар сарын буюу жилийн эцсийн тайлан гаргаж, татвараа төлж дууссан байх ёстой өдрийн дараагийн ажлын өдрөөс гэж тодорхой зааж өгсөн. Тайланг сар, улирлаар гаргадаг бол нэмэгдсэн өртгийн албан татварын тайланг сар болгон гаргадаг. Тэгэхээр энэ нь Татварын ерөнхий хуулийн 15 дугаар зүйлийн 15.3.2-т хамаараад жишээ нь 2019 оны зөрчил байлаа гэхэд 2020 оны 12 дугаар сарын тайланг гарсны дараагаас тооцож байгаа. Хууль зүй, дотоод хэргийн яамнаас тодруулахад ICAO-ын конвенц бол гишүүн байгууллагууддаа өгсөн зөвлөмж гэсэн утгатай бичиг ирсэн” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “А” ХХК нь ““А” ХХК-ийн 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг дуустал хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хийсэн Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын татварын улсын байцаагч Ц.Б, Ц.М нарын 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн ******* тоот “Нөхөн ногдуулалтын акт”-аар тогтоосон нөхөн ногдуулалтын дүнг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.6-д “төлбөр тогтоосон захиргааны актын төлбөрийн хэмжээг багасгах” гэж заасны дагуу 1,361,972,488.35 төгрөгөөр багасгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байна.

Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газрын татварын улсын байцаагч Ц.Б, Ц.М нарын 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн ******* тоот “Нөхөн ногдуулалтын акт”-аар Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 11.19.1.2, 11.19.1.1, Татварын ерөнхий хуулийн 73 дугаар зүйлийн 73.2.1, 82 дугаар зүйлийн 82.1.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 83 дугаар зүйлийн 83.2, 84 дүгээр зүйлийн 84.1.2 дахь заалтыг тус тус үндэслэн 932,343,380.26 төгрөгийн нөхөн татвар, 363,887,430.5 төгрөгийн торгууль, 159,719,465.85 төгрөгийн алданги, нийт 1,455,950,276.61 төгрөгийн төлбөрийг “А” ХХК-иар төлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын Маргаан таслах зөвлөлийн 2024 онй 09 дүгээр сарын 13-ны өдрийн 10 дугаар тогтоолоор дээрх ******* тоот Нөхөн ногдуулалтын актаар тогтоосон нийт 1,455,950,276.61 төгрөгийн төлбөрөөс  автобус худалдан авахад төлсөн 180,469,696.97 төгрөгийн зөрчилд ногдуулсан ... нийт 26,980,490.08 төгрөгийн төлбөрийг хүчингүй болгож, ******* тоот Нөхөн ногдуулалтын актаар төлөх нийт төлбөрийг 1,428,696,786.53 төгрөг болгон багасгаж буюу өөрчилж шийдвэрлэсэн байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх” гэж заасан байна.

Шүүх дээрх заалтын дагуу хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзэж, захиргааны байгууллагаас буюу татварын улсын байцаагчаас дахин шинэ акт гарах хүртэл Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газрын татварын улсын байцаагчдын 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн ******* тоот “Нөхөн ногдуулалтын акт”-ыг 6 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэлээ. Үндэслэлийг тайлбарлавал:

1. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно.”, 24.2-т “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ”, 24.4-д “Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно”, 40 дүгээр зүйлийн 40.4-т “Захиргааны актад тухайн захиргааны акт гаргах шаардлага бүхий бодит нөхцөл байдлыг тодорхой заана” гэж тус тус заасан байна.

2. 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн Ярилцлагын тэмдэглэлээс[1] үзэхэд  Aero CRS, Navi blue, Air maestro гэсэн 3 программ ашигладаг талаар тайлбарласан байна.

3. Маргаан бүхий ******* тоот “Нөхөн ногдуулалтын акт”-аас үзэхэд, “А” ХХК нь тодорхой ямар төрлийн программ ашигласны төлбөрийг гадаад улсын хуулийн этгээдэд шилжүүлэхдээ суутгагчийн үүргээ биелүүлээгүйг заагаагүй байна.

Тодруулбал, тодорхой ямар программ /Aero CRS, Navi blue, Air maestro/ ашигласны төлбөрийг гадаадын хуулийн этгээдэд шилжүүлэхдээ суутгагчийн үүргээ биелүүлээгүй гэж үзсэнээ ******* тоот “Нөхөн ногдуулалтын акт”-д заагаагүй, тодорхойгүй байна.

4. Хариуцагч нь шүүх хуралдаанд “журналдаа ямар төрлийн программ ашигласны төлбөрийг шилжүүлснээ заасан байсан, журналын бичилтийг үндэслэн акт тогтоосон” гэсэн агуулгаар тайлбарлаж буй боловч уг журналын хуулбарыг нөхөн ногдуулалтын актадаа буюу хяналт шалгалтын хувийн хэрэгтээ  хавсаргаагүй  байна.

5. Мөн хариуцагч нь агаарын навигаци, нислэгийн аюулгүй байдлын программ нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д “Дараах барааг албан татвараас чөлөөлнө”, 13.1.6-д “иргэний агаарын хөлөг, хөдөлгүүр болон газар дээрх дадлагажуур, тэдгээрийн эд анги, бүрэлдэхүүн хэсэг, дэд угсралтын хэсэг, сэлбэг, тоног төхөөрөмж, холбогдох хэрэгсэл” гэж заасан зохицуулалтад болон Дэлхийн худалдааны байгууллагын “Иргэний агаарын хөлгийн худалдааны хэлэлцээр”-ийн хавсралтад хамаарах эсэх талаарх үндэслэлээ ******* тоот “Нөхөн ногдуулалтын акт”-д заагаагүй байна.  

6. Дээр тайлбарласан үйл баримтуудаас үзэхэд, хариуцагч захиргааны байгууллага нөхцөл байдлыг гүйцэд биш, дутуу шалгасан болох нь тогтоогдож байна.

7. Өөрөөр хэлбэл дээрх үйл баримтуудаас үзэхэд, маргаан бүхий нөхөн ногдуулалтын актын үндэслэл нь тодорхойгүй, энэ нөхцөл байдлыг нарийвчлан шалгах үүргээ хариуцагч биелүүлээгүй гэж үзэхээр байна.

8. Захиргааны акт гаргахын өмнө уг захиргааны акттай холбоотой бодит нөхцөл байдлыг нарийвчлан шалган тогтоох чиг үүрэг нь шүүхийн биш харин хариуцагч захиргааны байгууллагын чиг үүрэг тул нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзнэ.

9. Дээр тайлбарласан нөхцөл байдлуудыг нарийвчлан нягтлан шалгах бүрэн эрх улсын байцаагчид хуулиар олгогдсон тул шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн ба захиргааны байгууллагын шалгах үүргээ гүйцэд биелүүлээгүй үйлдлийг хариуцагчаар өөрөөр нь зөвтгүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

10. Иймд хариуцагч нь дараах нөхцөл байдал, үндэслэлийг шалгасны үндсэн дээр захиргааны шинэ акт гаргах шаардлагатай байна. Үүнд:

10.1 “А” ХХК нь тодорхой ямар төрлийн программ /Aero CRS, Navi blue, Air maestro/ ашигласны төлбөрийг гадаад улсын ямар хуулийн этгээдэд шилжүүлэхдээ суутгагчийн үүргээ биелүүлээгүй болохыг нарийвчлан тогтоож, захиргааны шинэ актад заах.

    1. Ямар төрлийн программ ашигласны төлбөрийг шилжүүлснийг нотлох журналын хуулбарыг хяналт шалгалтын хувийн хэрэгтээ  хавсаргах.
    2. Агаарын навигаци, нислэгийн аюулгүй байдлын программ нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д “Дараах барааг албан татвараас чөлөөлнө”, 13.1.6-д “иргэний агаарын хөлөг, хөдөлгүүр болон газар дээрх дадлагажуур, тэдгээрийн эд анги, бүрэлдэхүүн хэсэг, дэд угсралтын хэсэг, сэлбэг, тоног төхөөрөмж, холбогдох хэрэгсэл” гэж заасан зохицуулалтад болон Дэлхийн худалдааны байгууллагын “Иргэний агаарын хөлгийн худалдааны хэлэлцээр”-ийн хавсралтад хамаарах эсэх талаарх үндэслэлийг захиргааны шинэ актад тодорхой заах.

11. Хариуцагч татварын улсын байцаагчид нь дээрх нөхцөл байдлыг шалган үзсэний үндсэн дээр захиргааны шинэ актыг дахин гаргах нь зүйтэй байх ба энэ арга замаар тус шүүхийн шийдвэрийг биелүүлнэ.

12. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д Энэ хуулийн 106.3.11-д заасан шийдвэрийг гаргасан бөгөөд шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага шинэ акт гаргаагүй бол уг маргаан бүхий актыг хүчингүй болгох талаар тогтоох хэсэгт тусгана гэж заасан байна.

13. Дээрх зохицуулалтаас үзэхэд, хариуцагч нь шүүхээс тогтоосон 6 хүртэл сарын хугацаанд дээр тайлбарласан нөхцөл байдлыг хянан шалгаж, “А” ХХК-д татвар ногдуулах асуудлыг шийдвэрлэсэн захиргааны шинэ акт гаргаагүй бол татварын улсын байцаагчдын 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн ******* тоот “Нөхөн ногдуулалтын акт” хүчингүй болно.

14. Дээр тайлбарласан үндэслэлүүдээр татварын улсын байцаагчдын 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн ******* тоот “Нөхөн ногдуулалтын акт”-ыг 6 сар хүртэлх хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.11-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, 24.4, 40 дүгээр зүйлийн 40.4-т заасныг тус тус баримтлан Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газрын татварын улсын байцаагчдын 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн ******* тоот “Нөхөн ногдуулалтын акт”-ыг тус шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 6 хүртэлх сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.

2. Хариуцагч татварын улсын байцаагчид нь тус шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 10.1-10.3-т заасан нөхцөл байдал, үндэслэлийг шалган үзсэний үндсэн дээр захиргааны шинэ актыг гаргах замаар энэ шүүхийн шийдвэрийг биелүүлсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасныг баримтлан Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газрын татварын улсын байцаагчид нь тус шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2-т заасан захиргааны шинэ актыг шүүхээс тогтоосон 6 сарын хугацаанд гаргаагүй тохиолдолд Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газрын татварын улсын байцаагчдын 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн ******* тоот “Нөхөн ногдуулалтын акт”-ыг хүчингүй болсонд тооцсугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/-төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

  

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  М.БАТЗОРИГ

 

[1] 128/2025/0513/З индекстэй хэргийн 11 дүгээр хуудасны Б тал.