Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 128/ШШ2016/0800

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнхзул даргалж хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “А*******” ХХК

Хариуцагч: Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн Татварын улсын байцаагч Б.М*******, Б.Б******* 

Нэхэмжлэлийн шаардлага:

“Хан-Уул дүүргийн Татварын улсын байцаагчийн 2015 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 230013842 тоот актыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Хү*******, хариуцагч Б.М*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А*******, нарийн бичгийн дарга Г.Очхүү нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “А*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Хү******* нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

“...Нийслэлийн Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн Татварын  улсын байцаагч Б.М*******, Б.Б******* нар нь “А*******” ХХК-ийн 2010-2014 оны татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хэсэгчилэн шалгалт хийж Монгол Улсын Татварын Ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1,18.1.1,18.1.14, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь заалтыг зөрчсөн гэж Татварын ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.2.2, 34, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.1.3, 74.1.4, 74.3 заалтыг үндэслэн 81,909.0 мянган төгрөгийн зөрчилд 8,190,9 мянган төгрөгийн нөхөн татвар,2,457.3 мянган төгрөгийн торгууль,3,291.5 мянган төгрөгийн алдангийн нийт 13,939.7 мянган төгрөгийн төлбөр ногдуулан төлүүлэхээр 2015 оны 06 дугаар сарын 17-ны өдөр 230013842 тоот акт тогтоосныг эс зөвшөөрч дараах хууль зүйн үндэслэлээр уг актыг хүчингүй болгуулахаар Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.1.2-т заасны дагуу энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Үүнд:

Татварын Ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д “Татвар төлөгч дараахь үүрэг хүлээнэ, 18.1.1. татвар ногдох зүйл,татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх... 18.1.14. хууль тогтоомжид заасан бусад үүрэг...” Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Иргэн, хуулийн этгээд нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлснээсээ хойшхи хугацаанд энэ хуулийн 7, 8, 11 дүгээр зүйлд заасны дагуу төлсөн дор дурдсан нэмэгдсэн өртгийн албан татварыг түүний төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасч тооцно. Мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-д “үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар худалдан авсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээнд төлсөн”, 14.3-т “Худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нэхэмжлэл, падаан болон нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасч тооцохгүй...” гэж заасан.

Мөн Сангийн Сайд, Үндэсний статистикийн хорооны даргын 2012 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 82\51 дугаартай хамтарсан тушаалын 1 дүгээр хавсралтын “ Нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг хэрэглэх заавар”-т “1. Нэмэгдсэн өртгийн албан татварын падаан гэдэг нь борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээний нэр төрөл, тоо хэмжээ, тэдгээрийн нэгжийн болон нийт үнэ, түүнчлэн нэмэгдсэн өртгийн албан татварын хэмжээг тусгасан, нэгдсэн дугаар бүхий нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт бичиг юм. Падаан нь нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгэгдсэн этгээдийн төсөвт төлөх болон бэлтгэн нийлүүлэгчид төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварын хасалтыг тодорхойлж, тайлан гаргах үндэслэл болно. 3. Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч... этгээд бараа, ажил, үйлчилгээгээ борлуулахдаа падааныг бичих бөгөөд уг падаанд борлуулсан бараа, ажил, үйлчилгээний нэр төрөл, код..., тоо хэмжээ, тэдгээрийн нэгжийн болон нийт үнийн дүн, нэмэгдсэн өртгийн албан татварын дүн, борлуулагчийн болон худалдан авагчийн бүртгэлийн дугаарыг тусгасан байна. 4. Падаанд тусгагдах мэдээллийг үнэн зөв, бүрэн бичиж, түүнийг үйлдсэн ажилтан гарын үсгээ зурж, тамга, тэмдэг дарснаар уг баримт хүчин төгөлдөр болно. Падааны бүрдэлт, үнэн зөвийг түүнийг олгосон, хүлээн авсан татвар төлөгч хариуцна. 5. Татвар төлөгч нь зөвхөн татварын албанаас олгосон нэгдсэн дугаар бүхий нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг хэрэглэнэ. 8. Бараа, ажил, үйлчилгээг борлуулсан түүнчлэн худалдан авсан татвар төлөгч нь борлуулалтад ногдуулсан болон худалдан авалтын хасалт хийх нэмэгдсэн өртгийн албан татварыг тухайн падаан бичсэн сарын нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд тусгана” гэж заасан байна.

“А*******” ХХК нь 2012 оны 02 дугаар сарын 25-ны өдөр “Т*******” ХХК-аас 81,909,0 мянган төгрөгийн архивын төмөр шүүгээ худалдан авч 8,190,9 мянган төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татвар төлснийг тус компани нь баталгаажуулж, худалдан авсан барааны үнэ, тоо хэмжээнд холбогдох нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт болох 010085714 дугаарын нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, бараа материалын зарлагын болон бэлэн мөнгөний орлогын баримтад тамга, тэмдэг, гарын үсэг бүхий бичилт хийж өгсөн бөгөөд эдгээр нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтыг үндэслэн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх заалтын дагуу худалдан авалтанд төлсөн албан татварын хасалтыг нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд тусган санхүү,татварын тайлангаа гаргаж Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 18.1.1,18.1.14-т заасан үүргээ биелүүлсэн.

Харин “Т*******” ХХК нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 16.1.1-д заасны дагуу борлуулсан барааны орлого, ногдох албан татварыг тодорхойлон Нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаа харьяалах татварын албанд тушааж, ногдуулсан татвараа төсөвт өөрөө төлөх үүрэгтэй.

Энэ үүргийнхээ дагуу “Т*******” ХХК нь ”А*******” ХХК-д борлуулсан бараатай холбоотой НӨАТ-ын падаанаа бичигдсэн огноо, дугаар, худалдан авагчийн нэрээр нь татварын албаны VAT Entry программд шивж, холбогдох борлуулалтын орлого, түүнд ногдох татвараа ногдуулан нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн тайлангаа гаргаж, татварын албаар баталгаажуулсан бөгөөд хуурамчаар падаан үйлдсэн эсхүл хий бичилт хийсэн зүйлгүй болох нь нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, бараа материалын зарлагын баримт, бараа материалын үнэ болон нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн бэлэн мөнгөний орлогын баримтуудад тамга, тэмдэг, гарын үсэг, бүхий хийсэн нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтуудаар нотлогдсон.

Иймд бараа материал борлуулсан ажил үйлчилгээнд ногдох нэмэгдсэн өртгийн албан татварыг борлуулагч тал төлөхөөр тайландаа тусгасан байхад худалдан авагч талд давхардуулан ногдуулах хууль эрх зүйн үндэслэл байхгүй бөгөөд “Т*******” ХХК-ийн 2012 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 010085714 дугаартай падаан бүхий бараа материалыг “А*******” ХХК худалдан авсан нь нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтаар нотлогдсон байхад, Татварын алба, Татварын улсын байцаагч нь хууль хэрэгжүүлэх явцдаа Татварын Ерөнхий хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-т заасан татвар төлөгчид итгэл үзүүлэн тэдний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх зарчмыг хангана гэж заасныг зөрчин худалдан авагчийг буруутгаж, төлбөр төлүүлэхээр акт тогтоож байгаа  нь үндэслэлгүй байна.

Татварын Ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 32 дугаарын тогтоол болон тогтоол баталгаажуулах тухай Татварын ерөнхий газрын даргын 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн А\174 дугаарын тушаалыг “А*******” ХХК нь 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авсан болно.

Тус компани нь Татварын улсын байцаагчийн 2015 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 230013842 тоот акттай холбоотойгоор захиргаааны хариуцлага ногдуулсан шийдвэрийг эс зөвшөөрч байгаа тул Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлд зааснаар тогтоол хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор шүүхэд гомдол гаргах эрхтэй гэсний дагуу Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэлээ гаргаж байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэв.

 

Хариуцагч Б.Байгальмаа, Б.М*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А******* нар нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

“...Цагдаагийн ерөнхий газрын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын 2015 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 9д/2933 болон Татварын Ерөнхий газрын 2015 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 7/1277 тоот албан бичгийн дагуу Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Б*******, Б.М******* нар 53******* тоот регистрийн дугаартай “А*******” ХХК-ийн 2010-2014 оны Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хэсэгчилсэн татварын хяналт шалгалтыг 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс 2015 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хүртэл хийж, Татварын улсын байцаагчийн 230013842 тоот акт бичсэн.

Тус актаар “Т*******” ХХК-ийн 2012 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн  10085714 дугаартай хий бичилттэй падаан ашиглан 81,909,000.0 төгрөгийн худалдан авалт хийснээр, нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн 2012 оны 02-р сарын тайлангийн “Нэмэгдсэн өртгийн албан татвартай үнээр дотоодын зах зээлээс худалдан авсан бараа” хэсэгт тусган татвар ногдох орлогоос хасч, татвар ногдуулах орлогыг бууруулсан байна. Иймд Цагдаагийн ерөнхий газрын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын 2015 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 9д/2933 тоот албан бичгийн дагуу Монгол Улсын Татварын Ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т “Дараахь үйлдэл, эс үйлдэхүйгээр татвар ногдох орлого, орлогоос бусад зүйлийг нуусан татвар төлөгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол ... татварыг нөхөн төлүүлж, нөхөн төлүүлэх татварын 30 хувьтай тэнцэх хэмжээний торгууль ногдуулна...”, мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1.4-т “тоо хэмжээ, үнийг нь нягтлан бодох бүртгэл, тайлан тэнцэл, татварын тайланд багасгаж тусгах, эсхүл ийнхүү багасгахын тулд зардал болон бусад хасагдах зүйлийг өсгөх...”,  74.3-т “энэ хуулийн 74.1, 74.2-т заасны дагуу нөхөн төлүүлэх... татварт алданги тооцох бөгөөд уг алдангийн хэмжээ нь нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхээргүй байна” гэж тус тус заасныг үндэслэн “Т*******” ХХК-ийн хий бичилттэй падаан ашиглан худалдан авалтын хасалт хийж төсөвт төлөх татварыг бууруулсан 81,909,000.0 төгрөгийн зөрчилд 8,190,900.0 төгрөгийн нөхөн татвар, 2,457,270.0 төгрөгийн торгууль, 3,291,493.5 төгрөгийн алданги, нийт 13,939,663.5 төгрөгийн төлбөрийг акт гардуулсан өдрөөс хойш 15 хүртэл хоногийн дотор төлүүлэхээр акт тогтоосон болно. Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн 2015 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 230013842 тоот акт нь бүхэлдээ үндэслэлтэй болно” гэжээ. 

 

Хариуцагч Б.М******* болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

“...Татварын хяналт шалгалт нь тухайн аж ахуй нэгж байгууллагын өнгөрсөн цаг хугацааны үйл баримтад татварын хяналт шалгалт хийдэг. Нэхэмжлэгч Татварын албыг хуурамч, падаан гаргасан юм шиг ярьж байна. Тухайн падаан нь татварын албанаас гарсан үнэн зөв падаан. Харин тус падаан дээр  аж ахуй нэгжүүд үнэн зөв бичилт хийгээгүй учраас хуурамч, бичилттэй хий падаан гэж байгаа юм. 

Цагдаагийн ерөнхий газрын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс тухайн асуудлыг шалгаад “Т*******” ХХК нь хуурамч падаанаар борлуулалт хийсэн байна гэдгийг тогтоосны үндсэн дээр манай байгууллагад албан бичгээр худалдан авалт хийсэн байгууллагыг шалга гэсэн албан тоот ирүүлсэн. Өөрөөр хэлбэл “А*******” ХХК болон “Т*******” ХХК-иудын хоорондын хийсэн худалдан авалт нь хуурамч болохыг эрх бүхий байгууллага тогтоосон байгаа. Мөн нэхэмжлэгч тал тайлбартаа хэлэхдээ “Т*******” ХХК нэгэнт хүлээн зөвшөөрөөд улсад учруулсан хохирлоо нөхөн төлнө гэж байхад манай компани төлөх үндэслэлгүй гэж хэлсэн. Гэхдээ “А*******” ХХК-ийн 8.190.900.00 төгрөгийн нөхөн татвар 2.457.270 төгрөгийн торгууль 3.291.493.5 төгрөгийн алдангийг тогтоосон байгаа. Энэ бүх мөнгийг “Т*******” ХХК төлнө гэж ойлгож байгаа нь буруу юм. “А*******” ХХК нь өнөөдрийн байдлаар Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-т заасны дагуу улсын төсөвт төлөх татвараа өнөөдрийг хүртэл төлөөгүй байгаа. 

2015 онд гарсан өршөөл үзүүлэх тухай хуулийн гол нэг зүйл нь “Хохирлын хэмжээн дээр талууд маргахгүй” гэж байгаа. Иймд Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-т заасны дагуу нэхэмжлэгч “А*******” ХХК улсад ноогдох албан татвараа төлөх үүрэгтэй. 

Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон 482 дугаар тогтоолд шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан “Т*******” ХХК-ийн тухайд бичсэн татварын улсын байцаагчийн дүгнэлт хүчинтэй байна. Өөрөөр хэлбэл, тухайн шинжээч “Т*******” ХХК нь “А*******” ХХК-д хий бичилттэй падаан борлуулсан нь үнэн байна гэж шинжээч тогтоосон.  

          Иймд нэхэмжлэгч “А*******” ХХК-ийн нэхэмжлэлийг хангахгүй орхиж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв. 

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч болон хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбарт үнэлэлт өгөөд дараах үндэслэлээр нэхэмжлэгч “А*******” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2015 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 230013842 тоот актаар  “А*******” ХХК-д “Хий бичилттэй НӨАТ-ын падаан ашиглан нэмэгдсэн өртгийн албан татвар /цаашид НӨАТ гэх/ ногдох орлогыг бууруулсан” гэсэн үндэслэлээр 81,909,000 төгрөгийн зөрчилд 8,190,900 төгрөгийн нөхөн татвар, 2,457,270 төгрөгийн торгууль, 3,291,493,5 төгрөгийн алданги, нийт 13,939,663.5 төгрөгийн төлбөрийг ногдуулж Гааль, татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 32 дугаар тогтоолоор дээрх актыг хэвээр баталсан байна. 

Нэхэмжлэгч “А*******” ХХК-аас “...архивын төмөр шүүгээг “Т*******”  ХХК-аас худалдан авч төлбөрийг бэлэн мөнгөөр өгсөн бөгөөд тус компаниас 010085714 дугаарын НӨАТ-ын падаан, бараа материалын зарлагын болон бэлэн мөнгөний орлогын баримтад тамга тэмдэг, гарын үсэг бүхий бичилт хийж өгсөн байхад хасагдахгүй орлогоос төлөх татварыг хассан гэж буруутгаж үндэслэлгүй акт тогтоосон. “Т*******”  ХХК-ийн манай байгууллагад бичиж өгсөн НӨАТ-ын падааныг хуурамч эсэхийг бид мэдэх боломжгүй, татварын VAT Entry программд шивж татварын албаар баталгаажуулсан, “Т*******” ХХК-ийн нягтлангаар ажиллаж байсан З.Тамир эрүүгийн хэрэгт өгсөн мэдүүлэгтээ гэм буруугаа хүлээн зөвшөөрч учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон байхад нэг зөрчилд эрүүгийн болон захиргааны хариуцлага давхардуулж ногдуулах нөхцөл бүрдээд байна” хэмээн маргаж байна. 

“А*******” ХХК нь “Т*******” ХХК-аас нэг бүр нь 391,738 төгрөгийн үнэ бүхий 230 ширхэг архивын төмөр шүүгээ худалдан авч төлбөрт 90,099,900 төлсөн болох нь бэлэн мөнгөний орлогын баримт, бараа материалын зарлагын баримт, НӨАТ-ын падаанаас бусад нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтаар давхар нотлогдохгүй байна. 

Тодруулбал, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль /2001/-ийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т зааснаар аливаа байгууллагын нягтлан бодох бүртгэлд санхүүгийн тайлан нь үнэн зөв баримт материал, бодитой мэдээнд үндэслэх зарчимд нийцэх ёстой бөгөөд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль/2006/-ийн 14 дүгээр зүйлийн 14.3-т "Худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нэхэмжлэл, падаан болон нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол албан татварыг хасч тооцохгүй"  гэж заасан нь НӨАТ төлөгч аж ахуйн нэгжид нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтыг үнэн зөв бүрдүүлэх, улмаар баримтад тулгуурлан холбогдох хасалт хийх үүрэг ногдуулсан агуулгатай байна.

 Мөн нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээ өөрөө нотлох үүрэгтэй бөгөөд “А*******” ХХК нь 2012 оны 02 дугаар сарын НӨАТ-ын тайлангаа  үнэн зөв баримтад үндэслэн гаргаснаа нотлох баримтуудыг шүүхэд хангалттай гаргаж өгөөгүйгээс өөрийн худалдан авалт буюу 90,099,900 төгрөгөөр архивын төмөр шүүгээ худалдан авснаа нотолж чадахгүй, нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтууд /нэхэмжлэх, худалдах худалдан авах гэрээ, бэлэн мөнгөний зарлагын журнал, бараа материалын бүртгэл зэрэг/-ыг шүүхэд ирүүлээгүй тул тухайн худалдан авалтыг хийсэн гэж үзэхээргүй байна.

Учир нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс “...худалдан авсан төмөр шүүгээг зарж борлуулсан, зарцуулалт байгаа  ” гэдгээ 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн шүүх хуралдаан дээр тайлбарласан боловч 010085714 дугаартай НӨАТ-ын падаанд бичигдсэн 230 ширхэг төмөр шүүгээг зарж борлуулсан талаарх баримтыг мөн шүүхэд ирүүлээгүй бөгөөд “А*******” ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкин дахь 406056308 тоот дансны хуулга -нд бичигдсэн төмөр шүүгээний борлуулалт нь цаг хугацааны хувьд маргаан бүхий худалдан авалтаас өмнө байх тул “Тэгш Оюунбилэг” ХХК-аас худалдан авсан шүүгээг зарж борлуулсны орлого гэж үзэх боломжгүй.

Иймд хариуцагчийн “... энэ нь бодитоор хийсэн худалдан авалт биш бөгөөд баримт үйлдэж татвар ногдох орлогоос хасагдахгүй орлогыг хасч тооцсон” гэсэн тайлбарыг буруутгах, нэхэмжлэгч компанийн нэмэгдсэн өртгийн албан татвар шингэсэн худалдан авалт нь үнэн зөв гэсэн үндэслэл тус тус тогтоогдохгүй байх тул НӨАТ-ын 010085714 тоот падааныг  үндэслэж төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасалт хийх үндэслэлгүй байна гэж шүүх дүгнэлээ. 

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “Т*******” ХХК-ийн нягтлангаар ажиллаж байсан З.Тамир эрүүгийн хэрэгт өгсөн мэдүүлэгтээ гэм буруугаа хүлээн зөвшөөрч учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон байхад нэг зөрчилд эрүүгийн болон захиргааны хариуцлага давхардуулж ногдуулах нөхцөл бүрдээд байна” гэсэн тайлбар мөн үндэслэлгүй.

Учир нь Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын прокурорын 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 482 дугаар тогтоолын тогтоох хэсэгт  “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 166 дугаар зүйлийн 166.2, 233 дугаар зүйлийн 233.2 дахь хэсэгт тус тус зааснаар яллагдагчаар татагдан шалгагдсан Зоригтын Тамир нарт холбогдох эрүүгийн ... тоот хэргийг .... хэрэгсэхгүй болгосугай” гэсэн байх бөгөөд татвар төлөхөөс зайлсхийх гэмт хэргийн обьектив талын үйлдэл нь  “Татвар ногдох их хэмжээний орлого, эд хөрөнгө, ажил, үйлчилгээ, бусад зүйлийг нуух, тэдгээрийн тоо хэмжээг зориуд бууруулан мэдээллэх, байнга оршин суугаа газар, хаягаа өөрчлөх зэргээр албан татвар төлөхөөс санаатай зайлсхийсэн”, хуурамч баримт бичиг, тамга, тэмдэг, хэвлэмэл  маягт үйлдэх, ашиглах гэмт хэргийн обьектив талын үйлдэл нь “Аж ахуйн нэгж, байгууллагаас эрх олгосон, үүргээс чөлөөлсөн баримт бичиг, түүнчлэн тамга, тэмдэг, хэвлэмэл маягт, иргэний үнэмлэх, гадаад паспорт, хувийн бусад баримт бичгийг ашиглах буюу бусдад ашиглуулах зорилгоор хуурамчаар үйлдсэн, ашигласан, борлуулсан” үйлдлээр илэрдэг. 

Дээрхээс үзвэл З.Тамирын гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн гэх үйлдэл нь “Аи Би Пи” ХХК-ийн “татвар ногдох орлогоос хасагдахгүй орлогыг хасч татвар ногдох орлогыг багасгасан” зөрчлөөс обьектив талын үйлдлийн хувьд ялгаатай тул нэг зөрчилд эрүүгийн болон захиргааны хариуцлага хүлээлгэх нөхцөл бүрдсэн гэж үзэх үндэслэлгүй юм. 

 

Хариуцагч болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас “2015 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 050 тоот шинжээчийн дүгнэлтэд “Т*******”  ХХК-д гаргасан татварын улсын байцаагчийн дүгнэлт үндэслэлтэй гэсэн, тухайн падааныг хий бичилттэй болохыг Цагдаагийн байгууллагаас шалгаж тогтоосноо 2014 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 9д/2933 тоот албан бичгээр мэдэгдсэн”  гэж тайлбарлан маргаж байгаа нь мөн үндэслэлгүй.  

Учир нь хариуцагч нараас татварын хэсэгчилсэн хяналт шалгалтыг хийхдээ “Тэгш Оюунбилэг” ХХК-аас 010085714 тоот НӨАТ-ын падаанд бичигдсэн борлуулалтаа тайлагнаж, холбогдох татварыг төлсөн эсэх, “Т*******” ХХК-ийн татварын төлөлт, ногдуулалтын талаар холбогдох татварын улсын байцаагчийн дүгнэлт /шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан/-ийг авч шалгаагүй нь хариуцагчийн тайлбар, Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн “дээрх падааныг шүүх боломжгүй”  гэсэн албан бичгээр тогтоогдож байх бөгөөд З.Тамирт холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох прокурорын тогтоол гарсан байх тул маргаан бүхий акт нь шинжээчийн дүгнэлт, буруутай этгээд гэм буруугаа хүлээсэн мэдүүлэг зэргийг үндэслэж гарсан гэж үзэх боломжгүй. 

Гэсэн хэдий ч маргаан бүхий актаар "А*******" ХХК-д нөхөн татвар, торгууль, алданги ногдуулсан нь Татварын ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1, 74 дүгээр зүйлийн 74.1.4, 74.3, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т заасанд нийцсэн байх тул хүчингүй болгох үндэслэлгүй байна.

2015 оны 08 дугаар сарын 11-ний өдөр батлагдсан Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хууль (цаашид Өршөөл үзүүлэх тухай хууль гэх)-ийн  1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь ... зарим этгээдийг захиргааны шийтгэлээс чөлөөлөхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 4 дүгээр зүйлийн 4.3-т “Хууль тогтоомж зөрчиж захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн этгээдийг өршөөн хэлтрүүлнэ”, Татварын ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т “Хууль тогтоомжийн дагуу хувь хүн, хуулийн этгээдийн орлого, эд хөрөнгө, бараа, ажил, үйлчилгээнд тодорхой хугацаанд тогтоосон хувь, хэмжээгээр ногдуулж, хариу төлбөргүйгээр улс, орон нутгийн төсөвт оруулж байгаа мөнгөн хөрөнгийг албан татвар гэнэ”, 74 дүгээр зүйлийн 74.2-т “Татварыг хугацаанд нь төлөөгүй бол төлөгдөөгүй татварын дүнд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.1 хувьтай тэнцэх хэмжээний торгууль ногдуулна” 74.3-т “Энэ хуулийн 74.1, 74.2-т заасны дагуу нөхөн төлүүлэх болон хугацаанд нь төлөөгүй татварт алданги тооцох бөгөөд уг алдангийн хэмжээ нь нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхээргүй байна”  хэмээн тус тус заажээ.

Дээрхээс үзвэл “А*******” ХХК-д татварын улсын байцаагчийн 230013843 дугаар актаар төлүүлэхээр тогтоосон 2,457,270.0 төгрөгийн торгууль, 3,291,493.5 төгрөгийн алданги нь татварын зөрчилд ногдуулсан захиргааны шийтгэл байна. Харин 8,190,900 төгрөгийн нөхөн татвар нь ... хариу төлбөргүйгээр улс, орон нутгийн төсөвт оруулж байгаа мөнгөн хөрөнгө байх тул захиргааны шийтгэл гэж үзэх боломжгүй байна. 

Иймд нэхэмжлэгч “А*******” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаас 2,457,270 төгрөгийн торгууль, 3,291,493.5 төгрөгийн алданги нийт 5,748,763.5 төгрөгийн төлбөрийг ... Өршөөл үзүүлэх тухай хуулийн дагуу чөлөөлөх нь зүйтэй байна. 

 

        Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Татварын ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 29 дүгээр зүйлийн 29.1.1, 74 дүгээр зүйлийн 74.1.4, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль /2006/-ийн 14 дүгээр зүйлийн 14.3, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 4 дүгээр зүйлийн 4.3-т заасныг тус тус баримтлан Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2015 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 230013842 тоот актаар “А*******” ХХК-аар төлүүлэхээр тогтоосон төлбөрөөс 2,457,270 төгрөгийн торгууль, 3,291,493.5 төгрөгийн алданги нийт 5,748,763.5 төгрөгийн төлбөрийг өршөөн хэлтрүүлж, төлбөрийн хэмжээг 8,190,900 төгрөгөөр тогтоосугай.

2.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Ц.МӨНХЗУЛ