Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 628

 

Г.Я-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн  танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын ахлах прокурор Г.Гэрэлтуяа, хохирогч Д.Ж, түүний өмгөөлөгч С.Мягмарсүрэн, шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Даваа, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 631 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 864 дүгээр магадлалтай, Г.Я-д холбогдох 1905017670604 дугаартай эрүүгийн хэргийг хохирогч Д.Ж-ын гомдлыг үндэслэн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1972 онд төрсөн, 47 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, ял шийтгэлгүй, Ц овогт Г-ийн Я нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурч өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авах” гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Г.Я-ыг хуурч өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар 5,000,000 төгрөгөөр торгож, уг ялыг 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд хохирогч Д.Ж гаргасан гомдолдоо “Миний бие давж заалдах гомдлыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Шүүгдэгч Г.Я нь намайг хуурч залилсан боловч энэ хэрэгт Э гэдэг хамтран оролцсон талаар мессеж бичсэн. Иймд хэргийг дахин хянаж, намайг хохиролгүй болгож өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд хохирогчийн өмгөөлөгч С.Мягмарсүрэн хэлсэн саналдаа “Шүүгдэгч Г.Я нь 7,000,000 төгрөгийн хохирлыг төлөх баталгаа гаргасан боловч төлөөгүй учраас хохирлыг төлүүлэх арга хэмжээ авахуулахаар гомдол гаргасан. Мөн 2019 оны 08 дугаар сарын 25-ны өдөр шүүгдэгч Г.Я нь “би Нийслэлийн газрын албанд ажилладаг н.Э гэх хүнд мөнгийг чинь өгсөн учраас төлөх боломжгүй” гэсэн учраас хэргийг дахин хянуулахаар гомдлыг гаргасан” гэв.

Мөн хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Даваа хэлсэн саналдаа “Г.Я хохирлыг барагдуулах баталгаа гаргасан нь үнэн бөгөөд хохирлыг төлөөгүй юм байна. “н.Э-т мөнгийг өгсөн” гэж мессеж ирсэн гэх боловч нотлох баримт байхгүй байна. Хохирол төлөх асуудлыг хяналтын журмаар шийдвэрлэх боломжгүй. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

Мөн хуралдаанд ахлах прокурор Г.Гэрэлтуяа гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Г.Я-д холбогдох хэргийг анхан шатны шүүх хянан шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан шийдвэрлэсэн. н.Э гэх хүнд холбогдох баримт байхгүй учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хохирогч Д.Ж-ын гаргасан гомдлыг үндэслэн Г.Я-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүгдэгч Г.Я-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд зааснаар мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй бөгөөд хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоох шаардлагатай. Энэхүү ажиллагаанд хохирогч шаардлагатай эд зүйл, баримт бичиг, мэдээлэл, бусад баримтыг гаргаж өгч хавтаст хэрэгт бэхжүүлж тусгуулах замаар оролцдог билээ.

Хохирогч Д.Ж нь давах болон хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо шүүгдэгчийн зүгээс төлөхөөр харилцан тохиролцсон төлбөрөө төлөхгүй байгаа шалтгаанаа уг мөнгийг төрийн албан хаагч н.Энхчимэг гэх хүнд шилжүүлсэн бөгөөд түүнээс мөнгийг авч өгөх ёстой гэж тайлбарласан гэжээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд хохирогчийн зүгээс шүүгдэгч Г.Я-д 10,000,000 төгрөг өгөх болсон шалтгаан нөхцөл тайлагдаагүй, шүүгдэгч уг мөнгийг хэрхэн зарцуулсан, бусдад шилжүүлсэн, эсхүл өөрт авсан талаарх үйл баримтыг тогтоогоогүй, энэ хэргийн хохирлыг н.Э гэх хүн төлөх болсон шалтгаан тодорхойгүй байна.

Хохирогч Д.Ж ямар хүсэл зоригт хөтлөгдөн мөнгөн хөрөнгийг шилжүүлсэн болон шүүгдэгч Г.Я нь түүнийг төөрөгдүүлэн залилж мөнгөн хөрөнгийг өөрт авсан, эсхүл хууль бус зорилгыг гүйцэлдүүлэхийн тулд бусдад шилжүүлсэн эсэхийг бодитойгоор тогтоохгүйгээр хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй.

Иймд хохирогч Д.Ж-ын гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 631 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 864 дүгээр магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, шүүгдэгч Г.Я-д холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дамжуулан Баянгол дүүргийн прокурорын газарт буцаасугай.

2. Хэрэг прокурорт очтол шүүгдэгч Г.Я-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                  

             ДАРГАЛАГЧ                                                 Б.ЦОГТ

             ШҮҮГЧ                                                          Б.БАТЦЭРЭН

                                                                                   Д.ГАНЗОРИГ

                                                                                   Ч.ХОСБАЯР

                                                                                   Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН