Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 2018/ШЦТ/146

 

 

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******

Улсын яллагч *******

Шүүгдэгч *******

Шүүгдэгчийн өмгөөлөгч *******

Хохирогч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******-т холбогдох 1821001460091 дугаартай хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1988 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Дорнод аймгийн Хөлөнбуйр суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын 3 дугаар баг, .............. тоотод оршин суух, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, ******* овогт *******

Шүүгдэгч ******* овогт ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 02 дугаар сарын 18-ны орой 19 цагийн орчимд Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах нэгдүгээр цэцэрлэгийн урд талын зам дээр Портер маркийн ............... улсын дугаартай авто машиныг жолоодон хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.1.5-д “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул саад, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 2.2 а-д “Замын хөдөлгөөний тухай олон улсын конвенцид нийцэх жолоодох эрхийн үнэмлэхтэй байх”,  2.7 а-д заасан “Согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”, мөн дүрмийн 9.2-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэх заалтуудыг тус тус зөрчиж, зам тээврийн осол гаргасны улмаас хохирогч *******-ийг дайрч эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

  

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2018 оны 02 дугаар сарын 18-ны өдөр найз Нэргүйбаатар маань нилээн согтуу байсан учраас гэрт нь хүргэж өгөхөөр аавынх нь машины түлхүүрийг авч замаараа дэлгүүр орж тамхи авахаар явсан. Машинд сууж явсан хүмүүсийн ярианд сатаараад ойрхон явсан ангийн охин *******ийг мөргөчихсөн. Бууж ирээд *******ид эмнэлгийн анхны тусламж үзүүлсэн. Энэ хэрэг миний буруутай үйлдлээс болсон. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэв.

 

Хохирогч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2018 оны 02 дугаар сарын 18-ны орой 19 цагийн орчим би гэрээсээ гараад ажил руугаа явж байтал араас машины гэрэл тусч байсан. Би дэлгүүрээс юм авах нь дээ гэж бодоод алхаж явтал араас ирж байсан машин намайг шууд мөргөсөн. Машин миний далан дээгүүр даваад гарсан. Тухайн үед аймаар өвдөж байсан бөгөөд *******-т тэр талаар хэлж байсан. Тэгээд эмнэлэгт үзүүлсэн... Хохиролд нийт 8424.000 төгрөг нэхэмжилж байгаа бөгөөд шүүгдэгчээс 1139.000 төгрөг авсан...” гэв.  

 

Хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “2018 оны 02 дугаар сарын 18-ны орой 19 цагийн орчим би гэрээсээ гараад сумын төвийн урд талд дэлгүүр чиглээд алхаж явахад машины гэрэл тусахаар нь би намайг таниад дэлгүүрээс л авах нь дээ гэж бодоод алхаж явтал араас ирж байсан машин намайг шууд мөргөөд газар унагасан ба уг машины дугуй нь миний баруун мөрөн дээгүүр даваад гарсан. Тэгээд би босож ирээд намайг мөргөсөн машиныг харахад Porter маркийн машин байсан бөгөөд дотроос нь жолооч нь болох манай сумын ******* гэх залуу согтуу машинаас бууж ирсэн. Тухайн үед *******ийн машин дотроос Нэргүйбаатар нэг танихгүй залуугийн хамт бууж ирсэн. Тэгээд би газраас уйлаад босож ирэхэд ******* жолооч талын хаалга онгойлгоод бууж ирсэн. Тухайн үед миний араас машин ирж байгааг мэдсэн ба тухайн машин ямар нэг байдлаар дохио чимээ өгөөгүй. Нийт 6624.000 төгрөг нэхэмжилж байна. Мөн цаашид физик эмчилгээ болон урсгал зардлуудыг нэхэмжилнэ...” гэжээ. /хх-ийн 17-21 тал/

 

Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “Намайг сэрэхэд машины гадаа хүн орилох шиг болохоор нь би буугаад харахад манай сумын ******* гэх хүүхэн байсан. Тухайн үед ******* жолооны ард сууж байсан ...” гэжээ. /хх-ийн 28-29 тал/

 

Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 198 тоот актын дүгнэлтэд

            1. *******-ийн биед зүүн дал ясны доод хэсгээр их бие дайрсан, зүүн 2 дугаар хавирганы зөрөө ихтэй хугарал, нуруу зүүн шууны зулгарсан шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх  тогтоогдсон гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн 2-оос доошгүй удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн хуучин гэмтлүүд байна.  

     3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар тогтоогдсон зүүн дал ясны доод хэсгээр их бие дайрсан хугарал гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт, зүүн 2 дугаар хавирганы  хугарал, нуруу зүүн шууны зулгарсан шарх гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.  

     4. Цаашид эрүүл мэнд энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна  гэжээ. /хх-ийн 40 тал/

 

Цагдаагийн газрын замын цагдаагийн техникийн шинжээчийн 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 14 тоот актын дүгнэлтэд

  1. Жолооч ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5  “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул саад, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 2.2 а-д “Замын хөдөлгөөний тухай олон улсын конвенцид нийцэх жолоодох эрхийн үнэмлэхтэй байх”,  2.7 а-д “Согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон”, 9.2-д “Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэх заалтуудыг  зөрчсөн байх үндэслэлтэй байна.
  2. Явган зорчигч ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй байна.
  3. Porter маркийн ............ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд тоормосны мөр илрээгүй байх тул хурдыг тогтоох боломжгүй байна гэж үзлээ.

4. ЦЕГ-ын Бүртгэл хяналтын төвийн жолоочийн цахим сангаас лавлагаа авахад ........ регистрийн дугаартай  ******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй байна.

5. Porter маркийн ............... улсын дугаартай тээврийн хэрэгсэл техникийн хувьд бүрэн замын хөдөлгөөнд оролцох боломжтой гэж үзлээ” гэжээ. /хх-ийн 47 тал/

 

- Схем зураг, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 13-14 тал/

- Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-9 тал/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

 

Шүүгдэгч ******* овогт ******* нь согтуурсан үедээ 2018 оны 02 дугаар сарын 18-ны орой 19 цагийн орчимд Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах нэгдүгээр цэцэрлэгийн урд талын зам дээр Porter маркийн ............... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.1.5-д  заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул саад, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 2.2 а-д заасан “Замын хөдөлгөөний тухай олон улсын конвенцид нийцэх жолоодох эрхийн үнэмлэхтэй байх”,  2.7 а-д заасан “Согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”, 9.2-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэх заалтуудыг тус тус зөрчиж, зам тээврийн осол гаргасны улмаас хохирогч *******-ийг дайрч эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч *******, хохирогч ******* нарын шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд гаргасан мэдүүлэг, гэрч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд гаргасан мэдүүлэг, Цагдаагийн газрын замын цагдаагийн техникийн шинжээчийн 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 14 тоот актын дүгнэлт, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 198 тоот дүгнэлт, схем зураг, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.    

  

Шүүгдэгч *******-т холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул  шүүгдэгч *******-ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ согтуугаар хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүхээс шүүгдэгч *******-ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ согтуугаар хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан шүүгдэгч *******-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-д тус тус зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

 Шүүгдэгч ******* тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд энэ хэрэгт эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй болно. 

Хохирогч ******* нь шүүгдэгчээс нийт зардалд 8424.000 төгрөг нэхэмжилснээс эмчилгээний зардал 621.000 төгрөг, замын зардал 518.000 төгрөг, нийт 1139.000 төгрөгийг шүүгдэгч ******* төлж барагдуулсан байх бөгөөд хохирогчийн эрүүл мэндэд учирсан хүндэвтэр хохирол нь шүүгдэгч *******ийн үйлдлийн улмаас үүссэн тул шүүгдэгчээс 3 сарын цалин 720.000 төгрөг /1 сарын цалин 240.000 төгрөг/, эмчилгээний зардал 390.000 төгрөг, замын зардал 360.000 төгрөг, нийт 1470.000 төгрөгийг гаргуулж хохирогч *******-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас  сэтгэл санааны хохирол 5000.000 төгрөг, цалин 330.000 төгрөг, нийт 5330.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, бусад зардал 485.000 төгрөг болон цаашид эмчлүүлэх зардлаа хохирогч нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж, шүүгдэгч *******-ийн цагдан хоригдсон 6 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, түүний регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлэхээр шийдвэрлэв. 

 

Монгол Улсын  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******-ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ согтуугаар хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-д зааснаар шүүгдэгч *******-ийн тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-т оногдуулсан 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-ийн цагдан хоригдсон 6 /зургаа/ хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-оос 3 сарын цалин 720.000 төгрөг, эмчилгээний зардал 390.000 төгрөг, замын зардал 360.000 төгрөг, нийт 1470.000 төгрөгийг гаргуулж, Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын 1 дүгээр багт оршин суух хохирогч *******-д олгох, нэхэмжлэлийн шаардлагаас сэтгэл санааны хохирол 5000.000 төгрөг, цалин 330.000 төгрөг, нийт 5330.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, бусад зардал 485.000 төгрөг болон цаашид эмчлүүлэх зардлаа хохирогч нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн .............. регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын  Цагдан хорих байранд хүргүүлсүгэй. 

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.    

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Л.БАТЖАРГАЛ