Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 2024/ДШМ/838

 

 

Б.Мд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, шүүгч Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор М.Сүхчулуун,

шүүгдэгч Б.М, түүний өмгөөлөгч Ц.Цогтсайхан,

нарийн бичгийн дарга Б.Энхдөлгөөн нарыг оролцуулан,

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 2024/ШЦТ/478 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Мийн өмгөөлөгч Ц.Цогтсайханы гаргасан давж заалдах гомдлоор Б.Мд холбогдох 2306 01097 2214 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Б овгийн Б-ийн М, 19... оны ... дугаар сарын ...-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 38 настай, эрэгтэй, дээд боловсролтой, төрийн удирдлага мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл ... хамт ... дүүргийн ... дүгээр хороо, ... хорооллын ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:....../;

            Шүүгдэгч Б.М нь иргэн С.Мг “Нарантуул ОУХТ-д лангуу авч өгнө, тээш хадгалах талбай авч өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, өөрийн дүү Б.Хы эзэмшлийн Хас банкин дахь ... тоот дансаар дамжуулан 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 60.000.000 төгрөгийг, 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Хаан банкны ... тоот дансаар дамжуулан 20.000.000 төгрөгийг,

            мөн “мөнгө зээлээч” гэж урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Хаан банкны ... тоот дансаар дамжуулан 1.000.000 төгрөгийг, 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Хаан банкны ... тоот дансаар дамжуулан 10.000.000 буюу нийт 91.000.000 төгрөгийг залилан авч, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Б.Мийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б овгийн Б-ийн М-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар үргэлжилсэн үйлдлээр “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэргийг “бусдад их хэмжээний хохирол” учруулж үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Б.Мд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 03 жил 06 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, шүүгдэгч Б.Мд оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мээс 27.000.000 төгрөгийг гаргуулан хохирогч С.Мд олгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Б.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгож, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж, гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Мийн өмгөөлөгч Ц.Цогтсайхан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.М нь мөрдөн шалгах ажиллагаанаас эхлэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч маргаагүй ба хувийн байдлын хувьд анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хийсэн үйлдэлдээ гэмшиж, харамсаж байгаа, ар гэрийн хувьд ам бүл 5, эхнэр, 2011 онд төрсөн 13 настай хүү М.Алтангадас, 2018 онд төрсөн 6 настай хүү М.Цэцэнтүшээ, 2023 оны 8 дугаар сарын 02-ны өдөр төрсөн 9 сартай охин М.Дэлгэрбэхи зэрэг сургуулийн болон бага насны гурван хүүхэдтэй зэрэг шүүгдэгчийн хувийн болон ар гэрийн байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэхийг хүсч байна.

Мөн гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох 91.000.000 төгрөгөөс анхан шатны шүүхийн шатанд 64.000.000 төгрөгийг төлсөн ба, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш үлдэгдэл төлбөр болох 27.000.000 төгрөгийн төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.4 дүгээр зүйлийн 1.5-д заасны дагуу ялыг хөнгөрүүлэхтэй холбоотой төлбөр төлсөн баримтыг хавсаргасан.

Ийнхүү шүүгдэгч Б.М нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг бүрэн төлснөөр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 2024/ШЦТ/478 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан, шүүгдэгч Б.Мд оногдуулсан 3 жил 6 сарын хорих ялыг хөнгөрүүлэн торгох ялаар сольж өгнө үү.” гэв.

 

Шүүгдэгч Б.М тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байна. Бага насны 3 хүүхдэдээ маш их санаа зовж байна. Энд цагдан хоригдсон 80 хоногийн хугацаанд их зүйлийг ухаарсан. Надад нэг удаа боломж олгож өгнө үү.” гэв.

 

Прокурор М.Сүхчулуун тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Б.Мийн зүгээс анхан шатны шүүх хуралдааны явцад хохирол төлөхөөр 5 хоногийн завсарлага авсан бөгөөд хохирлыг бүрэн төлж барагдуулаагүй. Шийтгэх тогтоолд хохирогчид төлөх хохирлын хэмжээг 27.000.000 төгрөгөөр тогтоосон. Анхан шатны шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг бүрэн арилаагүй нөхцөл байдал болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан хорих ялын дундаж хэмжээгээр ял шийтгэл оногдуулсан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй гэж үзэж байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолтой холбогдуулан шүүгдэгч Б.Мийн өмгөөлөгч Ц.Цогтсайханы гаргасан давж заалдах гомдол үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтуудын хүрээнд тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

Хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.М нь иргэн С.Мг “Нарантуул ОУХТ-д лангуу авч өгнө, тээш хадгалах талбай авч өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, өөрийн дүү Б.Хы эзэмшлийн Хас банкин дахь ... тоот дансаар дамжуулан 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 60.000.000 төгрөгийг, 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Хаан банкны ... тоот дансаар дамжуулан 20.000.000 төгрөгийг,

мөн “мөнгө зээлээч” гэж урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Хаан банкны ... тоот дансаар дамжуулан 1.000.000 төгрөгийг, 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Хаан банкны ... тоот дансаар дамжуулан 10.000.000 буюу нийт 91.000.000 төгрөгийг залилан авч, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч С.Мгийн “...60.000.000 төгрөгийг лангуу авахаар шилжүүлсэн. Харин үүний араас мөн дахин 20.000.000 төгрөгийг тээш тавих талбай авах зорилгоор Б.Мд шилжүүлсэн. Би мөнгө шилжүүлэхдээ Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Нарантуул худалдааны төв дотор байхдаа шилжүүлсэн. Энэнээс хойш М нь надад хандан “эгчээ Багануурт ажилтай явж байна, та надад 1.000.000 төгрөг яаралтай шилжүүлээд өгөөч” гэж гуйгаад байхаар нь би 1.000.000 төгрөгийг Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Нарантуул зах дээр байхдаа шилжүүлсэн. Мөн 2021 оны 12 дугаар сарын сүүлээр Б.М Нарантуул зах дээр ирээд надаас дахин 10.000.000 төгрөг гуйгаад байхаар нь би таньдаг хүнээсээ 10.000.000 төгрөг гуйгаад өөрийн дансандаа хийгээд тухайн 10.000.000 төгрөгийг Нарантуул зах дээр үйл ажиллагаа явуулдаг Хаан банкаар дамжуулан шилжүүлсэн. ...” /1хх 10, 168/,

гэрч Б.Хы “...миний бодлоор 2021 онд санагдаж байна, гадаа их хүйтэн байсан юм. Тухайн үед би хувцасны дэлгүүр ажиллуулдаг байсан бөгөөд 2021 онд манай төрсөн ах Б.М нь надад хандан хэлэхдээ “ах нь хүнд Нарантуул зах дээр лангуу авч өгөх гэж байгаа юм. Тэгээд Хасын данс байна уу” гэж надаас асуухаар нь би өөрийн ... дугаартай Хас банкны дансыг өгсөн юм. ...удалгүй миний Хас банкны дансанд 60.000.000 төгрөг орж ирсэн бөгөөд энэ талаар Б.М ахдаа мэдэгдээд миний дансанд мөнгө орж ирсний дараагаар маргааш байна уу нөгөөдөр өдөр би 60.000.000 төгрөгийг ойролцоогоор 3 хүн рүү 3 хуваагаад шилжүүлсэн. ...” /1хх 16/ гэсэн мэдүүлгүүд,

гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх 5/, хохирогч С.Мгийн эзэмшлийн Хас банкны 5000305622 тоот, Хаан банкны 5024456084 тоот данснуудын дэлгэрэнгүй хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 31-38/, хохирогч С.М, шүүгдэгч Б.М нарын олон нийтийн сулжээ буюу фейсбүүкээр харилцаж байсан талаарх зурвасууд /1хх 39-90/, иргэн Б.Хы эзэмшлийн Хас банкны ... тоот дансны хуулга /1хх 95/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Давж заалдах шатны шүүх, хэрэгт хамааралтай баримт бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянах үүрэгтэй бөгөөд тухайн хэргийн хувьд хэргийн нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хууль ёсны байдлыг дүгнэн, харьцуулан шинжилж, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудын үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгож үнэллээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасны дагуу анхан шатны шүүхийн шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу шүүгдэгч Б.Мийг үргэлжилсэн үйлдлээрХуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Анхан шатны шүүх хэргийг шүүхээр хэлэлцэж шийдвэрлэхэд шаардагдах нотлох баримтын хэмжээ, шүүгдэгчийн гэм бурууг бүрэн баталж чадах нотлох баримтын хүрэлцээтэй байдалд үндэслэж хэргийн нөхцөл байдлыг тал бүрээс нь бүрэн тогтоож хянан шийдвэрлэжээ.

Залилах гэмт үйлдэл нь бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авснаар төгсдөг гэмт хэрэг ба гэмт этгээд бусдын эд хөрөнгийг итгэл төрүүлэх, хуурч мэхлэх аргаар авахын зэрэгцээ уг эд хөрөнгийг буцаан төлөх, хариу төлбөр хийхгүйгээр өөрийн болгох зорилготой байдаг бөгөөд шүүгдэгч Б.Мийн иргэн С.Мд “Нарантуул ОУХТ-д лангуу авч өгнө, тээш хадгалах талбай авч өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 80.000.000 төгрөгийг бусдын дансаар, мөн “мөнгө зээлээч” гэж урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, 11.000.000 төгрөгийг бусдын дансаар буюу нийт 91.000.000 төгрөгийг шилжүүлэн авсан нь залилах гэмт хэргийн шинжид хамаарч байна.

Шүүгдэгч Б.Мийн дээрх үйлдлийг шүүх, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгч Б.Мийн өмгөөлөгч Ц.Цогтсайхан “...хорих ялыг өөрчилж, торгох ялаар сольж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч Б.Мийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшсэн хувийн байдал, хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан болон хохирогч С.Мгийн “...хохирлоо бүрэн авч, гомдол саналгүй болсон тул Б.Мд торгуулийн ял оногдуулж өгөхийг хичээнгүйлэн хүсье” гэх хүсэлт /2хх 66/ зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, түүнд оногдуулсан хорих ялыг торгох ялаар солих боломжтой гэж үзэв.

Шүүгдэгч Б.М нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш хохирогч С.Мд 27.000.000 төгрөг төлсөн болохыг дурдав.

Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтүүд оруулж, шүүгдэгч Б.Мийн өмгөөлөгч Ц.Цогтсайханы гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 2024/ШЦТ/478 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

2 дахь заалтын “Шүүгдэгч Б.Мд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 03 жил 06 сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.” гэснийг “Шүүгдэгч Б.Мд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 20.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.” гэж өөрчилсүгэй.

 

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Мд оногдуулсан 20.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20.000.000 төгрөгөөр торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.” гэсэн,

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мийн цагдан хоригдсон 79 хоногийн нэг хоногийг 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 төгрөгөөр тооцож, 1.185.000 төгрөгийг түүний эдлэх ялаас хасаж, үлдэх торгуулийн ялын хэмжээг 18.815.000 төгрөгөөр тогтоосугай.” гэсэн,

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Мд оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.” гэсэн тус тус нэмэлт заалт оруулсугай.

 

3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтыг хүчингүй болгож, шүүгдэгч Б.Мийн өмгөөлөгч Ц.Цогтсайханы гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авсугай.

 

            4. Шүүгдэгч Б.Мийг нэн даруй сулласугай.

 

5. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                М.АЛДАР        

ШҮҮГЧ                                                Л.ДАРЬСҮРЭН

ШҮҮГЧ                                                Д.МӨНХӨӨ