Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 2024/ДШМ/737

 

  2024            06            26                                          2024/ДШМ/737

 

Б.Э-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Д.Мөнхөө, шүүгч М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ж.Сувданчимэг,

шүүгдэгч Б.Э, түүний өмгөөлөгч Р.Пүрэвлхам,   

нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Алтанцэцэг даргалж, шүүгч Б.Булгантамир, Ц.Урангуа нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 2024/ШЦТ/552 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Э-н гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 2308 00000 1951 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.      

Б овгийн Б-н Э, .... оны ... дугаар сарын ..-ны өдөр ............. төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт .......... тоотод оршин суух, /РД: ........../,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2004 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 319 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт зааснаар 7 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж, 2006 оны 07 дугаар сарын 04-ний өдөр 2802 дугаартай Өршөөл үзүүлэх комиссын тогтоолоор Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д заасныг баримтлан эдлээгүй үлдсэн 05 жил 00 сар 15 хоногийн хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2007 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 258 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1, 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар нийт 06 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэгдэж, түүний цагдан хоригдсон 253 хоногийг ялыг хасаж, ял эдэлсэнд тооцсон,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2008 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 359 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 100,000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 10 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдсэн,

Төв аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2012 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 84 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар энэ тогтоолоор оногдуулсан 5 жил 6 сарын хорих ял дээр Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2008 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 359 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 5 жил 7 сар 8 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 11 жил 01 сар 08 хоногийн хугацаагаар тогтоож, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 173 дугаартай шүүгчийн захирамжаар Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтны эдлээгүй үлдсэн 05 жилийн хорих ялаас чөлөөлсөн,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 851 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 02 жил 02 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж, Өвөрхангай аймгийн Хар хорин сум дахь Сум дундын шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 185 дугаар шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 10 сар 25 хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, мөн хугацаагаар хяналт тогтоосон,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 392 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.9 дүгээр зүйлийн 1, 2, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасныг тус тус журамлан 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын нэг хоногоор тооцон 62 хоног буюу 02 сар 02 хоногийн хорих ял дээр өмнөх 851 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 10 сар 25 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 01 жил 27 хоногоор тогтоож, 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 273 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 04 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 72 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 01 жил 02 сар 09 хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө суллагдаж, мөн хугацаагаар хяналт тогтоосон;  

Шүүгдэгч Б.Э нь 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс 07-ны өдөрт шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, ......... тоотод хохирогч А.М, А.Б нарын хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “гар утас хулгайллаа” гэж сэрдэн, А.М, А.Б нартай муудалцаж, тэдгээрийг төмөр сүх, мод, нохойны гинжээр цохих, ороолгох зэргээр бие махбодод нь халдсаны улмаас хохирогч А.М-д “хоёр талын олон хавирганы далд шууд бус хугарал, сээр нурууны 2-5 нугалмын дагуу, 5-7 нугалмын дагуу булчин, зөөлөн эдийн голомтлог цус хуралт, далны цус хуралт, элэгний баруун дэлбэн 5, 6-р сегментийн эдийн язрал, хэвлийн хөндийн цус хуралдалт 550 мл, цээжний баруун доод хэсэгт, нурууны зүүн доод хэсэгт, зүүн бугалганы ар дунд хэсэгт, баруун бугалганы гадна дунд хэсэгт, урд дунд хэсэгт, баруун гуяны гадна дунд хэсэгт цус хуралтууд, зүүн бугалганы гадна доод, ар доод хэсэгт, шууны ар дээд хэсэгт, дунд хэсэгт, бугуйн ард, сарвууны нэг, хоёрдугаар хурууны голд, хоёрдугаар хурууны угийн шивнүүрийн гадна хэсэгт, баруун шууны ар дээд хэсэгт, ар дунд хэсэг, шууны ар доод хэсэгт, бугуйн ард, сарвууны ард, дөрөвдүгээр хурууны ард, тавдугаар хурууны ард, зүүн өвдөгт, баруун шагайн дээд хэсэгт, ар нуруунд сээрний гол хэсэгт зулгаралт гэмтэл” бүхий цээж, хэвлийн хавсарсан хүнд хохирол учруулан хүнийг алсан гэмт хэргийг “онц харгис хэрцгийгээр” хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн, хохирогч А.Б-д “баруун 6, 7, зүүн 6, 7, 8, 9-р хавирга, зүүн атгаал ясны далд хугарал, уруулд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл” бүхий хүндэвтэр хохирол учруулж, хүнийг алахыг завдсан гэмт хэргийг “онц харгис хэрцгийгээр” буюу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Б.Э-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.Э-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хэрэгт, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгч Б.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алахыг завдах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Б.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 12 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5 жилийн хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 12 жилийн хугацаагаар хорих ял дээр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн эдлэх хорих ялын хэмжээг 17 жилийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-д энэ тогтоолоор оногдуулсан 17 жилийн хорих ял дээр, өмнөх Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 273 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 01 жил 02 сар 09 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх хорих ялын хугацааг 18 жил 02 сар 09 хоногоор тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Э-н цагдан хоригдсон 183 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Б.Э-н эдлэх 18 жил 02 сар 09 хоногийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4 дэх заалтад тус тус зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, төмөр сүх, хугархай мод, төмөр гинж зэргийг устгахыг “Эд мөрийн баримт устгах комисс”-т даалгаж, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Э давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Б.Э миний бие Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 2024/ШЦТ/552 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:

Шийтгэх тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй болон тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан шаардлагыг хангаагүй тухай:

Анхан шатны шүүх хуралдааны үеэр миний өмгөөлөгч А.Очбадралаас “...шүүгдэгчийн үйлдэлд хүнийг алах санаа сэдэлт, зорилго агуулаагүй тул... хүнийг алах гэмт хэргийг... үйлдсэн гэснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалт болгон өөрчлөх, ...хүнийг алахыг завдсан гэмт хэргийг үйлдсэн гэснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчлөх...” гэсэн саналыг гаргасан.

Шүүх дүгнэлтдээ “... Шүүгдэгч Б.Э нь гэмт хэрэг үйлдэхэд чиглэсэн /чухам яг ямар гэмт хэрэг үйлдэлд чиглэсэн гэж шүүх үзэж буй нь тодорхойгүй, хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэг, эсхүл хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн яг алийг нь үйлдэхэд чиглэсэн гэж буй нь тодорхойгүй/ үйлдлийг санаатай хийсэн боловч шүүгдэгчийн хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас хохирогч А.Б-йг алах гэсэн түүний хүсэл зориг нь биелээгүй, таслан зогсоогдсон шинжтэй байх тул хүнийг алахыг завдсан гэж дүгнэхээр байна. Учир нь, шүүгдэгч Б.Э нь хохирогч А.Б, амь хохирогч А.М нарыг цохих бүрд гэрч А.У нь түүнээс дээрх зэвсэг, эд зүйлийг булаан авч далдлах зэрэг үйлдлийг хийж байсан байх гэж дүгнэх боломжгүй. ...Шүүгдэгчийн хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас хохирогч А.Б-г алах гэсэн хүний хүсэл зориг нь биелээгүй, таслан зогсоогдсон шинжтэй гэж үзэхээр байна. Харин шүүгдэгч Б.Э-н дээрх үйлдлийн улмаас хохирогч А.М-н биед “хүнд гэмтэл” учирч, амь нас хохирсон үйлдлийн хувьд төгссөн байна. Энэ бүгдээс дүгнэвэл, шүүгдэгч Б.Э нь өөрийн үйлдэл хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, уг үйлдлээс хүний амь нас хохирч болзошгүйг мэдсээр байж түүнийг хүсэж үйлдсэн шинжтэй, мөн хүнийг зэвсэг хэрэглэж зодож цохисон үйлдлийн улмаас хохирогч А.М-ын амь нас хохирч, хохирогч А.Б-н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан үр дагавар нь “хүнийг алах”, “хүнийг алахыг завдах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ...” гэсэн нь миний өмгөөлөгчийн гаргасан “... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалт болгон өөрчлүүлэх...” гэсэн саналын хэсгийг няцаан үгүйсгэсэн үндэслэлээ шүүх бүрэн тодорхойлж чадаагүй байна.

Түүнчлэн шүүхийн “...хохирогч А.Б-н эрүүл мэндэд хүндэвтэр бэртэл үүсэж хохирол учирсан үр дагавар нь “хүнийг алахыг завдах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ...” гэх дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдохгүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлд “Тухайн хуулийн тусгай ангид тухайлан заасан яг тухайн /хүнийг алах/ гэмт хэргийг үйлдэхэд шууд чиглэсэн үйлдэл санаатай” хийсэн байхыг шаардаж зохицуулсан байх бөгөөд миний хувьд хохирогч А.Б, А.М нарыг алах гэсэн санаа сэдэлт, зорилго огт байгаагүй болно.

Хохирогч нарыг цохиж буй миний үйлдлийг гэрч А.У тодорхой хэмжээгээр болиулах оролдлого хийсэн байхыг үгүйсгэхгүй ч хүний биед халдаж буй аливаа үйлдэл нь ямар нэгэн байдлаар таслан зогсоогдсон эсэх, өөрөө үйлдлээ больсон эсэхээс хамааран хүнийг алахад чиглэсэн шууд үйлдлийг хийсэн гэж дүгнэх нь учир дутагдалтай юм.

Нөгөөтэйгүүр, гэрч А.У-н “...Би буцаж гэртээ ороход Э манай хоёр ахыг цохиж зодохоо больсон байсан...” гэх мэдүүлгийн логикт үндэслэвэл миний хувьд өөрөө дээрх үйлдлээ зогсоосон байсан гэдэг нь харагдаж байна.

Түүнчлэн, миний бие “Хүнийг алах” гэмт хэргийг болон “Хүнийг алахыг завдах” гэмт үйлдлийг үйлдэхэд “Шууд чиглэсэн үйлдэл” хийгээгүй болох нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар харагдах ба “Хүнийг алах” болон “Хүнийг алахыг завдах” гэмт хэрэг үйлдээгүй, харин эсрэгээрээ хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйлдлийн улмаас хохирогч нас барсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан буюу шүүх хуралдаанаар шинжлэн судалсан хохирогч А.Б-н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг, гэрч Г.Г-н “...М гэгч нь газар согтуу байдалтай орныхоо урд хэсэгт газар хэвтэж байсан ба хэрхэн, юу болсон талаар М-с асууж тодруулах гэхэд амьсгаатай асуултад хариулах боломжгүй, чадваргүй согтуу байсан. Б гэгчийн уруул нь бага зэрэг язарсан байдалтай, цус гарчихсан байхаар нь юу болсон талаар асуухад “яагаа ч үгүй, би зүгээр” гэж хэлсэн... Намайг дуудлагаар дээрх хаягт 23 цаг 40 минутын орчим очиход талийгаач амьсгаатай байсан. Түргэн 00 цаг өнгөрч байхад ирж үзээд нас барсан байна гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /1 хх 65-66/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 2956 дугаартай “...Талийгаачид эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээг цаг алдалгүй үзүүлсэн тохиолдолд амь нас нь аврагдах боломжтой” гэсэн шинжээчийн дүгнэлт /1 хх 69-74/, шинжээч Н.Энхцолмонгийн “...Талийгаачийн хувьд цээж, хэвийн хавсарсан гэмтлийн улмаас нас баржээ... гэмтлийн хүнд зэрэгт хамаарч байгаа юм... Талийгаачид эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээг цаг алдалгүй үзүүлсэн тохиолдолд амь нас аврагдах боломжтой байсныг үгүйсгэхгүй”... гэсэн мэдүүлэг /1 хх 84-85, 2 хх 154/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 14186 дугаартай шинжээчийн “А.Б-н биед... гэмтэл тогтоогдлоо... Дээрх гэмтэл нь гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна ...” гэсэн дүгнэлт /1 хх 107-110/ зэргээс харагдаж байна.

2. Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн тухай: Миний энэхүү давж заалдах гомдлын                1 дүгээр хэсэгт дурдсанчлан анхан шатны шүүх намайг “хүнийг алах”, “хүнийг алахыг завдах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсоныг хүлээн зөвшөөрөхгүй байгаа ч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдлээр хангасан байвал нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж хуульчилсныг үндэслэвэл анхан шатны шүүхээс намайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийг нэг зүйлчлэлээр хоёр удаа гэм буруутайд тооцсон нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна.

3. Шийтгэх тогтоол нь: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүхийн шийдвэрийн удиртгал хэсэгт дараахь зүйлийг тусгана” гэж, 1.3 дахь хэсэгт “... оролцогч” гэж хуульчилсан. 2024 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны танхимд явагдсан надад холбогдох хэргийн шүүх хуралдаанд хохирогч А.Б нь оролцсон боловч тус шүүхийн 2024/ШЦТ/552 дугаар шийтгэх тогтоолын удиртгал хэсэгт түүний нэрийг тусгаагүй нь дээр дурдсан шүүхийн шийдвэрт тавигдах хуулийн шаардлагыг зөрчсөн. Төгсгөлд нь дурдахад, миний бие өөрийн нагац ах нарыг цохиж, зодсон үйлдэлдээ чин сэтгэлээсээ гэмшиж байна.

Давж заалдах шатны шүүх миний гомдолд дурдсан үндэслэлүүдэд нэг бүрчлэн дүгнэлт хийж, зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд тус тус зааснаар хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй” гэж хуульчилсныг болон миний үйлдсэн хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж буй байдал, бусдад төлөх төлбөргүй зэргийг харгалзан үзээд ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Б.Э-н өмгөөлөгч Р.Пүрэвлхам тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд дурдсанаар Б.Э-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Хүнийг алахыг завдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн. Энэхүү нөхцөл байдал нь шүүх Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлд хамаарч байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно.” гэж заасан. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд шүүгдэгч Б.Э нь хүнийг алсан буюу хүнийг алахаар завдсан гэмт хэргийг үйлдэх санаа зорилготой байсан эсэх, ямар зорилгоор, яагаад алах болсон талаарх баримт огт байдаггүй. Бусдын биед хүнд гэмтэл санаатай учруулсан, энэ гэмтлийн улмаас хохирогч нас барсан нөхцөл байдал нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдоогүй. Бусдын биед хүндэвтэр гэмтэл учруулсан үйлдлийг шууд хүнийг алахаар завдсан үйлдэл гэж зүйлчилсэн нь үндэслэлгүй. Шийтгэх тогтоолд хүний амьд явах эрхийн талаар 1948 оны Нэгдсэн үндэсний байгууллагын Хүний эрхийн түгээмэл тунхаглалд заасан үндэслэлийг тайлбарлаж бичсэн. Хэдийгээр шүүгдэгч Б.Э нь олон удаагийн ял шийтгэлтэй боловч түүнийг засан хүмүүжихгүй гэж дүгнэж, буруутгаж байгаа нь үндэслэлгүй юм. Нагац ах нартайгаа гэр бүлийнхээ хүрээнд асуудлаа шийдвэрлэхээр очоод архи ууж, согтсоны улмаас ийм байдалд хүрсэн боловч үүнийг санаатай бусдыг алах буюу алахыг завдсан үйлдэл гэж шууд дүгнэх боломжгүй. ... Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч Б.Э-н гаргасан гомдлын хүрээнд хэргийг шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

Прокурор Ж.Сувданчимэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хэрэгт авагдсан гэрч, хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг баримтуудыг нэгтгэн дүгнэхэд шүүгдэгч Б.Э нь “миний гар утас алга болчихлоо, хулгайлчихлаа” гэх шалтгааны улмаас тухайн гэрт байсан сүх, нохойны гинж, мод зэргийг ашиглаж, 2 хүнийг зодож, цохих үйлдлийг идэвхтэйгээр ухамсарлан хийсэн болох нь тогтоогддог. Уг үйлдлийн улмаас хохирогч А.М нь цээж, хэвлий хавсарсан хүнд гэмтэл авч нас барсан. Харин хохирогч А.Б-н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан. Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлаж мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогч А.Б-г алахыг завдсан, хохирогч А.М-г алсан гэж тус тус дүгнэсэн нь хуульд нийцсэн. Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэх үндэслэл тогтоогдоогүй. Тухайн цаг хугацаанд согтууруулах ундааны зүйл хамгийн бага хэмжээгээр хэрэглэсэн байсан гэрч У “...Би болсон бүх явдлыг санаж байна. ...” гэж 3 удаа мэдүүлсэн. Иймд давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах  гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр шүүгдэгч Б.Э-д холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Шүүгдэгч Б.Э нь 2023 оны 11 дүгээр сарын 06-наас 07-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүнбаян-Уулын 21-40 тоотод хохирогч А.М, А.Б нарын хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “гар утас хулгайллаа” гэж сэрдэн, А.М, А.Б нартай муудалцаж, тэднийг төмөр сүх, мод, нохойны гинжээр цохих, ороолгох зэргээр бие махбодод нь халдаж, хохирогч А.М-г алсан,

мөн цаг хугацаанд хохирогч А.Б-н алахыг завдсан тус тус гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Б-н “... Би талийгаачийн төрсөн дүү, харин Б.Э нь миний төрсөн эгчийн хүүхэд байгаа юм. 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс 07-нд шилжих шөнө 01 цаг өнгөрч байхад шиг санагдаж байна, дүү У над руу залгаад “Э согтуу М ахыг зодоод алчихлаа” гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би талийгаачийн гэрт яваад очтол түргэн ирж үзээд явчихсан, цагдаа нар ирчихсэн байсан. ... У, Б нарыг цагдаа аваад явчихсан, харин Б-г түргэн ирээд гэмтлийн эмнэлэг рүү аваад явсан байсан. Э нь Б-г цохиж зодоод уруулд нь 2 оёдол тавиулсан, мөн гар болон хавирга нь хугарсан гэж байсан. Тухайн хугарлыг Э учруулсан эсэхийг бол мэдэхгүй байна. У надад хэлэхдээ “Э, БП, Б нарыг мөн цохиж зодсон” гэж хэлж байсан. ...” /1 хх 33-34, 36-37/,

гэрч А.У-н “... Би өглөө 10 цагийн үед нөхөр П.Б-н хамт гэрээс гарч явж байгаад 21 цагийн үед ахынхаа гэрт ирэхэд М ах, Б ах, нагац дүү болох Э гурав хуванцар савтай “Шүншиг” нэртэй архи хуваагаад уугаад дууссан байсан. Нөхөр бид хоёрыг гэрт орсны дараа Э “хоёр гар утсаа алга болгочихлоо, миний гар утас хаана байна” гээд манай хоёр ах руу уурлаад, гэрт төмөр орны хөлд байсан төмөр иштэй сүхийг аваад манай ах Б-н нуруу, бие рүү сүхээрээ хэд хэдэн удаа цохисон. Манай ах газар сууж байгаад сүхээр цохиулаад газар хэвтээд өгсөн. Тэгээд М ах саарал өнгийн орон дээр хэвтэж байхад нь сүхээр бас цохиод байсан. Би яг хаашаа хэдэн удаа цохисныг нь хараагүй. Би сүхийг нь Э-с булааж аваад нөхөртөө өгсөн, орны араар сүхийг нь нуусан. Тэгсэн Э үүдний амбаарт байсан нохойны тасархай гинж оруулж ирээд гинжээр М, Б нарыг ороолгоод, манай нөхрийг бас гинжээр цохиод байсан. Би гинжийг нь авах гээд татахад тасраад талыг нь гартаа ороогоод өгөхгүй байсан. Манай ах Б-н нүүр амнаас цус гарсан байхаар нь би гадагшаа гүйж гараад гудамжинд явж байсан танихгүй эрэгтэй хүүхдийн утсаар тусламж дуудсан. Тэгээд түргэний эмч ирсэн ба манай ах М-г үзээд өнгөрсөн байна, Б ахыг гэмтэлтэй байна гээд эмнэлэг рүү авч явсан. ...” /1 хх 43-44, 46, 48-49/,

гэрч П.Б-н “...2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр гэрээсээ 10 цагийн үед эхнэр У-н хамтаар гараад Жанцангийн эцэст хүмүүстэй хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаад 18 цагийн үед байх, эхнэрийн хамтаар гэртээ ирсэн. Бид хоёрыг гэртээ ирэхэд М ах, Б, Э гурав байсан. Би тухайн үедээ нилээн согтчихсон байсан болохоор зарим зүйлээ санахгүй байна, нэг мэдсэн шөнө цагдаагаас хүмүүс ирчихсэн байсан ба миний бие нилээн хөндүүр болчихсон, баруун талын хавирга, нуруу хэсгүүдэд өвчин орчихсон, нүүр хэсэгт маань шарх, сорви болчихсон байсан. ...” /1 хх 62- 63/,

гэрч Г.Г-н “... дуудлага, мэдээллийн дагуу очиж шалгахад М гэгч нь газар согтуу байдалтай орныхоо урд хэсэгт газар хэвтэж байсан ба хэрхэн, юу болсон талаар М-с асууж тодруулах гэхэд амьсгаатай байсан ч асуултад хариулах чадваргүй согтуу байсан. Б гэгчийн уруул нь бага зэрэг язарсан байдалтай, цус гарчихсан байхаар нь юу болсон талаар асуухад “яагаа ч үгүй, би зүгээр” гэж хэлсэн. Мөн БП гэгчийн баруун талын шанаа хэсэгт цус болсон байдалтай байхаар нь тэнд байсан ганц эмэгтэй У гэгчтэй уулзаж биечилсэн сурвалжилга хийхэд Э нь гар утаснаас болж ах М, Б, БП нарыг зодсон. М ахыг нохойны нарийн гинж болон сүхээр цохиж зодсон, тэгтэл М ах газар уначихсан гэж хэлсэн. Мөн манай нөхөр Б, ах Б нарыг гараараа болон гартаа таарсан зүйлээрээ цохиж зодсон гэж ярьж байсан. Намайг дуудлагаар дээрх хаягт 23 цаг 40 минутын орчим очиход талийгаач амьсгаатай байсан. Түргэн 00 цаг өнгөрч байхад ирж үзээд нас барсан байна гэж хэлсэн...” /1 хх 65-66/,

шинжээч Н.Энхцолмонгийн “... Талийгаачид учирсан ... гэмтлүүд нь нэг буюу ойролцоо цаг хугацаанд үүссэн гэмтлүүд байгаа тул нэг бүрдэл гэж авч үздэг. Талийгаачийн хувьд дүгнэлтэд дурдагдсан цээж, хэвлийн хавсарсан гэмтлийн улмаас нас баржээ. Элэгний язрал, хэвлийн хөндийн цус хуралдалт гэмтэл нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарах ба дээрх гэмтлүүд нь нэг цаг хугацаанд үүсгэгдсэн учир бүрдэл гэж авч үзээд гэмтлийн хүнд зэрэгт хамаарч байгаа юм. Дээрх гэмтлүүдийг нэг цаг хугацаанд буюу ойролцоо цаг хугацаанд нэг хүн учруулсан тохиолдолд гэмтлийн зэргийг салгаж тогтоох шаардлагагүй болно. Сүхний ир үзүүртэй хэсгээс бусад сүхний өргөн талбай буюу хажуу, ар талын хэсгээр цохих үед талийгаачийг үхэлд хүргэсэн гэмтлүүд болох элэгний язрал, хавирганы хугарал гэмтэл үүссэн байх боломжтой. Харин зурагт үзүүлсэн гинж, модоор цохих, ороолгох үед биеийн мөчид их биеэр үүссэн зулгаралт, шарх, цус хуралт гэмтлүүд үүссэн байх боломжтой. ...” /1 ххх 84-85/,

шинжээч Б.Долгормаагийн “... А.Б-н биед учирсан баруун 6, 7 дугаар хавирганы хугарал, зүүн 6, 7, 8, 9 дүгээр хавирганы хугарал, атгаал ясны далд хугарал нь дан дангаараа гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Баруун 6, 7 дугаар хавирганы хугарал нь нэг удаагийн үйлчлэлээр, зүүн 6, 7, 8, 9 дүгээр хавирганы хугарал нь нэг болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр, атгаал ясны хугарал нь нэг удаагийн хүчин зүйлийн үйлчлэлээр цохих, цохигдох үед тус тус үүсэх боломжтой. Дан дангаараа гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Фото зургаас үзэхэд мод болон гинжээр цохих үед дээрх гэмтлүүд үүсэх боломжгүй ба төмөр сүхний мохоо хэсгээр цохих үед үүсэх боломжтой гэмтлүүд юм. Харин уруулд үүссэн шарх, зөөлөн эдийн няцрал гэмтлийг фото зурагт авагдсан төмөр гинж, модоор нэг удаа цохих, шавхардах үед үүсэх боломжтой, дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” /1 хх 113-114/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “... Талийгаач А.М-н биед хоёр талын олон хавирганы далд шууд бус хугарал, сээр нурууны 2-5 нугалмын дагуу, 5-7 нугалмын дагуу булчин, зөөлөн эдийн голомтлог цус хуралт, далны цус хуралт, элэгний баруун дэлбэн 5, 6-р сегментийн эдийн язрал, хэвлийн хөндийн цус хуралдалт 550мл, цээжний баруун доод хэсэгт, нурууны зүүн доод хэсэгт, зүүн бугалганы ар дунд хэсэгт, баруун бугалганы гадна дунд хэсэгт, урд дунд хэсэгт, баруун гуяны гадна дунд хэсэгт цус хуралтууд, зүүн бугалганы гадна доод, ар доод хэсэгт, шууны ар дээд хэсэгт, дунд хэсэгт, бугуйн ард, сарвууны нэг, хоёрдугаар хурууны голд, хоёрдугаар хурууны угийн шивнүүрийн гадна хэсэгт, баруун шууны ар дээд хэсэгт, ар дунд хэсэг, шууны ар доод хэсэгт, бугуйн ард, сарвууны ард, дөрөвдүгээр хурууны ард, тавдугаар хурууны ард, зүүн өвдөгт, баруун шагайн дээд хэсэгт, ар нуруунд сээрний гол хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр тухайлбал, цохих, дарах, хавчуулагдах, үрэх механизмаар үүсгэгдэнэ. Уг гэмтлүүд нь нэг цаг хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Талийгаач нь дээрх цээж, хэвлийн хавсарсан гэмтлийн улмаас нас баржээ. Талийгаач нь 2023 оны 11 дүгээр сарын 07-ны 05 цаг 10 минутын цогцосны үзлэгээр нас бараад 4-6 цаг болсон байна. ...” гэсэн 2956 дугаартай дүгнэлт /1 хх 69-74/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн “... А.Б-н биед баруун 6, 7, зүүн 6, 7, 8, 9-р хавирга, зүүн атгаал ясны далд хугарал, уруулд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой, гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. ...” гэсэн 14186 дугаартай дүгнэлт /1 хх 107-110/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн “... Шинжилгээнд ирүүлсэн саарал өнгийн ханцуйтай цэнхэр өнгийн цамцанд 6 мм хэмжээтэй, шинээр, хатуу ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүссэн гогдолт, “wang” гэсэн цагаан өнгийн бичигтэй хар өнгийн өмдөнд 200мм хэмжээтэй, эдэлгээний явцад үүссэн урагдалт байна. ...” гэсэн 3810 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 хх 145-146/,

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт “... Б.Э нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай, өөрийн хийсэн үйлдлээ удирдан жолоодох чадвартай байна. Б.Э нь гэмт хэрэг үйлдэгдэх үед сэтгэл санаа нь хүчтэй цочрон давчидсан гэх шинж тэмдэг илрээгүй, хэрэг хариуцах чадвартай тул эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна...” гэх 935 дугаартай дүгнэлт /1 хх 185-186/,

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх 3-11/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх 13-17/,

шуурхай удирдлагын тасгийн “...2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 22 цаг 57 минут 06 секундэд “согтуу хүн гэрт ирээд хүн зодоод байна гэсэн дуудлагыг 95969108 дугаарын утаснаас өгсөн” гэсэн дуудлага лавлагааны хуудас /1 хх 2/, түргэн тусламжийн хуудас /2 хх 83/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн анхан шатны шүүх  прокуророос Б.Э-д холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн, түүнийг “хүнийг алах”, “хүнийг алахыг завдах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Э-н үйлдсэн гэмт хэргийн үйл баримтаас үндэслэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 12 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5 жилийн хорих ял тус тус шийтгэж, ялуудыг нэмж нэгтгэн, эдлэх хорих ялын хэмжээг 17 жилийн хугацаагаар тогтоож, уг хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 2 сар 9 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх хорих ялын хугацааг 18 жил 2 сар 9 хоногоор тогтоож шийдвэрлэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байна.

Шүүгдэгч Б.Э-с “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалт болгон өөрчлүүлэх талаар гаргасан миний өмгөөлөгчийн саналыг няцаан үгүйсгэсэн үндэслэлээ шүүх бүрэн тодорхойлж чадаагүй, нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдлээр хангасан байвал нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцох хуулийг зохицуулалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хохирогч нарыг алах санаа зорилго байгаагүй, хэргийн зүйлчлэлийг өөрчилж, ял шийтгэлийг багасгаж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Хүнийг санаатай алах гэмт хэрэг нь бусдын амь насыг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хүн нас барсан байдаг бөгөөд гэмт үйлдэл, амь хохирогчийн үхэл хоёрын хооронд шалтгаант холбоотой байх шинжийг агуулсан байхыг шаарддаг.

Шүүгдэгч Б.Э нь амь хохирогч А.М, хохирогч А.Б-н амь насыг хохирооход шууд чиглэсэн буюу төмөр сүх, мод, нохойны гинжээр цохих, ороолгох зэрэг үйлдэл хийхэд амь хохирогч газар унасан, шүүгдэгчийн уг үйлдлийн улмаас талийгаач А.М-н биед шинжээчийн 2956 дугаартай дүгнэлтэд дурдсан олон тооны шарх гэмтэл учирч нас барсан, хохирогч А.Б-н биед шинжээчийн 14186 дугаартай дүгнэлтэд заасан хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан хэргийн үйл баримт хөдөлбөргүй тогтоогдож байх бөгөөд түүний үйлдэл, талийгаачийн үхэл хоёрын хооронд болон хохирогч А.Б-н биед хүндэвтэр гэмтэл учирсантай шууд шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч нь өөрийн аюултай үйлдлийн улмаас хохирогчийн амь нас үхэлд хүрэх аюултай гэдгийг мэдсээр байж хохирогчийг эд зүйлээр цохиж, зодож байгаа үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзэх ба анхан шатны шүүх хэргийн үйл баримтын талаар болон шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилсөн талаар үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийж хэргийг эцэслэн шийдвэрлэжээ.

Мөн анхан шатны шүүх шүүгдэгч Б.Э-н үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар болон учруулсан хохирол, хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, гэм буруугийн хэр хэмжээг харгалзан ял шийтгэл оногдуулсан байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд” тооцохоор зохицуулсан байх ба  хэдийгээр шүүгдэгч Б.Э нь нэг цаг хугацаанд амь хохирогч А.М, хохирогч А.Б нарт хор уршиг учруулсан боловч түүний гэмт хэрэг үйлдсэн санаа зорилго, үйлдлийн шинжээс үзвэл үргэлжилсэн нэг гэмт хэрэгт тооцох боломжгүй.

Өөрөөр хэлбэл, хоёр хүний халдашгүй байх, амьд явах эрхэд тус тус халдаж, нэг хүний амь насыг хохироосон, нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулжээ.

Иймд шүүгдэгч Б.Э-н гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.   

Харин анхан шатны шүүх шийтгэх тогтоолын удиртгал хэсэгтээ хохирогч А.Б-г шүүх хуралдаанд оролцоогүй мэтээр буруу бичиж техникийн шинжтэй алдаа гаргасныг дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно...” гэсний дагуу шүүгдэгч Б.Э нь анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойш буюу 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрөөс энэ өдрийг хүртэл нийт 49 хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 2024/ШЦТ/552 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Э-н гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э нь 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрөөс хойш 49 /дөчин ес/ хоног цагдан хоригдсоныг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                            Т.ӨСӨХБАЯР  

ШҮҮГЧ                                                            Д.МӨНХӨӨ           

ШҮҮГЧ                                                            М.АЛДАР