Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2021/01787

 

 

 

 

 

Ж.Э-н хууль ёсны төлөөлөгч А.Ж нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 104/ШШ2021/00300 дугаар шийдвэртэй, Ж.Эхууль ёсны төлөөлөгч А.Жхариуцагч БН ХХК, Б ҮЦК ХК-д холбогдуулан гаргасан БН ХХК-ийн 270 ширхэг хувьцаа эзэмшигчээр Ж.Эбүртгэхийг даалгах  нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч БН ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ж.Эхууль ёсны төлөөлөгч А.Ж, хариуцагч БН ХХК-ийн төлөөлөгч Р.Л, хариуцагч Б ҮЦК ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Халиун нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ж.Эхууль ёсны төлөөлөгч А.Жшүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Ж.Энь Монгол улсад бүртгэлтэй 198 000 хувьцаат компаниас 117 компанид их, бага хэмжээний хувьцаа эзэмшдэг. Монголын хөрөнгийн бирж дээр БН ХХК-ийн хувьцаа чөлөөтэй арилжаалагдаж байсан тул 2018 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 1 ширхэг хувьцаа, 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 269 ширхэг хувьцааг нийт 110 781.50 төгрөгөөр худалдаж авсан. Гэтэл БН ХХК СЗХны тогтоол гаргахаас өмнө хувьцааны ханшийг албаар унагаж, нэгж хувьцааны үнийг 247 төгрөг болгож, хувьцаа эзэмшигчдэд шууд ногдол хувийн мөнгийг шилжүүлсэн. Ж.Э АКГ ҮЦХ ХХК-нд нээлгэсэн 57-9236 тоот дансанд 270 ширхэг хувьцааг хууль бусаар авахдаа ногдол ашгийн мөнгийг үнэт цаасны компаниар дамжуулан авах хүсэлтэд зурсан гарын үсгийг ашиглаж Б ҮЦК ХК-нд нээлгэсэн 7-613612 тоот дансанд 67 230 төгрөг хийсэн байсан. Гэтэл Б ҮЦК ХК-нд ногдол хувийн мөнгө авах хүсэлт гаргаагүй, ногдол ашиг авах зорилгоор хоосон баримтан дээр гарын үсэг зурсан. Б ҮЦК ХК хувьцааг захиран зарцуулах, мөнгөн гүйлгээ хийхээр бол А.Жзөвшөөрлийг аваагүй, уг үйлдэл нь хууль зөрчиж байна. БН ХХК-ийг хаалттай компани болж байгаа талаарх мэдээллийг олж мэдээд 2018 оны 9 дүгээр сард тус компанийн хувьцаа эзэмшигчээр үлдэх хүсэлтээ гаргасан. Мөн “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК, АКГ ҮЦК ХХК-аар дамжуулан илгээсэн боловч СЗХны тогтоол гараагүй байгаа учраас хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэх хариуг 7 хоногийн дараа өгсөн. Мөн БН ХХК хэлбэрээ өөрчлөх зорилгоор 2018 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр хувьцаа эзэмшигчдийн хурлыг зохион байгуулах, хурлын материалыг хүргүүлээгүй. 2018 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн хурлаар БН ХКхэлбэрээ өөрчлөх болсон талаар маргахгүй. Компанийн тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт заасны дагуу хувьцаа эзэмшигч нь хувьцаагаа эргүүлэн худалдаж авахыг компаниас шаардах эрх үүсгэсэн шийдвэр гарах тохиолдол бүрд хувьцаа эзэмшигчдийн хурлын зар хүргэх журмын дагуу хувьцаа эзэмшигчид мэдэгдэх ёстой байсан. 2021 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр Ж.Эхувьцаа эзэмшигчээр тогтоолгох хүсэлтээ Б ҮЦК ХК-д өөрийн цахим хаягаар явуулсан боловч хариу өгөөгүй. СЗХ, Шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөө газарт 11-11 төвөөр дамжуулан гомдол гаргасан боловч СЗХноос хувьцааны мөнгөө шилжүүлж авсан гэсэн тодорхойгүй хариуг өгсөн. Харин БН ХХК СЗХны 2019 оны 12 дугаар 16-ны өдрийн 397 тоот тогтоолоор “өөрийн эзэмшлийн хувьцааг эргүүлэн худалдан авахыг шаардах эрхээ хэрэгжүүлээгүй хувьцаа эзэмшигч түүнд ногдох ногдол хувийн мөнгийг авалгүйгээр хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хувьцаа эзэмшигчээр үлдэх хүсэлтийг хэдийд ч гаргаж болох, хувьцаа эзэмшигчээр бүртгэхийг үүрэг” болгосныг биелүүлээгүй. Иймд БН ХХК-ийн 270 ширхэг хувьцаа эзэмшигч байсан Жавхлангийн Энхрийлэнг хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хувьцаа эзэмшигчээр бүртгэхийг даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч БН ХХК-ийн тайлбарт: БН ХК-ийн эрх барих дээд байгууллага болох хувьцаа эзэмшигчдийн 2018 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хурлаас компанийн хэлбэрийг өөрчилж хязгаарлагдмал хариуцлагатай компани болгон зохион байгуулахаар шийдвэрлэж, хувьцаа эзэмшигчдийн эрхийг хэрэгжүүлэх журмаа хурлаараа баталсан. Компани хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулахдаа Компанийн тухай хуулийн 60, 63, 64, 65 дугаар зүйлд заасан зохицуулалтуудыг баримталсан. Хувьцаа эзэмшигчдийн хурлын өмнө хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалтыг бүртгэх өдрөөр тасалбар болгон Монголын хөрөнгийн бирж дээр хувьцаа нь арилжаалагддаг компаниудын хувьцаа эзэмшигчдийн бүртгэлийг хөтлөх эрх бүхий ганц байгууллага болох Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвөөс заавал авах журамтай. Хувьцаа эзэмшигчдийн 2018 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хурлын бүртгэх өдрөөр тасалбар болгон хурлын өмнө Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийн 2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 041/742 тоотоор компанийн хувьцаа эзэмшигчдийн бүртгэл, судалгааг авсан. Уг бүртгэлээр АКГ ҮЦК ХХК-д манай хувьцаа эзэмшигч данстай байгаа боловч Ж-ийн Э гэж хувьцаа эзэмшигч байхгүй байсан. Ж.Эхувьцаа эзэмшигч биш учраас хувьцаа эзэмшигчдийн 2018 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуралд оролцох, хурлаар хэлэлцсэн компанийн хэлбэрийг өөрчлөх асуудлаар санал өгөх эрхгүй. Цаашлаад компанийн хэлбэрийг өөрчлөн байгуулах шийдвэр гарсантай холбогдуулан хувьцаа эзэмшигчдийн эрхийг хэрэгжүүлэх журмын хүрээнд компанид хувьцаагаа эргүүлэн худалдан авахыг шаардах, эсхүл өөрчлөн байгуулагдсан компанид хувьцаа эзэмшигчээр үлдэх хүсэлт гаргах эрхгүй байсан нь ойлгомжтой. Компани хэлбэрээ өөрчилж хаалттай компани болж байгаа учраас хянах, зохицуулах эрх бүхий байгууллага болох Монголын хөрөнгийн бирж болон СЗХнд Хувьцаа эзэмшигчдийн хурлын материал, хурлаас гаргасан шийдвэрээ хүргүүлж нийтэд санал болгон гаргасан компанийн хувьцааг Үнэт цаасны бүртгэлээс хасуулах журамтай бөгөөд хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрийг эрх бүхий байгууллага хянаж, компанийн нийтэд санал болгон гаргасан хувьцааг Үнэт цаасны бүртгэлээс хараахан хасаагүй байх хугацаанд А.Ж Үнэт цаасны компанид ажилладаг байдлаа ашиглан 270 ширхэг хувьцаа охиныхоо нэр дээр худалдан авсан. Компанийн хэлбэрийг өөрчлөх шийдвэрийг компанийн эрх барих дээд байгууллага болох хувьцаа эзэмшигчдийн хурал нэгэнт гаргачихсан байхад хувьцаа худалдан авсан нь хууль бус бөгөөд нэхэмжлэлийн шаардлага хуульд нийцэхгүй. Хувьцаа эзэмшигчдийн эрхийг хэрэгжүүлэх журмыг хэрэгжүүлэх хугацаанд болон шинээр зохион байгуулагдсан хязгаарлагдмал хариуцлагатай хувьцаат компанийн хувьцаа эзэмшигчдийн анхдугаар хурлыг хуралдуулж, компанийн дүрэм батлах, компанийг Улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэх хугацаанд буюу 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүртэл БН ХК-д хувьцаа эзэмшиж байсан 621 хувьцаа эзэмшигчдээс шаардах эрхээ хэрэгжүүлэх эсвэл шаардах эрхээ хэрэгжүүлэхээс татгалзаж хаалттай компанид хувьцаа эзэмшигчээр үлдэх хүсэлт нэг ч хувьцаа эзэмшигчээс ирүүлээгүй тул нийт 621 хувьцаа эзэмшигчийн 60 459 ширхэг хувьцаанд ногдох ногдол хувийн мөнгийг хөндлөнгийн үнэлгээний байгууллагаар тогтоолгосон. Ингээд Монголын хөрөнгийн бирж болон СЗХны хянасан нэгж хувьцааны зах зээлийн үнээр тооцон хувьцаа эзэмшигчдэд Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвөөр зуучлуулан хүргүүлэхээр гэрээ байгуулж, мөнгийг шилжүүлсэн. Хувьцаа эзэмшигчдийн 2018 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуралд оролцож, хаалттай компанид үлдэхээр саналаа ирүүлсэн хувьцаа эзэмшигчдийн анхдугаар хурлыг 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хуралдуулж, шинээр зохион байгуулагдсан БН ХХК-ийн дүрмийг баталж, компанийг улсын бүртгэлд 2020 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр бүртгүүлсэн.

А.Жохиныхоо нэр дээр хууль зөрчин худалдан авсан 270 ширхэг хувьцаанд ногдох 67 230 төгрөгийг оролцуулаад 621 хувьцаа эзэмшигчийн эзэмшиж байсан хувьцаанд ногдох нийт 15 054 291 төгрөгийг Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийн дансанд 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдөр шилжүүлсэн. Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв ногдол хувийн мөнгийг хувьцаа эзэмшигч тус бүрийн дансанд 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр байршуулсан болохыг 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 1/4691 албан тоотоор мэдэгдсэн. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ. 

 Хариуцагч Б ҮЦК ХК-ийн тайлбарт: Тус компанийн харилцагч Ж.Э2018 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 1 ширхэг хувьцаа, 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 269 ширхэг хувьцааг 5-79236 данс буюу АКГ ҮЦХ ХХК-аар дамжуулан БН ХК-аас худалдаж авсан байсан. Ж.ЭБ ҮЦК ХК-д нээлгэсэн 6-13612 тоот үнэт цаасны дансанд 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр БН ХК-ийн ноогдол ашиг болох 67 230 төгрөг орж ирсэн байсан. Ж.Эхувьцаа АКГ ҮЦХ ХХК-д байсан боловч Б ҮЦК ХК-д байрлах үнэт цаасныхаа ноогдол ашиг болох хувь мөнгө шилжиж орж ирсэн. Учир нь Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв хамгийн сүүлд гүйлгээ хийсэн дансаар дамжуулан ноогдол ашиг хувь мөнгийг шилжүүлдэг байсантай холбоотой. Тухайн үед Үнэт цаасны төвлөрсөн төвтэй холбоотойгоор Б ҮЦК ХК дээр БН ХХК-ийн хувьцаа байхгүй байсан боловч А.Ж хамгийн сүүлд Б ҮЦК ХК-аар мөнгөн гүйлгээ хийсэн болохоор Б ҮЦК ХК-ийн дансанд өөр компани дээр байсан ноогдол ашиг нь орж ирсэн. Үнэт цаасны компани брокерын үйл ажиллагаа буюу зуучлалын үйл ажиллагаа мэдээлэл хүргэх үйл ажиллагааны хүрээнд ноогдол хувь мөнгө дансанд орсон талаар мэдээлэл өгч эзэмшигчийн гарын үсэг зурж зөвшөөрсөн баримтыг эх хувиар нь Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв рүү илгээж, харилцагчийн төлбөр тооцоог шийдэж ажилладаг. Тухайн үед хэн аль нь ажлаа хөнгөвчлөх зорилгоор мөнгө хүссэн өргөдөл дээр гарын үсэг зуруулж авсан. Мөнгө хүссэн бланкийг Б ҮЦК ХК-ийн ажилтан бөглөсөн, Голомт банкны дансны дугаарыг мэдээллийн сангаас авсан. Гэхдээ мөнгөн гүйлгээний талаар А.Жгаас утсаар асууж зөвшөөрөл авсан. Тухайн ажилтан ажлаасаа гарсан тул баримт байхгүй. Б ҮЦК ХК хувьцаа эзэмшигчээр Ж.Эбүртгэх эрх байхгүй гэжээ. 

Шүүх: Иргэний хуулийн 9 дүгээр зүлийн 9.4.3., Компанийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 16.2, 17 дугаар зүйлийн 17.4, 24 дүгээр зүйлийн 24.4-т заасныг баримтлан БН ХК-ийн хувьцаа эзэмшигч Ш овогтой Ж.Э-н 270 /хоёр зуун дал/ ширхэг хувьцааг хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хувьцаанд хөрвүүлэн, дүрэмд орсон нэмэлт өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэхийг хариуцагч БН ХХК-нд даалгаж, нэхэмжлэлээс хариуцагч Б ҮЦК ХК-нд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Ж.Эхууль ёсны итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Жулсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч БН ХХК-аас 70 200 /далан мянга хоёр зуу/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ж.Эхууль ёсны итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Жд олгож шийдвэрлэжээ.  

Хариуцагч БН ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шийдвэрийг эс зөвшөөрч байна. БН ХК-ийн ТУЗ-өөс 2018 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчдийн бүртгэх өдрийг 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдрөөр тогтоож Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвөөс хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалтыг гаргуулан авсан. Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийн 2018 оны 4 дүгээр сарын 04-ны өдрийн 041/742 тоотоор ирүүлсэн уг жагсаалтад Ж.Энэртэй хувьцаа эзэмшигч байгаагүй. Ж.ЭБН ХК-ийн хэлбэрийг өөрчлөх асуудал хэлэлцэн шийдвэр гаргасан 2018 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцох, хурлаас гаргасан шийдвэрт санал өгөх хууль эрх зүйн боломжгүй, дуусгавар болсон үйл явдлын араас нь хөөж санал өгөх цаг хугацааны боломжгүй. Хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдаад, хурлаас гаргасан шийдвэр нь албажсанаас хойш 40 хоногийн дараа Ж.Э2018 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 1 ширхэг, 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 269 ширхэг, нийт 270 ш хувьцаа худалдан авсан нь хууль эрх зүйн үүднээс ХК-ийн хувьцаа биш. Ж.Эхувьцаа худалдан авахаас 40 хоногийн өмнө ХК хэлбэрээ өөрчлөөд ХХК болчихсон. Иргэний хуулийн 31.1, Компанийн тухай хуулийн 23 дугаар зүйлд зааснаар компани хэлбэрээ өөрчлөх эрхтэй. Үнэт цаасны зах зээлд оролцогчдын үйл ажиллагааг зохицуулах, хяналт тавих эрх бүхий төрийн захиргааны байгууллага болох СЗХ, Үнэт цаасны арилжаа эрхлэх байгууллага болох Монголын хөрөнгийн биржид компанийн зүгээс хурлын шийдвэрээ хүргүүлсэн даруйд нийтэд санал болгон гаргасан үнэт цаасыг бүртгэлээс хасах хүртэл тухайн хувьцааны арилжааг түр зогсоосон бол 270 ширхэг хувьцааг худалдан авч болох байсан эсэх, компани ихээхэн алдагдалд орж 2018 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хурлаас ХК-ийг татан буулгах шийдвэр гаргасан гэж үзвэл 270 ширхэг хувьцаа мөн татан буугдсан компанийн хувьцаа болж хувьцаандаа хувь тэнцүүлэн хариуцлага хүлээх байсан эсэх асуулт гарна. Хувьцаа эзэмшигч биш этгээдийн өмнө компани үүрэг хүлээх ёсгүй. Гэтэл шүүх Иргэний хуулийн 9.4.3-т заасан хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэх заалтыг баримталсан нь үндэслэлгүй. Мөн нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй компанийн дүрэм, дүрэмд юуны талаар тусгах, дүрэмд орсон өөрчлөлтийг улсын бүртгэлд хэрхэн бүртгүүлэхийг журамласан Компанийн тухай хуулийн 16.1, 16.2, 17.4 дэх заалтуудыг үндэслэн шийдвэр гаргасан нь үндэслэлгүй, хуулийг буруу хэрэглэсэн байна. Шүүх компанийн эрх барих дээд байгууллага шийдвэр гаргах, нийтэд санал болгон гаргасан үнэт цаасыг бүртгэлээс хасах гэсэн хоёр өөр асуудлыг хольж, нотлох шаардлагагүй зүйлийг нотолсон. Компанийг өөрчлөн байгуулах нь Компанийн тухай хуулиар, компанийн нийтэд санал болгон гаргасан үнэт цаасыг бүртгэх, бүртгэлээс хасах нь Үнэт цаасны зах зээлийн тухай хуулиар зохицуулагддаг. Компанийн хэлбэрээ өөрчлөх нь компанийн эрх мэдлийн асуудал, үнэт цаас бүртгэлээс хасах нь төрийн байгууллагын чиг үүрэг гэдгийг шүүх ойлгоогүй. 2018 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр, материалаа Компанийн тухай хуулийн 18.6-д заасан хугацаанд СЗХ болон үнэт цаасны арилжаа эрхлэх байгууллагад хүргүүлж, компанийн нийтэд санал болгон гаргасан үнэт цаасыг бүртгэлээс хасч өгөхийг хүссэн. Нийтэд санал болгон гаргасан үнэт цаасыг бүртгэлээс хасахдаа үнэт цаасны зах зээлд оролцогчдын үйл ажиллагааг зохицуулах, хяналт тавих, хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулдаг Үнэт цаасны зах зээлийн тухай хууль, дээрх хуульд нийцүүлэн СЗХны 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 408 дугаар тогтоолоор баталсан "Үнэт цаасны бүртгэлийн журам", "Монголын хөрөнгийн бирж" ТӨХК-ийн ТУЗ-ийн 2018 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 2018/01 тоот тогтоолоор баталсан "Үнэт цаасны бүртгэлийн журам"-ыг тус тус баримталдаг. Компани хууль, эрх бүхий байгууллагаас баталсан журмыг дагаж мөрдөнө.

Компани хувьцаа эзэмшигчийн төвлөрсөн хадгаламжийн байгууллага дахь дансыг мэдэх боломжгүй учраас компанид хувьцаа эзэмшигчээр үлдэх хүсэлт ирүүлснээс бусад хувьцаа эзэмшигчийн хувьцаанд ногдох мөнгөн хөрөнгийг тухайн хувьцаа эзэмшигчийн үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн байгууллага дахь дансанд шилжүүлүүлэхийн тулд Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвтэй зуучлалын гэрээ байгуулдаг. Компанийн хэлбэрийг өөрчлөөд шинээр зохион байгуулагдсан ХХК-д хувьцаа эзэмшигчээр үлдэх хүсэлт ирүүлсэн 8 хувьцаа эзэмшигчийн эзэмшилд 251 413 ширхэг хувьцаа байсан ба компанийн нийт гаргасан 311 827 ширхэг хувьцаанаас үлдэх 60 459 ширхэг хувьцааг тухайн цаг үед 621 хувьцаа эзэмшигч эзэмшиж байгаа төвлөрсөн хадгаламжийн төвөөс гаргасан жагсаалтыг үндэслэн хувьцаанд ногдох 15 054 291 төгрөгийг тус төвийн дансанд шилжүүлсэн. Хувьцаагаа эргүүлэн худалдахыг шаардаагүй, мөн компанид хувьцаа эзэмшигчээр үлдэх хүсэлт гаргаагүй дээрх 621 хувьцаа эзэмшигч дотор компанийн хэлбэрийг өөрчилсөний дараа хууль зөрчин хувьцаа худалдан авсан Ж.Эорсныг мэдэх боломжгүй. Нийт үлдэж байгаа хувьцааны тоогоор ногдол хувийн мөнгөний тооцоо хийж байгаа учраас 270 ширхэг хувьцаанд ногдох ногдол хувийн мөнгө мөн тооцогдоно. Ж.Энэр дээр сүүлд худалдан авсан 270 ширхэг хувьцааны ногдол хувийн мөнгө болох 67 230 төгрөг Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвөөс Ж.Эдансанд шилжсэн ба уг данснаас А.Ж мөнгө хүссэн өргөдөл Би Ди Сек ҮЦК-д гаргаж 2020 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр мөнгөө авсан гэдэг нь хувьцаагаа компанид эргүүлэн худалдсан, процесс явагдаад дуусчихсан. СЗХны 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн "Үнэт цаасыг нийтэд санал болгохыг зөвшөөрсөн үнэт цаасны бүртгэлээс хасах тухай" 397 тоот тогтоолын 3 дахь заалтад "хувьцаа эзэмшигч түүнд ногдох ногдол хувийн мөнгөн хөрөнгийг авалгүйгээр хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хувьцаа эзэмшигчээр үлдэх хүсэлтийг хэдийд ч гаргаж болохыг дурдсугай” гэж заасан нь хувьцаа эзэмшигч хувьцаандаа ногдох ногдол хувийн мөнгөө авалгүйгээр ХХК-д үлдэх хүсэлт гаргах тухай болохоос, мөнгөө аваад үлдэх талаар заагаагүй. Уг асуудлыг Иргэний хэрэг шүүхэд хянэн шийдвэрлэх тухай хуулийн 65.1.3-т заасны дагуу шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэсэн. Гэтэл А.Ж2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр шүүхэд гаргасан нэрлэсэн үнээрээ 27 000 төгрөгийн үнэтэй 270 ширхэг хувьцаа хөрвөх, эсэх асуудлыг иргэний маргаан болгох гэж 365 хоног болгон Компанийн тухай хуулийн 24.2 дах хэсгийг зөрчсөн шийдвэр гаргаснаас гадна шүүх ажиллагааны явцад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71.1, 71.2, 117.1 дэх заалтууд ноцтой зөрчигдсөн гэж үзэж байна. Компанийн тухай хуулийн 32 дугаар зүйлд зааснаар компанийн гаргасан энгийн хувьцаа нь бүгд нэрлэсэн нэг үнэтэй, нэг бүр нь тэгш саналын нэг эрхтэй. Хувьцаанд ногдох ногдол хувийн мөнгөө авчихсан Ж.Э270 ширхэг хувьцааг ХХК-д хөрвөнө гэж шүүх шийдвэр гаргаснаар БН ХК-ийн нийт гаргасан 311 872 ширхэг хувьцаанаас Ж.Эсүүлд хуульд зөрчин худалдаж авсан 270 ширхэг хувьцаа нэг бүрийг саналын хоёр эрхтэй болгож Компанийн тухай хуулийн 32 дугаар зүйлий зөрчсөн. Ж.Э7-613612 тоот данс руу төвлөрсөн хадгаламжийн төвөөс БН ХК-ийн ногдол хувь гэж нэрээрээ 67 230 төгрөг шилжсэнийг нотлох харилцагчийн дансны дэлгэрэнгүй хуулга, А.Ж данснаас мөнгө авах өргөдөл гаргаж гарын үсгээ зурсан баримтууд хэрэг нотлох баримтаар авагдсан байхад “Бидисек ҮЦК”-аар дамжуулж хувьцааны ноогдол мөнгө авахдаа "өргөдөлд өөрөө гарын үсэг зурсан эсэх", "авсан мөнгөний дүн яагад 67 230 биш 66 887 байгаа", "үнэт цаас бүртгэлээс хасах ажиллагаа яагаад удсан", "яагаад нэмж материал бүрдүүлэх болсон" зэрэг нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй, компанийн мэдэх үүрэггүй, төрийн байгууллагын чиг үүргийн асуудлыг тойруулан асуулт тавьж, зөвхөн "тийм" эсвэл "үгүй" гэсэн хариулт шаардаж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны мэтгэлцэх шийдвэрээ урьдаас төлөвлөж, түүндээ тааруулсан асуулт тавьж байна гэдэг нь ойлгогдож байсан.

Оролцогчийн зүгээс ямар нэгэн нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй, харин нэхэмжлэгчийн зүгээс 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн шүүх хуралдаан дээр "би ногдол хувийн мөнгө гэж ойлгоогүйгээр мөнгө хүсэх өргөдөлд гарын үсэг зурсан. БҮЦК-ийн буруутай үйл ажиллагаанаас болсон тул гарын үсэг зуруулсан ажилтанг гэрчээр оролцуулмаар байна" гэж санал хэлэхэд шүүх хурлыг шалтгаангүйгээр, бас тодорхой хугацаагүйгээр хойшлуулсан. 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн шүүх хуралдаан дээр шүүгчийн зүгээс нэхэмжлэгчээс БҮЦК-д ямар нэхэмжлэлийн шаардлагаа гаргаж байгаагаа тодорхой хэлэхийг шаардахад нэхэмжлэгчид ямар нэгэн шаардлага байхгүй учир БҮЦК-ийг хариуцагчаас чөлөөлж шийдвэрлэсэн нь урьдаас төлөвлөсөн шийдвэрээ баталгаажуулахын тулд хийсэн үйлдэл гэж ойлгогдсон. БН ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2018 оын 4 дүгээр сарын 22-ны өдрийн хурлаар компанийн хэлбэрийг өөрчилж ХХК болгосноор хувьцаа эзэмшигчийн шаардлага гаргах эрх үүсэх бөгөөд түүнээс хойш даруй 3 жил 5 сар өнгөрсөн, харин Иргэний хуулийн 75.2.3-д зааснаар гүйцэтгэх үүрэгтэй холбогдон шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байдагийг шүүх харгалзаж үзээгүй. БН ХК хэлбэрээ өөрчлөөд ХХК болчихсон байхад Ж.Эаав үнэт цаасны компанид ажилладаг давуу байдлаа ашиглан хууль зөрчин худалдан авсан 270 ширхэг хувьцааг БН ХХК-д бүртгэж авахыг даалгаж, үүрэг гүйцэтгүүлэх гэж байгаа бол Иргэний хуулийн хөөн хэлэцэх хугацааг мөн харгалзан үзэх ёстой гэж үзэж байна. Шийдвэрийн тодорхойлох хэсэгт компанийн хэлбэрийг олон удаа ХК гэж бичих газар ХХК гэж бичин зориуд төөрөгдүүлж, хариуцагчийн бичгээр өгсөн тайлбарыг хураангуйлж бичихдээ өгүүлбэрийн утга агуулгыг алдагдуулж, хүнд ойлгогдохгүй, илтэд санаатай техникийн алдаанууд маш ихээр гаргаж шүүхийн шийдвэрийг уншаад ойлгогдохооргүй болгосоныг дурьдах нь зүйтэй. Шүүхийн шийдвэрийг засах боломжгүй гэсэн тул алдаатай хэвээр нь хүлээн авсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй.

Шүүх Б ҮЦК ХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй, хэргийн үйл баримт бүрэн тогтоогдоогүй, хэрэгт ач холбогдолтой нотлох баримтууд хуульд заасан шаардлага хангаагүй байхад хэргийг шийдвэрлэсэн байна.

Ж.Эхууль ёсны төлөөлөгч А.Ж хариуцагч БН ХХК, Б ҮЦК ХК-д холбогдуулан БН ХХК-ийн 270 ширхэг хувьцаа эзэмшигчээр Ж.Эбүртгэхийг даалгах нэхэмжлэл гаргаж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “ ... БН ХК-ийн 270 ширхэг хувьцааг хөрөнгийн бирж дээрээс 110 781.50 төгрөгөөр худалдан авсан. Гэтэл БН ХКнь хязгаарлагдмал хариуцлагатай хувьцаат компани болж хэлбэрээ өөрчлөхдөө Ж.ЭАКГ ҮЦХ ХХК-д нээлгэсэн дансан дахь 270 ширхэг хувьцааг хууль бусаар авсан. А.Жхувьцааны ногдол ашгийн мөнгийг үнэт цаасны компаниар дамжуулан авах хүсэлтэд зурсан гарын үсгийг ашиглаж Б ҮЦК ХК-д нээлгэсэн дансанд 67 230 төгрөг шилжүүлсэн. Б ҮЦК ХК-д зөвхөн ногдол ашиг авна гэж гарын үсэг зурсан. Гэтэл ногдол ашиг биш ногдол хувийн мөнгө орж ирсэн, хүсэлтийг гаргаагүй ... ” гэж тайлбарласан.

Талууд БН ХК-ийг хэлбэрээ өөрчлөн “ХХК” болж, хувьцаагаа үнэт цаасны бүртгэлээс хасуулах хүсэлт гаргасны дараа хувьцаа худалдан авсан нь хуулийн үндэслэлтэй эсэх, хувьцаа эзэмшигчээс хувьцаагаа худалдах хүсэл зоригоо илэрхийлсэн хэлцэл хийсэн эсэх, хэрэв хэлцэл хийсэн бол уг хэлцэл хүчин төгөлдөр эсэх, жижиг хувьцаа эзэмшигч болох Ж.Эзүгээс хувьцааны үнийг гаргуулах буюу хувьцаагаа буцаан худалдах хүсэлт гаргасан эсэх асуудлаар маргаж байна.

          Нэхэмжлэгч “хувьцааны ногдол ашиг авах баримтад гарын үсэг зурсан байхад ногдол хувийн мөнгийг шилжүүлсэн” гэж тайлбарладаг тул хувьцаа эзэмшигч нь Б ҮЦК ХК-д хувьцааг тухайн үеийн ханшаар тооцож үнийг гаргуулах, эсхүл ногдол ашиг төлүүлэхийг хүссэн эсэхийг тодруулах шаардлагатай.

 Хэргийн 1 дүгээр хавтасны 14 дэх тал дах А.Жгарын үсэгтэй “Төвлөрсөн хадгаламжийн данснаас мөнгө хүссэн өргөдөл” гэх баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дах хэсэгт зааснаар бичгийн нотлох баримтууд эхээрээ байх боломжгүй тохиолдолд нотариатаар гэрчлүүлсэн байх шаардлагыг хангаагүй байна. Иймд уг хэлцлийн дагуу илэрхийлэгдсэн хүсэл зориг, хэлцлийн хүчин төгөлдөр байдлын талаар дүгнэлт хийх боломжгүй. Түүнчлэн, уг зах зээлд хувьцаа буцаан худалдах хүсэл зориг илэрхийлэх буюу энэ талаар хүсэлт гаргах нийтлэг журам, бизнесийн заншил, эрх бүхий байгууллагаас тогтоосон загвар байгаа эсэхийг тодруулах шаардлагатай.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26  дугаар зүйлийн 26.3 дах хэсэгт зааснаар хариуцагч гэж нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэлд дурдсан этгээдийг хэлдэг. Гэтэл хариуцагч Б ҮЦК ХК-ийн нэхэмжлэгчийн ямар ашиг сонирхолд хохирол учруулсан, нэхэмжлэгчтэй ямар эрх зүйн харилцаа үүсгэсэн, эсхүл зөрчсөн гэж үзэх буюу үүрэг нь тодорхойгүй байхын зэрэгцээ нэхэмжлэгч тус компанийг хариуцагчаар татсан үндэслэл, нэхэмжлэлийн шаардлага нь ойлгомжгүй байна.

 

Хариуцагч БН ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “ ... компанийн хувьцаа эзэмшигчдийн 2018 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хурлаас компанийн хэлбэрийг өөрчилж, хувьцаат компани болгох шийдвэр гаргасан тул нийтэд санал болгосон компанийн хувьцааг бүртгэлээс хасах хүсэлтийг СЗХ, Монголын хөрөнгийн биржид хүргүүлснээс хойш 40 хоногийн дараа Ж.Эаав үнэт цаасны компанид ажилладаг давуу байдлаа ашиглан хууль зөрчин 270 ширхэг хувьцаа худалдан авсан .., ” гэж тайлбарлажээ.

“БН” ХК хэлбэрээ өөрчилж хязгаарлагдмал хариуцлагатай компани болох шийдвэр гаргасны дараа Монголын хөрөнгийн биржид хувьцаагаа үнэт цаасны бүртгэлээс хасуулах тухай хүсэлт гаргасан ба тэрээр уг хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн, хувьцаа худалдах ажиллагааг хэдийд зогсоосон, нэхэмжлэгч 270 ширхэг хувьцаа худалдан авах үед тус компанийн хувьцаа хөрөнгийн зах зээл дээр нээлттэй арилжаалагдаж байсан эсэх, уг арилжаа явуулахад мэргэжлийн оролцогчийн зүгээс дотоод мэдээллийг урвуулан ашиглах зэргээр хууль зөрчсөн эсэхийг тодруулах нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой. /1хх53-65, 67/

Учир нь нэхэмжлэгч А.Ж тухайн цаг хугацаанд АКГ ҮЦК ХХК-д брокероор ажилладаг байсан гэж тайлбарласан бөгөөд хувьцаа худалдан авсан нөхцөл байдлын талаар хариуцагч БН ХХК-ийн хариу татгалзалд энэ талаар дурьдсан байна. Энэхүү нөхцөл байдал нь 270 ширхэг хувьцааг худалдан авсан хэлцлийн хүчин төгөлдөр байдалд нөлөөлөх эсэх мэргэжлийн оролцогч этгээдүүдийн үнэт цаасны зах зээлийн арилжаанд оролцоход баримтлах мэргэжлийн ёс зүйн дүрэмд нийцэх эсэхийг тодруулж дүгнэлт өгөх шаардлагатай. 

Шүүгчийн захирамжаар “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХК-аас А.Жтөвлөрсөн хадгаламжийн данснаас мөнгө хүссэн өргөдөл гэх баримтыг хэрэгт ирүүлсэн байх боловч “хуулбар үнэн” тэмдэг дарагдсан байхаас гадна баримтын огноо гаргацгүй байна. Мөн маргаанд ач холбогдолтой байж болох хэргийн 2 дугаар хавтасны 5-6 дугаар тал дах харилцагч төвлөрсөн хадгаламжинд данс нээлгэх гэрээ, иргэн төвлөрсөн хадгаламжинд данс нээлгэх гэрээ гэх баримтууд “хуулбар үнэн” тэмдэг дарагдсан, огноо гаргацгүй тул нотлох баримтаар үнэлэх боломжгүй. Энэ тохиолдолд шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дах хэсэгт заасан нотлох баримтыг эхээр нь гаргуулан авах ажиллагааг хийх боломжтой байсан.

Дээр дурьдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаав. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ: 

  1. Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 104/ШШ2021/00300 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар хариуцагч БН ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.     

                                 

 

                                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Ж.ОЮУНТУНГАЛАГ  

                                              ШҮҮГЧИД                                Д.ЦОГТСАЙХАН                                                                                                   

                                                                                              А.МӨНХЗУЛ