| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганхуягын Батзаяа |
| Хэргийн индекс | 303/2025/00520/И |
| Дугаар | 303/ШШ2025/00590 |
| Огноо | 2025-08-13 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 08 сарын 13 өдөр
Дугаар 303/ШШ2025/00590
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Хүсэлт гаргагч:******* хүсэлттэй,
Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2025 оны 6 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч ******* нь ажиллаж байсан байдал тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Хүсэлт гаргагч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.Үүнд:
Миний бие 1965 онд Баянхонгор аймгийн Эрдэнэцогт суманд төрсөн. Одоо 60 нас хүрч өндөр настны тэтгэвэрт орно. Миний хөдөлмөрийн дэвтрийг 1985 онд нээсэн атлаа 1983 оны 5 дугаар сараас бичигдсэн зөрчилтэй, мөн 1992 оноос 1995 онд Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Зандан ширээ ББХХ-д мужаанаар ажилласан материалыг архиваас шүүлгэхэд зөвхөн 1992 онд ажилласан цалин гарсан. Иймд 1983 оны 6 дугаар сарын 03-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Батзам нэгдлийн туслах үйлдвэрт мужаанаар, 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Зандан ширээ ББХХ-д мужаанаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
2. Хүсэлт гаргагчаас иргэний үнэмлэхийн хуулбар, Баянхонгор аймгийн архивын тасгийн 2025 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 533 болон 2025 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 620 дугаартай лавлагаанууд, Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Батзам нэгдлийн даргын 1988 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 15 дугаар тушаал, түүний хавсралт, зөвлөмжийн хуудас, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, шүүхэд төлөөлөх итгэмжлэл зэрэг нотлох баримтуудыг гаргаж өгсөн.
1.4. Шүүхээс Шүүхээс Баянхонгор аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 13/657 дугаар албан бичиг, хүсэлт гаргагч, гэрч *******, ******* нарын мэдүүлгийг авч баримтыг нотлох баримтаар гаргуулсан болно.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.
2. Хүсэлт гаргагч ******* 1983 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Батзам нэгдлийн туслах үйлдвэрт мужаанаар ажиллаж байсан байдлыг тогтоож, түүний 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Зандан ширээ ББХХ-д мужаанаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн болон бодит үндэслэлтэй гэж үзэв.
3. Учир нь: Хүсэлт гаргагч ******* нь 1983 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Батзам нэгдлийн туслах үйлдвэрт мужаанаар ажиллаж байсан болох нь түүний 1983, 1984, 1985, 1991, 1986-1990 онуудад авч байсан цалинг түүвэрлэсэн Баянхонгор аймгийн архивын тасгийн 2025 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 533 болон 2025 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 620 дугаартай лавлагаанууд, ажилд томилох тухай Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Батзам нэгдлийн даргын 1988 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 15 дугаар тушаал, түүний хавсралт, 1983-1991 онуудад хамт ажиллаж байсан талаар мэдүүлсэн гэрч *******, ******* нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.
4. Мөн хүсэлт гаргагч ******* талаар 1987 оны 02 дугаар сарын 10-ны өдөр олгосон Хүн амын регистрийн картын маягтын 101 дүгээр бүртгэлд: *******, ажилладаг байгууллага-Батзам зам нэгдэл, цех, тасаг-барилгын бригад, эрхэлдэг ажил-барилгачин, эрхэлж эхэлсэн он-1985 он, оршдог сум- Эрдэнэцогт сум гэж тэмдэглэжээ.
5. Харин хүсэлт гаргагч *******ы 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Зандан ширээ ББХХ-д мужаанаар ажиллаж байсан талаарх баримт хэрэгт авагдаагүй, архиваас цалин, нотлох баримт гараагүй, гэрч нарын мэдүүлгийг нотлох бичгийн нотлох баримт хэрэгт авагдаагүй байх тул тус хугацааг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
6. Иймд хүсэлт гаргагч ******* 1983 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Батзам нэгдлийн туслах үйлдвэрт мужаанаар ажиллаж байсан байдлыг тогтоож, түүний 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Зандан ширээ ББХХ-д мужаанаар ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч ******* улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагч *******1983 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Батзам нэгдлийн туслах үйлдвэрт мужаанаар ажиллаж байсан байдлыг тогтоож, түүний 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Зандан ширээ ББХХ-д мужаанаар ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлтийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагч ******* улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАТЗАЯА