Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 2024/ДШМ/738

 

  2024           06            26                                          2024/ДШМ/738

 

Д.Т-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Д.Мөнхөө, шүүгч М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Баярмаа,

шүүгдэгч Д.Т, түүний өмгөөлөгч Ш.Бадмаараг,   

нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дуламсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 2024/ШЦТ/292 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Т, түүний өмгөөлөгч Ш.Бадмаараг  нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Д.Т-д холбогдох 2309 02722 2655 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.      

Б овгийн Д-н Т, .... оны .. дүгээр сарын ..-ны өдөр ..... төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ............ тоотод оршин суух, /РД: .........../,

Улаанбаатар хотын шүүхийн 1993 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 39 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 төгрөгийн хөрөнгө хурааж, 5 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн;  

Шүүгдэгч Д.Т нь 1995 оны Байгалийн ургамлын тухай хуулийн хавсралтын нэн ховор ургамлын жагсаалтад багтсан хонин арцыг зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор худалдан авч, 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Шарга морьтын зуслангийн ойролцоо тээвэрлэсэн гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Д.Т-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Д.Т-г зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор нэн ховор ургамлыг худалдан авсан, тээвэрлэсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Т-г 4 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Т-д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд түүнийг өөрийн оршин суух газар буюу Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэж, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1, 57 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.Т-с 306.029.700 төгрөгийг гаргуулан Байгаль орчин, уур амьсгалын сангийн 100900013040 тоот дансанд оруулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.Т-с 750.000 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан буюу Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалаатай байгаа нийт 606.6 кг жинтэй, 33 ширхэг шуудай бүхий хонин арцыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Д.Т нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцон хорих ялаар солихыг анхааруулж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Д.Т давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч байна. Учир нь, би аав, ээж, дүү нарынхаа хойчийн буянд лам нараас бунхан суварга босгох нь маш их буянтай, буян болно гэхээр нь арцыг Улаанбаатар хотын худалдааны төвүүдээс мөнгөнийхөө боломжоор хэсэг хэсгээр нь худалдаж авсан. Уг арцыг хонин арц гэж мэдээгүй, тэр байтугай ийм арцыг одоо л мэдэж авч байна. Уг бунханд хэрэглэх цай, шар тос, будаа, давс, гурил болон арцаа дүүгийнхээ хашаанаас танилынхаа машинд ачиж авч явж байгаад цагдаад баригдаж, уг арцаа хураалгасан. Ингээд надад эрүүгийн хэрэг үүсгэж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж, улмаар холбогдох хэргийг шүүхэд шилжүүлж, шүүхээс намайг зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор нэн ховор ургамлыг худалдан авсан, тээвэрлэсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгүүлж, 306.029.700 төгрөгийг, мөн арц ачсан машины үнэлгээгээр тогтоосон 750.000 төгрөгийг надаар тус тус төлүүлэхээр шийдвэрлэсэн. Миний аав, ээж, дүү нарынхаа хойчийн буян болгох гэсэн бунхан босгоход хэрэглэх гэсэн арц нь байгалийн ургамал гэдэг нь 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 3461 дүгээр шинжээчийн дүгнэлтээр тогтоогдоогүй. Өөрөөр хэлбэл, байгалийн ургамал гэдэг нь тогтоогдоогүй учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар надад зорчих эрх хязгаарлах ял шийтгэл оногдуулах үндэслэлгүй гэж ойлгож байна. Иймд надад оногдуулсан ялыг хүчингүй болгож, надаар төлүүлэхээр гаргасан арцны үнэ 309.029.700 төгрөг, машины үнэ 750.000 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгож өгнө үү. Намайг анх лам ээжийг маань нас барахад суварга босго гэсэн, би болон манай дүү нар суварга босгох хөрөнгөгүй учир болоогүй. Харин аав, дүү нар маань ойр ойрхон нас барж, охин дүү маань харваж хэвтрийн болж байнга хүний асаргаанд байгаа учраас суварга босгох аргагүй байдалд хүрснийг ойлгохыг хүсэж байна. ... Би энэ гэмт хэргийг үйлдсэн. Гэхдээ би тухайн хонин арцыг бүгдийг нь худалдаж авсан. ...” гэв.

Шүүгдэгч Д.Т-н өмгөөлөгч Ш.Бадмаараг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 292 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Д.Т нь аав, ээж, дүү гурвынхаа хойчид зориулж, лам багшийн айлтгаснаар суварга босгоход хэрэглэгдэх арц худалдан авч, түүнийгээ машинд ачиж яваад цагдаад баригдахад түүнд эрүүгийн хэрэг үүсгэж, улмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулж, прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт бичиж, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүх Д.Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн дээрх зүйлд заасан гэм буруутай гэж үзэн, зорчих эрх хязгаарлах ял шийтгэл оногдуулж, түүнээс арцны үнэ 306.029.700 төгрөг, машины үнэ 750.000 төгрөгийг тус тус гаргуулахаар шийдвэрлэсэн. Харин Д.Т-н бунханд хийх гэж авсан арц нь 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 3461 дүгээр шинжээчийн дүгнэлтээр байгалийн ургамал болох хонин арц уу эсхүл таримал ургамал болох хонин арц уу гэдэг нь тогтоогдоогүй болно. Иймд Д.Т-г байгалийн ургамлыг худалдан авсан, тээвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлгүй гэж ойлгож байгаа болно. Өөрөөр хэлбэл, Д.Т-н худалдан авсан арц нь байгалийн ургамал буюу хонин арц мөн гэдэг нь шинжээчийн дүгнэлт, гэрчийн мэдүүлэг, бусад нотлох баримтаар нотлогдсон тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг оногдуулах үндэслэл болно гэж түүний өмгөөлөгчийн хувьд ойлгож байна. Иймд Д.Т-д эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 292 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. Мөн байгалийн ургамал гэдгийг нотлох боломжгүй нь тогтоогдсон учраас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/603 дугаар тушаалаар Д.Т-с 306.027.700 төгрөгийг гаргуулах үндэслэлгүй болохыг анхаарна уу. ...” гэв.

Прокурор Г.Баярмаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан. Шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдолд дурдсан нөхцөл байдал нь хууль зүйн үндэслэлгүй болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон. Анхан шатны шүүх хуралдааныг 60 хоногийн хугацаагаар хойшлуулсан. Тухайн хонин арцыг таримал ургамал, эсхүл байгалийн ургамал эсэхийг тогтоох зорилгоор Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас хонин арцыг Монгол Улсад тарималжуулдаг талаар тодорхойлолт лавлагаа авч, холбогдох албан тушаалтнаас мэдүүлэг авсан. Мөн шинжээчээс мэдүүлэг авахад “хонин арц ургамал нь судалгаа, шинжилгээ, туршилтын шатанд явж байгаа” гэдэг. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянав.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, тодруулснаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хасч буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй байна.

Хавтас хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад, шүүгдэгч Д.Т нь 1995 оны Байгалийн ургамлын тухай хуулийн хавсралтын нэн ховор ургамлын жагсаалтад багтсан хонин арцыг зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор худалдан авч, 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Шарга морьтын зуслангийн ойролцоо тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Тэнгисийн “... Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нэн ховор ургамлыг зөвхөн судалгаа, шинжилгээний зориулалтаар тус тус ашиглаж болно гэж Байгалийн ургамлын тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан байдаг. Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад нэн ховор, ховор ургамлыг судалгаа, шинжилгээний зориулалтаар ашиглах зөвшөөрлийг Зөвшөөрлийн тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.4-т заасны дагуу төрийн захиргааны төв байгууллага олгоно. 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/603 дугаартай тушаалаар нэн ховор, ховор, зарим элбэг ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээг тооцохоор журамлаж өгсөн. Шинжилгээний дүгнэлтэд тусгагдсан экологи-эдийн засгийн хохирлын үнэлгээ, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлд заасны дагуу хохирлыг нэхэмжилж байна. ...” /хх 77-79/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 3461 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн ургамал нь Cupressaceae-Агарууны /арц/ овог, Juniperus L-арцны төрөл, Juniperus Sabina L-хонин арц болох нь тогтоогдож байна. Шинжилгээнд ирүүлсэн ургамал нь бүгд нэг төрөл зүйл болох нь тогтоогдов. 1995 оны Байгалийн ургамлын тухай хуулийн хавсралтын нэн ховор ургамлын жагсаалтад багтсан байна. Ургамлын түүж бэлтгэсэн хугацааг тодорхойлох боломжгүй. Шинжилгээнд ирүүлсэн Juniperus Sabina L-хонин арц нь уулын хээр заримдаг тагийн бүслүүрт асга, нураг, хад чулуутай хажуу, горхийн зах хотос хотгороор ургадаг сөөг хэлбэрийн ургамал юм. Ургамал-газарзүйн хувьд Хэнтий, Хангай, Монгол дагуур, Монгол Алтай, Дундад халх, Говь-Алтай, Их нууруудын, Олон нуурын тойрогт тархан ургадаг. Таримал эсвэл байгалийн зэрлэг ургамлын аль нь болохыг тодорхойлох боломжгүй. Шинжилгээнд ирүүлсэн ургамал нь 28.8%-ийн чийгтэй байх тул нойтон байна. ... Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/603 дугаар тушаалын хавсралтад тусгаснаар 1 кг нойтон хонин арц ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээ нь 100.900 төгрөг байна. Мөрдөгчийн тогтоолд дурдасны дагуу 606.6 кг ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээг тогтоовол 61.250.940 төгрөг байна. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49.4.3-т зааснаар “ургамлын аймагт учирсан хохирлыг тухайн ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэмцэх хэмжээгээр тооцно” гэсний дагуу тооцвол 306.029.700 төгрөг байна. ...” гэсэн 3461 дугаартай дүгнэлт /хх 105-108/,

тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн “...17-51 УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн ачааны хэсэгт ногоон өнгийн шуудайтай арц байх бөгөөд буулгаж тоолоход 33 ширхэг шуудай арц байв...” гэсэн тэмдэглэл, уг ажиллагааг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 4-5/,

эд зүйлд үзлэг хийсэн “...Шуудайтай эд зүйл хураасан байх бөгөөд ... эд зүйлийн тус бүрийн болон нийт жинг тооцож гаргах зорилгоор ... цахилгаан жин ашиглан үзэхэд нийт 606.6 кг жинтэй байсныг тус бүр гэрэл зургаар бэхжүүлэн авав...” гэсэн тэмдэглэл, уг ажиллагааг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 14-27/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 29-41/,

“Хөрөнгө Эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээ тогтоосон “...”Мицубуши миникаб” загварын автомашины үнэлгээний дүн 750.000 төгрөг...” гэх тайлан /хх 120-127/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүгдэгч Д.Т-г зохих зөвшөөрөлгүйгээр нэн ховор ургамлыг худалдан авсан, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Д.Т-н зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор нэн ховор ургамлыг худалдан авсан, тээвэрлэсэн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилснийг Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.

Түүнчлэн, анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, уг ялын хугацаанд түүнийг өөрийн оршин суух газар буюу Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэж шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй. 

Гэвч давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “...шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж ... болно.” гэж заасан эрх хэмжээний хүрээнд, шүүгдэгч Д.Т-н гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан, анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан 4 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын хэмжээг 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял болгон хөнгөрүүлэн өөрчлөх боломжтой гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.  

Шүүгдэгч Д.Т, түүний өмгөөлөгч Ш.Бадмаараг нараас “... Д.Т-н бунханд хийхээр авсан арц нь 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 3461 дүгээр шинжээчийн дүгнэлтээр байгалийн ургамал болох хонин арц эсхүл таримал ургамал болох хонин арц эсэх нь тогтоогдоогүй тул анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 292 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. Мөн байгалийн ургамал гэдгийг нотлох боломжгүй нь тогтоогдсон учраас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/603 дугаар тушаалаар Д.Т-с 306.027.700 төгрөгийг гаргуулах үндэслэлгүй болохыг анхаарч үзнэ үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлууд гаргажээ.

Эрүүгийн хуульд байгаль орчны эсрэг гэмт хэргийг хуульчилж, хор аюул их байдгийг харгалзан байгаль орчинд учруулсан хохирлын экологи-эдийн засгийн үнэлгээ гаргаж, гэм буруутай этгээдүүдээр нөхөн төлүүлэх талаар Байгаль орчныг хамгаалах тухай хуулиар зохицуулсан.

Шүүгдэгч Д.Т-с хураан авсан 606.6 кг хонин арц нь 1995 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр баталсан Байгалийн ургамлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн Ургамлын сан, түүний ангиллын 2 дахь хэсгийн 1-т заасан “Нэн ховор” ургамал болох Байгалийн ургамлын тухай хуулийн хавсралт “Нэн ховор ургамлын жагсаалт”-ын 8-д заасан Хонин арц-Juniperus Sabina болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Экологийн шинжилгээний газрын 3461 дүгээр шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд гэрч Г.Оюунгэрэлийн “... 2020-2024 оны байдлаар иргэнд буюу хувь хүнд хонин арцыг тарималжуулах зөвшөөрөл олгож  байгаагүй ...” /хх 216/, шинжээч Д.Амгаландэлгэрийн “... Үндэсний систем нь байхгүй, ишнээс нь тайрсан арц шинжилгээнд ирүүлсэн тул байгалийн зэрэглэг эсвэл таримал эсэхийг тодорхойлох боломжгүй. Монгол оронд арцыг тарималжуулах ажил нь туршилт судалгааны түвшинд байгаа. ...” /хх 223/ гэсэн мэдүүлгүүдээр хонин арц ургамлыг тарьж ургуулсан байх нөхцөл боломж одоогоор байхгүй болох нь нотлогдож байна.    

Иймд шүүгдэгч Д.Т-г зохих зөвшөөрөлгүйгээр нэн ховор ургамал болох хонин арц ургамлыг худалдан авч, тээвэрлэж байгаа үйлдлийг байгалийн ургамлыг хууль бусаар худалдан авч, тээвэрлэсэн гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ.

Үүнээс гадна, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 3-т “ургамлын аймагт учирсан хохирлыг тухайн ургамлын экологи–эдийн засгийн үнэлгээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтооно” гэж хуульчилжээ.

1995 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр баталсан Байгалийн ургамлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн Ургамлын сан, түүний ангиллын 2 дахь хэсгийн 1-т заасан “Нэн ховор” ургамал болох Байгалийн ургамлын тухай хуулийн хавсралт “Нэн ховор ургамлын жагсаалт”-ын 8 дугаарт Хонин арц-Juniperus Sabina-г нэн ховор ургамлын жагсаалтад хамруулсан бөгөөд энэхүү нэн ховор ургамлыг экологи эдийн засгийн үнэлгээгээр 1 кг-ийг нь 100.900 төгрөгөөр тогтоож, 100.900 төгрөгийг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр төлүүлэх талаар Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлд заасныг үндэслэн экологийн шинжилгээний газрын шинжээчийн дүгнэлт гарсан байх тул анхан шатны шүүх шүүгдэгч Д.Т-с ургамлын аймагт учруулсан хохирол болох нийт 306.029.700 төгрөгийг гаргуулан Байгаль орчны яамны харьяа Байгаль орчин, уур амьсгалын санд олгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий байна.  

Иймд шүүгдэгч Д.Т, түүний өмгөөлөгч Ш.Бадмаараг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

Харин анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтыг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 606.6 кг Хонин арц ургамлыг зохих журмын дагуу худалдан борлуулж, худалдан борлуулсан орлогыг улсын орлогод оруулахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар даалгаж, энэ талаарх зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 2024/ШЦТ/292 дугаар шийтгэх тогтоолын:

тогтоох хэсгийн 2 дахь заалтын “... шүүгдэгч Д.Т-г 4 /дөрөв/ жилийн хугацаагаар ...”  гэснийг “... шүүгдэгч Д.Т-г 2 /хоёр/ жилийн хугацаагаар ...” гэж,

тогтоох хэсгийн 6 дахь заалтыг “...Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 606.6 кг Хонин арц ургамлыг зохих журмын дагуу худалдан борлуулж, уг орлогыг улсын орлогод оруулахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар даалгасугай.” гэж тус тус өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Т, түүний өмгөөлөгч Ш.Бадмаараг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.  

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.         

 

                           ДАРГАЛАГЧ,

                          ШҮҮГЧ                                                          Т.ӨСӨХБАЯР

               ШҮҮГЧ                                                          Д.МӨНХӨӨ

                           ШҮҮГЧ                                                          М.АЛДАР