| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Будын Отгонсүрэн |
| Хэргийн индекс | 313/2025/00027/И |
| Дугаар | 313/ШШ2025/00392 |
| Огноо | 2025-07-07 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 07 сарын 07 өдөр
Дугаар 313/ШШ2025/00392
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонсүрэн даргалж, Ерөнхий шүүгч Р.Уранчимэг, шүүгч Б.Володя нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ******* овогт *******ийн ******* /РД: *******/, Өмнөговь аймаг, Ханхонгор сум, 1-р баг, Мандах
Хариуцагч: ******* овогт *******ийн ******* /РД: *******/, Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 6-р баг,
Гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан гэм хорын хохирол 15 173 400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн хянаад
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Баттүвшин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Мандах багийн нутаг дэвсгэр Дэрсэн худаг гэх газар өөрийн найз болох Г.*******т зодуулсны улмаас миний биед хүндэвтэр гэмтэл учирсан. Улмаар Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 2024/ШЦТ/159 дугаартай шийтгэх тогтоолоор Г.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулж шийдвэрлэсэн бөгөөд тус шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 1.1-т зааснаар хуулийн хүчин төгөлдөр болсон. Тус шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6-д Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч, иргэний нэхэмжлэгч С.******* намайг цаашид гарах эмчилгээтэй холбоотой зардал болон сэтгэцэд учирсан хор уршгийн талаарх нэхэмжлэлээ бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэсэн тул иргэний журмаар өөрийн сэтгэцэд учирсан гэм хорын хохирлыг гэм буруутай этгээдээс гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна.
Г.******* нь хууль бусаар, санаатайгаар 2018 онд миний адууг услаагүй гэх үл ялих шалтгаанаар намайг зодож миний биед зүүн хацар, эрүү, хамар ясны далд хугарал, эрүүний арьсан доорх цусан хураа, хоёр талын дээд зовхинд, зүүн доод зовхинд цус хуралт, зүүн нүдний алиманд цус харвалт, зүүн хөмсөг, хамрын үзүүрт язарсан шарх, доод уруулд зөөлийн эдийн няцрал, баруун бугуйд шарх, цус хуралт, зүүн доод үүдэн 1-р шүдний булгаралт гэмтэл учирсан. Миний биед учирсан эрүүний ясны хугарал эдгээгүй байнгын өвдөлттэй, хатуу, бүхэл зүйлс идэж чадахгүй хэвээр байгаа бөгөөд толгойн ар дагз хэсэгт байнгын өвдөж байгаа тул байнгын даралт буулгах болон өвчин намдаах эм хэрэглэж байгаа. Мөн бугуйн гэмтлийн улмаас миний гар ямар ч тамиргүй, хөдөлмөр хийх боломжгүй болсон. Мөн С.******* би Ханхонгор сумын Мандах багт мал маллан амьдардаг малчин бөгөөд миний эхнэр Г.******* нь Даланзадгад суманд Даланзадгадын -т машинчаар болон ажлын хажуугаар үсчний газарт үс угаагчаар ажилладаг. Миний биед учирсан гэмтлийг эмчлүүлэхийн тулд би малаа маллаж чадаагүй тул миний эхнэр Г.******* нь хөдөө малаа маллан үндсэн болон ажлын бус цагаар хийдэг ажлаа орхигдуулахад хүрсэн тул цалингийн зээлээ төлөхөд хүндрэл учирсан юм. Г.******* бид багын найзууд бөгөөд, дотны найздаа үл ялих шалтгаанаар зодуулж олон тооны гэмтэл авч, санхүү болон сэтгэл санааны хохирол учирсан тул түүнд гомдолтой байна. Уг гэмт хэрэг гарахад хохирогч болох миний зүгээс гэм буруутай байдал байхгүй бөгөөд түүний биед би халдан довтолж гэмтэл учруулаагүй.
Иймд Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 25 дугаар тогтоолоор батлагдсан Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал-ын гуравдугаар зэрэглэлийн дагуу сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд 15 173 400 төгрөгийг хариуцагч Г.*******аас гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч С.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц. нар 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээндээ:
Нэг талаас нэхэмжлэгч С.*******, нөгөө талаас хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц. бид хэн нэгний шахалт дарамтгүйгээр өөрсдийн сайн дурын үндсэн дээр хуульд заасан эрхийнхээ хүрээнд доорхи нөхцөлтэйгээр эвлэрэн хэлэлцэв.
Нэг: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц. би нэхэмжлэгч С.*******ын тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас зарим шаардлагыг хүлээн зөвшөөрч эвлэрэн хэлэлцлээ.
Нэхэмжлэлийн шаардлагаас:
1. Сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд 15 173 400 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас 13 432 956 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүйгээ илэрхийлсэн ба үүнийг нэхэмжлэгч С.******* хүлээн зөвшөөрч нэхэмжлэлийн шаардлагаасаа 13 432 956 төгрөг хариуцагчаас гаргуулахаас татгалзаж үлдэгдэл 1 741 344 төгрөгийг төлөхөө илэрхийллээ.
Хоёр: Нэхэмжлэгч С.******* би хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.гийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд 1 741 344 төгрөгийг төлөхийг илэрхийлсэнг хүлээн зөвшөөрч бид эвлэрэн хэлэлцлээ
Нэхэмжлэгч миний хувьд шүүхэд сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд 15 173 400 төгрөгийг хариуцагч Г.*******аас гаргуулахаар нэхэмжлэл гаргасанаас 13 432 956 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна.
Гурав: Нэхэмжлэгч болон хариуцагч бид нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан гарах улсын тэмдэгтийн хураамжийг холбогдох хуулийн дагуу шийдвэрлүүлнэ.
Дөрөв: Иргэний хэргийн оролцогч 2 тал бид өөр хоорондоо эвлэрэн хэлэлцэж хэргийг шийдвэрлүүлж байгаа ба цаашид гарах хууль зүйн үр дагаварын талаар ухамсарлан ойлгосон болно гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шинээр гаргаж өгөх нотлох баримт, хүсэлт байхгүй. Гэхдээ зохигчдын хооронд эвлэрлийн гэрээ байгуулагдсан. Хариуцагч талаас эвлэрсэн хэмжээ буюу 1 742 000 төгрөгийг нэхэмжлэгчид шүүх хуралдааны өмнө төлсөн. Эвлэрлийн гэрээ болон мөнгө хүлээн авсан баримтыг шүүхэд гаргаж байна гээд, эвлэрлийн гэрээг уншиж танилцуулаад, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгөөч гэсэн хүсэлттэй байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсний үр дагавар болон дахин энэ талаар нэхэмжлэл гаргах эрхээ алдаж байгаа талаар үйлчлүүлэгчдээ тайлбарлаж, танилцуулсан гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид эвлэрлийн гэрээг харилцан тохиролцоод 1 741 344 төгрөг дээр эвлэрч, бэлэн мөнгөөр нэхэмжлэгчид 1 742 000 төгрөгийг хүлээлгэж өгөөд баримтаа шүүхэд гаргаж байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.******* нь Г.*******т холбогдуулан гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан гэм хорын хохирол 15 173 400 төгрөг гаргуулахыг шаарджээ.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч С.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц. нар нь дараах байдлаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулжээ. Үүнд:
Нэхэмжлэгч С.******* нь хариуцагч Г.*******аас 15 173 400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас 13 432 956 төгрөгийг гаргуулахаас татгалзаж, хариуцагч Г.******* нь үлдэх 1 741 344 төгрөгийг нэхэмжлэгч С.*******ад төлж барагдуулсан байна.
Иймд зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4 дэх хэсэгт Зохигч эвлэрэхдээ шүүхийн зардлыг өөрөөр хуваарилахаар тохиролцоогүй бол шүүх энэ зүйлд заасан журмаар шийдвэрлэнэ гэж заажээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7 дахь хэсэгт гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг арилгуулахаар гаргасан нэхэмжлэл-ийг тэмдэгтийн хураамжаас чөлөөлнө гэж зааснаар нэхэмжлэгч С.******* улсын тэмдэгтийн хураамж 233 817 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Г.*******аас улсын тэмдэгтийн хураамж 21 406 төгрөгийг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулахаар шийдвэрлэв.
Хариуцагч Г.******* нь Өмнөговь аймгийн тойргийн нотариатчийн 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 01/67 дугаартай итгэмжлэлээр ...Ц.д хариуцагч талыг төлөөлөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан бүх эрхийг эдэлж, үүргийг хүлээх бүрэн эрхийг төлөөлөгчид олгож байна гэсэн байх тул Ц. нь хариуцагчийг төлөөлөх эрхтэй этгээд гэж үзэв.
2025 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Нэхэмжлэгч С.*******ад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.гаас гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд бэлнээр 1 741 344 төгрөгийг бэлнээр хүлээлгэн өгөв. Дэвсгэртээр: 20 000x87=1 740 000 төгрөг, 1 000x2=2000 төгрөг нийт 1 742 000 төгрөг. Хүлээн авсан: С.*******, Хүлээлгэн өгсөн: Ц. гэснийг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4, 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нэхэмжлэгч С.******* нь сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд 15 173 400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас 13 432 956 төгрөгийг гаргуулахаас татгалзаж, хариуцагч Г.******* нь 1 742 000 төгрөгийг нэхэмжлэгч С.*******ад төлж барагдуулсан зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.******* нь 1 742 000 төгрөгийг нэхэмжлэгч С.*******ад төлж биелүүлсэн болохыг баталсугай.
3. Нэхэмжлэгч С.******* нь хариуцагч Г.*******аас 13 432 956 төгрөгийг гаргуулахаас татгалзсан болохыг дурдсугай.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.******* нь улсын тэмдэгтийн хураамж 233 817 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Г.*******аас улсын тэмдэгтийн хураамж 21 406 төгрөгийг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэ рлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНСҮРЭН
ШҮҮГЧ Р.УРАНЧИМЭГ
ШҮҮГЧ Б.ВОЛОДЯ