Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 29

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Г.Сарантуяа даргалж,

нарийн бичгийн дарга Б.Ариунбаяр,

улсын яллагч Э.Гантулга  ,

шүүгдэгч *******,

шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Даваахүү нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар, 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын Прокуророос  Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан гэмт хэрэгт  яллах дүгнэлт үйлдэж  ирүүлсэн Тарга овогт *******д /МК00000000/  холбогдох эрүүгийн 173300013  тоот хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 Монгол улсын иргэн, 0000 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Сэлэнгэ аймгийн Орхонтуул суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 5 ээж, 3 дүүгийн хамт Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Дөхөм хороолол 2-1 тоотод оршин суух хаягтай,  Тарга овогт ******* /МК00000000/

Үйлдсэн хэргийн талаар:

            Шүүгдэгч ******* нь 2017 оны 07 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын 1-р багт байрлах “Гэгээ” нэртэй /үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр/ бааранд хууль бусаар нэвтэрч “Болор” нэртэй архи 2 ширхэг “Вива” нэртэй архи 1 ширхэг, “Боргио” нэртэй пиво, ундаа, самар зэрэг эд зүйлс хулгайлж хохирогч Ц.Болормаад нийт 253.000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 2.1-д заасан гэмт хэрэгт   холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

            ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх  талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч *******гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдөр манай найзын төрсөн өдөр болсон. Орой нь Сэлэнгэмөрөн, Уртнасан бид гурав уулзсан. Баянмөнх машинтай ирсэн. Нааш ир гээд дуудсан. Би очсон. Манай хоёр найз яваад өгсөн. Баянмөнх бид хоёр бааранд очсон. Би яах гэж байгаа юм бэ? гэж асуутал шууд цонхыг нь хагалсан. Чи орчих гэж намайг хэлсэн. Би цонхоор нь орсон. Цаад талд нь хаалга байсан. Хаалга нь онгорхой байсан. Би болъё гэж бодоод хаалгыг нь цоожтой байна гэж хэлсэн. Тэгтэл Баянмөнх тойрч очоод цаад талын цонхыг нь дахиад хагалчихсан. Цаанаас Баянмөнх надад архи, пиво, лаазтай самар өгсөн. Тэдгээр авсан зүйлийг найзынхаа байшингийн дээвэр дээр нуусан. Маргааш орой нь сургуулийн хойно явж байгаад Мөнхжаргал, Түвшинбат хоёртой таарсан. Нэг шил Вива архи, хоёр шил боргио уугаад салсан. Дахиад юм үлдсэн юм уу? гэж асуутал дууссан гэж хэлсэн. Тэгээд тарцгаасан. Би харьсан. Тэр гурав хаашаа явсан гэдгийг нь би мэдэхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна  гэсэн мэдүүлэг,

Эрүүгийн 173300013  тоот хэргээс:

2. Хохирогч *******ийн  мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:“ Би 23 цаг 30 минутын үед баарнаас гарахад пиво зээлчих гээд байсан залуучууд машиныхаа хаалгыг онгойлгочихсон дотроо бараг чихчихсэн сууцгааж байсан. Тэр үед би машиныхаа хаалгыг хаачих гэж хэлээд өөрийнхөө машиныг унаад явсан. Би шууд гэрлүүгээ харьж амарчихаад маргааш нь ажилдаа яваад ажил дээр байж байгаад хоол идэх гээд гэрлүүгээ явах замд “Гэгээ” баараар дайрсан чинь цонх нь хагарсан байсан. Тэгээд цагдаад мэдэгдсэн. Дэлгүүрийн баруун зүүн талын цонх хагарсан байсан.Өчигдөр бол бүрэн бүтэн байсан... Манай баарнаас Боргио нэртэй 6 ширхэг том пиво, О.75 литрийн 2 ширхэг Болор архи, 2 ширхэг лаазтай самар, 0.75 литрийн Вива нэртэй 1 шил архи, 1 том кола, 1 ширхэг гоё ундаа алдагдсан” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 19-р хуудас/

3.Гэрч Г.Баянмөнхийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:“2017 оны 07 сарын 23-ны өдөр хэсгийн цагдаа нар бид хоёроос юм асуугаад яваад өгтөл Баатарсүрэн мань нь “Гэгээ” баарыг ухчихсан архи, пиво, тамхи, лаазтай самар гэх мэтчилэн зүйлүүдийг ганцаараа ороод юм аа авчихаад найзуудтайгаа хуваагаад уучихсан гэж хэлсэн. Тэгээд Баатарсүрэн бид хоёр тэнд ойрхон дэлгүүрийн ардаас салсан...” гэсэн мэдүүлэг Iх.х-ийн 20-р хуудас/

4.Гэрч Д.Энхтуяагийн  мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Баатарсүрэн 2017 оны 07 дугаар сарын 23-ны өдөр 18 цагийн үед гэрт орж ирснээ би хойд талд голын эрэг дээр байж байгаад ирлээ гэж орж ирээд хоол идчихээд өрөөндөө хэвтэж байгаад удалгүй хувцасаа өмсөж байхаар нь гайхаад чи хайчих гэж байгаа юм гэж асуухад би гарчихаад ирье гээд яваад өгсөн. Тэгээд л 2017 оны 07 сарын 23-ны өдрөөс хойш хараагүй...” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 23-р хуудас/

5.Гэрч Г.Сэлэнгэмөрөнгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би 2017 оны 07 дугаар сарын 21-ний орой ажлаа тараад 20 цагийн үед Баатарсүрэнтэй цуг хашааны урд нь нэг шил 0.5 литрийн Хараа архи уучихаад байж байсан чинь Баатарсүрэнлүү Баянмөнх утсаар яриад яваад очьё гэчихээд удаа ч үгүй Баянмөнх хүрч ирээд тэгээд орой болчихоор нь би зa зa орой болчихлаа харилаа шүү гэж хэлээд тэр хоёр Баатарсүрэнгийн гэрлүү явж ороод би ганцаараа харьсан юм. Тэрнээс хойш Баатарсүрэн, Баянмөнхийг хайчсаныг мэдэхгүй... Надад Баянмөнх болон Баатарсүрэн өөр ямар нэгэн гэмт хэрэг үйлдсэн гэж хэлээгүй. Баатарсүрэн нь надад хэлэхдээ Баянмөнх Гэгээ баарны цонхыг хагалж дотогшоо орчихоод дотор талаас нь баахан юм гаргаж ирээд надад өгсөн гэж хэлж байсан... Баянмөнх надтай 2017 оны 08 дугаар сарын сүүлээр фэйсбүүк чатаар орж ирээд Орхонтуулын баарыг дэлбэлчихсэн наагуур чинь юу болж байна гэж асуухаар нь би энүүгээр юу болох вэ дээ нам тайван байж л байна гэж хэлж чатаар харилцсан ” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 56-р хуудас/

6. Гэрч Б.Түвшинбатын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2017 оны 07 дугаар сарын 23-ны өдөр би гэртээ байж байсан чинь Мөнхжаргал хөдөөнөөс хүрч ирээд бид хоёр хөзөр тоглоод сууж байсан чинь Баянмөнх утсаар надруу залгаад хаана байгаа юм уулзъя Тэгье гэж хэлээд уулзхаар болсон юм. Баянмөнх уух уу гэж асуухаар нь би мөнгө байхгүй ш дээ хөгшөөн гэсэн чинь Баянмөнх зүгээр ээ мань чинь даана аа та хоёр эндээ байж бай гэж хэлчихээд Баянмөнх ганцаараа ирсэн замаараа буцаад яваад өгсөн юм. Тэгээд 30-40 минутын дараа Баянмөнх нэг шил Болор архи авч ирэхээр нь би хаанаас авчирсан юм гэсэн чинь Баянмөнх зүгээр ээ хөгшөөн маньд чинь мөнгө байсан юм мань чинь даана л гэсэн бол даана ш дээ гэж хэлсэн. Тэгээд бид гурав ууж дуусчихаад төв орох гээд сургуулийн ардуур алхаж явсан чинь Баатарсүрэнтэй таараад Баатарсүрэн нь та 3 юу хийж яваа юм гэж асуухад Баянмөнх уугаад л явж байна ш дээ гэж хэлсэн. Баянмөнх бид 4 дахиад уусан газарлуу очоод би одоо яах юм бэ уух юм байхгүй гэж асуусан чинь Баянмөнх та 3 наанаа байж бай мань нь уух юманд яваад ирье гэж хэлээд урьд нь явсан замаараа яваад өгсөн. Тэгээд 30-40 минутын дараа Баянмөнх Вива архи, 2 том боргио пиво авчираад бид 4 хувааж уусан” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 58-р хуудас/

7. Гэрч Б.Мөнхжаргалын “...Гараад Баянмөнхтэй дээд хороололд уулзсан чинь нэг том пивотой хүрээд ирсэн. Бид 3 тэр пивийг уугаад байж байтал Баянмөнх мань чинь ийшээ явчихаад ирье гээд явсан. Түвшинбат бид хоёр хүлээж байтал удалгүй Баянмөнх 0.75 литрийн “Вива” нэртэй архи барьчихсан ирсэн ба тэрийг бас бид 3 хувааж уугаад Түвшинбат бид 2 буцаад Түвшинбатын гэрт очоод Баянмөнх явлаа гээд яваад өгсөн. Орой хэдэн цаг гэдгийг нь сайн мэдэхгүй байна ямар ч байсан Түвшинбат бид 2 Баянмөнхтэй уулзаад явж байсан чинь Баянмөнх Баатарсүрэнг дуудсан байсан. Тэгсэн чинь Баянмөнх 1 шил 0.75 литрийн архи, 2 том пиво гаргаад ирсэн...” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 77-р хуудас/

8. Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын ЗДТГ-н үнэлгээний комиссын 2017 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 20 тоот  үнэлгээ. /х.х-ийн 15р хуудас/ болон

.9.Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /х.х-ийн ,,,,,,,,,,,,,,-рт/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг тус тус уншиж сонсгон шинжлэн хэлэлцүүлэв.

 Хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлаад:

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2017 оны 07 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын 1-р багт байрлах “Гэгээ” нэртэй  бааранд  нэвтэрч “Болор” нэртэй архи 2 ширхэг “Вива” нэртэй архи 1 ширхэг, “Боргио” нэртэй пиво, ундаа, самар зэрэг эд зүйлс  хулгайлан хохирогч Ц.Болормаад нийт 253.000 төгрөгийн хохирол учруулсан  үйл баримт нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтаар  тогтоогдсон гэж үзлээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн  нотлох баримтууд  нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогч талуудын эрхийг хязгаарласан байдал тогтоогдоогүй тул  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон байна гэж дүгнэв.

Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1-д “ Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно гэж заасан ба *******  нь Г.Баянмөнхтэйтэй хамтран 2017 оны 07 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын 1-р багт байрлах “Гэгээ” нэртэй  бааранд  нэвтэрч “Болор” нэртэй архи 2 ширхэг “Вива” нэртэй архи 1 ширхэг, “Боргио” нэртэй пиво, ундаа, самар зэрэг эд зүйлс  авсан гэм буруутай үйлдэл нь   Эрүүгийн туулийн тусгай ангийн   17.1 дугаар зүйлийн 2.1-д заасан эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, үйл ажиллагаа явуулах орон байранд нэвтэрч авах  гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулж байна.

 Иймд *******г эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, үйл ажиллагаа явуулах орон байранд нэвтэрч авч хулгайлах гэмт   хэрэг үйлдсэн гэм буруутай, прокурорын яллах дүгнэлт хуулийн шаардлагад нийцсэн, хуулийн үндэслэлтэй байна  гэж  шүүх дүгнэлээ.

 Г.Баянмөнхөд холбогдох эрүүгийн хэргийг  2018 оны 03-р сарын 12-ны өдрийн 1833000000020 тоот прокурорын тогтоолоор  *******гийн эрүүгийн хэргээс тусгаарласан байна. /х.х-ийн 93- рт/

Шүүгдэгчийн өмгөөлөгч: 2017 оны 07 дугаар сарын 21-22-ныг шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын 1 дүгээр багт байрлах  “Гэгээ” гэдэг нэртэй баарнаас Баянмөнхтэй бүлэглэн 253,000 төгрөгний архи, пиво, ундаа, самар зэргийг хулгайлсан гэмт хэрэгт холбогдсон. Тухайн өдөр Баянмөнх Баатарсүрэнг дагуулаад “Гэгээ” гэдэг бааранд ирсэн. Цонхыг Баянмөнх хагалсан.  Би цонхоор орсон. Дэмий хэрэг хийж байна гэж бодоод цонхоор буцаад гарсан. Цонхоор гарах гэж байтал хажуугийн цонхыг Баянмөнх хагалсан. Архи пиво авсан. Би цонхоор нь авсан. Аваад айлын байшингий дээвэр дээр аваачиж нуусан гэж мэдүүлдэг. Энэ хоёрын хувьд эхлээд ярилцаж тохирсон юм байхгүй. Баямөнхийг дуудахаар нь дагаад явсан. Явцын дунд энэ үйлдлээсээ татгалзсан байдал харагддаг. Санаа нь зөв байсан. Өөрөө хууль эрх зүйн мэдлэг байхгүй учир авсан зүйлийг зөөгөөд нуусан үйлдэл харагдаж байна. Авсан архи пивыг тодорхой хэмжээгээр уусан. Хохирлын 50%-ийг төлсөн байгаа. *******гийн хувьд гол нь цонхоор орчихоод болъё гэж бодоод эргээд хагарсан цонхоор гардаг. Энэ үйлдлийг шүүхээс анхаарч үзэхийг хүсэж байна гэж мэтгэлцэж байгаа ба хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцсэн нотлох баримтаар шүүгдэгч Н.Баатарсүх нь Г.Баянмөнхтэй үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ нэгдэн “Гэгээ” баарны цонхоор нэвтэрсэн боловч хаалга нь түгжээтэй тул эргэн гарч ирхэд Г. Баянмөнх цонхийг хагалан архи пиво болон бусад хүнсний зүйл өгөхөд  авч хамтран айлын дээвэр дээр нууж, маргааш нь архи пивийг хэрэглэсэн нь тогтоогдож, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэж мэдүүлж байгаа болно. Иймд шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдэхээс сайн дураараа татгалзсан байдал тогтоогдсон гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.

Иргэний нэхэмжлэлийн хувьд:

Гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Болормаад 253.000 төгрөгийн хохирол учирсан нь хохирогчийн мэдүүлэг, Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын ЗДТГ-н үнэлгээний комиссын 2017 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 20 дугаартай “вакум цонх, архи, пиво, хүнсний бараа эд зүйлийн үнийг 253.000 төгрөгөөр үнэлсүгэй” гэсэн үнэлгээ тогтоосон акт /х.х-ийн 15-рт/зэргээр  тогтоогдож байна.

 Шүүгдэгч ******* нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол 253.000 төгрөгийн өөрт ногдох хэсэг болох 126.000 төгрөгийг  2018 оны 04-р сарын 03-ны өдөр хохирогч *******ийн 5104035281 дансанд  шилжүүлжээ. Энэ нь  Хаан банкны орлогын мэдүүлэгээр тогтоогдож байгаа тул гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг сайн дураараа нөхөн төлсөн гэж дүгнэлээ.

Хохирогч Ц.Болормаа шүүх хуралдаанд оролцох хүсэлт гаргаагүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 7-д зааснаар түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Эрүүгийн хариуцлагын талаар:

 Шүүгдэгч ******* нь  эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, үйл ажиллагаа явуулах орон байранд нэвтэрч хулгайлах гэмт   хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон тул  Эрүүгийн туулийн тусгай ангийн   17.1 дугаар зүйлийн 2.1-д заасан ялын төрөл  хэмжээний дотор ял шийтгэл оногдуулах хуулийн үндэслэлтэй байна.

******* нь  гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, учруулсан хохирлоо нөхөн төлсөн байдлыг харгалзан хорих ялыг хөнгөрүүлж Эрүүгийн хуулийн Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1, 1.3-д заасныг журамлан мөн хуулийн  17.1 дугаар зүйлийн 2.1-д заасан хоёроос найман жил хүртэл хугацаагаар хорих ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй  буюу нэг жилийн хугацаагаар  хорих ял оногдуулсан болно. Ял шийтгэл оногдуулахдаа учруулсан хохирлыг нөхөн төлсөн, байдлыг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ. Ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

*******д оногдуулсан 01 жилийн хугацаагаар хорих ялыг эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 3,4-д зааснаар нээлттэй хорих ангид эдлүүлэх нь зүйтэй.

 ******* нь Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 01 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Сэлэнгэ аймгийн Эрүү Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны оны 02-р сарын 08-ны өдрийн 09 тоот магадлалаар анхан шатны шүүхийн оногдуулсан хорих ялыг 02 жилийн хугацаагаар тэнсэж, хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын цагдаагийн хэсэгт даалгасан байсан ба 2018 оны 01-р сарын 16-ны өдрийн 18 тоот шүүгчийн захирамжаар  2015 оны эрүүгийн хуулиар мөн хуулийн 181 дүгээр зүйл буюу танхайрах гэмт хэрэг гэмт хэрэгт тооцогдохгүй болсон үндэслэлээр *******г эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн байна.

Шүүгдэгч энэ хэрэгт урьдчилан хоригдоогүй бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн болон бичгийн баримт шүүхэд хураагдаж ирээгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс өөрчилж  цагдан хорих  таслан сэргийлэх арга хэмжээ авсан болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн  4,  36.6, 36.7, 36.8, 36.10 дахь хэсэгт  заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь :

1.Шүүгдэгч Тарга овогт *******г  үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн   гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1, 1.3-д заасныг журамлан эрүүгийн хуулийн тусгай ангийн 17 дугаар зүйлийн 2.1-д зааснаар *******г нэг жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 3,4-д зааснаар  *******д оногдуулсан нэг жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлсүгэй

4. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид *******д авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй,  шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдсугай.

6.Шүүхийн шийдвэр уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийг  бичгээр үйлдэж, улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нарт гардуулсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч  тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч шүүхийн шийлвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэрүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж  заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.

 

                                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Г.САРАНТУЯА