| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Ундраа |
| Хэргийн индекс | 101/2024/06155/И |
| Дугаар | 191/ШШ2025/02726 |
| Огноо | 2025-04-02 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 02 өдөр
Дугаар 191/ШШ2025/02726
2025 04 02 191/ШШ2025/02726
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Ундраа би,
Нэхэмжлэгч: *** оршин суух, Л.Э******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *** байрлах "Б******* *******" ХХК /Б******* ******* их дэлгүүр салбар/-т холбогдох
Гэрээ цуцалсантай холбогдуулан худалдаж авсан барааны үнэд төлсөн 1.849.900 төгрөг, учирсан хохиролд 215,775 төгрөг нийт 2,065,675 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 1. 2023.02.06-ны өдөр нэхэмжлэгч Л.Э******* би "Б******* *******" ХХК-ийн Баянзүрх дүүрэг дэх Б******* ******* салбар их дэлгүүрээс 1.849.900 төгрөгөөр BSB-FR- Ѕ436ЅВЅ загварын хөргөгч 1 ширхэг, 1.649.900 төгрөгөөр угаалгын машин 1 ширхэг, 1.399.900 төгрөгөөр цахилгаан плитка 1 ширхэг барааг нийт 4.899.700 төгрөгөөр 1 сарын 1.8 хувийн хүүтэй 12 сарын хугацааатай барьцаат зээлийн нөхцлөөр худалдаж
авсан.
Би дээрхи барааг худалдан авах үед "Б******* ******* ХХК-иас 12 сарын баталгаат хугацаа өгсөн бөгөөд 2024.02.01-ны өдөр миний бие барьцаат зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж, зээлийн гэрээний үүрэгт нийт 5.471.208 төг төлж, уг гэрээг дуусгавар болгосон.
Гэтэл хариуцагч "Б******* ******* ХХК нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 253 дугаар зүйлийн 253.1 дэх хэсэгт заасан доголдолгүй эд хөрөнгийг нийлүүлэх үндсэн үүргээ биелүүлээгүй болох нь баталгаат хугацааны дотор миний худалдаж авсан хөргөгч ажиллахгүй болж, доголдолтой болох нь тогтоогдсон. Миний хувьд уг эд хөрөнгийг худалдаж авах үед тухайн эд хөрөнгийн доголдолтой байсныг мэдээгүй, мэдэх ч боломжгүй юм. Тодруулбал:
Доголдолгүй эд хөрөнгө нийлүүлэх үндсэн үүргийн тухайд: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт
Худалдагч нь биет байдлын доголдолгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, ...", 253 дугаар зүйлийн 253.1 дэх хэсэгт " Худалдсан эд хөрөнгө нь доголдолтой бол худалдагч уг доголдлыг арилгах, хэрэв эд хөрөнгө нь төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгө байвал тухайн төрлийн ижил эд хөрөнгөөр буюу тухайн цаг үед худалдан авагчид шаардлагатай өөр хөрөнгөөр сольж өгөх үүрэгтэй." гэж тус тус заасан.
2023.10.05-ны өдөр буюу баталгаат хугацааны дотор миний худалдаж авсан хөргөгч гэнэт ажиллахгүй болж, "Б******* *******" ХХК руу утсаар холбогдон хөргөгч ажиллахгүй болсон тухай мэдэгдэж, дуудлага өгөхөд "Б******* *******" ХХК-ийн дуудлагын 2 инженер ирж, шалгаж үзээд Мотор нь ажиллахгүй, шатсан байна. гээд авч явсан. Хэд хоногийн дараа "Б******* *******" ХХК-иас надтай холбогдож, Хөргөгчийг чинь засчихлаа. Одоо очлоо." гээд ирэхэд нь бид хөргөгчний ажиллагааг шалгаж үзэх гэтэл "... Одоо хөргөгч асааж болохгүй. 2 цагийн дараа асаагаарай. гээд явсан. Тэгээд би хэлсэн ёсоор нь хөргөгчөө асаалгүй хэсэг хугацааны дараа буюу 5,6 цаг болсны дараа хөргөгчөө асаах гэхэд асаагүй. Ингээд би "Б******* *******" ХХК руу дахин утсаар холбогдож, хөргөгч ажиллахгүй байгаа тухай мэдэгдсэнээс хойш хэд хоногийн дараа "Б******* *******" ХХК-ийн дуудлагын 2 инженер ирж, шалгаж үзээд "Перон нь дуусчихсан байна. гэхээр нь би ... Энэ хөргөгчийг бид аваад 1 жил ч хэрэглээгүй байхад перон нь яагаад дуусах гэж. Шинэ хөргөгчний перон ядаж 5,6 жил болоод дуусдаг. Та нар энэ хөргөгчөө засч чадахгүй байна. Хэд хоногийн өмнө хөргөгчний мотор шатсан байна гэж хэлээд авч явсан. Одоо перон нь дууссан байна гэх юм. Хөргөгчөө сольж өгөөч. гэхэд хариу хэлэлгүй хөргөгч авч яваад хэд хоногийн дараа "... Хөргөгчийг чинь зассан. Очлоо. гэхээр нь Ойр ойрхон эвдрээд байгаа наад хөргөгчийг чинь авахгүй. Та нар доголдлоо засч чадахгүй байна. Дахиад л эвдэрнэ. Доголдолгүй ижил загварын хөргөгчөөр сольж өгөөч. гэхэд Хөргөгч сольж өгөхгүй. Хөргөгчөө авахгүй бол хууль журмын дагуу шийдвэрлүүл." гээд утсаа тасалсан. Тэр үеэс хойш буюу 2023 оны 10-р сарын сүүлч үеэс хойш би "Б******* *******" ХХК-иас хөргөгч аваагүй, тус Компани миний худалдаж авсан доголдолтой хөргөгчийг найдвартай бүрэн засч өгөөгүй, солиулах гэхэд сольж өгөөгүй тул худалдах, худалдан авах гэрээг цуцлах болсноо "Б******* ******* ХХК-нд мэдэгдэхэд "Шүүхээрээ яв гээд утсаа тасалсан.
...
Иймд нэхэмжлэгч би Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн өөрөөр хэлбэл худалдагч доголдолтой бараа нийлүүлсэн, уг доголдлыг бүрэн арилгаж, засч чадаагүй, ижил төрлийн өөр бараагаар сольж өгөхгүй байгаа зэрэг нь худалдан авагч гэрээг цуцлах үндэслэл болох тул уг үндэслэлээр худалдах, худалдан авах гэрээг цуцалсантай холбогдуулан хөргөгчний үнэд "Б******* ******* ХХК-нд төлсөн 1.849.900 төгрөгийг тус компаниас гаргуулах
2. Нэхэмжлэгч би 2023.02.06-ны өдөр хариуцагч "Б******* ******* ХХК-ийн Баянзүрх дүүрэг дэх Б******* ******* салбар их дэлгүүрээс 1.849.900 төгрөгөөр BSB-FR- Ѕ436ЅВЅ загварын хөргөгч 1 ширхэг, 1.649.900 төгрөгөөр угаалгын машин 1 ширхэг, 1.399.900 төгрөгөөр цахилгаан плитка 1 ширхэг барааг нийт 4.899.700 төгрөгөөр 1 сарын 1.8 хувийн хүүтэй 12 сарын хугацааатай барьцаат зээлийн нөхцлөөр худалдаж авсан тухай дээр дурьдсан.
Барьцаат зээлийн зориулалт нь зөвхөн гэр ахуйн цахилгаан бараа /хөргөгч, угаалгын машин, плитка/ худалдаж авахад зориулагдсан байсан бөгөөд худалдах, худалдан авах гэрээг цуцалсантай холбогдуулан барьцаат зээлийн гэрээний үүрэгт хүү төлсөн төлбөр нь надад учирсан хохирол юм.
Цахилгаан бараа худалдаж авахад миний авсан нийт зээлийн хэмжээ 4.899.900 төгрөг, зээлийн хүүд нийт 571.508.79 төгрөг төлсөн. Уг зээлээс хөргөгч худалдаж авахад 1.899.900 төгрөг зориулж төлсөн. Зээлийн хүүд нийт 571.508.79 төгрөг төлснөөс хөргөгч худалдан авахад хүү төлсөн байдлыг тооцвол: 2023.02.05-ны өдрөөс 2024.02.01-ны өдрийг хүртэл хугацаанд хөргөгчний үнэ 1.849.900 төгрөгийн зээлийн хүүд 215.775.27 төгрөг төлсөн нь дансны хуулгаар нотлогдох бөгөөд хөргөгч худалдаж авахад хүү төлсөн 215.775.27 төгрөг нь надад учирсан хохирол юм.
Иймд нэхэмжлэгч би худалдах, худалдан авах гэрээ цуцалсантай холбогдуулан хөргөгч худалдан авахад барьцаат зээлийн гэрээний үүрэгт хүү төлсөн 215.775 төгрөг- ийг учирсан хохиролд тооцон хариуцагч "Б******* ******* ХХК-иас гаргуулах тус тус нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч, хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Б******* элетроникс ХХК-д гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Учир нь хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Л.Э******* нь хариуцагч Б******* элетроникс ХХК-д холбогдуулан, Гэрээ цуцалсантай холбогдуулан худалдаж авсан барааны үнэд төлсөн 1.849.900 төгрөг, учирсан хохиролд 215,775 төгрөг нийт 2,065,675 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснээр нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсан байна.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ гэж, мөн 74.2-т Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзал, хариуцагчийн зөвшөөрөл, зохигч талуудын эвлэрэл, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана гэж заасныг баримтлан, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д тус тус заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Л.Э*******ийн гаргасан хариуцагч Б******* элетроникс ХХК-д холбогдох, Гэрээ цуцалсантай холбогдуулан худалдаж авсан барааны үнэд төлсөн 1.849.900 төгрөг, учирсан хохиролд 215,775 төгрөг нийт 2,065,675 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын биелүүлснээр, нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 49,201 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаатай холбогдуулан зохигч давж заалдах болон хяналтын шатны журмаар гомдол гаргахгүйгээс гадна тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл, гомдол гаргахгүй болохыг тус тус дурдсугай.
4. Энэхүү захирамж гарсан даруй хүчин төгөлдөр болох ба гомдол гаргахгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.УНДРАА