| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гончигсумын Сарантуяа |
| Хэргийн индекс | 150/2018/00030/Э |
| Дугаар | 30 |
| Огноо | 2018-04-13 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | Э.Гантулга |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 04 сарын 13 өдөр
Дугаар 30
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Г.Сарантуяа даргалж,
Улсын яллагч Э.Гантулга,
Хохирогчийн өмгөөлөгч П.Буманзаяа,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Даваахүү,
Шүүгдэгч *******,
Нарийн бичгийн дарга С.Цэнд-Аюуш нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын прокуророос Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Гал овогт *******т холбогдох 1733000530010 тоот эрүүгийн хэргийг 2018 оны 03-р сарын 22-ны өдөр хүлээн авч шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1985 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Булган аймгийн Булган суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, халх, дээд боловсролтой, авто ашиглалтын инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4 эхнэр, 2 хүүхдийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сум, Согоот баг 10-92 тоотод оршин суух хаягтай, Гал овогт ******* /РД:ФМ00000000/ гэв.
Үйлдсэн хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдрөөс 20-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Орхон сумын нутаг Дархан-Уул аймгаас Орхон аймаг чиглэлийн хатуу хучилттай засмал замын 67-68 дугаар тэмдэгт бүхий газарт 48-81 УНР улсын дугаартай “Инфинити” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас иргэн *******ыг дайрч амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
1.2017 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, схем зураг, үзлэгийн явцад бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд /хx-ийн 3-4-р, 5-7-р хуудас /
2.2018 оны 02-р сарын 09-ний өдрийн 12/09 дугаартай техникийн шинжээчийн дүгнэлт /хx-ийн 148-150-р хуудас/
3.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 5/22 дугаартай шинжээчийн дүгнэлт /хx-ийн 24-25-р хуудас/
4.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг
5.Гэрч *******гийн мэдүүлэг/ хх-ийн 43-44-р хуудас/,
6.Гэрч *******ын мэдүүлэг /хх-ийн 46-47-р хуудас/,
7.Гэрч *******ийн мэдүүлэг /хх-ийн 48-р хуудас/,
8.Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг зэргийг сонсож шинэчлэн хэлэлцэв.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судалбал:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдрөөс 20-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Орхон сумын нутаг Дархан-Уул аймгаас Орхон аймаг чиглэлийн хатуу хучилттай засмал замын 67-68 дугаар тэмдэгт бүхий газарт 48-81 УНР улсын дугаартай Инфинити загварын тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн зөрчсөний улмаас иргэн *******ыг дайрч амь насыг нь хохироосон болох нь:
1.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2017 оны 07 дугаар сарын 18-ны өдөр манай талийгаач ах Болд нь өөрийн төрсөн ах болох Бат-Эрдэнийн талбай руу явна гээд гэрээсээ гарсан. Тухайн үед гэрт эхнэр бид 2 байсан ба явчихаад ир гэж хэлээд гэртээ үлдсэн. Тэгээд ах Батболд машинд дайруулсан гэдгийг 2017 оны 7 дугаар сарын 20-ны шөнө мэдсэн. Ойр дотны хүнээ алдсанд бид гомдолтой байна. нэхэмжлэх баримтаа нийлүүлээд үзэхээр ажил явдлын зардал 4.139.850 төгрөг болсон... гэх мэдүүлэг /хx-ийн 50-52-р хуудас/
2.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: өгсөн: ... Ахыгаа алдсанаас хойш сэтгэл санаагаар унаж их хямарсан. 80 гарсан аав ээж хоёр маань эм тариагаар л байж байна. Талийгаачийн охин нь байдаг. Ээж нь бага байхад нь гадаад руу явсан. Гадаадад байдаг. Охин нь өвөө эмээ дээрээ байдаг ч гэсэн зундаа аав дээрээ ирж очиж уулздаг байсан. Бид л тэр охиныг харж хандахгүй бол хэн харж хандах вэ гээд л ингэж нэхэмжилж байгаа. Бид ахыгаа алдсан. Ганцхан оршуулгын зардал 5.000.000 төгрөг аваад л болно гэж юу байхав. Одоо 10.000.000 төгрөг авахаар нэхэмжилж байгаа. Мэдээж гомдолтой байгаа ...гэх мэдүүлэг,
3.Гэрч *******гийн өгсөн: ...Би 2017 оны 7 дугаар сарын 20 ны өдөр Булган аймгаас Өмнөговь аймаг явах зрилгоор өөрийн бага хүү Ган-Эрдэнэтэй өөрийн Инфинити маркийн 48-81 УНР улсын дугаартай машинтай гарсан. Замдаа Орхон аймгийн автовокзал буюу автобус очсон. Улаанбаатар хот явах хүн байвал ханьтай явчихъя гэж бодоод очтол танилын хүүхэд зогсож байсан ба би зүс таньж байсан. Тэгээд очоод уулзаад Улаанбаатар руу хамт явахаар болсон. Би тэр залуугаас чи жолооч бил үү гэж асуусан чинь жолооч гэж хэлсэн. Тэгэхээр нь эгчийнхээ машиныг баариад явчихаач гэтэл за гээд миний машиныг жолоодоод би хажуу талд нь сууж миний хүү Ган-Эрдэнэ хойно сууж явсан. Бид Орхон аймгаас хөдлөөд замдаа Орхон гүүр өнгөрөөд дэлгүүр ороод буцаад машиндаа суугаад хөдөлсөн ба машин барьж явсан 2 юм яриад явж байсан. Би тухайн үед энэ машинууд гэрлээ шилжүүлэхгүй юмаа гэж хэлээд байж байтал гэнэт машины гэрэлд нэг саарал өнгийн хувцастай хүн гараад ирсэн. Би тэрийг харчихаад яанаа хүн гэж хэлтэл тэр залуу тийм байна гээд л дарах шиг болсон тэгээд манай машин зогссон. Тэр зам дээр явж байсан хүнийг мөргөсөн. Би айсандаа болоод буугаагүй. Тэгсэн чинь машин барьж явсан залуу буухаар нь би араас нь гартал тэр залуу эгчээ нас барчихсан юм шиг байна гээд цагдаа болон эмнэлэгийн байгууллагад хандсан... гэх мэдүүлэг /хx-ийн 43-44-р хуудас/
4.Гэрч *******ийн өгсөн: ...2017 оны 07 дугаар сарын 18 ны өдөр би Сэлэнгэ аймгийн Орхон сумын 1 дүгээр багийн нутаг Дэрст булан гэх газар нөхөр Болд, хүргэн ах Батболд нарын хамт байсан. Уг өдөр Батболд ах бага зэргийн архи уусан байдалтай Баруунбүрэн суманд байдаг Бат-Эрдэнэ ахындаа очиж ногооны ажилд туслана гээд ганцаараа гараад явсан... гэх мэдүүлэг /хx-ийн 48-р хуудас/
5.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 5/22 дугаартай шинжээчийн
...“1.Талийгаачид хавсарсан гэмтэл. Гавал тархины ил гэмтэл. Тархины няцрал, дарагдал, эдэд цус харвалт. Хуйхны язарсан ил шарх. Аалзан бүрхүүл доорх цус харвалт. Бага тархины няцралт, дарагдал. Гавлын орой хэсгийн бяцарч, цөмөрсөн ил хугарал. Гавлын суурь хэсгийн хөндлөн цууралт. Дух, хацар, нүүр хэсгийн цөмөрсөн хугарал. Элэг задрал. Нойр булчирхайд цус харвалт. Баруун талын олон хавирганы хөндлөн хугарал. Цээж, хэвлийн урд хэсгийн зулгаралт, зүүн бугалгны цус хуралт, баруун тохойнд хатгагдсан ил шарх, баруун шилбэний цус хуралттай гэмтлүүд тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2 болон 3.1.10, 3.1.12-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай хүнд гэмтэл болно.
3. Талийгаач нь гавал тархины ил гэмтлийн улмаас хурц цус алдалт, ШОК-н хүндрэлээр нас баржээ.
4.Талийгаачийн цусанд 3, 1 промилли спиртийн агууламж илэрсэн нь хүнд зэргийн согтолттой байжээ. 5. Талийгаачийн цусны бүлэг А/II/ бүлгийн харьяалалтай байна” ...гэх дүгнэлт,
6.Техникийн шинжээчийн 2018 оны 02-р сарын 09-ны өдрийн 12/09 тоот
“Инфинити Эф Экс350 маркийн 48-81 УНР улсын дугаартай тээврийн хэрэгсэлийг жолоодож явсан ******* Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.3 дугаар заалт буюу “ Тээврийн хэрэгсэлийн хурдыг суурингийн гаднах замд цагт 80 км-ээс хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэснийг зөрчсөн,
“ Явган зорчигч ******* Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.9 дугаар заалт буюу “Явган зорчигч нь ... өөрийгөө хянанж жолоодох чадваргүй үедээ зорчих хэсгээр явахыг... хориглоно” гэснийг зөрчсөн,
Явган зорчигч ******* Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.9 дугаар зүйлийг зөрчсөн нь осол гарах шалтгаан нөхцлийг бүрдүүлсэн. Харин “Инфинити Эф Экс350 маркийн 48-81 УНР улсын дугаартай тээврийн хэрэгсэлийг жолоодож явсан ******* Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.3 дугаар заалтыг зөрчсөн нь ослоос учирч болох хохирлыг ихэсгэсэн байх магадлалтай гэсэн дүгнэлт
7.Шүүгдэгч *******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ...Осол гаргасныхаа дараа мэдүүлэг өгсөн. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа. Өөрөө ийм байдалд ороод сууж байгаадаа харамсч байна. Эрдэнэт хүний амь насанд хүрсэндээ ч гэсэн их харамсч байна. 2017 оны 07 сарын 19-ны шөнө Улаанбаатар руу яаралтай явах ажилтай байсан. Намайг 20-ны өглөө бэлэн байж бай гэсэн байсан юм. Тэгээд би Улаанбаатар руу таксинд суух гээд явж байсан. Тэгээд Энхтуяа эгчтэй таарсан. Би сайн танихгүй хүн байсан. Замдаа ярилцаад явахад манай ээжийн ангийн хүүхэд болж таарсан. Намайг “би хөдөө замд машин барьж явахдаа муу бариад яваад өгөөч замын зардал авахгүй” гэсэн. Намайг хөгшин хүнийг амраагаад машиныг нь бариад яваад өгчихөөч гээд байхаар нь би бариад явсан. Явж байгаад Орхоны гүүр өнгөрөөд нэг загас зардаг дэлгүүр байдаг юм орж үзье, манай байдаг газар загас байдаггүй юм. Сонин содон юм амсуулъя гэхээр нь осол гарсан газраас 700-аад метрийн өмнө байдаг дэлгүүр ороход загас байхгүй байсан. Гадаа бороо орж байсан. Тэгээд явж байтал өөдөөс хурц гэрэлтэй машин ирж байсан. Би ямар хурц гэрэлтэй юм бэ? гэтэл хажууд сууж байсан эгч хүн гэж хэлэхэд харахад хүн байсан. Холын гэрэлээ шилжүүлээгүй хурц гэрэлтэй цагаан приус 20 машин байсан. Дугаарыг нь хараагүй. Тэгээд зогсоох арга хэмжээ авах гээд эсрэг урсгал руу дарж орсон. Өөдөөс ирж байсан машин маш хурдтай явж байсан болохоор тухайн машинтай мөргөлдөх гээд байхаар нь тойроод гарчихъя гээд дарахад юм мөргөчих шиг болсон. Зогсоод буугаад харахад хөдлөхгүй, нас барсан байдалтай байсан. Би цагдаа эмнэлэг гээд бүх л холбогдох газар руу нь хэлж ярьсан.
Ийм юм болсонд маш их харамсч байна. Өөр хэлэх зүйл байхгүй гэх ...мэдүүлэг зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож, үйл баримт тогтоогдсон гэж үзлээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, шинжээчийн дүгнэлтийг тухайн хэрэгт хувийн сонирхолгүй, дүгнэлтийнхээ хариуцлагыг бүрэн хүлээх үүрэг хүлээсэн шинжээчид гаргасан, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогч талуудын эрхийг хязгаарласан байдал тогтоогдоогүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон байна гэж дүгнэв.
Дээрх үйл баримтад эрхзүйн дүгнэлт хийхэд:
Шүүгдэгч ******* нь 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдрөөс 20-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Орхон сумын нутаг хатуу хучилттай засмал замын 67-68 дугаар тэмдэгт бүхий газарт 48-81 УНР улсын дугаартай “Инфинити” загварын тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.3 дугаар заалт буюу “ Тээврийн хэрэгсэлийн хурдыг суурингийн гаднах замд цагт 80 км-ээс хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэснийг зөрчсөний улмаас иргэн *******ыг дайрч амь насыг нь хохироосон үйл баримт нотлох баримтаар тогтоогдсон байна. Иймд *******ыг тээврийн хэрэгсэлийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон буюу Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай, прокурорын яллах дүгнэлт хуулийн шаардлагад нийцсэн байна гэж шүүх дүгнэлээ. Шүүгдэгч ******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа болно.
Иргэний нэхэмжлэлийн хувьд
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* хохирогч нас барснаас учирсан гэм хор буюу талийгаачийг оршуулахтай холбоотой зайлшгүй зардалд нотлох баримт бүрдүүлэн /х.х-ийн 53-56-рт /4.139.850 төгрөг нэхэмжилснээс шүүгдэгч 5.300.000 төгрөг төлсөн нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлгээр тогтогдож байгаа ба шүүгдэгч *******ыг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд материаллаг хохирлыг нөхөн төлсөн гэж үзлээ.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* нь “миний ах ******* нь нэг охинтой юм. Ээж нь бага байхад нь гадаад руу явсан. Гадаадад байдаг. Охин нь өвөө эмээ дээрээ байдаг ч гэсэн зундаа аав дээрээ ирж очиж уулздаг байсан. Бид л тэр охиныг харж хандахгүй бол хэн харж хандах вэ гээд охины ирээдүйд зориулж 10.000.000 төгрөг авахаар нэхэмжилж байна гэж байгаа боловч гэм хор учруулсны төлбөр авах эрхтэй гэх охины талаар ямар нэгэн нотлох баримт шүүхэд ирүүлээгүй болно. Ийм учраас нотлох баримтыг бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч ******* нь тээврийн хэрэгсэлийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон буюу Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон тул ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Шүүгдэгч *******ын үйлдсэн Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3-д заасан гэмт хэрэг нь эрүүгийн хуулийн 2.6 дугаар зүйлийн 2-д зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах ба шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учирсан материаллаг хохирлыг нөхөн төлсөн зэргийг харгалзан үзэж эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 жилийн хугацаагаар хасаж, энэ зүйл, хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 03 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч *******т ял шийтгэл оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн хууль бус үйлдэл гэмт хэрэг гарахад нөлөөлсөн, учруулсан материаллаг хохирлыг нөхөн төлсөн байдлыг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзсэн ба эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч энэ хэрэгт урьдчилан хоригдоогүй бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн болон бичгийн баримт шүүхэд хураагдаж ирээгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч *******ын №00000000 дугаартай B,C ангилалын жолоочийн үнэмлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Гал овогт *******ыг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч *******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 жилийн хугацаагаар хасаж, мөн хуулийн тухайн зүйл хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 03 жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. *******т хяналт тавихыг Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
4.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* гэм хор учруулсны төлбөр 10.000.000 төгрөгийг нотлох баримтыг бүрдүүлэн иргэний шүүхээр жич нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
5.Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч *******ын №000000 дугаартай B,C ангилалын жолоочийн үнэмлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 14 хоногийн дотор шийдвэрийг бичгээр үйлдэж, улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нарт гардуулсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч шүүхийн шийлвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэрүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.САРАНТУЯА