Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 2024/ДШМ/859

 

 

Э.Хд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч Ц.Мөнхтулга, шүүгч Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ч.Батбаатар,

шүүгдэгч Э.Х, түүний өмгөөлөгч Б.Гүнсэнхорлоо,

нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа нарыг оролцуулан,

            Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 2024/ШЦТ/340 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Э.Х, түүний өмгөөлөгч Б.Гүнсэнхорлоо нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Э.Хд холбогдох 2303 00787 0029 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 7 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн Э-ийн Х, 19... оны ... дугаар сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл .... хамт ... дүүргийн ... дүгээр хороо, ... дүгээр хэсэг, .... гудамж, .... дугаар байрны ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:..../;

Шүүгдэгч Э.Х нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Хөдөө аж ахуйн их сургуулийн замын урд талд 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр “Toyota Sai” загварын 00-18 УАН улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.1. “Жолооч уулзвараар баруун, зүүн гар тийш эргэхдээ тухайн хөндлөн замын зорчих хэсгийг явган хүний гарцаар хөндлөн гарч яваа зорчигчид ...зам тавьж өгнө”, мөн дүрмийн 1.3. “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Ч.Сыг мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: Э.Хгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б овогт Э-ийн Хг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний биед хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Э.Хг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял шийтгэж, шүүгдэгч Э.Хд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан үеэс тоолохоор, шүүгдэгч Э.Хг Улаанбаатар хотын Хан-Уул дүүргээс гарахыг хориглож, түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.5, 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Э.Х Эрүүл мэндийн даатгалын санд 3.465.122 төгрөг, хохирогчид нийт 3.881.228 төгрөг тус тус нөхөн төлснийг дурдаж, шүүгдэгчээс сэтгэцэд учирсан хохирол 5.500.000 төгрөгийг гаргуулан хохирогч Ч.Сд олгож, хохирогч Ч.С нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг тайлбарлаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг Э.Хд сануулж, шүүгдэгч Э.Хд холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сидийг хэрэгт үлдээж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Э.Хд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Э.Х давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо анхаарал болгоомжгүй зорчиж, явган зорчигчид хүнд гэмтэл учруулсандаа харамсаж байгаа ба хохирогч Ч.Сын нэхэмжилсэн 3.465.122 төгрөг, Эрүүл мэндийн даатгалын сангаас нэхэмжилсэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардал болох 1.686.000 төгрөг, осол гарсан өдөр хохирогчийн биед хийсэн шинжилгээний болон бусад зардалд 416.106 төгрөг, шүүхээс тогтоосон сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр 5.500.000 төгрөг, нийт 11.067.228 төгрөгийг төлж барагдуулсан. Цаашид хохирогчид гарах осолтой холбоотой зардлыг хариуцах болно. Би гэмт хэрэг үйлдсэн үеэсээ буюу мөрдөн байцаалтаас эхлэн өөрийн гэм бурууг ойлгож, гэмшиж байгаа. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй явж чадна. Хохирол төлсөн байдал болон бага насны гурван хүүхдээ дугуйлан, дамжаанд зөөдөг нөхцөл байдлыг минь харгалзан шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, намайг 1 жилийн хугацаагаар тэнсэж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Э.Хгийн өмгөөлөгч Б.Гүнсэнхорлоо давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Э.Х анхан шатны шүүхийн шийдвэрийг хүндэтгэн үзэж байна. Түүний хувьд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж, гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг бүрэн барагдуулсан. Тэрээр хохирогч Ч.Сд эмчилгээний болон бусад зардалд нийт 3.881.228 төгрөг, эрүүл мэндийн даатгалын санд 1.686.000 төгрөгийг тус тус нөхөн төлсөн. Анхан шатны шүүхээс хохирогчийн сэтгэцэд учирсан хохирлыг тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 5.500.000 төгрөгөөр тооцож, хохирогчид олгохоор шийдвэрлэсэн. Би шүүгдэгчийн өмгөөлөгчийн хувьд шүүхийн хэлэлцүүлэгт Э.Хг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж өгөхийг хүссэн боловч шүүх “шүүгдэгч сэтгэцэд учирсан хохирлыг төлж барагдуулаагүй нөхцөл байдлыг харгалзан түүнд тэнсэн харгалзах ял шийтгэх боломжгүй” гэж үзсэн. Хохирогчийн сэтгэцэд учирсан хохирлын мөнгөн дүнгийн хэмжээг шүүх хуралдаан дээр шийдвэрлэсэн тул Э.Х шүүх хуралдаан болохоос өмнө урьдчилан төлөх боломжгүй байсан ба тэрээр 2024 оны 6 дугаар сарын 04-ний өдөр шийтгэх тогтоолыг гардан авч, уншиж танилцсаныхаа дараа 5.500.000 төгрөгийг хохирогч Ч.Сын Хаан банк дахь данс руу шилжүүлсэн. Миний үйлчлүүлэгч ам бүл 5, нөхөр, 5-13 насны гурван хүүхэдтэй. Гурван хүүхдээ өсгөж, хүмүүжүүлэхийн тулд ажил хөдөлмөр эрхлээгүй, хүүхдүүдээ цэцэрлэг, сургууль, дугуйланд зөөж, тэднийг өсгөн бойжуулж, хүмүүжүүлэх ажлын хийж гүйцэтгэдэг. Шүүхээс түүнд Хан-Уул дүүргээс гарахыг хориглож, зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан нь хүүхдүүдээ цэцэрлэг, сургууль, дугуйлан секц, урлаг спортын арга хэмжээ зэрэгт зөөвөрлөх, хүүхдүүдийн өдөр тутмын амьдралтай холбоотой асуудлыг шийдвэрлэхэд бэрхшээл үүсгэхээр байна. Нөхөр нь ганцаараа хөдөлмөрлөж, гэр бүлээ тэжээн тэтгэдэг тул хүүхдүүдээ Э.Х бүрэн хариуцдаг. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, Э.Хг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж өгнө үү.” гэв.

Прокурор Ч.Батбаатар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх хуралдаан дээр хохирогчийн сэтгэцэд учирсан хохирол төлбөр төлөгдөөгүй байсан учраас улсын яллагчийн зүгээс 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын санал гаргасан бөгөөд анхан шатны шүүхээс хохирол бүрэн төлөгдөөгүй тул зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зорчих эрхийг хязгаарлах ялыг тэнсэх гэсэн хуулийн зохицуулалт байхгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Х, түүний өмгөөлөгч Б.Гүнсэнхорлоо нарын гаргасан давж заалдах гомдол үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтуудын хүрээнд тухайн хэргийн бүх ажиллагааг гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

Хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Э.Х нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Хөдөө аж ахуйн их сургуулийн замын урд талд 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр “Toyota Sai” загварын 00-18 УАН улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.1. “Жолооч уулзвараар баруун, зүүн гар тийш эргэхдээ тухайн хөндлөн замын зорчих хэсгийг явган хүний гарцаар хөндлөн гарч яваа зорчигчид ...зам тавьж өгнө”, мөн дүрмийн 1.3. “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Ч.Сыг мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Ч.Сын “...Би 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр гэрээсээ гараад Зайсанд хүнтэй уулзаж ажил амжуулах гээд Хөдөө аж ахуйн буудал дээр ирээд автобуснаас буугаад зам хөндлөн буюу улаан гэрэл асаж байхаар нь ногоон гэрэл астал нь хүлээгээд ногоон гэрэл асахаар нь зам хөндлөн явган хүний гарцаар гарч байхад цагаан өнгийн тээврийн хэрэгсэл маш хурдан орж ирээд намайг мөргөөд унагаасан. Тэгээд би түргэн тусламжийн тээврийн хэрэгсэлтэй эмнэлэг орсон. ...” /хх 19/ гэсэн мэдүүлэг,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 14937 дугаартай “...Ч.Сын биед 7, 8 дугаар хавирганы хугарал, зүүн уушгины няцрал, цээжний хөндийн зүүн талын хий хуралт, зүүн уушгины авчилт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Амь биед аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй. ...” /хх 44-45/ гэх дүгнэлт,

            Тээврийн цагдаагийн албаны 04 дугаартай мөрдөгчийн “...Жолооч Э.Х нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.1 “Жолооч уулзвараар баруун, зүүн гар тийш эргэхдээ тухайн хөндлөн замын зорчих хэсгийг явган хүний гарцаар хөндлөн гарч яваа явган зорчигч, мөн унадаг дугуйн зам буюу эгнээний огтлолцлоор хөндлөн гарч яваа унадаг дугуй, мопедод зам тавьж өгнө”, мөн дүрмийн 1.3 “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэсэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна. Явган зорчигч Ч.С нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн эсэх нь тогтоогдохгүй байна. ...” /хх 57/ гэх магадлагаа болон гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 2-3/, замын цагдаагийн газрын дуудлагын лавлагааны хуудас /хх 4/, зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 5-9, 12-13/, Гэмтэл согог, судлалын үндэсний төвийн осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудас, эмнэлгийн үзлэгийн баримтууд /хх 69-82/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогджээ.

Анхан шатны шүүх, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасны дагуу анхан шатны шүүхийн шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, мэдүүлэг, дүгнэлт, шинжлэн судалсан бусад нотлох баримтад үндэслэн шүүгдэгч Э.Хг “автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний биед хүнд хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Э.Хгийн “Toyota Sai” загварын 00-18 УАН улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.1. “Жолооч уулзвараар баруун, зүүн гар тийш эргэхдээ тухайн хөндлөн замын зорчих хэсгийг явган хүний гарцаар хөндлөн гарч яваа зорчигчид ...зам тавьж өгнө”, мөн дүрмийн 1.3. “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Ч.Сыг мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, хор уршиг, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулсан нь түүний хувийн байдал, гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байна.

Шүүгдэгч Э.Х, түүний өмгөөлөгч Б.Гүнсэнхорлоо нар “...ам бүл 5, нөхөр, 5-13 насны гурван хүүхэдтэй. Гурван хүүхдээ өсгөж, хүмүүжүүлэхийн тулд ажил хөдөлмөр эрхлээгүй, хүүхдүүдээ цэцэрлэг, сургууль, дугуйланд зөөж, тэднийг өсгөн бойжуулж, хүмүүжүүлэх ажлын хийж гүйцэтгэдэг. Шүүхээс түүнд Хан-Уул дүүргээс гарахыг хориглож, зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан нь хүүхдүүдээ цэцэрлэг, сургууль, дугуйлан секц, урлаг спортын арга хэмжээ зэрэгт зөөвөрлөх, хүүхдүүдийн өдөр тутмын амьдралтай холбоотой асуудлыг шийдвэрлэхэд бэрхшээл үүсгэхээр байна. ...Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Шүүгдэгч Э.Х нь үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж, хохирол төлбөрийг төлж барагдуулсан хэдий ч түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдал зэрэгт оногдуулсан ял тохирсон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасан зохицуулалтыг хэрэглэх үндэслэлгүй бөгөөд энэхүү заалтыг шүүх заавал хэрэглэх хэм хэмжээ биш, харин гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлсөн тохиолдолд хэрэглэж болох зохицуулалт тул шүүх дээрх зүйл хэсгийг хэрэглээгүй явдал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн нөхцөлд хамаарахгүй юм.

Шүүхээс оногдуулсан ял нь шүүгдэгчид үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийнх нь төлөө хуульд заасан ялын төрөл, хэмжээнд нийцүүлэн цээрлэл үзүүлэхийн зэрэгцээ, хохирлыг нөхөн төлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгод чиглэдэг бөгөөд шүүгдэгчийн хүсэл сонирхол, амьдралын нөхцөл, боломжид нийцүүлж ял оногдуулдаггүй тул шүүгдэгч Э.Х, түүний өмгөөлөгч Б.Гүнсэнхорлоо нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хүлээн авах боломжгүй гэж үзэв.

            Шүүгдэгч Э.Х нь ажил хөдөлмөр эрхлэх, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах, хүүхдүүдээ хичээл, сургуульд зөөх зэрэг бусад шаардлагатай тохиолдол гарсан үед Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 173, 174 дүгээр зүйлд зааснаар зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх нөхцөл, журмыг өөрчлүүлэх, түр өөрчлүүлэх хүсэлтийг эрх бүхий байгууллагад гаргаж шийдвэрлүүлэх эрх нээлттэй байгааг дурдах нь зүйтэй.

Иймд, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 2024/ШЦТ/340 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.Х, түүний өмгөөлөгч Б.Гүнсэнхорлоо нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 2024/ШЦТ/340 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.Х, түүний өмгөөлөгч Б.Гүнсэнхорлоо нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 ДАРГАЛАГЧ,

                         ШҮҮГЧ                                               Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

                         ШҮҮГЧ                                               Ц.МӨНХТУЛГА

                                     ШҮҮГЧ                                               Д.МӨНХӨӨ