2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 191/ШШ2025/00635

 

 

 

 

 

 

2025 01 27 191/ШШ2025/00635

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Л.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Монгол Улсын иргэн ******* регистрийн дугаартай  тоотод оршин суух Ш******* овогт М******* Х******* хүсэлттэй,

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч М.Х*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Тамжид нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Хүсэлт гаргагч шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: Миний бие 1986.09.01-ны өдөр тэр үеийн Худалдааны техник мэргэжлийн сургуульд элсэн орж худалдагч чиглэлээр суралцаж 1987 онд төгссөн. Сургуулиа төгсөөд тэр ондоо буюу 1987.10.19-ны өдрөөс Хүнсний их дэлгүүр 2т худалдагчаар ажилд орсон. Намайг ажилд ороод 9 жил болж байхад хүнсний 2 дугаар дэлгүүр хувьд гарч одоогийн Наран трейд болсон. Тэр үед ихэнх ажилчид ажлаасаа гарсан би 1995.12.31-ны өдөр ажлаасаа гарсан. Ажлаасаа гарахдаа хөдөлмөрийн дэвтэр болон бусад бичиг баримтаа аваагүй учир хариуцаж байсан ажилтан нь ажлаас гарч хариуцах хүнгүй болсон. Одоогоор өндөр насны тэтгэвэрт авахаар байцаагчтайгаа уулзахад 1987-1995 оныг хүртэлх ажилласан жилээ шүүхээр тогтоолгоор ир гэсэн. Архиваас баримт шүүлгэхэд ажилд орсон 1987.11.02-ны өдрийн 102 Улаанбаатар хотын хүнсний бараа худалдааны нэгдлийн харьяа хүнсний их дэлгүүрийн даргын тушаал болон 1990.06.25-ны өдрийн ХИД-ийн зохион байгуулалтад өөрчлөлт оруулах ба эхний хагас жилийн тооллогтой холбогдсон зарим арга хэмжээний тухай 118 тушаал гарч ирсэн өөр баримт гарч ирээгүй. Иймд намайг 1987-1995 оныг хүртэл Улаанбаатар хотын хүнсний бараа худалдааны нэгдлийн харьяа хүнсний их дэлгүүр худалдагчаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч М.Х******* нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-т хүний ажиллаж байсан байдал-ыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно гэж зохицуулжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1 дэх хэсэгт иргэн, хуулийн этгээдийн эдийн болон эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ гэсний дагуу хүний ажиллаж байсан байдлыг тогтоох нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал байна.

Хүсэлт гаргагч М.Х******* нь 1987 оны 10 дугаар сарын 19-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд Улаанбаатар хотын Хүнсний бараа худалдааны нэгдлийн харъяа Хүнсний 2 дугаар дэлгүүр, ХИД дэлгүүрт тус тус худалдагчаар ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан Улаанбаатар хотын Хүнсний бараа худалдааны нэгдлийн харъяа Хүнсний их дэлгүүрийн даргын 1987 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 102, 1990 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 118 дугаартай тушаалууд, М.Х******* ХААТР-1, 15, 21, 7 дугаар улсын бүртгэлийн баримт, фото зураг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Хүсэлт гаргагчийг ажлаас чөлөөлсөн тушаал архивт хадгалагдаагүйн улмаас ажилласан жил тогтоох боломжгүй байх тул түүний ажиллаж байсныг нотлох дээрх баримтуудыг үндэслэн шүүхийн журмаар ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.

Иймд хүсэлтийг хангаж М.Х*******г 1987 оны 10 дугаар сарын 19-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд Улаанбаатар хотын Хүнсний бараа худалдааны нэгдлийн харъяа Хүнсний 2 дугаар дэлгүүр, ХИД дэлгүүрт тус тус худалдагчаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан ******* регистрийн дугаартай Ш******* овогт М******* Х*******г 1987 оны 10 дугаар сарын 19-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд Улаанбаатар хотын Хүнсний бараа худалдааны нэгдлийн харъяа Хүнсний 2 дугаар дэлгүүр, ХИД дэлгүүрт тус тус худалдагчаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т заасныг тус тус баримтлан хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг 14 хоногийн дараа гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ