Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 08 сарын 13 өдөр

Дугаар 303/ШШ2025/00593

 

   

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Хүсэлт гаргагч: *******,

Хүсэлтийн шаардлага: ******* эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг 2025 оны 7 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч ******* нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* эрэн сурвалжлуулахаар нэхэмжлэл гаргасан. Хүсэлт гаргагч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

H.Байгалмаа миний бие 2009 онд ******* танилцаж, 2010 оны 5 дугаар сарын 31-ний өдөр охин ******* төрүүлсэн. Тухайн үед Өвөрхангай аймгийн Арвайхээр хот, Ягаан толгой 3-36-36 тоот хаягт 1 жил орчим хамт амьдраад салсан. Энэ цаг үеэс хойш холбоогүй байгаа ба хааяа утсаар ярих тохиолдол байдаг. Би охиноо өөрөө өсгөсөн ба ааваас нь ямар ч тусламж дэмжлэг авч байсангүй, хааяа тусламж гуйхаар биднийг тоодоггүй юм. Охин минь одоо 15 настай ба ерөнхий боловсролын 9 дүгээр анги төгссөн. Цаашид сурч боловсроход эдийн засгийн хувьд дэмжлэг шаардлагатай байх ба хүүхэд төрсөн эцгийгээ мэдэх эрхтэй гэж би бодож байна. Иймд эцэг тогтоолгох болон тэтгэлэг тогтоолгох хүсэлтэй байгаа ба ******* нь хаана ямар хаягт оршин суудаг талаар мэдэхгүй байх ба өөрөөс нь асуухаар Улаанбаатар хотод Хан-уул дүүрэгт байр түрээслэн амьдардаг гэхээс өөр мэдээлэл надад өгөхгүй байна. Иймд миний охины эрх ашгийг хамгаалах үүднээс Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-т заасны дагуу *******эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагчаас иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, шүүхэд төлөөлөх итгэмжлэл зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна гэж үзэв.

Хүсэлт гаргагч ******* нь ******* 2009 онд танилцаж, хамтын амьдралын хугацаанд охин ******* төрүүлсэн. Охин маань 15-н настай, охины сурч боловсроход эдийн засгийн дэмжлэг хэрэгтэй байна. Иймд ******* хүүхдийн тэтгэлэг тогтоолгох шаардлагатай байх тул түүнийг эрэн сурвалжлуулна гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* нь оршин суугаа газар нь мэдэгдэхгүй болсон нь хүсэлт гаргагчийн тайлбар, бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд ******* хүсэлтийг хүлээн авч, иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох оршин суугаа газар нь мэдэгдэхгүй ******* регистрийн дугаартай, ******* эрэн сурвалжлах нь зүйтэй байна.

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* регистрийн дугаартай, ******* эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Баянхонгор аймгийн Цагдаагийн газарт даалгаж шийдвэрлэв.

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасныг баримтлан иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* регистрийн дугаартай, ******* эрэн сурвалжилсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар ******* регистрийн дугаартай, ******* эрэн сурвалжилж оршин суугаа хаягийг тогтоох ажиллагааг хийж, хүсэлт гаргагч ******* мэдэгдэхийг Баянхонгор аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагч ******* улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАТЗАЯА