| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Ундраа |
| Хэргийн индекс | 101/2024/08770/И |
| Дугаар | 191/ШШ2025/02727 |
| Огноо | 2025-04-02 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 02 өдөр
Дугаар 191/ШШ2025/02727
2025 04 02 191/ШШ2025/02727
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Ундраа би,
Нэхэмжлэгч: *** оршин суух, Э.Н******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: *** оршин суух Д.Б******* /РД: *******/-д холбогдох,
Эцэг тогтоолгох хүүхдийн асрамж, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Э.Н******* миний бие нь 2021 онд Д.Б*******той танилцаж байсан. Бидний хувьд хамт амьдарч байгаагүй. Бид 3 жил үерхэсэн бөгөөд 2023 оны 11-р сарын сүүлээр зан байдлын таагүй байдал болон найз нөхдийнх нь хов живээс болж, салж байсан.
Салсаныхаа дараа жирэмсэн гэдгээ мэдсэн, Д.Б*******ид тухай үед хэлж хоорондоо ярилцаад, хүүхдээ гаргахаар болсон. Гэвч Д.Б*******ийн найзууд нь түүнд чиний хүүхэд биш гэх мэтийн хов живнээс болж, тэр хүмүүсийн үгэнд итгэж, наадах чинь миний хүүхэд биш гэх мэтээр намайг хэл амаар доромжилж байсан.
Ийнхүү 2024 оны 7-р сарын 24-ний өдөр хүү Н.О******* мэндэлсэн. Бид гэрлэлтийн баталгаагүй. Бид зан харилцааны тааламжгүй байдлын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй. Хүү маань миний асрамжинд өсч торниж байгаа.
Иймд хүү Н.О*******ын эцэг Д.Б******* мөн болохыг тогтоолгож, хүүхдийн асрамжийг өөрт үлдээж, эцэг Д.Б*******оос хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Э.Н*******ийн нэхэмжлэлтэй хариуцагч Д.Б*******ид холбогдох эцэг тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагчийн зүгээс дараах тайлбарыг гаргаж байна.
Хариуцагч Д.Б******* миний бие нэхэмжлэгч Э.Н*******тэй 2021 оны 01 дүгээр сараас хлэн үерхэж найзлах болсон бөгөөд үерхэж байх хугацаанд нэхэмжлэгч Э.Н******* нь шөнийн цэнгээний газарт бүжиглэдэг, байнга согтууруулах ундааны зүйл хэрэглэж, надтай зүй бусаар удаа дараа хандаж харьцдаг, миний ажилладаг ажлын байранд согтуу ирж хэрүүл маргаан үүсгэх, үйлчлэгч нарын машин техникт гэмтэл учруулж намайг өр төлбөрт оруулах мөн надтай үерхэж байх хугацаандаа бусад залуучуудтай ойр дотны харилцаанд ордог байсаныг мэдэж 2023 оны 07 дугаар сард харьцаагаа тасалсан болно.
Нэхэмжлэгч Э.Н*******тэй харьцаагаа тасалснаас хойш тэрээр өөр утасны дугааруудаас байнга залгаж зүй бус хэллэг хэлж айлгаж дарамталдаг, ажлын байранд ирж хэрүүл хийдэг байснаас гадна хүүхдийн эцэг гэх залуу хүртэл надтай утсаар ярьж гутаан доромжилдог болсон.
Нэхэмжлэгч Э.Н*******ийн хүүхэд төрсний дараа түүний хүсэлтээр 2024 оны 08 дугаар сарын 26 ны өдөр "******* эмнэлэгт ДНХ-ийн адитган харьцуулах шинжилгээ хийлгэсэн бөгөөд шинжилгээгээр Д.Б******* нь Н******* овогтой О*******ын биологийн эцэг байх магадлал 0,0 хувь гэх хариу гарсан.
Гэтэл шинжилгээний хариугаар хариуцагч намайг хүүхдийн биологийн эцэг байх магадлалгүй гэсээр байтал нэхэмжлэгч нь надаас байнга мөнгө нэхэх, хэрүүл маргаан үүсгэхийг оролдох зэргээр байнгын дарамт үүсгэж хүчээр хүүхдийн эцэг байхыг хүлээн зөвшөөрүүлэх үйлдэл гаргаж байснаас гадна сүүлийн үед том эгчид минь хүртэл дарамт үүсгэх зорилгоор утасдаж, элдвээр хэлдэг болоод байна.
Иймд нэхэмжлэгч Э.Н*******ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан хүсэлтдээ: Тус шүүхэд хянагдаж байгаа Э.Н*******ийн нэхэмжлэлтэй, Д.Б*******ид холбогдох "Хүүхдийн эцэг тогтоолгох, хүүхдийн асрамж тогтоож, тэтгэлэг гаргуулах" тухай шаардлага бүхий иргэний хэргийн нэхэмжлэгч миний бие, уг асуудлыг шүүхийн журмаар шийдвэрлүүлэх шаардлагагүй болсон тул нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзах хүсэлтийг гаргаж байна.
Миний бие хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд ийнхүү дээрх нэхэмжлэлийн шаардлагуудаасаа бүхэлд нь татгалзаж байгаа тул хуулийн дагуу шийдвэрлэж өгөхийг хүсч байна.
Иймд хэргийг яаралтай, хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Э.Н******* нь хариуцагч Д.Б*******ид холбогдуулан, хүүхдийн эцэг тогтоолгох, хүүхдийн асрамж тогтоож, тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан байна.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ гэж, мөн 74.2-т Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзал, хариуцагчийн зөвшөөрөл, зохигч талуудын эвлэрэл, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана гэж заасныг баримтлан, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д тус тус заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Э.Н*******ийн гаргасан хариуцагч Д.Б*******ид холбогдох, хүүхдийн эцэг тогтоолгох, хүүхдийн асрамж тогтоож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 198,954 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаатай холбогдуулан зохигч давж заалдах болон хяналтын шатны журмаар гомдол гаргахгүйгээс гадна тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл, гомдол гаргахгүй болохыг тус тус дурдсугай.
4. Энэхүү захирамж гарсан даруй хүчин төгөлдөр болох ба гомдол гаргахгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.УНДРАА