| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гончигсумын Сарантуяа |
| Хэргийн индекс | 150/2018/00031/Э |
| Дугаар | 31 |
| Огноо | 2018-04-13 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Гантулга |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 04 сарын 13 өдөр
Дугаар 31
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Г.Сарантуяа даргалж,
нарийн бичгийн дарга С.Цэнд-Аюуш,
улсын яллагч Э.Гантулга ,
шүүгдэгч Ж.Ганзориг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Бурд овогт Жаргалсайханы Ганзоригт холбогдох 1833000200025 тоот эрүүгийн хэргийг 2018 оны 04-р сарын 23-ний өдөр хүлээн авч шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1981 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, замчин мэргэжилтэй Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 2-р баг Дөмбөн хороолол 3-11 тоотод оршин суух хаягтай, Бурд овогтой Жаргалсайханы Ганзориг /РД: МЮ81041370/
Үйлдсэн хэргийн талаар:
Шүүгдэгч Ж.Ганзориг нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 15 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 1-р багийн нутаг Консербанц-1 гэх газарт Ц.Баярмагнайг “ намайг цагаан сараар золгох гэхэд золгосонгүй” гэх шалтгаанаар зодож улмаар биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Эрүүгийн1833000200025 тоот хэргээс
1.Хохирогч Ц.Баярмагнайгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /х.х-ийн 25-26-р хуудас/
2.Гэрч Д.Нямсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /х.х-ийн 28-р хуудас/
3.Гэрч Г.Ганхүүгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /х.х-ийн 30-р хуудас/
4.Шинжээчийн 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн No292 дугаартай шинжээчийн дүгнэлт /х.х-ийн 20-р хуудас/
5.Шүүгдэгч Ж.Ганзоригийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг зэргийг уншиж сонсгон шинжлэн хэлэлцүүлэв. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй байна.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судалбал:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ж.Ганзориг нь 2018 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 15 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 1-р багийн нутаг Консербанц-1 гэх газарт хохирогч Ц.Баярмагнайг “ цагаан сараар золгох гэж гэрт нь очиход золгосонгүй гэх шалтгаанаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зодож биед нь зүүн талын 7,8-р хавирганы битүү хугарал, зүүн нүдний зовхи, салст, хацар дээд уруулын гадна, дотор хэсэг, цээжний цус хуралт зүүн хөмсөг, хацарт зулгаралт бүхий гэмтэл учруулсан нь:
1.Хохирогч Ц.Баярмагнайгийн “...2018 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 15 цагийн орчим Дарханаас хамаатан ах дүү нар ирээд гэртээ оруулж цай унд уулгачихаад явуулчихаад малчин Г.Ганхүүгийн гэрт ороод унтаж байхад нэг мэдэхэд л нүүрлүү хүн цохиод цээжрүү өшиглөөд тэгээд би ухаан алдсан байсан. Би бүүр ухаан санаа самуураад хэзээ юу болсны ч сайн санахгүй байна. Ямар ч байсан намайг цохиод хөшиглөөд ухаан алдуулсныг л санаж байна. Ганзориг миний нүүрлүү 2-3 удаа цохисон, цээжрүү 2-3 удаа хөшиглөж дэвсэж байсныг санаж байна...” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 25-26-р хуудас/
2.Гэрч Д.Нямсүрэнгийн “...2018 оны 02 дугаар сарын 19-ний өдөр манай гэрт төмөр замд ажилладаг Ж.Ганзориг гэдэг ах орж ирэхээр нь би цай хийж өгөхөд уугаад сууж байгаад Ц.Баярмагнай ахыг чи намайг ирж золгоход яагаад золгохгүй байсан юм бэ гэж хэлээд манай малын эзэн Ц.Баярмагнай ахыг гэрийн зүүн талын орон дээр хэвтэж байхад нь бос гэж хэлээд босохгүй болохоор нь орон дээрээс түлхээд унагаасан. Тэгэхэд нь Баярмагнай ах Ганзориг ахаас уучлаарай гэж хэлэхэд Ж.Ганзориг ах Баярмагнай ахын нүүрлүү нь 2 удаа цохиод, зүүн талын цээж хэсэг рүү нь 1 удаа хөшиглөсөн. Тэгээд Баярмагнай ах орон дээрээ эвхрээд унасан...” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 28-р хуудас/
3.Гэрч Г.Ганхүүгийн “...2018 оны 2 дугаар сарын 19-ний өдөр манай гэрт төмөр замд ажилладаг Ганзориг гэж ах орж ирээд малын эзэн Баярмагнай ахыг гэрийн зүүн талын орон дээр хэвтэж байхад нь бос гэж хэлээд босохгүй болохоор нь Баярмагнай ахыг орон дээрээс түлхээд унагаасан. Тэгэхэд Баярмагнай ах Ганзориг ахаас уучлаарай гээж хэлэхэд Ганзориг ах сандал дээр суусан. Тэгээд эхнэр Нямсүрэн Ганзориг ахад цай хийж өгөхөд урд талдаа тавьчихсан сандал дээрээсээ босоод Баярмагнай ахын нүүрлүү нь 2 удаа цохиод, цээжрүү нь 1 удаа өшиглөсөн...” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 30-р хуудас/
4.2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 292 тоот шинжээчийн
1.Ц.Баярмагнайгийн биед зүүн талын 7,8-р хавирганы битүү хугарал, зүүн нүдний зовхи, салст, хацар дээд уруулын гадна, дотор хэсэг, цээжний цус хуралт зүүн хөмсөг, хацарт зулгаралттай гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр тухай хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой
3.Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт /ХХ-ийн 20-р хуудас/
Шүүгдэгч Ж.Ганзоригийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: Цагаан сараар шинийн 1,2-нд Баярмагнай ахын гэрт нь очоод Монгол хүн байна даа гээд золгох гэтэл хойшоогоо гэдийчихээд золгохгүй байсан. Тэрэнд нь их юм бодсон. Ажил дээрээ уучихаад очоод ахыгаа хэд цохисон. Буруу зүйл хийсэн. Хохирол төлбөрт 2.838.000 төгрөг төлсөн гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар үйл баримт хангалттай тогтоогдож байна.
Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний халдашгүй чөлөөтэй байх эрх, эрх чөлөөнд гэм буруугийн шууд санаатай үйлдлээр халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл юм.
Прокуророос шүүгдэгч Ж.Ганзоригийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллагдагчаар татан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэн хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн нь хуулийн шаардлагад нийцсэн байна.
Иймд шүүхээс шүүгдэгч Ж.Ганзоригийг бусдын биед хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй.
Шүүгдэгч Ж.Ганзориг нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч энэ талаар маргахгүй байгаа болно.
Хохирогч гэмт хэргийн улмаас учирсан хохирлын нотлох баримт шүүхэд ирүүлээгүй ба шүүгдэгч гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 2.838.000 төгрөг төлсөн нь Хаан банкны орлогын мэдүүлэг, дансны хуулга зэрэг нотлох баримтаар тогтоогдож байгаа тул хохирол нөхөн төлсөн гэж үзсэн болно./х.х-ийн 46-48-рт/
Эрүүгийн хариуцлагын талаар :
Ж.Ганзориг нь хүний биед хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай тул Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна .
Прокурор Ж.Ганзоригт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаархи саналыг шүүгдэгчид танилцуулж, гарын үсэг зуруулсан нь хуульд нийцэж байна.
Иймд прокурорын саналыг харгалзан шүүгдэгч Ж.Ганзоригт Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэлээ. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар нэг нэгж нь нэг мянган төгрөгтэй тэнцүү болно.
Шүүгдэгч Ж.Ганзориг нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Ганзоригт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.
Хохирогч шүүх хуралдаанд оролцох хүсэлт гаргаагүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дүгээр зүйлийн 7-д зааснаар түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно. Шүүгдэгч өөрийн хүсэлтээр өөрөө өөрийгөө өмгөөлөн шүүх хуралд орсон болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 7, 8, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Бурд овогт Жаргалсайханы Ганзоригийг хүний биед хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ж.Ганзоригийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 / таван зуун мянга/ төгрөгөөр торгож шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Ж.Ганзориг 500.000 төгрөгөөр торгох ялыг 02 сарын дотор хэсэгчлэн төлж барагдуулахаар тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлэхгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5.Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй,бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Шүүгдэгч Ж.Ганзориг хохирогч Ц.Баярмагнайд 2.838.000 төгрөг төлсөн болохыг дурдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийг бичгээр үйлдэж, улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нарт гардуулсугай.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч шүүхийн шийлвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэрүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.САРАНТУЯА