Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 2024/ДШМ/739

 

  2024           06            26                                          2024/ДШМ/739

 

Т.Б-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Д.Мөнхөө, шүүгч М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор С.Бат-Орших,

шүүгдэгч Т.Б, түүний өмгөөлөгч Ц.Цэрэнням,   

нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Доржсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 2024/ШЦТ/321 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Э.Н болон шүүгдэгч Т.Б-н өмгөөлөгч У.Хүрэлсүх нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Т.Б-д холбогдох 2410 00693 0297 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.      

Б овгийн Т-н Б, .... оны .. дүгээр сарын ..-ний өдөр ........... төрсөн, .. настай, эрэгтэй, дээд боловсролтой, дизайнер мэргэжилтэй, “С м” ХХК-д менежер ажилтай, ам бүл 2, эхийн хамт ............ тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ........../;  

Шүүгдэгч Т.Б нь хохирогч Э.Н-тэй урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, буцаан өгөх зорилгогүйгээр Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхад нь “мөнгө зээлээч“ гэж 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 150.000 төгрөгийг дансаар, “тайлан бичихэд ашиглаад буцаагаад өгнө” гэж 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр “Dell i7” загварын 2.100.000 төгрөгийн үнэлгээ бүхий нөүтбүүкийг, “мөнгөний хэрэг гараад нөүтбүүкийг барьцаанд тавьсан, хугацаа дуусаж алдах гээд байна” гэж 600.000 төгрөгийг тус тус хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, үргэлжилсэн үйлдлээр нийт дансаар 750.000 төгрөг болон 2.100.000 төгрөгийн эд хөрөнгийг өөрийн өмчлөлд шилжүүлэн авч залилах гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Т.Б-н үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Т.Б-г үргэлжилсэн үйлдлээр хуурч, цахим хэрэгсэл ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б-г 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, уг хорих ялыг нээлттэй байгууллагад эдлүүлэхээр тогтоож, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, баривчлагдсан хугацаагүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй болохыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Т.Б-с хохирол, хор уршгийн зардалд 2.910.000 төгрөгийг гаргуулан хохирогч Э.Н-д олгохоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Т.Б-н өмгөөлөгч У.Хүрэлсүх тус шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “... Анхан шатны шүүхээс “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлөөгүй, хор уршиг арилаагүй, хохирогчийн зөрчигдсөн эрх сэргээгдээгүй байдлыг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан” хэсгийг эс зөвшөөрч байна. Гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар нь хохирогчид нийт 2.910.000 төгрөгийн хохирол учирсан. Нөүтбүүкийг буцаан өгөөгүй шалтгаан нь согтуу байхдаа хулгайд алдаж, хүүхдийн мөнгөн тэтгэмж төлөх шалтгаанаар гэмт хэрэг үйлдсэн байна. Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлаа анхнаасаа сайн дурын үндсэн дээр хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн байна. Хувийн байдлын хувьд “Санко маркетинг монголиа” ХХК-ийн инженер техникийн албаны инженер ажилтай, нэг сарын 2.046.000 төгрөгийн цалинтай, тус байгууллагын шилдэг залуу ажилчдын нэг, хамт олны дунд нэр хүндтэй, хариуцсан ажилдаа зүтгэлтэй, өгсөн үүрэг даалгаврыг хугацаанд хийж гүйцэтгэдэг, хувийн манлайлал сайтай зэрэг нь ажил байдлын тодорхойлолтоор тогтоогдож, эрүүл мэндийн хувьд Трофическая язва голени буюу зангилаат улайрал өвчтэй, байнгын эмчилгээ, асаргаа шаардагдах арьсны өвчтэй нь эмчийн үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдож байна. Анхан шатны шүүхээс “... Шүүдэгч эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан лавлагаагаар урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов, ... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хөнгөн ангилалд хамаарна” гэж дүгнэсэн болон хохирогч Э.Н-д 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хохирогчийн зөрчигдсөн эрхийг сэргээж хохирол болох 2.910.000 төгрөгийг төлж, хохирогчоос цаашид нэхэмжлэх зүйлгүй, хохирол санал гомдолгүй, хорих ялаас өөр төрлийн ялаар шийтгэж өгнө үү гэсэн бичиг зэргийг харгалзан үзэж Т.Б-д оногдуулсан хорих ялыг хорихоос өөр төрөл болох торгуулийн ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү. ...” гэжээ.

Хохирогч Э.Н давж заалдах гомдолдоо: “... Миний бие Т.Б-с 2.910.000 төгрөгийг өөрийн дансаар 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авсан болно. Цаашид нэхэмжлэх зүйлгүй, хохирол санал гомдолгүй тул Т.Б-д хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү. ...” гэжээ.

Шүүгдэгч Т.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Би үйлдсэн гэмт хэрэгтээ маш их гэмшиж байна. Дахин гэмт хэрэгт холбогдохгүй тул надад хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Т.Б-н өмгөөлөгч Ц.Цэрэнням тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Давж заалдах гомдлыг дэмжиж байна. Т.Б нь 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдөр гэмт хэргийн улмаас хохирогч Э.Н-д учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Т.Б нь ам бүл 2, эхийн хамт амьдардаг бөгөөд эрүүл мэндийн шалтгааны улмаас байнгын эмчийн хяналтад байдаг. Мөн “С м м” ХХК-ийн инженер техникийн албаны инженер ажилтай. Нөхцөл байдлыг буруугаар ойлгосны улмаас уг гэмт хэрэгт холбогдсон. Т.Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн бөгөөд тэрээр эрх зүйн мэдлэггүйн улмаас хохирол төлбөрийг төлж барагдуулж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргах боломжтой болохыг мэдээгүй. Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан Т.Б-д хорихоос өөр төрлийн ял оногдуулах, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү. ...” гэв.

Прокурор С.Бат-Орших тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Шүүгдэгч Т.Б нь анх удаа гэмт хэрэгт холбогдсон бөгөөд гэм буруугийн асуудлаар маргадаггүй. Хохирогчид учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан байна. Иймд түүнд хорихоос өөр төрлийн ял оногдуулахад прокурорын зүгээс татгалзах зүйлгүй. ...” гэв.

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Шүүгдэгч Т.Б нь хохирогч Э.Н-тэй урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, буцаан өгөх зорилгогүйгээр Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхад нь “мөнгө зээлээч“ гэж 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 150.000 төгрөгийг дансаар, “тайлан бичихэд ашиглаад буцаагаад өгнө” гэж 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр “Dell i7” загварын 2.100.000 төгрөгийн үнэлгээ бүхий нөүтбүүкийг, “мөнгөний хэрэг гараад нөүтбүүкийг барьцаанд тавьсан, хугацаа дуусаж алдах гээд байна” гэж 600.000 төгрөгийг тус тус хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, үргэлжилсэн үйлдлээр нийт дансаар 750.000 төгрөг болон 2.100.000 төгрөгийн эд хөрөнгийг өөрийн өмчлөлд шилжүүлэн авч залилсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Э.Н-н “...2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр фейсбүүкийн мессенжерээр над руу Б “C” гэх нэртэй муурын зурагтай хаягаар чат бичиж орж ирсэн, бичихдээ “Ажлын тайлангаа хийж дуусгаад маргааш өглөө 8 цагт буцаагаад өгье, чи зөөврийн компьютероо түр хэрэглүүлээч” гэж хэлэхээр нь би тухайн үедээ таньдаг юм чинь, миний ардаас гүйгээд байдаг залуу болохоор итгээд, мөн “маргааш нь авч ирээд өгье, ажлын тайлангаа хийнэ” гэж хэлсэн болохоор нь итгээд зөвшөөртөл тухайн өдрөө манай гэрээс 21 цагийн үед ганцаараа ирээд аваад явсан. Маргааш нь над руу чат бичихгүй, холбоо барихгүй алга болохоор нь би ажлын газар болох МУИС-ийн Бизнесийн их сургуулийн 4 дүгээр байрны ертөнцийн зүгээр хойд талд барилга дээр яваад очтол тэнд ажиллаж байсан хүн “наад хүн чинь 7 хоногийн чөлөө авсан” гэж хэлсэн. Т.Б рүү хоёр өдөр тасралтгүй залгаад утсаа аваад надад хандаад “манай өвөө нас барсан, би хөдөө байна, би очихоороо чиний зөөврийн компьютерыг өгье” гэж хэлэхээр нь итгээд хүлээсэн. Гэтэл 7 хоногийн дараа надад хандаад “яг үнэндээ манай найз чиний зөөврийн компьютер дээр чинь суугаад нугасыг нь хугалсан юм, энийг нь засуулахад их хэмжээний мөнгө орох юм байна, мөнгө зээлэх үү” гэж хэлэхээр нь би “надад тийм их хэмжээний мөнгө байхгүй” гэж хэлсэн. Тэр өдрөөс хойш нэг сар өнгөрсөн. Надад Б нь “манай найз чиний зөөврийн компьютерыг чинь мөнгөний хэрэг болоод ломбардад тавьсан” гэж хэлсэн. 2023 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Б над руу чат бичээд “манай найз чиний зөөврийн компьютерыг ломбардад тавьсан, нэг цагийн дотор мөнгөө өгөхгүй бол хураагдах юм байна, чи мөнгө өгчих, чи зөөврийн компьютероо алдаж байснаас 600.000 төгрөгийг өгсөн нь дээр биз дээ” гэж хэлэхээр нь би “ахаасаа зээлээд өгье гэж хэлээд 600.000 төгрөгийг тус өдрөө 2023 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 20 цаг 18 минутад “Хаан” банкны өөрийн данснаас Голомт банкны .......... тоот данс руу шилжүүлсэн боловч мөн л миний зөөврийн компьютерыг буцаан өгөөгүй. ...” /хх 15-16, 18/,

гэрч Ө.Ц-н “... Би Голомт банкны ..........дугаартай дансыг эзэмшдэг. Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулдаг “Б” гэх нэртэй компьютер тоглоомын газар админ буюу тооцооны хэсэгт ажилладаг. Манайхаар байнгын үйлчлүүлдэг “С” гэж өөрийгөө нэрлэдэг залуу 2023 оны 12 дугаар сарын сүүлээр намайг ажиллаж байхад надад хандаад “чи картаа ашиглуулаач, би картгүй, миний банк блоклогдсон болохоор дансаа янзалтал чи картаа ашиглуулаач, би дараагийн ээлж дээр чинь чиний картыг өгнө” гэж хэлээд гуйгаад байхаар нь би “Голомт банк”-ны өөрийн 2..........4 дугаартай дансны картыг өгсөн. 2024 оны 01 дүгээр сарын эхээр инстаграмм хаягаар над руу “чи интернэт хаягийнхаа нууц үгийг өгөөч, миний банк блоклогдсон, банкаа зүгээр болтол хэсэг ашиглаад буцаагаад өгье” гэж хэлэхээр нь би зөвшөөрөөд өөрийн нэвтрэх нэр, нууц үгийг бичиж явуулсан. Би тухайн үедээ сонирхоод өөрийн дансаар хааяа орж шалгах үед орлого оруулаад тэр хэмжээгээрээ зарлага гаргадаг байсан. Картаа өгсөн өдрөөс хойш надтай уулзаагүй. ...” /хх 20-21/ гэсэн мэдүүлгүүд,

“Хас үнэлгээ” ХХК-ийн хөрөнгө, даатгалын хохирлын шинжээчийн үнэлгээний тайлан, Э.Н-с нөүтбүүк үнэлгээ хийлгэхээр төлсөн төлбөрийн баримт /хх 25-29/, Ө.Ц-н Голомт банкны ....... дугаартай дансны хуулга /хх 55-57/, хохирогч Э.Н-н Хаан банкны ........... дугаартай, ..... дугаартай дансны хуулга, мессенжер чатын хуулбар /хх 60-65/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх шүүгдэгч Т.Б-г үргэлжилсэн үйлдлээр бусдыг хуурч, цахим хэрэгсэл ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилснийг Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.

Анхан шатны шүүх шүүгдэгч Т.Б-н гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, зарим хохирол нөхөн төлөгдөөгүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор буюу 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Гэвч давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “...шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж ... болно.” гэж заасан эрх хэмжээний хүрээнд, шүүгдэгч Т.Б-н гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, учруулсан хохирлоо нөхөн төлж гэм хорыг арилгасан нөхцөл байдал, хохирогч Э.Н-с “... гомдол саналгүй...” гэсэн хүсэлт, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгчид тухайн зүйл, хэсэгт зааснаар 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл журамд нийцнэ гэж дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Т.Б нь 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдрөөс 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдөр хүртэл цагдан хоригдсон нийт 50 хоногийн нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцон /50х15.000=750.000/ эдлэх ялаас нь хасаж /1.000.000-750.000=250.000/, түүний эдлэх ялыг 250.000 төгрөгөөр торгох ялаар тогтоож, түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг хуульд заасан хугацааны дотор буюу 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

Харин шүүгдэгч Т.Б нь оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцон хорих ялаар сольж болохыг мэдэгдэх нь зүйтэй.

Иймд шүүгдэгч Т.Б-н өмгөөлөгч У.Хүрэлсүхийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтүүдийг оруулав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 2024/ШЦТ/321 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын “... шүүгдэгч Б овогт Т-н Б-г 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.” гэснийг “... шүүгдэгч Б овогт Т-н Б-г 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.” гэж өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Т.Б-н нийт цагдан хоригдсон 50 хоногийн нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцон /50х15.000=750.000/, эдлэх ялаас нь хасаж /1.000.000-750.000=250.000/, түүний эдлэх ялыг 250.000 /хоёр зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.” гэсэн,

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Т.Б нь шүүхээс оногдуулсан 250.000 төгрөгийн торгох ялыг 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.” гэсэн,

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Т.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцон хорих ялаар солихыг мэдэгдсүгэй” гэсэн тус тус нэмэлт заалт оруулсугай.

3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтыг хүчингүй болгож, бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Т.Б-г нэн даруй суллаж, түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

4. Шүүгдэгч Т.Б нь гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд хохирогч Э.Н-д 2.910.000 /хоёр сая есөн зуун арван мянга/ төгрөг төлснийг дурдсугай.

5. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                            Т.ӨСӨХБАЯР

ШҮҮГЧ                                                            Д.МӨНХӨӨ

            ШҮҮГЧ                                                            М.АЛДАР