Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2021/01776

 

 

2021 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2021/01776

 

Х ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 183/ШШ2021/02211 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Х ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч М ХХК-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1 113 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Б хариуцагчийн өмгөөлөгч Б.Э шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдөр HMD-08/18 дугаартай зээлийн гэрээг байгуулсан. Гэрээний дагуу нийт 1 100 000 000 төгрөгийг зээлдүүлэхээр тохиролцож, гэрээ байгуулсан өдөр буюу 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдөр эхний төлбөр 700 000 000 төгрөгийг зээлдэгчид шилжүүлсэн. Зээлийн гэрээний 3.1-т заасны дагуу зээлээ эргэн төлөх, үүргийн гүйцэтгэлийн хангах зорилгоор, зээлдэгч нь өөрийн өмчлөлийн 15 ширхэг тээврийн хэрэгслийг барьцаалж, 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдөр НМО-8/18 дугаартай хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулсан. Зээлийн гэрээний 2.1-т зээлдэгч нь зээлийг барилгын төслийн ажил эхлүүлэх зориулалтаар ашиглах зорилготой бөгөөд уг барилгын ажил хийгдэх эсэхийг 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдөр гэхэд шийдсэн байна. 2.2-т Хэрэв дээр дурдсан барилгын төслийн ажил нь 2018 оны 7 дугаар сарын 30-ны гэхэд хийгдэхгүй болсон буюу төсөл хэрэгжихгүй болсон бол зээлдэгч нь зээлийг дээр дурдсан өдрийн дотор зээлдүүлэгчид бүрэн шилжүүлнэ гэж заасан. Гэтэл хариуцагчийн зээл авсан зориулалт бүхий төсөл огт хэрэгжээгүй, хэрэгжих боломжгүй болсон тул зээлийн төлбөрийг буцаан шилжүүлэх асуудлаар тус компанид удаа дараа шаардлага хүргүүлж, уулзалт хийж байсан боловч үр дүн гараагүй. Зээлийн гэрээний 2.5 дахь хэсэгт заасны дагуу зээлийг 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдөр төлөөгүй бол олгосон өдрөөс эхлэн зээл төлөхөөр заасан өдөр хүртэлх хугацаанд сарын 3 хувийн хүү тооцохоор тохиролцсон тул 2 сарын хүү 42 000 000 төгрөг, алданги 10 335 хоногийн 3 839 850 000 төгрөг, үүнээс Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн 50 хувь болох 371 000 000 төгрөгийн алданги нэхэмжлэх үндэслэлтэй байна. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэг, 232.1.3 дахь хэсэг, 232.6.4 дэх хэсэгт заасны дагуу М ХХК-аас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 700 000 000 төгрөг, хүү 42 000 000 төгрөг, алданги 371 000 000 төгрөг, нийт 1 113 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Манай компани 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Х ХХК-тай зээлийн гэрээ байгуулан 700 000 000 төгрөг авсан нь үнэн болно. Энэхүү зээлийн мөнгөөр санхүүжилт болон бусад санхүүгийн нөхцөл байдлаа шийдэж Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын барилга барих тендерт оролцож байсан тул гэрээг 2 сарын хугацаатай байгуулсан. Тендертэй холбоотой санхүүгийн асуудлаа шийдвэрлэн цаашид хамтран уг тендер, төсөлд хамтран оролцохоор анхнаасаа талууд төлөвлөсөн тул зээлийн гэрээнд цаашид хамтран ажиллах талаар тусгайлан заалт оруулсан байдаг. Улмаар барилга барих тендерт манай компани нь шалгаран оролцох болсон тул зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.2, 2.3 дахь заалтын дагуу түншлэлийн гэрээг байгуулан оролцсон. Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын барилга барих тендерт оролцсон нэрээрээ буюу Х ХХК нь Ньюгор ХХК-аар, манай М ХХК нь Shanxi Huifeng special motor vehicle CO6Ltd ХХК болж 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдөр түншлэлийн гэрээ байгуулсан. Иймд нэхэмжлэлийн зарим шаардлага буюу алданги 391 000 000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй харин үндсэн зээл болон 2 сарын хүү гээд нийт 742 000 000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3-т заасныг тус тус баримтлан хариуцагч М ХХК-аас 1 113 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х ХХК-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 5 722 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 5 722 950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын барилга барих тендерт хэрхэн оролцох болсон, тендерийн үйл ажиллагаа хэрхэн зогсонги байдалтай байгаа болон тендертэй холбоотой асуудлыг холбогдох байгууллагуудад хандсан ззргийг 2018 оны 6 дугаар сараас хойш Х ХХК болон тусгай зөвшөөрөл бүхий охин компани Н ХХК-уудын захирал, эзэн нэхэмжлэл гаргасан Х.Т сайн мэдэж байгаа. Гэтэл яагаад гэнэт шүүхэд энэ талаар үнэн зөвөөр тайлбарлахгүй, хэргийн үйл баримтыг нууж орхигдуулж байгаад гайхаж байна. Шүүхийн шатанд мэтгэлцэх, хариу тайлбар сонсох, хэргийн материалтай танилцах зэргээр хуралд оролцоход Монгол хэл сайн мэдэхгүй тул итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр манай компанид менежерээр ажилд орсон С.У-ыг оролцуулахаар болоод хүлээж байтал тэрбээр ковид-19 туссан ба гэрээр эмчлүүлж шүүх болон шүүгчийн туслахаас хурлын товыг хүлээж байсан боловч шүүгчийн туслах 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр ярьсан ба түүнээс хойш дахин яриагүй болно. Хурлын өмнө нөгөө талаас ямар нэг хүсэлт алга хуралдаа оролц гэсэн бол бид бүхэн хариу тайлбар холбогдох баримтаа бүрдүүлэн очих байсан. Ийнхүү хэргийн оролцогчийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд зааснаар хэргийн материалтай танилцах, түүнээс тэмдэглэл хийх, шүүх хуралдаанд оролцох, мэтгэлцэх зэрэг эрхийг зөрчиж, компаниуд хоорондын маргаантай асуудалд талуудыг шүүх хуралд оролцуулан мэтгэлцэх эрхээр ханган гэрээ, хэлцлийн гол нөхцөлийг талууд тохиролцсон эсэхийг, хэргийн үйл баримт, бодит нөхцөл байдлыг нарийвчлан тогтоож хөндлөнгийн дүгнэлт хийж зохих хуулийн үндэслэлтэй шийдвэр гаргах байсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож анхан шатны шүүхээр дахин шийдвэрлүүлж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

 

Нэхэмжлэгч Х ХХК нь хариуцагч М ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1 113 000 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

 

Х ХХК, М ХХК-ийн хооронд 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдөр НМD-08/18 дугаар зээлийн гэрээ байгуулагдсан бөгөөд уг гэрээгээр Х ХХК нь барилгын төслийн ажил эхлүүлэх зориулалтаар 1 100 000 000 төгрөгийг М ХХК-д 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 700 000 000 төгрөгийг, үлдэх 400 000 000 төгрөгийг зээлдэгчтэй хугацаа тохирч шилжүүлэхээр харилцан тохиролцсон байна.

 

Нэхэмжлэгч Х ХХК нь дээрх зээлийн гэрээний дагуу 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 700 000 000 төгрөгийг хариуцагч М ХХК-д шилжүүлсэн, хариуцагч нь зээлийн мөнгөн хөрөнгийг хүлээн авсан, зээлийн гэрээний дагуу зээлийн буцаан төлөлт хийгээгүй үйл баримт хэргийн баримтаар тогтоогдсон бөгөөд энэ талаар талууд маргасангүй.

 

Талууд 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулж, уг гэрээгээр 15 ширхэг тээврийн хэрэгсэл барьцаалсан нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.

 

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж зөв дүгнэжээ.

 

Зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 2.5 дахь хэсэгт хэрэв зээлдэгч нь гэрээний 2.2, 2.4-т заасан хугацаанд зээлийг эргүүлэн төлөөгүй бол зээл олгосон өдрөөс зээл төлөхөөр заасан өдөр хүртэлх хугацаанд зээлэнд нэг сарын 3 хувийн хүү тооцогдож, хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй зээлийн үнийн дүнгийн 0,5 алданги ногдуулна гэж тохиролцжээ.

 

Хариуцагч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж зээлийг төлөөгүй тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар үндсэн зээл, зээлийн хүү, алдангийг шаардах эрхтэй.

 

Нэхэмжлэгчээс хариуцагчид зээлийн гэрээгээр шилжүүлсэн 700 000 000 төгрөгт тооцогдвол зохих зээлийн хүү 42 000 000 төгрөг байх ба хариуцагчийн нийт гүйцэтгээгүй үүрэг 742 000 000 төгрөг болж байна. Шүүх гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар тооцож алдангийг 371 000 000 төгрөг гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасантай нийцсэн, зээлийн тооцооллыг зөв хийжээ.

 

Иймд анхан шатны шүүх хариуцагч М ХХК-аас зээлийн гэрээний үүрэгт 1 113 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х ХХК-д олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасантай нийцжээ. Энэ талаар хариуцагчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчтай байгуулсан хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээний зүйл болох хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахаар шаардаагүй тул дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзэв.

 

Зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.2, 2.3 дахь хэсэгт зааснаар талууд түншлэлийн гэрээг байгуулан оролцсон тул зээлийн гэрээний алдангийг төлөхгүй гэх хариуцагчийн тайлбар болон давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

 

Учир нь талууд зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зээлдэгч барилгын төслийн ажлыг хэрэгжүүлэхээр болсон буюу олсон тохиолдолд барилгын төслийн ажил дээр зээлдүүлэгчтэй хамтран ажиллах гэрээ байгуулан зээлдэгч төслийн хөрөнгө оруулагч болно гэж тохиролцжээ. Энэхүү тохиролцоог үндэслэн талууд түншлэлийн гэрээг байгуулсан гэх боловч уг гэрээний оролцогчид өөр хуулийн этгээдүүд байхаас гадна түншлэлийн гэрээ байгуулагдсан нь зээлийн гэрээний алдангийг төлөхгүй байх үндэслэл болохгүй юм.

 

Түүнчлэн, анхан шатны шүүх хэргийг хуульд заасан хугацааны дотор шийдвэрлэсэн, шүүх хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй тул энэ талаарх хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 183/ШШ2021/02211 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 112 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дах хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Г.ДАВААДОРЖ

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ