Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 2024/ДШМ/860

 

 

Г.Дд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч Ц.Мөнхтулга, шүүгч Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Энхбаяр,

шүүгдэгч Г.Д, түүний өмгөөлөгч Г.Тунгалаг,

хохирогч С.Бын өмгөөлөгч С.Батцэрэн,

нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа нарыг оролцуулан,

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 2024/ШЦТ/410 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.Д, түүний өмгөөлөгч Г.Тунгалаг нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Г.Дд холбогдох 2306 03001 3801 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 7 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Ц овгийн Г-ийн Д, 19... оны ... дүгээр сарын ...-ний өдөр Ховд аймагт төрсөн, 41 настай, эмэгтэй, дээд боловсролтой, геологич мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ... хамт ... дүүргийн ... дүгээр хороо, .... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:..../;

            Шүүгдэгч Г.Д нь Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч С.Быг үргэлжилсэн үйлдлээр “Өгөөмөр цогцолбор хорооллын 74а байрнаас бартераар авч байгаа 42.6 мкв талбайтай 2 өрөө орон сууцыг зарна” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 2020 оны 10 дугаар сарын 8-ны өдрөөс 2022 оны 9 дүгээр сар хүртэлх хугацаанд бэлэн 29.000.000 төгрөг, мөн 39.000.000 төгрөгийн үнэ бүхий тээврийн хэрэгслүүдийг нь тус тус залилан авч, бусдад нийт 68.000.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан,

мөн 2020 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Б.Бийг “Өгөөмөр цогцолбор хорооллын 74а байрны 7 давхрын 3 өрөө орон сууцыг зарна” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 61.500.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулж залилах гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Г.Дгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Г.Дг үргэлжилсэн үйлдлээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч бусдад их хэмжээний хохирол учруулан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Г.Дд 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч Г.Дд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Г.Дгээс 50.000.000 төгрөгийг гаргуулан хохирогч Т овогт С-ын Б-д олгохоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Г.Д давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие 2-7 насны 3 хүүтэй ээж хүн билээ. Миний том хүү Т.Төгөлдөр 7 дугаар сарын 08-ны өдөр шинжилгээгээ өгөөд 7 дугаар сарын 16-ны өдөр эмнэлэгт хэвтэж хагалгаанд орох байсан юм. Зүрхний ховдол нь үрэвссэн гээд 4 дүгээр сард хагалгаанд орох байсан боловч эм, тариа нь таарахгүй хагалгааг хойшлуулсан. Тэгээд дахин үзүүлж чадаагүй хоригдсон байгаа. Дунд хүү 6 настай Т.Түшиг нь ээжийгээ санаж, шөнө унтахгүй уйлан орондоо шээдэг болсон. Бага хүү Т.Тамир нь 2 настай бөгөөд мөөмнөөсөө гараагүй, мөөмөө санаж халууран хэцүү байдалд байна. Бага насны 3 хүүгээ асран халамжлах нөхөр маань хөдөлмөр эрхлэх боломжгүй болсон. Би хохирогч Б.Бийн хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Хохирогч С.Бын хохирлыг хэсэгчлэн барагдуулсаар байгаа. Бүрэн төлж барагдуулахаа илэрхийлж байна. Миний бие нь өөрийн гэм буруугаа маш ихээр ойлгон гэмшиж байна. Нийгэмд гараад дахин хүний эрх зөрчихгүй, өөрийн ажил хөдөлмөрөө эрхлэн зөв шударгаар амьдрахаа амлаж байна. Гурван нялх үрсээ бодон, яаралтай хагалгаанд орох шаардлагатай, өвчиндөө өвдөн уйлж байгаа хүүдээ санаа зовон шаналж өөрийн минь артерын даралт байнга ихэсдэг болсон. Иймд миний хувийн байдлыг харгалзан үзэж, надад оногдуулсан хорих ялыг торгуулийн ялаар өөрчилж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Г.Дгийн өмгөөлөгч Г.Тунгалаг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Үйлчлүүлэгчийнхээ гаргасан давж заалдах гомдол болон түүний хүсэлтийг дэмжиж байна. Өмгөөлөгчийн хувьд үйлчлүүлэгчтэйгээ ижил агуулгатай гомдол гаргасан. Бидний зүгээс гэм буруу, хэргийн зүйлчлэл, ял шийтгэлийн хувьд маргаан байхгүй. Хохирогч Б.Бт учруулсан хохирлыг төлж барагдуулсан. Хохирогч С.Бод учруулсан хохирлыг давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаан болохоос өмнө төлж барагдуулах байх гэсэн итгэл найдвараар гомдол гаргасан боловч энэ хугацаанд шүүгдэгчийн ар гэрээс хохирлыг төлж амжаагүй. Г.Дгийн нөхөр төлөх гээд хөөцөлдөж байгаа боловч бүтэл муутай, гэр зарж борлуулах гэсэн боловч хангалттай үнээр зарагдахгүй, хохирогчид өгөх гэхээр түүнд хэрэггүй учраас төлбөрт тооцож авахгүй гээд иймэрхүү нөхцөл байдалтай байсаар шүүх хуралдаанд оролцож байна. Шүүгдэгчийн хувийн байдлын тухайд 3 нялх хүүхэд 2 жилийн хугацаанд эхгүй байна гэхээр хүндрэлтэй нөхцөл байдал үүсэхээр байгаа. Хүүхдүүдийн эцэг байгаа боловч улирлын чанартай барилгын ажил эрхэлдэг учраас хоолны мөнгөө олохын тулд хүүхдүүдээ орхиод хаашаа ч хамаагүй явах болдог бөгөөд одоо хүүхдүүдээ эмээд нь үлдээгээд хөдөө орон нутагт ажиллаж байгаа юм. Би нөхөртэй нь сүүлийн үед холбогдож чадаагүй, ямар ч байсан 50.000.000 төгрөгийн хохирол төлбөр төлөхөөр орлогоо олж чадаагүй. Хохирогчийн зүгээс энэ нөхцөл байдлыг нь ойлгож байгаа. Иймд хорих ялыг хөнгөрүүлэн өөрчилж, торгуулийн ялаар сольж өгнө үү.” гэв.

Хохирогч С.Бын өмгөөлөгч С.Батцэрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Г.Д гомдолдоо хохирол төлбөр бага багаар төлж байгаа, түүний өмгөөлөгч гомдолдоо төлсөн гэсэн агуулгаар дурдсан. Гэхдээ бодит байдал дээр нэг ч төгрөг төлөгдөөгүй. Шүүгдэгчийн хувийн байдлыг ойлгож байгаа боловч нөгөө талд хохирогч адилхан 2, 3 хүүхэдтэй, орон гэргүй хохироод явж байна. Хохирол төлбөр төлөгдөөгүй, анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Иймд давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

Прокурор Д.Энхбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Г.Дд оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял нь түүний үйлдсэн гэмт хэрэгтээ хандаж буй хандлага, хувийн байдал зэрэг нөхцөл байдалд нь тохирсон байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгох, өөрчлөх үндэслэл тогтоогдохгүй байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолтой холбогдуулан шүүгдэгч Г.Д, түүний өмгөөлөгч Г.Тунгалаг нарын гаргасан давж заалдах гомдол үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтуудын хүрээнд тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

Хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Г.Д нь Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч С.Быг үргэлжилсэн үйлдлээр “Өгөөмөр цогцолбор хорооллын 74а байрнаас бартераар авч байгаа 42.6 мкв талбайтай 2 өрөө орон сууцыг зарна” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 2020 оны 10 дугаар сарын 8-ны өдрөөс 2022 оны 9 дүгээр сар хүртэлх хугацаанд бэлэн 29.000.000 төгрөг, мөн 39.000.000 төгрөгийн үнэ бүхий тээврийн хэрэгслүүдийг нь тус тус залилан авч, бусдад нийт 68.000.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан,

мөн 2020 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Б.Бийг “Өгөөмөр цогцолбор хорооллын 74а байрны 7 давхрын 3 өрөө орон сууцыг зарна” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 61.500.000 төгрөгийг залилан авч их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч С.Бын “...Би анх өөрийн бэр эгчээр дамжуулж Г.Д гэх хүнтэй танилцахад өөрийгөө “Ган цутгамал Констракшн” ХХК-ийн захирал, манай компани барилгын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг, одоо Өгөөмөр цогцолбор барилгийн гадна пассат зэрэг ажил хийгээд 6 ширхэг орон сууцаар бартер хийж байгаа гэж танилцуулж байсан. Тэгээд намайг байр худалдаж авах гэж байгаа бол надаас 2 өрөө байр 78.000.000 төгрөгөөр худалдаж ав, мөнгийг нь боломжоороо өгч болно гэж хэлсэн. Тэгээд анх 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулж байсан. Тухайн өдрөө урьдчилгаа болох 5.000.000 төгрөг, приус 30 маркийн тээврийн хэрэгслийг 11.000.000 төгрөгт тооцож, нийтдээ 16.000.000 төгрөг өгч байсан. Гэрээнд заасны дагуу сар бүр 2.000.000 төгрөг өгөхөөр тохирч байсан. Гэрээний дагуу сар бүр 1.000.000-2.000.000 төгрөгийг Г.Дгийн данс буюу 5100060800 дугаарын данс руу шилжүүлж байсан. Тэрнээс хойш 2022 оны 7 дугаар сард Д байр ашиглалтанд орох дөхөж байна. Та 2 үлдэгдэл мөнгөө гүйцээ гэхээр нь бэлэн мөнгө байхгүй байсан болохоор өөр приус 30 маркийн машинаа 28.000.000 төгрөгөнд тооцож өгсөн. Ингээд 24.000.000 төгрөг дансаар өгч үлдсэн мөнгийг нь машинаар бартер хийж байсан. Тухайн байр баригдаж байхад захиалсан байрандаа орж үзэж байсан. Одоо бол Өгөөмөр цогцолбор ашиглалтанд орсон байгаа, гэвч одоог хүртэл байрандаа орж чадаагүй байна. Г.Дтэй холбогдохоор хүлээж бай, удахгүй оруулнаа гээд л шалтгаан хэлээд байдаг. ...” /1хх 36/,

хохирогч Б.Бийн “...Би 2020 оны 11 дүгээр сард цахим хаягнаас “байр зарна” гэсэн зарын дагуу Энэрэл гэх хүнтэй Өгөөмөр хотхоны борлуулалтын албаны байранд уулзаж Д гэх хүнийг танилцуулсан. Танилцуулахдаа тухайн хүнийг манай байгууллагатай хамтран ажилладаг туслан гүйцэтгэгч компани, өмнө нь олон байр авч байсан гэж хэлснээр би Дтэй тэр газраа уулзаж баригдаж буй 74а байрны 7 давхарт 3 өрөө байрыг худалдан авахаар гэрээ хийж түүнд дансаар 2 удаагийн гүйлгээгээр нийт 61.500.000 төгрөгийг түүний 5100060800 тоот данс руу 2020 оны 11 дүгээр сард шилжүүлсэн. Тухайн байр нь заасан хугацаанаас хойш ашиглалтанд орохгүй байж байгаад 2022 оны 12 дугаар сард ашиглалтанд орсон. Байраа авах гэтэл Өгөөмөр хотхонг барьсан “Мавангүй” ХХК нь Дгийн “Ган цутгамал Констракшн” ХХК-тай байр өгнө гэсэн гэрээ байхгүй Д нь намайг хуурч мэхлэн мөнгө авсан байсанг мэдсэн. Гэрээ хийснээс хойш 1 жил 6 сарын дараа Д нь надтай утсаар холбогдож “Өгөөмөр хотхонг барьж буй “Мавангүй” ХХК-ын захирал Ганчимэгтэй тохиролцож гэрээ хийж чадсангүй, чиний байрыг өөрийнхөө мөнгөө авч өгнө” гэж байсан. Тэр өдрөөс хойш миний мөнгө болон байр авч өгөхгүй байгаа тул цагдаагийн байгууллагад хандана гэж хэлэхээр надаас олон дахин уйлж гуйсаар байгаад өдийг хүрсэн. ...” /1хх 126/,

гэрч Г.Г-ийн “...Танина, 2016 оноос хойш 73а байранд надтай хамтарч ажиллаж байсан. Тухайн үед Г.Д барилгын карказны ажил хийж байсан. Тэгээд 2017 онд гэрээний маань хугацаа дуусаад хамтран ажиллахаа больсон. ...Огт тийм зүйл байхгүй, би Дтэй байр бартераар хийх зүйл яриагүй. 74а байр баригдаж байх үед эгчээ таны байрыг зарж өгөх үү гээд л асуугаад байсан. Би ч тухайн үедээ нээх тоогоогүй. Тэгээд саяхнаас “таныг цагдаа дээр дуудвал битгий мэдүүлэг өгөөрэй, намайг уучлаарай таны нэрийг худалдсан уучлаарай” гээд мессеж бичээд байсан. Бас над руу залгаад байхаар нь би огт утсаа аваагүй. ...” /1хх 46/ гэсэн мэдүүлгүүд,

орон сууц худалдах, худалдан авах гэрээний хавсралт /1хх 14/, шүүгдэгч Г.Дгийн эзэмшлийн Хаан банкны 5100060800 тоот дансны хуулга, үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 106-110/, хохирогч Б.Бийн эзэмшлийн Хаан банкны 5023132082 тоот дансны хуулга /1хх 145/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Давж заалдах шатны шүүх, хэрэгт хамааралтай баримт бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянах үүрэгтэй бөгөөд тухайн хэргийн хувьд хэргийн нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хууль ёсны байдлыг дүгнэн, харьцуулан шинжилж, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудын үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгож үнэллээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасны дагуу анхан шатны шүүхийн шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу шүүгдэгч Г.Дг “үргэлжилсэн үйлдлээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч бусдад их хэмжээний хохирол учруулан залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Анхан шатны шүүх хэргийг шүүхээр хэлэлцэж шийдвэрлэхэд шаардагдах нотлох баримтын хэмжээ, шүүгдэгчийн гэм бурууг бүрэн баталж чадах нотлох баримтын хүрэлцээтэй байдалд үндэслэж хэргийн нөхцөл байдлыг тал бүрээс нь бүрэн тогтоож хянан шийдвэрлэжээ.

Залилах гэмт үйлдэл нь бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авснаар төгсдөг гэмт хэрэг ба гэмт этгээд бусдын эд хөрөнгийг итгэл төрүүлэх, хуурч мэхлэх аргаар авахын зэрэгцээ уг эд хөрөнгийг буцаан төлөх, хариу төлбөр хийхгүйгээр өөрийн болгох зорилготой байдаг бөгөөд шүүгдэгч Г.Дгийн хохирогч С.Бод “Өгөөмөр цогцолбор хорооллын 74а байрнаас бартераар авч байгаа 42.6 мкв талбайтай 2 өрөө орон сууцыг зарна” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, бэлэн 29.000.000 төгрөг, 39.000.000 төгрөгийн үнэ бүхий тээврийн хэрэгслүүдийг авч, нийт 68.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

мөн хохирогч Б.Бт “Өгөөмөр цогцолбор хорооллын 74а байрны 7 давхрын 3 өрөө орон сууцыг зарна” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 61.500.000 төгрөгийг шилжүүлэн авсан нь залилах гэмт хэргийн шинжид хамаарч байна.

Шүүгдэгч Г.Дгийн дээрх үйлдлийг шүүх, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Г.Дгийн үйлдсэн гэмт хэрэг, учруулсан хохирол, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцжээ.

Шүүгдэгч Г.Д, түүний өмгөөлөгч Г.Тунгалаг нар “...Бага насны 3 хүүхэдтэй, хүүхдүүдээ асран халамжлах нөхөр маань хөдөлмөр эрхлэх боломжгүй болсон. ...хохирогч Б.Бийн хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Хохирогч С.Бын хохирлыг хэсэгчлэн барагдуулсаар байгаа. Бүрэн төлж барагдуулахаа илэрхийлж байна. ...гэм буруугаа маш ихээр ойлгон гэмшиж байна. ...хорих ялыг хөнгөрүүлэн өөрчилж, торгуулийн ялаар сольж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Шүүгдэгч Г.Д нь үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж, хохирол төлбөрөөс тодорхой хэмжээг төлж барагдуулсан хэдий ч түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршгийн шинж чанар, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт оногдуулсан ял тохирсон байх бөгөөд хохирол төлбөр бүрэн төлөгдөөгүй байх тул хорихоос өөр төрлийн ялаар солих үндэслэлгүй байна.

Шүүхээс оногдуулсан ял нь шүүгдэгчид үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийнх нь төлөө хуульд заасан ялын төрөл, хэмжээнд нийцүүлэн цээрлэл үзүүлэхийн зэрэгцээ, хохирлыг нөхөн төлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгод чиглэдэг бөгөөд шүүгдэгчийн хүсэл сонирхол, амьдралын нөхцөл, боломжид нийцүүлж ял оногдуулдаггүй тул шүүгдэгч Г.Д, түүний өмгөөлөгч Г.Тунгалаг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хүлээн авах боломжгүй гэж үзэв.

Иймд, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 2024/ШЦТ/410 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Д, түүний өмгөөлөгч Г.Тунгалаг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүгдэгч Г.Д нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш буюу 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрөөс 2024 оны 07 дугаар сарын 24-ний энэ өдрийг хүртэл 98 /ерэн найм/ хоног цагдан хоригдсон бөгөөд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 2024/ШЦТ/410 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Д, түүний өмгөөлөгч Г.Тунгалаг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Дгийн 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрөөс 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 98 /ерэн найм/ хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                         ДАРГАЛАГЧ,

                         ШҮҮГЧ                                               Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

                         ШҮҮГЧ                                               Ц.МӨНХТУЛГА

                         ШҮҮГЧ                                               Д.МӨНХӨӨ