| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганхуягын Батзаяа |
| Хэргийн индекс | 303/2025/00521/И |
| Дугаар | 303/ШШ2025/00594 |
| Огноо | 2025-08-14 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 08 сарын 14 өдөр
Дугаар 303/ШШ2025/00594
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: *******,
Хариуцагч: ******* холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол буюу 2023 оны 11 дүгээр сараас хойш цахилгааны төлбөр 3,727,131 төгрөг, эм тариа, бусад хэрэгслийн 2,955,200 төгрөг, архивын лавлагааны 12,500 төгрөг, нийт 6,694,831 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 6 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгч *******, түүний өмгөөлөгч Х.Мөнхбаатар, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Уянга нар оролцов.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч ******* нь нэхэмжлэлийн шаардлагадаа: Манай хүү ******* 2019 оны 4 дугаар сарын 10-ны өдөр Олгой гэх оноштойгоор хагалгаанд орж, эмч нарын буруутай үйлдлээс болж 100 хувь эрүүл мэндээрээ хохирсон. ******* хариуцагчаар татсан. Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 2023/ШЦТ/44 дүгээр шийтгэх тогтоолоор шийдэгдсэн. Хүү *******ын асаргаанд гарсан зардал буюу 2023 оны 4 дүгээр сарын 11 дүгээр сараас хойш цахилгааны төлбөр 3,727,131 төгрөг, эм тариа 2,955,200 төгрөг, архивын лавлагааны 12,500 төгрөг, нийт 6,694,831 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2.Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ******* 6,694,831 төгрөгийг нэхэмжилсэн байна. Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 2023/ШЦТ/44 дугаартай шийтгэх тогтоолоор 53,472,108 төгрөгийг 2023 оны 6, 7 дугаар сард 2 хувааж төлбөрийг барагдуулсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Төрийн банкны ******* дансанд 2023 оны 6 дугаар сарын 05-ны өдөр 30,000,000 төгрөг, 2023 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр 23,472,108 төгрөгийг тус тус шилжүүлсэн. Баянхонгор аймгийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шийтгэх тогтоол 2023 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 2023/ШЦТ/44 дугаартай хэргийн гэм буруутай этгээд нь тогтоогдсон тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 заасны дагуу тус иргэний нэхэмжлэлийг хүлээн авах боломжгүйг мэдэгдье гэжээ.
3. Шүүх нэхэмжлэгч *******гийн хариуцагч *******т холбогдуулан гаргасан эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол 6,694,831 гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
4. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол буюу 2023 оны 11 дүгээр сараас хойш цахилгааны төлбөр 3,727,131 төгрөг, эм тариа, бусад хэрэгслийн 2,955,200 төгрөг, архивын лавлагааны 12,500 төгрөг, нийт 6,694,831 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
5. Хариуцагч ******* нь Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 2023/ШЦТ/44 дугаартай шийтгэх тогтоолоор 53,472,108 төгрөгийг гэм хорын хохиролд нэхэмжлэгч *******д төлж барагдуулсан. Тус шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 2023/ШЦТ/44 дугаартай шийтгэх тогтоолоор гэм буруутай этгээд нь ******* гэж тогтоогдсон тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргажээ.
6. Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 2023/ШЦТ/44 дугаартай шийтгэх тогтоолоор хариуцагч ******* иргэний хариуцагчаар тогтоож, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-т заасныг баримтлан ******* гэм хорын хохирол нийт 53,472,108 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн ба энэхүү шийтгэх тогтоол нь хүчин төгөлдөр болсон үйл баримт байна.
7. Хариуцагч ажилтан ******* нь *******т эрчимт эмчилгээ, мэдээгүйжилтийн тасгийн их эмчээр ажиллаж байхдаа нэхэмжлэгч *******гийн хүү *******ын эрүүл мэндэд гэм хор учруулсан болох нь дээрх шийтгэх тогтоолоор тогтоогдсон байх бөгөөд Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана..., мөн тус хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-т Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй гэж тус тус заажээ.
8. Гэм хор учруулснаас үүсэх үүрэг нь нэг талаас бусдад хохирол учруулсан хууль бус санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүй, нөгөө талаас уг үйлдлийн улмаас хохирол учирсан шалтаант холбоо бүхий нөхцөл байдлаас үүсдэг.
9. Хариуцагч байгууллагын ажилтан болох эрчимт эмчилгээ, мэдээгүйжилтийн тасгийн их эмчээр ажиллаж байсан ******* нь эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогч *******ын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан нь шалтгаант холбоотой, хариуцагч ******* нь хохирогчид учирсан гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй юм.
10. Мөн Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1-т Гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх үүрэгтэй. Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй, эсхүл харьцангуй их зардал гарахаар бол гэм хорыг мөнгөөр нөхөн төлж болно гэж заажээ.
11. Дээрх хуулийн зохицуулалтуудын дагуу хариуцагч нь хохирогч *******ын эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг нэхэмжлэгч *******д төлөх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
12. Хавтаст хэрэгт авагдсан:
Цэц фарм ХХК-ийн НӨАТ-ын 2025 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн баримтаар 21,900 төгрөг,
Хөхлөр тун ХХК-ийн НӨАТ-ын 2025 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн баримтаар 17,800 төгрөг,
Хангарьд эмийн сангийн НӨАТ-ын 2025 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн баримтаар 9,940 төгрөг,
НТ-226 дугаар 2025 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн зарлагын баримтаар 200,000 төгрөг,
БУ209 дүгээр 2025 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн зарлагын баримтаар 46,000 төгрөг,
Нобо ХХК-ийг НӨАТ-ын 2025 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн баримтаар 5,400 төгрөг,
Мөнгөн марал эмийн сангийн НӨАТ-ын 2025 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн баримтаар 75,000 төгрөг,
Эх Нялхас эмнэлгийн НӨАТ-ын 2025 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн баримтаар 270,000 төгрөг буюу хүүхдийн асаргаа, эмчилгээ, эм тарианд нийт 646,040 төгрөгийн,
Мөн Эвт эрхэс ган сэргээн засах сувилалд эмчлүүлсэн байх бөгөөд Эвт эрхэс ган ХХК-ийн НӨАТ-ын 2025 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн баримтаар 1,950,000 төгрөг буюу сувиллын газар сувилуулахад нийт 1,950,000 төгрөгийн тус тус зардлууд гарсан болох нь дээрх баримтуудаар тогтоогдож байна.
13. Иймд хариуцагч хүүхдийн асаргаа, эмчилгээ, эм тарианы зардалд 646,040 төгрөг, сувиллын газар сувилуулсан зардалд 1,950,000 төгрөг, нийт 2,596,040 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэлээ.
14. Харин нэхэмжлэлийн шаардлагаас 2023 оны 11 дүгээр сараас хойш цахилгааны төлбөр 3,727,131 төгрөг, архивын лавлагааны 12,500 төгрөг, бусад 359,160 төгрөг, нийт 4,098,791 төгрөгийн зардлууд нь эрүүл мэндэд гэм хор учирснаас шалтгаалан гарах зайлшгүй зардалд хамаарахгүй байх тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
15. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч ******* нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч ******* нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүн буюу 2,596,040 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжид 56,487 төгрөгийг гаргуулан төсвийн орлогод оруулж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2, 505 дугаар зүйлийн 505.1, 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч ******* хүүхдийн асаргаа сувилгаа эм тариа, сувиллын газар сувилуулсан зардалд нийт 2,596,040 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, 2023 оны 11 дүгээр сараас хойш цахилгааны төлбөр 3,727,131 төгрөг, архивын лавлагааны 12,500 төгрөг, бусад 359,160 төгрөг, нийт 4,098,79 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч ******* нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ******* улсын тэмдэгтийн хураамжид 56,487 төгрөг гаргуулан төсвийн орлогод оруулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.3 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр гарсан өдрөөс хойш 10 хоногийн дотор энэ хуулийн 119 дүгээр зүйлд заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг дурдусгай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 7 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.БАТЗАЯА