Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 2024/ДШМ/861

 

 

А.Сэд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч Ц.Мөнхтулга, шүүгч Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ч.Батбаатар,

шүүгдэгч А.С, түүний өмгөөлөгч Х.Даваахүү,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Н, түүний өмгөөлөгч Б.Алтансүх,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Г, түүний өмгөөлөгч Ю.Тогмид,

иргэний нэхэмжлэгч, хариуцагч Э.С,

нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа нарыг оролцуулан,

            Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 2024/ШЦТ/338 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Н, Ч.Г нарын гаргасан давж заалдах гомдлуудаар А.Сэд холбогдох 2303 00514 0444 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 7 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

О овгийн А-ийн С, 20... оны ... дүгээр сарын ...-ны өдөр Дундговь аймагт төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Үндэсний техникийн их сургуульд суралцаж байгаад мал маллахаар сургуулиас гарсан, ам бүл ... нарын хамт ... аймгийн ...сумын ... дүгээр баг, ... гэх нэршилтэй газарт оршин суух бүртгэлтэй боловч .... дүүргийн ... дугаар хороо, ... дугаар хороолол .... тоотод түр оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /РД:...../;

Шүүгдэгч А.С нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй байхдаа Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө, Энхтайваны гүүрний урд замд 2023 оны 8 дугаар сарын 01-ний шөнө 01 цаг 30 минутын үед Huyndai Sonata-7 маркийн 37-45 УНЯ улсын дугаартай автомашиныг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.4. “Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гадна цагт 80 км тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхийг хориглоно”, мөн дүрмийн 3.7. “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд) ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй...” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Л.Б, Г.Г нарыг хурд хэтрүүлэн мөргөж, Г.Ггийн эрүүл мэндэд хүнд хохирол, Л.Бий амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: А.Сийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч О овгийн А-ийн С-ийг “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Сэд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хасаж, 3 /гурав/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарласан ялын хугацаанд шүүгдэгч А.Сийг Дундговь аймгийн Сайхан овоо сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэй оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.С нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Сэд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг дөрвөн жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулсан үеэс эхлэн тоолж,

хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч А.С нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Н, хохирогч Г.Г, түүний хууль ёсны төлөөлөгч Ч.Г, иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар нарт энэ тогтоолоор төлөх төлбөргүйг, иргэний нэхэмжлэгч Э.С нь өөрт учирсан хор уршгийн зардал нэхэмжлэхгүй гэснийг тус тус дурдаж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.4, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1, 511 дүгээр зүйлийн 511.3, 511.5 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан иргэний хариуцагч Э.Саас 71,860,102 /далан нэг сая найман зуун жаран мянга нэг зуун хоёр/ төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Нд 48,665,165 /дөчин найман сая зургаа зуун жаран таван мянга нэг зуун жаран тав/ төгрөг, хохирогч Г.Г, түүний хууль ёсны төлөөлөгч Ч.Гт 19,813,987 /арван есөн сая найман зуун арван гурван мянга есөн зуун наян долоо/ төгрөг, иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт 3,380,950 /гурван сая гурван наян мянга есөн зуун тавь/ төгрөгийг тус тус олгож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Н, хохирогч Г.Г, түүний хууль ёсны төлөөлөгч нар гэмт хэргийн улмаас учирсан болон цаашид гарах хор уршгийн зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг мэдэгдэж, гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч А.Сэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Н давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхээс хохирогч Г.Г, түүний хууль ёсны төлөөлөгч Ч.Гт 66,127,974 төгрөгийг, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Нд 119,330,330 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт олгох 6,761,900 төгрөгийг олгохоор шийдвэрлэсэн, эдгээр нь нийт 192,430,204 төгрөг болж байгаа. Үүнээс шүүгдэгч А.С нь амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Нд 20,000,000 төгрөг, хохирогч Г.Г, түүний хууль ёсны төлөөлөгч Ч.Гт 24,500,000 төгрөг тус тус төлснийг тэдэнд төлөх хохирлоос хасаж тооцон, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Нд үлдэх төлбөр 99,330,330 төгрөг, хохирогч Г.Г, түүний хууль ёсны төлөөлөгч Ч.Гт 41,627,974 төгрөг гаргуулахаар, ингэхдээ шүүгдэгч, иргэний хариуцагч нараас хувь тэнцүүлэн гаргуулахаар буюу шүүгдэгч А.Сээс 73,860,102 төгрөгийг гаргуулахаар, иргэний хариуцагч Э.Саас нийт 73,860,102 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Эрүүгийн хуульд эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино гэж заасан байна.

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирол учирсан тул шүүгдэгч болон иргэний хариуцагчаас хувь тэнцүүлэн гаргуулахаар шийдвэрлэснийг эс зөвшөөрч байх бөгөөд гэм буруутай үйлдлийн улмаас учирсан хохиролтой холбоотой шүүгдэгчийн зүгээс маргахгүй байгаа, хохирлыг нөхөн төлөх талаараа илэрхийлж байсан. Мөн миний бие хохирлыг иргэний хариуцагчаас биш шүүгдэгчээс гаргуулах хүсэлттэй талаараа анхан шатны шүүх хуралдаан дээр илэрхийлж байсан. Унтаж байхад нь машиныг аваад гараад явсан гээд тухайн этгээдийн буруутай үйлдэл байгаа. Э.С нь төлбөрийн чадваргүй, хохирол төлбөрийг яаж төлөх нь тодорхойгүй байгаа.

Хохирол учруулсан шүүгдэгч А.Сээс хохирлыг бүрэн төлөхөө илэрхийлж байсан тул анхан шатны шүүх хохирлыг шүүгдэгчээс бүрэн гаргуулахаар шийдвэрлэх боломжтой байсан. Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 2024/ШЦТ/338 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү.” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Г давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолтой танилцаад хүлээн зөвшөөрсөн. Хохирол төлбөрийг гаргаад өгчихвөл заавал хорих ял оногдуулах шаардлагагүй гэж бодож байсан. Тэгээд хохирол төлбөрийн асуудал дээр тал төлбөрийг барагдуулаад талыг нь барагдуулаагүй. Анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаас хойш эдгээр хүмүүсийг хүлээсэн боловч ямар ч сураг чимээгүй байсан.А.Сийн эцэг болон эгчтэй утсаар холбогдох гэсэн боловч холбогдож чадаагүй. Тэгээд хохирол төлбөрийг Э.Саас гаргуулахаар шийдвэрлэсэн учраас хохирол төлбөрийг барагдуулаад өгөөч, өвчтэй хүнтэй тул өдөр ирэх тусам мөнгөний хэрэгцээ байгаа учраас энэ асуудлыг шийдвэрлэхэд туслаач гэдэг асуудлыг Э.Ст тавьсан. Эдгээр хүмүүс хохирол төлбөрийг хамжиж дэмжээд төлнө, болно хэлчхээд одоо болохоор туслахгүй, надад энэ мөнгийг төлөх төлбөрийн чадвар байхгүй, намайг унтсан хойгуур миний машиныг авч яваад осол гаргасан учраас би бас хохирсон, тийм учраас надад хэцүү байна гэсэн зүйл Э.Стай утсаар ярихад хэлэхээр нь би үүний чинь дагуу гомдлоо гаргая гэж хэлсэн. Би 34, 35 нас хүрсэн өвчтэй хүүхдээ сахиад байж байна. Миний хүүхэд орон гаран болсон, тархиндаа хүнд гэмтэл авсан гэдгийг эдгээр хүмүүс мэднэ. Миний хүүхэд ганцхан тархиндаа гэмтэл аваагүй, эгэм нь хугарсан, 2 уушги бяцарсан, 2 хөл хугарсан, 1 хөл нь гэхэд 3 хугарсан байгаа. Мөн эхнэр нь ажилгүй, төрөөд 2 сартай байхад энэ аваар осол гарсан. Тэгэхээр эм тарианы мөнгөнөөс авхуулаад санхүүгийн асуудал хүнд байна. Тиймээс энэ асуудлыг шийдвэрлүүлэхээр гомдол гаргасан. Заавал энэ хүнийг яллах, хүмүүсийн хэлж ярьдгаар нүдийг нүдээр, шүдийг шүдээр гэхгүй, миний хүүхдийн нэг нүд нь сохорсон байгаа. Хамгийн гол шүүхээс гаргуулахаар шийдвэрлэсэн төлбөрийг хэл амгүй боломжоороо төлөөд өгөөч гэсэн асуудлыг би тавиад байгаа. Гэтэл эдгээр хүмүүс тийм санаачилга, сэтгэл гаргасангүй. А.Сийн хувьд тал төлбөрийг төлсөн. Миний хүүхэд ажил хөдөлмөр эрхэлж байсан, архи уудаггүй, тамхи татдаггүй, ямар нэгэн муу зуршилгүй, 5.600.000 төгрөгийн цалинтай ажил хийдэг байсан хүн осолд ороод 3 хүүхэдтэй, эхнэр нь ажилгүй, энэ айлын амьдрал ямар байдлаар эргэсэн байгаа билээ. Гэтэл яагаад эдгээр хүмүүс сэтгэл гаргадаггүй юм. Заавал хуулийн байгууллагаар явж байж хохирол төлбөрийг төлөх ёстой юм уу, хүн гэмтээсэн нь үнэн байхад шүүхээс тогтоосон мөнгийг яагаад өгөх сэтгэл байхгүй байгаа юм. Би хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Нтай санал нийлж байна. Э.Саас төлбөрийг гаргуулах нь надад хүндрэлтэй. А.Сээс хохирлыг гаргуулах бодолтой байна. Учир нь, Э.С би малгүй, ажил хийж төлөхөөс өөр аргагүй гэдгээ хэлсэн. А.С би 1000 гаран толгой малтай гэж хэлсэн. Би өвөл, хаврын улиралд мөнгө нэхээгүй. Одоо зуны улирал болсон учраас сэтгэлээрээ төлбөрийг төлж болно. Миний хүүхэд цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай байна.” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Нгийн өмгөөлөгч Б.Алтансүх тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Үйлчлүүлэгчийнхээ гаргасан гомдлыг дэмжиж байна. Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, хоёрдугаарт, хохирол төлбөрийг барагдуулах агуулгаар гомдол гаргасан. Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь А.Стэй шууд холбоотой. Өөрийн санаатай буюу болгоомжгүй үйлдлээс болоод амь хохирогчийн амь насанд хүрсэн нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогддог бөгөөд үүнд маргадаггүй. Гагцхүү хохирол төлбөрийн асуудал байгаа. Э.Сын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлгийн зөрүү, дараа нь өгч байгаа мэдүүлгийн зөрүү зэргээс шалтгаалж байгаа юм. Өөрөөр хэлбэл, Э.С анхан шатны шүүх хуралдаанд оролцохдоо хууль зүйн туслалцаа аваагүй, шүүгдэгч болон түүний хууль ёсны төлөөлөгч, хамаатан садны харилцаанаас болж орж ирсэн асуудал байгаа. Хэргийн агуулгын хүрээнд шууд харагдаж байгаа. Хохирол төлбөрийг 100 хувь А.С даагаад анхан шатны шүүхийн хуралдааны шатанд хүлээх боломж байхгүй байсан байх, тиймээс иргэний хариуцагч оруулсан. Анхан шатны шүүхийн шатанд иргэний хариуцагч ороогүй байсан. Тэгээд анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт хүсэлтээр орж ирснээс хойш миний буруу, хийсэн хэргээ хүлээж байна, тал хувийг хариуцна гэж хэлсэн. Анхан шатны шүүхийн шийдвэр гарсны дараа хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарт мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлгээсээ зөрүүтэй зүйл ярьж эхэлсэн нөхцөл байдал байгаа юм. Тэгэхээр манай үйлчлүүлэгчийн зүгээс анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирол төлбөрийг 100 хувь А.Сээс гаргуулах саналтай байна, Э.С ямар ч хамааралгүй, машинаа өгсөн асуудал бидэнд хамааралгүй гэж хэлдэг. Амь хохирогчийн амь насанд хэн болгоомжгүйгээр шөнийн 02 цагийн үед хүрсэн гэхээр А.С юм. А.С гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирол төлбөрийг би 100 хувь барагдуулна гэдгээ илэрхийлж байсан. Тиймээс миний үйлчлүүлэгч Б.Нд учирсан хохирол төлбөрийн үлдэгдлийг Э.Саас гаргуулахаар шийдвэрлэсэн шийдвэрт санал нийлэхгүй, хүлээн зөвшөөрөхгүй байгаа учраас Э.Саас гаргуулахаар шийдвэрлэсэн 71,860,102 төгрөгийг А.Сээс гаргуулж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Гийн өмгөөлөгч Ю.Тогмид тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Үйлчлүүлэгчийнхээ гаргасан гомдлыг дэмжиж оролцож байна. Анхан шатны шүүх хуралдаанд иргэний хариуцагч хохирлын өөрт ноогдох хувийг хариуцъя гэж хэлдэг. Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэр гарсны дараа миний үйлчлүүлэгчтэй иргэний хариуцагч Э.С машиныг намайг унтаж байхад аваад явсан гэдэг асуудал ярьж байгаа нь эргэлзээ төрүүлж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлд зааснаар бусдын тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явсан буюу дахин нэг зүйл ангийн асуудал яригдах буюу магадгүй мөрдөн шалгах ажиллагааны явцад өсвөр насны шүүгдэгч А.Сийн ар гэрийнхэн иргэний нэхэмжлэгчид нөлөөлсөн юм биш дээ гэсэн хардлага төрж байна. Тэгэхээр энэ асуудлыг шалгах шаардлагатай. Хэрэв Э.Сын хэлж байгаагаар хөдөө орон нутгаас насанд хүрээгүй хүүхдээр тээврийн хэрэгсэл бариулаад Улаанбаатар хотод ирээд, түүнийг унтаж байхад нь тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүй авч явсан бол энэ асуудал нь тусдаа бие даасан гэмт хэргийн шинжийг агуулж байгаа юм. Тэгэхээр энэ асуудлыг шалгуулах нь зүйтэй гэж үзэж байна.” гэв.

Шүүгдэгч А.С тус шүүх хуралдаанд “...Хэлэх тайлбар байхгүй.” гэв.

Шүүгдэгч А.Сийн өмгөөлөгч Х.Даваахүү тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын зүгээс Э.С машины түлхүүр А.Сэд өгөөгүй, түүнийг унтаж байхад нь түлхүүрийг нь авч явсан учраас А.С тээврийн хэрэгслийг ашиглан шамшигдуулах зорилгогүйгээр авсан асуудал байгаа гэсэн зүйл ярьж байна. Анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг хойшлуулж, Э.Сыг иргэний хариуцагч, нэхэмжлэгчээр шүүх хуралдаанд биечлэн оролцуулсан. Э.Ст хууль сануулж мэдүүлэг авахад “би тээврийн хэрэгслийг өгсөн” гэдэг мэдүүлэг өгсөн. Мөн тээврийн хэрэгсэл нь Э.Сын өмчлөлийнх байсан тул иргэний хариуцагч, нэхэмжлэгчээр тогтоосон нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Анхан шатны шүүхээс хохирол төлбөрийг хувь тэнцүүлэн гаргуулах шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Тэгээд шүүхээс гэм буруутайд тооцож, хуульд зааснаар хохирол төлбөрийг барагдуулахаар 5 хоногийн завсарлага авч А.С 73.860.000 төгрөг болон хувь тэнцүүлэн тогтоосон төлбөрүүдийг төлж, өнөөдрийн байдлаар төлөх төлбөргүй болсон. Харин хохирогч нарын дурдаад байгаа хохирлыг хэрэгсэхгүй болгоогүй, бидний зүгээс хэрэгсэхгүй болго гэсэн саналыг тавиагүй, нотлох баримтаа бүрдүүлээд иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх санал өмгөөлөгчийн зүгээс гаргасан. Тэгэхээр хохирогч нарын зүгээс иргэний журмаар хандах эрх нь нээлттэй байгаа. Мөн анхан шатны шүүхийн шүүх хуралдаан дээр зорчих эрхийг хязгаарлах ялыг Дундговь аймагт тогтоохоор бид нар тийшээ дахин дахин явж чадахгүй гэсэн асуудал яригдсан. Хэдийгээр зорчих эрхийг хязгаарлах ялыг Дундговь аймагт тогтоосон боловч түүний сургуульд сурах тохиолдолд харьяаллыг өөрчлөхөд болохгүй зүйл байхгүй гэсэн асуудлыг яригдсан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор хохирол төлбөрийн асуудал хуулийн дагуу шийдвэрлэгдсэн гэж үзэж байна.” гэв.

Иргэний нэхэмжлэгч, хариуцагч Э.С тус шүүх хуралдаанд “...Хэлэх тайлбар байхгүй.” гэв.

Прокурор Ч.Батбаатар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Тухайн осол гарах үед унаж явсан тээврийн хэрэгсэл Э.Сын өмчлөлд байсан учраас Э.Сыг мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэний нэхэмжлэгч, хариуцагчаар тогтоогоод хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулаад явсан. Э.С мөрдөн шалгах ажиллагааны явцад болон анхан шатны шүүхийн шүүх хуралдаан дээр оногдуулсан хохирол төлбөрийг төлөхөө илэрхийлдэг. Хохирогч нарын хууль ёсны төлөөлөгч нараас шүүгдэгчээс хохирол төлбөрийг гаргуулж өгнө үү гэсэн агуулгаар гомдол гаргасан байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар Э.Саас хохирол төлбөрийг гаргуулах боломжтой. Тээврийн хэрэгсэл Э.Сын өмчлөлд байсан учраас анхан шатны шүүхээс хохирол төлбөрийг хувь тэнцүүлж гаргасан нь үндэслэлтэй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдол үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтуудын хүрээнд тухайн хэргийн бүх ажиллагааг гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

Хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч А.С нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй байхдаа Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө, Энхтайваны гүүрний урд замд 2023 оны 08 дугаар сарын 01-ний шөнө 01 цаг 30 минутын үед Huyndai Sonata-7 маркийн 37-45 УНЯ улсын дугаартай автомашиныг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.4. “Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гадна цагт 80 км тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхийг хориглоно”, мөн дүрмийн 3.7. “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд) ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй...” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Л.Б, Г.Г нарыг хурд хэтрүүлэн мөргөж, Г.Ггийн эрүүл мэндэд хүнд хохирол, Л.Бий амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Нгийн “...2023 оны 8 дугаар сарын 01-ний шөнө 02 цаг 20 минутын үед нөхөртэй хамт ажилладаг Саруул гэх эрэгтэй хүн миний утас руу залгаад “Билгүүн зам тээврийн осолд орчихлоо эмнэлэг дээр хүрээд ир” гэж хэлэхээр нь би надаар тоглож байна гэж бодоод итгэхгүй байсан чинь дахиж залгаад уйлаад байхаар би гэрээсээ гараад Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төв рүү явж байсан чинь дахиж залгаад “Шүүх эмнэлэг дээр хүрээд ир” гэж хэлсэн. Тэгээд би шүүх эмнэлэг дээр шөнө очиход манай нөхрийг нас барсан байна гэж хэлсэн. ...” /1хх 13/,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Гийн “...Миний хүү Г.Г 2023 оны 8 дугаар сарын 01-ний шөнө осолд орлоо гэж надад эхнэр нь 20 цаг 50 минутын үед хэлсэн. Тэгээд би Гэмтэл Согог Судлалын Үндэсний төв дээр очиход манай хүү яаралтай хагалгаанд орчихсон байсан. Өглөө 06 цагийн үед хагалгаанаас гарч ирээд эмч нь надад хэлэхдээ “танай хүүгийн амьд үлдэх магадлал 5 хувь байна шүү, маш хүнд хагалгаанд орлоо” гээд утсан дээрээс зураг үзүүлсэн. Тухайн эмнэлгийн сэхээнд хэвтэж байх үедээ хөлийн хагалгаад ороод 3 хоногийн дараа ухаан ороод тархины эрчимт тасагт хэвтэж эмчлүүлсэн. Би эмнэлэгт сахиураар байж байх хугацаанд манай хүү тархины менингит гэх өвчтэй болсон байна гэж эмч нэр хэлээд буцаад дахин сэхээнд орсон. 3 хоногийн дараа шөнө жижүүрийн эмч намайг дуудаад “танай хүү ер нь найдваргүй болчихлоо, та уулзуулах хүн байвал дуудаж уулзуулаарай” гэж хэлсэн. Тухайн өдрөөс хойш манай хүүгийн биеийн байдал дээрдэхгүй байсаар байгаад 2023 оны 8 дугаар сарын 31-ний өдөр эмнэлгээс гаргаад гэртээ хэвтэн эмчлүүлж байна. ...” /1хх 185/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2068 дугаартай “...Талийгаачийн цогцсын шинжилгээгээр гавлын орой, суурь ясны шугаман хугарал, тархины суурь болон орой хэсгийн аалзан хальсан доорх тархмал цус харвалт, тархины эдийн няцрал, баруун эгэм, баруун 1-5 дугаар хавирганы шууд хугарал, элэгний язрал, холбоосууд дахь цус хуралт, баруун гуяны шарх, баруун бугалга, баруун сарвуу, зүүн гуя, зүүн өвдөг, зүүн шилбэний зулгаралт, дух, зүүн гуяны цус хуралт гэмтэл тогтоогдсон. Талийгаачийн биед учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Талийгаачийн биед учирсан гавлын орой, суурь ясны шугаман хугарал, тархины суурь болон орой хэсгийн аалзан хальсан доорх тархмал цус харвалт, тархины эдийн няцрал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Баруун эгэм, баруун 1-5 дугаар хавирганы шууд хугарал нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Бусад баруун гуяны шарх, баруун бугалга, баруун сарвуу, зүүн гуя, зүүн өвдөг, зүүн шилбэний зулгаралт, дух, зүүн гуяны цус хуралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Талийгаач нь гавал тархи хавсарсан гэмтлийн улмаас нас баржээ. Талийгаачид үхэлд хүргэх архаг хуучин өвчин тогтоогдсонгүй. ...” /2хх 94-98/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 9855 дугаартай “...Г.Ггийн биед баруун чамархай, зулай ясны цөмөрсөн хугарал, тархины баруун тал бөмбөлгийн чамархайн дэлбэнгийн хатуу хальсан доорх цусан хураа, дух, зулайн хэсгийн тархины эдийн няцрал, аалзан халсан цус харвалт, баруун талын нүдний ухархайн гадна болон дээд дотор хана, хацар ясны хугарал, цээжний баруун талын уушгины няцрал, баруун талын эгэм яс, зүүн шаант ясны ил хугарал, хацар, уруул, баруун чих, зүүн дунд хурууны хууларсан шарх, зүүн сарвуу, нуруу, зүүн шилбэ, өвдөгний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3, 3.1.20-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна.” /2хх 163-166/ гэх дүгнэлтүүд,

            Тээврийн цагдаагийн албаны 1008 дугаартай мөрдөгчийн “Жолооч А.С нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.4-т заасан “Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гадна цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс дээш хэтрүүлэхийг хориглоно”, мөн дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлсийг хориглоно. а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд) эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй” гэснийг зөрчсөн нь зам тээврийн осол гарах шалтгаан болсон байна. ...” /2хх 177-178/ гэх магадлагаа,

            шуурхай удирдлагын хэлтсийн дуудлагын лавлагааны хуудас /1хх 2/, зам тээврийн осол дээр тогтоосон акт, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 4-10/, цогцост гадна талын хэсэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2хх 88-91/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогджээ.

Анхан шатны шүүх, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасны дагуу анхан шатны шүүхийн шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, мэдүүлэг, дүгнэлт, шинжлэн судалсан бусад бичмэл нотлох баримтад үндэслэн шүүгдэгч А.Сийг “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, хүний амь нас хохироосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

            Шүүгдэгч А.Сийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ Huyndai Sonata-7 маркийн 37-45 УНЯ улсын дугаартай автомашиныг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.4. “Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гадна цагт 80 км тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхийг хориглоно”, мөн дүрмийн 3.7. “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд) ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй...” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Л.Б, Г.Г нарыг хурд хэтрүүлэн мөргөж, Г.Ггийн эрүүл мэндэд хүнд хохирол, Л.Бий амь насыг хохироосон үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, хор уршиг, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн ялын төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага оногдуулсан нь үндэслэл бүхий болжээ.

Гэсэн хэдий ч анхан шатны шүүх гэмт хэрэг үйлдэгдэх үед өсвөр насны буюу 17 нас 11 сартай байсан шүүгдэгч А.Сэд ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан өсвөр насны шүүгдэгчид хэрэглэх тусгай зохицуулалтыг хэрэглээгүй байх тул давж заалдах шатны шүүхээс энэ талаар зөвтгөж шийдвэрлэлээ.

Тодруулбал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх энэ хуулийн тусгай ангид зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд энэ хуулийн 5.5 дугаар зүйлд заасан журмаар тусгай ангид заасан зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж эдлэх ялыг хоёр дахин багасгана.” гэж зааснаар шүүгдэгч А.Сэд оногдуулсан 3 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын эдлэх хугацааг 2 дахин багасгаж 1 жил 6 сарын хугацаагаар тогтоож шийдвэрлэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Н, Ч.Г нар “...хохирол төлбөрийг шүүгдэгчээс бүрэн гаргуулахаар шийдвэрлэх боломжтой тул шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлууд гаргажээ.

Энэ гэмт хэрэг үйлдэгдэх болсон шалтгаан нөхцлийг судлан үзэхэд, иргэний хариуцагч Э.Сын тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүнд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг шилжүүлсэн болгоомжгүй, хайхрамжгүй, хэнэггүй үйлдэл нь энэ гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцлийг бүрдүүлжээ.

Гэтэл иргэний хариуцагч Э.Ст одоог хүртэл Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсхүл эрх нь дуусгавар болсон хүнд тээврийн хэрэгслийн жолоог шилжүүлсэн бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.” гэж заасны дагуу зөрчлийн шийтгэл оногдуулаагүй байгааг дурдах нь зүйтэй.

Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсэгт “Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй.” гэж заасны дагуу иргэний хариуцагч Э.С нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бүрэн хариуцах ёстой хэдий ч анхан шатны шүүхээс шүүгдэгч А.Сийн хохирол төлбөр төлөх чадвартай, өөрөө төлөхөө илэрхийлсэн зэргийг харгалзан шүүгдэгч, иргэний хариуцагч нараас хохирол төлбөрийг хувь тэнцүүлэн гаргуулахаар шийдвэрлэснийг буруутгах аргагүй юм.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүхээс гүйцэтгэх хуудас бичигдэж иргэний хариуцагч Э.Саас шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар тогтоолд заасан хохирлыг бүрэн гаргуулах боломжтой юм.

Түүнчлэн иргэний хариуцагч Э.С нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарт хохирол төлбөрийг түргэн шуурхай барагдуулах талаар зайлшгүй анхаарах шаардлагатай.

Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Н, Ч.Г нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд нэмэлт заалт оруулж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 2024/ШЦТ/338 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Сэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг 2 дахин багасгаж, 1 жил 6 сарын хугацаагаар тогтоосугай.” гэсэн нэмэлт заалт оруулсугай.

 

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Н, Ч.Г нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

ШҮҮГЧ                                                Ц.МӨНХТУЛГА

ШҮҮГЧ                                               Д.МӨНХӨӨ