| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцоодолын Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 183/2021/01440/И |
| Дугаар | 210/МА2021/01812 |
| Огноо | 2021-12-20 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 12 сарын 20 өдөр
Дугаар 210/МА2021/01812
| 2021 оны 12 сарын 20 өдөр | Дугаар 210/МА2021/01812 |
З ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч А.Мөнхзул, шүүгч Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2021/02177 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч З ХХК-ийн хариуцагч О ХХК, Ж.Д нарт холбогдох газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 194 312 400 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хариуцагч О ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга: О ХХК нь манай компанитай 2019 оны 8 дугаар сарын 16-ны өдөр №108/2019/ОТР/01 дугаартай газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах-худалдан авах гэрээ байгуулж, гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулсан. Бидний зүгээс тус гэрээний дагуу 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдрөөс 2019 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн хооронд нийт 5 удаагийн ачилтаар 67 120 л буюу 129 541 600 төгрөгийн үнэ бүхий дизель түлш нийлүүлсэн. Хариуцагч нь огт төлбөр төлөхгүй өнөөдрийн байдлаар 566 хоногоор хэтрүүлсэн байх тул гүйцэтгээгүй үнийн дүнгийн алдангийг үлдэгдэл 50 хувиас хэтрэхгүй байхаар тооцоход 64 770 800 төгрөг, гэрээний дагуу нийлүүлсэн дизель түлшний үлдэгдлийн хамт нийт 194 312 400 төгрөгийг төлж барагдуулаагүй байна. Иймд Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 129 541 600 төгрөг, алданги 64 770 800 төгрөг, нийт 194 312 400 төгрөгийг О ХХК-аас гаргуулж, уг хөрөнгийн өмчлөгч болох Ж.Д ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2206058307 дугаар Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан /17020/, Дүнжингарав гудамж, 208/2 дугаар байр, 20 тоот хаягт байрлах 101,4 м.кв талбай бүхий гурван өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү. Дээрх өр төлбөр нь COVID-19 цар тахлаас өмнө үүссэн өр төлбөр тул алдангийг чөлөөлөх үндэслэлгүй гэжээ.
Хариуцагчийн татгалзал, хариу тайлбарын агуулга: Манай компани З ХХК-тай 2021 оны 8 дугаар сарын 15-ны өдөр гэрээ хийсэн бөгөөд 129 541 600 төгрөгийн мөнгөн дүнг хүлээн зөвшөөрч байгаа. Энэ зээлээр худалдах, худалдан авах гэрээ нь 1 жилийн хугацаатай байсан бөгөөд гэрээний 6 дугаар зүйлийн 6.1.2-т гэрээний хугацаа 1 жил гэж заасан. Бүтэн жил үргэлжлэх энэ хугацаанд манай компани түлш авч мөнгөө төлөөд дахиад түлш аваад явах ёстой байсан. Манай компанийн хувьд 2019 онд түлшээ бөөнд нь аваад манайд үйлчилгээ үзүүлдэг уул уурхайн компаниудад цааш нь үнээ нэмж зардаг байсан. Уул уурхайн компаниудын үйл ажиллагаа хүндэрснээс болоод манай компани энэ төлөлтөө хийж чадахгүй өдийг хүрсэн нь үнэн. Мөн дээрээс нь 2020 оны 01 дүгээр сараас дэлхий даяар ковид-19 цар тахал дэгдсэний улмаас эдийн засгийн байдал улам хүндрээд манай компани энэ төлбөрийг өдий хүртэл төлж чадахгүй байгаа. 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр "Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах талаар чиглэл өгөх тухай" хууль гарсан. Энэ хуулиар үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй байгаа компаниудад хандсан зохицуулалт байгаа, мөн талуудын хооронд байгуулагдсан гэрээний 9 дүгээр зүйлийн 9.4-т зааснаар гэнэтийн давагдашгүй хүчин зүйл, хүнд нөхцлийн улмаас нэг тал нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх боломжгүй болсон тохиолдолд нөгөө тал нь алданги болон үүргээ биелүүлэхгүйн улмаас өөрт учирсан хохирлыг шаардах эрхгүй гэдэг үндэслэлийг баримтлаад алдангийг төлөх боломжгүй гэж үзэж байна. Гэрээний үндсэн дүнг хүлээн зөвшөөрч, алдангийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Бид үндсэн төлбөрийг зөвшөөрч эвлэрэх асуудлаар санал тавьсан боловч нэхэмжлэгч тал зөвшөөрөөгүй гэжээ.
Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч О ХХК-иас гэрээний үүрэгт 194 312 400 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч З ХХК-д олгож, Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч О ХХК нь шийдвэрийг сайн дураар эс биелүүлвэл хариуцагч Ж.Д ийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206058307 дугаар, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан /17020/, Дүнжингарав гудамж, 208/2 дугаар байр, 20 тоот хаягт байрлах 101.4 мкв талбай бүхий 3 өрөө орон сууц бүхий үл хөдлөх эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Зууннайман ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 1 199 712 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжинд 1 199 712 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч З ХХК-д олгож шийдвэрлэжээ.
Хариуцагч О ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүх О ХХК-аас 194 312 400 төгрөгийг гаргуулан З ХХК-д олгож шийдвэрлэсэн. З ХХК-аас гүйцэтгээгүй үнийн дүнгийн алдангид нэхэмжилж байгаа 64 770 800 төгрөгийг О ХХК-ийн зүгээс хүлээн зөвшөөрөхгүй байна. Анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа Гамшгаас хамгаалах тухай хуулийн 4.1.23-т заасныг харгалзалгүй алдангийг хэвээр үлдээснийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий хуулийн шаардлагыг хангасан байна. Шүүх хэрэгт авагдсан баримтууд болон талуудын тайлбарыг үндэслэн давж заалдах гомдлын хүрээнд хянаж гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
Шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, талуудыг мэтгэлцэх боломжоор бүрэн хангасан байна.
Нэхэмжлэгч "З" ХХК нь худалдах-худалдан авах гэрээгээр шилжүүлсэн дизель түлшний үнэ төгрөг, хариуцагч гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тул гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаа хэтрүүлсэний хариуцлага болох гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар тооцож алданги 64 770 800 төгрөг тус тус шаардсан байна.
/хх-7-11 дэх тал/
Хариуцагч "О" ХХК нь гэрээгээр шилжүүлэн авсан дизель түлшний үнэ 129 541 600 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн, харин алдангийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж, хариуцагч Ж.Д тэй гэрээ байгуулаагүй гэж тус тус маргасан байна.
Зохигчдын хооронд 2019 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан бөгөөд уг гэрээгээр зохигчид нэг литр дизель түлшийг 1 930 төгрөгөөр тооцож, 65 000 литр дизель түлшийг худалдахаар тохиролцжээ. /хх-7-13 дахь тал/
Уг гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор зохигчид 2019 оны 8 дугаар сарын 16-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулж уг гэрээгээр Ж.Д ийн өмчлөлийн 101,4 м.кв талбай бүхий эд хөрөнгө өмчлөх эрхийн Ү-2206058307 тоот дугаар бүхий гэрчилгээтэй, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Зайсан /17020/, Дүнжингарав гудамж, 208/2 байр 20 тоот үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж улмаар уг гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн байна. /хх-14-18 дахь тал/
Дээрх гэрээгээр нэхэмжлэгч "З" ХХК нь хариуцагч "О" ХХК-д 67 120 литр 129 541 600 төгрөгийн үнэ бүхий дизель түлш нийлүүлсэн үйл баримт талуудын тайлбар болон хэргийн 22, 24, 26-27 дахь тал шатахуун тослох материалын зарлагын падаан зэрэг баримтаар тогтоогдсон талаар шүүх зөв дүгнэжээ.
Талууд худалдах-худалдан авах гэрээний дагуу шилжүүлсэн дизель түлшний үнэ 129 541 600 төгрөгийг төлөх талаар маргаагүй, харин гэрээгээр тохиролцсон алдангийг төлөх эсэх талаар маргасныг анхан шатны шүүх зөв тогтоосон.
Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээ, Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан барьцааны гэрээ тус байгуулагдсан уг гэрээнүүд талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болж хэн аль нь гэрээнд гарын үсэг зурсан, хуульд заасан шаардлагыг хангасан тул мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 195 дугаар зүйлийн 195.1 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий болжээ.
Нэхэмжлэгч "З" ХХК нь хариуцагч "О" ХХК-д нийлүүлсэн 129 541 600 төгрөгийн үнэ бүхий 67 120 литр дизель түлшний үнэ 129 541 600 төгрөг болон уг үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасны дагуу шаардах эрхтэй. Энэ талаар шүүх зөв дүгнэжээ.
Талууд гэрээний 5.2.2-т худалдан авагч гэрээний төлбөрийг хавсралтад заасан хуваарийн дагуу төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх алданги төлөх-өөр, мөн гэрээний 6.1.2-т гэрээ хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш нэг жилийн хугацаатай байхаар, гэрээний хавсралтын 5-д төлбөрийг хуанлийн 30 хоногт төлөх-өөр тус тус тохиролцсон үйл баримт тогтоогдсон энэ талаар зохигчид маргаагүй. /хх-7-13 дахь тал/
Хариуцагч "О" ХХК нь Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1-д зааснаар гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь биелүүлээгүй үүрэг зөрчсөн хугацаа хэтрүүлсэн буруутай тул нэхэмжлэгч "З" ХХК нь хариуцагч "О" ХХК-аас гэрээний хариуцлага болох алдангийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар шаардах эрхтэй. Энэ талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.
Анхан шатны шүүх хариуцагч "О" ХХК-аас нийлүүлсэн 67 120 литр дизель түлшний үнэ болох 129 541 600 төгрөг, алдангид 64 770 800 төгрөг нийт 194 312 400 төгрөг гаргуулж нэхэмжлэгч "З" ХХК-д олгож, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах, хариуцагч Ж.Д д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6, 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасантай нийцсэн шүүх хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.
Давж заалдах шатны шүүх дэлхий даяар цар тахал дэгдсэн нийтэд илэрхий нөхцөл байдал, үүргийн гүйцэтгэл барьцаа хөрөнгөөр хангагдсан байсан, гэрээний талаа эрсдлээс хамгаалах шаардах эрхээ хэрэгжүүлэх боломж хэдийд ч нээлттэй байсан, хариуцагчийн төлбөрийн чадвар зэрэг хэргийн нөхцөл байдлыг харгалзан үзэж Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт зааснаар алдангийг 50 хувиар багасгаж 32 385 400 төгрөг гаргуулахаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж хариуцагч "О" ХХК-ийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2021/02177 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын хариуцагч О ХХК-иас гэрээний үүрэгт 194 312 400 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч З ХХК-д олгосугай гэснийг хариуцагч О" ХХК-аас 161 927 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч З ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 32 385 400 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж,
тогтоох хэсгийн 3 дахь заалтын 1 199 712 гэснийг 967 585 гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч О" ХХК-аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 199 712 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД
ШҮҮГЧИД А.МӨНХЗУЛ
Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ