| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гончигсумын Сарантуяа |
| Хэргийн индекс | 150/2018/00033/Э |
| Дугаар | 33 |
| Огноо | 2018-05-02 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Э.Гантулга |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 05 сарын 02 өдөр
Дугаар 33
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Г.Сарантуяа даргалж,
Нарийн бичгийн дарга С.Цэнд-Аюуш,
Улсын яллагч Э.Гантулга,
Хохирогч Б.Алтаншагай,
Шүүгдэгч Ч.Хишигням нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Нарт овогт Чулууны Хишигнямд холбогдох 1833000000033 тоот эрүүгийн хэргийг 2018 оны 04-р сарын 30-ний өдөр хүлээн авч шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1989 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Сэлэнгэ аймгийн Орхон суманд төрсөн, 28 настай, эмэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, ээж хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Сайхан сум, 1-р баг, 1-7 тоотод оршин суух хаягтай, Нарт овогт Чулууны Хишигням /МЙ00000000/
Үйлдсэн хэргийн талаар:
Шүүгдэгч Ч.Хишигням нь 2018 оны 04 дүгээр сарын 09-ны өглөөний 07 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 1 дүгээр багийн 1-7 тоотод өөрийн хамтран амьдрагч болох Б.Алтаншагайтай гэр бүлийн асуудлаас болж маргалдан улмаар түүний нүүрийг маажиж, гарыг нь сандалаар цохиж биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Эрүүгийн 1833000000033 тоот хэргээс
1.Хохирогч Б.Алтаншагайн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг
2.Гэрч Р.Бадамжаргалын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /х.х-ийн 21-р хуудас/
3.Гэрч Ц.Ариунболдын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /х.х-ийн 23-р хуудас/
4.Шинжээчийн 2018 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн №426 дугаартай дүгнэлт /х.х-ийн 6-р хуудас/
5.Шүүгдэгч Ч.Хишигнямын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг зэргийг уншиж сонсгон шинжлэн хэлэлцүүлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй байна.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судалбал:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ч.Хишигням нь 2018 оны 04 дүгээр сарын 09-ны өглөөний 07 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 1 дүгээр багийн 1-7 тоотод өөрийн хамтран амьдрагч болох Б.Алтаншагайтай гэр бүлийн асуудлаас болж маргалдан улмаар түүний нүүрийг маажиж, гарыг нь сандалаар цохиж биед нь хөнгөн хохирол учруулсан болох нь:
1.Хохирогч Б.Алтаншагайн “...2018 оны 03 сарын 11-нд бид түрээсийн байрнаас гарахад Хишигням хүүхдүүдээ орхиод явсан. Тэгэхэд нь би “чи бага охиноо аваад гэртээ харьчих. Би том охиноо аваад ахынд байж байя” гэж хэлсэн. Өөрөө нэг 5 ханатай гэртэй юм. Би өвөл нь хороололд байж байгаад зун нь төвд ороод ирье гэсэн юм. 2018 оны 03 сарын 11-ний өдөр байрнаас гарахдаа би Хишигнямд чи “хөхүүл хүүхдээ надад өгч явуулж байхаар өөрөө аваад яваач” гэхэд “үгүй би хот явж шоудах гэж байна, архи уух гээд байна, чи өөрөө ав” гэсэн. Тэгээд яваад өгсөн. Би хэд хонож байгаад ирээд авчих байлгүй дээ гэж бодсон ч тэр чигээрээ алга болсон. Сүүлд нь 2,3 удаа ирж авсан. Эхний удаа ирж авахдаа уурлаж уцаарлаж байж ирж авчихаад маргааш нь чи ирж энэ хүүхдээ ав би харж чадахгүй юм байна гээд аваад ирсэн. Дараа нь намайг шүүх дээр хоёр хүүхдээ асрамжиндаа авах гээд ажил хөөцөлдөөд явж байх хооронд ирээд хоёр хүүхэд аваад явчихсан байсан. Тэгснээ маргааш нь залгаад энэ хоёр шээсээ ав, юм буулгаад байна, ирж ав гээд байна гэж хэлсэн. Сүүлд нь ээж нь хоёр хүүхдийг манай ахынд авчирч өгсөн. Би гэрт нь өдөр очихоор угаасаа цонхоороо харчихаад ээж нь ч тэр өөрөө ч тэр хаалгаа тайлж өгдөггүй юм. Тэгэхээр нь би 4 сарын 09-ний өглөө нь том хүүхэд нь хичээлдээ явахад нь зөрж ороод бага охиноо өгсөн юм. Тэгээд би “чи ингэж архидаж шоудаж явахаар бага охиноо хараад гэртээ бай л даа. Ээж хүн байж ингэж явах шаардлага чамд байгаа юм уу” гэж хэлсэн чинь араас маажсан. Тэгэхээр нь би эргэж хараад түлхсэн. Над руу эргэж хараад дайраад маажиж, самардаад байхаар нь 2 гараараа барихад хөлөөрөө жийж өшиглөөд байсан. Гэрийн үүдэнд зогсож байгаад модон сандлаараа намайг хэд хэдэн удаа цохисон. Гарын шуу хавдчихсан байсан. Би цагдаад дуудна гэхэд чи муу цагдаагаа дууд гэж хэлчихээд хэрүүл хийгээд, салаавч гаргаад суугаад байсан. Тэгээд би цагдаа дуудахад цагдаа ирж хэлтэс рүү авч явсан...” гэсэн мэдүүлэг,
2.Гэрч Р.Бадамжаргалын “...Манай охин Хишигням болон хамтран амьдрагч Б.Алтаншагай нар хамтран амьдарч суугаад бараг 3 жил болж байна. Тэр 2-н дундаас гарсан хүүхэд 2 нас хүрсэн. Энэ 2 сууснаасаа хойш байнга л эв түнжингүй байдаг байсан. Манай охиныг төрөөд 1 сар болсон байхад ч хүртэл согтуугаар зодсон байсан. Ер нь байнга л хэрэлдэж зодолддог байсан. Харин Алтаншагай сүүлийн үед архи уухаа больсон байсан. Би тэр 2-ийг хэрэлдэж зодолдоод байхаар нь яваад 1 жил гаран хотод байж байгаад ирсэн. Алтаншагай манай охин 2 ноднингоос 10 сараар байр түрээслэж байгаад энэ оны 03 сард түрээс нь дуусч охин гэртээ ирсэн байгаа. Одоо энэ 2 салсан тусдаа байгаа...” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 21-р хуудас/
3.Гэрч Ц.Ариунболдын “...2018 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр би жижүүрийн бүрэлдэхүүнд 24 цагаар үүрэг гүйцэтгэсэн. Намайг үүрэг гүйцэтгэж байхад 04 сарын 9-ний өглөө 08 цаг 10 минутын орчим Б.Алтаншагай гэдэг хүнээс 1-р байр 7 тоотод Хишигням гэгч нь хэрүүл маргаан хийж миний нүүрийг маажсан гэсэн дуудлага өгсөн. Ингээд би дуудлагын дагуу хаягаар нь очиход 1-р байр 7 тоотод үүднийхээ орчим Б.Алтаншагай болон Ч.Хишигням нар хэрүүл хийчихсэн зогсож байсан. Ингээд уг 2 хүнийг Цагаадгийн хэлтэс дээр авчирч драгерь үлээлгэсэн. Тэгэхэд Хишигням 0.45% согтолттой, харин Алтаншагай нь эрүүл байсан. Тухайн үед Алтаншагайгийн нүүр маажуулсан байсан. Алтаншагай болохоор Хишигням нүүр маажаад ийм болгочихлоо гэж байсан. Хишигнямын биед ямар нэгэн ил харагдах гэмтэл харагдаагүй...” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 23-р хуудас/
4.2018 оны 04 дүгээр сарын 10-ний өдрийн №426 тоот шинжээчийн
1.Б.Алтаншагайн биед зүүн нүүр, хүзүүний баруун тал, зүүн гарын сарвууны гадна хэсгийн зулгаралт, зүүн шуун цус хуралтын гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх байх боломжтой
3.Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно.
4.Б.Алтаншагайн биед учирсан гэмтлээс үүссэн сорив нь өөрийн явцаар арилахгүй болно гэсэн дүгнэлт /х.х-ийн 6-р хуудас/
Шүүгдэгч Ч.Хишигнямын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: 2018 оны 04 сарын 09-ний өглөө гэртээ байж байтал манай хүүхэд сургуульдаа явахаар гарахад Алтаншагай зөрөөд ороод ирсэн юм. Алтаншагай гэрт орж ирээд “чи хаагуур юу хийгээд яваад байгаа юм” гээд хэрэлдэж байхад намайг нэг өшиглөөд, толгой руу нэг цохисон. Тэгэхээр нь би нүүрийг нь маажсан. Алтаншагай цагдаа дуудаад намайг аваад явсан гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар үйл баримт хангалттай тогтоогдож байна.
Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний халдашгүй чөлөөтэй байх эрх, эрх чөлөөнд гэм буруугийн шууд санаатай үйлдлээр халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл юм.
Прокуророос шүүгдэгч Ч.Хишигнямыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар яллагдагчаар татан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэн хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн нь хуулийн шаардлагад нийцсэн байна.
Иймд шүүхээс шүүгдэгч Ч.Хишигнямыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж бусдын биед хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй.
Шүүгдэгч Ч.Хишигням нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч энэ талаар маргахгүй байгаа болно.
Хохирогч гэмт хэргийн улмаас учирсан хохирлын нотлох баримт шүүхэд ирүүлээгүй ба надад гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болно../х.х-ийн 19-20-рт/
Эрүүгийн хариуцлагын талаар :
Ч.Хишигням нь хүний биед хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай тул Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Прокурор Ч.Хишигнямд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаархи саналыг шүүгдэгчид танилцуулж, гарын үсэг зуруулсан нь хуульд нийцэж байна.
Иймд прокурорын саналыг харгалзан шүүгдэгч Ч.Хишигнямд Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэлээ. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар нэг нэгж нь нэг мянган төгрөгтэй тэнцүү болно.
Шүүгдэгч Ч.Хишигням нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Хишигнямд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.
Шүүгдэгч өөрийн хүсэлтээр өөрөө өөрийгөө өмгөөлөн шүүх хуралд орсон болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 7, 8, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Нарт овогт Чулууны Хишигнямыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний биед хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч Ч.Хишигнямыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 / дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгож шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Ч.Хишигнямын 450.000 төгрөгөөр торгох ялыг 03 сарын дотор хэсэгчлэн төлж барагдуулахаар тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлэхгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5.Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй,бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийг бичгээр үйлдэж, улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нарт гардуулсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэрүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.САРАНТУЯА