Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 2024/ДШМ/740

 

  2024           06            26                                          2024/ДШМ/740

 

Ж.Т, Б.Д нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр, даргалж, шүүгч Д.Мөнхөө, шүүгч М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор М.Алтанцэцэг,

шүүгдэгч Ж.Т, Б.Д, тэдгээрийн өмгөөлөгч С.Галцацрах,

нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 2024/ШЦТ/361 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ж.Т, Б.Д нарын өмгөөлөгч С.Галцацрахын гаргасан давж заалдах гомдлоор Ж.Т, Б.Д нарт холбогдох 2210 03129 0068 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.      

1. А овогт Ж-н Т, .... оны .. дүгээр сарын ..-ний өдөр ............ төрсөн, .. настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, “..........” ХХК-д инженер ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт .......... тоотод оршин суух хаягтай, /РД: ......./,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 376 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн;  

2. Т овогт Б-н Д, ... оны .. дугаар сарын ..-ны өдөр ........ төрсөн, .. настай, эмэгтэй, дээд боловсролтой, хүнсний эрүүл ахуйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт ...........тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /РД: ........../;

Шүүгдэгч Ж.Т, Б.Д нар нь бүлэглэж 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр ............. тоотыг зарна” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон хохирогч Г.Л-с урьдчилгаа мөнгө гэж 20.000.000 төгрөгийг авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Ж.Т, Б.Д нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.Д, Ж.Т нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бүлэглэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг авч залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Т-г 1 жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Б.Д-г 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Т-д оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д нь эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр өөрийн оршин суух газраа өөрчлөх, зорчих, эмнэлгийн тусламж үйлчилгээ авахаас бусад тохиолдолд Нийслэлийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг 1 жилийн хугацаагаар хориглож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д нь зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрх хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцон хорих ялаар солихыг түүнд мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д, Ж.Т нараас 15.000.000 төгрөгийг гаргуулан хохирогч Г.Л-д олгож, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д.д оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газарт даалгаж, шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгч нарын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ж.Т, Б.Д нарын өмгөөлөгч С.Галцацрах давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулуулахаар дараах үндэслэл бүхий гомдлыг гаргаж байна. Үүнд:

1. Шүүгдэгч Б.Д-г тус хэрэг маргаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутай гэж үзэн ял оногдуулсан нь үндэслэлгүй, хэрэгт авагдсан нотлох баримтаар шүүгдэгч нар тухайн зарах байр орон сууцыг зарж борлуулах тухай байрны эзэн болох Ж.П болон Ж.Б нартай урьдчилан тохиролцож интернэт орчинд зар оруулж, түлхүүр цоожийг авч үзүүлж харуулан төлөөлөн оролцож уулзаж байсан бөгөөд тэр ч утгаараа урьдчилгаа мөнгийг Т-н эхнэр Б.Д дансаар 16.000.000 төгрөг шилжүүлж авснаа байрны банкны үлдэгдэлд төлж шилжүүлсэн, гомдол гаргагч Лнь Т-н эцэг, эх болох Ж.Б, О нартай үл ойлголцон маргалдсаны улмаас өгсөн мөнгөө буцааж шаардахад Т-н Худалдаа хөгжлийн банкны дансанд 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 20.000.000 төгрөгийг Т-н ээж О нь шилжүүлж өгснийг гэрч Ж.Б мэдүүлдэг бөгөөд шүүгдэгч Б.Д идэвхитэй үйлдэл оролцоо байхгүй, нотлох баримтаар няцаагдаж байна гэж үзэж байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж, гэм буруугүйд тооцож өгнө үү.

2. Шүүгдэгч Ж.Т нь өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, байрны урьдчилаа мөнгийг буцаан шилжүүлж өгсөөр байтал барилгын ажилчдын цалинд зарцуулж төлөх чадваргүй болсноор удаашруулсанд уучлал хүсэж, хохирол төлбөрийг төлж барагдуулсан учир Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар тэнсэж, үүрэг хүлээлгэж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Ж.Т тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Үйлдсэн гэмт хэрэгтээ маш их гэмшиж байна. Иймд эрх зүйн байдлыг минь дээрдүүлж, хэргийг шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Б.Д тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...П нь Солонгос улсад байсан учраас над руу “таньдаг нотариат байна, над руу бичиг баримтынхаа зургийг өгчих” гэж хэлэхээр нь Б руу яриад бичиг, баримтынхаа зургийг дарж явуулсан. ...” гэв.

Прокурор М.Алтанцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ж.Т, Б.Д нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдсон. Анхан шатны шүүхээс шүүгдэгч нарт оногдуулсан ял нь тэдний үйлдсэн гэмт хэрэг, хувийн байдал зэрэгт тохирсон тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарын өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Шүүгдэгч Ж.Т, Б.Д нар нь бүлэглэж 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр “.......... тоотыг зарна” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон хохирогч Г.Л-с урьдчилгаа мөнгө гэж 20.000.000 төгрөгийг авч залилсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Г.Л-н “...Б хэлэхдээ энэ байр Богд банкин дээр барьцаа үлдэгдэлтэй байгаа, урьдчилгаа 20.000.000 төгрөг өгчих, би банкнаас гэрчилгээгээ гаргуулж аваад чиний нэр дээр шилжүүлж өгнө гэж хэлэхээр нь би миний нэр дээр байрны эрх шилжсэн тохиолдолд төлбөрөө бүрэн өгнө шүү гэж хэлээд бэлнээр 4.000.000 төгрөг Б-д өгч, түүний эхнэр Д-н Хаан банкны 5011287994 тоот дансанд 16.000. 000 төгрөг интернет банкаар шилжүүлсэн юм. Тэгээд Б, Д, манай ээж Т бид дөрөв Богд банк руу явж Б банкнаас байрныхаа гэрчилгээг авч надад харуулаад “энэ байр манай төрсөн дүүгийн нэр дээр байдаг юм, манай дүү Солонгос улсаас 2022 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр ирээд үлдэгдэл мөнгөө аваад чиний нэр дээр шилжүүлээд өгье, бид нар 4, 5 дахь өдөр нүүгээд та хэд хагас бүтэн сайн өдөр байрандаа орчих” гэж хэлсэн, мөн “гэрчилгээ өөр хүний нэр дээр байна, тийм болохоор зээлийн гэрээ байгуулъя” гээд Б.Д бид хоёр 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр зээлийн гэрээ байгуулсан юм. Би 2022 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Биндэръяа руу залгахад гар утсаа авахгүй байхаар нь би аавынх нь 9952-4567 дугаар руу залгахад “манайх байраа зарахгүй, юу яриад байгаа юм, та нар Б-с мөнгөө аваарай. ...” гэж хэлээд утсаа тасалсан. Би өмнөх өгсөн мэдүүлэгтээ Д-н нөхөр гэх Т-г Б-тай андуурч мэдүүлэг өгсөн байсан. Би Б гэх хүнтэй нэг ч удаа уулзаж байгаагүй. Харин Д нь манай нөхрийн иргэний үнэмлэх гэж Б-н иргэний үнэмлэхийг надад харуулсан болохоор би Б-г Д-н нөхөр гэж бодсон. ...” /хх 19, 96/,

гэрч Ж.Б-н “...Тэр эмэгтэй 120.000.000 төгрөгөөр зарах гэж байсан байрыг маань “107.000.000 төгрөгөөр авна” гээд байхаар нь би “байраа зарахаа болилоо” гэтэл тэр эмэгтэй “байраа суллаж өг, би 20.000.000 төгрөг өгсөн” гээд байхаар нь ах дүү нартайгаа ярьж байгаад энэ байраа барьцаанд тавиад 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр наад эмэгтэйгийнхээ 20.000.000 төгрөгийг өгчих гээд Т-д өгсөн. Би П-с байрныхаа гэрчилгээг шилжүүлж авмагц банк бус санхүүийн байгууллагад барьцаанд тавьж Т-н Худалдаа хөгжлийн банкны дансанд 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр шилжүүлсэн...” /хх 28/,

гэрч Ж.Б-н “... Би Тд 2020 онд Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо, 186 дугаар байрны 98 тоотыг зарсан юм. Тухайн үед Т хувь лизинг хийж урьдчилгаа 60 хувийг нь аваад үлдэгдэл 20.000.000 төгрөгийг Богд банкинд барьцаалж зээл гаргуулж авсан юм. Тухайн байрны гэрчилгээг би өөрийн төрсөн дүү Ж.П-н нэр дээр гаргуулж банкны барьцаанд тавьсан. Би Л гэх хүнийг огт хараагүй, танихгүй хүн, тэр өгсөн гээд мөнгө нь Д-н дансанд шилжсэн байсан. Би тэр өдөр Д-д иргэний үнэмлэхнийхээ зургийг л явуулсан. Тухайн өдөр Д над руу “байр зарагдах гээд байна, хүн авчихлаа, үнэмлэхнийхээ зургийг явуулчих” гэхээр нь би явуулсан. ...” /хх 31/,

гэрч Ж.П-н “...Байрыг ямар нэгэн баримт бичиг үйлдэж өгөлгүйгээр явсан. Харин Монголд ирээд Банкны барьцаанаас гаргасан байхаар нь Т-н ээж О-д шилжүүлж өгсөн...” /хх 32/ гэсэн мэдүүлгүүд,

хохирогч Г.Л, яллагдагч Б.Д нарын хооронд 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хийсэн зээлийн гэрээ /хх 14/, Ж.Б-с гарган өгсөн Г к п ББСБ болон Д.О нарын хооронд хийсэн зээлийн гэрээ, яллагдагч Ж.Т-д 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр ээж Д.О-н данс руу 20,000,000 төгрөг хийсэн мессеж /хх 34-39/, яллагдагч Б.Д-с хохирогч Г.Л-н 5........... тоот дансанд 4.000.000 төгрөг хийсэн дансны хуулга /хх 41/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх шүүгдэгч Ж.Т, Б.Д нарыг бүлэглэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг авч залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн, тэдний үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчилснийг Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.

Анхан шатны шүүх шүүгдэгч Ж.Т, Б.Д нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан гэм хор, хохирлын хэр хэмжээ зэрэг нөхцөл байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Т-д 1 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Б.Д-д 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байна.

Гэвч давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “...шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж ... болно.” гэж заасан эрх хэмжээний хүрээнд, шүүгдэгч Ж.Т, Б.Д нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогч Г.Л-д 15.000.000 төгрөгийг нөхөн төлж барагдуулсан, хохирогчоос “... хохирлоо авсн, шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дээрдүүлж өгнө үү...” гэсэн хүсэлт ирүүлсэн зэргийг харгалзан шүүгдэгч Ж.Т-д 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, шүүгдэгч Б.Д-д 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулах нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл журамд нийцнэ гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нарт оногдуулсан ялыг хөнгөрүүлсэнтэй холбоотой Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд шүүгдэгч Ж.Т-г Нийслэлийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс гарахгүй байх хязгаарлалт тогтоож, уг оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй зөрчсөн тохиолдолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 5.6 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт тус тус зааснаар шүүх зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцон солихыг, шүүгдэгч Б.Д нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцон хорих ялаар солихыг тус тус мэдэгдэх нь зүйтэй.

Түүнчлэн, шүүгдэгч Ж.Т нь 2024 оны 05 дугаар сарын 17-ноос энэ өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 40 хоногийн нэг хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор тооцон, эдлэх ялаас хасаж тооцохыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгав.

Шүүгдэгч нарын өмгөөлөгч С.Галцацрахын “... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т дахь заалтад зааснаар Ж.Т-д ял оногдуулахгүйгээр тэнсэх, Б.Д-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож, дээр дурдсан үндэслэлүүдээр шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтүүдийг оруулж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 2024/ШЦТ/361 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын “...шүүгдэгч Ж.Т-г 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Б.Д-г 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.” гэснийг “...шүүгдэгч Ж.Т-г 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, шүүгдэгч Б.Д-г 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.” гэж,

тогтоох хэсгийн 4 дэх заалтын “... шүүгдэгч Б.Д нь эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр өөрийн оршин суух газраа өөрчлөх, зорчих, эмнэлгийн тусламж үйлчилгээ авахаас бусад тохиолдолд Нийслэлийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хориглосугай.” гэснийг “... шүүгдэгч Ж.Т нь эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр өөрийн оршин суух газраа өөрчлөх, зорчих, эмнэлгийн тусламж үйлчилгээ авахаас бусад тохиолдолд Нийслэлийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг 6 /зургаа/ сарын хугацаагаар хориглосугай.” гэж,

 тогтоох хэсгийн 5 дахь заалтын “... шүүгдэгч Б.Д ...” гэснийг “... шүүгдэгч Ж.Т ...” гэж,

тогтоох хэсгийн 8 дахь заалтын “... шүүгдэгч Б.Д-д оногдуулсан ...” гэснийг “... шүүгдэгч Ж.Т-д оногдуулсан ...” гэж тус тус өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Ж.Т-н  нийт цагдан хоригдсон 40 /дөч/ хоногийн нэг хоногийн хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор тооцон, эдлэх ялаас нь хасаж тооцохыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.” гэсэн,

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 5.6 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ж.Т нь оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй зөрчсөн тохиолдолд шүүх зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцон солихыг түүнд мэдэгдсүгэй.” гэсэн,

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Д нь шүүхээс оногдуулсан 450.000 төгрөгийн торгох ялыг 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.” гэсэн,

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Д нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцон, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.” гэсэн тус тус нэмэлт заалтууд оруулсугай.

3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 заалтыг хүчингүй болгож, бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

4. Шүүгдэгч Ж.Т, Б.Д нар нь гэмт хэргийн улмаас учирсан 15.000.000 /арван таван сая/ төгрөгийг хохирогч Г.Л-д нөхөн төлснийг дурдаж, шүүгдэгч Ж.Т-г нэн даруй суллаж, түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

5. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                            Т.ӨСӨХБАЯР

ШҮҮГЧ                                                            Д.МӨНХӨӨ

            ШҮҮГЧ                                                            М.АЛДАР