Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 303

 

 “Т” ХХК-ийн гомдолтой, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө

газрын улсын байцаагч нарт холбогдох зөрчлийн хэргийн тухай

 

 

            Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

            Даргалагч:                     Танхимын тэргүүн М.Батсуурь,

            Шүүгчид:                        Л.Атарцэцэг,

                                                   П.Соёл-Эрдэнэ,

                                                   Ч.Тунгалаг,

            Илтгэгч шүүгч:              Б.Мөнхтуяа,

            Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал  

Гомдлын шаардлага: “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Улсын байцаагч И.Х, М.Б нарын 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 8-6-5 дугаартай Зөрчлийн хэрэг үүсгэсэн тогтоол болон 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 0005510 дугаартай шийдвэр буюу 5000.000 төгрөгөөр торгох шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 128/ШШ2017/0233 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 221/МА2019/0350 дугаар магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогч: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Г, хариуцагч И.Х, М.Б нарыг оролцуулж,

            Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шүүхийн шийдвэр:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 128/ШШ2017/0233 дугаар шийдвэрээр: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.3.1, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг баримтлан төлөөлөн гомдол гаргагчийн Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч И.Х, М.Б нарын 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 8-6-5 дугаартай Зөрчлийн хэрэг үүсгэсэн тогтоолыг хүчингүй болгуулах тухай гомдлыг хүлээн авахаас татгалзаж холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 2, 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 1.5, 4.1 дүгээр зүйлийн 3-т заасныг баримтлан Т ХХК-ийн гомдлын шаардлагыг хангаж, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч И.Х, М.Б нарын 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 0005510 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэсэн.  

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 221/МА2019/0350 дугаар магадлалаар: Нийслэл дэх дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 128/ШШ2018/0233 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 1.1-д заасныг тус тус баримтлан гомдол гаргагч “Т” ХХК-ийн “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч И.Х, М.Б нарын 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 0005510 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий гомдлыг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 3 дахь заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д заасны дагуу гомдол гаргагч “Т” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэсэн.       

Хяналтын журмаар гаргасан гомдол:

3. “Т” ХХК-ийн гомдлын шаардлагатай, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч И.Х, М.Б нарт холбогдох 2018 оны 02 дугаар сарын 0005510 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох хэргийг хянаад Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 128/ШШ2018/0233 дугаартай шүүхийн шийдвэрээр “...шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож" шийдвэрлэсэн ба хариуцагч нараас анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч Нийслэл дэх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан. Тус шүүхээс 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдөр анхан шатны шүүхийн шийдвэрт гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг оруулж 221/МА2019/0350 дугаартай магадлалыг гаргаж, хариуцагч нарын гомдлыг ханган шийдвэрлэсэн. “Т” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хуульд нийцээгүй, хууль буруу тайлбарлан хэрэглэсэн, шударга ёсны зарчимд нийцээгүй дүгнэлт хийх замаар шүүхийн шийдвэр нь хуулийн ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэн эс зөвшөөрч ЗХШХШтХ-ийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг үндэслэн хяналтын журмаар гомдол гаргаж байна.

4. Нэг. Давж заалдах шатны шүүхээс “анхан шатны шүүхээс маргаан бүхий актын үндэслэлд дүгнэлт өгөлгүйгээр зөвхөн ... Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлд заасан хууль ёсны зарчмыг алдагдуулсан гэсэн дүгнэлтээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болжээ....энэхүү дүгнэлтээр шийтгэлийн хуудсыг хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж дүгнэн шийдвэрлэснийг хуулийн заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл: Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 1.1-д “үйлдвэрлэгч, худалдагч, гүйцэтгэгч барааны талаар үнэн зөв, бодит мэдээллээр хэрэглэгчийг хангах тухай заасан ба энэ талаарх мэдээллийг Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах тухай хуулийн 7 дугаар зүйлд “Барааны талаар мэдээлэл авах хэрэглэгчийн эрх”-ийг нарийвчлан зохицуулсан байдаг. Тодруулбал: 7.2-т Үйлдвэрлэгч барааныхаа талаар хэрэглэгчид дор дурдсан мэдээлэл өгнө. 7.2.1. үйлдвэрлэгчийн нэр хаяг, барааны болон бусад таних тэмдэг, таницын тухай код, 7.2.2. барааны зориулалт, хэрэглээний шинж чанар, 7.2.3 барааны орц найрлага, хадгалах, хэрэглэх арга зүй, 7.2.4 барааны нэр төрөл, үнэ, 7.2.5 барааны хэмжээ, хэмжих нэгж, 7.2.6 барааны баталгаат болон эдэлгээний хугацаа, 7.2.7 барааг зөв хэрэглэх тухай заавар-гэж зохицуулжээ. Гэтэл шүүх энэхүү хуулийн заалтыг шийтгэл оногдуулах үндэслэл болгосныг зөв гэж үзэн магадлалынхаа үндэслэл болгосон нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй төдийгүй шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчмыг хангаагүй гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм.

5. Хоёр. Гомдол гаргагчийн зүгээс зөрчлийн хэрэг үүсгэн шалгасан процесс, хэрэг үүсгэсэн үндэслэл, бодит шалтгаан нөхцөлийг үнэн бодитойгоор тогтоолгүйгээр шийтгэл оногдуулсныг хүлээн зөвшөөрөөгүй болно. Гэтэл давж заалдах шатны шүүх гагцхүү “ хэргийн холбогдогчдоос авсан мэдүүлэг, тэмдэглэл, хэрэглэгчийн төв 1800- 1284 утсанд ирсэн гомдол, мэдээлэл, түлшийг 30 төгрөгөөс дээш хэмжээгээр борлуулахыг хязгаарласан ШӨХТГ-ын баримтуудаар тогтоогдсон тул... шатахуунаа борлуулахгүй байгаа шалтгаан, нөхцөлийн талаар үнэн бодит мэдээллээр хангах хуулийн зохицуулалтад заасан үүргээ хэрэгжүүлээгүй” гэж хэт нэг талыг барьж нотлох баримтыг үнэлэн хэргийг шийдвэрлэсэн. Гэтэл бодит нөхцөлд “шатахууны борлуулалт ямар шалтгаанаас зогссон, яагаад борлуулалт зогсох нөхцөл бий болсон” гэдгийг тогтоолгүй, энэ талаархи баримтуудыг үнэлэлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь шударга ёсны зарчимд нийцэхгүй юм. Тодруулбал дараахь үйл баримт, нотлох баримтыг бодитойгоор үнэлээгүй: Тус компаний шатахуун түгээх станцууд бусад компаниудын жижиглэнгээр борлуулж байсан үнээс литр тутамд 50 төгрөгийн хямдаар худалдаалж байсан нь ачаалал, дараалал үүсэх, татан авсан шатахуун хурдан дуусахад ихээхэн нөлөөлсөн. 2. Борлуулалт зогсоход гол нөлөөлсөн шалтгаан нь: “Зөрчлийн тухай хууль”-ийн 14.1 дүгээр зүйлийн 15-д “Шатах тослох материалыг төвлөрсөн хот, суурин газрын замаар өдрийн цагаар тээвэрлэсэн бол.... хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний мөнгөөр торгоно” заалттай шууд холбогдож байсан. Шатахууныг өдрийн цагаар татан авалтыг хийх боломжгүй тул ШТС-уудын татан авсан өргөн хэрэглээний шатахууны нөөц дээрхи ачааллын улмаас хурдан дуусч /үдээс хойш/ байсныг хэрэглэгчид буруу ташаа ойлгож байсантай холбоотой. Эдгээр факт, үйл баримтыг огт үнэлээгүй.

6. Гурав. Магадлалд: Тус компанийн шатахуун түгээх станцуудад урсгал засварын ажил хийгдсэн болон “Интерактив” ХХК-аар засвар үйлчилгээ хийлгэсэн гэх цаг хугацаа хоорондоо давхцалгүй болох нь “Интерактив” ХХК-ний 2017.12.15-ны өдрийн 17/118 дугаар албан бичиг болон “Т” ХХК-ийн 2017 оны төлөвлөгөөт урсгал засварын ажлын төлөвлөгөөгөөр тогтоогдож байх тул тухайн үед шатахуун түгээх станцуудад засвар үйлчилгээ хийгдэж байсан гэх тайлбар үндэслэлгүй байна” гэж нотлох баримтыг зөв үнэлсэн атлаа нөхцөл байдалд нийцээгүй буруу, ойлгомжгүй дүгнэлтийг хийсэн гэж үзэж байна. Тодруулбал: Хэрэгт авагдсан материал, гэрч, холбогдогчийн тайлбаруудаар тус компани нь төлөвлөгөөт засвар үйлчилгээ хийж байх явцад ШТС-уудын тоног төхөөрөмжүүдэд 2017 оны 12 сарын эхээр гэмтэл доголдол гарах болсон. Энэ талаар бид энэхүү төсөл, системийг нэвтрүүлж хамтран ажиллаж байсан “Интерактив” ХХК-д мэдэгдсэний дагуу тус компаниас нөхцөл байдлыг газар дээр нь үзээд 2017.12.15-ны өдрийн 17/118 дугаар албан бичгээр шалтгааныг тогтоон ирүүлсний дагуу засвар, үйлчилгээг хамтад нь хийх болсныг давж заалдах шатны шүүх “...албан бичиг, ажлын төлөвлөгөөгөөр тогтоогдож байна” гэж тогтоосон атлаа огт үнэлэлгүй “... цаг хугацаа хоорондоо давхцалгүй болох, засвар үйлчилгээ хийгдэж байсан гэх тайлбар үндэслэлгүй байна” гэж ойлгомжгүй дүгнэсэн. Учир нь эдгээртэй холбоотой нотлох баримт нь холбогдогч, гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдсон атал хэрэгт авагдсан эдгээр нотлох баримтад үндэслэсэн тайлбарыг үндэслэлгүй гэж байгаа нь ойлгомжгүй бөгөөд давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ нотлох баримтыг үнэлэх ажиллагаагаа бүрэн хэрэгжүүлээгүй.

7. ШТС-уудад засвар үйлчилгээ хийх шалтгаан, нөлөөлсөн хүчин зүйл нь тус компаний ШТС-уудын картын хөнгөлөлтийн систем, түүний программ, төхөөрөмжүүдэд гэмтэл гарч төхөөрөмжийн эд ангийг яаралтай солих зайлшгүй шаардлага гарсан. Энэ нь хүйтний улирал болон хэт ачаалал үүссэнтэй холбоотой тоног төхөөрөмжүүд царцах, гацах, хөлдөх болсонтой холбоотойгоор шатахууны борлуулалт болон төлбөр тооцооны систем саатсанаас компани ихээхэн алдагдалд орох нөхцөл үүссэний улмаас зарим ШТС-ыг зогсоохоос өөр аргагүй байдал үүссэн шүүх харгалзан үнэлэлгүй хэргийг нэг талыг барьж шийдсэн. Нэгэнт зарим ШТС зогссонтой холбогдуулан дээрхи засвар үйлчилгээтэй хамт манай байгууллага жил болгон хийдэг төлөвлөгөөт засвар үйлчилгээний ажлыг хамт хийсэн. Энэ засварын ажлыг оны өмнөөс төлөвлөн Нийслэлийн Онцгой байдлын газарт урьдчилан мэдэгдэн зөвшөөрөл авсны дагуу ГТХУБайцаагчийн хяналтан дор ажил гүйцэтгэх зөвшөөрлийн үндсэн дээр үе шаттайгаар хэрэгжүүлж байсан компанийн дотоод төлөвлөгөөт ажил байсан.

8. Дээр дурдсан засвар, үйлчилгээнүүд нь байгууллагын дотоод асуудал ба цаг хугацааны хувьд ШӨХТГ-ын шалгалттай давхцсан болохоос санаатайгаар үйлдсэн үйлдэл гэж үзэх үндэслэлгүй юм. Засвар үйлчилгээтэй холбоотой мэдээллийг хэрэглэгчдэд зохих ёсоор мэдээлж, зарлал, мэдээлэлийг нийтэд ил тодоор байршуулсан байсан. Нөгөөтэйгүүр тус компани нь төлөвлөгөөт болон ШТС-уудын тоног төхөөрөмжид урьдаас таамаглаагүй үүссэн эвдрэл, гэмтэлийг засварлах шаардлага үүссэн, эдгээртэй холбоотой өөрөөр хэлбэл: засвар үйлчилгээтэй болон байгууллагын дотоод ажил, засвар үйлчилгээний талаар холбогдох байгууллага тодруулбал: ШӨХТГ-т мэдэгдэж байх хуулийн зохицуулалт байхгүй ба энэ талаар үүрэг хуулиар хүлээгээгүй. Харин тус компани засвар үйлчилгээний аюулгүй байдал, хөдөлмөр хамгаалалтай холбоотой дүгнэлт, зөвшөөрлийг хуулийн дагуу Онцгой байдлын улсын байцаагчаас авч засвар үйлчилгээг явуулж байсан шатахууны борлуулалт болон төлбөр тооцооны системд гарсан гэмтлийг “Интерактив” ХХК гэрээний дагуу хариуцан хийж байсан учир зарим ШТС-ыг зогсоохоос өөр аргагүй гарцаагүй байдал үүссэн. Ийнхүү компанийн өмнө ноцтой хүндрэл учрахаар байсан тул эд хөрөнгөө хамгаалахаар авсан зайлшгүй шаардлагатай арга хэмжээг хуулиар хориглоогүй буюу хуульд шууд заагаагүй эрх, үүргийг өөрийн хүсэл зоригийн дагуу сэргийлж хэрэгжүүлсэн үйлдэл нь буруутгах үндэслэл болохгүй юм. Гэтэл давж заалдах шатны шүүхээс үйл ажиллагаанаасаа бий болох үр дагаврыг эд хөрөнгөөрөө хариуцдаг бизнес эрхлэгч аж ахуйн нэгжийг үндэслэлгүй буруутгаж дүгнэлт гарган хэргийг шийдвэрлэсэн гэж хууль бус гэж үзэж байна.

9. Зөрчлийн гэх үйлдэл нь хууль эрх зүйн зохицуулалтаас болон аж ахуй эрхлэгчид урьдаас тооцоолоогүй нөхцөл байдлыг санаатай мэтээр алдаатай дүгнэлт хийх замаар давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэн үндэслэлгүйгээр тус компаний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хохироон шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй буюу шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх, шударга ёсонд зарчимд нийцэхгүй байх тул давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 20-ний өдрийн 221/МА2019/0350 дугаартай магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

ХЯНАВАЛ:

10. Хяналтын шатны шүүхээс давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

11. Нэхэмжлэгч “Т” ХХК нь “...Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч нар тус компанийг шатахууны хязгаарлалт хийсэн, шатахууны үнийн талаар үнэн, зөв мэдээллээр хэрэглэгчийг хангах үүргээ биелүүлээгүй үндэслэлээр буруутгаж, шийтгэл оногдуулсаныг зөвшөөрөхгүй” гэж марган, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч нарын 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 8-6-5 дугаартай Зөрчлийн хэрэг үүсгэх тогтоол болон 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 0005510 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахыг хүссэн гомдлыг гаргажээ.

12. Маргаан бүхий Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч нарын 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 0005510 дугаар шийтгэлийн хуудсаар, “Т” ХХК-ийг шатахууны хязгаарлалт хийсэн, хэрэглэгчдэд үнэн зөв мэдээлэл өгөөгүй” зөрчил гаргасан гэж үзэж, Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 1-ийн 1.1-д заасны дагуу 5000 мянган нэгжээр торгох шийтгэл оногдуулсан байна.

13. Нэхэмжлэгчийн гаргасан, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч нарын 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 0005510 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахыг хүссэн гомдлын тухайд, давж заалдах шатны шүүхээс хууль буруу тайлбарлан хэрэглэж, “Т” ХХК-ийг “...шатахуунаа борлуулахгүй байгаа шалтгаан, нөхцөлийн талаар үнэн бодит мэдээллээр хэрэглэгчийг хангах хуульд заасан үүргээ хэрэгжүүлээгүй” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь хуульд нийцээгүй, харин анхан шатны шүүхээс уг гомдлын шаардлагыг хангаж шийдвэрлэсэн шийдэл зөв боловч “улсын байцаагч нар үзлэгийн ажиллагааг прокурорын зөвшөөрөлгүй явуулсан. .../энэ/ нь Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлд заасан хууль ёсны байх зарчмыг алдагдуулсан” гэж дүгнэсэн нь учир дутагдалтай болжээ. 

14. Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 1, 1-ийн 1.1-д үйлдвэрлэгч, худалдагч, гүйцэтгэгч нь Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль зөрчиж, барааны талаар үнэн зөв, бодит мэдээллээр хэрэглэгчийг хангах үүргээ биелүүлээгүй бол хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохоор хуульчилсан бол Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Хэрэглэгч барааны талаар үнэн зөв сонголт хийхэд туслах бодит мэдээллээр хангагдах эрхтэй”, 7.2-т “Үйлдвэрлэгч барааныхаа талаар хэрэглэгчид дор дурдсан мэдээлэл өгнө: 7.2.1. үйлдвэрлэгчийн нэр, хаяг, барааны болон бусад таних тэмдэг, таницын тухай код, 7.2.2. барааны зориулалт, хэрэглээний шинж чанар, 7.2.3. барааны орц, найрлага, хадгалах, хэрэглэх арга зүй, 7.2.4. барааны нэр төрөл, үнэ, 7.2.5. барааны хэмжээ, хэмжих нэгж, 7.2.6. барааны баталгаат болон эдэлгээний хугацаа, 7.2.7. барааг зөв хэрэглэх тухай заавар гэж тус тус заасан.

15. Дээрх хуулийн зохицуулалтын дагуу нэхэмжлэгч нь худалдан борлуулж буй бараа, бүтээгдэхүүний талаар хэрэглэгчийг үнэн, зөв мэдээллээр хангах үүрэгтэй, хэрэглэгч барааны талаар бодит мэдээллээр хангагдах эрхтэй, хэрэв худалдагч хуульд заасан үүргээ биелүүлээгүй, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль зөрчсөн тохиолдолд түүнд Зөрчлийн тухай хуульд зааснаар хариуцлага хүлээлгэхээр зохицуулжээ.

16. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд, нэхэмжлэгч “Т” ХХК нь өөрийн худалдан борлуулж буй бараа, бүтээгдэхүүний талаар хэрэглэгчдэд үнэн зөв, бодит мэдээлэл өгөөгүй зөрчил гаргасан нь тогтоогдоогүй, өөрөөр хэлбэл хариуцагч нараас “тус компани шатахууны хязгаарлалт хийсэн, энэ талаар хэрэглэгчдэд үнэн, зөв мэдээлэл өгөөгүй” гэж нэхэмжлэгчийг буруутгасан боловч бараагаа худалдахгүй болсон шалтгаан, нөхцөлийн талаар хэрэглэгчдэд мэдээлэл өгөөгүй гэх үндэслэл нь Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т заасан хэрэглэгчид өгөх барааны талаарх мэдээлэлд хамаарахааргүй байна. Иймд хариуцагч Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч нараас нэхэмжлэгч хуулийн этгээдийг Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 1-ийн 1.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэж, 0005510 дугаар шийтгэлийн хуудсаар торгох шийтгэл оногдуулсан нь хуульд нийцээгүй, уг шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох үндэслэлтэй байна.

17. Харин нэхэмжлэлийн шаардлагаас, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч нарын 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 8-6-5 дугаартай Зөрчлийн хэрэг үүсгэх тогтоолыг хүчингүй болгох гомдлыг анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.3.1, 109 дүгээр зүйлийн 109.2-т зааснаар хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, ийнхүү шийдвэрлэсэнд хэргийн оролцогчдоос гомдол гаргаагүй тул энэ хэсэгт дүгнэлт хийх шаардлагагүй юм.

18. Дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 221/МА2019/0350 дугаар магадлалыг хүчингүй болгож, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 128/ШШ2017/0233 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 2 дахь заалтын “Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 2, 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 1.5, 4.1 дүгээр зүйлийн 3-т заасныг” гэснийг “Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.2-т заасныг” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

                                       ШҮҮГЧ                                                                Б.МӨНХТУЯА