Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 128/ШШ2016/0773

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнхзул даргалж хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “Б*******” ХХК 

Хариуцагч: Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар

Нэхэмжлэлийн шаардлага: 

“...“Цагдаагийн хэлтсийн барилга, Баянхонгор аймаг, Баянхонгор сум” ажлын гүйцэтгэгчийн сонгон шалгаруулах тендерт шалгарсан гэж тооцож гэрээ байгуулах эрх олгосон Үнэлгээний хороо болон Худалдан авах ажиллагааны газрын /хуучин нэрээр/ шийдвэрүүд хууль бус байсан болохыг тогтоолгож, түүнээс болж нэхэмжлэгчид учирсан хохирлыг гаргуулах” гэсэн захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн “Б*******” ХХК-ийн захирал Ц.А*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.М*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.И, Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Очхүү нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь: 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.А******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: “...Манай компани Худалдан авах ажиллагааны газраас 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр зарласан YIII.2.1.3 “Цагдаагийн хэлтсийн барилга, Баянхонгор аймаг, Баянхонгор сум” ажлын гүйцэтгэгч сонгон шалгаруулах тендерт оролцсон. 

Тендерийн Үнэлгээний хорооноос манай компанийн хүргүүлсэн тендерийг “ТОӨЗ 5.3 (г) Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны ажилтан нь тендерийн баримт бичгийн 3 жил буюу түүнээс дээш жилийн ажлын туршлагатай байна” гэсэн шаардлагыг хангаагүй гэж тендерээс татгалзсан байдаг ба энэхүү шийдвэрийг эс зөвшөөрч Сангийн яаманд гомдол гаргасныг яамнаас ийнхүү татгалзсан баримтаар нотлогдохгүй байна гэж дүгнэсэн ба дахин үнэлгээ хийхийг даалгасан боловч хариуцагч байгууллагаас уг шийдвэрийг биелүүлэх нэр төдий үйлдлийг хийж хууль зөрчин дахин үндэслэлгүйгээр манай компанийн тендерээс татгалзсан ба хууль бусаар гуравдагч этгээд болох орон нутгийн компани гэх “Х” ХХК-ийг Баянхонгор аймгийн Цагдаагийн газрын дарга Н.Оын ятгалгаар тендерийн баримт бичигт дурдаагүй шалгуурыг гол үндэслэл болгон шалгаруулж, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Худалдан авах ажиллагаанд ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтална” гэх заалтыг ноцтойгоор зөрчсөн ба орон нутгийн байгууллага гэдгээр бусад тендерт оролцогч нарын тэгш боломжоор өрсөлдөх эрхийг нь хязгаарлаж илэрхий тендерийн баримт бичигт заасан шаардлагуудыг ноцтой зөрчсөн тус компанийн тендерээс татгалзах үндэслэл бүрдсэн байхад татгалзалгүйгээр шалгаруулж гэрээ байгуулснаас болж одоо бодит байдал дээр тус компани нь энэхүү тендерийн Цагдаагийн барилгын ажлыг барьж дуусгах шатандаа орсон буюу манай компаниас хүчингүй болгуулахаар анх гаргасан маргаан бүхий шийдвэрүүд нь нэхэмжлэл гаргасны дараа хүчээр хэрэгжсэн нэхэмжлэлийн шаардлага бодит байдал дээр хангагдах, дахин сонгон шалгаруулалт явуулах боломжгүй болсон байх тул хариуцагч байгууллагуудын “Цагдаагийн хэлтсийн барилга, Баянхонгор аймаг, Баянхонгор сум” ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт шалгарсан гэж тооцож гэрээ байгуулах эрх олгосон Үнэлгээний хорооны болон Худалдан авах ажиллагааны газрын /хуучин нэрээр/ шийдвэрүүд хууль бус байсан болохыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-д “захиргааны акт хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасны дараа тухайн актыг цуцалсан болон хүчингүй болгосон, эсхүл бусад байдлаар хэрэгжсэн бөгөөд нэхэмжлэгчийн ашиг сонирхол байгаа бол маргаан бүхий акт хууль бус байсан болохыг тогтоох” гэж заасныг дагуу тогтоолгож, мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.7-д “захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас хүн, хуулийн этгээдэд учруулсан хохирлыг гаргуулах, хохирлыг хэмжээг өөрчилж тогтоох” гэж заасны дагуу хариуцагч байгууллагуудын хууль бус ажиллагаанаас болж нэхэмжлэгчид учирсан хохирлыг гаргуулах гэж нэхэмжлэлийн шаардлага өөрчлөх нь зүйтэй гэж үзэж байна” гэв. 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.А******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...“Б*******” ХХК нь хуучин нэрээрээ Худалдан авах ажиллагааны газраас зарласан Баянхонгор аймгийн Цагдаагийн газрын барилгыг барих сонгон шалгаруулах тендерт оролцоод Худалдан авах ажиллагааны газраас шаардлага хангасан компаниар шалгарсангүй гэсэн мэдэгдэл ирүүлсэн учраас тендерийн хорооны үнэлгээг хууль бус гарсан гэж үзээд манай компани зохих журмын дагуу Сангийн яаманд гомдол гаргасан. Сангийн яамнаас дахин үнэлгээ хийлгэх тухай хариу гарч дахин үнэлгээ хийлгэхэд “Х” ХХК шалгарсан. 

“Х” ХХК-г шалгаруулсан үндэслэлийг аваад үзэхээр Худалдан авах ажиллагааны газар хэд хэдэн алдаануудыг гаргасан тул шүүхэд нэхэмжлэл гаргасан. 

Манай компани 10 гаруй жил барилгын ажил хийж гүйцэтгэж байх хугацаанд ямар нэгэн тендертэй холбоотой санал гомдол гарч байгаагүй” гэв. 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.М******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Тендерт шалгарсан “Х” ХХК-ийн хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны ажилтан нь 2013 онд гэрчилгээгээ авсан. Тиймээс ажилтан нь 3 жил ажилласан байх хуулийн шаардлагад хүрээгүй байгаа юм. Түүнчлэн тендерт оролцогчдод өгсөн зааварчилгаанд ажлын туршлагын 3 жилийн хугацааг хаанаас нь яаж тоолох талаар тодорхой зааж өгөөгүй. Харин нэхэмжлэгч компанийн хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдлын ажилтан 2012 оноос ажилласан нь нийгмийн даатгалын дэвтэр болон холбогдох нотлох баримтаар нотлогддог төдийгүй Сангийн яамнаас хүртэл шаардлагаа тодорхой заагаагүй талаар дурддаг. Тиймээс хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдлын ажилтны ажилласан жил шаардлагад нийцээгүй гэсэн үндэслэлээр “Б*******” ХХК-аас  татгалзсан бол “Х” ХХК-аас  ч мөн энэ үндэслэлээр татгалзах байсан нь хэрэгт цугларсан нотлох баримтаар нотлогдож байна. 

Тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны 5 дугаар зүйлд тоног төхөөрөмжийн шаардлагыг заасан. Хэрвээ тоног төхөөрөмж түрээсээр ашиглах бол түрээсийн гэрээ байгуулж, гэрчилгээг нотариатаар батлуулж, холбогдох бичиг баримтыг бүрдүүлж ирүүлэх ёстой гэж заасан ч “Х” ХХК нь ирүүлээгүй байдаг. Улмаар 3 дугаар сарын 23-ны өдрийн тендерт шалгараагүй мэдэгдэл хүргүүлсэн байдаг. Түүнээс “Х” ХХК-аас  гэрчилгээ өөр компанийн нэр дээр байхад яагаад уг гэрчилгээг ирүүлсэн талаар буюу Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.9-д зааснаар тодруулга авахаар уг албан бичгийг хүргүүлээгүй. 

Мөн уг заалтын дагуу захиалагч шаардлагатай гэж үзвэл тендерт оролцогчдоос тодруулга шаардах эрхтэй бөгөөд энэ нь тендерт оролцогч дутуу материалаа сүүлд нь нөхөж гаргаж өгөх ойлголт биш юм. Үүнтэй холбоотойгоор тус хуулийн 26.10-д “захиалагч энэ хуулийн 29.9-д зааснаар нэмж ирүүлсэн тодруулга, тайлбарыг бүртгэж хадгална” гэж заасан байдаг бөгөөд захиалагч тодруулга шаардаагүй учир бүртгэл мөн байдаггүй. Тиймээс тендерийн үнэлгээний хороо “Х” ХХК-ийн сүүлд ирүүлсэн баримт бичгийг үнэлж, тендерт шалгаруулсан нь хууль зөрчсөн үйлдэл юм.

Мөн Баянхонгор аймгийн Цагдаагийн газрын дарга Оюунбат үнэлгээний хороонд гишүүнээр орж ирсэн байдаг бөгөөд хуралдааны тэмдэглэлээс харахад энэ хүн нь “Б*******” ХХК-ийн ямар зөрчил гаргаж байсныг шалгах зорилготой орж ирсэн мэт харагддаг. Үүнтэй холбоотойгоор “Б*******” ХХК-ийг шалгаруулахгүй байх хувийн ашиг сонирхол байсныг үгүйсгэхгүй. Түүнчлэн “Х” ХХК-ийг олон удаа дурдсан байдаг нь тендерийн үнэлгээний хорооны гишүүний үйл ажиллагааны ёс зүйд нийцэхгүй харагддаг. Мөн “Б*******” ХХК өмнөх гэрээний үүргээ биелүүлж чадаагүй гэж ярьдаг ч “Б*******” ХХК-ийн гэрээний үүргээ биелүүлээгүй эсэх асуудлыг шүүх эсвэл Улсын байцаагч тогтоох ёстой байгаа юм. “Б*******” ХХК-ийн гэрээний үүргээ биелүүлээгүй байсан бол захиргааны хэргийн шүүхийн зөрчил ногдуулсан тодорхойлолтоор нотлогдох байсан. Гэвч тийм зүйл байдаггүй. 

“Х” ХХК тухайн барилгын ажлыг 2016 онд ашиглалтад оруулж, хүлээлгэж өгнө гэсэн нь тендерт шалгарсан нэг үзүүлэлт болсон харагддаг. Хэрвээ энэ үзүүлэлтийг тусгайлан заасан бол үнэлгээндээ оруулах нь зөв ч тусгайлан заагаагүй байж үнэлгээндээ оруулах нь зохисгүй. 

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д худалдан авах ажиллагаанд баримтлах зарчмуудыг заасан байдаг. Гэтэл тендерийн үнэлгээний үйл ажиллагаа нь өрсөлдөх тэгш байдал, ил тод байх зарчмыг хангаагүй. Учир нь тус хуулийн 29.1-д заасны дагуу тендерт шалгарсан болон шалгараагүй компанид нэгэн зэрэг мэдэгдэх ёстой. Гэвч энэ ажиллагаа хийгдээгүй. Тиймээс нэхэмжлэгчид дахин тендер зарлагдах юм байна гэсэн ойлголт төрүүлсэн. Тендерийн үнэлгээний заавар гэж байдаг тухайн зааврын 7 дугаар зүйлийн 7.6-т Тендерийн орхигдуулсан зүйлийг нь тооцон үнэлж тендерийн үнэлгээг нэмэх замаар түүний үнэлгээг харгалзана гэж тодорхой заасан байгаа. Нэгэнт тухайн тендерт оролцож байгаа компани тендерт ирүүлэх баримт бичгээ орхигдуулсан байгаа бол үнэлгээг нэмэх байдлаар харгалзаж үзээд үнэлгээг гаргана. 

Хуулийн дагуу тендерийн үнэлгээг хийгээгүй бөгөөд хэтэрхий нэг талыг барьж хууль зөрчсөн үйлдэл гаргаж үнэлгээг хийсэн учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэв. 

Хариуцагч Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Н******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: 

“...Худалдан авах ажиллагааны газрын даргын 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн А/06 дугаар тушаалаар байгуулагдсан үнэлгээний хороо YIII.2.1.3 “Цагдаагийн хэлтсийн барилга /Баянхонгор, Баянхонгор сум/ төсөл арга хэмжээний ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт оролцогч “Б*******” ХХК нь Сангийн яаманд гомдол гаргаж тус яамнаас 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 5/2235 дугаар албан бичгээр үнэлгээг дахин хийх тухай хариу ирүүлсэн байдаг. Үүний дагуу Үнэлгээний хороо 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хуралдаж ирүүлсэн бүх тендерийг дахин шалгаж “Б*******” ХХК-ийн инженер Б******* нь 2014 онд ХХАА-ны сертификат авсан нь “хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны ажилтан 3 жил буюу түүнээс дээш жил ажилласан ажлын туршлагатай байх” гэсэн ТОӨЗ-ний 5.3 (г)-д заасан шаардлагыг хангахгүй гэсэн үндэслэлээр татгалзсан болно.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.7-д Үнэлгээний хорооноос гаргасан шийдвэр нь хурлын тэмдэглэл хэлбэртэй байх бөгөөд хорооны гишүүдийн олонхи нь дэмжиж гаргасан шийдвэр, түүний үндэслэл холбогдох мэдээллийг агуулсан байна гэж заасны дагуу хуралдаж хуульд заасан журмын дагуу шийдвэрээ гаргасан бөгөөд түүнийг нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг шаардлагад дурдсан нэр төдий үйлдэл хийсэн гэж ойлгож болохгүй. 

Тендер шалгаруулалтыг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нийцүүлэн гаргасан журмын дагуу явуулдаг бөгөөд Сангийн сайдын 2012 оны 81 дүгээр тушаалаар батлагдсан ажил гүйцэтгэх тендерийн жишиг баримт бичгийн дагуу тухайн тендерт оролцогчдод зориулж үнэлгээний хорооны тендерийн баримт бичиг боловсруулсан. ҮIII.2.1.3 “Цагдаагийн хэлтсийн барилга хороо /Баянхонгор, Баянхонгор сум/ төсөл арга хэмжээний ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн баримт бичгийн ТОӨЗ-ийн 7.1-д Тендерт оролцогч тендерийг бэлтгэх, захиалагчид ирүүлэхтэй холбогдон гарах бүх зардлыг өөрөө  бүрэн хариуцах бөгөөд захиалагч ямар ч нөхцөлд энэхүү зардалтай холбогдох хариуцлага хүлээхгүй гэж заасан байдаг. Нэхэмжлэгч “Б*******” ХХК  тендерийн баримт бичгийг хүлээн авч, оролцох боломжтойгоо илэрхийлсний үндсэн дээр захиалагчийн тогтоосон нөхцөл, шаардлагын дагуу боловсруулж тендерээ ирүүлсэн байдаг. Иймд нэхэмжлэгч “Б*******” ХХК учирсан хохирлыг барагдуулахаар нэхэмжлэл гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй юм. 

Шүүх хуралдаанд гуравдагч этгээдээр оролцож байгаа “Х” ХХК нь захиалагчаас тогтоосон төсөв хөрөнгөөр бус өөрийн хөрөнгөөр цагдаагийн барилгын ажлыг гүйцэтгэхээр саналаа ирүүлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар ажлаа 100 хувь хийж гүйцэтгэн хүлээлгэж өгсөн байна. 

Иймд нэхэмжлэгч “Б*******” ХХК-ийн нэхэмжлэлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т  заасны дагуу нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.И, Б.Б нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

“...Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.7-т зааснаар “Тендерийн үнэлгээний хорооноос гаргасан шийдвэр үнэлгээний дүгнэлт, хурлын тэмдэглэлтэй байх бөгөөд хорооны гишүүдийн олонхи нь дэмжиж гаргасан шийдвэрийг үндэслэнэ” гэж заасан байдаг. Тендерийн үнэлгээний хорооны хуралд 7 гишүүн орсон буюу дийлэнх 4 гишүүн дэмжиж тухайн шийдвэр хүчин төгөлдөр болсон бөгөөд хууль зүйн үндэслэлтэй шийдвэр гарсан. “Х*******” ХХК тухайн орон нутгийн компани бөгөөд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 10 дугаар зүйлд тодорхой заасан байдаг. 

Үүнд: Дотоодод үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүн, тухайн орон нутгаас ажиллах хүч авах гээд заасан байгаа. “Х*******” ХХК Баянхонгор аймагт бетон зуурмагны үйлдвэртэй тэнд үйл ажиллагаагаа явуулж тухайн барилгыг барьж гүйцэтгэх бүрэн боломжтой гэж үзсэн. 2017 онд гүйцэтгэж дуусах ёстой ажлыг 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр хүлээлгэн өгч улсын комиссоор хангалттай гэсэн үнэлгээ авсан.

Тендерийн үнэлгээний хорооны шийдвэр илт хууль бус шийдвэр биш юм.  Тийм учраас нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү”  гэв. 

Гуравдагч этгээд “Х” ХХК-ийн төлөөлөгч Э.М******* шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй холбоотой тайлбартаа: “...Барилга угсралтын “Х” ХХК нь Баянхонгор аймгийн Цагдаагийн газрын барилга угсралтын ажлын тендерт шалгарч, мэдэгдлийн дагуу  ажил гүйцэтгэх гэрээ байгуулан 2016 оны 05 дугаар сард ажлаа эхэлж 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр барилга угсралтын ажлаа дуусгаж, улсын комисст хүлээлгэн өгч Баянхонгор аймгийн Цагдаагийн газар шилжин орж, үйл ажиллагаа явуулж байгаа юм. Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд “Б*******” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлтэй хэрэг нь тухайн ажлын сонгон шалгаруулалттай холбоотой асуудал байгаа ба манай компани ямар ч хамааралгүй болохыг үүгээр мэдэгдэж байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч болон гуравдагч этгээд тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт үнэлэлт өгөөд дараах үндэслэлээр нэхэмжлэгч “Б*******” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч “Б*******” ХХК нь “Тендерт шалгарсанд тооцож гэрээ байгуулах эрх олгосон Үнэлгээний хороо болон Худалдан авах ажиллагааны газрын шийдвэрийг хүчингүй болгуулах, Сангийн яамнаас 2016 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Худалдан авах ажиллагааны газарт хүргүүлсэн шийдвэрийг биелүүлж, тус тендер шалгаруулалтын үнэлгээг хууль, журамд нийцүүлэн дахин хийлгэхийг Тендерийн үнэлгээний хороонд даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа “..“Цагдаагийн хэлтсийн барилга /Баянхонгор аймаг, Баянхонгор сум/” ажлын гүйцэтгэгчийн сонгон шалгаруулах тендерт шалгарсан гэж тооцож гэрээ байгуулах эрх олгосон Үнэлгээний хороо болон Худалдан авах ажиллагааны газрын /хуучин нэрээр/ шийдвэрүүд хууль бус байсан болохыг тогтоолгож, түүнээс болж нэхэмжлэгчид учирсан бодит хохирол 8 283 507 төгрөгийг гаргуулах” гэж өөрчилжээ.  

Худалдан авах ажиллагааны газар /хуучин нэрээр/-аас ““Цагдаагийн хэлтсийн барилга /Баянхонгор, Баянхонгор сум/  /ХААГ-2016/ YIII.2.1.3 дугаартай цахим тендерийг 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр зарлаж , 2015 оны 03 дугаар сарын 07-ны өдөр нээсэн байна. 

Тендерийн үнэлгээний хорооны 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн хуралдаанаас Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.1-д заасны дагуу “шаардлагад нийцсэн нэг ч тендер ирээгүй” гэж үнэлгээний хорооны гишүүдийн олонхийн саналтай шийдвэрлэсэн байх бөгөөд Худалдан авах ажиллагааны газрын 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 1/224 тоот албан бичгээр  захиалагчийн тендерийн баримт бичгийн ТОӨЗ 5.3 (г)-д заасан “Хөдөлмөр хамгааллын аюулгүй ажиллагааны ажилтан 3 жил буюу түүнээс дээш ажлын туршлагатай байна” гэсэн шаардлагыг хангаагүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчийн тендерээс татгалзсан тухай мэдэгджээ.

Тендерт оролцогч “Б*******” ХХК, “Б*******” ХХК, “С*******” ХХК-иудаас тендерийн үнэлгээний хорооны шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргасныг хянан үзээд Сангийн яамнаас 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 5/2235 тоот албан бичгээр  “... “Б*******” ХХК, “С*******” ХХК –иуд нь ТОӨЗ ....-д заасныг хангаагүй байна. ... “Б*******” ХХК-ийн ирүүлсэн тендерээс ... гэж татгалзсан нь нотлогдохгүй байна. Иймд тус тендер шалгаруулалтын үнэлгээг хууль журамд нийцүүлэн дахин хийх...”  гэж мэдэгдсэн байна. 

Нэхэмжлэгчийн зүгээс “Б*******” ХХК-аас “Сангийн яамнаас тендерийн үнэлгээг дахин хийхийг даалгасан боловч хариуцагчаас дээрх шийдвэрийг биелүүлэх нэр төдий үйлдэл хийж манай байгууллагын тендерээс татгалзаж хохирол учруулсан, “Х” ХХК-ийг шалгаруулсан нь тендерт оролцогчдын тэгш боломжоор өрсөлдөх эрхийг хязгаарласан” гэж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “Сангийн яамнаас ирүүлсэн албан бичгийн дагуу тендерийн үнэлгээг дахиж хийж тендерийн үнэлгээний хорооны гишүүдийн олонхийн саналаар шийдвэрлэсэн тул тендер шалгаруулалт хууль зөрчөөгүй” гэж тус тус маргажээ.

1. ““Цагдаагийн хэлтсийн барилга /Баянхонгор аймаг, Баянхонгор сум/” ажлын гүйцэтгэгчийн сонгон шалгаруулах тендерт шалгарсан гэж тооцож гэрээ байгуулах эрх олгосон Үнэлгээний хороо болон Худалдан авах ажиллагааны газрын /хуучин нэрээр/ шийдвэрүүд хууль бус байсан болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагын тухайд: 

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.-д зааснаар захиалагч нь “захиалагчийн тогтоосон чадавхийн шаардлага, техникийн тодорхойлолт, тендерийн баримт бичигт заасан бусад нөхцөл шаардлагыг тендерт оролцогч нь хангасан эсэх”-ийг хянан үзэх үүрэгтэй байх бөгөөд мөн зүйлийн 27.3-т “Тендер нь энэ хуулийн 27.1-д заасан бүх нөхцөлийг нэгэн зэрэг хангасан бол шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ” гэж зохицуулсан байна.

Мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д “Нэг үе шаттай тендер шалгаруулалтын үед энэ хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу хянаж, шаардлагад нийцсэн гэж үзсэн бүх тендерт үнэлгээ хийнэ”, 30 дугаар зүйлийн 30.1-д “Дараах тохиолдолд захиалагч бүх тендерээс татгалзана” гэж зааснаас үзвэл тендер шалгаруулалт нь тендерийн баримт бичгийг шаардлагад нийцсэн эсэхийг хянан үзсэний үндсэн дээр шаардлагад нийцсэн тендерүүдэд үнэлгээ хийх агуулгатай  байна.

Гэтэл Худалдан авах ажиллагааны газар /хуучин нэрээ/-аас “Цагдаагийн хэлтсийн барилга /Баянхонгор, Баянхонгор сум/-ын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах” тендер шалгаруулалтад ирүүлсэн нэр бүхий 5 компанийн тендерийн баримт бичгүүдийг хянан үзээд 2016 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 05 дугаар хуралдаанаас “Шаардлагад нийцсэн нэг ч компани байхгүй гэж үзэн уг тендерийг хүчингүй болгож, тайлан, зөвлөмжийг бэлтгэн захиалагчид танилцуулж дахин зарлах” -аар шийдвэрлэсэн, дахин тендер шалгаруулалт зарлаагүй атлаа 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн тендерийн үнэлгээний хорооны 06 дугаар хуралдааныг зохион байгуулж  ““Х” ХХК-ийг хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдэл, тайланг захиалагчид хүргүүлэх”-ээр шийдвэрлэсэн нь хуулийн дээрх агуулгад нийцэхгүй байна.

Өөрөөр хэлбэл, хариуцагч нь Сангийн яамны шийдвэрийн дагуу “тендерийн үнэлгээг дахин хийх” эрхтэй боловч оролцогчдоос ирүүлсэн тендерийн материалын хүрээнд үнэлгээг хийх учиртай байтал тендерийн бусад оролцогчдоос тодруулга авалгүй, зөвхөн “Х” ХХК-аас  нэмэлтээр ирүүлсэн материалыг үндэслэж шийдвэр гаргасан нь төрийн үйл ажиллагаанд хууль дээдлэх зарчмыг баримтлаагүй, оролцогчдыг тэгш өрсөлдөх боломжоор хангаагүй гэж үзэхээр байна.

Хэдийгээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс “...тендерийн агуулга, үнэд өөрчлөлт оруулахгүйгээр тодруулга авах эрхтэй” гэж тайлбарлан маргаж байх боловч уг тендерийн үнэлгээг дахин хийсэн гэх 06 дугаар хуралдааны тэмдэглэл, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас үзвэл хариуцагч нь “Х” ХХК-аас тодруулга авахаар шаардаагүй байхад “Х” ХХК нь 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 042/16 тоот албан бичгээр нэмэлт материал  ирүүлж, улмаар уг баримтыг үндэслэн “Х” ХХК-ийн тендерийн баримт бичгийг шаардлагад нийцсэн гэж дүгнэсэн болох нь тогтоогдож байна. 

Тодруулбал, “Х” ХХК нь дээрх албан бичгийн хавсралтаар машин механизм эзэмшигчийн лавлагаа, төрөл садангийн лавлагаа, автомат нивелир, теодолит гэсэн багажуудын гэрчилгээ, автомашинуудыг уг компанийн нэр дээр шилжүүлэн бүртгүүлсэн гэрчилгээнүүдийг ирүүлсэн нь тендерийн баримт бичгийн ТОӨЗ 26.3-т “Тендер хүлээн авах эцсийн хугацаанаас хойш тендерт аливаа нэмэлт өөрчлөлт хийхийг хориглоно” , 30.4-т “Захиалагч шаардлагад үл нийцсэн тендерээс татгалзана. Харин тендерт оролцогч түүнд засвар хийж шаардлагад нийцсэн болгож болохгүй”  гэж заасныг зөрчиж нэмэлт баримт ирүүлсэн байхад Тендерийн үнэлгээний хороо уг баримтуудыг үнэлж шийдвэр гаргасан нь хууль бус болжээ.

Иймд нэхэмжлэгчийн “...тендерт оролцогч нарын тэгш боломжоор өрсөлдөх эрхийг хязгаарлаж, илэрхий тендерийн баримт бичигт заасан шаардлагуудыг ноцтой зөрчсөн тус компанийн тендерээс татгалзах үндэслэл бүрдсэн байхад татгалзалгүйгээр гэрээ байгуулсан” гэсэн тайлбар үндэслэлтэй байх ба хууль тогтоомжийн дээрх заалтуудыг зөрчсөн хариуцагчийн буруутай үйлдэл тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

Түүнчлэн Сангийн яамнаас ирүүлсэн 5/2235 тоот албан бичигт “... “Б*******” ХХК-ийн ирүүлсэн тендерээс ... татгалзсан нь нотлогдохгүй байна” гэж дурьдсан байхад хариуцагч нь “Б*******” ХХК-ийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтны ажлын туршлагыг бусад баримтаар нотлох арга хэмжээ авалгүйгээр “сертификатын огноо, тодорхойлолтыг үндэслэж ажилласан жилийг тооцож шаардлага хангахгүй гэж үзсэн” гэж тайлбарлаж байгаа нь хэрэгт авагдсан нотлох баримтаас зөрүүтэй байна. 

Тодруулбал, “Б*******” ХХК-ийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтан /ХАБЭА/ С.Б******* нь 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдөр холбогдох сургалтанд хамрагдсан гэрчилгээ авсан боловч тендерийн баримт бичигт ирүүлсэн тодорхойлолтод  “2013 оноос ХАБЭА-н ажилтнаар ажилласан” буюу 3 буюу түүнээс дээш жилийн ажлын туршлагатай байх гэсэн шаардлагыг хангаж байсан байна.

Харин “Х” ХХК- ХАБЭА-н ажилтан Э.Э нь 2013 оны 05 дугаар сарын 19-ний өдөр холбогдох сургалтын сертификатыг авсан боловч ажил олгогчийн тодорхойлолтод ХАБЭА-н ажилтнаар ажилласан тухай тэмдэглэл байхгүй, “Х” ХХК-ийн ХАБЭА-н ажилтнаар 2016 оны 02 дугаар сарын 16-ны томилогдсон тушаалыг  ирүүлсэн байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн ““ТОӨЗ 5.3 (г)-д заасан “3 буюу түүнээс дээш ажлын туршлагатай байх” гэсэн шаардлагыг хангаж байгаа эсэхийг нягтлан шалгалгүй, үл ялих зүйлээр шалтаглаж тус компанийн тендерээс татгалзсан ба Иргэний хуульд заасан хугацаа тоолох журмын дагуу “Х” ХХК-ийн ХАБЭА-н ажилтан нь мөн дээрх шаардлагыг хангаагүй” гэсэн тайлбарыг үгүйсгэх боломжгүй. 

Өөрөөр хэлбэл, “... ажлын туршлага” гэсэн ойлголт нь сертификатын огноогоор бус тухайн ажил, албан тушаалд бодитоор ажиллаж туршлага хуримтлуулсан байдлаар тодорхойлогдох байтал “Б*******” ХХК-ийн тендерээс тендерийн баримт бичигт заагаагүй үндэслэлээр татгалзсан нь буруу байна.

Худалдан авах ажиллагааны газраас гуравдагч этгээд “Х” ХХК-д 2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 1/363 тоот  албан бичгээр “Гэрээ байгуулах эрх олгох тухай” мэдэгдэж 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр “Баянхонгор аймаг дахь цагдаагийн газрын барилгын ажлын гэрээ”  байгуулагдаж, улмаар 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын 12/2016 дугаар актаар ашиглалтад оруулахыг зөвшөөрчээ. 

Дээрхээс дүгнэн үзвэл, нэхэмжлэгч “Б*******” ХХК-ийн тэгш өрсөлдөх боломжоор хангагдах эрх нь зөрчигдсөн байх тул ““Цагдаагийн хэлтсийн барилга /Баянхонгор аймаг, Баянхонгор сум/” ажлын гүйцэтгэгчийн сонгон шалгаруулах тендерт шалгарсан гэж тооцож гэрээ байгуулах эрх олгосон Үнэлгээний хороо болон Худалдан авах ажиллагааны газрын /хуучин нэрээр/ шийдвэрүүд хууль бус байсан болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна.

“Цагдаагийн хэлтсийн барилга/Баянхонгор аймаг, Баянхонгор сум/” ажлын гүйцэтгэгчийн сонгон шалгаруулах ХААГ-2016/YIII.2.1.3 тоот тендерт шалгарсан гэж тооцож гэрээ байгуулах эрх олгосон Үнэлгээний хороо болон Худалдан авах ажиллагааны газрын /хуучин нэрээр/ шийдвэрүүд хууль бус байсан болохыг тогтоосноор тухайн тендер шалгаруулалтыг дахин явуулах үр дагаврыг үүсгэхгүй болохыг дурьдах нь зүйтэй.

2. “...нэхэмжлэгчид учирсан бодит хохирол 8 283 507 төгрөгийг гаргуулах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч “Б*******” ХХК-аас хариуцагчийн буруутай үйл ажиллагааны улмаас учирсан хохирлын хэмжээгээ тендерийн баримт бичиг бүрдүүлэхэд гарсан зардал 500,000 төгрөг, төсөв хийлгэсэн ажлын хөлс 850,000 төгрөг, тендерийн баталгаа байршуулсан зээлийн хүү 933,507 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 3,000,000 төгрөг нийт 5,283,507 төгрөгөөр тодорхойлсон байна.

Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.7-д “хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэх явцад гаргасан алдааны улмаас төрийн албан хаагчийн учруулсан хохирлыг төр хариуцах” зарчмыг хуульчилсан байх ба хариуцагчийн хууль бус үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчид хохирол учирсныг нөхөн төлүүлэх үндэстэй хэдий ч нэхэмжлэгчийн нэхэмжилж буй 5,283,507 төгрөг нь тендер шалгаруулалтад бэлдэх, оролцохтой холбоотойгоор “Б*******” ХХК-д учирсан хохирол болох нь нотлох баримтаар тогтоогдохгүй байна. 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг өөрөө нотлох, өөрт байгаа баримтыг шүүхэд гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгчээс ирүүлсэн Хаан банкны мөнгөн шилжүүлгийн гүйлгээний утга зөрүүтэй байх бөгөөд өмгөөлөгчтэй байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг нотлох баримтаар ирүүлсэн боловч уг гэрээгээр төлсөн төлбөрийг хариуцагчийн буруутай үйл ажиллагааны улмаас учирсан хохирол гэж үзэхээргүй байна.

Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн энэ шаардлагыг “ТОӨЗ-ний 7.1-д Тендерт оролцогч тендерийг бэлтгэх, захиалагчид ирүүлэхтэй холбогдон гарах зардлыг өөрөө бүрэн хариуцах бөгөөд захиалагч ямар ч нөхцөлд энэ зардалтай холбогдох хариуцлага хүлээхгүй” гэж заасан хэмээн хүлээн зөвшөөрөхгүй байх боловч энэ нь тендер шалгаруулалт хууль тогтоомжид заасан журмын дагуу явагдсан тохиолдолд хэрэглэгдэхээр байх тул үндэслэлгүй байна. 

Иймд нэхэмжлэгчийн “...нэхэмжлэгчид учирсан бодит хохирол 8,283,507 төгрөгийг гаргуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. 

 

            Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3, 106.3.13-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.3, 28 дугаар зүйлийн 28.1, 30 дугаар зүйлийн 30.1 дэх заасныг тус тус баримтлан “Цагдаагийн хэлтсийн барилга /Баянхонгор аймаг, Баянхонгор сум/” ажлын гүйцэтгэгчийн сонгон шалгаруулах ХААГ-2016/YIII.2.1.3 тоот тендерт шалгарсан гэж тооцож гэрээ байгуулах эрх олгосон Үнэлгээний хороо болон Худалдан авах ажиллагааны газрын /хуучин нэрээр/ шийдвэрүүд хууль бус байсан болохыг тогтоосугай. 

2. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.7 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Б*******” ХХК-ийн “...нэхэмжлэгчид учирсан бодит хохирол 8,283,507 төгрөгийг гаргуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн  7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Ц.МӨНХЗУЛ