Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 2024/ДШМ/764

 

  2024            07            02                                          2024/ДШМ/764

 

Н.О-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж, шүүгч Д.Мөнхөө, шүүгч М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Билгүүн,

шүүгдэгч Н.О, түүний өмгөөлөгч Н.Намжилцогт,   

нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж, шүүгч О.Жанчивнямбуу, Л.Одончимэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 2024/ШЦТ/406 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Н.О-н гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 2405 00000 0015 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.      

С овгийн Н-н О, .... оны .. дугаар сарын ..-ний өдөр ............ төрсөн, .. настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт .............. тоотод оршин суух, /РД: .........../,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 767 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг ялыг биечлэн эдэлж байгаад 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 7 сар 18 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан;  

Шүүгдэгч Н.О нь 2023 оны 12 дугаар сарын 30-ны шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ...................тоотод амь хохирогч О.Ш-тай хардалтын улмаас маргалдан, түүний нүүр, толгойн тус газар гараар хэд хэдэн удаа цохиж, газар унагасны дараа толгойн тус газар хөлөөрөө хэд хэдэн удаа өшиглөх зэргээр зодож, амь насыг хохироож, хүнийг алах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж  үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: Н.О-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Н.О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан “хүнийг алах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад зааснаар 20 жилийн хорих ялаар шийтгэж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн цагдан хоригдсон нийт 137 хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцож, шүүгдэгч Н.О нь амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид гэмт хэргийн улмаас гарсан зардалд нийт 1.200.000 төгрөг төлсөн болохыг дурдаж, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь гэмт хэргийн улмаас гарсан бусад гэм хорын зардлыг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт заасны дагуу нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж, Монгол Улсын Улсын Дээд Шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолын хавсралтын 3.3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Н.О-с хэргийн улмаас амь хохирогчийн гэр бүлийн  гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах нөхөн төлбөрт 99.000.000 төгрөг гаргуулж амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.А-т олгож, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасны дагуу хэрэгт эд мөрийн баримтаар тооцож хурааж авсан 1 ширхэг заазуурыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Эд мөрийн баримт устгах комисст даалгаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Н.О давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний бие шүүхийн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргаж байна. Би хамтран амьдрагч Ш-г санаатайгаар амь насыг нь хохироох ямар нэгэн санаа зорилго байгаагүй билээ. Талийгаачид гэмтэл учирсан даруйд эмнэлгийн тусламж үйлчилгээ, мэс засал эмчилгээ хийсэн тохиолдолд амь нас нь аврагдах боломжтой байжээ гэж дүгнэсэн /1 хх 87-899/. Мөн маргаан болсон үед том охин маань цагдаа, түргэн дуудаж гарсан маргааныг зөв шийдсэн бол өнөөдөр Ш минь эсэн мэнд, амьд сэрүүн байх бүрэн боломжтой байжээ. Миний болчимгүй үйлдлээс болж хүний амь эрсдэх нөхцөл үүссэн болов уу гэж миний зүгээс үзэж байгаа хэдий ч анхан шатны шүүх хурлаар намайг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хамтран амьдрагчаа санаатайгаар егүүтгэсэн гэж үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасны дагуу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар 20 жил хаалттай хорих байгууллагад ял эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Гэвч үнэн, мөн хэрэгтэй тухайн зүйл нь. Анх хүнд гэмтлийн улмаас үүссэн. Мөн анхны яаралтай түргэн тусламжийг өөрийн биеэр дуудсан, яаралтай хагалгаанд оруулсан боловч хохирогч тархины гэмтлээ даахгүй нас барсан.

  1. Хохирогч Ш нь миний буруутай үйлдлээс болж хүнд гэмтэл авсан.

2. Миний бие нь анхны түргэн тусламж дуудаж, хохирогч яаралтай мэс засалд орсон боловч нас барсанд дэндүү их харамсаж байна.

Н.О миний бие нь хийсэн үйлдэлдээ өнөөдөр маш ихээр гэмшиж чин зүрхнээсээ харамсаж байгаа. Миний зүгээс энэ хэргийг санаатай хүн амины хэрэг гэж ерөөсөө үзэхгүй байгаа. Би өөрийн үйлдсэн гэмт үйлдлээ дээр дурдсан байдлуудаар хаацайлахгүй болно. Гагцхүү өөрт тохирох зүйлчлэлээр ял шийтгэлийг оногдуулж өгөхийг хүсэж байна. Иймд миний гэм буруугаа хүлээн зөвшөөрч, буруутай үйлдэлдээ чин зүрхнээсээ харамсаж гэмшиж байгааг болон бусад байдлуудыг, мөн энэ хэрэг анх хүнд гэмтлийн улмаас үүссэн болох нь харагдаж байгааг харгалзан үзэж, зүйл хэсгийг хөнгөрүүлж, эдлэх ялыг багасгаж, дэглэмийг бууруулж, нарт хорвоод дахин нэг зөв замаар алхах боломжийг хайрлаж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Н.О-н өмгөөлөгч Н.Намжилцогт тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шүүгдэгч Н.О нь мөрдөн шалгах ажиллагааны шатнаас эхлэн хэргийн зүйлчлэл, гэм буруугийн асуудлаар маргадаггүй. Үйлдсэн гэмт хэрэгтээ маш их гэмшиж, харамсаж байгаа. Н.О нь хохирогчид учирсан хохирлыг болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийг төлж барагдуулахаа илэрхийлдэг. Мөн тэрээр хоригдож байх хугацаандаа ажил, хөдөлмөр хийж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулах хүсэлтэй тул түүнд оногдуулсан ял шийтгэлийг багасгаж, хорих ял эдлэх дэглэмийг хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү. ...” гэв.

Прокурор Б.Билгүүн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Шүүгдэгч Н.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хамтран амьдрагч О.Ш-тай хардалтын улмаас маргалдан, түүний нүүр, толгойн тус газар гараар хэд хэдэн удаа цохиж, газар унагасны дараа толгойн тус газар хэд хэдэн удаа өшиглөн зодож, амь насыг хохироож, хүнийг алах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн. Мөн тэрээр 2021 онд хамтран амьдрагч О.Ш-тай маргалдаж, түүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулж, шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан. Шүүгдэгчийн үйлдлийн улмаас амь хохирогч 2024 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр Гэмтэл согог судлалын үндэсний төвд мэс засалд орж, хагалгаагаа дийлэлгүй нас барсан. Иймд шүүгдэгч Н.О-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад зааснаар зүйлчилсэн нь үндэслэлтэй. Шүүх хуралдааны явцад прокуророос 16 жилийн хугацаагаар хорих ялын санал гаргасан боловч шүүхээс түүнд 20 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан шударга ёсны зарчимд нийцсэн гэж үзэж байна. Иймд шүүгдэгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Шүүгдэгч Н.О нь 2023 оны 12 дугаар сарын 30-ны шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ............... тоотод амь хохирогч О.Ш-тай хардалтын улмаас маргалдан, түүний нүүр, толгойн тус газар гараар хэд хэдэн удаа цохиж, газар унагасны дараа толгойн тус газар хөлөөрөө хэд хэдэн удаа өшиглөх зэргээр зодож, амь насыг хохироож, хүнийг алах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж  үйлдсэн болох нь:

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.А-н “... Бид эхээс тавуулаа, би айлын 2 дахь хүүхэд. ... Том эгч М нь ээж, болон түүний хамтран амьдрагч О-тай цуг амьдардаг. ... ээж маань О гэх хүнтэй хамт амьдарснаасаа хойш цуг архи уугаад зодуулаад байдаг байсан. Тэгээд цагдаа дуудаад О-г нь өгөхөөр ээж гомдолгүй гээд гаргаад авчихдаг байсан. ... Миний мэдэхийн 7 хоногт 1-2 удаа ээжийг О гэж хүн зоддог талаар би сонсож байсан. Хааяа нэг ирэхэд нь харахаар хамаг бие нь хөх няц болсон явж байдаг байсан. Манай дүү амиа хорлохдоо мөн О-н дарамтнаас болсон талаараа гэрээслэл дээрээ дурдсан байсан. О нь эрүүлдээ юу ч ярихгүй дуугай. Гэхдээ байнга архи уудаг байсан. ... 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдөр манай эгч М над руу залгаад “ээж үүрээр О /О/ ахад зодуулаад эмнэлэгт хүргэгдсэн одоо хагалгаанд орох гэж байна” гэж хэлсэн. Би сонсоод шууд Гэмтлийн эмнэлэгт очсон. Намайг очиход ээж хагалгаад орсон байсан. 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр ээжтэй уулзахад ээж ямар ч ухаангүй байсан, эмчтэй нь уулзаж биеийн байдлыг нь асуухад ямар ч найдваргүй гэж хэлсэн. Ээжийг зодуулахад манай эгч М, эгчийн хоёр хүүхэд байсан гэсэн. Манай эгчийн том нь 5 настай, бага нь 1 ой 3 сартай хүүхдүүд байдаг. ...” /1 хх 62/,

гэрч Ш.М-н “... Гэнэт О ах миний төрсөн аавыг, хүргэн дүүтэй цуг муулаад ээжийг тэд нар руугаа яв зайл гэж хөөгөөд эхэлсэн. Ээж тэгэхээр нь О ахын өөдөөс “тэгвэл чи ажил дээрээ явалддаг хүн рүүгээ яв” гэж хэлсэн. Тэгтэл О ах босож ирээд ээжийн толгой руу гараараа нэг удаа цохиод авсан. Би орон дээр сууж байгаад босоод тэр хоёрын голоор орж О ахыг салгах гэж хааж зогссон. О ах ээжийг “ална” гээд дайраад байсан. Манай хоёр хүүхэд айж уйлахаар нь бага хүүхдээ очиж тэвэрч авах хооронд О ах ээжийг газарт унагаагаад толгой дээр нь 2-3 удаа баруун хөлөөрөө дэвссэн. Би том хүүхэддээ “дүүгээ харж бай” гэж хэлээд О ахыг салгасан. Тэгээд сууж байсан чинь О ах ээжид хандаж “хар Ж, Ц хоёрыгоо дуудаад ир, би тэр хоёрыг чинь ална” гээд дахиж босож ирээд гал тогооны шүүгээнээс заазуур авч ирээд ээжийн хоолой дээр “ална” гэж хэлээд тулгасан. Би заазуурыг нь авах гэж ноцолдоод дийлээгүй тэр үед ээжийн баруун гар нь заазуурт зүсэгдээд цус их гарсан. Тэгсэн чинь О ах гэнэт “өө миний хайр гар нь яасан юм бэ, чи битгий миний уурыг хүргэж бай, би аймар ууртай хүн шүү” гэж хэлээд гарыг нь угааж өгөөд цусыг нь тогтоосон. Тэгээд тэр хоёр гараас гарсан цусаа тогтоож байхад ээж “О чи намайг ямар аймар зоддог юм бэ” гэсэн чинь О ах “чамайг алсан ч яадаг юм бэ” гэж хэлээд нүүр рүү нь цохиод газарт унагаасан. Намайг жаахан холдохоор ээжийг цохиод байсан учраас би ээжийн урдаас холдоогүй 03 цаг хүргэсэн. Тэгээд тэр хоёр тайвшраад эвлэрээд орон дээрээ очоод унтсан. ... 2021 онд ээжийг зодоод толгойг нь гэмтээгээд тархины хагалгаанд орж толгойдоо төмөр суулгуулж байсан. ... Ер нь их бага хэмжээгээр ээжийг зоддог байсан. Тэр болгонд нь болиулаад аргалаад унтуулдаг байсан. ...” /1 хх 65-66/,

гэрч Д.А-н “... Тухайн өдөр намайг ажил үүргээ гүйцэтгэж байхад иргэн Ш нь 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 12 цагийн үед 103-ийн эмчтэй дамнуурган дээр өөрийн ухаангүй хурхирсан байдалтай орж ирсэн тэгээд би хүлээж аваад анхдагч үнэлгээ хийхэд баруун талын нүд хөхөрч хавдсан, хоолойд боолгосон оромтой, хоёр гарын тохойноос урагш хэсэгт мөн адил хөхөрч няцарсан байдалтай ухаан санааны байдлыг үнэлэхэд ухаангүй хурхирсан, асуултад хариулахгүй, команд биелүүлэхгүй хөдөлгөөнгүй байсан. Тэгээд яаралтайгаар толгойд компьютер томографикийн шинжилгээ хийхэд тархины зүүн талын хатуу хальсан доор цус хуралтай, тархины голын бүрдэл нь баруун тал руугаа хэлбийж шахаж дарсан байдалтай гэмтлийн гаралтай харвалт гэж оношлогдсон яаралтай гавал тархины мэс заслын заалттай байсан тул анхан шатны хаван хөөх эмчилгээ хийгээд хүргэж ирсэн 103-ийн эмчээр Гэмтэл согог судлалын үндэсний төв рүү хүргүүлэхээр явуулсан. ...” /1 хх 76- 77/,

гэрч Ч.Ц-н “... Би талийгаач Ш-ны 2 дахь охин А-н нөхөр юм. ... Талийгаач хадам ээж Ш нь 2020 оноос эхлэн О-тай хамтран амьдарч эхэлсэн бөгөөд эхэндээ О архи их уудаг байсан сүүлдээ талийгаач О-тай хамт архи уудаг болсон. ... Хааяа талийгаач Ш манайд ирэхээрээ нүд, гар, хөл нь хөхөрч хавдсан О-т зодуулсан гэж ярьдаг байсан мөн хэд хэдэн удаа “О-т зодуулчихлаа” гэж яриад би эхнэрийн хамт очиж авч байсан. ...” /1 хх 80-81/ гэх мэдүүлгүүд,  

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн “...Талийгаач О.Ш-ны цогцост тархины зүүн тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цусан хураа, зүүн тал бөмбөлгийн чамархай хэсгийн аалзан хальсан доорх цус харвалт, зүүн талын хажуугийн ховдол, уртавтар тархины эдийн цус хуралт, баруун сарвуунд шарх, баруун нүдний дээд, доод зовхи, хүзүү, эрүү, хүзүүнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх тархины битүү гэмтэл нь амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Талийгаач нь тархины битүү гэмтлийн улмаас төвийн гаралтай амьсгал зүрх судасны цочмог дутагдалд орж нас баржээ. Талийгаачид учирсан тархины битүү гэмтлийг авснаас хойш тодорхой хугацаанд идэвхтэй үйлдэл хийх боломжтой ба хэдий хэр хугацаанд явах эсэхийг тогтоох боломжгүй. ... Талийгаачийн биед учирсан баруун сарвууны шарх гэмтэл нь ирмэгтэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр бусад гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. ... Талийгаачид гэмтэл учирсан даруйд эмнэлгийн тусламж үйлчилгээ, мэс засал эмчилгээ хийсэн тохиолдолд амь нас аврагдах боломжтой байжээ. ...” гэсэн 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 385 дугаар дүгнэлт /1 хх 87-99/,

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн “...Н.О-н биед баруун бугалга, баруун суга, цээж, зүүн шуунд цус хуралт, цээжинд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь хэрэг гарсан гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. ...” гэсэн 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 1216 дугаар дүгнэлт /1 хх 110-111/,

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн “... Шинжилгээнд ирүүлсэн хар ногоон өмдөнд үүссэн 13мм, бор шаргал цамцанд үүссэн 27мм, 25мм хэмжээтэй гэмтлүүд нь татаж чангаах хүчний үйлчлэлээр үүссэн шинэ ханзралт, ... улаан хөхний даруулгад үүссэн 10мм, 10мм, 55мм хэмжээтэй гэмтлүүд нь хурц иртэй зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ зүсэгдэлт, бор шаргал цамцанд үүссэн 15мм, 25мм хэмжээтэй гэмтлүүд нь татаж чангаах хүчний үйлчлэлээр үүссэн шинэ урагдалт байна. ...” гэсэн 2024 оны 01 дүгээр сарын 8-ны өдрийн 270 дугаар дүгнэлт /1 хх 127-133/,

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн “... Шинжилгээнд ирүүлсэн бор шаргал өнгийн цамц, хар эрээн өнгийн өмд, улаан 2 ягаан өнгийн хөхөвч, улаан өнгийн дотоож, хар эрээн өнгийн өмд дээр цус илэрсэн. ... Бор шаргал өнгийн цамц, хар эрээн өнгийн өмд, улаан ягаан өнгийн хөхөвч, улаан өнгийн дотоож дээр илэрсэн цус нь ДНХ-ийн тогтцоороо ИБ884 дугаартай О.Ш гэх хатаан бэхжүүлсэн цусны ДНХ-ийн тогтоцтой тохирно, 476 дугаартай дүгнэлтэд дурдсан Н.О гэх хуруу шилтэй цусны ДНХ-ийн тогтоцтой тохирохгүй. ...” гэсэн 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 472 дугаар дүгнэлт /1 хх 137-141/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн “... Н.О нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй, өөрийнхөө хийж буй үйлдлийг зөв ойлгон мэдэж удирдах чадвартай, болсон зүйлийг зөв тусган авч үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай, сэтгэцийн хөгжил нь өөрийн насны түвшинд байна. Н.О нь сэтгэцийн хувьд эрүүгийн хариуцлага хүлээх чадвартай байна. ...” гэсэн 203 дугаар дүгнэлт /1 хх 162-163/,

дуудлагын лавлагааны хуудас /1 хх 2/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, уг ажиллагааг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлт /1 хх 3-8/, эд зүйл, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /1 хх 23-24/,

 “...Н овогтой О-н согтолтын зэргийг драгер багажаар үлээлгэж шалгахад согтолтын зэрэг нь 1.76 гарсан...” /1 хх 36/, “...ГССҮТ-н хүлээн авахын эмч Н.Түмэнбаяртай 88833255 дугаараар холбогдоход хохирогч О.Ш нь түргэний машинаар 3 дугаар эмнэлгээс хүргэгдэн ухаангүй баруун нүдний дээд хэсэгт хөхөрч хавдсан шархтай, тархинд нь цусан хураа үүссэн байсныг яаралтай хагалгаа хийж цусан хурааг авсан. Биеийн байдал хүнд, сэхээн амьдруулах тасагт байгаа. ...” /1 хх 50/ гэсэн мөрдөгчийн тэмдэглэлүүд зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх шүүгдэгч Н.О-г хүнийг алах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч Н.О-н гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай  хүн буюу хохирогч О.Ш-г зодож, амь насыг нь хохироосон үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад зааснаар зүйлчилснийг Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзэв.

Мөн шүүгдэгч Н.О-г анхан шатны шүүхээс 20 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохирчээ.

Шүүгдэгч Н.О-с “... талийгаач нь хүнд гэмтлийн улмаас нас барсан тул хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж өгнө үү ...” гэсэн утга агуулга бүхий давж заалдах гомдол гаргасныг хүлээн авах боломжгүй гэж үзэв.

Учир нь, хүнийг санаатай алах гэмт хэрэг нь бусдын амь насыг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хүн нас барсан байдаг бөгөөд гэмт үйлдэл, амь хохирогчийн үхэл хоёрын хооронд шалтгаант холбоотой байх шинжийг агуулсан байхыг шаарддаг.

Шүүгдэгч Н.О нь амь хохирогчийн толгой хэсэгт цохих, өшиглөх зэргээр зодсоны улмаас хохирогч тархиндаа гэмтэл авч улмаар эмнэлэгт хүргэгдэн мэс засалд орсон боловч ухаангүй байсаар нас барсан хэргийн үйл баримт хөдөлбөргүй тогтоогдсоны гадна шүүгдэгчийн уг үйлдлийн улмаас хохирогч нь тархины битүү гэмтлийн улмаас төвийн гаралтай амьсгал зүрх судасны цочмог дутагдалд орж нас барсан хор уршгийн хооронд шууд шалтгаант холбоотой байна.

Хүнийг алах гэмт хэрэг нь гэм буруутай этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь нас хохирсноор төгс үйлдэгдсэнд тооцогдох бөгөөд энэ тохиолдолд үхэлд шууд хүргэсэн буюу хэсэг хугацааны дараа амь нас хохирсон эсэх нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй.

Хүнийг алах, Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барах гэмт хэргүүдийг ялган зүйлчлэхдээ гэмт этгээдийн үйлдэлдээ болон хор уршигт хандсан сэтгэхүйн харьцаа буюу санаа зорилго, мөн хохирогч уг гэмтлийн улмаас үхэлд хүрсэн, эсхүл уг гэмтлээс шалтгаалан бусад хүндрэл үүсч нас барсан зэрэг нөхцөлүүдийг нарийвчлан тогтоож дүгнэлт өгсний эцэст хэргийн зүйлчлэлийг тогтоодог.

Хэргийн үйл баримтаас дүгнэхэд, Н.О нь хохирогчийн толгой хэсэгт цохих, өшиглөх, ална гэж хоолой хэсэгт хутга тулгах, гарыг нь зүсэх үед үхэлд хүргэх гэмтэл учрах аюултай гэдгийг ухамсарлах боломж байсан гэж үзэх тул Н.О-д холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд зааснаар хөнгөрүүлэн зүйлчлэх хууль зүйн үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Үүнээс гадна, Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх ёстой бөгөөд шүүх гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үздэг.

Анхан шатны шүүх шүүгдэгч Н.О-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ дээрх нөхцөл байдлууд болон гэм буруу, зүйлчлэлийн талаар маргаантай зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан ялын хэмжээний дотор буюу 20 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг хаалттай дэглэм бүхий хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байна.

Иймд шүүгдэгч Н.О-н “... гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хорих ял болон ял эдлэх дэглэмийг хөнгөрүүлэх...” талаар гаргасан давж заалдах гомдлын хэсгийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно...” гэсний дагуу шүүгдэгч Н.О нь анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойш буюу 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс энэ өдрийг хүртэл нийт 43 хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 2024/ШЦТ/406 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.О-н гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.О нь 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс хойш 43 /дөчин гурав/ хоног цагдан хоригдсоныг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                            С.БОЛОРТУЯА  

ШҮҮГЧ                                                            Д.МӨНХӨӨ           

ШҮҮГЧ                                                            М.АЛДАР