Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2021/01814

 

 

2021 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2021/01814

 

Д.Т-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ч.Цэнд, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 184/ШШ2021/02689 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Д.Т-ын хариуцагч Т ХХК, Д.Э нарт холбогдуулан гаргасан гэм хорын хохирол 31,535,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Т , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.О хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Э , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Халиун нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга: Миний бие 2021 оны 3 дугаар сарын 05-ны өдөр 16 цагийн орчимд Баянзүрх дүүргийн Гачууртын замд өөрийн эзэмшлийн Мерседес бенз И-200 /Mersedes Benz E-200/ маркийн тээврийн хэрэгслийг найз Т.М-ээр бариулан өөрөө араас нь дагаад явж байтал Д.Э нь 9776 УБР улсын дугаартай Хьюндай портер /Hyundai Porter/ маркийн Т ХХК-ийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа замын хөдөлгөөний дүрмийг зөрчиж миний тээврийн хэрэгсэлд 34,411,572 төгрөгийн шууд хохирол учруулсан. Би уг автомашиныг 2020 оны 11 дүгээр сарын сүүлээр Монгол Улсад оруулж ирсэн ба ковидын халдварын улмаас хөл хорио тогтоосноос шалтгаалж, албан байгууллагууд ажиллахгүй байсан тул улсын дугаар авах, оношилгоонд оруулж чадаагүй байсан. Хот хооронд хөдөлгөөн нэвтрүүлэхгүй байсан учраас 2021 оны 3 дугаар сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод орж ирээд, 3 дугаар сарын 05-ны өдөр тээврийн хэрэгслийн улсын дугаар авах, оношилгоонд орох гэж явж байгаад, уулзвар дээр тээврийн хэрэгслээ мөргүүлсэн. Д.Э-ын гэм буруутайг 2021 оны 3 сарын 15-ны өдрийн эрх бүхий албан тушаалтны магадлагаагаар тогтоон зөрчлийн тухай хуулийн 14.7 дэх хэсгийн 51-т зааснаар 100,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан. Зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлээд, 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдөр шийтгэлийн хуудас гарсан. Зөрчил хариуцсан ахлах байцаагч, цагдаагийн хошууч Д.Т шийдвэрээ тэр өдрөө Д.Э од танилцуулсан. Шийдвэрт гомдол гаргах эрхийг тодорхой заасан бөгөөд Д.Э гомдол гаргах эрхээ хэрэгжүүлээгүй. Д.Т хошууч өөрсдөө явж, үнэлгээ хийлгэ гэсэн. Албан бичгийг нь аваад МСМ компани дээр очиж, оношилгоо хийлгүүлсэн. Оношилгоо хийхдээ тээврийн хэрэгслийн гадна талаас хараад оношлох боломжгүй байсан бөгөөд задаргаа хийж байж, доторх эд ангийн эвдрэлийг оношилно гэсэн. Д.Э ын буруутай үйлдээс улбаалан тээврийн хэрэгсэлд оношилгоо хийлгэхэд 778,000 төгрөг, ачиж буулгахад 165,000 төгрөг, үнэлгээний компаниар үнэлгээ хийлгэхэд 1,258,000 төгрөг төлж нийт хэмжээ 36,612,572 төгрөг болсон ...хариуцагч Д.Э нь Т ХХК-д жолоочоор ажилладаг, ажил үүргээ гүйцэтгэж байхдаа гэм хор учруулсан нь хэргийн баримт материал, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн баримт, Т ХХК-аас гаргаж өгсөн албан бичгээр тогтоогдсон тул хариуцагч Д.Э оос татгалзаж, Мастер үнэлгээ ХХК-ийн гаргасан үнэлгээг үндэслэж шууд хохирол 29,585,000 төгрөг дээр оношилгооны хөлс 700,000 төгрөг, Вендо хөрөнгийн үнэлгээний компаниар хийлгэсэн үнэлгээний хөлс 1,250,000 төгрөг, нийт 31,535,000 төгрөгийг Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт заасны дагуу Т ХХК-аас нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагч Д.Э ын татгалзал, хариу тайлбарын агуулга: 2021 оны 3 дугаар сарын 05-ны өдөр Т ХХК-ийн эзэмшлийн Хьюндай портер /Hyundai Porter/ маркийн 97-76 УБР дугаартай авто машиныг жолоодож явахдаа нэхэмжлэгч Д.Т-ын эзэмшлийн Мерседес бенз И-200 /Mersedes Benz E-200/ маркийн улсын дугааргүй авто машинтай мөргөлдөж замын хөдөлгөөний дүрэм зөрчсөнөөс Зөрчлийн тухай хуулийн дагуу 100,000 төгрөгөөр торгуулсан. Дээрх зөрчил нь Д.Э миний буруугаас болсныг би хүлээн зөвшөөрч байна. Техникийн үзлэгт орсны дараа замын хөдөлгөөнд оролцох ёстой байдаг. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дэх заалтыг зөрчиж байна. Тухайн өдрийн үзлэгээр тээврийн хэрэгслийн хурдыг авч үзвэл Т ХХК-ийн тээврийн хэрэгсэл 20 км/ц, нэхэмжлэгчийн тээврийн хэрэгсэл 40-50 км/ц хурдтай гэсэн байна. Гэвч нэхэмжлэгч нь манай компаниас хохирол нэхэмжилснийг зөвшөөрөхгүй ба Д.Э би хохирлыг хариуцан төлөх болно. Д.Т-ын нэхэмжилсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй ба Вендо ХХК-ийн үнэлгээ хэт өндөр үнэлсэн байна. Д.Э би 420,000 төгрөгийн орлоготой, эхнэр тэтгэвэрт байдаг зэргийг харгалзан үзэж хохирлыг багасгаж өгч тусална уу гэжээ.

 

Хариуцагч Т ХХК-ийн татгалзал, хариу тайлбарын агуулга: Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотолж чадаагүй, нэхэмжлэлийн шаардлага нь хуульд заасан үндэслэлийг тодорхойлж чадаагүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Улсын бүртгэлийн дугааргүйгээр замын хөдөлгөөнд оролцсон нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагаа байгаа. Энэ нь хэрэгт авагдсан баримтаар хангалттай нотлогдоно. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 31,535,000 төгрөгөөр нэхэмжилж байгаа бөгөөд энэ мөнгийг буруутай этгээд болох Д.Э оос нэхэмжлэх нь зүйтэй гэсэн саналтай байна. Манайх үнэлгээнд санал нийлэхгүй байсан учраас шинжээчийн дүгнэлт дахин гаргуулсан. 29,585,000 төгрөгөөр үнэлгээ гарсан боловч шууд бус зардал 4,100,000 төгрөг буюу эд анги угсрах, будаг өнгөлгөө гэх зардлууд нь засвар хийгдсэний дараах зардал гэж үзэж байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү. 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр нэхэмжлэгчийн тээврийн хэрэгсэл нь Монгол Улсын хилээр орж ирсэн байдаг. 3 сарын хугацаанд ямар ч улсын бүртгэлийн дугаар аваагүй, осол болсны дараа оношилгоо хийлгэсэн. Оношилгоог 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдөр хийсэн байдаг. Үнэлгээг Вендо ХХК-аар 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдөр хийлгэсэн байдаг. Тээврийн хэрэгслийг задалсан хойно нь оношилгоо хийж, үнэлгээ хийсэн байна. Журмын хашаанд байхад нь 2 талаас болон үнэлгээчин очиж байж үнэлгээг хийх байсан. Сүүлд Мастер үнэлгээ ХХК нь гэрийнх нь хашаанд тээврийн хэрэгслийг задалсны дараа үнэлгээ хийсэн. Үнэлгээ нь хүчин төгөлдөр бус хийгдсэн тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт: Хариуцагч Т ХХК-ийн жолооч гэм буруутай нь нотлогдож, өөрөө гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн юм байна. Иймээс нэхэмжлэгчид учирсан эд хөрөнгийн хохирлыг барагдуулах нь зөв гэж үзэж байна гэжээ.

 

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Т ХХК-аас 30,835,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Т-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5,777,572 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагч Д.Э од холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч Д.Т татгалзсныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 341,013 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т ХХК-аас улсын тэмдэгтийн хураамж 312,125 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Дахин бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт гаргуулах бололцоогоор хангаж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.

Анхан шатны шүүх нь илт нэг талын эрх ашигт нийцүүлэн шүүхийн шийдвэр гаргасан гэж үзэж байна. 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн шүүхийн 00183 дугаартай тогтоолоор шүүх хурлыг хойшлуулахдаа хариуцагчийн хүсэлтийг буюу нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч шүүх хуралд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул нэхэмжлэлийг буцаах гэснийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн. Шүүх бүрэлдэхүүн ч шүүх хуралд товлосон цагтаа орж ирээгүй (25 минут өнгөрсөн). Шүүхийн тогтоолд иргэдийн төлөөлөгчийг оролцуулахаар хойшлуулсан нь үндэслэлгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1-д зааснаар иргэдийн төлөөлөгчийг заавал оролцуулах заалт байхгүй ба мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.8-д томилогдсон иргэдийн төлөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бол зохигчийн зөвшөөрлөөр түүний эзгүйд шүүх хуралдааныг явуулж болно гэсэн нь заавал оролцуулна гэсэн заалт байхгүй гэдгийг баталж байна. Дээрх шүүхийн тогтоолд нэхэмжлэгчийн эзгүйд шийдвэрлэх боломжийг шүүхэд олгосон гэж буруу тайлбарласан, учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2 дахь хэсэгт хариуцагчийн хүсэлтээр нэхэмжлэгчийн эзгүйд шийдвэрлэнэ гэсэн байхад шүүх илт нэг талын эрх ашигт нийцүүлсэн гэж үзэхээр байна.

Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нар хэдэн төгрөгийн хохирол нэхэмжилж байгаагаа нотолж чадахгүй, Мастер үнэлгээ ХХК-ийн үнэлгээ 29,585,000 төгрөгөөр нэхэмжилж байна (хурлын тэмдэглэлд байгаа) гэж тайлбарласан байхад шүүхийн шийдвэрт Вендо ХХК-д төлсөн мөнгийг оруулаад 30,835,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн. Хариуцагч Т ХХК-ийн төлөөлөгч Ч.Э би тайлбартаа Вендо ХХК-ийн үнэлгээгээр 68 эд анги эвдэрснийг шууд бус зардал 2,7 сая төгрөг, Мастер үнэлгээ ХХК-ийн үнэлгээгээр 58 эд анги эвдэрсний шууд бус зардал 4,1 сая төгрөг байгаа нь шууд бус зардал өөр байгаа тул шууд бус зардлыг хасаж тооцох санал тавьсныг хасаагүй. Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэгт Мерседес бенз И-200 /Mersedes Benz E-200/ маркийн автомашины суурь үнэлгээ 32,422,515,91 төгрөг байна, гэтэл Мастер үнэлгээ ХХК-ийн үнэлгээ нь нэг бүтэн автомашины худалдаж авах үнээр буюу 29,585,000 төгрөгөөр хэт өндөр үнэлсэн. Замын цагдаагийн тээврийн хэрэгслийн тодорхойлолтод Мерседес бенз И-200 /Mersedes Benz E-200/ маркийн автомашины эвдрэл 9 ширхэг эд ангийг тодорхойлсон байхад үнэлгээний компаниуд 58-62 ширхэг эд ангийг эвдрэлийг тодорхойлсон ба МЗМ компаниар засварын үнийн саналаар оношилгоо хийсэн буюу автомашиныг задалсны дараа үнэлгээ хийлгэсэн. Вендо компанийн үнэлгээнд 2 тал буюу хариуцагч талаас оролцуулаагүй нэгэнт автомашиныг эд ангийг задалсан тул үнэлгээ хүчин төгөлдөр бус үнэлгээ хийгдсэн гэж үзэж байна.

Шүүхийн шийдвэрт хариуцагч тайлбар татгалзалын үндэслэлийг баримтаар нотолж чадаагүй гэж дүгнэснийг зөвшөөрөхгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.8 дахь хэсэгт зааснаар эсрэг талын гаргаж өгсөн нотлох баримтаар иш татах эрхтэй тул Замын цагдаагийн тодорхойлолт, гаалийн мэдүүлэг, үнэлгээний компанийн баримтаар нэхэмжлэгчийн Мерседес бенз И-200 /Mersedes Benz E-200/ маркийн автомашин нь улсын бүртгэлийн дугааргүй, техникийн үзлэгт ороогүй замын хөдөлгөөнд оролцсон мөн автомашин өмнө нь бүрэн бүтэн байсан эсэхийг тогтоох боломжгүй байхад задалж үнэлгээ хийсэн зэрэг нь эргэлзээтэй байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий хуулийн шаардлагыг хангаагүй байх тул шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон тооцооллын өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Д.Т нь хариуцагч Т ХХК, Д.Э нарт холбогдуулан гэм хорын хохирол 36,612,572 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь хариуцагч Д.Э од холбогдох нэхэмжлэлээсээ татгалзаж, хариуцагч Т ХХК-аас эд хөрөнгөнд учирсан бодит хохирол 29,585,000 төгрөг, автомашинд үзлэг оношилгоо, хохирлын үнэлгээ гаргуулах ажлын хөлсөнд төлсөн 1,950,000 төгрөг, нийт 31,535,000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч Т ХХК эс зөвшөөрч маргажээ.

 

Хариуцагч Д.Э нь 2021 оны 3 дугаар сарын 05-ны өдөр 16 цаг 05 минутын орчимд замын хөдөлгөөнд оролцон Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, гачууртын замд Т ХХК-ийн Хьюндай портер /Hyundai Porter/ маркийн 97-76 УБР дугаартай автомашиныг жолоодож явахдаа нэхэмжлэгч Д.Т-ын эзэмшлийн Тоёота приус 20 /Toyota prius 20/ маркийн 27-73 УБН, Мерседес бенз И-200 /Mersedes Benz E-200/ маркийн дугааргүй автомашинтай мөргөлдөж, зам тээврийн осол гаргасан болох нь хэргийн 12-17 дугаар талд авагдсан Баянзүрх дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн 2021 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн зам тээврийн осол, хэргийн газарт хийсэн үзлэгийн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч зураг, талуудын тайлбар зэрэг баримтаар тогтоогдсон байна.

 

Уг зам тээврийн ослын улмаас нэхэмжлэгч Д.Т-ын эзэмшлийн Мерседес бенз И-200 /Mersedes Benz E-200/ маркийн автомашинд хохирол учирсан болох нь тээврийн цагдаагийн албанаас хэргийн газарт үзлэг хийж, уг үзлэгээр тээврийн хэрэгсэлд учирсан эвдрэлийг тодорхойлсон байдал болон автомашины эвдрэлийг бэхжүүлэн авсан фото зураг зэрэг баримтаар тогтоогджээ.

 

Мөн хэргийн баримтаар дээрх зам тээврийн осол гарахад хариуцагч Д.Э ыг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.8 жолооч уулзвар, гарцаар нэвтрэхдээ тухайн эгнээнээс өөрийн явах чигийн дагуу хөдөлгөөний эгнээний үргэлжлэлийг заасан 1.7 тэмдэглэлийг баримтална. Хэрэв тийм тэмдэглэл байхгүй бол дараах байдлаар нэвтэрнэ. /б/ зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөө мөн зүүн гар тийш буцаж эргэх тээврийн хэрэгслийг баруун гар талаараа өнгөрөөж байхаар үйлдлийг гүйцэтгэнэ гэсэн заалтыг тус тус зөрчсөн буруутай болохыг 2021 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдлын тэмдэглэл, тээврийн цагдаагийн албанаас хэрэг гарсан газарт хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг болон 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн Д.Э од холбогдох зөрчлийн талаар гаргасан эрх бүхий албан тушаалтны магадлагаа зэрэг баримтаар тогтоосон байна.

 

Хариуцагч Д.Э ын хууль бус буруутай үйлдлийн улмаас зам тээврийн осол гарсан тул түүний гаргасан зөрчилд Баянзүрх дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсээс хялбаршуулсан журмаар зөрчлийг шалган шийдвэрлэж 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн Шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуульд заасны дагуу 100,000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулж, мэдэгдэх хуудсаар мэдэгджээ. Уг шийдвэрт хуульд заасан хугацааны дотор тэрээр гомдол гаргаагүй болно.

 

Хэрэгт авагдсан дээрх баримтууд болон талуудын тайлбарыг харьцуулан дүгнэвэл хариуцагч Д.Э нь 2021 оны 3 дугаар сарын 05-ны өдөр замын хөдөлгөөнд оролцон тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн, түүний хууль бус үйлдлийн улмаас нэхэмжлэгч Д.Т-ын эзэмшлийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж гэм хор учруулсан буруутай байна.

 

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ гэж зохицуулсан.

 

Хариуцагч Д.Э нь хариуцагч Т ХХК-д хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр жолоочоор ажилладаг болох нь хэргийн 105-108 дугаар тал дахь ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээ, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт болон талуудын тайлбараар тогтоогджээ. 2021 оны 3 дугаар сарын 05-ны өдөр Д.Э нь ажил үүргээ гүйцэтгэх явцдаа болгоомжгүйгээр зам тээврийн осол гаргаж бусдад гэм хор учруулсны хохирлыг түүнийг ажиллуулж буй ажил олгогч болох хариуцагч Т ХХК-д хариуцуулах хууль зүйн үндэслэлтэй, энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлт зөв байна.

 

Хариуцагч байгууллага нь шинжээчийн дүгнэлт үндэслэлгүй гарсан, бодит хохирлыг хэмжээг үнэн зөв тогтоож чадаагүй, осол гарахад нэхэмжлэгчийн буруутай үйлдэл нөлөөлсөн гэж маргасан.

 

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасны дагуу нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүйгээс шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болж чадаагүй байгааг дараах байдлаар залруулах боломжтой.

 

Хэргийн 45-46 дахь талд авагдсан Вендо ХХК-ийн үнэлгээгээр нэхэмжлэгч Д.Т-ын эзэмшлийн Мерседес бенз И-200 /Mersedes Benz E-200/ маркийн автомашинд 34,411,572 төгрөгийн хохирол учирсан гэж, Мастер үнэлгээ ХХК нь 29,585,000 төгрөгөөр үнэлснийг харьцуулахад зөрүүтэй байх тул Вендо ХХК-ийн үнэлгээгээр хохирлыг нөхөн төлөх үндэслэлгүй талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлтэй байна.

 

2021 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдлын тэмдэглэлээс үзэхэд Мерседес бенз И-200 /Mersedes Benz E-200/ маркийн автомашинд гэмтэл учраагүй баруун урд крыло-500,000 төгрөг, баруун зүүн урд их гэрлийн дээд панел-120,000 төгрөг, баруун хойд гэрэл-855,000 төгрөг, өвдөгний дэр /жолоочийн/-400,000 төгрөг, суудлын дэр /жолооч, зорчигч/, өвдөгний дэрний гадна панел-220,000 төгрөг, босоо тэнцүүлэгч /баруун/-150,000 төгрөг, баруун хойд обуд-200,000 төгрөг, баруун урд лонжером-220,000 төгрөг, баруун урд хаалга-110,000 төгрөг, баруун хойд крыло-360,000 төгрөг, нийт 3,495,000 төгрөгийн эд ангиудыг үнэлсэн нь үндэслэлгүй байх тул Мастер үнэлгээ ХХК-ийн хохирлын үнэлгээ 29,585,000 төгрөгөөс дээрх 3,495,000 төгрөгийг хасч тооцон 26,090,000 төгрөгийн хохирлыг хариуцагч Т ХХК нөхөн төлөх үүрэгтэй гэж үзэв.

 

Хариуцагч Т ХХК нь өөрийн ажилтны бусдын эд хөрөнгөд учруулсан хохирлыг хариуцан арилгах үүрэгтэй. Харин Т ХХК нь уг зам тээврийн осолд гэм буруутай гэх үйл баримт тогтоогдоогүй тул анхан шатны шүүх Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасныг баримталсан нь хууль хэрэглээний хувьд буруу байгааг залруулах шаардлагатай.

 

Түүнчлэн, Д.Т-ын эзэмшлийн Мерседес бенз И-200 /Mersedes Benz E-200/ маркийн автомашинд Мастер үнэлгээ ХХК-аар үнэлгээ хийлгэх зардлыг хариуцагч Т ХХК төлсөн болох нь хэргийн 77 дахь талд авагдсан 2021 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн төлбөрийн баримтаар тогтоогдсон. Иймд үнэлгээтэй холбоотой зардлыг нөхөж хариуцагч Т ХХК-аас гаргуулах шаардлагагүй байхад анхан шатны шүүх хөрөнгө үнэлгээний Вендо ХХК-д ажлын хөлсөнд төлсөн 1,258,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

 

2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч иргэдийн төлөөлөгчийг заавал оролцуулах шаардлагагүй, нэхэмжлэгч нэхэмжлэлээ дэмжиж ирээгүй тул нэхэмжлэлийг буцааж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан ба уг хүсэлтийг үндэслэн нэхэмжлэлийг буцаах нөхцөл байдал тогтоогдоогүйгээс гадна Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1 дэх хэсэгт иргэдийн төлөөлөгчийг оролцуулах-аар заасан тул иргэдийн төлөөлөгчийн эзгүйд шүүх хуралдааныг явуулах боломжгүй гэж үзэж хойшлуулсаныг буруутгахгүй. Энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

 

Анхан шатны шүүх иргэдийн төлөөлөгчийг дүгнэлтийг шүүхийн шийдвэрт тусгасан нь хуульд нийцжээ.

 

Иймд дээрх үндэслэлээр хариуцагч Т ХХК-аас 26,090,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Т ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5,445,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 184/ШШ2021/02689 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Т ХХК-аас 26,090,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Т ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5,445,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж,

тогтоох хэсгийн 3 дахь заалтын 312,125 гэснийг 288,400 гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Т ХХК-аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 312,125 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ