Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2021/01815

 

 

2021 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2021/01815

 

Д.З-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ч.Цэнд, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 181/ШШ2021/01877 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Д.З-ийн хариуцагч А ХХК-д холбогдуулан гаргасан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 5,200,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, илүү төлсөн 2,500,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У хариуцагчийн төлөөлөгч Б.Н , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Халиун нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга: А ХХК-ийн захирал Б.Н нь анх надтай ярилцаад танай тоног төхөөрөмжөөр хөрс хуулалт хийлгэнэ гэсэн. Тоног төхөөрөмж түрээсээр ашиглуулах гэрээ байгуулахаар нэг хувийг нь өгсөн. Б.Н нь Би өөрөө хуульч хүн зөвхөн ажил гүйцэтгэх гэрээ байгуулна гэж хэлээд 2020 оны 6 дугаар сарын 01-ний өдөр ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан. Гэрээ байгуулсаны дараа урьдчилгаа төлбөр 6,000,000 төгрөгийг миний дансанд шилжүүлсэн. Манай 2 ажилчин Булган аймгийн Хишиг-Өндөр суманд байрлах Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбайд очиж, Б.Н гийн хяналт доор 2 хэсэг талбайд хөрс хуулж, овоолго хийн, керамзит ашиглахад бэлэн болгосон. Мөн би өөрөө очсон үедээ Б.Н гийн хүссэний дагуу керамзит ачих зам талбайг бэлтгэн, уурхай руу орох, гарах замыг ч мөн экскаватороор бэлтгүүлсэн. Манай тоног төхөөрөмж уурхай дээр бэлэн байсан түлшнээс цэнэглэж ажил гүйцэтгэсэн. Түлшийг А ХХК-аас хангаж өгсөн ба өөрсдийн тоног төхөөрөмжид болон уурхай дээр ажиллаж байсан автомашинд мөн түлш өгч байсан. Ажил бүрэн дуусаж, ажлаа хүлээн авсан. Үүнээс хойш мөнгөө шилжүүлэхгүй удаад байхаар нь Б.Н тэй уулзахад эхлээд аятайхан ярьвал мөнгө өгнө гэсэн, мөн мөнгөндөө керамзит авбал ав гэсэн. Иймд А ХХК-аас ажлын үлдэгдэл хөлс 5,200,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн татгалзал, хариу тайлбарын агуулга: 2020 оны 6 дугаар сарын 01-ний өдөр ажил гүйцэтгэх гэрээг байгуулж 10 000 м3 газрын хөрсийг хуулуулж шороон овоолго хийлгэхээр тохиролцож урьдчилгаа төлбөр 6,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Д.З нь гэрээний 2 заалтад өөрчлөлт оруулсан бөгөөд гэрээний 3.1 дэх заалтыг оруулсан. Д.З нь 2 хүн ээлжлээд 12 цагаар өдөрт 22 цаг ажиллана, түлшний зарцуулалтаар ажилласан цагийг тогтооно 1 цаг ажиллахад 30 литр түлш зарцуулна гэж хэлсэн. Гэтэл 1 тонн түлш 2 өдөр ажиллаад дууссан тул дахин түлш татаж нийт 2 тонн 200 литр түлш зарцуулсан. Хөрс хуулалт хийж байтал уул гарч ирсний улмаас уулыг тойруулаад ухсан. Ажлыг сайн хийсэн нь үнэн. Уул гарч ирсний улмаас л тохиролцсон ажлыг хийгээгүй. Би Б.Н-г хяналтаар тавьж түлш, ажлын гүйцэтгэл, мото цагийг хянуулсан. Иймээс сөрөг нэхэмжлэлд дурдсан үндэслэлээр үндсэн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга: Д.З болон экскаваторын жолооч нарын мэдүүлж байгаа шиг уул геологийн хүнд нөхцөлд цул хадан цохиог ухахад LC-7-3000 Экскаватор цагт 20 литр түлш биш, дунджаар 30-40 литр түлш хэрэглэж байсныг гэрээт ажилд хяналт тавьж байсан Булган аймгийн Дашинчилэн сумын иргэн Б.Н сайн мэдэх бөгөөд талбайд авчирсан түлшний нийт нийлүүлэлтэнд хяналт тавьж акт үйлдэн тооцоо нийлсэн. Улаанбаатар хотоос 2.105 литр түлш татан авч хэрэглэсэнээс үлдсэн 500 литр түлшийг Д.З өөрийн крантай автомашин, экскаваторт 100 литр түлш Хишиг-Өндөр сумын төвд байх блокны цехийн ажилтан Р.А , Н.Ганхөлөг нарт 220 литр түлшийг \хөх савтай\ мөн трайлерийн жолоочид 100 литр түлш, Эрдэнэт, Улаанбаатар хотоос ачаа ачсан шлазын жолооч О-д 100 литр түлш тус тус худалдсан 520 литр түлшийг эдгээр хүмүүст худалдсан баримт байгаа бөгөөд заримд нь бэлэн мөнгөөр нь, заримд нь ажлын хөлсөнд түлш өгсөнийг Д.З , жолооч Б.Б, Б.Б нар болон түлш худалдан авсан бүх хүн мэдэх бөгөөд гэрчилнэ. Уурхайд Улаанбаатар хотоос татаж авсан 2105 литр түлшнээс 520 литрийг хасч үлдсэн 1585 литр түлш уурхай хөрс хуулалтанд хэрэглэсэн байна. Гэрээнд заасан мото цагаар бодвол 52,6 цаг ажилласан байна. Үүнийг нэг өдрийн 12 цагаар тооцвол 4,4 өдөр, хоногийн төлбөрийг 800,000 төгрөгөөр тооцвол 3,500,000 төгрөг болох бөгөөд урьдчилгаа 6,000,000 төгрөг өгсөн тул 2,480,000 төгрөг илүү төлсөн байна.

Д.З-ийн ажилчид шүүхэд гэрчээр асуугдахдаа хүн үнэмшмээргүй баримтуудыг дурджээ, тэдний хэлж байгаагаар өдөр бүр 22 цаг тасралтгүй 5 хоног дараалан ажиллана гэдэг бол хүний хүчин зүйл, техникийн бололцооноос давсан зүйл бөгөөд хууль сануулж шүүх хуралд мэдүүлэг авахад цочихгүй худал хэлэв. Би ажил эхлэхэд талбай дээр Хөдөлмөрийн хууль, ХАБ-ын журам танилцуулж... нэг жолооч нь амарч, нөгөө жолооч нь ажиллаж ажлын бүтээмжийг шалгах өөрийн хянагчийг экскаваторын кабинд суулгая... гэхэд экскаваторын жолооч нар эрс татгалзаж заавал хоёулаа ажиллах шаардлагатай талаар тодорхойлолт бичгээр хийж өгсөн, 1 жолооч нь жолоон дээр сууж нөгөө нь уулын нуралтаас сэргийлэн хойд талдаа хяналт тавьж аюулгүй байдлаа хангаж кабиндаа хамт ажилласан уул геологийн хүнд нөхцөлд хамт ажиллахаас өөр арга байгаагүй. Ингэхээр өдөр бүр 22 цаг 5,5 өдөр дараалан тасралтгүй ажиллах нь хүний өөрийн биологийн боломж, техникийн түлшний зарцуулалтаас худал болох нь илт байна. Би иргэн Д.З эд... Манай нутаг тарвага, зурам, айраг цагаа элбэгтэй тул хотоос ирсэн ажилчид энд ирэхээрээ налайгаад ажил хийдэггүй, тийм тул ажлын чинь үр дүнг түлшний зарцуулалтаар хэмжинэ, тарваганы нүх рүү түлш асгаж бидэнд баригдаж байсан туршлага бий тул байнга өөрийн талын хүнээр түлшээ мануулан хяналт, тавина та нар хоол хүнсээ өөрсдөө гаргаарай... гэж тохиролцсон. Гэтэл Д.З өрдөө 1 кг боорцог 18-н ширхэг бэлэн хоолтой 2 хүнийг сумын төвөөс 11 км зайтай ус, түлшгүй газар явуулсан нь эхнээсээ л гэрээгээ зөрчсөн хэрэг болсон, би жолооч нарт өдөр бүр 3 удаагийн халуун хоол өгч нэг эр хониор хүнс хийж өгсөн энэ гэрээнд зааснаас гадуур манай талын хүлээгээгүй үүрэг юм. Уурхайд хэрэглэсэн нийт түлш нь Хаан банкны төлбөрийн диспозитив хуулга түлш ачсан трайлерын жолооч, Улаанбаатараас Хишиг-Өндөр сум руу Нью север ХХК-ийн нярав Г.Д 89981525, 1тонн дизель түлш хүлээж аваад... хэдэн литр түлш авснаа үл мэднэ... гээд байгаа насаараа экскаваторын жолооч хийсэн Б.Бид хүлээлгэн өгсөн портерийн жолооч Р.А 9471-3608 нарын мэдүүлэг бичгийн нотлох баримтаар 1605 литр түлшээр дээрх экскаватор Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Мөнгөн уулын уурхайд ажилласан нь хөдөлшгүй тогтоогдож байгаа юм. Энэ тооцоогоор бол уул экскаватор нь 53,5 цаг ажилласан бөгөөд гэрээ ёсоор өдөр бүр 12 цаг ажилласан гэж үзвэл 4,4 хоног буюу хоногийн төлбөр гэрээ ёсоор 800,000 төгрөг болох бөгөөд нийт төлбөр 3,520,000 төгрөг төлөхөөс, урьдчилгаа 6,000,000 төгрөгөөс үүнийг хасвал 2,480,000 төгрөг А ХХК нь илүү төлсөн байх тул үүнийг иргэн Д.З ээс гаргуулж сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

Сөрөг нэхэмжлэлд гаргасан нэхэмжлэгч талын хариу тайлбарын агуулга: Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. А ХХК нь хэнд хэдэн литрийн түлш зарсныг бид мэдэхгүй. Ажил гүйцэтгэх гэрээ байгуулахаас өмнө хийх ажлын байдлыг урьдчилан үзэж, нийт үнийн дүнг талууд харилцан тохиролцож байгуулсан. Нийт 7 хоног ажиллаад бүх ажлыг дуусгасан тул тохиролцсоны дагуу экскаваторыг буцаасан гэдгээ захирал Б.Н өөрөө ярьсан байдаг. Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар хариуцагч А ХХК-иас 5 200 000 /таван сая хоёр зуун мянга/ төгрөгийг гаргуулж Д.З эд олгож, А ХХК-ийн Д.З ээс 2 500 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар Д.З ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 98 150 төгрөгийг, А ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 54 630 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч А ХХК-иас 98 150 /ерэн найман мянга нэг зуун тавин/ төгрөгийг гаргуулж Д.З эд олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсэгт заалтыг зөрчин хавтаст хэрэгт "А ХХК-ийн хаяг авагдаагүй үндэслэлээр нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.У-ийн илт худал мэдүүлэгт үндэслэн хэргийн харьяалал зөрчин хэрэг хянан шийдвэрлэв. Маргаан бүхий ажил гүйцэтгэх гэрээний хариуцагчаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч Булган аймгийн Хишиг-Өндөр сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг А ХХК-ийн гэрчилгээ хавтаст хэргийн 22 дугаар хуудсанд авагдсан байхад хаяг тодорхойгүй үндэслэлээр хуулийн этгээдийн хаягаар биш харин гүйцэтгэх захирлын хаягаар хэргийн хариуцагчийг тогтоож Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь заалтыг зөрчсөн. Хэргийн харьяалал зөрчсөнөөс хэргийн хариуцагч талын нотлох баримт гаргуулах, хэргийн газарт үзлэг хийлгэх, шинжээч томилуулах хүсэлтүүдээс шүүх үндэслэлгүйгээр татгалзаж хэргийн оролцогч хариуцагч талын тайлбар татгалзлаа нотлох бололцоог олгосонгүй. Бодит амьдрал дээр 1 эксковаторын кабинд 2 опператор өдөр бүр 22 цаг ажиллаж 5 өдөр тасаралтгүй ажиллана гэвэл хүний биологийн чадвараар шууд үхэлд хүргэх хэмжээний норм гэдгийг шүүгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хоёр төсөөлөх ч үгүй байна. Харин цагт 30 литр түлш зарцуулдаг Хьюндай 3000 эсковотор 1500 л түлшээр 12 цаг өдөр бүр ажилахад 4,4 өдрийн ажил гүйцэтгэх 2020 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн гэрээний 3.1 дэх хэсэгт заалтаар өдөрт ажилласан хөлсийг 800,000 төгрөг 2 тал тохирсоноор тооцоход 3,520,000 төгрөгийн ажил хийгдэж 2,480,000 төгрөгийг А ХХК Д.З эд илүү төлсөн байна. Гэтэл анхан шатны шүүх ...Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.2 дахь хэсэгт заасны дагуу А ХХК нь ажлын үр дүнг хүлээн авсан байх бөгөөд гүйцэтгэсэн ажлын үр дүн доголдолтой, дутуу гүйцэтгэсэн гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна... гэсэн нь хавтаст хэрэгт авагдсан А ХХК-ийн Д.З ээс 2020 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн гэрээний үүргийн Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.2, 352.4 дэх хэсэгт заасан заалтыг үндэслэн гэрээт ажлын доголдлын шаардлагыг тов тодорхой шаардаж 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдөр гэрээний шаардлага, хүргүүлэн, сөрөг нэхэмжлэл гаргасан баримтаар няцаагдаж байна. Бүх гэрчүүд уулын чулуулаг гарсан учир цааш ажиллах боломжгүй болсон гэж гэрчилдэг үүнд нэхэмжлэгч талын гэрч 5-н өдөр дараалан өдөр бүр 22 цаг тасаралтгүй ажиллагч М.Б хүртэл... 10 хоног ажиллахаар 1,000,000 төгрөгийн цалин хөлс авсан 5 хоног ажилласан... гэрч Ү.Г ... иргэн Д.З-ийн эксковатор уулын чулуулаг гарсан тул цааш ажиллах боломжгүй болж нийт төлөвлөсөн ажлын 50 хувь ч хийгээгүй... гэсэн байхад яагаад Мөнгөн уулын ажлыг газар дээр нь огт очоогүй, уулын ажлыг мэдэхгүй шүүгч, нэхэмжлэгчийн төлөөлөгч хоёр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт гэрчийн мэдүүлэг, түлш зарцуулалтын акт, ажил эхлүүлсэн болон дуусгасан тэмдэглэлүүд байсаар байхад юунд үндэслэж ажил бүрэн дуусан, ажил хүлээн авсан акт үйлдсэн гэж худал үндэслэл гаргаж байна. Шүүх гэрээний 3.1, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн. Ариун хайрхан ХХК нь хууль зөрчин иргэн Д.З-ийн оруулсан саналыг хүлээн авч гэрээний 3.1 дэх заалтад эрх зүйн дүгнэлт өгөлгүй, харин эсрэгээрээ шүүхийн шийдвэрийг үндэслэх хэсэгт ...харин ажлын хөлсийг хоногоор ажилласан цагаар мото цагаар тооцохоор тохиролцсон гэж үззх үндэслэл тогтоогдохгүй байна... гэсэн илэрхий нэг талыг барьсан буруу шийдвэр гаргасан.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож харьяаллын эвлэрүүлэн зуучлал болон иргэний хэргийн анхан шатны шүүхээр дамжуулан хариуцагчийн хүсэлтийг хангаж 2 талыг байлцуулан хэргийн газарт үзлэг хийн гэрээт ажил юуны учир 50 хувьдаа ч хүрэлгүй зогссоныг тогтоох тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх иргэний хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг хянан үзсэн болно.

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч Д.З нь хариуцагч А ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 5,200,000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч илүү төлсөн 2,500,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

 

Маргааны үйл баримттай холбоотой анхан шатны шүүх хуулийг зөв хэрэглэсэн гэж үзэхэд учир дутагдалтай болжээ. Ажлыг бүрэн гүйцэтгэсэн эсэх, гэрээний зүйл буюу ажлын хэмжээ, ажлыг бүрэн хүлээлцсэн эсэх, хийж гүйцэтгэсэн ажлын өртөг ямар байсан нөхцөл байдлуудыг тодруулах шаардлагатай.

 

Хэргийн 55 дахь талд авагдсан 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн Түлш шатахуун зарцуулалтын тайлан гэх баримтад Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Мөнгөн-Уулын галт уулсын шороо олборлох ажлын гэрээний дагуу Хюндай маркийн LC-7-3000 экскаватор 2020 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 10 цагаас хөрс хуулалт эхэлсэн. 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 12 цагт дуусгав, зарцуулсан түлш 2 тонн 105 литр гэж тусгасан байна. Ажлын гүйцэтгэлийг цагаар тооцох эсхүл бодит гүйцэтгэлээр буюу талбай дээр тооцох эсэх нөхцөл байдлыг тодруулах шаардлагатай байжээ.

 

2021 оны 7 дугаар сарын 28-ны өдөр хариуцагчийн төлөөлөгчөөс гэрч асуулгах, шинжээч томилуулж дүгнэлт гаргуулах, харьяа шүүхээр хэргийн газарт үзлэг хийлгэх хүсэлт гаргасныг шүүх дээрх хүсэлт нь талуудын маргаанд хамааралгүй, бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдолтой гэж үзэх үндэслэлгүй гэж дүгнэж шинжээч томилуулах, үзлэг хийлгэх хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэсэн нь хэргийн оролцогчийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасан эрхийг хангаагүй нь учир дутагдалтай болжээ. /хх-107, 114-116 дахь тал/ Энэ талаарх хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлтэй байна.

 

Маргааны гол зүйл нь хэдий хэмжээний ажил гүйцэтгэсэн, ажлыг бүрэн гүйцэтгэж дууссан эсэх, хэрэв ажлыг дуусгаагүй бол хэдий хэмжээний ажил нь бүрэн гүйцэтгэгдэж буюу газар шорооны ажил хийгдсэн, хэдий хэмжээний ажил дутуу үлдснийг тодруулах шаардлагатай. Хэрэгт хэдэн цаг ажилласан талаарх баримт авагдсан байна. Гэтэл гэрээнд ажлын хөлсийг ажлыг эхлэх, дуусах хугацаагаар нь тоолох буюу хэдэн цаг ажилласнаар тооцох талаар талууд тохиролцоогүй байна. Энэ тохиолдолд хэдий хэмжээний ажил хийснийг куб метрээр эсхүл талбайн хэмжээгээр тодорхойлсон эсэхийг тодруулахад хэргийн газарт үзлэг хийлгэх, мэргэжлийн шинжээчийн дүгнэлт гаргуулах нь ач холбогдолтой.

 

Хэргийн харьяаллыг шүүх өөрөө тогтоох ба иргэний хэрэг үүсгэж, нэхэмжлэлийг хүлээн авахдаа харьяалал зөрчиж авсан бол түүнийг зохих шүүхэд шилжүүлэх нь шүүх хоорондын хийгдэх ажиллагаа болохоос хэргийн оролцогчийн гомдлоор давж заалдах шатны шүүхээс хэргийн харъяалал зөрчсөн гэх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл хуульд зохицуулагдаагүй байна. Түүнчлэн, хуулинд ажил гүйцэтгэх гэрээгээр гүйцэтгэх ажил нь буй орон нутагт хэргийг шийдвэрлэхээр шүүхийн харьяаллыг хуульд заагаагүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсэгт хариуцагч нь хуулийн этгээд байвал түүний ажил хэргээ байнга явуулдаг эсхүл удирдах байгууллага нь байгаа газрын шүүхэд гаргахаар харьяалал тогтоосон байна. Иймд харьяалал зөрчиж хэргийг шийдвэрлэсэн гэх хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.

 

Дээрх үндэслэлээр шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, маргааны үйл баримт бүрэн тогтоогдоогүй байхад хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд давж заалдах шатны шүүхээс эрх зүйн дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх боломжгүй тул хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаахаар давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 181/ШШ2021/01877 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 98,150 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дах хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ