Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 2024/ДШМ/765

 

  2024           07           02                                          2024/ДШМ/765

 

Б.Б-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж, шүүгч Д.Мөнхөө, шүүгч М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор М.Сүхчулуун,

хохирогч Б.Н, түүний өмгөөлөгч Л.Батжаргал,

шүүгдэгч Б.Б,   

нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Батмандах даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 2024/ШЦТ/604 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Б.Н-н гаргасан давж заалдах гомдлоор Б.Б-д холбогдох 2406 00000 0788 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.      

Т овгийн Б-н Б, .....оны .. дүгээр сарын ..-ны өдөр ...... төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ............. тоотод оршин суух, /РД: ......./,

Баянзүрх дүүргийн шүүхийн 2009 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 428 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дугаар зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2009 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх хэсэгт зааснаар 03 жилийн хугацаагаар хорих ялыг өршөөн хэлтрүүлж 6 сарын хорих ялыг биечлэн эдэлсэн,

Баянзүрх дүүргийн шүүхийн 2011 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 45 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 199 дүгээр шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн;  

Шүүгдэгч Б.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн согтуурсан байх үедээ 2024 оны 03 дугаар сарын 05-ны орой 21 цагийн орчимд .......... тоотод гэртээ хамтран амьдрагч хохирогч Б.Н-тай хамт байхдаа таарамжгүй харилцаа, гэр бүлийн хардалтаас шалтгаалан, хэрүүл маргаан үүсгэн, биед нь хүч хэрэглэн халдаж, толгойн үснээс гараараа барьж газар чирэх, хөдөлгөөнийг нь хязгаарлаж байгаад, ахуйн хэрэглээний хутганы үзүүр ир хэсгээр биеийн хэсэг рүү нь хатгаж зоох, иш хэсгээр нь цохих зэргээр зодож, хохирогчийн зүүн шууны ар доод хэсэгт 4 см, дээд хэсэгт 1.5 см хэмжээтэй зах ирмэг тэгш шарх, зүүн бугалганы ар дээд хэсэгт 1.5х0.1 см, 1 см хүрэн улаан өнгийн зулгаралт, цус хуралттай зүүн гуяны гадна дунд хэсэгт 2x0.1 см хүрэн улаан өнгийн зулгаралт, зүүн мөрний ард 3х3 см, баруун шилбэний гадна доод хэсэгт 6х4 см, дунд хэсэгт 2х2 см, баруун бугалганы гадна дээд хэсэгт 6х3 см хэмжээтэй цус хуралт, баруун шууны ар доод хэсэгт 2х2 см хөх өнгийн цус хуралт бүхий хөнгөн хохирлыг санаатай учруулсан,

үргэлжилсэн үйлдлээр 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс 08-ны өдрийн хооронд Баянзүрх дүүргийн 32 дугаар хороо, 191-36 тоотод гэртээ гэр бүлийн хамаарал бүхий хүн болох хамтран амьдрагч Б.Н-г “цагдаад өглөө” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар түүний гар болон хөлийн дотор талаас чимхэх, алгадах, өшиглөх, гар болон бугалга хэсэгт нь хазах, үснээс нь зулгааж, хана мөргүүлэх зэргээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, эрүүл мэндэд нь зүүн бугалга, өгзөг, гуя, баруун зүүн шилбэнд цус хуралт, хамарт зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,  

Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Б.Н-г 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдөр, 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс 04 дүгээр сарын 08-ны өдрийн хооронд байнга зодсон, харгис хэрцгий харьцсан, тарчлаасан зэргээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Б.Б-н үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б.Б-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнтэй байнга харгис хэрцгий харьцсан, догшин авирлаж тарчлаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.Б-г 2.500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.500.000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад зааснаар эрх бүхий байгууллагын хяналтад 1 жилийн хугацаагаар Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Б нь 2.500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.500.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Б.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б.Б нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2.500.000 төгрөгийн торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялуудыг тус тусад нь эдлүүлж, хохирогч Б.Н нь цаашид гарах гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын хэлтсийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж, Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад баримтаар төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Хохирогч Б.Н давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

1. Анхан шатны шүүх “Б.Б-д холбогдох хэргийн хянан хэлэлцэж түүнийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнтэй байнга харгис хэрцгий харьцсан, догшин авирлаж тарчлаасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2.500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.500.000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэж дээрх ялыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Учир нь, миний зүгээс анхан шатны шүүх хуралдаанд хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү” гэх утга агуулга бүхий зүйлийг хэлсэн нь үнэн бөгөөд энэ нь хувь хүн миний чин хүсэл сонирхол байгаагүй юм.

Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүхийн гэм буруу болон эрүүгийн хариуцлагын хуралдаан завсарлах үеэр шүүгдэгч Б.Б нь миний шилэн хүзүүнээс атгаж “шүүхэд гомдол саналгүй, хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү, гэж хэл үгүй бол би чамайг алчихаад шоронд явна” гэх зэргээр байнга дарамталж айлгаж байсан тул миний зүгээс аргагүй эрхэнд дүр эсгэсэн байдлаар дээрх саналыг шүүхэд хэлсэн бөгөөд энэ талаар шүүхийн цагдаад хэлэх боломж надад олдоогүй, мөн шүүгдэгчээс айсан. Гэтэл анхан шатны шүүх прокуророос шүүгдэгчид хорих ял оногдуулах ялын санал гаргасан атал түүнд зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн шударга ёсны зарчимтай нийцэхгүй байна.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад дараах байдлыг нотолно”, 1.1 дэх заалтад “гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/; 1.2. гэмт хэргийг хэн үйлдсэн; 1.3. гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр; 1.4.Эрүүгийн хуульд заасан яллагдагчид оногдуулах ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал; 1.5. гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ; 1.6. гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл.” зэрэг гэмт хэрэг гарсан талаар нотолбол зохих байдлуудыг тогтоохоор хуульчилжээ. Гэтэл мөрдөн шалгах ажиллагааны явцад дээрх хуульд заасан нотолбол зохих байдлуудыг нэг мөр тогтоож чадаагүй. Учир нь, шүүгдэгч Б.Б-н дээрх хууль бус харгис догшин үйлдлийн улмаас хохирогч миний биед хүч хэрэглэн халдаж, хутгыг зэвсгийн чанартай ашиглаж хутгаар миний биеийн зүүн шуу, зүүн бугалга, зүүн гуяа хэсэгт олон удаа хутгаар чичилж зүсэж гэмтэл учруулсан.

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 3425 дугаартай дүгнэлтээр дээрх гэмтлүүд нь ир үзүүртэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүснэ гэж дүгнэсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 хэсэгт “Гэмт хэрэг үйлдэхэд шууд чиглэсэн үйлдэл, эс үйлдэхүйг санаатай хийсэн боловч тухайн хүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг төгсөөгүй бол гэмт хэрэг үйлдэхээр завдах гэнэ.” хуульчилжээ. Шүүгдэгч нь хохирогчийн биед шууд санаатай хэлбэрээр хутга хэрэглэн халдаж гэмтэл учруулсан хууль бус үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинжийг хангасан идэвхтэй үйлдэж гэж үзэхээр байна. Учир нь, тухайн цаг хугацаанд шүүгдэгчийг хутга барин довтлох үед хохирогч миний зүгээс өөрийгөө хамгаалан түүний хууль бус үйлдлийг эсэргүүцэж тэмцсэн учир шүүгдэгч хууль бус үйлдлээ төгсгөж чадаагүй байдаг. Иймд дээрх нөхцөл байдлуудыг нэг мөр шалгаж тогтоох мөрдөн шалгах ажиллагааг зайлшгүй шалгаж тогтоох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасантай нийцэх учиртай.

3. Шүүгдэгч Б.Б нь 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдөр, 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хүртлэх хугацаанд дээрх хууль бус үйлдлийг үргэлжлүүлэн үйлдсэн. Улсын Дээд шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалыг батлах тухай” 25 дугаартай тогтоолын 3.6 дахь хэсэгт “тухайлсан гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн зэрэглэлийг хүснэгтээр тогтоож, хүснэгтийг шинжээчийн дүгнэлтийн адил үзэх”-ээр заажээ. Гэтэл мөрдөн шалгах ажиллагааны явцад Баянзүрх дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн мөрдөгч цагдаагийн ахлах дэслэгч н.Сэдэд нь Хууль зүй дотоод хэргийн сайдын 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн А/267 тушаалын хавсралтаар баталсан Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтыг надад танилцуулаагүй нь хохирогчийн эрхийг хууль бусаар хасаж хязгаарласан үйлдэл болсон талаар миний бие сүүлд мэдлээ. Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт Улсын Дээд шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалыг батлах тухай” 25 дугаартай тогтоолын 3.2-т Сэтгэцийн эмгэгийн зэргийг Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т Хууль зүйн болоод Эрүүл мэндийн сайдын асуудал эрхэлсэн засгийн газрын гишүүний хамтран баталсан журмын дагуу Шинжилгээний байгууллага тогтооно” гэж заажээ. Гэтэл мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт хохирсон хохирогч надад сэтгэцэд хор уршиг учирсан эсэхийг тогтоолгох шинжээч томилоогүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийг тогтоож чадаагүй гэж үзнэ. Иймд дээр дурдсан асуудлуудыг шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй тул Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 2024/ШЦТ/604 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэв.

Хохирогч Б.Н-н өмгөөлөгч Л.Батжаргал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Үйлчлүүлэгчийнхээ гаргасан давж заалдах гомдлыг дэмжин оролцож байна. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгчийн зүгээс хохирогч руу үргэлжилсэн үйлдлээр хүч хэрэглэх, хүч хэрэглэхээр заналхийлэх үйлдлийг удаа дараа гаргасан байдаг. Гэтэл шүүгдэгч Б.Б нь энэ үйлдлээ өнөөдрийг хүртэл гаргаж байгаа болох нь давж заалдах шатны шүүхэд өмгөөлөгчийн зүгээс гаргаж өгсөн баримтаар тогтоогдож байна. Гэтэл анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэд хэдэн гэмт хэрэгт хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол доор дурдсанаар хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно.” гэж зааснаар шүүгдэгч Б.Б-д хорихоос өөр төрлийн ял оногдуулсан нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцээгүй. ... Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт шүүгдэгч Б.Б-н дансны хуулганы баримт авагдсан байдаг. Үүнтэй холбогдуулан хохирогчийн зүгээс “Б.Б мөрийтэй тоглоом зохион байгуулж олсон орлогоо амьдардаг. Энэ асуудлаас болж бид маргалддаг байсан. Би түүнд одоо боль гэж хэлсний улмаас энэ маргаан үүссэн” гэж мэдүүлсэн. Тухайн дансны хуулганы баримтаас үзэхэд “GG8, GG7” гэсэн агуулгатай их хэмжээний орлого орж ирсэн байдаг. Үүнтэй холбоотой ямар нэгэн мөрдөн шалгах ажиллагаа хийгдээгүй. ... Б.Б-н үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд заасан завдалт байгаа эсэхийг тогтоогоогүй. Учир нь, хутгыг зэвсгийн чанартай ашиглаж, хохирогчийн биед удаа дараа халдсан. Шинжээч хохирогчийн биед үүссэн гэмтэл шархыг олон удаагийн үйлчлэлээр үүснэ гэж дүгнэсэн. ... Мөрдөгчөөс Улсын Дээд шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн тогтоолоор тухайлсан гэмт хэрэг буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийг нөхөн төлбөр тооцох төлбөрийн жишиг аргачлалын хүснэгтэд заасны дагуу 2 дугаар зэрэглэлд хамааруулсан. Энэ хүснэгтийг хохирогчийн хүсэл зоригоос үл хамааран хэргийн оролцогчдод танилцуулах ёстой. Шүүгдэгч Б.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлд “Заналхийлэх” гэмт хэргийн шинжийг хангасан буюу бусдыг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг шаардсан үйлдэл хийсэн. Мөн Б.Б нь мөрийтэй тоглоом зохион байгуулдаг. Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Б.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Хохирогч, түүний өмгөөлөгч нарын гаргасан тайлбар нь бүгд худлаа юм. Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа. Мөрдөн шалгах ажиллагааны явцад бид маш олон удаа салж, нийлсэн. Надад Б.Н-г ямар нэгэн байдлаар дарамталж, хүчирхийлсэн зүйл огт байхгүй. Анхан шатны шүүх хуралдаан болсны дараа бид хамтдаа гэр лүүгээ харьсан. Бидний хооронд ямар нэгэн асуудал болоогүй. Б.Н нь “Хайр нь чамайг шоронд явуулахгүй” гэж өглөө, орой бүр сүү өргөдөг байсан. ... Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Н “Надад ямар нэгэн хохирол, гомдол, санал байхгүй” гэж хэлсэн. Надад түүнийг дарамталсан зүйл огт байхгүй. ... Б.Н нь намайг сэтгэл санаагаар маш их хүчирхийлсэн. Би эрэгтэй хүн учраас цагдаад гомдол гаргахаас ичиж, санаа зовж байсан. Намайг уурлаад гэрээс явлаа гэхэд ардаас дагаж гарч ирдэг байсан. Би 2024 оны 1 дүгээр сараас эхлэн цагдаагийн байгууллагаас салаагүй. Намайг маш олон удаа цагдаад өгч, би олон удаа эрүүлжүүлэхэд хоносон. Би энэ маргаанаас залхаж, маш олон удаа гэрээсээ явж, сүүлдээ хувцсаа шатаагаад явсан. ... Салаад явах бүрт намайг цагдаад өгч, худал дуудлага өгдөг. Би тухайн үед ирж байсан цагдаа нарт “би энэ хүнийг зодоогүй” гэж байнга хэлдэг байсан. Хууль, шүүхийн байгууллага түүний тоглоом мэт л байдаг. Б.Н-н сэтгэцэд ямар нэгэн гэмтэл, хор учрах ямар ч нөхцөл байхгүй. Би түүнд “Хоёулаа салъя” гэж 7.000.000 төгрөг хүртэл өгсөн. Гэтэл Б.Н “Одоо хоёулаа салахгүй, хамт гэр барьж амьдаръя” гэж хэлсэн. Эсрэгээрээ би их сэтгэл санааны хүнд байдалд орсон. Давж заалдах гомдлыг үндэслэлгүй гэж үзэж байна. ...” гэв.

Прокурор М.Сүхчулуун тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүх хуралдаанд хохирогчийн гаргасан хүсэлт, тайлбарын дагуу шүүгдэгч Б.Б-д ял оногдуулсан. Хохирогчийн зүгээс мөрдөн шалгах ажиллагааны явцад “яллагдагчид холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх, яллагдагчаас нэхэмжлэх зүйл байхгүй тул хөнгөн, хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү” гэж хүсэлтийг удаа дараа гаргаж байсан. Энэ байр сууриа хохирогч анхан шатны шүүх хуралдаанд хүртэл илэрхийлсэн. Хохирогч хэргийн талаар үнэн, зөвөөр мэдүүлэг өгөх үүрэгтэй. Хохирогч сэтгэл санааны болон бие махбодын орон зайн хувьд яллагдагч, шүүгдэгчид бүрэн хараат байдалтай байсан нөхцөл байдал тогтоогдоогүй. Анхан шатны шүүхээс яллагдагчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.5 дугаар зүйлд заасны дагуу хохирогчтой харилцаа холбоо тогтоох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр уулзахгүй байхыг хориглож, түүнд хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг авсан. Гэтэл энэ арга хэмжээ авагдсаны дараа яллагдагч, хохирогч нар дур мэдэн уулзсан байсан. Мөн хохирогч “Б.Б миний төрсөн хүүг дарамталж, хүчирхийлэл үйлддэг байсан” гэж тайлбарлаж байна. Гэтэл энэ хэрэгт хохирогчийн хүүхэдтэй холбоотой ямар ч баримт, мэдүүлэг байдаггүй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Н нь “Надад яллагдагчаас нэхэмжлэх зүйл байхгүй. Би гомдол, саналгүй” гэж мэдүүлсэн. Прокурорын хувьд хохирогч нь шүүгдэгч Б.Б-н дарамтад байсныг хүлээн зөвшөөрөхгүй байна. ... Хэдийгээр хохирогчийн зүгээс “Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэж хүсэлт гаргасан боловч уг хүсэлтийг прокурорын зүгээс хангаагүй. Хохирогчийн өмгөөлөгч “Сэтгэцэд учирсан гэм хорын нөхөн төлбөртэй холбоотой шинжээчийн дүгнэлт, мөрдөгчийн магадлагаа гараагүй” гэж байна. Энэ ажиллагааг заавал хийх шаардлагагүй. Энэ талаар шинжилгээ хийлгэх хүсэлтийг хохирогчийн зүгээс гаргаагүй. Хохирогчийн өмгөөлөгчийн шүүхэд шинээр гарган өгсөн 3 хуудас баримтаас үзэхэд шүүгдэгч Б.Б нь хохирогчийн бие махбодь, сэтгэл санаа, үзэл бодолд нь илт дарамт шахалтад оруулах зорилго бүхий зурвас бичсэн болох нь харагдаж байна. Прокурорын зүгээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч эсэргүүцэл бичээгүй. ...” гэв.

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Б.Б-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ хохирогч Б.Н-н гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Шүүхийн шийдвэр нь хууль ёсны ба үндэслэлтэй байх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн хуулийн шаардлагыг тус тус хангаагүй байна.

Анхан шатны шүүх хуралдааны явцад хохирогч нь шүүгдэгчийн дарамт шахалтын улмаас “... шүүгдэгчид гомдол, саналгүй” гэсэн агуулга бүхий тайлбар хэлсэн тухайгаа давж заалдах гомдолд дурджээ.

Шүүх хэргийг шийдвэрлэж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа шүүх хуралдаанд гаргасан улсын яллагчийн дүгнэлт, хэргийн оролцогчдын санал зэргийг үндэслэн, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн хэлбэр зэргийг харгалзан үзэж хэргийг эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй бөгөөд энэ талаар гаргасан хохирогчийн давж заалдах гомдлын үндэслэлийг хүлээн авах нь зүйтэй гэж үзэв.

Түүнчлэн, анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Улсын Дээд шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалыг батлах тухай” 25 дугаартай тогтоолын 3.2-т Сэтгэцийн эмгэгийн зэргийг Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т Хууль зүйн болоод Эрүүл мэндийн сайдын асуудал эрхэлсэн засгийн газрын гишүүний хамтран баталсан журмын дагуу Шинжилгээний байгууллага тогтооно” гэж заасныг баримтлан хохирогчийн сэтгэцэд учирсан хохирлыг арилгах, нөхөн төлүүлэх талаарх арга хэмжээг аваагүй нь буруу болжээ.

Иймд хохирогчийн давж заалдах гомдлын 1, 3 дахь хэсгийг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн тул шүүгдэгч Б.Б-д урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, хохирогчтой уулзахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ. 

Үүнээс гадна, хохирогч Б.Н нь шаардлагатай гэж үзвэл хохирогчийг хамгаалах асуудлаа прокурор хүсэлт гаргах замаар шийдвэрлүүлэх боломжтой болохыг тайлбарлаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 2024/ШЦТ/604 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

2. Шүүгдэгч Б.Б-д авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, хохирогчтой уулзахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

                        ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                             С.БОЛОРТУЯА

            ШҮҮГЧ                                                            Д.МӨНХӨӨ

                        ШҮҮГЧ                                                            М.АЛДАР