| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцоодолын Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 102/2021/03169/И |
| Дугаар | 210/МА2022/00010 |
| Огноо | 2021-12-24 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 12 сарын 24 өдөр
Дугаар 210/МА2022/00010
| 2021 оны 12 сарын 24 өдөр | Дугаар 210/МА2022/00010 |
Ц.Б-ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 102/ШШ2021/02747 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ц.Б-ын хариуцагч Ц.А-т холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 78,750,000 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэг илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.Б , хариуцагч Ц.А шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга: Нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 78,750,000 төгрөг нэхэмжилж байна. 2020 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр Ц.А-т 50,000,000 төгрөгийг 2.5 хувийн хүүтэй 7 сарын хугацаанд төлөхөөр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо Толгойтын гудамж 38 дугаар байр 12 тоот хаягт байрлах 64.3 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалан эргэн төлөх нөхцөлтэй харилцан тохиролцож зээл болон барьцааны гэрээг байгуулсан. Гэрээний хугацаанд зээлээ төлөөгүй тул 2021 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр гэрээг 3 сараар сунгаж 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хэтрүүлэхгүйгээр төлнө, хэрэв зээлийн төлбөр төлөх хугацаа хэтэрвэл үл маргах журмаар үл хөдлөх хөрөнгөө шилжүүлнэ гэж гарын үсэг зуран баталгаажуулсан. Дээрх гэрээний сунгалтын хугацаа дуусахад дахин анхааруулж Ц.А-ийн нөхөр Д.Я 2021 оны 8 дугаар сарын 15-ны өдөр зээлээ төлнө, хэлсэн хугацаанд зээлээ төлж барагдуулахгүй бол та бүхэн дараагийн арга хэмжээг авч болно гомдолгүй гэсэн хүсэлтийг гаргаж гарын үсгээр баталгаажуулж өгсөн. 2021 оны 02 дугаар сард Ц.А нь 1,500,000 төгрөг төлснөөс өөрөөр төлөлт хийгээгүй. Иймд хариуцагч Ц.А ээс үндсэн зээл 50,000,000 төгрөг, 10 сарын хүү 13,500,000 төгрөг, алданги 15,250,000 төгрөг, нийт 78,750,000 төгрөг гаргуулж, үүргийг гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн татгалзал, хариу тайлбарын агуулга: 2020 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр 3 өрөө орон сууцаа барьцаалж Ц.Б аас 50,000,000 төгрөгийг 2.5 хувийн хүүтэй, 7 сарын хугацаатай зээлдэж авсан. 2021 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр гэрээг 3 сараар сунгасан. Гэрээнд сар бүр хүүг төлнө гэсэн боловч төлөвлөсөн ажил тасалдаж, хөл хорионд орж орлогогүй болсон. Манайх барилгын материалын туслах материал хөнгөн блок үйлдвэрлэдэг. Надад хүнээс авах авлага байгаа. Миний төлөвлөсөн хугацаанаас тодорхой нэг байдлаар хойшлогдоод байгаа учир 11 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл хугацаа өгвөл энэ хооронд гэрээний 2,5 хувийн хүүгээ төлье. Түүнээс алданги төлөхгүй. Миний хүсэл байраа суллуулж авна. Зээлээс 2021 оны 02 дугаар сард 1,500,000 төгрөг төлсөн. Санхүүгийн хямралтай байгаа учир үндсэн зээл, хүүгийн хамт 65,000,000 төгрөг төлнө гэжээ.
Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч Ц.А ээс 76,250,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.Б т олгож, үлдэх 2,500,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд төлбөрийг барьцаа хөрөнгө болох Сонинохайрхан дүүргийн 20 дүгаар хороо Толгойт /18104/ толгойтын гудамж 38 дугаар байр 12 тоот хаягт байршилтай 64.3 м.кв талбайтай 3 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжпэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 629,400 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Ц.А ээс 609,400 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.Б т олгож шийдвэрлэжээ.
Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж зээлийн гэрээний алданги болох 15,250,000 төгрөгийг шүүхийн шийдвэрээс хасч тооцож өгнө үү.
Ц.А нь Ц.Б аас 2020 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр 50,000,000 төгрөгийг сарын 2,5 хувийн хүүтэй, 7 сарын хугацаатай төлөхөөр тохиролцож зээлийн барьцаанд Сонгинохайран дүүргийн 20 дугаар хороо, Толгойтын гудамж, 38 дугаар байрны 12 тоот хаягт байрлах 3 өрөө орон сууцыг тавьж барьцааны гэрээ байгуулсан. Миний хувьд тухайн зээлж авсан мөнгийн өөрийн эрхэлдэг бизнесийн эргэлтэнд оруулах зорилготой байсан боловч зээл аваад удаагүй ковидын улмаас улс даяраа хатуу хөл хорионд орсон учраас шүүхэд хандаж ззэлийн алдангиас чөлөөлж өгөх хүсэлтийг гаргасан. Гэтэл анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт зааснаар мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлзлийн шаардлагаас 76,250,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт миний өгч байсан хүүг тооцож хасаад гэрээнд зааснаар Иргэний хуулийн 232.6 дахь хэсэгт зааснаар алданги болох 15,250,000 төгрөгийг бүхэлд гаргуулахаар шийдвэрлэсэнд гомдолтой байна.
Гэрээнд зааснаар миний бие алдангийн заалтыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байх боловч шүүхээс тухайн зээлийн гэрээний хүү болон алдангийн хэмжээг улс оронд тохиолдсон халдварт өвчиний байдалтай холбогдуулан багасгах боломж байгаа гэж үзэж байна. Миний зээл авсан цаг хугацаа болон нэхэмжлэгч Ц.Б шүүхэд хандаж байгаа цаг хугацаа зэргийг харахад ковидын хатуу хөл хорионы нөхцөл байдал бүхэлдээ хамрагдаж байгаа. Засгийн газар болон Монгол банкнаас цар тахлын үед банк, банк бус байгууллагын зээлийн гэрээний эргэн төлөлтийн хугацааг 6 сараар хойшлуулах зэргээр ззэлдэгчийн эрх зүйн байдалд нааштайгаар хандсан байдаг. Гэтэл хувь хүн хоорондын зээлийн гэрээнд гэрээний хүү, алдангийг тооцох нь хувиараа бизнес эрхлэгч миний санхүүгийн байдалд маш хүндээр тусч байна. Энэ нөхцөл байдлыг шүүхээс зөвөөр харж өгөхийг хүсч байна. Тухайн цаг хугацааг хуульд зааснаар давагдашгүй нөхцөл байдал гэж үзэх бүрэн боломж бий.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх иргэний хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээ хянан үзсэн болно.
Анхан шатны шүүхийн шийдвэрт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг үндэслэн өөрчлөлт оруулав.
Нэхэмжлэгч Ц.Б нь хариуцагч Ц.А-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 78,750,000 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Талуудын хооронд 2020 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулагдсан бөгөөд уг гэрээгээр нэхэмжлэгч Ц.Б нь 50,000,000 төгрөгийг 7 сарын хугацаатай, сарын 2,5 хувийн хүүтэйгээр Ц.А-т зээлдүүлж, зээлийн барьцаанд Ц.А-ийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Толгойт /18104/ толгойтын гудамж, 38 дугаар байр, 12 тоот хаягт байршилтай 64.3 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг барьцаалсан болох нь хэргийн 4-6, 13 дахь талд авагдсан зээл болон барьцааны гэрээ, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ зэрэг бичгийн баримтаар тогтоогдсон, үүний дараа зохигчид харилцан тохиролцож 2021 оны 4 дүгээр сарын 07-ны өдрөөс 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүртэл зээлийн гэрээний хугацааг сунгасан үйл баримтын талаар талууд маргаагүй.
Хариуцагч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь биелүүлээгүйгээс талуудын хооронд маргаан үүсчээ.
Дээрх зээл болон барьцааны гэрээ нь талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болж хэн аль нь гарын үсэг зурсан тул Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 43 дугаар зүйлийн 43.2.1, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан хүчин төгөлдөр хэлцэл гэж үзнэ.
Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж зөв дүгнэсэн боловч зээлдэгч зээлийн гэрээний дагуу хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгэхгүй явдалд ковид-19 цар тахалын нөлөөгөөр түүний эрхэлдэг үйл ажиллагаа доголдсон нөхцөл байдлыг харгалзан үзээгүй байна.
Нэхэмжлэгч Ц.Б нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний дагуу зээлдэгчийн өмчлөлд шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг хэлэлцэн тохиролцсон хүүгийн хамтаар хариуцагч Ц.А ээс шаардах эрхтэй.
Нэхэмжлэгч нь зээл, зээлийн хүү, алдангид 78,750,000 төгрөгийг хариуцагчаас шаардсан боловч зээлийн мөнгөн хөрөнгийг хүүгийн хамтаар буцаан төлөх зээлдэгч Ц.А-ийн үүрэг үндсэн зээл 50,000,000 төгрөг, хүү 12,500,000 төгрөг, нийт 62,500,000 төгрөг бөгөөд үүнээс хариуцагчийн төлсөн 1,500,000 төгрөгийг хасч тооцон гүйцэтгээгүй үүрэг 61,000,000 төгрөг болж байна. Энэ талаар талууд маргаагүй.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно гэж заасан тул талуудын тохиролцсон алдангийг 0,2 хувиар тооцох боломжтой. Зээл олгосон хугацаанд Дэлхий даяар цар тахал дэгдсэнтэй холбоотой Монгол улсад хөл хорио тогтоосон нөхцөл байдлыг харгалзан үзэж алдангийг шүүх багасгаж шийдвэрлэх нь хуульд нийцнэ. Харин алдангийг бүхэлд нь хасуулах тухай хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.
Гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс алданги тооцох тухай талуудын тохиролцоо /Зээлийн гэрээний 3.7/ Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсгийн зохицуулалтад нийцэж байх тул хариуцагчийн гүйцэтгээгүй үүрэг 61,000,000 төгрөгөөс 0,2 хувиар алданги тооцоход нэг өдрийн алданги 122,000 төгрөг, нийт 7,442,000 /122,000х61 хоног=7,442,000/ төгрөгийн алданги төлөх үүрэгтэй байна. Энэ талаарх хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасан болно.
Иймд хариуцагч Ц.А ээс зээлийн гэрээний үүрэгт 61,000,000+7,442,000= 68,442,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Б т олгохоор анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
Хариуцагч Ц.А нь зээлийн төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцааны зүйл болох Улсын бүртгэлийн Ү-2201058636 дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Толгойт /18104/ толгойтын гудамж, 38 дугаар байр, 12 тоот хаягт байршилтай 64.3 м.кв талбайтай 3 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар анхан шатны шүүх шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.
Дээрхийг нэгтгэн дүгнээд анхан шатны шүүхийн шийдвэрт тооцооллын өөрчлөлтийг оруулж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 102/ШШ2021/02747 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын ...76.250.000... гэснийг ...68,442,000... гэж, ...2.500.000... гэснийг ...10,308,000... гэж, тогтоох хэсгийн 3 дахь заалтын ...609.400... гэснийг ...500,160... гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 234,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР
ШҮҮГЧИД Ц.ИЧИНХОРЛОО
Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ