Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 2024/ДШМ/766

 

2024            07            02                                          2024/ДШМ/766

 

А.А-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж, шүүгч Д.Мөнхөө, шүүгч М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор З.Наранчимэг,

шүүгдэгч А.А, түүний өмгөөлөгч Б.Батбаатар, Б.Баднайсүрэн, П.Ганбилэг,

нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 2024/ШЦТ/396 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч А.А-н өмгөөлөгч Б.Баднайсүрэнгийн гаргасан давж заалдах гомдлоор А.А-д холбогдох 2305 02383 0242 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.      

Ш овгийн А-н А, .... оны .. дүгээр сарын ..-ны өдөр ........ төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ...... ажилтай, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт ......... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ......../;  

Шүүгдэгч А.А нь 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр буюу “Л” нэртэй зочид буудлын .. тоотод хууль бусаар нэвтэрч, хохирогч М.М-н өмчлөлийн Айфоне-12 промакс маркийн гар утсыг нууцаар авсны улмаас бага хэмжээнээс дээш буюу 1.750.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: А.А-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч А.А-г “хулгайлах гэмт хэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч” үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч А.А-г 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээхийг, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол төлөгдсөн болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч А.А-н өмгөөлөгч Б.Баднайсүрэн давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шүүхийн шийтгэх тогтоолд дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Шүүгдэгч нь анхнаасаа болон шүүх хуралдааны явцад ч гэм буруугаа хүлээн зөвшөөрч “хулгайн” гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураараа шууд хүлээн зөвшөөрөн, хохирол төлбөрөө хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогчид бүрэн төлж барагдуулсан бөгөөд хохирогчоос аливаа нэгэн гомдол саналгүй болохоо илэрхийлсэн. Харин хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй хулгай хийсэн гэх прокурорын яллах дүгнэлт, шүүхийн шийдвэрийг шүүгдэгч нарын өмгөөлөгчид хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд шүүгдэгчийг ердийн бүрэлдэхүүнтэйгээр хулгай хэрэг үйлдсэн гэм буруутай хэмээн маргасан. Бусдын орон байранд нэвтрэлт үүссэн гэдэг дээр маргаагүй ч хамгийн гол нь энэхүү нэвтрэлт нь хулгайн гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүн болох “үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрсэн” гэдэг гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг бий болгож байна уу, эсхүл тусдаа зүйчлэл бүхий үйлдэлд /Эрүүгийн хуулийн 13.6/ хамаарагдах байна уу гэдэг дээр гол нь маргасан бөгөөд энэхүү үндэслэлээрээ давж заалдах журмаар гомдол гаргаж буй болно. Анхан шатны шүүхээс шүүгдэгчийн маргаж буй гол үндэслэлд шийтгэх тогтоолын үндэслэлээр дараах агуулгаар тайлбар өгч шүүхийн шийдвэрээ үндэслэсэн байна.

Үүнд /шийтгэх тогтоолын 5 дугаар нүүр 31-34, 6 дугаар нүүр 1-5 мөр/ шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдалд шүүх дүгнэлт хийхэд шүүгдэгч хохирогч нарын байрлаж байсан Баянгол дүүрэгт байрлах “Хан” дэн буудал нь үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр байх ба шүүгдэгч, хохирогч нар нь уг буудалд тус тусдаа өрөө түрээслэн орсон уг өрөөнүүд нь  шүүгдэгч, хохирогч нарын хувьд зөвхөн өөрсдөө л орохыг зөвшөөрсөн бусад этгээд орохыг хориглосон орон зай юм. Хэрэгт авагдсан баримтаас дүгнэхэд шүүгдэгчийн үйлдэл нь бусдын тусгаарлагдсан өрөөнд эд зүйлийг нь авахаар шууд санаатай, шунахайн сэдэлтэйгээр нэвтэрч орсон, хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх дүгнэлээ” гэж дүгнэсэн. Анхан шатны шүүх нь “нэвтрэлт” үүссэн гэх нөхцөл байдал бүрдсэн тул шууд хулгайн гэмт хэргийн хүндрүүлэх шинж бүрдсэн гэж дүгнэсэн бөгөөд шүүхийн энэхүү дүгнэж буй “нэвтрэлт” үүссэн гэх нөхцөл байдал дээр бидний зүгээс маргаагүй болно. Харин энэхүү нэвтрэлт нь цаг хугацааны хувьд хулгайн гэмт хэрэг үүсч эхлэх цаг хугацаанаас хамаарч хулгайн гэмт хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр үйлдэх “шууд санаатай субьектив талын санаа зорилго бий болсны дараа нэвтрэлт үүсгээд байна уу? эсхүл хулгайн гэмт хэргийн санаа зорилго үүсээгүй, гэмт хэрэг эхлээгүй байх үед нэвтрэлт эхлээд байна уу гэх бидний маргасан гэмт хэрэг эхэлсэн цаг хугацаа, нэвтрэлт үйлдэх үеийн шүүгдэгчийн субъектив санаа зорилго, гэмт хэргийн эхлэл болон төгсгөл хүртэлх тухайн цаг хугацаанд гэмт хэрэг үйлдэгдэх зэрэг үндэслэлүүдэд анхан шатны шүүхээс огт дүгнэлт өгөөгүй. Өөрөөр хэлбэл, “нэвтрэлт л үүссэн нь хулгайн гэмт хэргийн шууд хүндрүүлэх шинж бүрджээ” гэж ерөнхийгөөр, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын маргаад буй үндэслэлд няцаалт хийлгүйгээр хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр хулгай үйлдсэн гэм буруутайд тооцсон. Шүүгдэгчийн өмгөөлөгч бид нэвтрэлт үүссэн ч, шүүгдэгч нь бусдын орон зайд нэвтрэхдээ ямар субьектив санаа зорилготой байсан гэдгийг голчлон тайлбарласан ба хулгайн гэмт хэрэг үйлдэж эхлэх цаг хугацаа хэзээ эхэлсэн, хэзээ дууссан нь энэхүү хэргийг хянан шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой ба үүнээс урган гэмт хэргийн аливаа хүндрүүлэх бүрэлдэхүүн нь тухайн гэмт хэрэг эхэлснээс дуусах хооронд үйлдэгдэх, үйлдлийн онолыг үндэслэн гол байр сууриа илэрхийлсэн. Үүнийг дэлгэрүүлэн тайлбарлавал:

1. Шүүгдэгч нь бусдын орон зайд нэвтрэхдээ ямар субъектив санаа зорилготой байсан бэ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг /хх 68/, шүүх хуралдаан дээр гаргасан дэлгэрэнгүй шүүгдэгчийн мэдүүлэг зэргээс “уулздаг байсан найз охинтойгоо тухайн буудалд уулзахаар тохиролцсон ба хамт пиво уусан ба тасран унтсан байсан. Найз охин нь ирэхдээ өөр найз охинтойгоо ирсэн ба өөр өрөө захиалж хононо гэх яриаг нь сонсож байсан ба босож ирэхэд найз охин байгаагүй, өөр өрөөнд орсон байх гэж бодоод хайж эхэлсэн ба уулздаг байсан охиноо байгаа эсэх, байгаа эсэхийг асуухаар онгорхой байсан өрөө лүү орсон, буйдан дээр хэвтэж байсан хүнээс найз охиноо асуух гээд тухайн хүнийг сэрээх гэж угзарч татсан боловч сэрэхгүй байсан ба тухайн мөчид утас нь хажууд нь харагдахад утсыг авах сэдэл төрж, хулгай хийж авсан” гэх мэдүүлгээс ерөнхийлөн үзвэл нэвтрэлт хийх цаг хугацаанд шүүгдэгч А.А-д анхнаасаа “би хулгай хийх зорилгоор энэ байр луу нэвтэрч байна, энэ хаалганы цаана миний хулгайлах утас байгаа зэрэг” бодол санаа төрөөгүй байсан болохыг буюу хулгайн гэмт хэргийн субьектив санаа зорилго үүсээгүй байсан байна. Харин сэрэхгүй байсан хүний толгойны харалдаа утас нь харагдахад утсыг нь авчихъя гэсэн сэдэл үүсээд авсан гэх нөхцөл байдлаас нэвтрэлт үйлдэх үед дээрх санаа зорилго байхгүй байсныг харж болно.

2. Хулгайн гэмт хэрэг үйлдэж эхлэх цаг хугацаа хэзээ эхэлсэн, хэзээ дууссан. Утсыг харсан цаг мөчөөс энэхүү утсыг нь авъя гэж бодсон. Тэгээд аваад гарсан гэх мэдүүлгээс харвал утсыг унтаж буй хүний дэргэд харсан үеэс хулгайн сэдэл төрч эхэлсэн ба авч, зарснаар энэхүү гэмт хэрэг дууссан байна. Үүнээс харвал гэмт хэрэг эхлэх, дуусах хугацаанаас өмнө нэвтрэлт үйлдэгдсэн байна.

3. Аливаа хүндрүүлэх бүрэлдэхүүн нь тухайн гэмт хэрэг эхэлж эхэлснээс дуусах хооронд үйлдэгдэх. Анхан шатны шүүх нь шүүгдэгчийг нэвтрэлт хийснээр хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй хулгай хийсэн гэж дүгнэсэн үндэслэлийг шүүгдэгч нарын өмгөөлөгч нарын зүгээс ойлгохдоо хулгайн сэдэл төрөөгүй, хулгайн гэмт хэрэг үйлдэгдээгүй байх үед буюу гэмт хэрэг эхлээгүй байхад “аливаа гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнийг үйлдсэн байна” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй гэж гол няцаалтаар маргаж буй бөгөөд энэхүү нөхцөл байдлыг тусгайлан анхаарч, хянан шийдвэрлэж өгнө үү. Учир нь, аливаа гэмт хэрэг эхэлсэн цаг хугацаа, төгссөн цаг хугацаа гэмт хэрэгт чухал ач холболдолтой объектив талын шинж бөгөөд энэхүү эхлэл, төгсгөл хоёрын хооронд тухайн гэмт хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр үйлдэгдэх тухай асуудал, ойлголт яригдана гэж үзэж байна. Гэтэл гэмт санаа зорилго үүсээгүй үед, эхлээ ч үгүй гэмт хэргийн “хүндрүүлэх бүрэлдэхүүний үйлдлийг үйлдчихсэн, үйлдэнэ” гэх ойлголт байхгүй гэж үзэж байна. Харин нэвтрэлт хийсэн тухайн үйлдэл нь тусдаа зөрчлийн шинжтэй үйлдэл бөгөөд зүйлчлэлийг зөв тогтоож, үйлдэл бүрийн үр дагаврыг харгалзан хэргийн хүндрүүлсэн нөхцөл байдлыг зөвтгөн шийдвэрлэж өгнө үү.

Шүүгдэгчийн хувийн байдал нь: Шүүгдэгч А.А нь анхнаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчийг хохирол төлбөргүй болгосон ба энэхүү үйлдлийг хийсэндээ маш их гэмшиж буйгаа илэрхийлж, шүүх болон бусад этгээд гэр бүлээсээ болчимгүй үйлдэл хийсэндээ уучлал гуйдаг. А.А нь жудо бөхөөр залуучуудын улсын аваргад тогтмол бэлтгэл хийдэг ба ихээхэн амжилт үзүүлж, энэ чиглэлээр Япон улсад суралцдаг болохоо илэрхийлсэн. Түүнийг дасгалжуулдаг дэвжээнээс 2028 оны Дэлхийн олимпод жүдо бөхөөр бэлтгэгдэж буй тамирчин болохыг тодорхойлсон. Улсын болон олон улсын тэмцээн наадамд амжилт үзүүлж байсан ба залуучуудын улсын аваргын он, оны медальтай бөгөөд Булган аймгийн заан цол тэмдэгтэй болно. Иймд анх удаа тохиолдлын шинжтэй хулгайн гэмт хэрэг үйлдэж, хохирол төлбөрөө бүрэн төлж барагдуулан гэм буруугаа анхнаасаа хүлээн зөвшөөрч, үйлдсэн үйлдэлдээ маш их гэмшиж буй байдлыг харгалзан хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр хулгай хийсэн гэх шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, ердийн бүрэлдэхүүнтэйгээр хулгай хийсэн гэх давж заалдах гомдлыг хянан шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч А.А тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгч нарынхаа гаргасан гомдол, тайлбарыг дэмжин оролцож байна. Хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна. ...” гэв.

Шүүгдэгч А.А-н өмгөөлөгч Б.Батбаатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгч А.А нь хэрэг бүртгэлт, мөрдөн шалгах ажиллагааны шатнаас эхлэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн талаар тогтвортой мэдүүлэг өгдөг. Энэ гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан. Энэ талаар баримт хэрэгт авагдсан. Хавтаст хэргийн 105-111 дүгээр талд А.А-н өөрийнх нь хувийн авъяас, чадвартай холбоотой баримтууд авагдсан. Тэрээр жудо бөхөөр хичээллэдэг бөгөөд түүний эцэг, эх нь жудо бөхийн дасгалжуулагчид байдаг. А.А нь 2023 оны Монголын залуучуудын жудо бөхийн холбооны алтан медальт болон гуравдугаар зэргийн шагналтай. Япон улсад болсон жудо бөхийн тэмцээнээс алт, мөнгөн, хүрэл медальтай. ... Тэрээр дотны найзтайгаа Улаанбаатар хотод 1 өрөө байр түрээслэн амьдардаг билээ. А.А нь шүүхээс хорих ял авснаар түүний гаргасан амжилт, зорилго цааш үргэлжлэх боломжгүй болж байна. Мөн хэрэгт тухайн зочид буудлын өрөөнд А.А нь хулгайлах гэмт хэрэг үйлдэхээр орсон талаар нотлох баримт авагдаагүй. Тэрээр тухайн үед найз охиноо аль өрөөнд орсон эсэхийг л хайж явсан. Иймд давж заалдах гомдлыг хангаж, хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөрчилж өгнө үү. ...” гэв.

  Шүүгдэгч А.А-н өмгөөлөгч П.Ганбилэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийг зөрчиж, оролцогчдын эрхийг зөрчсөн. Мөн нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдоогүй. Хэрэгт авагдсан гэрч, хохирогч, сэжигтэн, яллагдагч нарын мэдүүлгээр гэмт хэргийн халдлагын зүйл тодорхойлогддоггүй. Анх хохирогчийн цагдаагийн байгууллагад өгсөн гомдол, дуудлагын мэдээлэлд “Зочид буудлын 204 тоот өрөөнд гар утас хулгайд алдсан” гэдэг. Гэтэл хэрэгт авагдсан прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол болон яллах дүгнэлтэд гэмт хэргийг тухайн зочид буудлын 202 тоот өрөөнд үйлдэгдсэн гэж зөрүүтэй дурдсан байдаг. А.А-г зөвхөн зочид буудлын камерын бичлэгт үндэслэж буруутгадаг. Мөн мөрдөгч хэргийн газарт үзлэг хийгээгүй, зочид буудлын камерын бичлэгийг хөндлөнгийн гэрч байлцуулахгүйгээр бэхжүүлсэн. Хэргийн газрын үзлэг хийгдээгүйн улмаас тухайн гэмт хэргийн халдлагын зүйл болох гар утас хаана, ямар байдалтай байсан, ямар эд зүйлийг хэрхэн, яаж хулгайлсан, хэдэн тоот өрөөнд гэмт хэрэг үйлдэгдсэн эсэхийг тодруулж чадаагүй. ... Мөрдөгч, прокуророос А.А-д хэргийн зүйлчлэл хүндрэх нөхцөл байдлыг тайлбарлахгүйн улмаас түүний гомдол, хүсэлт гаргах эрх зөрчиж, түүнийг яллагдагчаар татаж, мэдүүлэг авсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад тухайн хамт хоносон найзууд, найз охиноос нь гэрчийн мэдүүлэг аваагүй. Тухайн буудлын бичлэгийг зөвхөн мөрдөгчийн тэмдэглэлээр бэхжүүлсэн. А.А-н өрөөнд өөр хүмүүс хоносон, хэзээ, хаашаа гарч явсан эсэхийг тогтоож, нотлох баримтаар бэхжүүлээгүй. Прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдсэн атлаа тухайн хүндрүүлж байгаатай холбоотой нотлох ажиллагааг хийгээгүй. Өөрөөр хэлбэл, яллах болон цагаатгах талын нотлох баримтыг тэгш баримтлаагүй. Хавтаст хэргийн 17, 18 дугаар талд хохирогч М.М-г 2024 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр иргэний нэхэмжлэгчээр тогтоож, эрх үүрэг тайлбарласан атлаа түүнээс огт мэдүүлэг аваагүй. А.А-д хэргийн материал танилцуулсан баримтаас үзэхэд хэн, хэзээ, яаж, ямар журмаар танилцуулсан эсэх нь тодорхойгүй. Хэргийн материал танилцуулсан баримтад он, сар өдөр байдаггүй. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Миний үйлчлүүлэгч А.А нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо барагдуулж, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн бөгөөд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэгт холбогдсон. Иймд хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөрчилж, түүнд хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү. Мөн прокуророос А.А-н субьектив санаа зорилго буюу хулгай хийх зорилгоор тухайн өрөөнд орсон эсэхийг тодруулахаар нотлох ажиллагаа хийгээгүй. Иймд давж заалдах гомдлыг хангаж өгнө үү. ...” гэв.

Прокурор З.Наранчимэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Прокуророос А.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан. Тухайн үед шүүгдэгч А.А, хохирогч М.М нар нь зочид буудалд тус тусдаа өрөө захиалж байрлаж байсан бөгөөд уг өрөөнүүд нь шүүгдэгч, хохирогч нарын хувьд зөвхөн өөрсдөө л орохыг зөвшөөрсөн, бусад этгээд орохыг хориглосон орон зай юм. Хулгайлах гэмт хэргийг орон байр луу нэвтэрч үйлдэхээс өмнө тухайн орон байранд байгаа эд хөрөнгийг гэмт этгээд урьдчилан мэдсэн эсэхээс үл хамааран эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан. Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэм хэмжээ, түүний хувийн байдал зэргийг харгалзан анхан шатны шүүх тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн ялын төрлөөс ямар ял сонгож, ялын хэмжээг тогтоох нь шүүхийн эрх хэмжээний асуудал юм. Иймд түүнд анхан шатны шүүхээс оногдуулсан ял нь хуульд нийцсэн тул давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. Мөн шүүгдэгч А.А нь мөрдөн шалгах ажиллагааны явцад гэм буруугаа хүлээн зөвшөөрч байсан боловч хэргийн зүйлчлэл, үйл баримт дээр маргасан тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэсэн нь хуульд нийцээгүй гэж үзэж байна. ...” гэв.

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг шүүгдэгчин өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.

Прокуророос А.А-г 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр буюу “Л” нэртэй зочид буудлын .. тоотод хууль бусаар нэвтэрч, хохирогч М.М-н өмчлөлийн “Айфоне-12 промакс” загварын гар утсыг нууцаар авсны улмаас бага хэмжээнээс дээш буюу 1.750.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. 

Анхан шатны шүүх А.А-г үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэжээ.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, хор уршгийг арилгасан, эсхүл хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг байдлуудыг харгалзан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйлүүдэд зааснаар тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх эсхүл хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх эрх хэмжээг шүүхэд хуулиар олгогдсон.

Шүүгдэгч А.А нь анхан шатны шүүх хуралдааны явцад гар утас авсан үйлдлээ хүлээн зөвшөөрсөн хэдий ч орон байранд нэвтэрсэн үйлдлийг хүлээн зөвшөөрөөгүй болох нь шүүх хуралдааны тэмдэглэлд /хх 123-124/ тусгагдсан, мөн хэргийн зүйлчлэлийн талаар маргасан өмгөөлөгч нарынхаа байр суурийг дэмжин оролцсоныг гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж үзэх, өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан хуулийн шаардлага хангасан гэж үзэх боломжгүй байна.

Учир нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг хэрэглэж хуульд зааснаас доогуур ял шийтгэл оногдуулахад шүүгдэгч хэргийн үйл баримтын талаар төдийгүй зүйлчлэлийн хувьд хүлээн зөвшөөрч маргаагүй байх шаардлага тавигддаг бөгөөд шүүх уг шаардлагыг хангаагүй байхад хуульд зааснаас доогуур ял оногдуулах хуулийн зохицуулалтыг хэрэглэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт буюу “Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн” үндэслэлд хамаарч байна. 

Түүнчлэн, давж заалдах шатны шүүх хуралдааны явцад ч шүүгдэгч А.А нь гэм буруугийн талаар маргаж байгаагаа илэрхийлсэн бөгөөд энэ байдлаас үзэхэд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл шаардлага хангагдаагүй гэж үзнэ.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Дээрх үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон тул шүүгдэгч А.А-н өмгөөлөгч Б.Баднайсүрэнгийн гаргасан давж заалдах гомдолд хууль зүйн дүгнэлт хийгээгүй болохыг дурдаж, шүүгдэгч А.А-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 2024/ШЦТ/396 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

2. Шүүгдэгч А.А-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

            ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                             С.БОЛОРТУЯА

            ШҮҮГЧ                                                            Д.МӨНХӨӨ

                        ШҮҮГЧ                                                            М.АЛДАР