| Шүүх | Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэдэвийн Сувдмаа |
| Хэргийн индекс | 111/2022/0024/З |
| Дугаар | 111/ШШ2026/0049 |
| Огноо | 2026-02-02 |
| Маргааны төрөл | Бусад, |
Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2026 оны 02 сарын 02 өдөр
Дугаар 111/ШШ2026/0049
Нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрлийг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Сувдмаа би, “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Баянхонгор аймгийн ******* сумын 2 дугаар багийн Иргэдийн Нийтийн Хуралд холбогдох “******* сумын 2 дугаар багийн Иргэдийн Нийтийн Хурлын 2022 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн “Тогтоол хүчингүй болгуулах тухай” 02 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах, мөн хурлын 2025 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн “Тогтоолыг тогтоолоор батлах тухай” 05 дугаар тогтоолыг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох” шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Баянхонгор аймгийн ******* сумын Уртын гол багийн Иргэдийн Нийтийн Хуралд холбогдох захиргааны хэргийн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс тус шүүхэд дараах хүсэлтийг гаргаж байна.
Нэхэмжлэгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д заасан эрхээ, харин хариуцагч нар нь мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1-д заасан эрхээ тус тус хэрэгжүүлж, мөн хуулийн 68 дугаар зүйлийн 68.1, 68.2-д заасныг баримтлан эвлэрэн хэлэлцэж, "Эвлэрлийн гэрээ"-г бичгээр байгуулсан болно.
Хариуцагч нар нь нэхэмжлэгчийн үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, харин нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагаас татгалзах нөхцөлөөр эвлэрсэн ба ийнхүү эвлэрэн хэлэлцсэн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.4-д зааснаар эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” Гэжээ.
Нэхэмжлэгч, хариуцагч нараас шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээнд:
“Нэг талаас: “*******” ХХК-ийг төлөөлж, итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,
Нөгөө талаас: Баянхонгор аймгийн ******* сумын Уртын гол 2 дугаар багийн 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн иргэдийн нийтийн хуралдаан даргалагч *******,
Баянхонгор аймгийн ******* сумын Уртын гол 2 дугаар багийн 2025 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн Иргэдийн Нийтийн Хурлын хуралдаан даргалагч ******* нар нь “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хүрээнд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1, 68.2 дахь заалтыг тус тус баримтлан, харилцан буулт хийсний үндсэн дээр дор дурдсан нөхцөлөөр эвлэрэн хэлэлцэж, энэхүү “Эвлэрлийн гэрээ”-г байгуулсан болно.
Нэг. Талуудын эвлэрсэн нөхцөл
1.1. Нэхэмжлэгч нь Баянхонгор аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр "Баянхонгор аймгийн ******* сумын Уртын гол 2 дугаар багийн 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 02 дугаар "Тогтоол хүчингүй болгох тухай" тогтоолыг хүчингүй болгуулах тухай" шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан ба 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр уг нэхэмжлэлийн шаардлагыг “Баянхонгор аймгийн ******* сумын Уртын гол 2 дугаар багийн 2025 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн Иргэдийн Нийтийн Хурлын 05 дугаар "Тогтоолыг тогтоолоор батлах тухай" тогтоолыг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох тухай" шаардлагаар ихэсгэсэн болно.
1.2. Хариуцагч нь гэрээний 1.1-д заасан үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагаас татгалзах нөхцөлөөр талууд эвлэрэн хэлэлцэж байна.
1.3. Зохигчид энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд зохигчдын эвлэрлийг баталсан шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгүүлнэ.
1.4. Нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу шийдвэрлэснийг нэхэмжлэгч, хариуцагч хүлээн зөвшөөрч байна.
1.5. Талууд эвлэрэн хэлэлцсэн нь бусад гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй болно.
Хоёр. Талуудын эрх, үүрэг, хариуцлага
2.1. Нэхэмжлэгч, хариуцагч нь энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд энэхүү "Эвлэрлийн гэрээ"-г баталсан шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар албадан гүйцэтгүүлнэ.
2.2. Энэхүү гэрээнд талууд гарын үсэг зурж, шүүхэд хүлээлгэн өгсний дараа гэрээнээс татгалзах, гэрээний нөхцөлийг өөрчлөх эрхийг эдлэхгүй байхаар харилцан тохиролцож, хүлээн зөвшөөрсөн болно.
2.3. Зохигчид эвлэрэн хэлэлцсэн нь харилцан буулт хийсний үндсэн дээр гаргасан шийдвэр бөгөөд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэнтэй холбоотойгоор орон нутгийн иргэдэд бодит бус мэдээлэл өгөх, нөгөө талынхаа ажил хэргийн нэр хүнд, бизнесийн үйл ажиллагаанд халдсан, сөргөөр нөлөөлөхүйц мэдээ мэдээлэл тараахыг хориглоно.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “*******” ХХК нь тус шүүхэд хандан Баянхонгор аймгийн ******* сумын 2 дугаар багийн Иргэдийн Нийтийн Хурлын даргад холбогдуулан “******* сумын 2 дугаар багийн Иргэдийн Нийтийн Хурлын 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн “Тогтоол хүчингүй болгуулах тухай” 02 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн “Нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэх тухай” 537/25 дугаар албан бичгээр тус багийн Иргэдийн Нийтийн Хурлын “2025 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн “Тогтоолыг тогтоолоор батлах тухай” 05 дугаар тогтоолыг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох”-оор нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн.
Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн гаргасан “Баянхонгор аймгийн ******* сумын 2 дугаар багийн Иргэдийн Нийтийн Хурлын 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн "Тогтоол хүчингүй болгох тухай" 02 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах тухай" шаардлагыг хариуцагч тал хүлээн зөвшөөрч, харин “******* сумын 2 дугаар багийн Иргэдийн Нийтийн Хурлын 2025 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн "Тогтоолыг тогтоолоор батлах тухай" 05 дугаар тогтоолыг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох тухай" ихэсгэсэн шаардлагаасаа нэхэмжлэгч тал татгалзаж, “Эвлэрлийн гэрээ”-г байгуулж, түүнийгээ бичгээр илэрхийлсэн байна. /3-р хх33-43/
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1-д “нэхэмжлэгч, хариуцагч харилцан буулт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, шаардлагыг биелүүлэх арга замаа тодорхойлох зэргээр хоорондоо тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгож болно.”, 68.4-т нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрсэн нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй нь тогтоогдвол шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно.” гэж тус тус заасан.
Нэхэмжлэгч “*******” ХХК-аас *******д Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д заасан нэхэмжлэгчийн эрх, 20.2-т заасан нэхэмжлэгчийн үүрэг, 28 дугаар зүйлийн 28.2-т заасан төлөөлөгчийн эрх, үүргийг олгож, итгэмжлэлийг 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдрөөс хойш гурван жилийн хугацаанд олгожээ./1-р хх-27/
Хариуцагч ******* сумын 2 дугаар багийн Иргэдийн Нийтийн Хурлаас тус хурлын 2025 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн хуралдааны “Итгэмжлэгдсэн төлөөлөгч сонгох тухай” 04 дүгээр тогтоолоор *******, ******* нарыг томилж /хх-127/, мөн өдрийн “Итгэмжлэл сунгах тухай” 04 дүгээр тогтоолоор итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 2 дугаар зүйлийн 21.1-д заасан хариуцагчийн эрх, 21.2-т заасан хариуцагчийн үүрэг, 28 дугаар зүйлийн 28.2-т заасан төлөөлөгчийн эрхийг олгож, итгэмжлэл олгосон өдрөөс эхлэн нэг жилийн хугацаагаар сунгасан байна. /2-р хх-135/
Эвлэрлийн гэрээнд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нар гарын үсэг зурсан /3-р хх33-43/
******* сумын 2 дугаар багийн Иргэдийн Нийтийн Хурлын 2025 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 02 дугаар тогтоолоор тус багийн Иргэдийн Нийтийн Хурлын даргаар *******г сонгосон бөгөөд тэрээр тус Эвлэрлийн гэрээг зөвшөөрч байгаагаа 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 04 дүгээр албан бичгээр илэрхийлжээ. /3-р хх-40/
Иймд нэхэмжлэгч, хариуцагч талын эвлэрсэн нь хуульд харшлаагүй, бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Баянхонгор аймгийн ******* сумын 2 дугаар багийн Иргэдийн Нийтийн Хуралд холбогдох захиргааны хэргийн нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1, 68.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “*******” ХХК-ийн гаргасан "Баянхонгор аймгийн ******* сумын 2 дугаар багийн Иргэдийн Нийтийн Хурлын 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн "Тогтоол хүчингүй болгох тухай" 02 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах тухай" шаардлагыг хариуцагч тал хүлээн зөвшөөрч, харин нэхэмжлэгч тал "******* сумын 2 дугаар багийн Иргэдийн Нийтийн Хурлын 2025 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн "Тогтоолыг тогтоолоор батлах тухай" 05 дугаар тогтоолыг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох тухай" ихэсгэсэн шаардлагаасаа татгалзсан эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ Ц.СУВДМАА