Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 94

 

 

          Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Алтан даргалан,

           Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Х.Сувд-Эрдэнэ,

     Увс аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор:  Х.Энхтуул,   

            Шүүгдэгч Ц.О-ийн өмгөөлөгч: М.Мөнхөө,                           

          Шүүгдэгч: Ц.О нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж, Увс аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Х.Энхтуул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, Т ургийн овогтой Ц-ын О-д холбогдох эрүүгийн 1835001510100 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

        Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2000 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 18 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, барилгын засалчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-7, аав, ээж, ах, эгч нарын хамт Увс аймгийн Улаангом сумын 1-р баг 08-37 тоотод оршин суух, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй,  РД:ОЮ00242503, Т ургийн овогтой Ц-ын О.

           Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Ц.О нь насанд хүрээгүй байхдаа 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Увс аймгийн Улаангом сумын 7-р багийн нутагт насанд хүрээгүй хохирогч О.Б-ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

                  1. Шүүгдэгч Ц.О-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

                  Шүүгдэгч Ц.О 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Увс аймгийн Улаангом сумын 7-р багийн нутагт насанд хүрээгүй хохирогч О.Б-ийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь насанд хүрээгүй хохирогч О.Б-ийн: “Би Улаангом коллежид 2016 онд элсэн орcон бөгөөд одоо барилгын засал чимэглэлийн 2-р курсэд сурдаг юм. 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр 15 цагийн орчим би ангийнхаа охин А-ын гар утсаар Фэйсбүүк хаяг руугаа орчихсон байтал миний фэйсбүүк-д тавьсан байсан зурган дээр англиар О гэсэн нэртэй хүн “ха, ха” гэсэн тэмдэг / дүрс /дарсан байсан. Тэгэхээр нь би О гэх хүн рүү чи “ ха, ха” гэсэн дүрсээ буцаачих” гэхэд О-ээс “чадахгүй гэсэн хүнийг чи яах юм” гэсэн захиа ирэхээр нь миний утсыг манай найз М аваад О-ийн хаяг руу ороод хаяган дээр нь байсан 5 зураг дээр нь “ха, ха” гэсэн дүрс тэмдэг тавьчихсан юм. Тэгтэл О-ээс “чи Б мөн үү” гэсэн захиа ирэхээр нь би хариу бичээгүй байтал дахин О-ээс “Б чи хаана байна. Би чамайг байгаа газар чинь очиж ална, муу янхан, гичий минь” гэх захиа ирсэн. Тэгээд маргааш нь хичээл тараад ангидаа жижүүр хийж дуусаад шатаар бууж байтал сургуулийн шатан дээр О хажуудаа 2 охинтой таараад надад хандаж “сайн хүн санаагаараа гэж, намайг дагаад яв” гэхээр нь би “дагаж явахгүй” гэхэд надтай хамт явсан манай гурван найз болох  А, М, А гурав надад “зүгээрээ дагаад явъя. Хэл амаараа учраа олчих байх” гэхээр нь би дагаад явсан юм. О намайг сургуулийн урд талын нарийн гудамжны дунд байх гражны хажууд дагуулж очоод миний гэдэс рүү 3 удаа хөлөөрөө өшиглөхөд нь би газар унасан. Тэр үед О хажуудаа Н, С гээд 2 найз охинтойгоо, харин би А, М, А гээд 3 найз охинтойгоо хамт явсан. Тэгээд Улаангом сумын 7-р багт байх “Хаш” дэлгүүрийн хажуугийн цагаан худгийн ард талд очоод О “энд учраа олчихъё” гэхээр нь би “одоо яах юм бэ миний бие муу байна. Хэл амаараа учраа олъё” гэхэд О “би чамайг зодож гарынхаа чилээ гаргамаар байна. “Ха, ха” гэсэн зураг дарсан тоогоороо нэг нэгнээ зодъё” гэж хэлсэн. Тэгтэл манай найз М О-д хандаж “би чиний 5 зураг дээр ха, ха гэсэн зураг дарсан. Б-т хамаагүй зодвол чи намайг зод” гэхэд О “би Б-тэй л учраа олмоор байна” гээд надад хандаж “чи намайг 2 удаа цохь” гэж дарамталсан тул би О-ээс айгаад О-ийн гэдэс рүү нь 2 удаа хөлөөрөө өшиглөсөн юм. Тэр үед О буцаагаад намайг гараараа үснээс барьж аваад миний толгой руу гараараа 2-3 удаа хүчтэй цохиж, мөн намайг тонгойх үед миний гэдэс рүү өвдгөөрөө 2 удаа өвдөглөж зодоход М бид хоёрыг салгасан. Тэгээд бид нар салаад явцгаасан бөгөөд би тэндээсээ гэрлүүгээ хариад толинд хартал миний хүзүү, уруул маажигдаж цус гарсан байсан тул манай аав надаас юу болсныг асуухад нь би аавдаа “анги цэвэрлэж байгаад унаад гэмтсэн” гэж худлаа хэлсэн. Тэгээд маргааш нь анги дээр очоод байж байтал миний гэдэс өвдөөд байхаар нь сургуулийн эмчид үзүүлээд эмчид үнэнээ хэлэхэд эмч манай аав руу мэдэгдсэн. Удалгүй аав ирээд цагдаад өргөдөл өгсөн юм. Намайг О зодож байхад бид хоёрын хажууд Н, С, М, А, А нар байсан. О тухайн үед надаас өөр хүн зодоогүй. О намайг өмнө нь 2-3 удаа мөнгө нэхэж болон дээрэлхээд зоддог байсан бөгөөд О нь манай сургуулийн охидын “Атаман” гэж хэлэгддэг охин юм. О миний хохирол гомдлыг барагдуулж өгөөгүй, би гомдолтой байна ” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20/,                            

                  гэрч Ч.С-ийн: “ 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 12 цагийн орчим хичээл тарчихаад харих замдаа материал олшруулах гээд Улаангом коллеж ороод 2 давхарт нь материалаа олшруулчихаад гарч яваад О гээд таньдаг найзтайгаа таарсан. Тэгээд О-тэй хамт байж байтал О “ Б, А, М, А гээд 4 охиныг дагуулаад гараад ир” гэж надад хэлэхээр нь би тэд нарыг дагуулаад гартал О бид нарыг коллежийн урд талын нарийн гудамж руу дагуулж ороод Б гэдэг охины гэдэс рүү нь 2 удаа өшиглөөд авсан. Тэгэхээр нь би юу болсныг О-ээс асуухад “Б миний фейс хаяг дээр байсан зурган дээр ха, ха гэж зураг дараад намайг доромжилсон” гэж хэлсэн юм. Тэгээд тэндээсээ О бид хоёр тэд нарыг дагуулаад Н-ын худган дээр очоод чатаар юу бичсэнийг нь уншсан. Тэр чатнаас үзэхэд О-ийн буруу байсан. Тэгээд О Б-ийг “хоёулаа нэг нэгнээ ха, ха дарсан тоогоороо зодъё” гээд Б-ийг хүчээр өөрийнхөө гэдэс рүү 2 удаа өшиглүүлсэн. Тэгэнгүүтээ тэр хоёр нэг нэгнээ үсдээд зодолдоод эхэлсэн юм. Тухайн үед Б-ийг О үснээс нь зулгааж толгой руу нь гараараа зодсон юм. Тэгж байтал М тэр хоёрыг салгаад би худган дээрээ үлдээд Б-ийг найзууд нь аваад явчихсан юм. Тухайн үед О эрүүл байсан. О нь Б-ийг өөрийнх нь фейсбүүкний зурган дээр “ха, ха” гэсэн зураг тавилаа гэж маргалдаж, түүнээс болж зодсон. О Б-ийг зодож байхад хажууд нь М, А, А, Н бид нар хамт байсан. О нь Б-ээс өөр хүн зодоогүй” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23/,

                  гэрч З.Н-ын: “ Манай ээж Улаангом сумын 7-р багийн эхэнд байх цагаан худган дээр ажиллаж байгаад бие нь өвдөөд түр би ажиллаж байсан юм. 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр манай найз О миний ажиллаж байсан худган дээр ирээд миний утсаар өөрийн фейсбүүк хаяг руу ороод байж байгаад “ Б гэдэг хүүхдийн фейсбүүк хаяган дээр байсан зурган дээр 2 удаа “ха, ха” гэсэн зураг дарчихлаа. Тэгтэл Б буцаачих гээд байна” гэж хэлж байсан.  Тэгээд буцаалгүй Б-тэй фейбүүкийн захиагаар хэрэлдэж маргалдаад нэг нэгнээ “янхан, банзал, гичий, ац” гэх зэргээр доромжлоод байсан. Тэгж байгаад “Таван-Од”-ын тэнд уулзахаар боллоо” гээд О ганцаараа манай худагнаас гараад явчихсан. Маргааш нь буюу 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 13 цагийн орчим намайг худган дээрээ байтал О над уруу утсаар яриад “нөгөө Б болон тэрний найз нартай уулзаад байж байна. Чи хаана байна” гэж надаас асуухаар нь би “худган дээр байна” гэхэд О нь С, Б, М, А, А нарыг дагуулаад манай худган дээр ирээд Б-тэй бичсэн фейсбүүкийн захиагаа харцгаасан. Тэр фейсбүүкийн захиан дээр эхлээд Б-ийн зурган дээр О 2 удаа “ха ха” гэсэн зураг дарсан байсан ба Б “зургаа буцаачих” гэхэд О “чи намайг “ха ха”-гаа буцаа гэдэг хэн бэ, ац, янхан” гэх мэтээр бичсэн байсан ба түүнээс болж хэрүүл маргаан үүссэн байсан. Тэгээд О Б-ийг манай худагны доод талд авч гарахад нь би хамт гарсан. Миний харснаар Б-ийн өмсөж явсан цэнхэр өнгийн цамцных нь гэдэс, хэвлий хэсэгт нь гутлын ором ороод шороо болчихсон байсан. Тэгээд О Б-т “хоёулаа нэг нэгнээ ха, ха дарсан тоогоороо зодъё” гээд Б-ийг хүчээр өөрийнхөө гэдэс рүү 2 удаа өшиглүүлсэн. Тэгээд тэр хоёр нэг нэгнээ үсдээд зодолдоод эхэлсэн юм. Тухайн үед Б-ийг О үснээс нь зулгааж, толгой руу нь гараараа зодсон. Тэгж байтал М тэр хоёрыг салгаад би худган дээрээ үлдээд О, С нар хамт яваад харин Б-ийн найзууд нь аваад явчихсан юм. Тухайн үед О эрүүл байсан юм. О Б-ийг өөрийнх нь фейсбүүкийн зурган дээр “ха, ха” гэсэн зураг тавилаа гэж маргалдаж түүнээс болж зодсон байх. О Б-ийг зодож байхад хажууд нь М, А, А, С бид нар хамт байсан. О нь Б-ээс өөр хүүхэд зодоогүй. Би 2015 онд Улаангом коллежийн барилгын засал чимэглэлийн ангид элсэн орсон. Тухайн үед надтай хамт О нэг ангид орсон юм бөгөөд бид нар 2017 оны өвөл хамт төгссөн юм. О нь анги хамт олны дунд нэр хүнд муутай, эршүүд талдаа, хэрүүлч, сурч байхдаа нэг бус удаа хүүхэд зодсон хэргээр нийгмийн ажилтан дээр орж байсан. О-ийн ар гэрийн амьдралыг би мэдэхгүй. О-ийн сайн зан чанар гэвэл хүн чанартай, найз нөхдөө өмгөөлдөг, тусч хүн юм” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24/,  

                  насанд хүрээгүй гэрч Б.А-ын : “Манай гэр Түргэн сумын 2-р багт хөдөө байдаг юм. Би 2016 оны 09 дүгээр 01-нд Улаангом коллежийн Барилгын засал чимэглэлийн ангид орсон. Тэрнээс хойш Б, М, А нартай найзалж эхэлсэн юм. 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хичээл ороогүй тул манай гэрт Б, М нар ирээд Б утсаараа фейсбүүк хаяг руугаа ортол Б-ийн зурган дээр О “ха, ха” гэсэн 2 зураг дарчихсан байсан юм. Түүнээс болоод О-тэй Б утасны захиагаар хэрэлдээд нэг нэгнээ муухай үг хэллэгээр /гичий, ац, авгай гэх мэт/ доромжлоод байсан. Тэгж байтал М Б-ийн утсыг аваад О-ийн зурган дээр таван удаа “ха, ха” дарснаас болоод О уурлаад Б-ийг занаад байсан юм. 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Б, М, А бид дөрөв анги цэвэрлэчихээд гараад шатаар бууж байтал шатан дээр О таараад О Б-т “сайн хүн санаагаараа гэгчээр таарлаа, гараад уулзъя” гэхэд Б “яах гэж байгаа юм” гэхэд “дуугүй дагаад яв” гээд дарамтлаад дагуулаад гарч байтал С гэдэг охин таараад Б, М, А, О, С бид нар сургуулиас гараад сургуулийн урд талын нарийн гудамжаар яваад дунд хэсэгт нь очиж байтал О гэнэт Б-ийн урд явж байгаад эргээд баруун хөлөөрөө Б-ийн хэвлий орчим 2 удаа өшиглөсөн юм. Тэр үед М нь Б, О хоёрыг салгахад Б гэдсээ гараараа дараад байсан. Тэгтэл О Б-ийг “гэдсээ битгий дараад бай” гэхэд М “энэ хүүхдийн гэдэс нь өвдөөд дарж байгаа юм биш үү” гээд маргалдсан. Тэгээд О “дагаад яв” гээд бид нарыг үгээр дарамталсаар байгаад Улаангом сумын 7-р баг Ажилчны хорооны эхэнд байх найз Н-ынхаа худган дээр бид нарыг авч ирсэн юм. Худган дээр Н байсан бөгөөд Н-ын утаснаас фейсбүүк рүү ороод Б, О хоёрын хэрэлдсэн захиаг үзээд тэндээсээ худагны ард талд буюу ертөнцийн зүгээр зүүн талд нь гарч байгаад О  Б-т хандаж “өөрсдийнхөө зурган хэдэн удаа “ха, ха” даруулснаараа нэг нэгнээ цохино” гээд Б-ийг дарамтлсаар байж О гэдэс рүүгээ 2 удаа өшиглүүлсэн. Тэгээд О Б-ийг зодохоор болоод үснээс нь 2 гараараа үсдэж аваад толгойруу нь гараараа 2-3 удаа цохисон. Мөн хөлөөрөө хэвлий рүү нь зодоод хумсаараа хүзүү нүүрийг нь маажсан. Тэгтэл М нь Б-ийг О-ээс салгаж аваад М бид хоёр Б-ийг гэрт нь хүргэж өгөхөөр явсан юм. Тухайн үед О Б-ийг л зодсон бөгөөд өөр хүүхэд зодоогүй. Харин бид нарыг “цагдаа болон багшдаа хэлэх юм бол ална” гэж заналхийлсэн учир бид нар айгаад зодооны талаар хэнд ч хэлээгүй юм. О Б-ийг зодож байхад хажууд нь Н, С, А, М бид нар байсан бөгөөд О тухайн үед эрүүл байсан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 25/,                

                  гэрч Н.М-ийн : “ Манай гэр Улаангом сумын 8-р багт байдаг бөгөөд миний аав, ээж хөдөө мал малладаг юм. Би 2016 онд Улаангом коллежийн Барилгын засал чимэглэлийн ангид элсэн орсон. Тэрнээс хойш Б, А, А бид нар найзалсан юм. 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр бид нар А-ын гэрт байж байтал Б өөрийнхөө утсаар фейсбүүк хаяг руугаа ортол Б-ийн зурган дээр О гэх хүүхэд “ха, ха” гэсэн зураг дарчихсан байсан. Түүнээс болж Б О-тэй захиагаар хэрэлдсэн. Тэгэхээр нь би О-ийн фейс хаяг дээр байсан зурган дээр нь Б-ийн утаснаас “ха, ха” гэсэн 5 зураг илгээсэн. Тэгтэл О захиагаар “Таван одын тэнд хүрээд ир уулзъя” гэхээр нь бид нар очоогүй юм. Тэгээд 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр бид дөрөв анги цэврлэчихээд гараад шатаар бууж байтал шатан дээр О ганцаараа таараад Б-ийг “сайн хүн санаагаараа гэгчээр азтай таарлаа гараад уулзъя” гэхэд Б “яах гэж байгаа юм” гэхэд “дуугүй дагаад яв” гээд дарамтлаад сургуулиас дагуулаад гарч байтал С гэдэг охин таараад бид 6 сургуулиас гараад сургуулийн урд талын нарийн гудамжаар явж байгаад дунд хэсэгт нь очиж байтал О гэнэт Б-ийн урд явж байгаад эргээд баруун хөлөөрөө Б-ийн хэвлий орчим газарт 2 удаа өшиглөсөн юм. Тэгэхээр нь би Б, О хоёрыг салгахад О “дагаад яв” гээд бид нарыг дарамталсаар байж Улаангом сумын 7-р баг Ажилчны хорооны эхэнд байх Н-ын худган дээр бид нарыг дагуулж очсон юм. Худган дээр Н байсан бөгөөд худганы ард талд буюу ертөнцийн зүгээр зүүн талд нь гарч байгаад О Б-т “өөрсдийнхөө зурган дээр хэдэн удаа ха, ха дарснаараа нэг нэгээ зодъё” гэж хэлээд Б-ийг дарамталсаар байгаад гэдэсрүүгээ 2 удаа өшиглүүлсэн. Б О-ийн гэдэсрүү 2 удаа зөөлөн өшиглөсөн юм. Тэгтэл О Б-ийн үснээс 2 гараараа үсдэж аваад толгойруу нь гараараа зодсон. Мөн хөлөөрөө хэвлий рүү нь цохиод, хумсаараа хүзүү нүүрийг нь маажсан. Тэгэхээр нь би Б-ийг О-ээс салгаад Б-ийг гэрт нь хүргэж өгөхөөр явсан юм. О зөвхөн Б-ийг л зодсон бөгөөд өөр хүүхэд зодоогүй. Харин О бид нарыг “цагдаа, сургуулийн нийгмийн ажилтан, багшдаа хэлэх юм бол ална” гэж заналхийлсэн учир бид нар айгаад зодооны талаар хэнд ч хэлээгүй юм. Тэр өдрөөс хойш 2 хоногийн дараа анги дээр Б-ийн бие өвдөөд сургуулийн эмчид үзүүлээд түүнээс болж сургуулийн эмч Б-ийн аавд нь мэдэгдсэн байсан.  О Б-ийг зодож байхад хажууд нь Н, С, А, А нар байсан. О тухайн үед эрүүл байсан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 26/,

                   насанд хүрээгүй гэрч О.А-ийн : “Би 2016 оны 09 дүгээр 01 -нд Улаангом коллежийн Барилгын засал чимэглэлийн ангид орсон. Түүнээс хойш би Б, М, А бид нартай найзалж эхэлсэн юм. 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хичээл ороогүй тул би гэртээ харьчихсан юм. Сүүлд Б, О хоёрыг фейсбүүкээр хэрэлдсэн асуудлыг мэдсэн. 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Б, М, А бид дөрөв анги цэврлэчихээд гараад шатаар бууж байтал шатан дээр О таараад Б-ийг “сайн хүн санаагаараа гэгчээр таарлаа” гэж хэлээд Б-ийг “гараад уулзъя” гэхэд Б “яах гэж байгаа юм” гэхэд “дуугүй дагаад яв, ямар том том дуугардаг болчихсон юм” гээд дарамтлаад дагуулаад гарч байтал С гэдэг охин таараад бид 6 сургуулиас гараад сургуулийн урд талын нарийн гудамжаар явж байгаад дунд хэсэгт нь очиж байтал О гэнэт Б-ийн урд явж байгаад эргээд баруун хөлөөрөө Б-ийн хэвлий орчим 2 удаа өшиглөсөн юм. Тэгэхээр нь М нь Б, О хоёрыг салгахад Б гэдсээ гараараа дараад байхаар нь О Б-ийг “гэдсээ битгий дараад бай” гэхэд М “энэ хүүхдийн гэдэс нь өвдөөд дараад байгаа юм биш үү” гээд маргалдсан. Тэгж байтал О “дагаад яв” гээд бид нарыг үгээр дарамталсаар байж Улаангом сумын 7-р баг Ажилчны хорооны эхэнд байх найз Н-ынхаа худган дээр авч очсон юм. Худган дээр Н байсан бөгөөд Н-ын утаснаас фейсбүүк рүү ороод Б, О хоёрын хэрэлдсэн захиаг үзээд тэндээсээ худагны ард талд буюу ертөнцийн зүгээр зүүн талд нь гарч байгаад О Б-т “өөрсдийнхөө зурган хэдэн удаа ха, ха даруулснаараа нэг нэгнээ зодъё” гээд Б-ийг дарамтлсаар байж О гэдэсрүүгээ 2 удаа өшиглүүлсэн. Тэгээд О Б-ийг зодохоор болоод үснээс нь 2 гараараа үсдэж аваад толгойруу нь гараараа 2-3 удаа цохисон. Мөн хөлөөрөө хэвлийрүү нь өшиглөөд, хумсаараа хүзүү нүүрийг нь маажсан юм. Тэгтэл М нь Б-ийг О-ээс салгаж аваад Б-ийг гэрт нь хүргэж өгөхөөр явсан юм. О Б-ийг л зодсон өөр хүүхэд зодоогүй бөгөөд харин бид нарыг “цагдаа багшдаа хэлэх юм бол ална” гэж заналхийлсэн учир бид нар айгаад зодооны талаар хэнд ч хэлээгүй юм. О Б-ийг зодож байхад хажууд нь Н, С, А, М бид нар байсан юм ” гэх мэдүүлэг /хх-ийн 27/,

                   Монгол Улс Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн №276 дугаартай: “Үзүүлэгч О.Б-ийн биед тухайн үед гэмтэл учирсан байна. Тархины доргилт, хүзүүний баруун талд 3.5 см, баруун чихний урд талд 2.5 см, 1.5 см, 1 см, дээд уруулд 2 см, 1 см хэмжээтэй зулгаралт гэмтлүүд, хэвлийн доод хэсэгт зөөлөн эдийн няцралт гэмтэл үүссэн байна. Дээрхи гэмтэл нь гадны мохоо хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. Уг гэмтэл нь өөрийнх нь хэлж байгаа тухайн цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна. Дээрхи гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно. Дээрхи гэмтэл нь эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт тодорхой хугацаанд нөлөөлнө” гэх дүгнэлт /хх-ийн 8/,                                

       шүүгдэгч Ц.О-ийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Би 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Улаангом сумын 7-р багийн нутагт байх найз Н-ын ажилладаг худган дээр очиход Н ганцаараа байсан. Тэгээд би Н-ын гар утсаар өөрийн фейсбүүк хаяг руу ороход “Улаака элит охин” гэх хаягнаас надруу найзын хүсэлт илгээсэн байхаар нь би найз болгож аваад нөгөө охины зургийг нь харж байтал нэг зураг нь өхөөрдөм байхаар нь “ха ха” гэсэн зураг дарчихсан. Түүнээс болоод нөгөө охин надтай фейсбүүкээр хэрэлдээд миний 5 зурган дээр “ха, ха” гэсэн зураг тависан. Тэгээд бид хоёр нэг нэгнээ хараалын үгээр доромжилж байгаад “Таван- Од”-ын орчим уулзахаар болоод би худагнаас ганцаараа гараад “Таван-Од”-ын хажууд очиход надтай ирж уулзаагүй юм. Маргааш нь буюу 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 13 цаг өнгөрч байхад би Улаангом коллеж руу хүүхэдтэй уулзахаар орсон. Тэгээд коллежийн шатан дээр нөгөө өчигдөр фейсбүүкээр харьцсан охинтой таарахад манай доод талын бүлэгт сурдаг Б гэх охин байсан. Тухайн үед би ганцаараа явж байсан ба сургууль дотор С  гэх миний танил охин таарахаар нь түүнтэй хамт Б болон түүний найзууд болох М, А, А нартай сургуулиас гараад коллежийн урд талын нарийн гудамжинд орж тэд нартай уулзсан. Тэгээд Б-тэй уулзаад маргалдаж байгаад би Б-ийн хэвлий хэсэгрүү 2 удаа хөлөөрөө өшиглөсөн. Дараа нь манай найз Н-ын худган дээр очиж , түүний гар утсаар фейсбүүк хаягруу орж өчигдөр нь бичсэн зураг, захиагаа шалгахад эхлээд би Б-ийн зурган дээр 1 удаа “ха, ха” гэсэн зураг, харин миний зурган дээр Б 5 удаа “ха, ха” гэсэн зураг дарсан байсан. Түүнээс болж Б бид хоёр маргалдаад худганы доод талд гараад “ха, ха” гэсэн зураг дарсан тоогоороо нэг нэгнээ зодъё гээд Б эхлээд намайг 2 удаа өшиглөсөн. Тэгээд Б бид хоёр барьцалдаж үсдэлцэж байтал доороос нэг машинтай хүн ирж, “та нар больцгоо” гэхэд бид өөрсдөө салсан юм. Би өмнө нь 1 удаа Б намайг сургуулийн хүүхдүүдэд муулсан учир алгадаж байсан юм. Б намайг фейсбүүкээр доромжилсон учир би Б-ийг зодсон юм. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахин ийм үйлдэл гаргахгүй. Надад хөнгөн ял шийтгэж өгнө үү”  гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.   

     Хохирогч О.Б нь 2000 оны 07 дугаар арын 10-нд төрсөн, гэмт хэрэгт өртөгдөх үедээ 17 нас 9 сартай буюу 18 насанд хүрээгүй тул түүний хууль ёсны төлөөлөгчөөр эцэг Д.О-ыг томилж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан, түүнчлэн насанд хүрээгүй гэрч О.А, Н.М, Б.А нарыг гэрчээр байцаахдаа сурган хүмүүжүүлэгч буюу анги удирдсан багш Б.Б-ийг байлцуулан мэдүүлэг авсан нь  тус тус хуулинд нийцсэн гэж дүгнэв.                                                                                                                                                                                                                                                 

                 Шүүгдэгч Ц.О-ийн гэм буруутай үйлдлийн улмаас насанд хүрээгүй хохирогч О.Б-ийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгч Ц.О-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.            

                  2. Шүүгдэгч Ц.О-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар: 

                  Шүүгдэгч Ц.О нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэх үндэслэлтэй байна.               

                  Шүүгдэгч Ц.О нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар нотлогдсон байна.   

                  Шүүгдэгч Ц.О-ийн хувийн амьдрал, зан байдлын талаар гэрч                   Н.Цолмонгийн: “ Би О-ийн төрсөн ээж нь юм. Манай нөхрийг Ц гэдэг бөгөөд бид хоёр 4 хүүхэдтэй. О манай хамгийн бага охин юм. Манайх Улаангом сумын 1-р баг Чандманийн 8-р гудамжны 37 тоот хашаанд монгол гэрт амьдардаг юм. О 2000 онд төрсөн. 2007 онд Чандманийн ахлах сургуульд нэгдүгээр ангид ороод жил сураад 2015 онд 9-р ангиа төгсөөд тэр жилдээ Улаангом коллежийн Барилгын засал чимэглэлийн ангид орж 2,5 жил суралцаад төгссөн юм. Одоогоор манай охин ямар нэгэн ажил хийхгүй байгаа. Манай охин О нь төлөв даруу зантай, дуугүй охин юм. Ямар нэгэн муу зуршил байхгүй. Манай гэр бүлийн хувьд манай нөхөр эрхэлсэн тодорхой ажилгүй, харин би сард 251.000 төгрөгийн группийн тэтгэвэр авдаг. Манай том охин О аймгийн нэгдсэн эмнэлэгт тогооч ажилтай, 2дахь хүү А хөдөө туслах малчин хийдэг юм” гэх мэдүүлэг /хх-ийн 27/,

                   гэрч Л.Ц-ын : “Би О-ийн аав нь бөгөөд манай эхнэрийг Цолмон гэдэг. Бид хоёр 4 хүүхэдтэй бөгөөд О манай хамгийн бага хүүхэд юм. Манайх Улаангом сумын 1-р баг Чандманийн 8-р гудамжны 37 тоот хашаанд монгол гэрт амьдардаг юм. О 2007 онд Чандманийн ахлах сургуульд нэгдүгээр ангид элсэн орж суралцаад 2015 онд 9-р ангиа төгсөөд тэр жилдээ Улаангом коллежийн Барилгын засал чимэглэлийн ангид орж 2,5 жил суралцаад төгссөн юм. Одоогоор О  ажилгүй байгаа. Манай охин О нь төлөв даруу зантай, гэртээ байхдаа бид нартай нэг их үг дуугардаггүй, шөнө оройгоор гадагш гарч явдаггүй охин юм. Ямар нэгэн муу зуршил байхгүй. Манай гэр бүлийн хувьд би өөрөө эрхэлсэн тодорхой ажилгүй, манай эхнэр мөн ажилгүй бөгөөд сард 251.000 төгрөгийн группийн тэтгэвэр авдаг юм. Манай том охин О аймгийн нэгдсэн эмнэлэгт тогооч ажилтай, 2 дахь хүү хөдөө туслах малчин хийдэг юм” гэх мэдүүлэг /хх-ийн 29/  зэрэг нотлох баримтууд  хэрэгт авагджээ.              

                  Насанд хүрээгүй хохирогч О.Б нь шүүгдэгч Ц.О-ээс нэхэмжлэх зүйл, гомдол, саналгүй талаар 2018 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Цагдаагийн газарт хүсэлт гаргасан нь хэрэгт авагдсан байх тул шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгох хохирол, хор уршиг байхгүй гэж дүгнэв. 

                  Шүүгдэгч Ц.О 2000 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр төрсөн, тэрээр энэ гэмт хэргийг үйлдсэн 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 17 нас 11 сар 15 хоногтой буюу арван найман насанд хүрээгүй байсан нь хэрэгт авагдсан иргэний үнэмлэхний лавлагаагаар нотлогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн наймдугаар бүлэгт заасан Өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журмыг баримтлах үндэслэлтэй байна.

                  Шүүгдэгч Ц.О нь анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдсэн ба тэрээр  гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг сайн дураараа төлсөн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдал, арван найман насанд хүрээгүй байхдаа гэмт хэрэг үйлдсэн, улсын яллагчаас нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргасан зэрэг нөхцөл байдал болон цаашид засарч хүмүүжиж, зөв төлөвшихөд үр нөлөөтэй байх зорилгоор  нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж  үзэв.

                   Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1, 8.2 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд заасныг журамлан нэг зуун хорин цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, уг ялыг эдлүүлэхдээ шүүгдэгчийн нас биед тохирсон, эрүүл мэнд, ёс суртахуун, сэтгэхүйн хөгжилд нь харшлахгүй ажил гүйцэтгүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага анхаарах нь зүйтэй байна.   

                   Шүүгдэгч Ц.О-д оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

                  Шүүгдэгч Ц.О нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, гаргуулах хохиролгүй, байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр шийдвэрлэв.            

        Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг,  36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

          1. Шүүгдэгч Т ургийн овогтой Ц-ын О-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1, 8.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.О-д 120 /нэг зуун хорь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

           3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Ц.О нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхгүй бол шүүх нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

     4. Шүүгдэгч Ц.О энэ хэрэгт цагдан хоригдоогүй, гаргуулах хохиролгүй, байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

           5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар Ц.О-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэрэглэсүгэй.

         6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

                                                     ДАРГАЛАГЧ,

                                                     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Л.АЛТАН