Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 2024/ДШМ/775

 

  2024           07            03                                          2024/ДШМ/775

 

Ц.Г-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Д.Мөнхөө, шүүгч М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Янжиндулам,

шүүгдэгч Ц.Г, түүний өмгөөлөгч Б.Уранзаяа,   

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Золбоо даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 2024/ШЦТ/351 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ц.Г-н өмгөөлөгч Г.Сүхээгийн гаргасан давж заалдах гомдлоор Ц.Г-д холбогдох 2302 00802 0072 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.      

Х овгийн Ц-н Г, .... оны .. дугаар сарын ..-ний өдөр ....... төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, уламжлалтын эмч мэргэжилтэй, “Ч” хүүхдийн бариа заслын төвд бариач ажилтай, ам бүл 2, эхийн хамт ............... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ......../;  

Шүүгдэгч Ц.Г нь 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “..” сүлжээ дэлгүүрт өөрийн биедээ хар өнгийн гялгар ууттай 3,1829 грамм цэвэр жинтэй өвс гэх нэршилтэй НҮБ-н 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II дугаар жагсаалтад багтдаг дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай олсны ургамал бүхий хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: Ц.Г-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Ц.Г-г “Хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа цагаан зураастай хар өнгийн цүнх, жижиг хар савхин цүнх, хуванцар савтай чих цэвэрлэх савхтай хөвөн, саарал өнгийн түрийвч, утасны цэнэглэгч 1 ширхэг, дугуй хэлбэртэй хөнгөн цагаан төмөр, дотроо нүдний шилтэй хар өнгийн сав 1 ширхэг, натрийн шингэн 1 ширхэг, тариур 4 ширхэг, улаан шар өнгийн дотроо хоосон капсулууд, хар уутанд ороосон 3,1829 грамм хатсан ургамал, тебантин гэсэн бичиглэлтэй эмийн хоосон таблет 9 ширхэг, тариурын уут, зүү, морфин гэсэн бичиглэлтэй хоосон сав 2 ширхэг зэргийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлж, шилжүүлсэн эд мөрийн баримтын жагсаалт болон хэрхэн устгагдсан баримтыг хэрэгт хавсаргахыг Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст даалгаж, 1 ширхэг 100 төгрөгийн мөнгө дэвсгэрт, 2 ширхэг 50 төгрөгийн мөнгөн дэвсгэрт, 3 ширхэг 20 төгрөгийн мөнгөн дэвсгэрт, 1 ширхэг 10 төгрөгийн мөнгөн дэвсгэртүүдийг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Ц.Г-д буцаан олгож, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ц.Г-н өмгөөлөгч Г.Сүхээ тус шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Үүнд: Анхан шатны шүүх нь шүүгдэгч Ц.Г-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа байдал, өвс гэх зүйлийг дахин огт хэрэглэхгүй байж чадна гэдгээ илэрхийлсэн байдал болон анх удаагаа гэмт хэрэгт тохиолдлын шинжтэй нөхцөл байдлыг улмаас холбогдсоныг нь харгалзан үзэлгүй хорих ял оногдуулсанд гомдолтой байна. Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзана” гэж заасан байна. Шүүгдэгч Ц.Г нь ам бүл хоёул, ээж Б.Ц-н хамт амьдардаг. Ээж Б.Ц нь өндөр настай, нойр булчирхайн архаг үрэвсэлтэй, зүрхний титэм судасны нарийсал өвчтэй бөгөөд эмчийн байнгын хяналтад байдаг. Б.Ц гуай ганц хүү Ц.Г-н асрамжид байдаг бөгөөд хүү нь хоригдсоноос хойш бусадтай харьцахгүй хоол унднаас гарч, нөхцөл байдал нь нэн хүнд байна. Удаан хугацаагаар ийм байдалтай байвал амь нас нь эрсдэж ч болзошгүй байна. Эрүүгийн хариуцлагын зорилго бол дан ганц хорьж цагдах биш бас хэрэгт холбогдсон иргэдээ нийгэмшүүлэхэд оршдог. Анх удаагаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон өсвөр насны энэ залууд шүүх нэг удаа боломж олгон, зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэжээ.

Шүүгдэгч Ц.Г тус шүүх хуралдаанд “Хэлэх тайлбаргүй” гэв.  

Шүүгдэгч Ц.Г-н өмгөөлөгч Б.Уранзаяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...  Ц.Г нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, гэм буруутай үйлдлийн талаар маргаагүй. Тэрээр өөрийн төрсөн эх Ц-н хамт амьдардаг. Одоо “Ч” хүүхдийн бариа заслын төвд бариачаар ажилладаг. Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар болон шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үзэх нь зүйтэй. Ц.Г нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Түүний төрсөн эх нь 58 настай, тэтгэвэрт байдаг, биеийн байдал нь хүнд байгаа ба хоёр өвдөгний үе солиулах мэс засалд орохоор төлөвлөгдсөн. Ц.Г-н хувьд эхийгээ асран хамгаалах ганц хүү нь бөгөөд дээрх нөхцөл байдлуудыг шүүх харгалзан үзэж, түүнд оногдуулсан хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж өгнө үү. ...” гэв.

Прокурор Г.Янжиндулам тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хууль зүйн үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Учир нь, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь нийгмийн хор аюул ихтэй, тухайн хүнд сөргөөр нөлөөлөхөөс гадна бусад хүмүүсийг уруу татах, цаашлаад үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх хор аюултай байдаг. Ц.Г нь анх удаа эрүүгийн хариуцлага хүлээж байгаа боловч мансуурсан зөрчлөөр 2023 онд баривчлах шийтгэл эдэлж байсан. Зөрчил нь хүндэрч, улмаар гэмт хэрэг үйлдэж байгаа нь түүнийг өмнөх зөрчлөөсөө сургамж авч, ухаараагүй болохыг харуулж байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад оргон зайлж байсан тул шүүгдэгчид зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь тохиромжгүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

                                             ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Шүүгдэгч Ц.Г нь 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “..” сүлжээ дэлгүүрт өөрийн биедээ хар өнгийн гялгар ууттай 3,1829 грамм цэвэр жинтэй өвс гэх нэршилтэй НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II дугаар жагсаалтад багтдаг дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай олсны ургамал бүхий хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

гэрч Г.Э-н “...2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 19 цагаас 20 цагийн үед 2 хүн орж ирсэн. Нэг нь цагаан өнгийн куртиктэй, хар нүдний шилтэй хүнтэй хамт явж байсан. Би сэжиглээд камераараа харж байхад цагаан куртиктэй цүнхтэй залуугийн цүнх рүү 2 ундаа хийж хулгайлж байсан. Нөгөө үл таних 2 хүн над дээр ирж 1 ундаа бичүүлэх гэсэн боловч мөнгө нь хүрэхгүй байна гээд гараад явсан. Цүнх үүрсэн залуу зааланд байж байснаа гарч явах гэж байхад нь би барьж аваад хамгаалагч дуудсан. Гэтэл манай хамгаалагч өрөө рүү авч ороод цүнхийг нь шалгатал хар тамхины төрлийн зүйл цүнхэнд нь байсан тул би цагдаад дуудлага өгсөн. ...” /хх 36/

гэрч Э.Э-н “... Манайд Ц.Г бид хоёрыг байж байхад ЭБ ирсэн. Бид гурав 16-17 цагийн хооронд хүнтэй уулзах гээд 25 дугаар эмийн сангийн тийш явсан. Ингээд 25 дугаар эмийн сангийн орчимд байх .. дэлгүүр лүү Ц.Г бид хоёр орж бие зассан ба 2 ундаа Ц.Г-н цүнхэнд хийгээд түрүүлээд гарсан. Гадаа гарахад Ц.Г гарч ирэхгүй удаад байхаар нь би түрүүлээд явсан. Тэгээд орой Ц.Г цагдаад баригдсан талаараа ярьсан. ...Ц.Г манайд ирэхдээ цүнхтэй байсан, тэр цүнхэнд юу байсан талаар би сайн мэдэхгүй...” /хх 39-41/,

гэрч Р.Ц-н “... Миний хүү Ц.Г одоо хаана байгааг би мэдэхгүй байна. 2023 оны 12 дугаар сарын 22-ны орчимд гэрээсээ гарсан. ... Хар тамхи, мансууруулах бодис хэрэглэдэг талаар 2023 оны 11 сард анх мэдсэн. Тухайн үед хүү маань мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн гэж 7 хоног баривчлагдсан. ...” /хх 44-45/,

мөрдөн шалгах ажиллагаанд Ц.Г-н яллагдагчаар өгсөн “... Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс дээр очсон. Миний үүрч явсан цүнхнээс тебантиний хоосон капсул, тариур, натри, нүдний шил зэрэг зүйл гарсан. Мөн өмнө олсон байсан жоохон өвс гарч ирсэн байгаа. Тухайн өвсийг энэ асуудал болохоос хэд хоногийн өмнө писи тоглоомын газарт тоглож байхдаа ариун цэврийн өрөөнөөс олсон. Тухайн зүйлийг би өвс гэдгийг нь мэдсэн. Гэхдээ би өвс татаж хэрэглэж байгаагүй учраас тухайн үед аваад мартсан байсан нь цүнхнээс гарч ирсэн. Тариур, капсул натри зэргийг өвсний хамтаар писи тоглоомын газраас хар өнгийн жижиг савхин цүнхтэй олсон. Ингээд .. дэлгүүрийн хамгаалагч намайг бариад тэр хар цүнхэнд байсан зүйлийг гаргаад асгасан. ... Тухайн үед Э.Э миний цүнхэнд өвс байгаа талаар мэдсэн юм байхгүй. Э-д өвс олсон талаараа хэлсэн зүйл байхгүй. ...” /хх 105-106, 109-111/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн “... Шинжилгээнд ирүүлсэн ... “100 units” гэх хэмжээстэй тариураас метамфетамин /methamphetamine/ илэрсэн. Хар өнгийн гялгар ууттай бор ногоон өнгийн ургамал мэт зүйлээс дельта-9 тетрагидроканнабинол /tethrahydrocannabinol/ илэрсэн. Илэрсэн бодис тус бүр нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн II дугаар жагсаалтад багтдаг болно. Шинжилгээнд ирүүлсэн хар өнгийн гялгар ууттай бор ногоон өнгийн ургамал мэт зүйлийн цэвэр жин нь 3,1829 грамм байна. ...” гэх 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 457 дугаартай дүгнэлт /хх 48-52/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын “... Ц.Г нь сэтгэцийн ямар нэг өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй, одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. Ц.Г нь мансууруулах болон сэтгэц идэвхт эм бодисын хамааралтай /донтой/ гэх шинж тэмдэг илрээгүй байна. ...” гэх 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 213 дугаартай дүгнэлт /хх 56-58/,

гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх 6/,

эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл “... үзлэгээр тогтоогдсон нөхцөл байдал: Сэжигтэн Ц.Г-н барьж явсан хар өнгийн цүнхийг түүгээр нээлгэн доторх эд зүйлсийг гаргахад “Тебантин” гэсэн бичиглэлтэй 10 ширхэг капсулын багтаамжтай эмийн таблет... Морфин гэх бичиглэлтэй хуванцар эд зүйл 2 ширхэг, хар өнгийн уутанд ороосон дотроо хатаасан өвс мэт зүйл ... байсныг тэмдэглэл болгон бичив. ...”, уг ажиллагааг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 24-27/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх шүүгдэгч Ц.Г-г хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилснийг Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.

Анхан шатны шүүх шүүгдэгч Ц.Г-н гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан гэм хор, хохирлын хэр хэмжээ зэрэг нөхцөл байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэгт зааснаар 1 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байна.

Гэвч давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “...шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж ... болно.” гэж заасан эрх хэмжээний хүрээнд, шүүгдэгч Ц.Г нь анх удаа гэмт хэрэгт холбогдож, гэм буруугаа хүлээн зөвшөөрснийг болон хувийн байдал зэргийг харгалзан, түүнд 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл журамд нийцнэ гэж үзлээ.

Шүүгдэгчид оногдуулсан ялыг хөнгөрүүлсэнтэй холбоотой Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд шүүгдэгч Ц.Г-г Нийслэлийн Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс гарахгүй байх хязгаарлалт тогтоож, оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг тогтоосон хугацаанд биелүүлэлгүй зөрчсөн тохиолдолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 5.6 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт тус тус зааснаар шүүх зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцон солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Түүнчлэн, шүүгдэгч Ц.Г нь 2024 оны 05 дугаар сарын 03-наас энэ өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 61 хоногийн нэг хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор тооцон, эдлэх ялаас хасаж тооцохыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгав.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Сүхээгийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, дээрх үндэслэлээр шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтүүдийг оруулж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 2024/ШЦТ/351 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын “...шүүгдэгч Ц.Г-г 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.” гэснийг “...шүүгдэгч Ц.Г-г 2 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.” гэж өрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “... шүүгдэгч Ц.Г нь өөрийн оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэж, эмнэлгийн тусламж авахаас бусад тохиолдолд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хориглосугай.” гэсэн,

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Ц.Г-н нийт цагдан хоригдсон 61 /жаран нэг/ хоногийн нэг хоногийн хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор тооцон, эдлэх ялаас нь хасаж тооцохыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.” гэсэн,

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 5.6 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ц.Г нь оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй зөрчсөн тохиолдолд шүүх зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцон солихыг түүнд мэдэгдсүгэй.” гэсэн тус тус нэмэлт заалтууд оруулсугай.

3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 заалтыг хүчингүй болгож, бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.Г-г нэн даруй суллаж, түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

4. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                            Т.ӨСӨХБАЯР

ШҮҮГЧ                                                            Д.МӨНХӨӨ

            ШҮҮГЧ                                                            М.АЛДАР