Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2022/00063

 

 

2022 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2022/00063

 

А.О-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Н.Батзориг, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 181/ШШ2021/01869 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч А.О-ийн хариуцагч МУИС-д холбогдуулан гаргасан шийдвэрийг хүчингүй болгуулж, Шинжлэх ухааны сургуулийн Байгалийн ухааны салбарын Газар зүйн тэнхимийн дэд профессорын албан тушаалд эгүүлэн тогтоолгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр нөхөн төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч МУИС-д даалгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б , М.Н , В.Б , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга: А.Оминий бие нь МУИС-ийн бакалавр, магистр, БНСУ-д доктор, Япон улсад пост-док, АНУ-д зочин профессороор ажиллаж байгаад 2012 онд МУИС-д багшаар ажилласан. МУИС-ийн ШУС-ийн БУС-ийн Газар зүйн тэнхимийн багш, дэд профессороор ажиллаж байна. Анх 2020 оны 6 дугаар сарын МУИС-ийн Эрдмийн дугуй танхимд явагдсан МУИС-ийн ШУС-ийн БУС-ийн Газар зүйн тэнхимийн хурал, мөн өдрийн МУИС-ийн ШУС-ийн захирлын өрөөнд явагдсан МУИС-ийн ШУС-ийн Захиргааны зөвлөлийн хурлуудаар А.Обагштай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлөх шийдвэр гарсан ба тухайн хурлууд нь 2020 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 14 дүгээр Газар зүйн тэнхимийн хурлын тэмдэглэл, 2020 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 20 дугаар МУИС-ийн ШУС-ийн захирлын зөвлөлийн хурлын тэмдэглэлээр баталгаажсан ба А.О-ийг ажлаас халсан гэсэн шийдвэрийг мэдэгдсэн ба тус тус хурлуудаас гарсан хөдөлмөрийн гэрээг цуцлах буюу ажлаас чөлөөлөх шийдвэртэй санал нийлээгүй тулд шүүхэд нэхэмжлэл гаргасан. Энэ хугацаанд хариуцагч талаас хурал хийж, шийдвэрээ гаргасан гэсэн атлаа ажлаас халах тушаалыг бичгээр гардуулан өгөхгүй байсан тул Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар 30 хоногийн дотор шийдвэрээ бичгээр гардаж аваагүй ч энэхүү хурлын тэмдэглэл шийдвэрийг нэхэмжлэлдээ хавсаргаж ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагыг 2020 оны 7 дугаар сард шүүхэд гаргасан. А.Обагш нь өөрийг нь халаагүй гэх үйл баримтыг мэдэж эхэлсэн ба А.Обагшийг АНУ-ын Фульбрайт хөтөлбөрийн хүрээнд АНУ-ын Аляскийн Фэйрбанкс Их сургуульд пост доктороор урьж, судалгааны ажилд хамтран ажиллах урилга ирүүлсэн байсан ба ковид19 цар цахалын улмаас энэхүү хөтөлбөр нь удаа дараа хойшлогдоод байсан. Энэ нь олон улсын нэр хүндтэй хөтөлбөр бөгөөд Монгол улсын болон МУИС-ийн нэр хүндийг олон улсад гаргаж, сургуулиудын хоорондын сургалт, эрдэм шинжилгээний хамтын ажиллагаа чухал ач холбогдолтой, оюутан, судлаачдад үр өгөөжтэй нь мэргэжлийн хүрээнд олон улсын судалгааны чиглэл бүхий номыг хамтран гаргах байсан бөгөөд энэхүү хүрээнд номоо хэвлүүлэх ажлыг хамтран эхлэх байсан. Гэтэл Фульбрайт хөтөлбөрийн дүрэм болон МУ-ын УОК-ын шийдвэр бүхий тусгай нислэгийн хуваариас хамаарч 2020 оны 03 дугаар сард хөтөлбөр хэрэгжиж эхлэх болсонтой холбоотойгоор АНУ-руу мэргэжил дээшлүүлэхээр явах болсон тул МУИС-ийн хөдөлмөрийн дотоод журмын 4.3.7, 7.3.1, 7.3.4-д дурдсны дагуу 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр МУИС-ийн ШУС-ийн БУС-д цалингүй 7 сарын чөлөө олгох өргөдлийг гаргасан. Шүүхэд ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлтэй маргаан явж байсан ч, А.Онамайг ажлын байраар хангаж, хичээл заах боломж олгоогүй ч зохих журмын дагуу чөлөө авах өргөдлөө гаргасан байсан. Миний энэхүү чөлөө авах өргөдлийг МУИС-ийн ШУС-ийн БУС-ийн Газар зүйн тэнхимийн 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 6 дугаар Газар зүйн тэнхимийн хурлын тэмдэглэлээр баталгаажсан хурлаар шийдвэрлэхдээ ажлаас нь халсан хүний ажлаас чөлөө авах асуудлыг хэлэлцэх боломжгүй, тийм учир чөлөө олгох боломжгүй гэх утгаар А.Обагшийн чөлөө авах өргөдлийг шийдвэрлэж, чөлөө олгохгүй гэсэн шийдвэрт хүрсэн байдаг. Энэ хооронд МУИС-аас шүүхэд үүссэн хэрэгт энэ хүнийг ажлаас халаагүй гэх утгатай тайлбараар иргэний хэргийг шийдвэрлүүлж, хариу тайлбараа өгч байсан. Гэтэл МУ-ын тусгай үүргийн онгоцны хуваарь болон Фульбрайтын хөтөлбөр хэрэгжиж эхлэх хугацаа тулгамдсан тул А.Обагш нь АНУ руу явах тусгай үүргийн онгоцоор АНУ руу ниссэн бөгөөд энэ хооронд буюу 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн Б/80 дугаар багш А.О-ийн хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлөх тухай шийдвэр, 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн Б/21 дүгээр А.О-ийн ажлыг хүлээлцүүлэх комисс томилох тухай тушаалууд А.Обагшийн orkhonalex@gmail хаяг руу 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдөр ирсэн байдаг. Энэхүү тушаалын үндэслэл нь зохих журмын дагуу чөлөө авахгүйгээр ажлаа хаяж яван ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэлээр А.Обагшийн хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Дээрх бүгдээс үзвэл шүүхэд маргаантай байхад мөн ажлаас халаагүй гэж шүүхэд тайлбарладаг атлаа ажлын байран дээр ажлаас халсан мэт нөхцөл байдалтайгаар харьцаж, ажил үүргийг гүйцэтгүүлэхгүй, албан ёсны чөлөө бүхий хүсэлтийг шийдвэрлэхгүй хоёр үзүүртэй зүү шиг аашлах явцдаа дахин А.Обагшийн хөдөлмөрлөх эрхэд халдаж, хөдөлмөрийн гэрээг үндэслэлгүйгээр цуцалсан байх тул 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн Б/80 дугаар багш А.О-ийн хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлөх тухай шийдвэрийг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоож, 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс хойш ажилгүй байсан хугацааны цалин, түүнтэй тэнцэх хэмжээний мөнгөн олговрыг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу нөхөн төлүүлж, тэдгээр дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэж өгнө үү.

Мөн 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдөр А.Оминий цалинг үндэслэлгүйгээр зогсоосон ба миний бие шүүхэд хандсны дагуу 2020 оны 06 дугаар сараас цалинг буцаан олгож эхэлсэн. Мөн 2020 оны 06 дугаар сард ээлжийн амралтын олговрыг маань үндэслэлгүйгээр хасч олгосонг шүүхэд хандахад Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 181/ШШ2021/00060 дугаар шийдвэр гарч, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн. А.Оминий бие тэнхимийн эрхлэгчтэйгээ тоогүй харилцаатайн улмаас ийнхүү удаа дараа ийм байдалд өртсөөр байгаа бөгөөд миний зүгээс эрдэм шинжилгээний ажлаа чөлөөтэй хийж, оюутан, судлаач нарт тус дэм болж, салбартаа сайн боловсон хүчин бэлдэх л ашиг сонирхолтой болно гэжээ.

 

Хариуцагчийн татгалзал, хариу тайлбарын агуулга: А.Онь МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Байгалийн ухааны салбарын Газар зүйн тэнхимд багшаар ажиллаж байгаад захирлын 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн Б/80 дугаар тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн. А.Обагш нь МУИС-ийн 2020-2021 оны хичээлийн жилийн хаврын улиралд 13 кредит А цагийн ногдол бүрэн хийх үүрэгтэй болохоо мэдсээр байж хичээл тасалж, сургалтын хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан байна. Тухайлбал, Шинжлэх ухааны сургуулийн Захиргааны зөвлөлийн 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 31 дүгээр хурлаар Газар зүйн тэнхимийн багш А.О-ийн хичээл зохицуулалтын асуудлыг хэлэлцсэн. Тус хуралд багш А.Оөөрийн биеэр оролцсон болох нь хурлын протоколд захиргааны зөвлөлийн хуралд тус сургуулийн захирал Д.Заяабаатар хэлэхдээ, ...Тэнхимийн үйл ажиллагаандаа оролцоод хуралдаа суугаад, дотоод ажилдаа тэнхимийн эрхлэгч хянаад боломжтой, боломжгүйг хичээл сонгол руу оруулж нээж өгнө. А.Обагш 13 кредит бүрэн хийнэ..., ... Энийг захиргааны зөвлөлийн протоколд тэмдэглээд энэ асуудал дээр ийм байдлаар явна ... гэсэн. Тус хуралд А.Обагш нь өөрийн биеэр оролцсон болохыг дахин тодотгож байна. Багш, ажилтанд чөлөө олгох асуудлыг МУИС-ийн хөдөлмөрийн дотоод журмаар зохицуулсан байдаг. МУИС-ийн хөдөлмөрийн дотод журмын 7.1.7-д Чөлөө олгох тушаалыг нөхөн гаргаж, тушаал гараагүй байхад чөлөө эхлүүлэхийг хориглоно гэж заасан. Гэтэл А.Обагш нь чөлөө олгох тушаал гараагүй байхад ажлаа орхиж явсан нь хөдөлмөрийн гэрээ болон МУИС-ийн хөдөлмөрийн дотоод журмын 7.1.7 дахь заалтыг ноцтой зөрчсөн байна. МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн захирал болон А.Обагшийн хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээнд ... Багш нь нэг сарын хугацаанд 3 ба түүнээс дээш удаа хичээл тасалсан, сургалтын хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан... бол хөдөлмөрийн гэрээг шууд цуцлахаар харилцан тохиролцсон бөгөөд А.Обагш нь дээрх хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн. МУИС-ийн 2020-2021 оны хичээлийн жилийн хаврын улиралд нэхэмжлэгч А.Обагшийн заах 4 хичээлийг нийт 42 оюутан баталгаажуулсан болох нь Сиси мэдээллийн системд бүртгэгдсэн байна. Эдгээр оюутнуудын хичээл сургалтын үйл ажиллагааг алдагдуулсан тул МУИС-ийн захирлын албан үүргийн түр орлон гүйцэтгэгчийн 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн Б/80 дугаар тушаалаар А.Обагштай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Анхан шатны шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40 дүгээр зүйлийн 40.1.4, 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь заалтад заасныг баримтлан нэхэмжлэгч А.О-ийн шийдвэрийг хүчингүй болгуулж, эгүүлэн тогтоож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр нөхөн төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч МУИС-д даалгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч А.Охариуцагч МУИС-д холбогдуулан гаргасан шийдвэрийг хүчингүй болгуулж, Шинжлэх ухааны сургуулийн Байгалийн ухааны салбарын Газар зүйн тэнхимийн дэд профессорын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс хойш ажилгүй байсан хугацааны цалин, түүнтэй тэнцэх хэмжээний мөнгөн олговрыг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу нөхөн төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлээс 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс хойш ажилгүй байсан хугацааны цалин, түүнтэй тэнцэх хэмжээний мөнгөн олговрыг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 41.1.5 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч А.О-ийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

А. Нэхэмжлэгч нь шууд үйлдлээрээ ноцтой зөрчил гаргаагүй бөгөөд харин Хөдөлмөрийн дотоод журамд заасан заалтыг зөрчсөн үйлдлийг гаргасан. Энэ нь МУИС-ийн дотоод журмын 7 дугаар зүйлийн 7.1.7 дахь чөлөөг олгох шийдвэр гараагүй байхад чөлөөг эхлүүлж болохгүй гэх заалтыг зөрчсөн байхыг үгүйсэхгүй. /Учир нь тухайн үед байнгын бэлэн байдалд шилжсэн, тусгай үүргийн онгоцонд захирагдаж нислэг үйлдэж байсан./ Гэтэл анхан шатны шүүхээс ажилтны хөдөлмөрийн дотоод журамд заасан заалтыг зөрчсөн үйлдлийг шийдвэрийн үндэслэх хэсгийн /6 хуудас, 2 хуудас/ чөлөө олгох шийдвэр гараагүй байхад ажлаа орхиж явсан нь Хөдөлмөрийн гэрээ болон МУИС-ийн хөдөлмөрийн дотоод журмын 7.1.7 дахь заалтыг ноцтой зөрчсөн байна. гэж дүгнэсэн нь хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил биш үйлдлийг ноцтой зөрчил гэж дүгнэж эхэлсэнээрээ үндэслэлгүй шийдвэр гаргасан. Учир нь хөдөлмөрийн дотоод журамд заасан 7.1.7-д заасныг зөрчсөн үйлдэлдээ ажилтан нь сахилгын арга хэмжээ авагдах үндэслэлтэй болохоос шууд хөдөлмөрийн гэрээг цуцлах ноцтой зөрчил бүхий үйлдэл түүний үйлдэлд байхгүй байсан.

Б. Анхан шатны шүүхээс ажилтны хөдөлмөрийн дотоод журмын 7.1.7-г зөрчсөн үйлдэл нь сургалтын хэвийн үйл ажиллагааг алдагдуулах дамжсан үр дагаврыг гаргасан гэж ажилтны шууд гаргаагүй үйлдлээр түүнийг ноцтой зөрчил гаргасан мэтээр дүгнэсэн. Учир нь сургалтын хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан үйлдлийг хариуцагч буюу МУИС нь өөрөө санаатайгаар гаргасан. Ингэхдээ оюутнуудыг СиСи системээр хичээл сонголт хийдэггүй багш сонголтын хийдэг мэтээр тайлбарлаж, А.Обагшийг оюутнууд сонгосон байсан, хичээл эхлэх гээд чөлөө авч болохгүй байх үед чөлөө авсан нь буруу гэх агуулгаар хариуцагч нь тайлбарладаг ба анхан шатны шүүхээс энэ үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. Оюутнууд А.Обагшийг сонгосон сонголт хийгээгүй бөгөөд хавтаст хэрэгт ийм баримт ч байхгүй. Учир нь хавтаст хэргийн 219 дүгээр хуудсан дах Сургалтын нэгдсэн төлөвлөгөөнд хичээл сонголт баталгаажуулалт гэж заасан болохоос багш сонголт байгаагүй. Гэтэл хариуцагчаас хичээл сонголт болон хичээл эхлээгүй байхад гаргасан нэхэмжлэгчийн чөлөө авах хүсэлтийг хүлээн авч, үндэслэлгүйгээр татгалзсан хариуг 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдөр өгсөн атлаа оюутнуудын хичээл эхлэх өдөр Геологийн хичээл дээр санаатайгаар байхгүй багшийн нэрийг зоож, оюутнуудыг хохироосон. Өөрөөр хэлбэл байхгүй, хичээл орох боломжгүй багшийг санаатайгаар хичээл заахаар тавьж, тухайн хичээлүүдийг орох боломжийг байхгүй болгож, оюутнуудыг хохироож, хичээлийн хэвийн үйл ажиллагааг хариуцагч нь өөрийн үйлдлээр хийсэн. Ийнхүү байхгүй багшийг хичээл заахаар тавьж, санаатайгаар хичээлийг оруулахгүй байж байснаа 3 ба түүнээс дээш удаа хичээл тасалсан гэх үр дагаврыг хариуцагч нь өөрийн үйлдлээр бий болгосныхоо дараа маргаан бүхий тушаалыг 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр гаргасан. Мөн 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 25-ны хооронд тухайн орох ёстой байсан гэх хичээл 3 ба түүнээс дээш удаа орогдоогүй гэдгийг тодорхой нотлож чадаагүй байсан. Нэхэмжлэгчийн чөлөө авах хүсэлтийг чөлөө олгохгүй гэж шийдвэрлэхдээ/албан ёсоор хариу өгөөгүй/ 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 6 дугаар Газар зүйн тэнхимийн хурлын тэмдэглэл-ээр шийдвэрлэхдээ ажлаас халагдсан хүний хүсэлтийг шийдвэрлэхгүй гэх үндэслэлээр чөлөө олгохоос татгалзсан байдаг. Ажлаас халагдаагүй ажилтны чөлөө авах хүсэлтийг ажлаас халагдсан хүн гэдгээр эрхийг нь зөрчиж шийдвэрлэсэн.

В. Хичээл эхлээгүй байхад чөлөө авах хүсэлтээ өгсөн ба хичээл эхлэхийн өмнө чөлөө авч болохгүй гэсэн хориглосон заалт дотоод журам хөдөлмөрийн гэрээнд байхгүй байхад хөдөлмөрийн хуульд заасан ажилтны чөлөө авах эрхийг үндэслэлгүйгээр хязгаарласан. Чөлөөг шийдвэрлэсэн шийдвэрийг хариуцагч өнөөдрийг болтол гаргаагүй бөгөөд энэхүү ажилтны чөлөө авах эрхийг хязгаарласан шийдвэртэй нэхэмжлэгч А.Онь шүүхэд маргах эрхтэй. Ийнхүү чөлөө авах хүсэлтийг нь шийдвэрлээгүй, үндэслэлгүйгээр татгалзсан хариуцагчийн үйлдлийг зөвтгөсөн шийдвэрийг анхан шатны шүүхээс гаргасан. Хариуцагч нь хичээл эхлэхийн өмнө чөлөө авч болохгүй, сургалтын үйл ажиллагаа алдагддаг гэж тайлбарладаг боловч нэхэмжлэгчийн зүгээс шүүх хуралдаан эхлэхээс өмнө гаргаж өгсөн нотлох баримт дээр багш Д.Дашдуламын хичээл эхлээд 7-14 дэх хоног дээр нэхэмжлэгч шиг гадаад улсад зочин доктороор уригдаж энэ үндэслэлээр чөлөө авах хүсэлтийг гаргасанг чөлөө олгож шийдвэрлэсэн тушаалыг нотлох баримтаар шүүхэд өгсөн. Ийнхүү хариуцагчаас багш нарт тэгш бус хандсан болохыг харж болно. нэхэмжлэгч нь хичээл сонголт, хичээл эхлээгүй байхад хүсэлтээ гаргасан.

Иймд чөлөө олгож болохгүй гэсэн хориглосон заалт байхгүй бөгөөд харин ч дотоод журамд ажилтнаа гадаадад зочин профессороор ажиллахыг дэмжих, бололцоог олгох, дэмжих" гэж заасан байдаг боловч энэ үүргээ биелүүлээгүй атлаа үндэслэлгүйгээр ажилтны хуулиар олгосон чөлөө авах эрхийг хязгаарлаж, санаатайгаар хичээл тасалсан үр дагаврыг бий болгосон хариуцагчийн тайлбарыг үндэслэж, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслээгүй гарсан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн хариу тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй, зөв гарсан. Сургалтын албанаас хөдөлмөрийн гэрээнд зааснаар сард 3 ба түүнээс дээш удаа сургалтын үйл ажиллагааг алдагдуулсан нь ноцтой зөрчил гэж үзээд хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх иргэний хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хянан үзсэн болно.

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй боловч шүүхийн шийдвэрт найруулгын өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч А.Онь хариуцагч МУИС-д холбогдуулан 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн Б/80 тоот ажлаас чөлөөлсөн тушаалыг хүчингүй болгуулж, Шинжлэх ухааны сургуулийн Байгалийн ухааны салбарын Газар зүйн тэнхимийн дэд профессорын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах тухай шаардлагаас татгалзсаныг шүүх баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв болжээ.

 

А.Онь хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан учир хөдөлмөрийн гэрээг цуцалсан тушаал хууль зүйн үндэслэлтэй гэж хариуцагч маргасан.

 

А.Онь Монгол Улсын Их Сургуулийн захирлын 2012 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 480 дугаар тушаалаар Газарзүй геологийн сургуулийн Геоэкологи орчин судлалын тэнхимд ахлах багшаар томилогдож, улмаар тус сургуулийн захирлын 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн Б/80 дугаар тушаалаар Шинжлэх ухааны сургуулийн Байгалийн ухааны салбарын Газар зүйн тэнхимийн дэд профессорын албан тушаалаас чөлөөлөгдсөн үйл баримт хэргийн баримтаар тогтоогдсон байна.

 

Монгол Улсын Их Сургуулийн захирлын 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн А.О-ийн хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай Б/80 дугаар тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 43 дугаар зүйлийн 43.1, хөдөлмөрийн дотоод журмын 4.1.1, 4.1.2, 5.3.1, 5.3.2, 7.1.7, хөдөлмөрийн гэрээний 2.2.1, 2.2.2, 5.5.2 дахь хэсгийн 3 дахь заалт зэргийг үндэслэсэн байх бөгөөд уг тушаалд А.Онь захиргааны чөлөө олгох тухай эрх бүхий албан тушаалтны шийдвэр гараагүй байхад чөлөөг эхлүүлэн, 2021 оны 02 дугаар сард 3 ба түүнээс дээш удаа хичээл тасалж, сургалтын хэвийн үйл ажиллагааг алдагдуулж, хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан тул 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөр тасалбар болгон хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалжээ. /1 дүгээр хавтасны хх-90 дэх тал/

 

Нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан хугацааны дотор ажлаас буруу халсан тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг авсан өдрөөс 1 сарын дотор шүүхэд гаргасан байна.

 

Талуудын хооронд байгуулсан 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 8 тоот хөдөлмөрийн гэрээний 5.5.2 дахь хэсгийн 3 дахь заалтад багш нэг сарын хугацаанд 3 ба түүнээс дээш удаа хичээл тасалсан, сургалтын хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан ноцтой зөрчил гаргасан тохиолдолд хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахаар зохицуулсан байх тул гэрээний талууд ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг харилцан тохиролцон тогтоосон гэж үзэх үндэслэлтэй.

/1 дүгээр хавтасны хх-145-147 дахь тал/

 

А.Онь 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Монгол Улсын Их Сургуулийн Шинжлэх ухааны сургуулийн Байгалийн ухааны салбарын дэд захирал профессор Б.Б д өргөдөл гаргасан уг өргөдөлд АНУ-ын Фульбрайт хөтөлбөрийн хүрээнд АНУ-ын Аляскийн Фэйрбанкс Их Сургуульд судалгааны ажил гүйцэтгэх төлөвлөгөөтэй байгаа тул Монгол Улсын Их Сургуулийн хөдөлмөрийн дотоод журмын 4.3.7, 7.3.1.2, 7.3.4-д дурьдсаны дагуу 2021 оны 02 дугаар сарын 15-наас 11 дүгээр сарын 15-ны хооронд ажлын 7 сарын чөлөө олгож тусална уу. Мөн тус журмын 7.3.6-д заасны дагуу дээрх нийт хугацааны нийгмийн даатгалын шимтгэл төлөхийг хүсэж байна гээд тус сургуулийн урилгыг хавсаргаж ирүүлсэн байна.

 

Хөдөлмөрийн дотоод журмын 4.3.7-д багш ажилтан нь гадаадын болон дотоодын их дээд сургууль, эрдэм шинжилгээний төв, хүрээлэнд зочин профессор, багш, судлаачаар ажиллах эрхтэй, 7.3.1.2-т багш гадаадын их дээд сургууль, судалгааны байгууллагад зочин багш, судлаачаар ажиллах, мэргэжил дээшлүүлэх, докторын дараах хөтөлбөрт хамрагдахад 3 жил хүртэлх хугацаагаар ажиллахад цалингүй чөлөө олгох, 7.3.4-т нэг сараас дээш хугацааны цалингүй чөлөөг холбогдох салбар сургууль газар, хэлтэс, алба бусад нэгжийн удирдлагын зөвшөөрлийг үндэслэн МУИС-ийн захирлын тушаалаар олгохоор зохицуулжээ.

 

Монгол Улсын Их Сургуулийн Хөдөлмөрийн дотоод журмын 7-д чөлөө олгох журмыг зохицуулсан бөгөөд ямар нөхцөл байдлыг хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзэх, чөлөө олгох эсэх, эс олгох асуудлыг хэрхэн шийдвэрлэх нь ажил олгогчийн эрхэд хамаардаг байна. Иймд нэхэмжлэгчийн чөлөө авах хүсэлтийг ажлаас халагдсан хүний хүсэлтийг шийдвэрлэхгүй гэх үндэслэлээр чөлөө олгохоос татгалзаж, эрхийг зөрчиж шийдвэрлэсэн, чөлөө авах эрхийг үндэслэлгүйгээр шийдвэрлэсэн, тэгш бус хандсан гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй. /в/

 

Ажилтан А.О-д чөлөө олгох эсэх асуудлыг Монгол Улсын Их Сургуулийн Шинжлэх ухааны сургуулийн Байгалийн ухааны салбарын Газар зүйн тэнхим 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн хуралдаанаар хэлэлцэж, Газар зүйн тэнхимийн дэд профессор А.О-д холбогдох шийдвэрийг тэнхим өмнө нь гаргасан учраас энэхүү асуудлыг хэлэлцэх боломжгүй, одоогийн байгаа нөхцөл байдлыг харгалзан үзэхэд тухайн багшид чөлөө олгох боломжгүй гэж шийдвэрлэжээ. /1 дүгээр хавтасны хх-100-105 дахь тал/

 

Нэхэмжлэгч А.О-д тус сургуулийн Шинжлэх ухааны сургуулийн Байгалийн ухааны салбарын дэд захирал Д.Б нь 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдөр чөлөө өгөхөөс татгалзсан хариу өгсөн болох нь хэргийн 1 дүгээр хавтасны 211-212 дугаар талд авагдсан цахим шууданд үзлэг хийсэн 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн тэмдэглэлээр тогтоогджээ.

 

Гэтэл нэхэмжлэгч А.Онь ажил олгогчийн зүгээс чөлөө олгох эсэх асуудлыг шийдвэрлэхээс өмнө 2021 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Буянт-Ухаа агаарын замын боомтоор Монгол улсын хилээр гарсан байна. /1 дүгээр хавтасны хх-247 дахь тал/

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэгч А.О-ийг хичээл сонголтын СиСи программд оруулаагүй гэж тайлбарласан боловч түүний заах хичээл уг программд орж сонгогдсон болох нь хичээл бүртгэлийн талаарх баримт болон хариуцагчийн тайлбараар тогтоогджээ.

 

Хэргийн 1 дүгээр хавтасны 219-220 дугаар тал дахь намар, хаврын улирлын сургалтын нэгдсэн төлөвлөгөөнөөс үзвэл 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэл бакалавр, магистрант, докторантын хичээл сонголт, баталгаажуулалтыг хийж, 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хаврын улирлын хичээл эхэлсэн байна.

 

Монгол Улсын Их Сургуулийн захирлын 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн А/203 дугаар тушаалаар баталсан Монгол Улсын Их Сургуулийн сургалтын журмын 4.5.7-д багш тухайн улирлын 11 дэх долоо хоногт дараагийн улиралд заах хичээлийн хүсэлтээ тэнхим сургалтын албанд өгч баталгаажуулсан байна... гэж, мөн журмын 4.5.13-т мэргэжлийн тэнхим, хөтөлбөрийн дэд хороо хичээлийн саналыг үндэслэж 15, 16 дахь долоо хоногт багтаан хичээл орох багшийг эцэслэн тодорхойлж, сургалтын мэдээллийн системд байршуулан, сургалтын албанд баталгаажуулж өгнө гэж тус тус зохицуулжээ.

/2 дугаар хавтасны хх-13-32 дахь тал/

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь дээрх тус сургуулийн сургалтын журмын зохицуулалтаар нэхэмжлэгч А.О-ийг Дэлхий судлалын үндэс, Палеогазарзүй, Геоморфологийн хичээлийг 2021 оны 02 дугаар сарын 02, 2021 оны 02 дугаар сарын 04, 2021 оны 02 дугаар сарын 05, 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрүүдэд заах хуваарьт тавигдсан боловч уг хичээлийг заагаагүй гэх тайлбар гаргасан байна.

/1 дүгээр хавтасны 193, 218 дахь тал/

 

Нэхэмжлэгч нь хариуцагчийн дээрх тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар үгүйсгээгүй байна. Нэхэмжлэгчийн сургалтын нэгдсэн төлөвлөгөөнд хичээл сонголт баталгаажуулалт гэж зааснаас багш сонголт байгаагүй. Хариуцагч нь хичээл сонголт болон хичээл эхлээгүй байхад нэхэмжлэгчийн чөлөө авах хүсэлтийг хүлээн авч үндэслэлгүйгээр татгалзсан хариуг 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдөр өгсөн атлаа хичээл эхлэх өдөр Геологийн хичээл дээр байхгүй хичээл орох боломжгүй багшийг санаатай тавьж 3 ба түүнээс дээш удаа хичээл тасалсан гэх үр дагаврыг хариуцагч өөрийн үйлдлээр хийсэн гэх давж заалдах гомдол үндэслэлгүй болно. /б/.

 

Нэхэмжлэгч А.О-ийг Хөдөлмөрийн дотоод журмын 7.1.7-д чөлөө олгох тушаалыг нөхөн гаргах, тушаал гаргаагүй байхад чөлөө эхүүлэхийг хориглоно гэсэн зохицуулалтыг зөрчсөн гэж үзнэ.

 

Учир нь ажилтан А.Онь ажил олгогчийн зүгээс чөлөө өгөх эсэх асуудлыг шийдвэрлэхээс хөдөлмөрийн дотоод журмыг зөрчин ажлаа орхин явсны улмаас өнөөг хүртэл ажилдаа ирээгүй болох нь хэргийн баримтууд болон зохигчдын тайлбараар тогтоогджээ. /1 дүгээр хавтасны хх-149-162 дахь тал/

 

Ийнхүү А.Оажил тасалсныг Монгол Улсын Их Сургуулийн Шинжлэх ухааны сургуулийн Захиргааны зөвлөлийн 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хуралдаж Газар зүйн тэнхимийн багш А.О-ийг ажлаас чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэж Газар зүйн тэнхимийн дэд профессор А.О-ийг 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс ажлаас бүрмөсөн чөлөөлөх саналыг Захиргаа хүний нөөцийн газарт хүргүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Тус сургуулийн Хөдөлмөрийн дотоод журмыг А.Озөрчсөнөөс гадна 2021 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс өнөөг хүртэл ажлаас чөлөө өгөөгүй байхад ажилдаа ирээгүй ажил тасалсан тул Хөдөлмөрийн гэрээний 5.5.2 дахь хэсгийн 3 дах заалтыг зөрчиж хөдөлмөрийн гэрээгээр нэрлэн заасан ноцтой зөрчлийг гаргасан гэж үзнэ.

 

Хариуцагч байгууллагын зүгээс нэхэмжлэгч А.О-тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилагаар цуцалсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасантай нийцжээ. Энэ талаар шүүх зөв дүгнэжээ. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн хөдөлмөрийн дотоод журмын 7.1.7-д чөлөө олгох тушаалыг нөхөн гаргах, тушаал гаргаагүй байхад чөлөө эхүүлэхийг хориглоно гэсэн зохицуулалтыг зөрчсөн байхыг үгүйсгэхгүй. Дээрх зохицуулалтыг зөрчсөн нь ноцтой зөрчил биш байхад ноцтой зөрчил гэж дүгнэж үндэслэлгүй шийдвэр гаргасан. Учир нь уг зөрчилд сахилгын арга хэмжээ авахаас хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болохгүй гэх агуулга бүхий давж заалдах гомдол үндэслэлгүй болно. /a/.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн Б/80 тоот тушаал нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тул шийдвэрлэх шаардлагагүй болно.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад найруулгын өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 181/ШШ2021/01869 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40 дүгээр зүйлийн 40.1.4, 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан хариуцагч МУИС-д холбогдуулан гаргасан шийдвэрийг хүчингүй болгуулж, Шинжлэх ухааны сургуулийн Байгалийн ухааны салбарын Газар зүйн тэнхимийн дэд профессорын албан тушаалд эгүүлэн тогтоолгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр нөхөн төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч МУИС-д даалгуулах тухай нэхэмжлэгч А.О-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурьдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

 

ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ