Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 2024/ДШМ/815

 

  2024           07            09                                          2024/ДШМ/815

 

Д.М-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Д.Мөнхөө, шүүгч М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Энхбаяр,

шүүгдэгч Д.М, түүний өмгөөлөгч Т.Мөнхтуяа,   

нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Түмэннаст даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 2024/ШЦТ/476 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Д.М, шүүгдэгч Д.М, түүний өмгөөлөгч Т.Мөнхтуяа нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Д.М-д холбогдох 2306 00000 2666 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.      

Б овгийн Д-н М, .... оны .. дүгээр сарын ..-ны өдөр ....... төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, “Ш г” ХХК-д туслах ажилтан, ам бүл 5, эмэг эх, өвөг эцэг, дүү нарын хамт ............... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: .........../;  

Шүүгдэгч Д.М нь 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдрөөс 2023 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн хооронд нийт 4 удаагийн үйлдлээр Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” худалдааны төвийн 6 давхарт үйл ажиллагаа явуулдаг “Б с” аяллын дэлгүүрийн агуулахад нэвтрэн орж уурган гэрэл, гудас зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч нийт 15.637.600 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Д.М-н үйлдлийг Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Д.М-г үргэлжилсэн үйлдлээр “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэргийг “хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч” үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, шүүгдэгч Д.М-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хоёр ширхэг флашийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт хадгалах хугацаагаар хэрэгт хавсаргаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.М-с 15.637.600 төгрөгийг гаргуулан хохирогч Д.М-т олгож, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Хохирогч Д.М тус шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “... Д.М нь манай дэлгүүрт учруулсан хохирол төлбөр болох 15.637.600 төгрөгийг бүрэн барагдуулсан тул цаашид нэхэмжлэх зүйлгүй. Иймд оногдуулсан ялыг багасгаж өгнө үү. ...” гэжээ.

Шүүгдэгч Д.М давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний бие бага наснаас өнчин үлдэж, өөрийн төрсөн 10-14 насны хоёр дүүгийн хамт нагац эгч дээрээ амьдарч ирсэн. Үйлдсэн хэрэгт чин сэтгэлээсээ гэмшиж байна. Миний хийсэн хэргийг зөв шийдвэрлэсэн гэж үзэж байна. Анх удаа шүүхээр шийтгүүлсэн, мөн ажилгүй, санхүүгийн боломжгүй байдлаас болж анхан шатны шүүх дээр төлбөрийг төлөөгүй байсан. Миний нагац эгч Н нь 15.637.600 төгрөгийн төлбөрийг бүрэн төлсөн. Би дахин гэмт хэрэг үйлдэхгүй, миний хоёр дүүг надаас өөр харж хандах хүнгүй, тэдний минь амьдрал хүнд байдалд ороод байна. Шийтгэх тогтоолын 2 дахь хэсэгт надад 3 жил 5 сар хорих ял оногдуулсныг хөнгөрүүлж багасгаж өгнө үү. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөхөөр заасан. Иймд анхан шатны шүүх дээр төлбөрийг төлөх боломж байгаагүй, эгч маань төлбөрийг бүрэн төлсөн тул миний 3 жил 5 сарын хорих ялыг 1 жил болгож өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Д.М-н өмгөөлөгч Т.Мөнхтуяа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Д.М нь гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа болно. Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар Д.М-г 3 жил 5 сарын хорих ялаар шийтгүүлснийг Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасан гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх зохицуулсан бөгөөд уг зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалт “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл хэсэг заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрын нэгээс багагүй ял оногдуулах”-аар заасан. Түүний нагац эгч Ч.Н нь хохирогч Д.М-т хохирлыг 2024 оны 06 дугаар сарын 28-ны өдөр бүрэн төлсөн байгааг харгалзан үзэж, анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг 1 жилийн хугацаагаар сольж хөнгөрүүлэн шийдвэрлэж өгнө үү. Д.М-н ээж нь өсвөр насан дээр хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн, Д.М нь 10-14 насны эрэгтэй, эмэгтэй хоёр дүүгийн хамтаар нагац эгчтэйгээ хамтран амьдарч байгаа, анх удаа гэмт хэрэгт холбогдсон, хохирол төлбөр төлсөн зэргийг харгалзан үзэж, ял шийтгэлийг багасгаж өгнө үү. ...” гэв.

Прокурор Д.Энхбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Шүүгдэгч Д.М нь нийт 4 удаагийн үйлдлээр бусдад 15.637.600 төгрөгийн хохирол учруулсан. Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар түүнд 3 жил 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, гэм бурууд тохирсон гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Шүүгдэгч Д.М-д нь 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдрөөс 2023 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн хооронд нийт 4 удаагийн үйлдлээр Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ... худалдааны төвийн 6 давхарт үйл ажиллагаа явуулдаг “Б с” аяллын дэлгүүрийн агуулахад нэвтрэн орж уурган гэрэл, гудас зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч нийт 15.637.600 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч Д.М-н “... 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 20 цаг 03 минутад манай дэлгүүр хаалттай байтал хөдөлгөөн мэдрэхээр нь гайхаад камераа шалгатал манайд өмнө худалдагч хийдэг байсан Д.М гэх залуу ороод ирчихсэн эд зүйл аваад гарсан тул цагдаагийн байгууллагад хандсан. ... Д.М орж ирэхдээ дэлгүүрт түлхүүрээр онгойлгож орж ирсэн, ажиллаж байх хугацаандаа хувилуулсан байх гэж бодож байна. ...” /хх 18/,

гэрч М.А-н “... Би 2023 оны 08-09 дүгээр сард нэг хайрцагтаа хоёр ширхэг байдаг тогооны ком хэрэгслээс дээд талын нэг тогоо нь алга болчихсон дотроос аваад буцаагаад боочихсон юм шиг байхаар нь М эгчээс “та авсан юм уу” гэхэд “аваагүй” гэж хэлж байсан. Тухайн тогооноос нь нэг ч зарагдаагүй юм. Үүний дараа нөгөө нэг ширхэг нь алга болсон байсан. Уурган гэрлүүд бас нэг их зарагдаагүй байхад дутчихсан юм шиг байсан. Энэ мэт зарим нэг бараа дутаад байгаа нь надад анзаарагдаад байсан. Тэгээд бараа алга болоод байхаар нь би М эгчтэй ярьж байгаад “агуулахдаа камер тавьсан нь дээр” гэж хэлээд камер тавьсны маргааш нь М гэдэг залуу агуулахад ороод бараа авсан нь бичигдсэн байсан. ...” /хх 127-128/,

шүүгдэгч Д.М-н “... Би тухайн лангуун дээр эхлээд 2 удаа орж үзгийн саванд түлхүүрээ үлдээсэн байна уу гэж үзсэн. Дараа нь нэг удаа ороод сав суулганы ком авсан. Дахиад сүүлийн нэг удаа орж сэндвич хийдэг машин аяны урт гэрэл хоёр хийлдэг гудас аваад гарсан. Би тийм зорилгоор дөрвөн удаа лангуу орсон. ...” /хх 95/ гэсэн мэдүүлгүүд,

хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн “... Бичлэгийн 02 минут 04 секундэд хар, улбар шар өнгийн цамц, цайвар өнгийн өмдтэй эрэгтэй хүн коридороор алхаж байгаа нь бичигдсэн байна. Уг эрэгтэй хүн цайвар шаргал өнгийн эд зүйлийг ганцаараа өргөөд явж өнгөрч байв. ... Дараагийн бичлэг нь 22 секунд үргэлжлэх бичлэг байх ба өмнөх бичлэгт байсан эрэгтэй хүн гараараа эд зүйл барьсан байдалтай алхаж өнгөрч байгаа нь бичигджээ. ... агуулахад нэг эрэгтэй хүн ганцаараа орж бичлэгийг 02 минут 22 секундэд баруун гартаа хоёр ширхэг нарийвтар хайрцагтай эд зүйл, зүүн гартаа гадна талдаа тогоо мэт зурагтай хайрцагтай зүйл барьж явав. Уг бичлэгийн 04 минут 43 секундэд тухайн эрэгтэй буцаж орж ирээд дахин хоёр хайрцагтай эд зүйл авч явав. ... Бор өнгийн хүрэм, хар өнгийн цамцтай, хар өнгийн шорттой эрэгтэй хүн баруун гараараа тогоо мэт хайрцагтай эд зүйл аваад явж байгаа нь бичигдсэн байна. ... Тухайн этгээд ямар нэгэн зүйл гар дээрээ өргөж явж байгаа нь бичигдсэн байна. ... Тус бичлэгт өмнөх бичлэгт гарсантай ижил хувцастай хүн лангууны хажуугийн лангууны улаан өнгийн уяаг давж ороод ямар нэг зүйл аваад ирсэн зүгээсээ эсрэг тал руу нь явж байгаа бичигджээ. ... Тус эрэгтэй хүн буцаж ирээд бичлэг хийгдсэн лангууны дэргэдэх лангууны улаан өнгийн уяаг давж ороод лангууны дотор гол хэсэг байрлах цагаан өнгийн шүүгээ мэт зүйлийг онгойлгож дэргэд нь сууж байгаад 03 минут 16 секундэд босож лангуунаас гарч явав. Дараагийн бичлэгт ... өмнөх бичлэгт бичигдсэнтэй ижил алаг эрээн өнгийн цамцтай хүн тухайн бичлэгт хийгдсэн бичлэгийн хажуугийн лангууны улаан өнгийн уяаг давж ороод гол хэсэгт байрлах цагаан өнгийн шүүгээний дээд хэсэг рүү гараараа сунгаад буцаж гарч явж байв. Дараагийн бичлэгт ... өмнөх бичлэгт ижил хувцастай хүн улаан өнгийн уяаг давж ороод гол хэсэгт байрлах цагаан өнгийн шүүгээний дээд хэсэг рүү гараа сунгаад ямар нэгэн зүйл авах шиг болоод буцаж гарч байгаа нь бичигджээ. ...” гэсэн мөрдөгчийн тэмдэглэл, уг ажиллагааг бэхжүүлэн гэрэл зургийн үзүүлэлт /хх 9-13, 80-89/,

хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 114-117/, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 98-104/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 24, 26/ зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх шүүгдэгч Д.М-г үргэлжилсэн үйлдлээр “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэргийг “хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч” үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу хохирогч болон шүүгдэгчийн тайлбар, улсын яллагчийн дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтуудыг харьцуулан үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч Д.М-н үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчилсэн нь Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзэв.

Түүнчлэн, анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.М-н гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцжээ.  

Гэвч, шүүгдэгч Д.М-н хувийн байдал болон тэрээр анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хохирогч Д.М-н “хохирол бүрэн барагдуулсан тул гомдолгүй, оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү” гэсэн хүсэлт зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгчид анхан шатны шүүхээс оногдуулсан 3 жил 5 сарын хорих ялыг 1 жил 5 сарын хорих ял болгон хөнгөрүүлэх боломжтой гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иймд ял шийтгэлийг хөнгөрүүлэх талаарх шүүгдэгч Д.М-н гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно...” гэсний дагуу шүүгдэгч Д.М нь 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөс хойш нийт 70 хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 2024/ШЦТ/476 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Д.М-д 03 жил 05 сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.” гэснийг   “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Д.М-г 1 /нэг/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.” гэж өөрчлөн, тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгч Д.М нь гэмт хэргийн улмаас учруулсан хохиролдоо хохирогч Д.М-т 15.637.600 /арван таван сая зургаан зуун гучин долоон мянга зургаан зуу/ төгрөгийг нөхөн төлснийг дурдсугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М нь 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөс 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл нийт 70 /дал/ хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

4. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                            Л.ДАРЬСҮРЭН

ШҮҮГЧ                                                            Д.МӨНХӨӨ           

ШҮҮГЧ                                                            М.АЛДАР