Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 38

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Нарантуяа даргалж, шүүгч Г.Сарантуяа, шүүгч Б.Эрдэнэмөнх нарын бүрэлдэхүүнтэй,

Иргэдийн төлөөлөгч Э.Эрдэнэчулуун,

Нарийн бичгийн дарга С.Цэнд-Аюуш,

Улсын яллагч Н.Бадам,

Хохирогчийн өмгөөлөгч П.Буманзаяа,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Цуурай, Д.Даваахүү,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар   

            Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Зуураг овогт *******д холбогдох эрүүгийн 201618010134 дугаартай хэргийг 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан шийдвэрлэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 000 оны 00 дүгээр сарын 00-ний өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, яс үндэс дөрвөд, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сум, 0 дугаар баг, 0-004 тоотод оршин суух хаягтай, урьд 2009 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Дархан сум дундын шүүхийн 103 дугаартай тогтоолоор /2002 оны/ Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ял шийтгүүлж, 2009 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар өршөөн суллагдсан, Зуутраг овгийн ******* *******.

Үйлдсэн хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч ******* нь 2016 оны 10 дугаар сарын 13-ны орой Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон 3 дугаар багийн нутагт “Нарст” гэх газарт хутга хэрэглэн иргэн *******г хутгалж биед нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, гэрч нарын өгсөн мэдүүлэг, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримт зэргийг шинжлэн судлавал:

Нэг. Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2016 оны 10 дугаар сарын 13-ны орой 17-18 цагийн орчимд санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчдаж хохирогч *******гийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь:

     Шүүхийн хэлэлцүүлэгт:

            Шүүгдэгч *******ы өгсөн: 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Сайхан суманд байж байгаад цаашаа хүнд хонь аваачиж өгөх ёстой байсан юм. Тэгээд хүнээс мотоцикль гуйхад эзэн нь явахгүй гэхээр нь Төмөрбаатарыг гуйгаад хонио аваад Салхит руу явсан. Цаашаа явж байтал Төмөрбаатар гүүрэн дээгүүр явж чадахгүй гэсэн. Мөнхжаргал гэрийнхээ гадаа байж байхаар нь гуйгаад Салхит руу хонио оруулж өгчихөөд явах гэтэл Мөнхжаргал эндээс нэг шил архи олж ууя гээд дэлгүүрээс зээлэх гэтэл архи өгөөгүй. Тэгэхээр нь би тэгвэл яах юм бэ явъя гээд байж байтал Аманжол урдаас согтуу машинтай давхиж ирсэн. Аманжолын машин дээр нь ачсан байсан сул хийтэй дугуйнууд нь бид хоёрын хажуугаар өнхөрч ирээд бараг дайрахаа шахсан. Аманжол гурвуулаа ийшээ айлд очъё. Мотоциклийг чинь дээр аччихъя гэхээр нь ачсан. Аманжол нэг дэлгүүр рүү ороод 2 шил Болор архи аваад Салхитын төмөр замын цагдаагийнд орсон. Би Мөнхжаргалаас миний мотоциклийн түлхүүрийг өгчих. Би явж байя. Та нар ор гэсэн чинь яах юм бэ хамт явъя. Тэртээ тэргүй таны мотоциклийг ачаад явчих юм чинь гээд түлхүүр өгөхгүй байсан. Тэд нар айл руу ороод би гадаа нь хүлээгээд нилээд удаад байхаар нь яваад ортол тэд нар архиа талаас нь доошоо ортол уусан байсан. Надад архи хийж өгөөд би архинаас нь 2 уусан. Мөнхжаргал, Аманжол бид гурав гараад мотоциклио ачаад явсан. Аманжол, Мөнхжаргал хоёр баз хүргэнүүд юм. Замдаа намар хадланд гарсан өвснийхөө тооцоон дээрээс хэрэлдээд хоорондоо хэл амаар доромжлолцоод нэгнийгээ хасаг энэ тэр гэж дуудалцаж явж байгаад гүүрэн дээгүүр гарахад Уянга гэж хүүхнийг Ганхуяг сундалчихсан явж байхаар нь зогсоод Уянгийг аваад цаашаа явсан. Замдаа тэр хоёр хэрэлдээд байхаар нь би та хоёр битгий хэрэлдээч нэг айлын баз хүргэнүүд байж гэж хэлсэн. Би бас нэг юм дутуу хэлчихэж. Анх мотоцикль аваад би Төмөрбаатарт өгөөд Төмөрбаатарыг буулгачихаад Мөнхжаргалыг аваад явж байхад Мөнхжаргал би таны суулгаж явж байсан Төмөрбаатарыг чинь ёстой ална гээд байхаар нь би яахаараа чамаар зүгээр байгаа хүнийг алуулж байдаг юм гэхэд Төмөрбаатар миний нэг морийг хулгай хийж аваад зарчихсан юм. Би эргэж ирж байгаад Төмөрбаатарыг ална гээд байсан. Би хүн дагуулж яваад зодуулна гэж юу байх вэ, Бид чинь бүгд нэг нутгийн хүмүүс. Юу гэж алуулдаг юм. Энэ асуудлаа боль гэхэд Мөнхжаргал би наадахыг чинь ална, заавал тооцоо бодно гээд байсан. Тэгэхээр нь би за миний дүү намайг ганц удаа бодоорой. Би чиний адуу малыг чинь чамайг бодоод хараад явж байгаа. Төмөрбаатарыг зодож зодоон цохион хийж болохгүй шүү гэж би гуйсан. Мөнхжаргал заавал Төмөрбаатартай тооцоо бодно гээд байсан. Тэгээд би мотоциклио буулгах гээд байж байтал Аманжол тэр хоёр муудалцаад Мөнхжаргал дээд талынхаа бүх хувцсыг тайлж хаяад Аманжол руу дайрсан. Тэгэнгүүт нь би мотоциклио буулгаж тавьчихаад байж байтал Мөнхжаргалын авгай ирээд Мөнхжаргалыг тэвэрч аваад миний хань тэгж болохгүй гэж хэлж байсан. Би ч гэсэн миний дүү тэгж болдоггүй юм. Нэг айлын баз хүргэнүүд байж битгий муудалц гэж хэлсэн. Тэгээд болиод гэр рүү орсон. Тэнд Төмөрбаатар, Даваалай, Түмэнбаяр нар сууж байсан. Өдөр нь би тэднийхээр очиход ямаа гаргасан байсан. Аманжол, Мөнхжаргал нар архи уугаад байж байсан. Би нөгөө хоёр азаргыг нь харчихаад яваад өгсөн. Ямааны гэдэс чанасан байхаар нь би тэрнээс нэг огтлоод байж байтал Мөнхжаргал энэ муу хулгайчийг ерөөсөө алаад өгье гээд Ганхуягийг наад муу хулгайчаа ал гээд дайраад байсан. Тэгээд Мөнхжаргал гүйж босч ирээд зодоон цохион болсон. Намайг цохиод унагаангуут нь би мөлхөөд гараад зугтаасан. Мөнхжаргал, Цолмон, Аманжол, Ганхуяг нар дайраад бөөн зодоон болсон. Би гараад мотоциклио унах гэтэл түлхүүр Мөнхжаргал өгөөгүй байсан. Би гараад зугтаахад Ганхуяг намайг араас бариад авсан. Би Ганхуягаас салаад мотоцикль дээрээ сууж байхад Мөнхжаргал том боржур шидсэн. Би ухаан алдсан байсан. Тэр хооронд юу болсныг мэдэхгүй. Мөнхжаргалын авгай Мөнхжаргалыг хориглоод дийлэхгүй байсан. Мөнхжаргал Дархадууд ямар гэдгийг харуулна, Дархадууд хүн алдгийг харуулна гээд орилоод байсан. Тэнд зодуулаад би ухаан алдсан. Мөнхжаргалын авгай та нар Цагаанаа ахыг яагаад зодож байгаа юм бэ? гээд орилж байсан. Нэг мэдэхэд би Дарханы эмнэлэг дээр оёдол хийлгээд байж байсан. Би эмнэлэгт очиход Тогосоо бил үү сайн санахгүй байна. Нэг нь ороод ирэхэд нь би та нар намайг ингэж зэрэмдэглэж байхаар алаад хаячихгүй яасан юм гэж хэлсэн. Мөнхжаргал угаасаа Төмөрбаатарыг ална гэж байсан. Тэрийгээ санаад л яваад байсан юм шиг байна лээ. Зодоон цохион тэгж л болсон. Мөнхжаргал энэ хохирогчийн төлбөр мөнгийг би бүгдийг нь хийнэ. Та энэ хэргийг даагаад өгчих. Би таны 2 жил адуу харсан мөнгө төгрөгийг бүгдийг нь төлнө, хохирлыг нь төлнө, байр түрээслэх мөнгийг нь ч гэсэн өгнө. Та санаа зоволтгүй гэж хэлсэн. Энэ хэргийг би бүгдийг нь янзлаад өгнө. Та өргөдөл гомдол гаргаад хэрэггүй. Эмнэлэгт хэвтэх хэрэггүй. Би таныг гэрээр чинь эмчилгээ хийлгээд өгнө. Даваалай, Түмэнбаяр манай авгай гурвыг тэнд байсан гэж ерөөсөө хэлж болохгүй шүү гэж надаас гуйгаад байсан. Хэрвээ байсан гээд хэлчихвэл манай авгай учир мэдэхгүй бөөн асуудал тарьчихна. Даваалайг та яаж ийж байгаад цагдаа сэргийлэхэд мэдэгдэхгүй талаас нь уулзаад өгөөрэй гэж хэлсэн. Тэгэхээр нь би Даваалайтай уулзаад цагдаад хэлэх хэрэггүй. Нэг нутаг нугын хүмүүс юм чинь Мөнхжаргалыг бодъё гэж гуйсан. Мөнхжаргал урьд нь хэд хоногийн өмнө нэг цагдааг зодсон гэж байсан. Одоо асуудал гарвал бүр баларна гэж байсан. Тэр зодоон болдог өдөр Даваалайг миний цаад талд хэвтэж байхад нь аав нь ирж авсан гэсэн. Мөнхжаргал дараа нь хадам эгч, баз хүргэнтэйгээ ирээд надаас Даваалайг цагдаад хэлүүлэхгүй байгаарай. Намайг эмнэлэгт хэвтэж болохгүй. Би энэ хэргийг танд ямар ч хамаагүй болгож өгнө. Надад таньдаг хүн байгаа. Та зүгээр л Даваалай, манай авгай нарыг тэнд байсан гэж хэлж болохгүй. Тэр Даваалай чинь хамаагүй юм яриад намайг бүр баллаад хаячихна гэж хэлсэн. Мөнхжаргал надад тус болж, нүүрс модыг чинь авч өгнө, хоёр жил адуу харсан мөнгө төгрөг, байр хоол бүгдийг нь даана тэгж хэл гээд надаас гуйгаад байсан. Сүүлд нь Мөнхжаргал утсаа ч авахгүй алга болсон. Дараа нь хадам эгчээс нь асуухад авгайгаасаа сална гээд яваад алга болсон гэж байсан. Сүүлд нь энд дуудаж ирж нэг уулзахдаа би Мөнхжаргалд за бүр болохоо байлаа. Би шоронд оронд орохдоо тулаад байна гэж хэлэхэд би аргална. Цолмонг аргалчихсан. Төрсөн ах нь Эрдэнэтэд байдаг. Би тэр ахад нь хэлээд өргөдлийг нь буцаалгачихна гэж хэлээд алга болсон. Эгчээс нь асуухад Бугант руу яваад алга болсон. Авгай хүүхдээ хаяад явсан гэж байсан. Тэгээд явж явж дээр нэг уулзахад би Цолмонтой ярьчихсан. Та санаа зоволтгүй гэж хэлсэн. Мөнхжаргал надад “Цолмон дээр 950.000 төгрөг аваад очсон чинь 2.000.000 төгрөг өг гэсэн. Тэгэхээр нь 950.000 төгрөгөн дээрээ Аксент машинаа өгье гэсэн чинь надаар малчны зээлээ төлүүлэх гээд байгаа юм шиг байна. Цолмонг би одоо ингээд хаялаа. Би 5.000.000 төгрөг өгч чадахгүй. 950.000 төгрөгөн дээр машинаа өгье гэж байхад авахгүй гэж байгаа бол надад одоо Цолмонтой ярих юм байхгүй. Одоо та хоёр өөрсдөө учраа ол” гэж хэлээд алга болсон. Би энэ хэргийг хийгээгүй. Мөнхжаргал төлбөр мөнгө бүгдийг нь хийнэ гэж хэлсэн. ...Миний хамар яз цохисон, 6 оёдол тавьсан байсан. Баруун талын нүд тагларсан, зүүн тал нь арай гайгүй байсан. Толгой хагарсан байсан. Маргааш нь толгой тархи даагдахгүй байсан. Хойно байдаг айлын эмгэнээр толгойгоо бариулсан. Энэ хэргийн улмаас миний нэг талын чих сайн сонсохгүй байгаа. Эммжж гээд эмнэлэг дээр очиж бичлэг хийлгэсэн. ...Мөнхжаргалын хэлдэг бол үнэн. Миний барьж байсан хутга биш. Мөнхжаргалын тэр хутга нь одоо хүртэл гэрт нь байгаа. Би Цолмонг хутгалсан асуудал байхгүй. Үнэнийг хэлэхэд би тухайн үед хүн хутгалах нь битгий хэл өөрийгөө авч явах чадваргүй байсан. Эд нар намайг ухаан алдчихсан байхад л эмнэлэг рүү аваад явсан. Би энэ хэргийг үнэхээр хийгээгүй, хутгалаагүй. Чих дүлий толгой өвддөг гомдол саналтай байна. Эд нар намайг нэг удаа яаж байна гэж асуугаагүй. Миний 4 хүүхдийг тэжээх хүн байхгүй. Группт орсон над шиг хүмүүсийг манаачийн ажилд л авдаг. Манаачаар оръё гэхээр дүлий гээд авдаггүй. Би гомдолтой байгаа. Хүн хутгалаагүй байж бие сэтгэлээрээ хохироод явж байна. Энэ байдлыг минь харгалзан үзэж үнэн зөвөөр нь шийдвэрлэж өгнө үү гэж хүсч байна. Эцсийн эцэст Мөнхжаргалыг бодож явсаар ийм байдалд орсондоо үнэхээр их харамсч байна. Хүн хүнээ хэзээ ч боддоггүй гэдгийг ухаарлаа. ...Би хохирол төлбөрийг цаг хугацаанд нь төлж барагдуулна. Тэнсэж хянан харгалзаж өгнө үү...”гэх мэдүүлэг,  

Гэрч *******ийн өгсөн: “2016 оны 10 дугаар сарын 13-ны өглөө Уянгыг тосохоор мотоцикльтой гарсан. Тэндээс Уянгыг тосчихоод 15 цаг өнгөрөөгөөд Мөнхжаргал ахынд ирэхэд Мөнхжаргал ахынд хүмүүс архи уугаад сууж байсан. Тэнд Цагаанаа ах, Төмөрбаатар ах, Цолмон ах, Мөнхжаргал ах, Уянга, Болдбаатар ах бид нар байсан. Намайг анх орж ирэхэд Төмөраатар хаанахын хэн гээч атаман орж ирээд муухай хараад байна гэхээр нь би төрсөн ахындаа орж ирж байна гэсэн. Тэгээд би Төмөрбаатар ахыг алгадаж авсан. Буцаад суугаад байж байтал хэрүүл болоод эхэлсэн. Эхлээд Төмөрбаатар ах гүйгээд гарсан. Араас нь Цагаанаа ах гараад Цолмон ах бид хоёр араас нь гарсан. Төмөрбаатар ах тэр чигээрээ гараад явсан байсан. Цагаанаа ах урдаас ирж байхаар нь би урдаас нь гүйгээд очиход цаашаа эргээд машины араар гүйгээд орчихсон. Тэгэхээр нь би араас нь гүйгээд тойроод очсон чинь Уянга урдаас гүйж ирэнгүүтээ миний ахыг хутгалчихсан байна гээд орилохоор нь яваад очтол Цолмон ах машины ард оччихсон машин түшчихсэн зогсож байсан. Би гүйж очоод цамцыг нь сөхөөд харахад цус гарч байхаар нь эргээд харахад Цагаанаа ах миний ард зогсож байхаар нь Цагаанаа ахыг цохисон. Тэгээд хүмүүс гүйлдэж ирээд Дархан руу явуулсан” гэх мэдүүлэг,

Гэрч *******ын өгсөн: “2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр би хадлангаас орж ирсэн. Урьд шөнө нь Цолмон, Баатар хоёр манайд ирсэн. Өглөө босоод би ямаа гаргаад гэдсээ чанаад байж байхад Цолмон нэг шил архи гаргаж ирсэн. Би зөрүүлж нэг шил архи гаргасан. Тэрийгээ уучихаад дахиж архи уух юм уу гээд Цолмонгоос асуухад ууя аваад ир гэхээр нь би Салхит орж дахиж нэг шил архи авчирч өгөөд цуг уулцсан. Байж байтал Цагаанаа ах нэг хүнтэй орж ирсэн. Хаа хүрэх гэж явж байна гэхэд адуу эргүүлэх гээд явж байна гэсэн. Тэр хоёр тэгээд гарч яваад дахиж сүүлд нь Цагаанаа ах Төмөрбаатар хоёр орж ирээд мотоцикль барьж явж чадахгүй байна. Салхит оруулаад өгөөч гэсэн. Тэгэхээр нь Салхит оруулж өгөөд Салхитаас нэг шил архи авч уусан. Манай баз бас Салхитад Портер машинтай явж байсан. Мотоциклынх нь руллийн шарик нь нурчихаад явж болохгүй байхаар нь мотоциклийг нь ачиж ирсэн. Би архи их уугаад согтолтын байдалтай байсан. Миний мэдэж байгаа зүйл энэ л байна” гэх мэдүүлэг, 

Гэрч *******ын өгсөн: “2016 оны 10 сарын сарын 13-ны өдөр Цагаан мотоцикль муухан барьдаг гээд Салхит руу хонь хүргэж өгөх гээд явсан.Тэгээд явж байгаад гүүрэн дээгүүр явж чадахгүй юм байна гэхэд Мөнхжаргалын гэрийн хажуугаар явж байхад Цагаан энд таньдаг хүн байна. Энүүгээр хүргүүлчихье. Чи энд үлдчих гэсэн. Мөнхжаргалынд очоод Мөнхжаргал Цагаанаа хоёр хонио дүүрээд цаашаагаа явсан. Би гол дээр байж байтал 2 цаг гаруйгийн дараа цаанаас мотоциклио аччихсан Портер машинтай ирээд Мөнхжаргалынд очсон. Тэгээд сууж байтал эд нар мотоциклоо буулгачихаад Мөнхжаргалынд орж ирсэн. Тэнд орж ирээд нэг шил архи задалсан. Тэрнээс нь 2,3 удаа тойруулсан байх. Гэдэс чанаад идэж эхэлж байтал Ганхуяг намайг ямар зэвүүн пизда вэ гэж хэлсэн. Гэтэл Мөнхжаргал наадахаа алаад өг гэж хэлсэн. Ганхуяг босч ирээд намайг хоёр цохисон. Цагаан боль гэж дундуур орж ирэхэд Цагаанааг Ганхуяг гэдэг залуу цохисон. Цагаанаа миний сууж байсан газар руу унасан. Хүмүүс босоод боль гээд шуугилдаад ирсэн. Би уушиг муутай, даралт ихтэй хүн болохоороо шууд гараад явсан. Би тэнд таньдаг хүн байхгүй. Таньдаг хүмүүс учраа олно биз гээд гараад явсан. Ард орилолдоод шуугилдаад үлдсэн” гэх мэдүүлэг,

            Гэрч *******ын өгсөн: “Яг хэдний өдөр байсныг санахгүй байна. Жилийн өмнөх намар байсан. Би хотоос Салхитад ахтайгаа уулзах гэж ирсэн. Зам дээрээс намайг Ганхуяг Болдбаатар хоёр тосч авсан. Гүүрэн дээр би Аманжол, Цагаан, Мөнхжаргал нарын машинд суугаад Мөнхжаргалынд ирсэн юм. Мөнхжаргалынд ирэхэд Цолмон, Мөнхжаргал, Цагаан эд нар архи ууж байсан. Сууж байтал Халх, Дархад гэсэн юм яриад маргалдаад байсан. Ганхуяг Цагааныг цохих шиг болсон. Чанга чанга орилолдоод байхаар нь би гараад гэрийн гадаа зогсож байсан чинь урдаас Цагаан гэдэг хүн хамарнаас нь цус гарчихсан миний өмнөөс гарч ирсэн. Би бүр хол хашааны цаана очоод зогсож байсан чинь Цагаан ална энэ тэр гээд муухай муухай үг хэлээд байсан. Би зөрөөд гэр рүү орох гэсэн чинь урдаас Ганхуяг Мөнхжаргал хоёр гарч ирсэн. Цагаантай цуг нэг хүн хамт гарч ирсэн. Гэхдээ би тэр хүнийг одоо мэдэхгүй байна. Би орох гэтэл манай ах Цолмон миний урдаас гарч ирэхээр нь би хорьсон боловч дийлээгүй гараад ирсэн. Тэд нар зодолдоод ч байгаа юм шиг барьцалдаад байхаар нь би гэр рүү орсон. Нэг харахад Цолмон машин түшчихсэн зогсож байсан. Би гэрт оруулах гээд харсан чинь хутгалуулчихсан байсан. Цонхоор харж байхад Ганхуяг Цагаан гэж хоёр хүн барьцалдаж байхаар нь Цолмон салгах гээд очсон. Тэгээд би ахыг оруулах гээд очиход хутгалуулчихсан байсан. Аманжол гэдэг хүнтэй эмнэлэг аваад явсан. *******аа  гэрээс гарч ирэхдээ гартаа хутгатай байсан. Би Ганзориг ахад хутга байна аваарай гэж хэлж байсан” гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтанд:

Хохирогч *******гийн өгсөн “...Би Хөвсгөл аймгаас гараад Сэлэнгэ аймгийн Хүдэр сумд самар түүж явж байгаад 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Сэлэнгэ аймгийн Хүдэр сумаас гараад орой 12 цаг болж байхад Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутаг Салхит өртөө гэдэг газарт буусан. Тэнд манай хамаатан болох Мөнхжаргал гэдэг хүн намайг тосч авсан. Тэгээд би Мөнхжаргалын гэрт очоод тэр шөнөдөө Мөнхжаргалын гэрт хоносон. Тэгээд 2016 оны 10 дугаар сарын 13-ны өглөө боссон чинь Мөнхжаргал нэг ямаа гаргаад намайг цайлсан. Тэгсэн Мөнхжаргал надад нэг шил 0.75 литрийн архи гаргаж өгсөн. Тэр архийг нь бид хоёр хувааж уусан. Тэгээд би зөрүүлээд Мөнхжаргалд 0.5 литрийн нэг шил архи гаргаж өгсөн. Тэр архийг Мөнхжаргал бид хоёр хувааж уусан. Тэгээд байж байтал Мөнхжаргал, Цагаан хоёр Салхит өртөө рүү хонь хүргэж өгөх гээд явсан. Харин би Мөнхжаргалын эхнэр Нямсайханы хамт гэрт байж байсан. Тэгээд удаагүй байж байтал Мөнхжаргал, Цагаан, Аманжол, Төмөрбаатар нар эхлээд орж ирсэн. Араас нь Ганхуяг, Болдбаатар, Уянга нар орж ирсэн. Тэгээд байж байтал Цагаан надтай маргалдаад байсан. Тэгтэл Ганхуяг нь миний холоос ирсэн ахтай маргалдлаа гээд дагуулаад гарсан. Тэгэхээр нь би араас нь гарсан чинь Ганхуяг, Цагаанаа гэдэг хүнийг доороо хийчихсэн Цагаанаагийн хамраас цус гарчихсан байж байхаар нь очоод Ганхуяг надаас болж хүн зодлоо гээд салгаад авсан чинь Цагаанаа доороос босох шиг болсон. Тэгсэн намайг хутгалчихсан байсан. Тэгэхээр нь би тэнд байсан Уянга болон бүх хүмүүст намайг Цагаанаа хутгалчихлаа гэж хэлсэн. Тэгсэн чинь Ганхуяг чи манай ахыг хутгалчихлаа гээд Цагаанааг зодсон. Тэгээд намайг Мөнхжаргалын баз болох Аманжол машиндаа суулгаад аваад явсан. Тухайн үед явахад Цагаанаа, Уянга, Болдбаатар нар хамт явсан. Миний мэдэж байгаа зүйл энэ байгаа юм. ...Тухайн үед Цагаанаагийн хамраас цус гарчихсан байсан. Тэгэхээр би Ганхуягт надаас болж хүн зодлоо гээд Ганхуягийн гаран дээрээ барьж яваад салгах гээд байж байтал Цагаанаа миний доороос өндийгөөд босох шиг болсон тэгсэн намайг хутгалчихсан байсан. Намайг гадаа байхад хутгалчихсан. ...Би 2016 оны 10 сараас хойш энэ хэрэг дээр шалгагдан яваад зардал мөнгө их гаргасан. Эрүүл мэндийн хувьд хүнд гэмтэж хохирсон. Толгой эргэж ухаан алдах гээд өвчин зовиуртай болсон. Миний хувьд гомдолтой байна. Эмчилгээний болон унааны зардал нийлээд 3 000 000 төгрөгийг Цагаанаас нэхэмжилж байна. Надад хохирлын мөнгө гэж нэг ч төгрөг өгөөгүй ”гэх мэдүүлэг/1-р хх-ийн 26-28, 2-р хх-ийн 152-153/,

Гэрч *******ын өгсөн “...Тэгээд Мөнхжаргалын гэрт нь ороод суусан чинь ширээн дээр нь нэг шил Болор архи гаргаж ирээд тавьчихсан байсан. Тэгээд тухайн архийг хоёр тойруулаад би хоёр татчихаад сууж байсан чинь гал дээрээс ямааны гэдэс гаргаж ирээд идсэн. Тэгээд сууж байсан чинь Мөнхжаргалын дүү Ганхуяг гэдэг залуу босч ирээд намайг ямар зэвүүн пизда вэ гээд хэлсэн чинь Мөнхжаргал наад пиздагаа зод гээд хэлсэн чинь Ганхуяг нь миний шанаа болон толгой руу цохиод зодсон. Тэгээд байж байсан чинь Цагаанаа босч ирээд Ганхуяг гэдэг залууг салгаад авсан чинь Ганхуяг гэдэг залуу нь Цагаанааг цохиж унагаад толгой нүүрэн тус газар нь цохиод байсан. Тухайн үед би харсан чинь Цагаанаагийн хамраас цус гарч байсан. Тэгээд би айгаад гараад зугтаачихсан. Тэгээд замын машинд гар өргөж суугаад яваад өгсөн. Намайг гэрээс нь гарч байхад Мөнхжаргал, Цолмон, Ганхуяг нар бүгд босч харагдсан. Тэгээд би гэрээс нь гарахад ална гээд бөөн орилоон болж байсан. Ер нь бол болсон зүйл энэ байгаа юм...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 36 хуудас/,

Гэрч *******ын өгсөн “...Тэгээд байж байтал Цагаанаа ах Цолмон ах нар халх, дархад гээд муудалцахаар нь тэр хэдээс холдоод утсаар оролдоод сууж байсан. Тэгсэн чинь Ганхуяг ах Цагаанаа гэдэг ахын нүүр лүү цохисон. Тэгсэн чинь Цагаанаа ахын хамраас цус гарсан. Тэгээд байшингаас гараад гүйсэн. Тэгсэн араас Мөнхжаргал, Ганхуяг, Цолмон ах нар араас гарсан. Тэгсэн Уянга гаднаас орж ирээд Ганхуяг ах, Цагаанаа ах хоёр зодолдоод байна гэж хэлээд Уянга гараад явчихсан юм. Би Уянгын араас гарсан чинь Уянга миний ахыг хутгалчихсан байна гэж орилсон. Тэгсэн Цолмон ах машин түшээд зогсож байсан. ...Тэгээд байж байхад Уянга би гарлаа гээд Мөнхжаргал ахын гэрээс гарахаар нь би Уянгын араас гарсан чинь Уянга миний ахыг хутгалчихсан байна ш дээ гээд орилоод уйлаад байсан. ...Намайг Мөнхжаргал ахын гэрт байхад Цагаан ахыг манай ах Ганхуягаас өөр хүн зодож цохисон зүйл болоогүй. Ганхуяг ах Цагаан ахыг цохих үед ямар байсан хамраас нь цус гарах үед Цагаан ах хамраа дараад Мөнхжаргал ахын гэрээс гараад гүйсэн.” гэх мэдүүлэг / 1 хх-ийн 43, 2-р хх-55-р хуудас/,

Гэрч *******ын өгсөн “...Тэгээд гадаа гарчихаад эргээд гэр рүү орох гэсэн чинь Цагаанаа гэдэг хүний хамраас цус гарчихсан миний урдаас гараад ирсэн. Цагаанаа гэдэг хүний араас алаг нүдтэй танихгүй хүн гарсан. Тэгээд би үүдэнд зогсож байсан чинь Ганзориг ах мотоцикльтойгоо хүрч ирсэн. Тэгэхээр нь би Ганзориг ах дээр очих гээд явж байсан чинь Цагаанаа гэдэг  баруун гартаа хутга барьчихсан явж байхаар нь Ганзориг ахдаа хутгыг нь аваарай гэж хэлсэн. Тэгсэн чинь Ганзориг ах мотоцикль дээрээс буугаад Цагаанаа гэдэг хүн рүү явсан. Харин би эргээд байшингийн хаалган дээр очсон чинь урдаас Ганхуяг ах гарч ирэхээр нь би урдаас нь хаалгыг дарсан чинь дийлэхгүй болохоор нь Ганзориг ахыг дуудсан чинь Ганзориг ах хүрч ирээд бид хоёр дараад дийлэхгүй Ганхуяг ах гарч ирээд Цагаанаа гэдэг хүн дээр очсон чинь араас Ганзориг ах очихоор нь би байшин рүү орсон чинь манай ах Цолмон өөдөөс гараад ирэхээр нь хаалгыг дарсан дийлэхгүй байсан. Цолмон ах гарсан би зөрөөд байшин руу ороод цонхон дээр очоод зогссон чинь манай ах Цолмон машин налаад доошоо тонгойгоод зогсоод байхаар нь би гараад ахыгаа оруулах гэсэн чинь манай Цолмонг Цагаанаа хутгалчихсан байсан. ....” гэх мэдүүлэг /1 хх-ийн 38-40/, 

Иргэний нэхэмжлэгч Б.Булгансайханы өгсөн“...Цэнхэр өнгийн Дакар маркийн мотоцикль байгаа. Улсын дугаар байхгүй байгаа... Би 2016 оны намар сайн санахгүй байна. Цагаанаа над дээр ирээд Салхит руу хонь хүргэж өгнө гээд гуйгаад байхаар нь өгчихсөн юм... Дархан-Уул аймгийн Малчин гэх дэлгүүрээс 1 600 000 төгрөгөөр 2016 оны хавар шинээр авч байсан... Миний мотоциклийн гар нь далийгаад банк нь дотогшоогоо хонхойсон байдалтай байсан... Банкны хонхойсон хэсгийг янзлаад өгвөл өөр юм байхгүй. ...Би өөрийнхөө мотоциклоо ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй байхад нь Цагаанд өгч явуулсан. Миний мотоциклийн банк нь баруун талдаа хонхойсон байсан. Өөр эвдрэл байгаагүй. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг / 1 хх-ийн 171 хуудас, 2-р хх-ийн 60-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 10-р сарын 14-ний өдрийн 1100 дугаартай шинжээч эмч Д.Туяагийн “...1.*******ы биед тархи доргилт, хамрын таславчны мурийлт, нүүрний шарх, цус хуралт, 3 шүдний хазах хэсгийн эмтрэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин зүйлээр үүсгэгдэх боломжтой.

3.Уг гэмтэл нь ГЗТЖурмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно...” гэх дүгнэлт / 1 хх-ийн 50/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Э.Отгончимэгийн 2016 оны 10-р сарын 28-ны өдрийн 1145 дугаартай“...1. *******гийн биед цээж хэвлийн нэвтэрсэн  шарх, цээжний зүүн талд хий, цус мөн хэвлийд цус хуралдсан, хагалгааны дараах байдал, бүсэлхийд цус хуралттай шинэ гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь 2016.10.13-ний өдөр үүсэх боломжтой.

2.Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой

3.Дээрх гэмтэл нь ГЗТЖ-н 3.1.11-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт / 1 хх-ийн 59 хуудас/,

Хэрэг учралын газарт  үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх-ийн 5-6 хуудас/, гэрийн байдлыг харуулсан фото зураг /1 хх-ийн 7-8 хуудас/, хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/1 хх-ийн 18-19 хуудас/, 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн эд мөрийн баримтаар авсан хутга /1 хх-ийн 20 дугаар хуудас/, 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн эд зүйл хураан авсан тэмдэглэл /1 хх-ийн 21 дүгээр хуудас/, согтуурал шалгасан тэмдэглэл / 1 хх-ийн 23 дугаар хуудас/,

*******д хийсэн хагалгааны талаарх тэмдэглэлүүд /1 хх-ийн 62-91 дугаар хуудас/, Дархан-Уул аймгийн засаг даргын тодорхойлолт /1 хх-ийн 128 дугаар хуудас/, ял шалгах хуудас /1 хх-ийн 145 дүгээр хуудас/-р тогтоогдож байна.  

Улсын яллагч гэм буруугийн талаарх дүгнэлтдээ:  Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор Н.Бадам би Прокурорын байгууллагын тухай хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг удирдлага болгон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон *******д холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд оролцож дүгнэлт гаргаж байна. ******* нь 2016 оны 10 сарын 13-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон 3-р багийн Нарст гэх газарт хутга хэрэглэж иргэн *******гийн биед хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрч хохирогч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, эд мөрийн баримтаар хурааж авсан хутга, эд мөрийн баримт хурааж авсан тэмдэглэл зэргээр тогтоогдож байна гэж үзэж байна. Түүнийг хутга хэрэглэн хүний биед хүнд хохирол санаатай учруулсан хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах саналтай байна. Гэмт хэргийн улмаас иргэн Цолмонгийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогддог бөгөөд хохирол төлбөрт 3.000.000 төгрөг нэхэмжилснээс 1.7 сая төгрөгний баримт хэрэгт авагдсан байдаг. Шүүгдэгч ******* ямар нэгэн хохирол төлбөр төлсөн асуудал байхгүй байна.”гэв.

Хохирогчийн өмгөөлөгч гэм буруугийн талаархи дүгнэлтдээ: “Өнөөдрийн шүүх хуралдаанаар хохирогч *******гийн эрх ашгийг хамгаалж өмгөөлөгчөөр оролцож байна. 2016 оны 10 сарын 13-ны өдөр Цагаанд хутгалуулсан гэж Цолмон мэдүүлдэг. Хэрэгт авагдсан баримтаас харахад 1.778.735 төгрөгний баримт гаргаж өгсөн. Өөрөө цаашид эмчлүүлэх шаардлагатай тул 3.000.000 төгрөг нэхэмжилдэг. Зүйлчлэлийн хувьд улсын яллагчтай санал нэг байна” гэв.

Шүүгдэгч *******ы өмгөөлөгч Д.Даваахүү гэм буруугийн талаар:

 “Цуурай өмгөөлөгчтэй санал нэг байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.16 дугаар зүйлийн 2-т зааснаар гэмт хэрэг гарсан байдал, хэн үйлдсэн гэдэг нь тогтоогдоогүй гэж үзэж байгаа. Хохирогчийн мэдүүлгээр намайг зодлоо гээд Ганхуяг намайг өмөөрөөд Цагааны дээрээс дарчихсан цохиж зодож байхад нь би очоод салгах гэтэл Цагаан өндийх шиг болоход би хатгагдчихсан байсан гэж мэдүүлдэг боловч Ганхуягийн өнөөдөр өгсөн мэдүүлгээр тэр нөхцөл байдал үгүйсгэгдэж байна гэж үзэж байна. Ганхуяг тухайн үед Цагааны гарт хутга байгаагүй гэж мэдүүлдэг. 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр өгсөн 1-р хх-ийн 28-29-р хуудсанд байгаа мэдүүлэгт Ганхуяг Цагааныг доороо оруулчихсан нэг гараараа заамдаад зогсож байсан гэдэг. Доороо оруулчихаад гэхээр газар унагаагаад дээрээс нь дарчихсан гэж ойлгогдохоор байхад заамдаад зогсож байсан гэхээр унаагүй зогсож байсан юм шиг ойлгогдож байна. Мөн 2016 оны 05 сарын 13-ны өдөр өгсөн мэдүүлэгт доороо оруулчихаад нэг гараараа заамдаад зогсож байсан гэсэн байгаа. Цолмон очоод Ганхуягийн гаран дээрээс бариад салгах гэж байтал Цагаан өндийх шиг болсон. Тэгээд намайг хутгалчихсан гэсэн байгаа. 2-р хх-ийн 66-р хуудсанд байгаа мэдүүлэгт Ганхуяг Цагааны мөрөн дээрээс нь барьчихсан цохиж байсан гэж байгаа. Тэгэхээр энэ хоёр дээр доороо орсон газар хэвтсэн биш босоогоороо байсан юм шиг харагдаад байгаа. Хэрвээ босоогоороо байсан бол хэдийд нь яаж хутгалсан гэдэг нь тодорхойгүй байгаа. Ингэж Цолмонгийн мэдүүлгүүд өөр хоорондоо зөрүүтэй байгаад байгаа. Энэ мэдүүлгүүд нь мөн бусад нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байгаа. Гэрч Ганзориг Уянга Ганхуяг нарын мэдүүлгүүдээр үгүйсгэгдэж байгаа. Үнэхээр Цагаан хутгалсан гэдэг нь хангалттай нотлон тогтоогдохгүй байна гэж үзэж байгаа. 1-р хх-ийн 173-р хуудсанд Ганзориг гэдэг хүн Уянгаа бид хоёр хаалгыг нь дийлээгүй. Ганхуяг Цолмон хоёр Цагааны дээр очиж хутгыг нь авах гээд явсан. Ганхуяг Цагаан хоёр зодолдож байхаар нь би салгах гээд оролдож байсан. Гэтэл гэрээс Уянга агаа хутгалуулчихлаа гээд гүйгээд гараад ирсэн гэж мэдүүлдэг. Тэгэхээр Цолмонг өөр газар өөр хүн хутгалчихсан байж магадгүй гэсэн зүйл Ганзоригийн мэдүүлгээс харагдаж байгаа. Энэ хутган дээр Цолмонгийн цус байсан уу, Цагаан, Мөнхжаргал нарын гарын хээ байсан уу гэдгийг судалж тогтоосон зүйл байхгүй. Уянгын мэдүүлэгт ч гэсэн зөрүүтэй асуудлууд байгаа. Мэдүүлгүүд бүгд хоорондоо зөрүүтэй. Зөрүүгүй нэг нэгнийгээ нотолсон мэдүүлэг байхгүй. Тэгэхээр энэ хэргийг хэн үйлдсэн гэдэг нь тогтоогдоогүй байгаа тул Цагааныг гэм буруугүйд тооцож өгнө үү”гэв.

Шүүгдэгч *******ы өмгөөлөгч Л.Цуурай гэм буруугийн талаар:

 “Өнөөдрийн шүүх хуралдаанд *******ы хууль ёсны эрх ашгийг хамгаалж өмгөөлөгчөөр оролцож байна. Би шүүх хуралдаанаас өмнө цагаатгах талыг баримталж ажиллана гэдгээ хэлсэн. Шүүхийн хэлэлцүүлгээр энэ асуудлыг бүрэн дүүрэн цаг хугацаа хязгаарлалгүй нухацтай авч хэлэлцлээ гэж үзэж байна. Шүүгдэгчийг цагаатгах байр сууринаас өмгөөллийн үгээ хэлнэ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6-д Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх, 1.7-д хэргийн бодит нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтоох гэсэн заалтууд байгаа. Хуульч бид энэ хуулийг баримталж ажиллах ёстой. Энэ асуудлыг прокурор, мөрдөгч нар хуульд зааснаар туйлын хангалтгүй, хариуцлагагүй хандаж бүрэн гүйцэт тогтоож чадсангүй гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар юуг нотолсон байх ёстой вэ гэдгийг анхаарч үзэх ёстой. Энэ хэргийг хэн үйлдсэн, хэзээ ямар нөхцөлд үйлдсэн гэдэг талаар огт нотлогдоогүй байгаа. Гол гэрчүүд шүүх хуралдаанд орсон. Энэ гэрчүүд бүгд мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадахгүй байгаа. Хэн нь ч яг хутгалж байхыг хараагүй байгаа. Ямар хутгаар, хэзээ яаж гэдгээ хохирогч ******* өөрөө ч бүрэн дүүрэн хэлж чадахгүй байгаа. Улсын яллагч өөрөө бүрэн дүүрэн тогтоосон гэж хэлээд байгаа. Энэ хутга хэний, хаанаас авсан хутга гэдэг нь тодорхойгүй байгаа. Энэ хутганд ямар нэгэн шинжилгээ хийгээгүй. Цагааны хурууны хээг хутган дээрээс олоогүй. Эд мөрийн баримтанд ингэж үзлэг хийнэ гэж байхгүй. Шинжлэн ухааны үндэслэлтэйгээр шинжилгээ хийх ёстой. Гэрч хохирогч нар ах дүү хүмүүс байгаа. Цагааны гэмтэл бэртэл авсан зураг нь хавтаст хэрэгт байгаа. Тэгэхэд эдгээр гэрчүүдийн хэн нь ч Цагааны энэ байдлыг ярихгүй байгаа. Энэ хүний эрх ашиг үнэхээр зөрчигдөж байгаа. Адилхан зодуулсан байгааг нь хэлэхгүй мөртлөө үгийг нь үг болгож яриад байгаа. Тэгэхээр би эдгээр гэрч нарыг бүгдийг нь худлаа ярьж байна гэж үзэж байна. Гэрчүүдийн мэдүүлгүүд маш их зөрүүтэй байгаа. Ийм нөхцөл байдалд хүнийг хүнд гэмт хэрэгт холбогдуулж болохгүй гэж үзэж байна. Цагааны гэм буруугийн талаар ярихад энэ хүнийг өнөөдөр гэм буруутай гэдгийг нотолсон нотлох баримт байхгүй байгаа. Хутгалсан гэдгийг хэн ч хараагүй байгаа. Мэдүүлэг өгсөн гэж яллаж байна. Гэрч нарын мэдүүлгээр тогтоогдож байна гэж яриад байгаа. Цолмон намайг хутгалсан гээд байгаа боловч энэ нотлогдоогүй үгүйсгэгдэж байгаа. Ганхуяг дээр нь байж байхад гарт нь хутга байгаагүй гэж мэдүүлэг өгсөн. Цагаан хаанаас хутга олоод тэр дор нь хутгалах юм бэ? Тэгэхээр энэ бол шууд нотлогдохгүй байгаа. Хх-ийн 10,11-р хуудсанд хатгасан байх гэж мэдүүлэг өгсөн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлд сэжигтэн яллагдагч тэр хэргийг хүлээсэн ч гэсэн бусад нотлох баримтаар тогтоогдоогүй, дангаараа бол нотлох баримт болохгүй гэж байгаа. Цагаан өөрөө ямар байдалд ингэж мэдүүлэг өгсөн бэ гэдгээ ч тодорхой хэлсэн. Энэ нөхцөл байдал сая хэргийг шинжлэн судлахад тогтоогдсон гэж үзэж байгаа. Өөр хүн өмнөөс нь хохирол төлбөр төлж гүйгээд байгаа. Байхгүй гээд дурдагдахгүй байсан Нямсайхан, Даваалай, Түмэнбаяр нарын Даваалай нь хэн нэгнийх нь мэдүүлэг дээрээс харахад байсан нь харагдаж байгаа. Тэр Даваалай гэдэг хүнийг асууж байцаагаагүй. Гол асуух юмаа асуугаагүй байж энэ хүнийг ийм хүнд хэрэгт холбогдуулаад байна гэж үзэж байгаа. Энэ хүнийг гэм буруутай гэж үзэх ямар ч хууль зүйн үндэслэл байхгүй байна. Тиймээс *******ыг гэм буруугүй гэж үзэж байна” гэв.

Иргэдийн төлөөлөгч шүүгдэгчийн гэм буруугийн талаархи дүгнэлтдээ: “Гадны хүчин зүйлээс /цохилт, доргилт/ болж ухаан самуурч биеэ хамгаалах аргагүй хамгаалалтыг авсан байх магадлалтай гэсэн хэдий ч уг хэрэг нь бүрэн нотлож чадаагүй тул гэм буруугүй гэж үзэж байна” гэв.

Улсын яллагч шүүгдэгч *******ыг  2016 оны 10 дугаар сарын 13-ны орой Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон 3 дугаар багийн нутаг “нарст” гэх газарт хутга хэрэглэн иргэн *******г хутгалж биед нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах  үндэслэлтэй гэж яллаж байна.

Хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлахад тухайн гэмт хэрэг гардаг өдөр гэрч *******ын гэрт *******, *******, *******, *******, ******* нар архи ууж улмаар *******ыг ******* зодсон болох нь гэрч *******ын мөрдөн байцаалтад өгсөн “... ямар зэвүүн пизда вэ гэж хэлсэн чинь Мөнхжаргал наад пиздаагаа зод гэж хэлсэн чинь Ганхуяг миний шанаа болон толгой руу цохиж зодсон. Тэгээд байж байсан чинь *******аа босч ирээд ******* гэдэг залууг салгаад авсан чинь ******* гэдэг залуу Цагаанааг цохиж унагаагаад толгой нүүрэн тус газарт нь цохиод зодоод байсан...” /хавтас-1, хуудас 36 ар тал/ гэх мэдүүлэг нь шүүгдэгч *******ы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн“...*******ыг эхлээд Ганхуяг цохьсон. ******* тэгэхэд наадахаа алаад өг гээд орилоод байсан. Тэгээд би дундуур нь ороход эд нар бүгд босч ирээд зодоон болсон. Намайг дагз руу нэг цохиод унагаасан. Миний мэдэхийн миний хамар луу түрийг нь эргүүлсэн гуталтай хүн өшиглөсөн. Тэгээд би доошоо хараад нүдүүлээд гараад зугтаасан” гэх мэдүүлэгтэй тохирч байгаа бөгөөд хохирогч *******гийн 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдөр шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгт “...Би бакалтай явсан. Бакалын түрийг эргүүлсэн байсан... “гэж мэдүүлсэн мэдүүлгээс хохирогч ******* шүүгдэгч *******ы нүүрэн тус газарт бакал гуталтай хөлөөрөө өшиглөсөн болох нь тогтоогдож байна. 2 дугаар хавтасны 68 дугаар хуудаст шүүгдэгч *******ыг хохирогч *******, ******* нарт зодуулсны дараа авахуулсан зураг/2-р хх-ийн 68/-т авагдсан бөгөөд зодуулсны дараах байдлыг 10 дугаар сарын 14-ний өдрийн 1100  дугаартай дүгнэлтээр “тархи доргилт, хамрын таславчны мурийлт, нүүрний шарх, цус хуралт, 3 шүдний хазах хэсгийн  гэмтэл учирсан” гэж дүгнэжээ.

Эдгээр байдлаас дүгнэхэд шүүгдэгч *******ы эрүүл мэндийн эсрэг  ******* хүч хэрэглэн зодож, дахин хүч хэрэглэж зодохоор *******, ******* нар *******ыг элдэж хөөсөн байна. Улмаар ******* *******ыг унагааж дээр нь суугаад нүүр лүү цохиход хохирогч *******г хутгалсан болох нь “хохирогчийн 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн шүүх хуралдаан дээр өгсөн...******* *******ыг цохьсон. *******ы нүүрэн тус газар нь цохиод цус гараад тэр чигээрээ гараад явсан. Би араас нь гарах гэхэд манай дүү хаалга дараад гарахгүй байсан. Би гараад очиход *******ы хамраас цус гарсан *******ийн дор орсон цохиулж байгаа харагдсан. Надаас болж хүн зодлоо боль гээд би *******ийг барьж авсан. ******* миний гараас татах хооронд *******ы хамраас нь цус гарч байсан. ******* босч ирэх шиг болсон тэгээд хутгалсан...“ гэх мэдүүлгээр тогтоогдож байна.

Шүүгдэгч өөрийнхөө амь насанд аюул учирч болзошгүй байдлаас зугтааж гэрээс гарсан байхад *******, *******, ******* /нагацууд/ нар *******ыг хүч хэрэглэн зодохоор дайрсан байдал нь энэ гэмт хэрэг гарах нөхцөл болсон. Хохирогч, түүний ах дүү нарын хууль бус, зүй бус үйлдлийн улмаас шүүгдэгч санаа сэтгэлийн гэнэтийн цочролд автаж өөрийн амь насыг хамгаалах үүднээс хохирогч *******г хутгалж хүнд гэмтэл учруулсан гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ. Иймд иргэдийн төлөөлөгчийн шүүгдэгч *******ы үйлдэл нь гэм буруугүй гэж дүгнэж байгааг хүлээн авах боломжгүй байна.

Хэдийгээр шүүгдэгч ******* миний гарт хутга байгаагүй гэж байгаа боловч гэрч *******ын шүүхийн хэлэлцүүлэг өгсөн“...Ганзориг ах дээр очих гээд явж байхад Цагаанаа баруун гартаа хутга барьчихсан байхаар нь би Ганзориг ахад хутга аваарай гэж хэлсэн...” гэх мэдүүлгээр шүүгдэгчийн гарт хутга байсан болох нь тогтоогдож байна.

Шүүгдэгчийн энэ гэмт үйлдлийн улмаас хохирогчийн биед хүнд гэмтэл учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Э.Отгончимэгийн 2016 оны 10-р сарын 28-ны өдрийн 1145 дугаартай “...1. *******гийн биед цээж хэвлийн нэвтэрсэн  шарх, цээжний зүүн талд хий, цус мөн хэвлийд цус хуралдсан, хагалгааны дараах байдал, бүсэлхийд цус хуралттай шинэ гэмтэл тогтоогдлоо.  Уг гэмтэл нь 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр үүсэх боломжтой. 2.Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3.Дээрх гэмтэл нь ГЗТЖ-н 3.1.11-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай хүнд зэрэгт хамаарна...”гэх дүгнэлт/ 1-р хх-ийн 59 хуудас/-ээр тогтоодсон. Иймд шүүгдэгч *******ыг санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хохирогч *******гийн  эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэм буруутай гэж үзлээ.

Иргэний нэхэмжлэлийн талаар:

Хохирогч ******* нь эрүүл мэндэд учирсан хохирол  3.000.000 төгрөг нэхэмжилсэн. Хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэхэд Улаанбаатар хот, Хөвсгөл, Дархан-Уул аймаг явсан замын зардал, эм тарианы зардал, хагалгааны зардал 1.016.000 төгрөг + *******гийн эхнэр, гэр бүлийн хүмүүсийг тээвэрлэсэн замын зардал 250.000 төгрөг + *******г Дархан-Уул аймагт хагалгаанд орох эмчлүүлэх зэрэгт айлын байр хөлсөлж байсан  500.000 төгрөг  нийт  1.766.000. төгрөгийг шүүгдэгч *******аас гаргуулж хохирогч *******д олгох үндэслэлтэй байна. Үлдэх бүгд 1.234.000 төгрөгийг /хоол идсэн 62.700 төгрөг, нотлох баримтгүй нэхэмжилсэн 1.171.300/ хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Иргэний нэхэмжлэгч Б.Булгансайхан иргэний нэхэмжлэл гаргаагүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болно. 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2-т зааснаар Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын прокурорын газраас шүүгдэгч *******д зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж ирүүлсэн хэргийн зүйчлэлийг Эрүүгийн хуулийн 11.2 дугаар зүйлийн 1 болгон өөрчилж,  эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн 11.2 дугаар зүйлийн 1-д “Өөрт нь, ойр дотны хүнд нь хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, нэр төр, алдар хүндийг нь гутаан доромжилсон, эрхшээл дарамтад оруулсан хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж сэтгэцийн хэвийн байдал алдагдсаны улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан бол зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж заасан.

Эрүүгийн хуулийн 2.6 дугаар зүйлийн 2-т “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” заасан. Эрүүгийн хуулийн 11.2 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг гурван жил хүртэл хугацаагаар хорих ялтай хөнгөн гэмт хэргийн ангилалд багтаж байна. Шүүгдэгч ******* нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол 1 766 000 төгрөгийг 2018 оны 06 дугаар сарын 25-ны дотор төлж барагдуулахаа илэрхийлж байгаа болно.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.1.-д” энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг гурван жил хүртэл, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол ялаас чөлөөлөх, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх” гэж заасан байгаа тул шүүгдэгч *******ы гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж байгааг харгалзан Эрүүгийн хуулийн 11.2 дугаар зүйлийн 1-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болно.

Мөрдөн байцаалтад эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цагаан шаргал өнгийн бариултай, 15.2 см ажлын хэсэгтэй, 27 см урт хэмжээтэй хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй байна.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2-т зааснаар Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын прокуророос шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 11.2 дугаар зүйлийн 1 болгон өөрчилсүгэй.

           2.Шүүгдэгч Зуутраг овогт *******ыг санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

           3.Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д заасныг журамлан *******д Эрүүгийн хуулийн 11.2 дугаар зүйлийн 1-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 02/хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

           4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д зааснаар шүүгдэгч *******ыг тэнссэн хугацаанд бүртгэл хөтлөхийг Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

           5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч *******аас 1 766 000 төгрөг гаргуулан хохирогч *******д олгож, үлдэх 1 234 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

          6.Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2.1-д зааснаар шүүгдэгч *******д гэмт хэргийн улмаас учруулсан  хохирол 1 766 000 төгрөгийг 2018 оны 06 сарын 25-ны дотор төлж барагдуулахыг үүрэг болгосугай.

          7.Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүхийн уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч *******д мэдэгдсүгэй.

           8.Энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, иргэний нэхэмжлэгч нэхэмжлэх зүйлгүй гэсэн зэргийг дурьдсугай.

           9.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цагаан шаргал өнгийн бариултай, 15.2 см ажлын хэсэгтэй, 27 см урт хэмжээтэй хутга 1 ширхэгийг устгасугай.

           10.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд үүнээс хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бичгээр үйлдэж прокурор, хэргийн оролцогчид, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгчид гардуулсугай.

           11.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл хохирогч, шүүгдэгч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолд, шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт иргэний нэхэмжлэгч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

           12.Шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаагаар шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                      ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                               А.НАРАНТУЯА

                                       ШҮҮГЧИД                               Г.САРАНТУЯА

                                                                                      Б.ЭРДЭНЭМӨНХ