Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 2024/ДШМ/816

 

 2024            07            09                                          2024/ДШМ/816

 

О.Б-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Д.Мөнхөө, шүүгч М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Энхбаяр,

шүүгдэгч О.Б,   

нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Түмэннаст даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 2024/ШЦТ/557 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Н.М-н гаргасан давж заалдах гомдлоор О.Б-д холбогдох 2306 05473 0439 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.      

Б овгийн О-н Бр, .... оны .. дугаар сарын ..-ны өдөр ..... төрсөн, .. настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, ............ ажилтай, ам бүл 3, хүүхдүүдийн хамт ..................тоотод оршин суух, /РД: ........../,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 314 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан;  

Шүүгдэгч О.Б нь 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдөр ...... дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “А” зочид буудлын саунаас нууцаар иргэн Н.М-н эзэмшлийн “Самсунг А5З” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр хулгайлан авч, 625.000 төгрөгийн хохирол учруулсан,

мөн 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн ......... дүүргийн ..дүгээр хорооны нутаг .......... тоотод хохирогч Г.Г-н эзэмшлийн “Самсунг Ультра эс23” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 4.906.655 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: О.Б-н үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч О.Б-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 700 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Г.Г-т төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б-с 625.000 төгрөгийг гаргуулан хохирогч Н.М-д олгож шийдвэрлэжээ.

Хохирогч Н.М тус шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “... Миний “Самсунг галакси А53” маркийн утсыг 1.715.000 төгрөгөөр 04 сарын 17-ны өдөр худалдаж авсан. Гэтэл мөрдөгч нарын хариуцлагагүйгээс миний утсыг шүүхэд 625.000 төгрөгөөр үнэлгээ хийснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 557 дугаар шийтгэх тогтоолоор 625.000 төгрөгөөр тогтоосон байна. Үнэн зөвөөр тогтоож өгөхийг хүсэж байна. Уг утсыг 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр “Сайн электроникс”-оос 2 жилийн хугацаатай зээлийн гэрээгээр авсан бөгөөд одоог хүртэл сар бүр 90.000 төгрөг төлдөг. Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны мөрдөгч Эрдэнэбадрах, дэслэгч Идэрсайхан нар хариуцлагагүй хандсан. ...” гэжээ.

Шүүгдэгч О.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шүүх хуралдаанд хэлэх тайлбаргүй. ...” гэв.

Прокурор Д.Энхбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Хөрөнгө үнэлгээний “Дамно” ХХК нь хохирогчийн гар утасны үнэлгээг гэмт хэрэг гарах үеийн зах зээлийн ханшаар тооцож, үнэлгээ гаргасны дагуу хохирлын хэмжээг тогтоосон. Хохирогчийг хэргийн материалтай танилцуулахаар удаа дараа дуудсан боловч тэрээр ирээгүй бөгөөд шатны шүүх хуралдаанд ч оролцоогүй. Иймд хохирогч Н.М-н гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хохирогч Н.М-н гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр шүүгдэгч О.Б-д холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Шүүгдэгч О.Б нь 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдөр ......... дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “А” зочид буудлын саунаас нууцаар иргэн Н.М-н эзэмшлийн “Самсунг А5З” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр хулгайлан авч, 625.000 төгрөгийн хохирол учруулсан,

мөн 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Баянзүрх дүүргийн 31 дүгээр хороо, 26 дугаар гудамжны 512 тоотод хохирогч Г.Г-н эзэмшлийн “Самсунг Ультра эс-23” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 4.906.655 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Н.М-н “... Би утсаа хажуудаа тавиад сауны өрөөн дотор унтаад босоод ирэхэд утас байхгүй байсан. Хяналтын камер шүүхэд ... 08 цагийн үед манай ажлын газрын О.Б гэх хүн гарч явж байсан нь хяналтын камерт бичигдсэн байсан. ...” /хх 9/,

 хохирогч Г.Г-н “... Би 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдөр О.Б-н гэрт 13 цагийн үед ороод ойр зуур юм яриад унтчихсан байсан. Тэдний хүүхэд М хичээлээс ирэхэд нь би сэрээд гар утсаа хайтал байхгүй байсан. Тэгээд утсаа олохгүй 2 хоног гар утас руугаа залгаад байсан чинь дуудаад байгаа мөртлөө авахгүй байсан. Б-с өөр хүн орж ирсэн талаар асуухад “мэдэхгүй” гээд хэлэхгүй байсан. Тэгээд Баянзүрх дүүргийн цагдаад хандаад нэг цагдаатай хамт очиж Б-тай уулзахад миний гар утсыг аваад ломбардад тавьсан гэдгийг хэлсэн. ...” /хх 83/ гэсэн мэдүүлгүүд,

 Үүрэн холбооны “Юнител” ХХК-иас 2024 оны 01 дүгээр сарын 04-ны өдөр ирүүлсэн 12-01/138 дугаартай “...3........54 имэй кодтой утсанд ............. дугаарыг 12 дугаар сарын 02-ны өдрөөс ашигласан байна. 88570820-О.Б, ......., .......... тоот...” гэх албан бичиг /хх 16/,

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангууд /хх 23-26, 93-95/, эд зүйл хүлээн авч, хүлээлгэн өгсөн мөрдөгчийн тэмдэглэл /хх 96/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх шүүгдэгч О.Б-г үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилснийг Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.

Анхан шатны шүүх шүүгдэгч О.Б-н гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцжээ.  

Хохирогч Н.М-с “... гар утасны үнэлгээг 625.000 төгрөгөөр тогтоосныг хүлээн зөвшөөрөхгүй, үнэлгээг зөв тогтоож өгнө үү. ...” гэсэн утга агуулга бүхий давж заалдах гомдол гаргасныг хүлээн авах боломжгүй байна.

Учир нь, хэрэгт авагдсан “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлтээр “Самсунг А53” загварын гар утсыг 625.000 төгрөгөөр үнэлсэн бөгөөд уг үнэлгээний тайлан, шинжээчийн дүгнэлтийг хохирогч Н.М-д утсаар мэдэгдэхэд “санал хүсэлтгүй” гэсэн талаарх мөрдөгчийн тэмдэглэл хэрэгт авагджээ.

Анхан шатны шүүх “Дамно” ХХК-ийн эд хөрөнгийн үнэлгээ тогтоосон дүгнэлтийг үндэслэн О.Б-г хохирогч Н.М-н гар утсыг хулгайлж, 625.000 төгрөгийн хохирол учруулсан гэж үзэн, уг төлбөрийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б-с гаргуулж, хохирогчид олгохоор шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Н.М-н гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 2024/ШЦТ/557 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Н.М-н гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

                        ДАРГАЛАГЧ,

                        ШҮҮГЧ                                                                  Л.ДАРЬСҮРЭН

                        ШҮҮГЧ                                                                  Д.МӨНХӨӨ   

                        ШҮҮГЧ                                                                  М.АЛДАР