Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 128/ШШ2025/0951

 

2025 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 128/ШШ2025/0951

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Нямдэлгэр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ц.Ц******* /РД:ИЭ*******/

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.Ц*******

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч: Г.Б******* /ШТЭҮ:*******/

Хариуцагч: Боловсролын яам

Хариуцагч: Боловсролын Зээлийн сан

Хариуцагч: Боловсролын сайдын тушаалаар байгуулагдсан Гадаадын сургалтын байгууллагад суралцах суралцагчийг сонгон шалгаруулсан Ажлын хэсэг

Хариуцагч Боловсролын яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.А*******

Хариуцагч Боловсролын Зээлийн сангийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Х.Б*******

Хариуцагч Боловсролын сайдын тушаалаар байгуулагдсан Гадаадын сургалтын байгууллагад суралцах суралцагчийг сонгон шалгаруулсан Ажлын хэсгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: О.С*******

Маргааны төрөл: Гадаадын сургалтын байгууллагад суралцах суралцагчийн сонгон шалгаруулалтын үйл ажиллагаатай холбоотой боловсролын маргаантай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ц*******, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Г.Б*******, хариуцагч Боловсролын Зээлийн сангийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б*******, ажлын хэсгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.С*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Алтантуул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Ц.Ц*******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ц******* нь Боловсролын яам, Боловсролын Зээлийн сан, Боловсролын сайдын тушаалаар байгуулагдсан Гадаадын сургалтын байгууллагад суралцах суралцагчийг сонгон шалгаруулсан Ажлын хэсэгт тус тус холбогдуулан Гадаадын сургалтын байгууллагад суралцах суралцагчийг сонгон шалгаруулсан Ажлын хэсгийн 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн тайлангийн Ц.Ц*******д холбогдох хэсгийг хүчингүй болгож, гадаадын сургалтын байгууллагад суралцах сургалтын төлбөрийн хөнгөлөлттэй зээл Ц.Ц*******д олгохыг хариуцагч нарт даалгах гэж нэхэмжлэлийн шаардлагаа эцсийн байдлаар тодорхойлсон.

1.1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Боловсролын яам, Боловсролын Зээлийн санд тус тус холбогдуулан гаргасан "Гадаадын сургалтын байгууллагад суралцах суралцагчийг сонгон шалгаруулалтын үйл ажиллагааг зохион байгуулах үүрэг бүхий нэгдсэн дүнг баталсан шийдвэрийн Ц.Ц*******д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Ц.Ц*******гийн зээлээр суралцах хүсэлт гаргасан баримт материал нь зохих шаардлагыг хангасан болохыг тогтоож, Дээд боловсролын сургалтын байгууллагын суралцагчид тэтгэлэг, зээл, буцалтгүй тусламж, олгох, дэмжлэг үзүүлэх, зээл эргэн төлүүлэх журам-аар зохицуулагдсан үйл явцын дагуу үнэлгээ хийж, сонгон шалгаруулалт дахин явуулахыг хариуцагч нарт даалгах шаардлага бүхий нэхэмжлэлээр тус шүүхийн шүүгчийн 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 128/ШЗ2025/6458 дугаар захирамжаар захиргааны хэрэг үүсгэсэн.

1.2.Дээрх байдлаар нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа эцсийн байдлаар тодруулсны дагуу тус шүүхийн шүүгчийн 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 128/ШЗ2025/7496 дугаар захирамжаар хамтран хариуцагчаар Боловсролын сайдын тушаалаар байгуулагдсан Гадаадын сургалтын байгууллагад суралцах суралцагчийг сонгон шалгаруулсан Ажлын хэсгийг хамтран хариуцагчаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд татан оролцуулж шийдвэрлэсэн.

2. Нэхэмжлэгч Ц.Ц******* нь дэлхийн топ 100 сургуульд багтдаг Канад улсын Торонтогийн их сургуулийн Миссиссога салбарын Хими, физикийн шинжлэх ухааны хөтөлбөрийн 2 дугаар дамжаанд суралцдаг бөгөөд 2024-2025 оны хичээлийн сургалтын төлбөрийн 25,000 канад доллар буюу 41 хувийг тус сургуулийн тэтгэлэгт хамрагдан хөнгөлүүлж, үлдэх 59 хувийг хувиасаа төлөн суралцдаг байна.

2.1. Ц.Ц******* нь Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 215 дугаар тогтоолоор баталсан Дээд боловсролын сургалтын байгууллагын суралцагчид тэтгэлэг, зээл, буцалтгүй тусламж олгох, дэмжлэг үзүүлэх, зээлийг эргэн төлүүлэх журам-д заасны дагуу Боловсролын Зээлийн сангийн сургалтын хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад 2025 оны 06 дугаар сарын 21-ний өдөр [email protected] цахим хаягаар холбогдох баримтуудын хамт цахимаар бүртгүүлэн оролцсон.

2.2.Боловсролын Зээлийн сангаас сонгон шалгаруулалтыг явуулж Гадаадын сургалтын байгууллагад сургалтын төлбөрийн хөнгөлөлттэй зээлээр суралцах иргэдийн сонгон шалгаруулалтын жагсаалт-ын 162 дугаарт нэхэмжлэгч Ц.Ц*******г журмын шаардлага хангаагүй гэх шалтгаанаар Боловсролын зээлийн сангаас хөнгөлөлттэй зээл олгохоос татгалзсан.

2.3.Нэхэмжлэгч Ц.Ц*******гаас цахим имэйлд 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдөр нэвтрэхэд журмын 2.2.5, 3.2.9-д заасныг хангаагүй, 2024 онд элссэн, голч дүн 75%-д хүрээгүй гэсэн төлөвтэй байсан ба уг хариуг Ц.Ц*******гаас эс зөвшөөрч 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдөр гомдлоо Боловсролын Зээлийн сангийн дэргэдэх Орон тооны бус зөвлөлд хандан гаргасан.

2.4. Мөн 2025 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Боловсролын зээлийн сангийн ажлын хэсгийн [email protected] цахим хаягаас нэхэмжлэгч Ц.Ц*******гийн цахим хаягт ... Боловсролын зээлийн сангийн зээлээр дэлхийн шилдэг их сургуульд суралцах сонгон шалгаруултад тэнцсэн танд баяр хүргэе. Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 215 дугаар тогтоол Дээд боловсролын сургалтын байгууллагын суралцагчид тэтгэлэг, зээл, буцалтгүй тусламж олгох, дэмжлэг үзүүлэх, зээл эргэн төлүүлэх журам-ын дагуу суралцагч та дараах хүснэгтэд заасан баримт бичгийг бүрдүүлэн хэвлэж ирүүлнэ. Судалгааг QR уншуулан яаралтай бөглөнө. Тодруулах зүйлээ 70047009 утсанд холбогдож асуугаарай. Танд сурлагын амжилт хүсье гэх имэйл ирүүлсэн байдаг.

2.5. 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдөр буюу 3 хоногийн дараа дээрх ажлын хэсгийн [email protected] цахим хаягаас нэхэмжлэгч Ц.Ц*******гийн цахим хаягт ... Боловсролын зээлийн сангаас 2025 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Гадаадын сургалтын байгууллагад сургалтын төлбөрийн хөнгөлөлттэй зээлээр суралцах сонгон шалгаруулалтад тэнцсэн тухай мэйлийг илгээхдээ зарим тэнцээгүй оролцогч руу илгээсэн алдаа гарсан тул уучлал хүсч, залруулга хүргэж байна. Та сонгон шалгаруултад тэнцсэн эсэхээ Боловсролын зээлийн сангийн вэб хуудсанд хандаж https: //elf.gov.mn (Ил тод байдал-Суралцуулах тушаал) хэсгээс Боловсролын сайдын 2025 оны А/356 тоот тушаалтай танилцана уу. Зөрүү мэдээлэл илгээсэнд дахин хүлцэл өчье гэх имэйлийг ирүүлжээ.

2.6. Улмаар нэхэмжлэгчээс дээрх үйл явдлыг эс зөвшөөрч нэхэмжлэгчээс Боловсролын сайдад хандан гомдол гаргахад Боловсролын сайдын 2025 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 1/4278 дугаар албан бичгээр ...Ажлын хэсгийн дарга, бөгөөд Боловсролын Зээлийн сангийн Ажлын албаны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээс ажлын хэсгийн дүгнэлт болон орон тооны бус зөвлөлийн шийдвэрийг хэвээр үлдээх тухай санал, дүгнэлтийг ирүүлээд байна гэх хариуг өгчээ.

2.7.Боловсролын сайдын хариуг хүлээн авч Ц.Ц*******гийн итгэмжлэгдсэн төлөөлөөгч Ц.Ц*******гээс 2025 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр дахин шүүхэд нэхэмжлэл гаргасан.

3.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага түүний үндэслэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

... Ц.Ц******* нь 2022 онд нийслэлийн ерөнхий боловсролын Шинэ эрин олон сургуулийг төгсөөд 2024 онд Канад улсын Торонтогийн их сургуулийн Миссиссога салбарын Хими, физикийн шинжлэх ухаан (Chemical and Physical Sciences at the University of Toronto Mississauga)-ын хөтөлбөрт элсэн суралцаж байгаа бөгөөд одоо тус сургуулийн II дамжаанд суралцдаг ба 2024-2025 оны хичээлийн сургалтын төлбөрийн 25 мянган канад доллар буюу 41 хувийг сургуулийнхаа тэтгэлэгт хамрагдан хөнгөлүүлж харин үлдэх 59 хувийг хувиасаа төлсөн.

Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 215 дугаар тогтоолоор баталсан Дээд боловсролын сургалтын байгууллагын суралцагчид тэтгэлэг, зээл, буцалтгүй тусламж олгох, дэмжлэг үзүүлэх, зээл эргэн төлүүлэх журам (цаашид "журам" гэх)-д заасны дагуу боловсролын зээлийн сангийн сургалтын хөнгөлөлттэй зээлийн шалгаруулалтад цахимаар бүртгүүлэн, холбогдох баримтуудаа зохих журмын дагуу илгээсэн бөгөөд 2025 оны 7-р сарын 07-ны өдөр бүртгэлийн дугаараа нэвтрэн шалгахад журмын 2 дугаар зүйлийн 2.2.5 дахь заалт (элсэн суралцагч бол үндсэн хөтөлбөрөөр суралцах шаардлага хангаж, урилга авсан, үргэлжлүүлэн суралцагч бол өмнөх улирлын голч дүнгийн авбал зохих үнэлгээний 75 хувиас доошгүй байх)-ыг хангаагүй гэх төлөвтэй байсан. Үүнийг эс зөвшөөрч журмын 3 дугаар зүйлийн 3.14-т заасны дагуу Боловсролын зээлийн сангийн дэргэдэх Орон тооны бус зөвлөлд 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдөр гомдлоо цахимаар гаргасан.

Ийнхүү гомдол гаргасны дараагаар буюу 2025 оны 7-р сарын 18-ны өдөр миний цахим шуудангаар "Сайн байна уу. Боловсролын Зээлийн сангийн зээлээр дэлхийн шилдэг их сургуульд суралцах сонгон шалгаруулалтад тэнцсэн танд баяр хүргэе. Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 215 дугаар тогтоол "Дээд боловсролын сургалтын байгууллагын суралцагчид тэтгэлэг, зээл, буцалтгүй тусламж олгох, дэмжлэг үзүүлэх, зээл эргэн төлүүлэх журам"-ын дагуу суралцагч та дараах хүснэгтэд заасан баримт бичгийг бүрдүүлэн хэвлэж ирүүлнэ. Судалгааг QR уншуулан яаралтай бөглөнө үү. Тодруулах зүйлээ 70047009 утсанд холбогдож асуугаарай. Танд сурлагын амжилт хүсье." гэх агуулгатай имэйл,

2025 оны 07 дугаар сарын 21-ний өдөр "Сайн байна уу? Танд энэ өдрийн мэнд хүргэе. Боловсролын зээлийн сангаас 2025 оны 7 дугаар сарын 18-ны өдөр "Гадаадын сургалтын байгууллагад сургалтын төлбөрийн хөнгөлөлттэй зээлээр суралцах сонгон шалгаруулалтад тэнцсэн тухай" имэйлийг илгээхдээ зарим тэнцээгүй оролцогч руу илгээсэн алдаа гарсан тул уучлал хүсэж, залруулга хүргэж байна..." гэх агуулгатай,

Мөн 2025 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн "Ц.Ц******* танаа, Боловсролын зээлийн сангийн дэргэдэх Орон тооны бус зөвлөлөөс таны өргөдлийг хэлэлцэн дараах хариуг өгч байна. 1. Ажлын хэсгээг Сонгон шалгаруулалтын цахим системд болон БЗС-ийн elf.gov.mn сайтын СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ цэсэд оролцогч тус бүрийн бүртгэлийн кодоор журмын ямар шалгуур талаар тодорхой тусган нийтэд мэдээлсэн байна. Та журмын шалгуур хангаж, материал бүрэн бүрдүүлж өгсөн тохиолдолд шалгаруулалтын үнэлгээний процесст оролцох үүрэгтэй." гэх имэйлүүдийг тус тус ирүүлсэн.

3.1. Гадаадын сургалтын байгууллагын суралцагчид тавигдах нийтлэг болон тусгай шаардлагыг бүхэлд нь хангаж байгаа төдийгүй миний сонгон суралцаж буй мэргэжил нь Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 115 тогтоолоор баталсан "Хөгжлийн тэргүүлэх болон эрэлттэй мэргэжлийн чиглэл"-д хамаардаг, мөн суралцаж буй Канад Улсын Торонтогийн их сургууль "Таймс Хайэр Эдүкейшн Верлд Вниверсити Ранкинг 2025-Times Higher Education World University Rankings 2025"-аас гаргадаг дэлхийн шилдэг 100-н сургалтын байгууллагын 21-т эрэмбэлэгддэг. Гэтэл хариуцагч байгууллага нь Боловсролын ерөнхий хууль (шинэчилсэн найруулга), Дээд боловсролын тухай хууль болон бусад хууль тогтоомжид нийцүүлэн гаргасан журам, түүний агуулгыг илтэд буруу тайлбарлан хэрэглэж байгаагаас миний бие сонгон суралцаж буй сургуульдаа үргэлжлүүлэн суралцах нөхцөл хязгаарлагдаж байгаа бөгөөд үүнд маш их гомдолтой байна.

Учир нь, хариуцагч зээл олгохоос татгалзсан журмын 2 дугаар зүйлийн 2.2.5-д заасан "элсэн суралцагч бол үндсэн хөтөлбөрөөр суралцах шаардлага хангаж, урилга авсан, үргэлжлүүлэн суралцагч бол өмнөх улирлын голч дүнгийн авбал зохих үнэлгээний 75 хувиас доошгүй байх" гэх агуулгыг тайлбарлахдаа зээлээр суралцах хүсэлт гаргасан намайг урьд өмнө Боловсролын зээлийн сангаас "сургалтын төлбөрийн хөнгөлөлттэй зээл"-ийн гэрээ байгуулж, хэд хэдэн жилээр үргэлжлүүлэн зээлдэгч суралцагч нартай адилтган үзэж, өмнөх улирлын голч дүн 75 хувиас доошгүй байх гэсэн нэмэлт шалгуур дурдан татгалзсан нь үндэслэлгүй юм. Дээд боловсролын тухай хуульд "элсэгч болон суралцагч" гэсэн нэр томьёог хуульчлан ашигласан бол тус журамд "элсэн суралцагч болон үргэлжлүүлэн суралцагч" гэсэн холбоо үгнүүдийг ашиглажээ. Журамд заасан "элсэн суралцагч" гэсэн үг нь дээрх хуулийн элсэгч, суралцагч гэсэн агуулгатай нэг ойлголт гэж үзэж байгаа тул үргэлжлүүлэн суралцагч гэсэн заалтад хамруулсан нь үндэслэлгүй юм. Хариуцагч нь дээрх журмын агуулгад "үргэлжлүүлэн суралцагч" гэх нэр томьёог "зээлийн хүсэлт гаргагч болон үргэлжлүүлэн зээлдэгч" гэсэн агуулгын ялгамжтайгаар илэрхийлэгдсэнийг анхаарч үзээгүй, мөн Боловсролын ерөнхий хууль (шинэчилсэн найруулга)-ийн 5 дугаар зүйлд заасан "тэгш хүртээмжтэй, ялгаварлан гадуурхахгүй, нээлттэй байх" зарчмыг сонгон шалгаруулалтын үйл ажиллагаанд баримталж чадсангүй хэмээн үзэж байна. Хэдийгээр "үргэлжлүүлэн суралцагч" гэсэн үгийн ялгамж нь тодорхойгүй мэт боловч журмыг сайн судалбал, түүний агуулгад тодорхой тусгагдсан байгаа юм. Жишээлбэл: Сургалтын төлбөрийн хөнгөлөлттэй зээлийг зохицуулалт хийсэн 10 дугаар бүлэгт зээлийн хүсэлт гаргагч, зээлдэгч гэсэн ойлголтыг нэг ч удаа хэрэглээгүй боловч заалтын утгаар нь ялгах боломжтой байна. Тус сан нь 12 бүтээгдэхүүнтэй бөгөөд тэдгээрийн адил төсөөтэй нийтлэг шинж чанарыг 2-р бүлгээр, харин зээлийн онцлог болон ялгааг нь 11 дүгээр бүлгийн гэрээ байгуулах, сунгах, түдгэлзүүлэх, дуусгавар болгох нөхцөлүүд, мөн цаг хугацааны шалгуураар тодорхойлсныг нухацтай уншиж ялгаж салгаж ойлгох шаардлагатай байгаа юм.

Гэвч эдгээр нөхцөлийг хариуцагч харгалзан үзэлгүйгээр журмын агуулгыг буруу тайлбарлан хэрэглэж, эдгээрт үндэслэн нийтлэг шалгуур хангаагүй гэх шийдвэрийг гаргасан нь үндэслэлгүй юм.

Иймд Гадаадын сургалтын байгууллагад суралцах суралцагчийг сонгон шалгаруулсан Ажлын хэсгийн 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн тайлангийн Ц.Ц*******д холбогдох хэсгийг хүчингүй болгож, гадаадын сургалтын байгууллагад суралцах сургалтын төлбөрийн хөнгөлөлттэй зээл Ц.Ц*******д олгохыг хариуцагч нарт даалгах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

4. Хариуцагч Боловсролын яам шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа:

Засгийн газрын 2025 оны 215 дугаар тогтоолоор баталсан "Дээд боловсролын сургалтын байгууллагын суралцагчид тэтгэлэг, зээл, буцалтгүй тусламж олгох, дэмжлэг үзүүлэх, зээл эргэн төлүүлэх журам"-ын 3 дугаар зүйлийн 3.8-д "Боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний шийдвэрээр гадаадын сургалтын байгууллагад суралцах суралцагчийн сонгон шалгаруулалтын үйл ажиллагааг зохион байгуулах үүрэг бүхий Ажлын хэсэг (цаашид "Ажлын хэсэг" гэх)-ийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, холбогдох төрийн захиргааны төв байгууллага болон сан, их, дээд сургууль, төрийн бус байгууллага, мэргэжлийн байгууллагын төлөөллөөс бүрдсэн 13 гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулна. Ажлын хэсгийн бүрэлдэхүүний 50-аас доошгүй хувь нь төрийн болон хувийн өмчийн их, дээд сургууль, төрийн бус байгууллага болон мэргэжлийн холбооны төлөөлөл байна, мөн журмын 3 дугаар зүйлийн 3.9-д "Ажлын хэсгийн ажиллах удирдамжийг боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална. Ажлын хэсгийн удирдамжаар ажлын хэсгийн дотоод зохион байгуулалт болон шалгаруулалттай холбоотой санал, хүсэлтийг зохицуулна.", 3 дугаар зүйлийн 3.14-т "Суралцагч сонгон шалгаруулалтын дүнг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд сангийн дэргэдэх Орон тооны бус зөвлөлд гомдол гаргаж болно" гэж тус тус заасан нь сонгон шалгаруулалттай холбоотой шийдвэр Боловсролын зээлийн санд хамааралгүй, Боловсролын Сайдын тушаалаар байгуулагдсан Ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн Боловсролын Сайдын шийдвэрээр сонгон шалгаруулалтын дүнг баталгаажуулж ажилладаг.

Боловсролын яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.А******* намайг шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй гэв.

5. Хариуцагч Боловсролын Зээлийн сан, Боловсролын сайдын тушаалаар байгуулагдсан Гадаадын сургалтын байгууллагад суралцах суралцагчийг сонгон шалгаруулсан Ажлын хэсгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд бичгээр гаргасан, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Засгийн газрын 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 215 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Дээд боловсролын сургалтын байгууллагын суралцагчид тэтгэлэг, зээл, буцалтгүй тусламж олгох, дэмжлэг үзүүлэх" журмын 2.2.-т "Гадаадын сургалтын байгууллагын суралцагч дараах нийтлэг шаардлагыг хангасан байна:" гээд 2.2.5-д "элсэн суралцагч бол үндсэн хөтөлбөрөөр суралцах шаардлага хангаж, урилга авсан, үргэлжлүүлэн суралцагч бол өмнөх улирлын голч дүнгийн авбал зохих үнэлгээний 75 хувиас доошгүй байх", 3.2-т "Гадаадын сургалтын байгууллагад тэтгэлэг болон зээлээр суралцах хүсэлт гаргагч дараах баримт бичгийг бүрдүүлж, цаасаар, эсхүл цахим хэлбэрээр санд хүргүүлнэ: гээд 3.2.7-д "Сургалтын төлбөрийн нэхэмжлэхийн хуулбар" гэж тус тус заасан байна. Гэтэл Ц.Ц*******гаас ирүүлсэн материалд нэхэмжлэл (санхүүгийн баримтын шаардлага хангасан) ирээгүй бөгөөд голч дүн нь 2.5 байгаа (2.8 буюу 75 хувиас доошгүй байх гэсэн) нь дээрх журмын заалтад дурдагдсан шаардлагыг хангаагүй байна.

5.1. Засгийн газрын 2025 оны 215 дугаар тогтоолоор баталсан "Дээд боловсролын сургалтын байгууллагын суралцагчид тэтгэлэг, зээл, буцалтгүй тусламж олгох, дэмжлэг үзүүлэх, зээл эргэн төлүүлэх журам"-ын 3 дугаар зүйлийн 3.8-д "Боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний шийдвэрээр гадаадын сургалтын байгууллагад суралцах суралцагчийн сонгон шалгаруулалтын үйл ажиллагааг зохион байгуулах үүрэг бүхий Ажлын хэсэг (цаашид "Ажлын хэсэг" гэх)-ийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, холбогдох төрийн захиргааны төв байгууллага болон сан, их, дээд сургууль, төрийн бус байгууллага, мэргэжлийн байгууллагын төлөөллөөс бүрдсэн 13 гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулна. Ажлын хэсгийн бүрэлдэхүүний 50-иас доошгүй хувь нь төрийн болон хувийн өмчийн их, дээд сургууль, төрийн бус байгууллага болон мэргэжлийн холбооны төлөөлөл байна". Мөн журмын 3 дугаар зүйлийн 3.9-д "Ажлын хэсгийн ажиллах удирдамжийг боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална. Ажлын хэсгийн удирдамжаар ажлын хэсгийн дотоод зохион байгуулалт болон шалгаруулалттай холбоотой санал, хүсэлтийг зохицуулна.", 3 дугаар зүйлийн 3.14-т "Суралцагч сонгон шалгаруулалтын дүнг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд сангийн дэргэдэх Орон тооны бус зөвлөлд гомдол гаргаж болно" гэж тус тус заасан байна.

5.2. Иймд сонгон шалгаруулалттай холбоотой шийдвэр Боловсролын зээлийн санд хамааралгүй, Боловсролын Сайдын тушаалаар байгуулагдсан Ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн Боловсролын Сайдын шийдвэрээр сонгон шалгаруулалтын дүнг баталгаажуулж ажилладаг тул тус захиргааны хэрэгт Боловсролын зээлийн сангаас хариуцагчаар оролцох нь боломжгүй бөгөөд тус сонгон шалгаруулалтын үйл ажиллагаанд иргэдийг тэнцүүлэх эсэх талаар шийдвэр гаргах эрхгүй субьект юм.

Ажлын хэсгийн удирдамжийн дагуу ажлын хэсгийн ахлагчаас сонгон шалгаруулалтын ажилд ашиглах ажлын зааварчилгаа, дэгийг баталж, гишүүдэд хүргүүлэн ажилласан болно.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье. гэв

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хуульд заасан журмын дагуу хэрэгт цугларсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нараас бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан нэмэлт тайлбар зэргийг судлаад, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

1. Тогтоогдсон үйл баримтын тухайд, нэхэмжлэгч Ц.Ц******* нь дэлхийн топ 100 сургуульд багтдаг Канад улсын Торонтогийн их сургуулийн Миссиссога салбарын Хими, физикийн шинжлэх ухааны хөтөлбөрийн 2 дугаар дамжаанд суралцдаг бөгөөд 2024-2025 оны хичээлийн сургалтын төлбөрийн 25,000 канад доллар буюу 41 хувийг тус сургуулийн тэтгэлэгт хамрагдан хөнгөлүүлж, үлдэх 59 хувийг хувиасаа төлсөн байна.

2. Улмаар нэхэмжлэгч Ц.Ц******* нь тус сургуульд Боловсролын зээлийн сангийн хөнгөлөлттэй зээлээр суралцахаар Гадаадын сургалтын байгууллагын бакалаврын үндсэн хөтөлбөрт 2025-2026 оны хичээлийн жилээс эхлэн хөнгөлөлттэй зээлээр суралцах иргэдийг сонгон шалгаруулах шалгаруулалтад [email protected] цахим хаягаар бүртгүүлж, тус сонгон шалгаруулалтад оролцсон байна.

3. Боловсролын сайдын 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн Ажлын хэсэг байгуулах тухай тушаалаар Гадаадын сургалтын байгууллагын бакалаврын үндсэн хөтөлбөрт 2025-2026 оны хичээлийн жилээс эхлэн хөнгөлөлттэй зээлээр суралцах иргэдийг сонгон шалгаруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдаж, сонгон шалгаруулалтыг 06 дугаар сарын 24-ний өдрөөс 26-ны өдөр зохион байгуулсан.

4. Боловсролын зээлийн сангийн ажлын албаны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч О.С*******гийн 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 01/485 дугаартай албан бичиг /хх1-106х/-ээр сонгон шалгаруулалтыг зохион байгуулсан ажлын тайлан болон тус сонгон шалгаруулалтад шалгарсан иргэдийн нэрсийг хавсралтаар Боловсролын сайдад хүргүүлжээ.

5. Тус албан бичгийн хавсралт /хх1-113х/-аар Гадаадын сургалтын байгууллагад сургалтын төлбөрийн хөнгөлөлттэй зээлээр суралцах иргэдийн сонгон шалгаруулалтын жагсаалт-ын 162 дугаарт нэхэмжлэгч Ц.Ц*******г журмын шаардлага хангаагүй гэх шалтгаанаар Боловсролын зээлийн сангаас хөнгөлөлттэй зээл олгохоос татгалзсан.

6. Тодруулбал, нэхэмжлэгч Ц.Ц******* нь 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдөр өөрийн бүртгэлийн дугаараар Боловсролын зээлийн сангийн цахим систем рүү нэвтрэн шалгахад Засгийн газрын Журам шинэчлэн батлах тухай 2025 оны 215 дугаар тогтоолоор баталсан Дээд боловсролын сургалтын байгууллагын суралцагчид тэтгэлэг, зээл, буцалтгүй тусламж олгох, дэмжлэг үзүүлэх, зээлийг эргэн төлүүлэх журам-ын 2 дугаар зүйлийн 2.2.5-д Элсэн суралцагч бол үндсэн хөтөлбөрөөр суралцах шаардлага хангаж, урилга авсан, үргэлжлүүлэн суралцагч бол өмнөх улирлын голч дүнгийн авбал зохих үнэлгээний 75 хувиас доошгүй байх гэж заасныг хангаагүй гэх төлөвтэй байжээ.

7. Боловсролын сайдын 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн А/356 дугаартай тушаал /хх1-98х/-аар Гадаадын сургалтын байгууллагад сургалтын төлбөрийн хөнгөлөлттэй зээлээр суралцуулах тухай тушаалаар гадаадын сургалтын байгууллагад бакалаврын үндсэн хөтөлбөрт 2025-2026 оны хичээлийн жилээс зээлээр суралцах суралцагчдын нэрсийг хавсралтаар баталж, хавсралтын жагсаалтад нэхэмжлэгч Ц.Ц******* багтаагүй байна.

8. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, 2025 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Боловсролын зээлийн сангийн ажлын хэсгийн [email protected] цахим хаягаас нэхэмжлэгч Ц.Ц*******гийн цахим хаягт ... Боловсролын зээлийн сангийн зээлээр дэлхийн шилдэг их сургуульд суралцах сонгон шалгаруулалтад тэнцсэн танд баяр хүргэе. Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 215 дугаар тогтоол Дээд боловсролын сургалтын байгууллагын суралцагчид тэтгэлэг, зээл, буцалтгүй тусламж олгох, дэмжлэг үзүүлэх, зээл эргэн төлүүлэх журам-ын дагуу суралцагч та дараах хүснэгтэд заасан баримт бичгийг бүрдүүлэн хэвлэж ирүүлнэ. Судалгааг QR уншуулан яаралтай бөглөнө. Тодруулах зүйлээ 70047009 утсанд холбогдож асуугаарай. Танд сурлагын амжилт хүсье гэх имэйл /хх2-65х/ ирүүлжээ.

9. 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдөр буюу 3 хоногийн дараа дээрх ажлын хэсгийн [email protected] цахим хаягаас нэхэмжлэгч Ц.Ц*******гийн цахим хаягт ... Боловсролын зээлийн сангаас 2025 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Гадаадын сургалтын байгууллагад сургалтын төлбөрийн хөнгөлөлттэй зээлээр суралцах сонгон шалгаруулалтад тэнцсэн тухай имэйлийг илгээхдээ зарим тэнцээгүй оролцогч руу илгээсэн алдаа гарсан тул уучлал хүсч, залруулга хүргэж байна. Та сонгон шалгаруулалтад тэнцсэн эсэхээ Боловсролын зээлийн сангийн вэб хуудсанд хандаж https: //elf.gov.mn (Ил тод байдал-Суралцуулах тушаал) хэсгээс Боловсролын сайдын 2025 оны А/356 тоот тушаалтай танилцана уу. Зөрүү мэдээлэл илгээсэнд дахин хүлцэл өчье гэх имэйл /хх2-66х/ дахин ирүүлсэн байна.

10. Түүнчлэн, 2025 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Боловсролын зээлийн сангийн дэргэдэх Орон тооны бус зөвлөлөөс нэхэмжлэгч Ц.Ц*******гийн 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдөр гаргасан гомдол /хх2-67/-ын хариуд түүний имэйл хаягаар ... Боловсролын зээлийн сангийн дэргэдэх Орон тооны бус зөвлөлөөс таны өргөдлийг хэлэлцээд дараах хариуг өгч байна. 1. Ажлын хэсгээс Сонгон шалгаруулалтын цахим системд (scholarship.elf.gov.mn) болон БЗС-ын elf.gov.mn сайтын СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ цэсэнд оролцогч тус бүрийн бүртгэлийн кодоор журмын ямар шалгуур хангаагүй талаар тодорхой тусган нийтэд мэдээлсэн байна. Та журмын шалгуур хангаж, материал бүрдүүлэн бүрэн бүрдүүлж өгсөн тохиолдолд шалгаруулалтын үнэлгээний процесст оролцох үүрэгтэй /хх1-246х/ гэж мэдэгджээ.

11. Боловсролын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт Монгол Улсын Засгийн газар /цаашид "Засгийн газар" гэх/ боловсролыг хөгжүүлэх, дэмжих талаар Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 9 дүгээр зүйлд зааснаас гадна дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: гээд, мөн зүйлийн 24.1.1 дэх заалтад энэ хуулийн 11.3, 11.4, 11.5-д заасан тэтгэлэг, зээл олгох, эргэн төлүүлэх, дэмжлэг үзүүлэх журмыг баталж, хэмжээг тогтоох; гэж, 24.1.11 дэх заалтад энэ хуулийн 38.8-д заасан дэмжлэг үзүүлэх, буцалтгүй тусламж олгох журам батлах; гэж тус тус заасан.

12. Дээрх хуулийн хэм хэмжээний дагуу энэхүү маргаан бүхий харилцаанд хамаарах эрх зүйн гол эх сурвалж болсон Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 215 дугаар тогтоолын хавсралтаар Дээд боловсролын сургалтын байгууллагын суралцагчид тэтгэлэг, зээл, буцалтгүй тусламж олгох, дэмжлэг үзүүлэх, зээл эргэн төлүүлэх журам /хх1-119х/-ыг шинэчлэн баталжээ.

13. Тус журмын 2 дугаар зүйлийн 2.2-т Гадаадын сургалтын байгууллагын суралцагч дараах нийтлэг шаардлагыг хангасан байна: гээд, 2.2.5-д элсэн суралцагч бол үндсэн хөтөлбөрөөр суралцах шаардлага хангаж, урилга авсан, үргэлжлүүлэн суралцагч бол өмнөх улирлын голч дүнгийн авбал зохих үнэлгээний 75 хувиас доошгүй байх, 3 дугаар зүйлийн 3.8-д Боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний шийдвэрээр гадаадын сургалтын байгууллагад суралцах суралцагчийн сонгон шалгаруулалтын үйл ажиллагааг зохион байгуулах үүрэг бүхий Ажлын хэсэг (цаашид Ажлын хэсэг гэх)-ийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, холбогдох төрийн захиргааны төв байгууллага болон сан, их, дээд сургууль, төрийн бус байгууллага, мэргэжлийн байгууллагын төлөөллөөс бүрдсэн 13 гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулна. Ажлын хэсгийн бүрэлдэхүүний 50-иас доошгүй хувь нь төрийн болон хувийн өмчийн их, дээд сургууль, төрийн бус байгууллага болон мэргэжлийн холбооны төлөөлөл байна, 3.9-д Ажлын хэсгийн ажиллах удирдамжийг боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална. Ажлын хэсгийн удирдамжаар ажлын хэсгийн дотоод зохион байгуулалт болон шалгаруулалттай холбоотой санал, хүсэлтийг зохицуулна, 3.14-т Суралцагч сонгон шалгаруулалтын дүнг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд сангийн дэргэдэх Орон тооны бус зөвлөлд гомдол гаргаж болно гэж тус тус заасан.

14. Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт нэхэмжлэгч талаас шийдвэр гаргах ажиллагааны процедурын хувьд нэхэмжлэгч Ц.Ц*******гийн материалыг хянасан Боловсролын зээлийн сангийн ажлын хэсгийн Өөрчлөлтийн түүх /хх1-82х/-ээс үзвэл анх 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 10 цаг 22 минутад О.С******* хэрэглэгчийн нэрээр Хяналт төлөвтэйгээр Ажлын хэсгийн гишүүдэд автоматаар хуваарилав гэж, 22 цаг 19 минутад З. Зундуйжамц хэрэглэгчийн нэрээр Баталгаажуулалт төлөвтэйгээр шаардлага хангасан гэж, 23 цаг 10 минутад Б.Балжинням хэрэглэгчийн нэрээр Баталсан төлөвтэйгээр Шаардлага хангасан гэж, 06 дугаар сарын 26-ны өдрийн 20 цаг 46 минутад О.С******* нэрээр Дахин хяналт төлөвтэйгээр Шилжүүлэв гэж, 07 дугаар сарын 05-ны өдрийн 12 цаг 09 минутад О.С******* нэрээр Журмын шаардлага хангаагүй төлөвтэйгээр Журмын 2.2.5, 3.2.9-д заасныг хангаагүй, 2024 онд элссэн, голч дүн 75%-д хүрээгүй гэж дурдасныг эс зөвшөөрч буюу ажлын хэсгийн 2 гишүүн өмнө нь шаардлага хангасан гэж дүгнэсэн байхад ажлын хэсгийн ахлагч дахин хяналт хийж байгаа нь үндэслэлгүй, эрх олгогдоогүй байсан гэж маргасан.

15. Хариуцагч ажлын хэсгийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс эдгээр үндэслэлүүдийг үгүйсгэж, Ажлын хэсгийн даргын баталсан 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн БЗС-ийн санхүүжилтээр журмын 10.3-т заасан эрэлттэй, тэргүүлэх мэргэжлийн чиглэлээр бакалаврын түвшинд суралцагчийг шалгаруулах ажлын зааварчилгаа, дэг /хх2-62х/-ийн 3 дугаар зүйлийн 3.2-т Ажлын хэсгийн дарга нь дараах үүргийг гүйцэтгэнэ, 3.2.6-д Удирдамжийн дагуу оролцогчдын 10-30 хувьд аудит хийж, хянаж баталгаажуулна гэж заасны дагуу ажлын хэсгийн дарга нь нэхэмжлэгч Ц.Ц*******гийн бүрдүүлсэн материалыг ажлын хэсгийн бусад гишүүд хянасны дараагаар дахин хяналт хийх үүргийн дагуу шалгахад журмын шаардлага хангаагүй болох нь тогтоогдсон гэж маргасан.

16. Маргаан бүхий тохиолдолд нэхэмжлэгч Ц.Ц******* нь Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 215 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Дээд боловсролын сургалтын байгууллагын суралцагчид тэтгэлэг, зээл, буцалтгүй тусламж олгох, дэмжлэг үзүүлэх, зээл эргэн төлүүлэх журмын ... элсэн суралцагч бол үндсэн хөтөлбөрөөр суралцах шаардлага хангаж, урилга авсан, үргэлжлүүлэн суралцагч бол өмнөх улирлын голч дүнгийн авбал зохих үнэлгээний 2.8 хувь буюу 75 хувиас доошгүй байх гэж заасан Гадаадын сургалтын байгууллагын суралцагчийн хангах нийтлэг шаардлагыг нэгэнт хангахгүй Улирлын хичээлийн голч дүн нь 2.50 байгаа болох нь хавтаст хэрэг /хх1-36х/-т авагдсан нэхэмжлэгч Ц.Ц*******гийн элсэн суралцаж буй Канад улсын Торонтогийн Их Сургуулийн Миссиссога салбар сургуулийн Англи хэлнээс Монгол хэл рүү орчуулсан Дүнгийн хуулгаар тогтоогдож байх тул Гадаадын сургалтын байгууллагад суралцах суралцагчийг сонгон шалгаруулсан Ажлын хэсгийн 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн тайлангийн Ц.Ц*******д холбогдох хэсгийг хүчингүй болгох үндэслэлгүй байна.

17. Тухайлбал, Боловсролын зээлийн сангийн хөнгөлөлттэй зээлээр суралцахаар Гадаадын сургалтын байгууллагын бакалаврын үндсэн хөтөлбөрт 2025-2026 оны хичээлийн жилээс эхлэн хөнгөлөлттэй зээлээр суралцах иргэдийг сонгон шалгаруулах шалгаруулалтад оролцсон суралцагчийн хувьд Гадаадын сургалтын байгууллагын суралцагч бүрд тавигдах журмын нийтлэг шаардлагыг дээрх байдлаар хангахгүй байгаа тохиолдолд Ажлын хэсгийн гишүүдийн шаардлага хангасан гэснийг тус ажлын хэсгийн дарга дахин хяналт тавьж шаардлага хангахгүй гэж тайланд тусгасныг буруутгах боломжгүй бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ажлын хэсгийн дарга эрх, хэмжээгээ хэтрүүлсэн, журмын нэр томъёоны тодорхойлолтууд байхгүй байгаа нь ойлголтын зөрүүг үүсгэж байна гэх тайлбар үндэслэлгүй.

18. Иймд дээрх үндэслэлээр хариуцагч Гадаадын сургалтын байгууллагад суралцах суралцагчийг сонгон шалгаруулсан Ажлын хэсгийн 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн тайлангийн Ц.Ц*******д холбогдох хэсэг хуульд нийцсэн байх тул гадаадын сургалтын байгууллагад суралцах сургалтын төлбөрийн хөнгөлөлттэй зээл олгохыг Ц.Ц*******д олгохыг даалгах шаардлагыг хангах үндэслэлгүй гэж үзэн бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Боловсролын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэг, 24.1.1, 24.1.11-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Ц*******гаас Боловсролын яам, Боловсролын зээлийн сан, Гадаадын сургалтын байгууллагад суралцах суралцагчийг сонгон шалгаруулсан Ажлын хэсэгт тус тус холбогдуулан гаргасан Гадаадын сургалтын байгууллагад суралцах суралцагчийг сонгон шалгаруулсан Ажлын хэсгийн 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн тайлангийн Ц.Ц*******д холбогдох хэсгийг хүчингүй болгож, гадаадын сургалтын байгууллагад суралцах сургалтын төлбөрийн хөнгөлөлттэй зээл олгохыг Ц.Ц*******д олгохыг даалгах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140 400 төгрөгийн 70 200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1-д заасныг баримтлан илүү төлсөн 70 200 төгрөгийг буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.НЯМДЭЛГЭР