Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2022/00062

 

 

2022 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2022/00062

 

О ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Н.Батзориг, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 183/ШШ2021/02384 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч О ХХК-ийн хариуцагч Э ХХК-д холбогдуулан гаргасан илүү төлсөн ажлын хөлс 61,735,265 төгрөг, үүргийн гүйцэтгэлийг хугацаа хэтрүүлсэн алданги 30,867,633 төгрөг, нийт 92,602,898 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Т, хариуцагчийн өмгөөлөгч Б.Ж , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга: О ХХК нь Э ХХК-тай 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдөр АГГ01/26 тоот ажил гүйцэтгэх гэрээ байгуулсны дагуу Э ХХК нь О ХХК-ийн Баянзүрх дүүргийн 6 дугаар хороонд барьж буй Хая аппарт орон сууцны барилгад шаардагдах 4 төрлийн нийт 704 ширхэг хаалгыг, 704 ширхэг цоожны хамт үйлдвэрлэн суурилуулж, хүлээлгэн өгөхөөр харилцан тохиролцсон болно. Талуудын байгуулсан гэрээний 3.1-т заасны дагуу гүйцэтгэгчийн ажлын нийт хөлсийг НӨАТ тооцсон дүнгээр 358,304,528 төгрөг байхаар харилцан тохиролцсон бөгөөд О ХХК нь гэрээ байгуулагдсанаас хойш бэлэн мөнгөөр 147,491,358 төгрөгийг, бартераар буюу 119,140,000 төгрөгийн үнэ бүхий 2 ширхэг 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийг хариуцагчид шилжүүлж, нийт 266,631,358 төгрөгийг Э ХХК-д төлсөн болно. Ийнхүү манай компани гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлсэн боловч Э ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, хүлээлгэн өгвөл зохих 704 ширхэг хаалганаас нийт 372 ширхэг хаалгыг л суурилуулахад бэлэн болгож хүлээлгэн өгсөн бөгөөд эдгээр хаалга нь зүлгүүр, замаска, будаг дутуу, зарим хэсгээрээ салсан зэрэг доголдолтой байсан болно. Бид доголдолтой хаалгыг засварлаж, үлдсэн хаалгыг гэрээнд заасан чанарын шаардлагад нийцүүлж хүлээлгэн өгөхийг удаа дараа албан бичгээр шаардсан боловчрейдинг" ХХК нь уг шаардлагыг биелүүлээгүй биднийг хохироосоор байсан. Э ХХК нь гэрээ "Э тний 2.3-д зааснаар хаалга, цоожийг үйлдвэрлэх ажлыг 60 хоногийн дотор гүйцэтгэх үүргийг хүлээсэн боловч энэхүү үүргээ биелүүлээгүйгээс шалтгаалж орон сууцны захиалагчдын зүгээс гомдол гаргаж эхэлсэн бөгөөд улмаар компанийн хэрэгжүүлж буй төслийн нэр хүндэд сөргөөр нөлөөлөх нөхцөл байдал үүссэн тул бид арга буюу 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Ч ХХК-тай худалдах-худалдан авах гэрээ байгуулсны үндсэн дээр яаралтай суурилуулах шаардлагатай нийт 50 ширхэг хаалгыг 26,500,000 төгрөгөөр худалдан авсан болно. Ийнхүү гуравдагч этгээдээс дутуу хаалганыхаа зарим хэсгийг худалдан авсан хэдий барилгын үйл ажиллагаанд шаардлагатай хаалга бүрэн хэмжээгээр нийлүүлэгдээгүй тул 2015 оны 12 дугаар сард үлдсэн хаалганы оронд Э ХХК-иас нэг бүрийг нь 100,000 төгрөгөөр үнэлж, нийт 35,240,000 төгрөгийн хаалганы эд ангийг хүлээн авахаас аргагүйд хүрсэн. "Э" ХХК-ийнн зүгээс гэрээний дагуу нийт 266,631,358 төгрөгийг хүлээн авсан атлаа 196,593,363 төгрөгийн үнэ бүхий дутуу, доголдолтой хаалгыг нийлүүлж, 704 ширхэг цоож нийлүүлэх, суурилуултын ажил гүйцэтгэх үүргээ огт биелүүлээгүй бөгөөд дээрх хугацаанаас хойш гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх талаар ямар ч арга хэмжээ авахгүй байсаар өнөөдрийг хүрсэн. Иймд бидний хувьд Э ХХК-д илүү төлсөн 70,037,995 төгрөгийн төлбөр, Чандманы үүд ХХК-аас тус компанийн нийлүүлбэл зохих хаалгыг худалдан авахад гарсан 26,500,000 төгрөгийн зардал, талуудын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээний 7.1-т заасны дагуу 72,324,523 төгрөгийн алдангийг гаргуулах шаардлага багасгаж, ажил гүйцэтгэх гэрээний дагуу илүү төлсөн ажлын хөлс 61,735,265 төгрөг, алданги 30,867,633 төгрөг, нийт 92,602,898 төгрөг гаргуулах гаргуулах шаардлагаа дэмжиж байна. Нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн татгалзал, хариу тайлбарын агуулга: Манай Э ХХК нь 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдөр О ХХК-тай 358,304,528 төгрөг /НӨАТ орсон дүнгээр/-ийн үнэ бүхий 70 ширхэг хаалга хийж гүйцэтгэхээр тохиролцож АГГ01/26 тоот ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Уг гэрээгээр Э ХХК нь нэхэмжлэгч О ХХК-ийн барьж байсан Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 хороолол, ХААЯ-ны эсрэг талд байрлах орон сууцны барилгад 704 ширхэг өрөө хоорондын дотор модон хаалгыг урьдчилгаа төлбөр төлөгдсөн өдрөөс хойш ажлын 60 хоногийн дотор хийж гүйцэтгэх, О XXК нь гэрээ байгуулагдсан өдөр гэрээний нийт үнийн дүнгийн 30 хувийн урьдчилгаа шилжүүлэх, ажил гүйцэтгэх графикийн дагуу үлдэх санхүүжилтийг тухай бүр олгохоо тохиролцсон байсан. 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн АГГ01/26 тоот гэрээний ажил гүйцэтгэх графикийн дагуу О ХХК нь нийт ажлын хөлснөөс 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдөр 30 хувийг, 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 30 хувийг, 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 20 хувийг, 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 10 хувийн 2017 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 10 хувийн санхүүжилтийг олгохоор, тус хаалга үйлдвэрлэл суулгалтын ажлын графикийн дагуу манай компани О ХХК-д 2017 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 200 ширхэг хаалга, 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 15 ширхэг хаалга, 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 250 ширхэг хаалга, 2017 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 104 ширхэг хаалгыг нийлүүлэхээр талууд тохиролцсон болно. Нэхэмжлэгч нь гэрээ байгуулагдсанаас хойш буюу 2017 оны 8 дугаар сарын 24-ний өдөр урьдчилгаа төлбөрт 107,491,358.4 төгрөг төлөх ёстой байтал 80,600,000 төгрөгийг төлсөн бөгөөд урьдчилгаа төлбөрийг бүрэн шилжүүлээгүй. Манай компанийн зүгээс "О" ХХК-тай байгуулсан гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг эрхэмлэн графикийн дагуу санхүүжилтийг тухай бүр олгоно гэж итгэж урьдчилгаа төлбөрийн зөрүүг хүлээлгүйгээр 704 ширхэг дотор модон хаалганы үйлдвэрлэлийн ажлыг эхлүүлсэн. "О" ХХК нь манай компанид 2017 оны 8 дугаар сарын 24-ний өдөр 80,600,000 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 26,891,358 төгрөг, 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 30,000,000 төгрөг, 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 10,000,000 төгрөгийг нийт 147,491,358 төгрөгийг дансаар шилжүүлсэн. Мөн 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 58,100,000 төгрөг болон 61,040,000 төгрөгийн үнэ бүхий орон сууцыг манай компанийн нэр дээр шилжүүлсэн байдаг. Э ХХК-ийн зүгээс бэлэн болсон хаалгануудыг нийлүүлэх боломтой байсан хэдий ч бусад туслан гүйцэтгэгч компаниудын ажлын графиктай уялдана гэж заасны дагуу 2018 оны 3 дугаар сараас хаалга нийлүүлж эхэлсэн. Барилгын дотор модон хаалгыг барилгын ажил бүрэн дуусч дотор засал хийгдсэний дараа нийлүүлж суурилуулах шаардлагатай байдаг тул манай компани О ХХК-ийн барьж буй барилгын ажлын явцыг хүлээхээс өөр аргагүй болсон. Манай компани 2018 оны 3 сараас эхлэн О ХХК нь 181,483,899 төгрөг /НӨАТ орсон дүнгээр/-ийн үнэлгээ бүхий бүх зүйл нь хийгдэж дууссан суурилуулахад бэлэн болсон 372 ширхэг хаалга, 61 ширхэг цоожны хамт нийлүүлсэн. Уг 372 ширхэг хаалганаас 66 ширхэг хаалгыг барилгад суурилуулсан. Мөн О ХХК нь санхүүжилтээ графикт хугацааны дагуу бүрэн төлөөгүйгээс эцсийн дамжлага дутуу нийт 124,588,076 төгрөгийн үнэлгээ бүхий 350 ширхэг хаалга, 2 ширхэг хропыг хүлээлгэн өгсөн болно. Э ХХК нь О ХХК-д нийт 306,071,975 төгрөгийн үнийн дүн бүхий хаалгыг хийж гүйцэтгэн нийлүүлсэн болно. О ХХК нь манай хийж гүйцэтгэсэн ажлын хөлсийг бүрэн төлж барагдуулаагүй байгаа бөгөөд 39,440,617 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөөгүй байгаа болно. Манай компани гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн, хугацаа хэтрүүлсэн удаа байхгүй бөгөөд талуудын хооронд байгуулагдсан 2017 оны АГГ01/26 тоот гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, гэрээт ажлыг хугацаанд нь чанартай гүйцэтгэхийг зорьж ажиллаж байсан боловч Орчлон констракшн" ХХК нь гэрээ байгуулагдсан өдрөөс эхлээд тохиролцсон графикаа зөрчсөний улмаас өнөөдрийн энэ нөхцөл байдал үүссэн болно. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй, хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 227 дугаар зүйлийн 227.1, 232.6-д заасныг тус тус баримтлан хариуцагч Э ХХК-аас 61,735,265 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч О ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 30,867,633 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 123 460 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 466 627 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

1. Анхан шатны шүүх гэрээний 2.3 дахь хэсэгт заасан хугацааг хариуцагч Э ХХК нь даруй 2 жил хэтрүүлсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсоор атал Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй байх зохицуулалтыг баримтлан, Э ХХК-ийн гүйцэтгээгүй ажлын хөлсөнд илүү авсан 61,735,265 төгрөгийн 50 хувьтай тэнцэх хэмжээгээр нэхэмжилсэн 30,867,633 төгрөгийг хангахгүй орхиж шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийг хохироосон шийдвэр болсон. Маргаан бүхий ажил гүйцэтгэх гэрээгээр талууд гэрээнд заасан хугацаанд гэрээт ажлыг гүйцэтгээгүй тохиолдолд алданги тооцох хүсэл зоригоо илэрхийлэн анз төлөхөөр харилцан тохиролцсоныг шүүхээс хуульд нийцээгүй буюу Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон гэж үзэхээр байна. Гэтэл талуудын тохиролцооны агуулга нь гэрээнд заасан ажлыг гүйцэтгэх хугацааг ажил гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд анз төлөхөөр тохиролцсон агуулга нь өөрөө хуулиар хориглосон хэм хэмжээг зөрчөөгүй тул хуульд нийцүүлэн нэхэмжилж буй 30,867,633 төгрөгийг хангах хууль зүйн үндэслэлтэй болно. Иймд алдангид шаардсан 30,867,633 төгрөгийг Э ХХК-аас гаргуулж, нэхэмжлэгч О ХХК-д олгож анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн хариу тайлбарын агуулга: Тухайн ажил нь өндөр үнийн дүнтэй ажил учраас О ХХК хугацаанд нь санхүүжилтээ хийгээгүй атлаа Э ХХК-аас гэрээний үүргээ биелүүлэхийг шаардах боломжгүй тул нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг зөвшөөрөхгүй. Иймд нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

2/а/. Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасны дагуу хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн хүсэлтээр 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Э ХХК-ийн Баянзүрх дүүрэг, 6 хороонд байрлах нэхэмжлэгчийн барьж ашиглалтад оруулсан барилгад суурилуулсан хаалганы тоо болон 2019 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүлээлцсэн 14 нэр төрлийн 352 ширхэг хаалганы эд ангийн зах зээлийн үнийг тодруулах зорилгоор шинжээч томилуулах хүсэлт гаргасныг шүүх хангаж шийдвэрлэж, Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийг шинжээчээр томилсон. Хөрөнгийн үнэлгээний төв ХХК нь шинжээчийн дүгнэлтийг 2021 оны 7 дугаар сарын 27-ны өдөр шүүхэд ирүүлсэн бөгөөд шинжээчийн дүгнэлт хуульд заасан эргэлзээгүй, үнэн зөв тодорхой байх шаардлагыг хангаагүй. Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн дүгнэлтэд 100 айл барилгын худалдааны төв болон хаалга хийдэг аж ахуй нэгжүүдийн үнийг судалж хаалганы зах зээлийн үнийг тодорхойлов... гэсэн байх боловч судалгааг ямар хүрээнд хийсэн нь тодорхойгүй, судалгаа хийсэн баримтаа хавсаргаагүй, хариуцагч компанитай төстэй цэвэр модон хаалга үйлдвэрлэдэг аж ахуй нэгжээс үнийн судалгаа авсан эсэх нь эргэлзээтэй, үнийн судалгааг яаж гаргасан нь тодорхойгүй байсан болно. Мөн Хөрөнгийн үнэлгээний төв ХХК нь шинжээчийн дүгнэлт гаргахдаа хаалга будах зардал, хаалганы кроп, засвартай хаалганы үнэ тодорхойлох ямар арга ашигласнаа дурдаагүй, 2017 оны байдлаар үнэ тодорхойлохдоо судалгаа хийсэн эсэх нь эргэлзээтэй, хаалганы бэлдэц, засвар, эд ангийн үнэлгээг шинжээч шууд өөрийн үзэмжээр дүгнэсэн. Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн шинжээчийн дүгнэлтэд хаалганы хийцийн үнэ, бэлдцийн үнэ тодорхойлсон тооцоолол нь тодорхойгүй, үнэн зөв эсэх нь эргэлзээтэй, тооцоолол ойлгомжгүй эргэлзээтэй байсан тул хариуцагчийн зүгээс Шүүхийн шинжилгээний хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт заасны дагуу дахин шинжээч томилуулах хүсэлт гаргасан боловч шүүх хүсэлтийг хангахаас татгалзсан. Гэтэл анхан шатны шүүх шийдвэртээ ....Хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараар хариуцагч Э ХХК нь суурилуулахад бэлэн болсон 372 ширхэг хаалга, 61 ширхэг цоожны хамт, 352 ширхэг бэлэн болоогүй хаалганы бэлдцийг тус тус нийлүүлж, 66 ширхэг хаалгыг барилгад суурилуулсан болох нь тогтоогдож байх бөгөөд хариуцагч уг гүйцэтгэсэн ажлын хөлс 306,071,975 төгрөг гэж тайлбарлаж байх боловч тэрээр тайлбарын үндэслэлээ баримтаар нотлоогүй... гэж дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд анхан шатны шүүх талуудыг эрх тэгш мэтгэлцэх боломжоор хангаагүй.

2/б/. Анхан шатны шүүх хуралдааны үеэр /асуулт хариултын шатанд/ шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй, тооцооллын алдаатай талаар нэхэмжлэгч талд болон шүүгчид удаа дараа мэдэгдсэн боловч анхан шатны шүүх анхаарч үзээгүй, шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаар үнэлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэхээр байна. Хариуцагч өөрийн татгалзлаа нотлох зорилгоор шинжээч томилуулах хүсэлт гаргасан ч шүүх хангахаас татгалзаж шийдвэрлэсэн атлаа хариуцагч татгалзлаа нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй гэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй, хариуцагч өөрийн хариу тайлбар, татгалзлаа нотлох боломжийг шүүх олгоогүй, анхан шатны шүүх нотлох баримтыг дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн хариу тайлбарын агуулга: Анхан шатны шүүх дахин шинжээч томилуулах тухай хүсэлтийг хангахаас татгалзсан нь хууль зүйн үндэслэлтэй тул хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хянан үзсэн болно.

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй боловч шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч О ХХК нь хариуцагч Э ХХК-д холбогдуулан гэрээгээр тохирсон ажлаас гүйцэтгээгүй үлдсэн ажлын хөлс буцаан шаардаж 70,037,995 төгрөг, алданги 72,324,523 төгрөг, уг ажлыг бусдаар гүйцэтгүүлэхэд гарсан зардал 26,500,000 төгрөг, нэмэгдсэн нэмэгдсэн өртгийн албан татвар 24,239, 214 төгрөг нийт 193,101,732 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, илүү төлсөн ажлын хөлс 61,735,265 төгрөг, алдангид 30,867,633 төгрөг, нийт 92,602,898 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Зохигчдын хооронд 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдөр АГГ/01/26 тоот ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан бөгөөд уг гэрээгээр Э ХХК нь Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, ХААЯ-ны эсрэг талд байрлах орон сууцны барилгад 704 ширхэг өрөө хоорондын дотор модон хаалгыг 2017 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн дотор үйлдвэрлэн суурилуулах ажлыг хийж гүйцэтгэн хүлээлгэн өгөх, О ХХК нь ажлын хөлс 358,304,528 төгрөг /НӨАТ орсон дүн/-ийн 30 хувь буюу 107,491, 358.4 төгрөгийг мөнгөн хэлбэрээр, 70 хувь буюу 250,813,169.6 төгрөгийн орон сууцыг бартераар шилжүүлэхээр тус тус харилцан тохиролцсон байна. /хх-7-10 дахь тал/

 

Нэхэмжлэгч О ХХК нь ажлын хөлсөнд бартераар 119,140,000 төгрөгний үнэ бүхий 2 өрөө 2 орон сууц, 147, 491,358 төгрөг бэлнээр нийт 266,631,358 төгрөгийг хариуцагч Э ХХК-д төлсөн, хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй үүрэ зөрчсөний улмаас ажил гүйцэтгэх гэрээ цуцлагдаж дуусгавар болсон үйл баримтын талаар зохигчид маргаагүй, харин хариуцагчийн гүйцэтгэсэн ажлын үнэлгээний талаар талууд маргажээ.

 

Хариуцагч Э ХХК нь гэрээний дагуу суурилуулахад бэлэн болсон 372 ширхэг хаалга, 61 ширхэг цоожны хамт, 352 ширхэг бэлэн болоогүй хаалганы бэлдцийг тус тус нийлүүлж, 66 ширхэг хаалгыг барилгад суурилуулсан болох нь хэргийн баримт болон талуудын тайлбараар тогтоогдсон байна.

 

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн, ажил гүйцэтгэх гэрээ хүчин төгөлдөр талаар зөв дүгнэсэн байна.

 

Иргэний хуулийн 343 дугаарг зүйлийн 343.1 дэх хэсэгт ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж зохицуулжээ.

 

Хариуцагч 306,071,975 төгрөгийн ажил гүйцэтгэсэн гэж тайлбарласан боловч тэрээр уг тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй талаар хийсэн шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй байна.

 

Талууд хийж гүйцэтгэсэн ажлын үнэлгээн дээр маргасан учир нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүхээс шинжээч томилсон Хөрөнгийн үнэлгээний төв ХХК нь Эвт үүд трейдинг ХХК-ийг 215,140,894 төгрөгний ажил гүйцэтгэсэн гэж дүгнэжээ. /хх-118-127/

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгч нь хариуцагчийг гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул гэрээг цуцалж, гүйцэтгээгүй үлдсэн ажлын хөлсийг буцаан шаардсаныг Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасан хохирол буюу гарсан зардал гэж дүгнэж 61,735,265 төгрөг гаргуулж шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлан хэрэглэснийг дараах байдлаар залруулах боломжтой.

 

Учир нь нэхэмжлэгч хариуцагчийг гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасны дагуу гэрээг цуцалж, гүйцэтгээгүй үлдсэн ажлын хөлсийг буцаан шаардсан байна.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгч О ХХК-д хариуцагч Э ХХК-аас 61,735,265 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн нь зөв боловч шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн нэг дэх заалтад Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасныг баримталсныг зөвтгөн Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэг болгон өөрчлөх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

1. Зохигчдын байгуулсан гэрээний 7.1 дэх хэсэгт гүйцэтгэгч нь гэрээт ажлыг гэрээнд заасан хугацаанд гүйцэтгээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гэрээт ажлын нийт үнийн дүнгийн 0.3 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг захиалагч талд төлж барагдуулна гэж тохиролцсон /хх-7-10/ боловч талуудын дээрх тохиролцоо нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасантай нийцээгүй талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгахгүй, талуудын хооронд байгуулагдсан гэрээ цуцлагдсан тул алдангийн талаарх гэрээний тохиролцоо мөн адил цуцлагдана. Иймээс нэхэмжлэгчийн гүйцэтгээгүй үлдсэн ажлын хөлсийг буцаан шаардсанд алданги тооцож гаргуулах хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд анз төлөхөөр тохиролцсон агуулга нь хуулиар хориглосон хэм хэмжээг зөрчөөгүй тул хуульд нийцүүлэн нэхэмжилж буй алданги 30,867,633 төгрөгийг хангах хууль зүйн үндэслэлтэй гэх нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

 

2/а/. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчийн гүйцэтгэсэн ажлын үнэлгээг тогтоолгохоор шинжээчээр Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийг томилж, шинжээчийн дүгнэлтээр Э ХХК нь ажил гүйцэтгэх гэрээний дагуу 215,140,894 төгрөгийн ажил гүйцэтгэсэн гэж дүгнэснийг буруу гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Учир нь хариуцагч Э ХХК-аас дахин шинжээч томилуулах тухай хүсэлт гаргасныг шүүх 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 183/ШЗ2021/12861 дугаар захирамжаар хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлт болон талуудын тайлбараас үзвэл дахин шинжээч томилох үндэслэл тогтоогдоогүй гэж дүгнэж дээрх хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй. Иймд энэ талаарх хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

 

2/б/. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын тайлбар зэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар тал бүрээс нь бодитойгоор харьцуулж, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлж, нэхэмжлэгч О ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь зөв байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудтай харьцуулан дүгнэж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэх хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

Дээрх үндэслэлээр зохигчдын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.   Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 183/ШШ2021/02384 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 205 дугаар зүйлийн 205.1, 232.6-д заасныг тус тус баримтлан хариуцагч Э ХХК-аас 61,735,265 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч О ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 30,867,633 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж өөрчлөн, бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 313,000 төгрөг, хариуцагчаас төлсөн 466,627 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

 

ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ