Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 2024/ДШМ/835

 

  2024            07            17                                          2024/ДШМ/835

 

Д.Д-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж, шүүгч Д.Мөнхөө, шүүгч М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Бат-Эрдэнэ,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.А,

шүүгдэгч Д.Д-н өмгөөлөгч Л.Амартогос,   

нарийн бичгийн дарга Э.Хишигтөмөр нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхзул даргалж, шүүгч Ц.Амар, Л.Баатар нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 2024/ШЦТ/553 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.А-н өмгөөлөгч Ж.Батмөнхийн гаргасан давж заалдах гомдлоор Д.Д-д холбогдох 2408 00000 0299 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.      

Х овгийн Д-н Д, ... оны .. дугаар сарын ..-ний өдөр .... төрсөн, .. настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ................. тоотод оршин суух, /РД: ............/,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2004 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 89 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 20 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн;  

Шүүгдэгч Д.Д нь 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдөр ..... дүүргийн .. дүгээр хороонд үйл ажиллагаа явуулдаг дугуй засварын газарт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ амь хохирогч Н.Ц-тэй үл ялих зүйлээс шалтгаалан маргалдаж, улмаар цээжин тус газар нь хутгалсны улмаас хохирогч нь өвчүүний гол хэсэгт 4, 5-р хавирганы завсар харалдаа, цээжний баруун хөндий рүү нэвтэрч, үнхэлцэг хальс, гол судасны уруудах хэсгийг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтлийн улмаас дотуур цочмог цус алдаж нас барсан буюу хүнийг санаатай алсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Д.Д-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Д.Д-г хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д-г 11 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д-н цагдан хоригдсон 74 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, эдлэх ялаас хасаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 511 дүгээр зүйлийн 511.3, 511.5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.Д-с 114.797.573 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.А-д олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлд зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн доорх эд зүйлсийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц амь хохирогчийн куртик, хантааз, ноосон цамц, майк, бэлтгэлийн өмд, дотуур өмд, дотоож, хагас түрүүтэй гутал 1 хос, оймс 1 хос зэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид шилжүүлэхийг шүүгчийн туслахад даалгаж, хэргийн газрын үзлэгээр бэхжүүлж авсан бор өнгийн иштэй нийт 25 см урттай хутга, тамхины иш 3 ширхэг, тамхины иш 1 ширхэг, архины шил, сав 1 ширхэг, “Эдэн” нэртэй 1 литрийн хэмжээтэй архины шил 1 ширхэг, “Хараа” нэртэй 0.75 литрийн архины шил 1 ширхэг, цус мэт хүрэн улаан өнгийн зүйлээс бэхжүүлж авсан дээж 2 ширхэг, хөвөнд шингээсэн модон савханд шингээсэн дээж 3 ширхэг, 1 хос гутал, биеийн тамирын өмд, юүдэнтэй цамц, нимгэн цамц, өнгийн куртик, ажлын өмд зэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж, энэ хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.А-н өмгөөлөгч Ж.Батмөнх тус шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хохирогч С.А, түүний өмгөөлөгч Ж.Батмөнх миний бие эс зөвшөөрч, дараах үндэслэлээр энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байна.

Нэг. Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн талаар. Өмгөөлөгчийн зүгээс прокуророос хэргийг шүүхэд шилжүүлсний дараа буюу 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах тухай хүсэлт гаргасны дагуу 04 дүгээр сарын 30-ны өдөр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг явуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.15-д заасны дагуу мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх хүсэлтийг гаргасан. Гэвч шүүх мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй байгаа тул хэлэлцэхгүй орхиж, анхан шатны шүүх хуралдаанаар шийдвэрлэхээр болсон. Гэтэл тус зохицуулалтыг 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар “шүүхийн шатнаас урьдчилсан хэлэлцүүлэг рүү хэрэг буцаахгүй” гэж өөрчлөн найруулсан. Тиймээс шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 12 дахь хэсгийг буруу тайлбарлаж хэрэглэсэн.

Хоёр. Шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй талаар Өмгөөлөгчийн зүгээс шүүх хуралдаанд дараах үндэслэлээр мэтгэлцэж оролцсон. Үүнд:

1. 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 16 цаг 28 минутад хийж эхэлсэн хэргийн газрын үзлэгээр цогцос, цус мэт бохирлогдсон модон иштэй хутга хоёр өөр өөр байрлалд байсан. Өөрөөр хэлбэл, хохирогчийн амь насыг бүрэлгэсэн гэх хутга яагаад өөр газар байгааг тодруулах шаардлагатай байна.

2. 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хохирогчтой хамт байсан гэх Д.Б-н биед үзлэг хийсэн тэмдэглэлд түүний баруун гарын хуруунууд хооронд цус мэт улаан өнгийн зүйлээр, баруун хөлийн ар булчин хэсэгт шар хүрэн өнгийн зүйлээр тус тус бохирлогдсон гэж тусгагдсан байна. Тус бохирлогдсон цус мэт зүйл хэнийх болохыг тогтоох шаардлагатай байна.

3. Гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэл,

3.1. Гэрч Ц.Б “.. Г болон талийгаач Ц нар ар араасаа орж ирсэн.... Ингээд Д.Д-н авч орж ирсэн 0.33 граммын шилтэй архийг Г, Ц, Б, Д.Д нар хувааж уусан. Үүний дараа талийгаач Ц 0.75 граммын архи гаргаж ирээд мөн хувааж уусан.... Г, Ц, Д.Д 3 гарч ороод маргаад л байсан.... би дугуй засвараас гараад дэлгүүр орж нэг лааз пиво авчихаад эргээд дугуй засвар руу яваад ортол Б, Г, Д.Д, талийгаач Н.Ц нар байсан ба Н.Ц нь зуухны урд хэсэгт сандал түшээд сөхрөөд суучихсан байхаар нь “яасан бэ” гэж хэлээд талийгаачийг дээш нь түшээд босгосон чинь цээжнийх нь хэсгээс цус гараад доошоо урсахаар нь “яасан бэ, юу болсон бэ” гэж асуусан. ... Б, Г, талийгаач Н.Ц, Д.Д нар хэрэг болох үед согтолтын хувьд гайгүй л харагдаж байсан. Тэгтлээ тасраад согтчихсон хөл дээр тогтож чадахгүй байдалтай байсан хүн бол байхгүй байсан” гэх,

3.2. Гэрч Д.Б “... нэг сэргэхэд манай дугуй засвар дотор Д.Д, Н.Ц бид гурав л үлдчихсэн байсан ба Н.Ц дугуй засварын баруун хана дагуу байх ширээний урд газар доошоо хараад хөдлөхгүй байж байсан хажуу талын сандал дээр Д.Д сууж байсан. ... тэгээд би Д.Д-с юу болсон талаар асуухад Д.Д Н.Ц-г хутган дээр унасан гэж хэлсэн. ... надад Б Г-н араас яваад ирлээ Г-г гүйгээд явчихлаа гэж хэлсэн. ... Тэгээд би түргэн цагдаа дуудах гээд дугуй засварын гадна гараад утсаар ярих гэж байхад Д.Д араас гарч ирээд дугуй засварын баруун хойд хэсэгт байх портер машины баруун талд цасаар гараа угааж байгаа харагдсан тэгээд хаашаа явсныг мэдэхгүй байна гэнэт л зугтаагаад явчихсан.” гэх,

3.3. Гэрч Ц.Г “дугуй засварын газарт 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдөр 13 цагаас 12 цагийн орчим ганцаараа орсон намайг ороход уг авто дугуй засварт Б, Д.Д, Г, Б буюу Б гэж дууддаг хүмүүс 0.33 литрийн архи хуваагаад ууж байсан би хамт нэгээс хоёр цаг орчим суугаад архинаас 2, 3 татсан. ... намайг явахаас өмнө Н.Ц гэх зүс таних залуу ганцаараа зөрөөд орж ирсэн.” гэх,

3.4. Гэрч Ц.Г “... манай гэрийн дээдхэн талд байдаг Баян захын үзүүр дээр байдаг дугуй засвар дээр би ганцаараа жоохон идэх мах аваад яваад очиход дугуй засвар дотор Б, үс Г, Б, Д.Д нар 0.75 литрийн Хараа нэртэй архи хувааж уугаад сууж байсан ба намайг тэд нар ганц татчих гэхээр нь би тухайн архинаас ганц хундага уугаад сууж байсан чинь гаднаас Н.Ц ороод ирсэн.... Тэгсэн чинь дугуй засвар ажиллуулдаг Б нэлээн архиндаа согтчихсон орон дээр хэвтэж байсан ба үс Г, Б, Д.Д, Н.Ц бид 5 дугуй засвар дотор тойрч суугаад тухайн архиа хувааж уугаад ойр зуурын буюу ажил төрөл, бөх яриад байж байсан чинь Д.Д, Н.Ц нар хоорондоо маргалдах шинжтэй ам зөрөөд жаахан түр тар хийгээд байсан ба гаднаас нэг залуу орж ирээд дугуй хийлүүлэх гэсэн юм гэхээр нь би Б-г дуудах гэсэн чинь сэрэхгүй шинжтэй байхаар нь би өөрөө гараад тухайн үйлчлүүлэгчийн дугуйг хийлж өгөөд буцаад дугуй засвар орох гэтэл өөдөөс Д.Д, үс Г нар дугуй засвараас гараад ирэхээр нь би үгийн зөрөөгүй дугуй засвар руу яваад орсон чинь Н.Ц дугуй засварын шалан дээр хэвтчихсэн сонин амьсгалаад, цээжнээс нь цус гараад байхаар нь би “хүүе юу болов оо” гээд би Б-г сэрээсэн чинь Б мөн үгийн зөрөөгүй дугуй засвараас гараад явчихсан....” гэх,

Дээрх гэрчүүдээс мэдүүлэг авсан тэмдэглээс харахад гэрч нарын мэдүүлэг зөрүүтэй, зарим нөхцөл байдал ойлгомжгүй байна. Тухайлбал, гэрч Ц.Б хэрэг гарах үед Б, Г, Д.Д, талийгаач Н.Ц нар байсан гэж, гэрч Д.Б хэрэг гарах үед Д.Д, Н.Ц бид гурав л байсан гэж, гэрч Ц.Г хэрэг гарах үед би байгаагүй гэж, гэрч Ц.Г хэрэг гарах үед үс Г, Б, Д.Д, Н.Ц бид 5 байсан гэж тус тус мэдүүлсэн. Үүнээс үзэхэд хэрэг гарах үед хэн хэн байсан нь тодорхойгүй байна. Гэрч Ц.Б талийгаач зуухны урд хэсэгт сандал түшээд сөхрөөд суучихсан байсан гэж, гэрч Д.Б талийгаач дугуй засварын баруун хана дагуу байх ширээний урд газар доошоо хараад байж байсан гэж, гэрч Ц.Г талийгаач дугуй засварын шалан дээр хэвтчихсэн байж байсан гэж тус мэдүүлсэн. Үүнээс үзэхэд талийгаач буюу хохирогчид гэмтэл учрах үед яг хаана, аль байрлалд байсан нь тодорхойгүй байна. Гэрч Ц.Б нь Б, Г, талийгаач Ц, Д.Д нар хэрэг болох үед согтолтын хувьд гайгүй л харагдаж байсан. Тэгтлээ тасраад согтчихсон хөл дээр тогтож чадахгүй байдалтай байсан хүн бол байхгүй байсан гэж, гэрч Д.Б ирсэн архийг нь хувааж уусан тэгээд би нилээн согтоод муудаад тасарсан байсан гэж, гэрч Ц.Г нь Б нэлээн архиндаа согтчихсон орон дээр хэвтэж байсан гэж тус мэдүүлсэн. Үүнээс үзэхэд гэрч Д.Б хэрэг гарах үед согтоод унтаж байсан эсэх, эсхүл сэрүүн байсан эсэх нь тодорхойгүй байна. Энэ нь хэн хэргийг гардаж гүйцэтгэсэн, хамтран оролцсон эсэхийг нотлоход ач холбогдолтой байна. Гэрч Ц.Г нь Д.Д, Н.Ц нар хоорондоо маргалдах шинжтэй ам зөрөөд жаахан түр тар хийгээд байсан ба гаднаас нэг залуу орж ирээд дугуй хийлүүлэх гэсэн юм гэж мэдүүлсэн. Үүнээс үзэхэд маргаан болж байхыг харсан өөр гэрч байна. Тухайн гэрчийн мэдүүлэг нь хэн хэн хоорондоо маргасан, хэрэг болохоос өмнө ямар нөхцөл байдалтай байсныг тодруулж чадах ач холбогдолтой байна. Тиймээс тухайн гэрчийг тодруулж мэдүүлэг авах шаардлагатай байна. Мөн гэрч нарын мэдүүлэгт хэрэг гарах үеийн цаг хугацаа тодорхойгүй байна. Үүнээс хамаарч хохирогчид хэзээ гэмтэл үүссэн, хэзээ нас барсан зэрэг нь тодорхойлогдоно. Тиймээс дээрх нөхцөл байдлыг тодруулах шаардлагатай байна.

4. Энэхүү хэрэгт нийт 27 төрлийн шинжилгээ хийгдэж, шинжээчийн дүгнэлт гарсан байна. Тухайн хийгдсэн шинжээчийн дүгнэлтээс зарим нь үндэслэлтэй эсэх нь эргэлзээтэй байна. Тухайлбал,

4.1. 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 942 дугаар шинжээчийн дүгнэлтэд дурдагдсан цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон бор өнгийн модон бариултай хутга нь шинжилгээнд тэнцэнэ гэсэн боловч гарын хээний нэгдсэн санд бүртгэлтэй хүмүүс, эсхүл хэрэг гарах үед хамт байсан хүмүүс, эсхүл эзэн тодорхойгүй хүмүүсийн гарын дардастай тохирч байгаа эсэхийг тодруулаагүй байна. Өөрөөр хэлбэл, хохирогчийн амь насанд гэмтэл учруулсан зэвсгийн ул мөрийг тогтоож чадаагүй байна.

4.2. 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 1509 дугаар шинжээчийн дүгнэлтээр Д.Б-н өмсөж явсан хар эрээний өнгийн өмд дээрээс хохирогчийг цусны ул мөр илэрсэн. Гэтэл энэ талаар мөрдөн шалгах ажиллагаа хийгдээгүй байна.

4.3. Хэрэг гарах үед байсан гэх Ц.Г-н биед үзлэг хийгээгүй, өмсөж явсан хувцас, хумс, гарын арчдас, цус зэрэгт шинжилгээ хийж дүгнэлт гаргаагүй орхигдуулсан байна. Тиймээс дээрх нөхцөл байдлыг тодруулах шаардлагатай байна. Гэтэл анхан шатны шүүх хэргийн дүгнэлтэд дээрх ноцтой нөлөөлж болох нөхцөл байдлыг анхаарч үзээгүй орхигдуулсан.

Гурав. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн талаар

1. Хохирогчийн зүгээс оршуулгын зардалд 32.681.373 төгрөг, сэтгэцэд учирсан хор уршигт 99.000.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн. Гэтэл шүүх хохирогчийн оршуулгын зардалд гаргаж өгсөн баримтууд тамга, тэмдгээр баталгаажаагүй гэдэг үндэслэлээр 16.883.800 төгрөгийг хасаж шийдвэрлэсэн. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн хувьд оршуулгын ажил төрөлтэй холбогдуулан худалдан авсан газруудаасаа авсан баримтуудыг анзаараагүйн улмаас тамга, тэмдэг дарсан эсэхийг шалгаж чадаагүй. Учир нь ханилсан ханиа алдсан хүн буян, номын ажил гэхээс илүү зардлын баримт шалгах боломжгүй, чадваргүй байсан нь ойлгомжтой. Тиймээс оршуулгын зардлын баримтыг нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг шүүх олгох боломжтой байсан гэж үзэж байна. Тиймээс оршуулгын зардлаас хассан төлбөрийг нэхэмжлэх эрхийг нээлттэй орхиж өгөхийг хүсэж байна. Өөрөөр хэлбэл шүүх гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн талаар үндэслэл бүхий шийдвэр гаргаж чадаагүй. Эцэст нь хэлэхэд шүүх хэргийг хэлэлцэхдээ анхнаасаа ойлгомжтой хэрэг мэтээр дүгнэсэн гэх хардлагыг төрүүлэхүйц байсан. Бидний хувьд мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийн гэмт хэрэгт хамтран оролцсон төрөл, хэлбэр байгаа эсэхийг тодруулж өгөхийг хүссэн. Учир нь, хохирогчийн ар гэрийн зүгээс энэ талаар хардлага байсаар байгаа. Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 2024/ШЦТ/553 дугаар шийтгэх тогтоол нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, хуулийг буруу тайлбарласан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа зөрчсөн байх тул шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү. ...” гэжээ.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.А тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийг шалгаж өгөхийг хүсэж байна. Манай нөхөр тэр хүмүүстэй нийлж архи уудаггүй байсан. Хэрэг болох өдөр дугуй хийлүүлэх гэж очоод гэмт хэргийн хохирогч болсон. Тухайн хэрэгт холбогдсон Б нь архины хамааралтай, дугуй засварын газраа байнга хүмүүс цуглуулж, архи согтууруулах ундаа хэрэглэдэг. Тиймээс хамт байсан хүмүүс нийлж, миний нөхрийн амь насанд хүрсэн гэж хардаж байна. Мөн оршуулгын бодит зардалд гарсан төлбөрийг бүрэн гаргуулж өгөхийг хүсэж байна. ...” гэв.

 

Шүүгдэгч Д.Д-н өмгөөлөгч Л.Амартогос тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна. Шүүх Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэсэн давж заалдах гомдол үндэслэлгүй. Тухайн хэргийн мөрдөн шалгах ажиллагаа бүрэн гүйцэд хийгдсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

 

Прокурор Б.Бат-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.А-н өмгөөлөгчийн хүсэлтээр шүүхээс урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааныг явуулсан. Уг урьдчилсан хэлэлцүүлгээр өмгөөлөгчийн гомдолд дурдсан үндэслэлээр нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийх шаардлагагүй, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэх бүрэн боломжтой гэж үзсэн. Мөн гэрч нарын зөрүүтэй мэдүүлгийн асуудал яригдсан ба гэрчүүдийг дуудаж шүүх хуралд оролцуулах бүрэн боломжтой гэж дүгнэсэн. Гэвч хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс гэрч оролцуулах хүсэлт ирүүлээгүй. Хэрэгт авагдсан баримтуудаар энэ гэмт хэрэгт бусад хүмүүс хамтран оролцсон гэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Анхан шатны шүүх оршуулгын зардлаас нотлох баримтын шаардлага хангаагүй гэсэн үндэслэлээр 16.883.800 төгрөгийг хасаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэж үзэж байна. ...” гэв

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.А-н өмгөөлөгч Ж.Батмөнхийн гаргасан давж заалдах  гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр шүүгдэгч Д.Д-д холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Шүүгдэгч Д.Д нь 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулдаг дугуй засварын газарт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ амь хохирогч Н.Ц-тэй үл ялих зүйлээс шалтгаалан маргалдаж, улмаар цээжин тус газар нь хутгалан, хохирогч нь өвчүүний гол хэсэгт 4, 5-р хавирганы завсар харалдаа, цээжний баруун хөндий рүү нэвтэрч, үнхэлцэг хальс, гол судасны уруудах хэсгийг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтлийн улмаас дотуур цочмог цус алдаж нас барсан буюу хүнийг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.А-н “...2024 оны 2 дугаар сарын 23-ны ... өдөр нөхөр Н.Ц намайг хүргэж өгөөд явснаас хойш огт холбогдож чадаагүй бөгөөд 17 цагийн орчимд манай зээ хүүгийн цэцэрлэгийн багш залгаад Мө ганцаараа үлдчихлээ гэрээс нь хүн ирж авсангүй гэхээр нь би охин Бя руу яриад зээгээ авхуулсан манай охин гэртээ ирээд аавын машин хашаан дотор байна аав өөрөө байхгүй байна гэсэн. Тэгээд удаагүй над руу цагдаагаас холбогдож байна гээд ярьсан ба ... нас барсан талаар нь мэдсэн. ...” /1 хх 37/,

гэрч Ц.Б-н “... Дугуй засвар дээр Б, Д.Д бид 3 байсан. Тэгтэл Д.Д, талийгаач Ц, Г 3 машин тэрэг яриад хоорондоо ам зөрөлдөөд маргаад байсан мөн Д.Д, талийгаач Н.Ц 2 нэг нэгэндээ ахархаад би чиний ах, чи миний дүү гээд л шорон яриад хоорондоо муудалцаад Г, Ц, Д.Д 3 гарч ороод маргаад л байсан. Гарчхаад эргэж ороод ирэхдээ Д.Д-н зүүн талын нүдний орчимд улаан хавдсан байдалтай ороод ирсэн. Тэгэхээр нь би Д.Д-с “наад нүд чинь яачхав” гэж асуутал “Г, Н.Ц 2 намайг бөөрөлхөөд цохичихлоо” гэж хэлэхээр нь “за за, эр хүмүүс байж битгий хоорондоо марга мууд” гэж хэлчихээд би дугуй засвараас гараад миний дэлгүүр орж, нэг лааз пиво авчихаад эргээд дугуй засвар руу яваад ортол Б, Г, Д.Д талийгаач Н.Ц нар байсан ба Н.Ц нь зуухны урд хэсэгт сандал түшээд сөхрөөд суучихсан байхаар нь яасан бэ гэж хэлээд талийгаачийг дээш нь түшээд босгосон чинь цээжнийх нь хэсгээс цус гараад доошоо урсахаар нь “яасан бэ, юу болсон бэ” гэж асуусан чинь Д.Д “би хутгалчихсан, цагдаа дуудчихсан” гэж хэлэхээр нь “та нар одоо юу болоод хутга шөвөг болоод байгаа юм бэ” гэж хэлээд Б-н хамтаар би талийгаачийг түшиж орон дээр гаргаж дээш нь харуулж хэвтүүлчихээд Б-н гар утсаар 103 дуудсан. Энэ үед Г, Д.Д нар гараад алга болчихсон байсан удаагүй цагдаа нар ирсэн. ...” /1 хх 76-78/,

гэрч Д.Б-н “... Би нэлээд согтоод муудаад тасарсан байсан. Нэг сэргэхэд манай дугуй засвар дотор Д.Д, Н.Ц бид гурав л үлдчихсэн байсан ба Н.Ц дугуй засварын баруун хана дагуу байх ширээний урд газар доошоо хараад хөдлөхгүй хэвтэж байсан хажуу талын сандал дээр Д.Д сууж байсан ба нүүр нь харагдах байдлаар зүүн хэсэгтээ хөхөрсөн байсан. Би Д.Д-с юу болсон талаар асуухад Д.Д Н.Ц-г хутган дээр унасан гэж хэлсэн. Би “юу яриад байгаа юм” гээд Н.Ц-г өргөөд орон дээр дээшээ харуулж хэвтүүлсэн. Тэгтэл Б гаднаас ороод ирсэн би хэзээ гарсныг нь мэдээгүй надад Б Г-н араас гүйчихээд ирлээ Г-г гүйгээд явчихлаа гэж хэлсэн би яг юу болсныг нь сайн ойлгоогүй. Н.Ц-г орон дээр хэвтүүлээд хартал цээжний гол хэсэгт зүсэгдсэн шарх байсан уг шархнаас нь их цус гараагүй байгаа харагдсан. Тэгээд би түргэн цагдаа дуудах гээд дугуй засварын гадна гараад утсаар ярих гэж байхад Д.Д араас гарч ирээд дугуй засварын баруун хойд хэсэгт байх портер машины баруун талд цасаар гараа угааж байгаа харагдсан. Тэгээд хаашаа явсныг нь мэдэхгүй байна гэнэт л зугтаад явчихсан. Би Б-тай хамт байж байгаад би цагдаад дуудлага өгсөн. Би Д.Д, Н.Ц хоёрыг хоорондоо маргалдсан байх гэж бодож байна. ... Дугуй засварын газарт анх орж ирэх үедээ миний санаж байгаагаар Д.Д, Ц, Г, Б, Г нарт ил харагдах гэмтэл шарх байгаагүй сүүлд нь намайг архи уугаад тасраад нэг сэргэхэд талийгаач Н.Ц газар доошоо хараад хэвтчихсэн байсан. Түүний хажууд сандал дээр Д.Д суучихсан байсан, Б гаднаас орж ирж байсан. Д.Д Н.Ц-г “хутган дээр уначихлаа” гэж хэлсэн ба өөрийнх нь зүүн хацар, шанаа хэсэг нь хөхөрсөн байдалтай байсан. ...” /1 хх 79-81/,

гэрч Ц.Г-н “... 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдөр 13 цагаас 12 цагийн орчимд ганцаараа орсон. Намайг ороход уг авто дугуй засварт дугуй засвар ажиллуулдаг Б, Д.Д, Г, Б буюу Б гэж дууддаг хүмүүс 0.33 литрийн Хараа, Агар нэртэй архи хуваагаад ууж байсан би хамт нэгээс хоёр цаг орчим суугаад архинаас 2, 3 татсан. Тэгээд хоорондоо юм яриад архи ууж байгаад би 14 цагийн орчимд сургуулиас хүүхэд авах гээд ганцаараа явсан. Намайг явахаас өмнө Н.Ц гэх зүс таних залуу ганцаараа зөрөөд орж ирсэн, би дахиж ирээгүй. ... Н.Ц надтай зөрж орж байхад ил гэмтэл шархгүй зүгээр байсан. ... Би хэн нэгэнтэй маргаж муудалцаагүй...” /1 хх 83/,

гэрч Ц.Г-н “... Д.Д, Н.Ц нар хоорондоо маргалдах шинжтэй ам зөрөөд жаахан түр тар хийгээд байсан ба гаднаас нэг залуу орж ирээд дугуй хийлүүлэх гэсэн юм гэхээр нь би Б-г дуудах гэсэн чинь сэрэхгүй шинжтэй байхаар нь би өөрөө гараад тухайн үйлчлүүлэгчийн дугуйг нь хийлж өгөөд буцаад дугуй засвар руу орох гэтэл өөдөөс Д.Д, үс Г нар дугуй засвараас гараад ирэхээр нь би үгийн зөрөөгүй дугуй завсар луу яваад орсон чинь Н.Ц дугуй засварын дотор шал дээр хэвтчихсэн сонин амьсгалаад цээжнээс нь цус гараад байхаар нь би “хүүе, юу болов оо” гээд Б-г сэрээсэн чинь Б мөн үгийн зөрүүгүй дугуй засвараас гараад гараад явчихсан. Тэгээд Б бид хоёр Н.Ц-г “яаж байна” гэсэн чинь дуугарахгүй, нас барчихсан юм шиг байхаар нь Б бид хоёр дугуй засвараас гараад Б цагдаа, түргэн дуудсан ба дугуй засварын гадаа зогсож байтал үс Г, Б нарын нэг нь надад хандаж “хөөе, нөгөө Д.Д чинь гудамж руу ороод алга болчихлоо” гэж хэлэхээр нь би Д.Д-н араас гудамж руу ороод хайсан чинь олдоогүй. Тэгээд би шууд гудамжнаасаа гэртээ харьчихсан ба удалгүй цагдаа нар ирээд намайг авч явсан. ... Тэр үед Н.Ц-н биед учирсан гэмтлийг Д.Д хутгаар учруулсан гэж бодож байна. Би үйлчлүүлэгч залуугийн дугуйг хийлж өгөхөөс өмнө нь дугуй засвар дотор байж байхад Ц, Д.Д нар л хоорондоо ам зөрөөд түр тар гээд маргалдаад байсан юм. Тэр үед бид нар дугуй засвар дотор мах идэж байхад тухайн махаа дугуй засвар дээр байдаг байсан бор өнгийн модон иштэй хутгаар мах идэж байсан. ...” /1 хх 85-86/,

гэрч Ж.Л-н “... Д.Д 15-16 цагийн орчимд ганцаараа такси бариад халамцуу ирсэн ба манай нөхөр таксины мөнгийг нь өгөөд гэрт оруулсан. Д.Д-н нэг талын нүд нь хавдаад халамцуу орж ирээд намайг тэврээд “би хүн алчихлаа” гэхээр нь юу болсон талаар асуухад намайг тэврээд “хүн алчихлаа” гэж хэлсэн...” /1 хх 88/,

гэрч А.Б-ны “... 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдөр гэртээ байж байхад гаднаас нагац дүү Д.Д 15-16 цагийн орчимд ганцаараа такси бариад халамцуу ирэхээр нь таксины мөнгийг өгөөд гэрт оруулж уулзахад Д.Д “би хүн алчихлаа” гэхээр нь согтуу худлаа үнэн юм яриад байна гээд итгээгүй. Тэгээд гэр лүү нь хүргэж өгье гээд ... гэрт нь хүргэж өгсөн. Тэгээд буугаад үлдэхдээ намайг цагдаа асууж ирэх юм бол зааж өгөөрэй гэхээр нь худлаа ярьж байгаа байх гээд итгээгүй. ...” /1 хх 90/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн “... Талийгаач Н.Ц-н цогцост өвчүүний гол хэсэгт 4, 5-р хавирганы завсар харалдаа, цээжний баруун хөндий рүү нэвтэрч, үнхэлцэг хальс, гол судасны уруудах хэсгийг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, зүүн шанаанд цус хуралт, дээд уруулд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Гэмтэл учирснаас хойш идэвхтэй үйлдэл хөдөлгөөн хийх боломжгүй. Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл байна. Өвчүүний гол хэсэгт 4, 5-р хавирганы завсар харалдаа, цээжний баруун хөндий рүү нэвтэрч үнхэлцэг хальс, гол судасны уруудах хэсгийг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Харин зүүн шанааны цус хуралт, дээд уруулын зулгаралт гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. ... Талийгаач нь нас барах үедээ дунд зэргийн согтолттой байжээ. Талийгаач нь өвчүүний гол хэсэгт 4.5-р хавирганы завсар харалдаа, цээжний баруун хөндий рүү нэвтэрч, үнхэлцэг хальс, гол судасны уруудах хэсгийг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтлийн улмаас дотуур цочмог цус алдаж нас баржээ. Талийгаачид эмнэлгийн тусламж үзүүлсэн ч амь нас аврах боломжгүй. ...” гэсэн 2024 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 976 дугаар дүгнэлт /1 хх 158-161/,

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын ДНХ-ийн лабораторийн шинжээчийн “… Шинжилгээнд ирүүлсэн Д.Д-с хураан авсан гэх хар өнгийн түрийтэй хос гутал, хар хөх өнгийн биеийн тамирын өмд, цагаан өнгийн малгайтай цамц, улаан өнгийн цамц, ногоон алаг өнгийн куртик, хөх өнгийн зузаан өмд, хар эрээн өнгийн хос оймс нь шинжилгээнд тэнцэнэ. ... Хөх өнгийн зузаан өмд илэрсэн цус нь ДНХ-ийн тогтцоороо 1512 дугаартай дүгнэлт дээр дурдсан ИБ2280 дугаартай Н.Ц гэх хатаан бэхжүүлсэн цусны ДНХ-ийн тогтоцтой тохирно...” гэсэн 2024 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 1635 дугаартай дүгнэлт /1 хх 182-184/,

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын ДНХ-ийн лабораторийн шинжээчийн “… Илэрсэн цус, шүлсний ДНХ-ийн тогтцыг тогтоов. Бор өнгийн иштэй хутга, бор өнгийн иштэй хутганы ажлын хэсгийг боон ирүүлсэн бинт марал дээр илэрсэн цус нь ДНХ-ийн тогтцоороо ИБ2280 дугаартай Н.Ц гэх хатаан бэхжүүлсэн цусны ДНХ-ийн тогтоцтой тохирно. …” гэсэн 2024 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн ДНХ-ийн лабораторийн шинжээчийн 1512 дугаартай дүгнэлт /1 хх 198-202/,

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын криминалистикийн шинжээчийн “... Шинжилгээнд ирүүлсэн хөх хантаазанд үүссэн 5мм, саарал цамцанд үүссэн 10мм, хар футболконд үүссэн 7мм хэмжээт гэмтлүүд нь хурц иртэй зүйлтэй үйлчлэх үед үүссэн шинэ зүсэгдэлт, хөх хантаазанд үүссэн 30мм, 25 мм хэмжээтэй гэмтлүүд нь татаж чангаах хүчний үйлчлэлээр үүссэн шинэ ханзралт байна. ...” гэсэн 2024 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 939 дугаартай дүгнэлт /2 хх 12-18/,

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн “... Д.Д-н биед зүүн нүдний дээд, доо зовхи, хацар, эрүүний зүүн хэсэг, дээд, доод уруулын зүүн хэсгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний алимын салстад цус харвалт, дээд, доод уруул, зүүн завжинд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүснэ. Шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Тус тусдаа эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүдийг өөрөө өөртөө учруулах боломжгүй. ...” гэсэн 2024 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 3017 дугаартай дүгнэлт /1 хх 211-212/,

шуурхай удирдлагын тасгийн дуудлагын хуудас /1 хх 3, 4/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх 5-8, 9-16/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх 24-29/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Д.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.Д-н гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг  харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 11 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байна.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.А-н өмгөөлөгч Ж.Батмөнхөөс “...шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 12 дахь хэсгийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг учрал гарах үед байсан гэрчүүдийн мэдүүлэг зөрүүтэй, хохирлын баримтуудаас үндэслэлгүй хасаж шийдвэрлэсэн. ...” гэсэн утга агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдөр дугуй засварын газарт Д.Б, Д.Б, Ц.Г, Д.Д, талийгаач Н.Ц нар хамт архи ууж байгаад Д.Б унтсан, Ц.Б дэлгүүр орохоор, Ц.Г дугуй хийлэхээр гарах хооронд Д.Д нь талийгаач Н.Ц-г цээжин тус газар хутгалж, улмаар хохирогч газар суусан байдалтай байсныг гаднаас Ц.Б орж ирэн Д.Б-г сэрээж, хамтдаа талийгаачийг орон дээр хэвтүүлэн, талийгаач нь босож ирээгүй тэндээ нас барсан болох нь гэрч Ц.Б, Ц.Г, Д.Б нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлгээр нотлогдон тогтоогджээ.

Хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтүүд болон гэрч нарын мэдүүлгүүдийг хэрхэн үнэлсэн талаар анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байх ба шүүгдэгч Д.Д-н амь хохирогч Н.Ц-г цээжин тус газар нь хутгалсан үйлдлийн улмаас амь хохирогчид өвчүүний гол хэсэгт 4, 5-р хавирганы завсар харалдаа, цээжний баруун хөндий рүү нэвтэрч, үнхэлцэг хальс, гол судасны уруудах хэсгийг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл учирч улмаар дотуур цочмог цус алдаж хохирогч нас барсан хэргийн үйл баримт хөдөлбөргүй тогтоогдож байхаас гадна шүүгдэгчийн үйлдэл хохирогчийн нас барсан шалтгаан хоёр нь шууд холбоотой гэж дүгнэлээ.

Дээрх хэргийн үйл баримтаас өөр байдлаар Н.Н.Ц-н амь насыг хохироосон гэх нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдоогүй, анхан шатны шүүх хэргийн үйл баримтад үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийж хэргийг эцэслэн шийдвэрлэжээ.  

Үүнээс гадна, Шүүх шинжилгээний тухай хууль, Улсын Дээд шүүхийн Нийт Шүүгчдийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолд заасны дагуу хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлүүлэх, төлбөрийн жишиг аргачлалын дагуу 99.000.000 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан хохиролд, хуулийн шаардлага хангасан баримтаар нотлогдсон оршуулгын зардал 15.797.573 төгрөг, нийт 114.797.573 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий байна.

Харин шүүх хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилсэн нийт 32.681.373 төгрөгөөс 15.797.573 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулахаар заасан атлаа үлдэх 16.883.800 төгрөгийг хэрхэн шийдвэрлэсэн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байх тул дээрх төлбөрийг иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх зүйтэй гэж үзэн, шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулав.

Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.А-н өмгөөлөгч Ж.Батмөнхийн гаргасан давж заалдах гомдлоос хохиролтой холбогдох хэсгийг хүлээн авч, бусад үндэслэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзэв. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно...” гэсний дагуу шүүгдэгч Д.Д нь анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойш буюу 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрөөс энэ өдрийг хүртэл нийт 70 хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 2024/ШЦТ/553 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.А нь оршуулгын зардлын зөрүү төлбөр 16.883.800 /арван зургаан сая найман зуун наян гурван мянга найман зуу/ төгрөгийн нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.” гэсэн нэмэлт заалт оруулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.А-н өмгөөлөгч Ж.Батмөнхийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д нь 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрөөс хойш 70 /дал/ хоног цагдан хоригдсоныг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                            С.БОЛОРТУЯА  

ШҮҮГЧ                                                            Д.МӨНХӨӨ           

ШҮҮГЧ                                                            М.АЛДАР