Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 2024/ДШМ/841

 

  2024           07            18                                          2024/ДШМ/841

 

Ч.Д-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Д.Мөнхөө, шүүгч М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Нандин-Эрдэнэ,

хохирогч Д.Б, түүний өмгөөлөгч Д.Чинзориг,

цагаатгагдсан этгээд Ч.Д, түүний өмгөөлөгч Б.Борхүү,

нарийн бичгийн дарга Б.Энхдөлгөөн нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Батмандах даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 2024/ШЦТ/568 дугаар цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч прокурор Г.Нандин-Эрдэнийн бичсэн 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 24 дүгээр прокурорын эсэргүүцэл, хохирогч Д.Б-н өмгөөлөгч Д.Чинзоригийн гаргасан давж заалдах гомдлоор Ч.Д-д холбогдох 2303 00198 0078 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.      

Х овгийн Ч-н Д, .... оны .. дугаар сарын ..-ний өдөр ........ төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ........ байгаа, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт ................ тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /РД: ........../;  

Ч.Д нь Баянзүрх дүүргийн 30 дугаар хороо, “Их өвөр” хүнсний дэлгүүрийн хойд замд 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 22 цаг 44 минутын орчим “Тоёота Сай” загварын ... УБД улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 19.1 “Хорооллын дотор явган зорчигч нь явган хүний замаас гадна зорчих хэсгээр явж болно. Хорооллын дотор явган зорчигч давуу эрхтэй зорчих бөгөөд ингэхдээ тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд санаатайгаар саад хийхийг хориглоно”, 12.3. “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.”, мөн дүрмийн 1.3. “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэсэн заалтыг тус тус зөрчиж, зам дээр хэвтэж байсан Д.Б-г дайрч эрүүл мэндэд хүнд хохирол  учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: Ч.Д-н үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулж Ч.Д-д яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.8 дугаар зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан хохирлыг арилгуулах тухай нэхэмжлэлийг гаргах эрхтэйг тайлбарлаж шийдвэрлэжээ.

Прокурор Г.Нандин-Эрдэнэ бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүхээс “Хохирогч Д.Б-н үйлдэл нь осол гаргах шалтгаан болсон байна гэж үзсэн бөгөөд Замын хөдөлгөөний дүрмийн 12.3. “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөн нь тогтоогдохгүй гэж үзсэн үндэслэл нь тээврийн хэрэгсэл жолоодож байх үед “мэдсэн үед буюу мэдэх боломжтой” байсан тохиолдолд тээврийн хэрэгсэл жолоодож байгаа жолооч буруутгагдахаар хуульчилсан байна. Шүүгдэгч Ч.Д-н хувьд тээврийн хэрэгсэл жолоодож байх үед буюу тээврийн хэрэгсэл явж байх үед зам дээр хүн хэвтэж байгааг мэдэх ёстой болон мэдэх боломжтой эсэхийг тогтоосон нотлох баримт хавтас хэрэгт авагдаагүй байна. Явган зорчигч буюу хохирогч Д.Б-н зам дээр хэвтэж байсныг мэдэлгүй дайрсан гэх үйлдэл нь түүнийг буруутгах үндэслэл болохгүй ба Зам тээврийн ослын үед зам дээр хохирогчийг байх талаар урьдчилан тооцоолох боломжгүй байна. Мөн хэрэгт эд мөрийн баримтаар авагдсан туршилт хийсэн сиди дэх бичлэгийг шинжлэн судлахад шүүгдэгч Ч.Д-н зам тээврийн осол гаргасан гэх өдрийн замын хөдөлгөөн болон замын хөдөлгөөнд орж байгаа тээврийн хэрэгслүүдийн байршил, та 181 см өндөртэй юу гэж асууж байгаа боловч туршилтад оролцож байгаа иргэн нь 181 см-ийн өндөртэй талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй байгаа нь туршилтуудыг бүрэн дүүрэн хөтөлбөргүйгээр тогтоосон гэж үзэх үндэслэлгүй байна гэж үзсэн. Түүнчлэн, хохирогч нарыг буруутгасан 3 удаа шинжээч нарын дүгнэлт гарсан байхад прокурор хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн байна” хэмээн үзэж хэргийг хэрэгсэхгүй болгож, хэргийг хэрэг бүртгэлтэд буцааж шүүгдэгчийг цагаатгаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Учир нь, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан “Тээврийн хэрэгслийн ашиглалтын журам зөрчих” гэмт хэрэг нь тээврийн хэрэгслийн жолооч Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Замын хөдөлгөөний дүрмээр тогтоосон хэм хэмжээг зөрчсөний улмаас хуульд заасан хохирол учруулсныг ойлгоно. Өөрөөр хэлбэл, жолооч Ч.Д-н Тээврийн хэрэгслийн жолоочийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн идэвхтэй үйлдэл, энэхүү үйлдлийн улмаас хүний эрүүл мэнд хохирсон “хохирол” хоёрын хооронд шалтгаант холбоотой байна. Мөн дээрх гэмт хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгддэг. Жолооч Ч.Д нь хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авах үүрэгтэй бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй. Аюул саад тулгарахыг мэдсэн үед гэдэгт аюул саад тулгарахыг мэдэх боломжтой эсхүл мэдсэн нөхцөл байдлыг хэлэх бөгөөд жолооч хүн тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, зам, орчныг анхаарч, харж явах үүрэгтэй. Тухайн зам дээр хүн хэвтэж байгааг харах боломжтой нөхцөлд хараагүй буюу хайнга хандаж дайрсан үйлдлийг аюул саад тулгарахыг мэдээгүй гэсэн үндэслэлээр цагаатгаж байгаа нь тээврийн хэрэгсэл жолоодож байгаа жолоочийг Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, зам, орчны нөхцөл байдалд дүгнэлт хийж хөдөлгөөнөө үргэлжлүүлэх үүргээс чөлөөлж, харах боломжтой саадыг хараагүй, өөр зүйлд анхаарлаа хандуулсан зэрэг хайхрамжгүй байдлаас болж зам тээврийн осол гаргасан жолоочид энэ дүрэм үйлчлэхгүй гэж байгаатай нэгэн адил тайлбар хийсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Түүнчлэн хавтас хэрэгт авагдсан баримтуудаар Ч.Д нь ямар нэгэн юман дээгүүр гарах шиг болсон талаар дурддаг ба ямар нэгэн зүйл дээгүүр гарснаа мэдсэн тэр даруй зогсоох арга хэмжээ авах боломжтой байсан, мөн жолооч урд дугуйгаар дээгүүр нь гарсны дараа хөдөлгөөнөө үргэлжлүүлсэн цааш арын дугуйгаар дахин дээгүүр нь гарч цааш явсан үйл баримт тогтоогддог. Мөн тухайн осол болсон газар нь хорооллын доторх зам бөгөөд хорооллын дотор замд явган зорчигч нь давуу эрхтэй оролцдог, харин санаатайгаар саад хийхийг хориглодог. Гэвч дээрх тохиолдолд хохирогчийн үйлдэл нь шүүгдэгчийн хувьд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөл байдал болохоос хэргийг цагаатгах нөхцөл байдал болохгүй юм. Прокурорын зүгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.5 дугаар зүйлийн 4-т “Шинжээчийн дүгнэлтийг шүүх, прокурор, мөрдөгч, өмгөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд баримтлах үүрэггүй боловч дүгнэлтийг зөвшөөрөхгүй байгаа бол үндэслэлийг заана”, 5-д “Шинжээчийн хэд хэдэн дүгнэлт, мөрдөгчийн магадалгаа гарсан тохиолдолд эдгээрийг шүүхээр хянан хэлэлцэж, алийг нь нотлох баримтаар тооцохыг шийдвэрлэнэ” гэж заасан тул 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 04/22, 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 06/07 дугаартай техникийн шинжээчийн дүгнэлтүүд нь хэрэг, учрал болсон нөхцөл байдлыг тогтоох мөрдөн шалгах ажиллагааны туршилт явуулсан үйл баримттай тохироогүй тул нотлох баримтаар тооцоогүй. Дээрх туршилтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.5 дугаар зүйлд заасан үндэслэл, журмын дагуу явуулсан бөгөөд шүүхээс тухайн туршилтад оролцсон хүний өндрийн талаар баримт байхгүй гэж дүгнэлт хийсэн нь учир дутагдалтай бөгөөд шүүх шаардлагатай гэж үзвэл мөн хуулийн 35.23 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу шүүхийн шатанд дахин туршилт хийх боломжтой байна.

Цагаатгах тогтоолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан улсын яллагчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэлийн талаар “шүүгдэгч Ч.Д-н хувьд тээврийн хэрэгсэл жолоодож байх үед буюу тээврийн хэрэгсэл явж байх үед зам дээр хүн хэвтэж байгааг мэдэх ёстой буюу мэдэх боломжтой эсэхийг тогтоосон нотлох баримт хавтас хэрэгт авагдаагүй байна” гэснээр хязгаарлаж шийдвэр гаргасан нь мөн хуулийн 39.6 дугаар зүйл “Шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байх”, мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан “Дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан бол” гэсэн заалтыг зөрчсөн байна. Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 2024/ШЦТ/568 дугаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулж, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр бичсэн эсэргүүцлээ дэмжиж байна. ...” гэв.

Хохирогч Д.Б-н өмгөөлөгч Д.Чинзориг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 “Шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй”, уг хэсгийн 1.2 “Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн”, уг хэсгийн 1.3 “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн” гэх үндэслэлүүдээр гомдол гаргаж байна. Анхан шатны шүүхээс “Прокуророос... гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ба Ч.Д-н хувьд мэдэх боломжтой буюу мэдсэн байх талаар хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдохгүй байна.” хэмээгээд шүүгдэгч Ч.Д-н цагаатгасныг хүлээн зөвшөөрөх боломжгүй байгаагаа дараах байдлаар тайлбарлая.

Нэгдүгээрт: Шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй тухайд. Шүүхийн зүгээс цагаатгах тогтоол гаргах болсон үндэслэлээ дүгнэн тодорхойлохдоо:

• Зам дээр хохирогч Д.Б хэвтэж байсан нь хохирогчид учирсан гэмтэл болон тээврийн хэрэгсэлд ямар нэг гэмтэл учраагүй байгаа зэрэг нөхцөл байдлаар тогтоогдож байна.

• Ч.Д-н осол гаргасан гэх өдрийн замын хөдөлгөөн болон ...тээврийн хэрэгслүүдийн байршил, ...туршилтад оролцож байгаа иргэн нь 181 см-ийн өндөртэй талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй байгаа нь туршилтуудыг бүрэн дүүрэн хөдөлбөргүйгээр тогтоосон гэж үзэх үндэслэлгүй.

• ...зам дээр хүн хэвтэж байгааг мэдэх ёстой болон мэдэх боломжтой эсэхийг тогтоосон баримт хавтаст хэрэгт авагдаагүй байна.

• ШШҮХ-ийн 2023.12.09-ний өдрийн №3837 дугаар шинжээчийн дүгнэлт, ...эдгээр дүгнэлтүүдээр шүүгдэгч нь Замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй талаар дүгнэсэн байна. хэмээн дүгнэжээ. Гэтэл хэргийн бодит байдлын хувьд.

Зам дээр хохирогч Д.Б хэвтэж байсан бус, харин замын хажуугийн хөвөө хэсгийн боржур дээр сууж байхад нь жолооч мөргөж унагаад үргэлжлүүлэн урд, хойд 2 дугуйгаараа дээгүүр нь гарсан болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн хохирогчийн мэдүүлгээр тогтоогдож байгаа. Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн мэдүүлгээс харвал Ч.Д нь урсгал сөрж хөдөлгөөнд оролцохдоо зогсож байсан машинуудыг мөргөчихгүй юмсан гэдгээр анхаарал нь баруун гар талдаа төвлөрсөн, мөн найз руугаа утсаар ярьж явснаас үүдэн зүүн гар талдаа байсан хохирогчийг анзаарч харалгүй мөргөж унагаад улмаар дээгүүр нь дайрч гарсан болох нь харагдана. Түүнчлэн тээврийн хэрэгсэлд эвдрэл гэмтэл учраагүй нь хохирогч хэвтээ байсан гэж үзэх үндэслэл болохгүй агаад тэр тусмаа зөөлөн хурдаар сууж байсан хүнийг мөргөн унагаахад тээврийн хэрэгсэл эвдрэхгүй.

Туршилт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.5 дугаар зүйлд зааснаар бол хэрэгт ач холбогдолтой тодорхой нөхцөл байдал, үйл явдлыг сэргээн дүрслэх зорилгоор хийгдэх бөгөөд 2023.10.29-ний өдрийн тухайн туршилт нь үүнтэй бүрнээ нийцсэн байдаг. Туршилтыг хууль бусаар, мөн илтэд өөр нөхцөлийг тавьж явуулсан зүйлгүй. Оролцсон хүн нь ч Ч.Д-тэй адил өндөртэй, тээврийн хэрэгслүүдийн байршил нь ижил байсан бөгөөд шүүгдэгчийн өмгөөлөгчийн ярьж байсан шиг зогсож байсан бусад машины өнгө, марк нь туршилтын үр дүнд нөлөөлөхгүй юм. Ямартай ч туршилтыг хөндлөнгийн хүнээр, мөн Ч.Д-н өөрийг нь оролцуулан явуулсны үр дүнд “Тоёота Сай маркийн ... УБД улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч зам дээр хүн байхыг бүрэн харах боломжтой” болохыг нь тогтоосон.

Ийм нотлох баримт байсаар байтал шүүх “мэдэх ёстой болон мэдэх боломжтой эсэхийг тогтоосон баримт хавтас хэрэгт авагдаагүй байна” гэсэн нь илтэд үндэслэлгүй бөгөөд шүүхийн хэлэлцүүлгээр хавтас хэргийн 135-141 дүгээр талд авагдсан “Мөрдөн шалгах туршилт хийсэн тэмдэглэл”-ийг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах процесс болоогүй, харин ч тухайн дүгнэлтийг цаасаар болон дуу-дүрсний байдлаар бүхэлд нь шинжлэн судалсан билээ.

ШШЕГ-ийн 2023 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн №3837 дугаар шинжээчийн дүгнэлтээр жолооч Ч.Д-н Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчөөгүй гэж гараагүй. Харин ч тухайн дүгнэлт нь хаа очиж ШШТХ-д нийцсэн буюу явган зорчигч болон жолооч нарын гэм бурууг урьдчилан дүгнээгүй, зөвхөн тусгай мэдлэгийнхээ хүрээнд “...дүрмийн заалт зөрчсөн эсэх нь шинжээчийн тусгай мэдлэгийн хүрээнд хамаарахгүй, ...хүн /маникен/ харагдаж байна, ...техникийн хувьд зогсоох боломжтой байна.” гэх агуулгаар гарсан билээ. Үүн дээр нэмж хэлэхэд шинжээчийн дүгнэлт гэдэг зүйл нь хэн нэгний гэм бурууг урьдчилан тогтоож, үүгээр нь шүүх хэрэг шийддэг гэж ойлгох нь хэт өрөөсгөл ойлголт болох бөгөөд үүнийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгээс харж болно. Гомдлын энэхүү хэсгийг хэсэгчлэн дүгнэвэл шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй бөгөөд энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дэх хэсгийн 1.1 “дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдохгүй байвал”, 1.3 “дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй бол гэх үндэслэлүүдэд хамаарч байна.

Хоёрдугаарт: Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн тухайд. Шүүхээс Ч.Д-н гэм буруугийн талаар дүгнэхдээ.

• ...зам дээр хохирогчийг байх талаар урьдчилан тооцоолох боломжгүй байна,

• ...хэвтэх ёсгүй газар хэвтэж байгаа үйлдэл нь “...санаатайгаар саад хийхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчиж осол гаргах шалтгаан болсон байна,

• ...осол болоход хохирогчийн ЗХД-ийн заалтыг илтэд зөрчсөн үйлдэл шууд нөлөөлсөн,

• ...бүхий л нотлох баримтыг хянан хэлэлцсэн боловч ... гэсэн заалтыг зөрчиж зам дээр хэвтэж байсан Д.Б-г дайрч эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдохгүй байна,.. гэжээ. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль нь замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах эрх зүйн үндсийг тодорхойлж, улмаар хуульд нийцүүлэн гаргасан хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмээр хөдөлгөөнд оролцогчийн эрх, үүргийг зохицуулдаг бөгөөд Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.” гэж журамласан бөгөөд энэ нь цаашлаад Монгол улсын Үндсэн хуулиар тунхагласан хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалах зорилгоор Эрүүгийн хуульд тусгалаа олсон. Тиймд жолоочийн хувьд зам орчноо хянаж, хөдөлгөөний дагуу үзэгдэлт саадгүй тохиолдолд хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангахыг Замын хөдөлгөөний дүрмээр үүрэгжүүлсэн байтал жолооч Ч.Д-н “зам дээр хохирогчийг байх талаар урьдчилан тооцоолох боломжгүй” гэж анхан шатны шүүх үзсэн нь хууль ёсны дүгнэлт болж чадахгүй. Харин ч тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулж буй жолоочийн хувьд аюул саадыг урьдчилан харж, шаардлагатай тохиолдолд зогсоох арга хэмжээ авах үүрэгтэй байдаг.

Осол хэрэг болсон тухайн газар нь хорооллын доторх зам бөгөөд жолоочоос туйлын анхаарал шаардах онцгой зам юм. Хүн аюулгүй амьдрах орчин гэдэг Замын хөдөлгөөний дүрмийн 19.1-д “Хорооллын дотор явган зорчигч нь явган хүний замаас гадна зорчих хэсгээр явж болно. Хорооллын дотор явган зорчигч давуу эрхтэй...” гэж дүрмийг тогтоосон. Шалтгаан нь тухайн орчинд бага насны хүүхэд болон өндөр настан, мөн эрүүл мэндийн болон бусад шалтгаанаар зам дээр хүн саатаж болохуйц орчин юм. Гэтэл хорооллын доторх зам дээр байгаа (ямар ч шалтгаантай байж болно) хүн болгоныг “санаатайгаар саад хийсэн” гэж буруутгаад, хохирол учруулагч этгээдийг цагаатгаад байвал хууль хэрэглээний гажуудал үүсгэнэ. Түүнчлэн, хохирогч Д.Б-н зүгээс Ч.Д-н хөдөлгөөнд санаатай, идэвхитэй үйлдлээр саад учруулсан зүйл байхгүй, гагцхүү түүний оршин байсан газарт нь тээврийн хэрэгсэл ирж мөргөн унагааж, улмаар дайрч гэмтээсэн билээ.

Судалгаанаас харвал зам тээврийн ослын гэмт хэрэгт хохирогчийн буруутай, зөрчлийн шинжтэй үйлдлүүд олон байх буюу гарцгүй газраар зам хөндлөн гарсан, согтуугаар замын хөдөлгөөнд оролцох зэрэг нь нилээдгүй бий. Хохирогчийн буруутай үйлдэл байсан гэдэг нь хэргийг хэрэгсэхгүй болгох бус харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал болж болох юм.

Улсын дээд шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 24 дүгээр тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг албан ёсоор тайлбарлахдаа “...Шүүх хууль зүйн дүгнэлт хийхэд ач холбогдолтой боловч нэг нь нөгөөгөө үгүйсгэсэн нотлох баримтуудад дүгнэлт хийхгүйгээр шууд эргэлзээтэй нөхцөл байдлыг тогтоох боломжгүй юм. Ийнхүү шүүх шийдвэрийнхээ үндэслэлийг тайлбарлахгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болговол шүүгдэгч, хохирогч болон хэргийн оролцогчдын шударга шүүхээр шүүлгэх эрх хөндөгдөх эрсдэлтэй. Иймээс шүүх шийдвэрийн үндэслэл болгосон нотлох баримтуудад өгсөн дүгнэлтээ логик оюун дүгнэлтийн дүрмүүд, мэргэжлийн болон шинжлэх ухаан, танин мэдэхүйн мэдлэг, туршлагад үндэслэж тайлбарлах үүрэгтэй. Түүнчлэн хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүх талаас нь бүрэн бодитой, хангалттай шалгаж тодруулаагүй нөхцөлд үүссэн аливаа тодорхойгүй байдлыг эргэлзээ гэж тооцохгүй.” гэжээ. Тэгэхээр анхан шатны шүүх зөвхөн явган зорчигчийг зам дээр хэвтэж байсан нь “жолоочийн хөдөлгөөнд санаатай саад учруулсан, жолооч үүнийг хараагүй, харах боломжгүй байсан гэдгээр шүүгдэгч Ч.Д-н цагаатган шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн зорилгыг алдагдуулжээ. Энэхүү хэсгийг хэсэгчлэн дүгнэвэл анхан шатны шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасан “хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн.” гэх үндэслэлд хамаарч байна.

Гуравдугаарт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн тухайд. Анхан шатны шүүх энэхүү ослын үйл баримтыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжид хамаарах эсэх дээр огтоос дүгнэлт хийгээгүй. Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг нь жолоочийн зүгээс замын хөдөлгөөнд оролцохдоо дүрмээр үүрэгжүүлсэнд хайхрамжгүй хандсанаас үүдэн хохирол учруулсан, болгоомжгүй хэлбэрээр үйлдэгддэг. Энэ хэрэг нь хохирогчийн санаатай үйлдлээр бус, харин жолоочийн болгоомжгүй, хайхрамжгүй үйлдлээс шалтгаалан осол гарчээ. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1 “Шүүхийн цагаатгах тогтоолын тодорхойлох хэсэгт дараахь зүйлийг тусгана”, уг хэсгийн 1.2 “...улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгчийн саналыг няцаан үгүйсгэсэн үндэслэл” гэсэн шаардлагыг хангахгүй байна. Учир нь, хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс шүүхийн хэлэлцүүлэг болон дүгнэлт гаргах үе шатанд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинж, шүүгдэгчийн үйлдэл нь ямар байдлаар тухайн гэмт хэргийн шинжид хамаарч байгаа талаар тодорхой тайлбарлан, шүүгдэгчийн өмгөөлөгчтэй мэтгэлцэн оролцсон боловч энэ талаар Цагаатгах тогтоолд огтоос дүгнэлт хийгдээгүй байна. Эдгээр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д заасан “шүүхийн шийдвэр нь энэ хуулийн ... 36.9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй гэх үндэслэлд хамаарч байна. Эцэст нь хэлэхэд тухайн тээврийн хэрэгслийн жолооч Ч.Д-н анхаарал нь сарнисны /баруун талаараа машин мөргөчих вий гээд зүүн талаа анзаараагүй, мөн утсаар ярьж байсан зэргээр/ улмаас түүний хөдөлгөөний чиг дагуу саадтай, тэр тусмаа хорооллын доторх зам дээр явган зорчигчийг очиж мөргөж унагаагаад дайрч гарсан гэж үзэх нь бодит байдалтай нийцнэ. Түүнчлэн явган зорчигчийн буруу байсан гэдгээр хэргийг хэрэгсэхгүй болгоод байвал Эрүүгийн хуулийн зорилго алдагдаж, хууль гажуудахад хүргэнэ. Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 568 дугаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэв.

Хохирогч Д.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний бие байнгын өвчтэй байгаа. Тухайн үед бага зэрэг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Би замын хашлага дээр утсаа оролдоод сууж байхад машины гэрэл тусаад намайг дайрсан. Үүнийг дэлгүүрийн камерийн бичлэгээр нотолно. ...” гэв.

Цагаатгагдсан этгээд Ч.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Тухай үед хохирогчийг хараагүй. Машинтайгаа удаан явж байсан. ...” гэв.  

Цагаатгагдсан этгээд Ч.Д-н өмгөөлөгч Б.Борхүү шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Прокуророос мөрдөгчийн магадлагаа, туршилт хийсэн сиди бичлэгээр Ч.Д-н ялладаг. Хуульд зааснаар мөрдөгч магадлагаа гаргах эрхтэй бөгөөд мөрдөгчийн магадлагаа эргэлзээтэй байвал шинжээчийн дүгнэлт гаргадаг. Хэргийн хувьд энэ ажиллагаа урвуу байдлаар хийгдсэн тул мөрдөгчийн магадлагааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нотлох баримтаар үнэлэх процесст алдаа гарсан. Өмгөөлөгч миний зүгээс туршилтын үед машины өнгөтэй холбоотой асуудал яриагүй. Гэмт хэрэг гарсан цаг хугацаанд болсон үйл баримтыг сэргээх зорилготой туршилт байтал тухайн цаг хугацаа, машинуудын байршил хэргийн газрын үзлэгээр авагдсан гэрэл зургаас зөрүүтэй буюу машин тойрог тойрч орж байгаа нөхцөл байдлууд өөр, машинууд урд хойноо орсон байдаг. Замын нөхцөл байдал дэгэн догонтой. Хохирогчийн сууж байсан, эсвэл хэвтэж байсан гэх газарт явган хүний зам байхгүй, эсрэг талдаа явган хүний замтай. Миний үйлчлүүлэгчийг хохирогчийг мөргөж унагаан, дээгүүр нь гарч, цааш явсан гэж санаатай гэмт хэргийн шинжтэй нөхцөл байдлыг ярьж байгаа нь үндэслэлгүй. Төсөөлөн бодох байдлаар бус, хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд асуудалд хандах ёстой. Прокуророос яллах дүгнэлт үйлдэхдээ Замын хөдөлгөөний дүрмийн 19.1-д заасан зөвхөн хохирогчид хамааралтай хэсгийг нь оруулсан бөгөөд уг заалтыг бүрэн агуулгаар нь авч үзвэл хохирогч саад учруулахгүй байх үүрэгтэй. Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн прокурорын эсэргүүцэл болон хохирогчийн өмгөөлөгчийн гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Прокуророос Ч.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

Учир нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т “... дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй бол…шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэхээр хуульчилсан.

Хэрэгт авагдсан баримтаар 3 удаагийн шинжээчийн дүгнэлт гаргасан ба уг дүгнэлтүүд хоорондоо зөрүүтэй, эргэлзээ бүхий байсан тул мөрдөгчийн 134 дүгээр магадлагаа гаргажээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч энэ хуулийн 27.1 дүгээр зүйлд заасан шинжилгээг шинжээч томилж хийлгэх шаардлагагүй, мөрдөн шалгах ажиллагаа явуулж тогтоох боломжтой, эсхүл өөрийн эзэмшсэн тусгай мэдлэгийн хүрээнд тогтоох боломжтой гэж үзвэл магадлагаа гаргаж болно.” гэж заасан.

Хуулийн уг зохицуулалтаас үзэхэд мөрдөгчийн магадлагаа гаргах ажиллагаа нь шинжээчийн дүгнэлт гаргуулахаас өмнө хийгдэх ажиллагаа байтал 3 удаагийн шинжээчийн дүгнэлт гаргасны дараа мөрдөгчийн магадлагаа гаргаж байгаа нь мөрдөн шалгах ажиллагааны дараалал зөрчигдсөн гэж үзэхээр байна.

Тиймээс шинжээчийн дүгнэлтүүд болон мөрдөгчийн магадлагаа хоорондоо зөрүүтэй, эргэлзээ бүхий байх тул дахин шинжээч томилж, дүгнэлт гаргуулан хэргийн бодит байдлыг хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн сэргээн тогтоох замаар Ч.Д-н үйлдэлд гэмт хэргийн шинж байгаа эсэхийг тогтоосны эцэст хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 Үүнээс гадна, Ч.Д-д холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж, бэхжүүлсэн яллагдагч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг, камерийн бичлэг болон бичгийн бусад нотлох баримтуудад бодитой үнэлэлт өгч, тэдгээрийг агуулгын хувьд хооронд нь харьцуулан дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх нь зүйтэй.

Мөн шүүх хуралдааны явцад нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэхээр бол, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.13, 6.14-т заасан гомдлыг шийдвэрлэх зорилгоор  шүүх хэргийг хянан хэлэлцэхийг нэг удаа 60 хүртэл хоногоор хойшлуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасан ажиллагааг явуулахыг прокурорт даалгах нь гагцхүү анхан шатны шүүхэд олгогдсон эрх хэмжээ бөгөөд уг хуулийн зохицуулалтын хүрээнд шүүх хуралдааныг 60 хүртэл хоногоор хойшлуулж дээрх ажиллагааг хийлгэхээр прокурорт даалгах боломжтойг дурдаж байна.

Дээрх үндэслэлээр прокурор Г.Нандин-Эрдэнийн бичсэн эсэргүүцэл болон хохирогч Д.Б-н өмгөөлөгч Д.Чинзоригийн гаргасан давж заалдах гомдлыг тус тус хүлээн авч Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 2024/ШЦТ/568 дугаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 39.9 дүгээр зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 2024/ШЦТ/568 дугаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгосугай.

2. Ч.Д-д урьд авсан хувийн баталгаа гаргах, цэргийн ангийн удирдлагад хянан харгалзуулах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                            Л.ДАРЬСҮРЭН

ШҮҮГЧ                                                            Д.МӨНХӨӨ

            ШҮҮГЧ                                                            М.АЛДАР