Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 00118

 

 

 

 

      

   2018         05             14                                                     2018/ШЦТ/118

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга П.Ханбүргэд,

Улсын яллагч Ц.Мөнхжаргал,

Хохирогч Ч.Д,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.А,

Хохирогчийн өмгөөлөгч Б.Амаржаргал,

Шүүгдэгчийн өмгөөлөгч В.Энхболд,

Шүүгдэгч М.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнМ.Мт холбогдох эрүүгийн 1738002510144 дугаартай хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч М.М нь 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр  Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн нутагт өөрийн эзэмшлийн Ниссан террано маркийн 53-25 ХӨА улсын дугаартай автомашин жолоодож яваад хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 15 дугаар зүйлийн 15.1.А-д заасан заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Ч.Д мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч М.М нь 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр  Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн нутагт өөрийн эзэмшлийн Ниссан террано маркийн 53-25 ХӨА улсын дугаартай автомашин жолоодож яваад хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 15 дугаар зүйлийн 15.1.А-д заасан заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Ч.Д мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчМ.Мын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “…Алаг 36 дугаар байранд гэртээ ирэх гээд Капитал банкны зүүн талаар эргэж орох гэж байснаа хөдөө явах гэж байгаа юм чинь бензинээ нэг мөсөн хийчихий  гээд Капитал банкны урдуур чигээрээ Шунхлай ШТС орохоор явсан. Тухайн үед нар гялбаад урдаас нэг жижиг тэрэг зөрж өнгөрсөн. Удалгүй түк гээд юм мөргөчих шиг болсон. Тэр дороо машинаа зогсоогоод буугаад хартал нэг эмэгтэй хүн ёолчихсон хэвтэж байсан...Тэгээд тэр хүнийг аваад эмнэлэг орсон...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,

Эд хөрөнгө битүүмжилсэн тухай тогтоол, тэмдэглэл /ХХ-ийн 7-9 дүгээр хуудас/,

Эд зүйл хураан авах тухай прокурорын зөвшөөрөл, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /ХХ-ийн 12,14 дүгээр хуудас/,

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /ХХ-ийн 15-18 дугаар хуудас/,

      Хохирогч Ч.Д-ын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: ”...2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 18 цагийн үед Тэвхэн худалдаа үйлчилгээний төвөөс гараад хойшоо зам хөндлөн гарах гээд зүүн тийш хартал ойрхон машин харагдахгүй болохоор нь зам хөндлөн гарч байтал машин ирээд мөргөсөн... Тэгээд би энэ хүнд гэмтлээс болоод 3 сар гаруй хугацаанд эмчилгээ хийлгэж хэвтсэн. Би энэ хугацаанд их хагалгаанд орж, тариа хийлгэж маш их өвдөж зовж байсан. Одоо хохирлоо барагдуулж авах хүсэлтэй байна... ” гэх мэдүүлэг,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.А-ийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: ”... Би ээжийгээ 2017 оны 09 дүээр сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод тосож авсан. Тэрнээс хойш би ээжтэйгээ хамт тогтмол байж байгаад 12 дугаар сард ирсэн. Энэ хугацаанд М эхний ээлжид утсаар ярьдаг байсан. Дараа нь эхнэр нь яриад аль аль буруутай шүү дээ гээд салгаад түүнээс хойш харьцахаа байсан. Ээжийг маань энд ирэхэд эргэж ирээгүй. Харин цагаан сараар утсаар ярьж байж нэг ирсэн. Би эмчилгээний зардлыг өөрөөсөө 100 хувь гаргаж байсан. Нийт эмчилгээний зардал 14.471.120 төгрөг болсон үүнээс 6.010.600 төгрөгийг л өгсөн. 300.000 төгрөгийг өгсөн гээд байгаа боловч энэ мөнгө миний дансанд ороогүй байсан. Нэхэмжлэж байгаа 14.471.120 төгрөгөөс 6.010.600 төгрөг хасагдаж байгаа. Одоо үлдэх сэтгэл санааны хохирол 5.000.000 төгрөг, эмчилгээний болон бусад зардал 2.845.1000 төгрөг нийт 7.845.100 төгрөгийн хохирол болон цаашид гарах эмчилгээний зардлааМ.Маас гаргуулах хүсэлтэй байна... М нь нэхэмжилсэн хохиролыг бүрэн барагдуулвал хорих ял оногдуулахгүй байхыг хүсэж байна... " гэх мэдүүлэг,

        Гэрч Б.Э-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ”...Баасандулам надруу залгаад М ах хүн дайрчихлаа гэж хэлсэн. Тэгээд хаана байгааг нь асуусан чинь эмнэлэг дээр байна гэхээр нь явж очсон. Дайруулсан гэх хүн өвдөөд байна гээд ёолоод байсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 27-28 дугаар хуудас/,

        Гэрч Х.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ”...Капитал банкны урдуур явж байснаа М ах нар гялбаад байх юм ахынхаа шилийг аваад өгөөч урд хайрцаг руу байгаа гэхээр нь хайрцаг ухах гээд тонгойтол машин тоормос гишгээд зогссон. Тэгтэл М ах хүн мөргөчих шиг боллоо гэсэн...Тэгээд мөргүүлсэн хүнийг арын суудал дээр хэвтүүлээд эмнэлэг орсон...” мэдүүлэг /ХХ-ийн 29-31, 123-124 дүгээр хуудас/,

        Гэрч Б.Э-ны мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ”...Эрдэнэтуяа залгаад М машин жолоодож яваад хүн мөргөчихлөө гэнэ, эмнэлэг дээр байна гэхээр нь яараад эмнэлэг дээр очсон. Мөргүүлсэн хүнийг М, Баасандулам нар эмнэлэг дээр хүргэж өгсөн байсан. Намайг эмнэлгийн гадаа Мтай тааралдахад архи уугаагүй эрүүл байсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 38-39 дүгээр хуудас/,

        Гэрч Л.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ”...2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 19 цаг өнгөрч байхад эмнэлэгээс надруу эмч залгаад танай хадам ээж Д осолд орсон байна. Эмнэлэг дээр хүрээд ир гэхээр нь яваад очтол манай хадам  ээжийг насилк дээр хэвтүүлсэн байдалтай рентгенд харуулна гээд байж байсан...Сүүлд надад хэлэхдээ замаар хөндлөн гарч явахад машин харагдахгүй байсан гэнэт л тас гээд машин ирээд мөргөчихсөн гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 40-41 дүгээр хуудас/,

        Гэрч Б.Л-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ”...Капитал банкны урд талд явж байтал жолооч зогсоод би хүн мөргөчихлөө гэж хэлсэн. Тэгээд машинаас буухад машины зүүн урд дугуйны хажуу талд эмэгтэй хүн зам дээр хэвтэж байсан. Тэгээд шууд эмнэлэг дээр аваачсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 42-44, 125-126 дугаар хуудас/,

  Хөвсгөл аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Батмөнхийн 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 95 дугаартай дүгнэлтэд:

         1.М.Мын гэх цусанд этилийн спирт илэрсэнгүй гэх дүгнэлт /ХХ-ийн 48 дугаар хуудас/,

      Хөвсгөл аймгийн цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн цагдаагийн ахлах дэслэгч Г.Мягмарсүрэнгийн 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн дүгнэлт /ХХ-ийн 50 дугаар хуудас/,

  Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч М.Золжаргалын 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 12202 дугаартай дүгнэлтэд:

         1. Ч.Д-ын биед баруун талын дунд чөмөгт ясны толгой түнхний үе рүү цөмөрсөн хугарал, баруун талын сүүжний дэлбээ, умдаг ясны дээд салаа, их бие суудал ясны их нум зэргийг хамарсан зөрүү ихтэй нийлмэл хугарал, зүүн талын сүүжний ясны дэлбэний ар хэсгийн зөрүүтэй, умдаг ясны дээд салаа хэсгээр зөрүүгүй хугарал, баруун бугалганы дунд 1/3 хэсгийн далд хугарал гэмтэл тогтоогдлоо.

        2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

        3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.6.1-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

        4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээнээс хамаарна  гэх дүгнэлт /ХХ-ийн 52 дугаар хуудас/,

       Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /ХХ-ийн 127-131 дүгээр хуудас/,

       Хэрэг осол гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг /ХХ-ийн 160 дугаар хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч М.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.

Эрүүгийн 1738002510144 дугаар хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны байна гэж шүүх үнэллээ.

ШүүгдэгчМ.М нь ял шийтгэлгүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /ХХ-ийн 70 дугаар хуудас/-аар тогтоогдож байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Хохирогч Ч.Д, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.А нар нь шүүгдэгчМ.Маас нийт 14.471.120 төгрөгний хохирол гаргуулахаар нэхэмжилсэн байна.

Хохирогчийн нэхэмжилсэн нийт 14.471.120 төгрөгийн хохирлоос эмчилгээний зардал нийт 6.626.020 төгрөгийн хохирол нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон ба шүүгдэгчийн хохирогч Ч.Д, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.А нарт төлсөн 6.010.600 төгрөгийг нэхэмжилж байгаа нийт үнийн дүнгээс хасч үлдэх 615.420 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогч Ч.Д, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Амартүвшин нарт олгох нь зүйтэй байна.

Харин хохирогч Ч.Д, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.А нар нь үлдэх  сэтгэл санааны хохирол 5.000.000 төгрөг, эмчилгээний болон бусад зардал 2.845.1000 төгрөг нийт 7.845.100 төгрөгийн хохирол болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч М.М-аас иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг  дурдах нь зүйтэй байна.

Хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн шүүхэд гаргасан хохирлын баримтаас 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр байгуулсан орон сууц хөлслөх гэрээний он нь засвартай, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000434208 дугаартай гэрчилгээний хуулбарыг нотариатаар батлуулаагүй байх тул нотлох баримтын хэмжээнд үнэлээгүй болно.

Шүүгдэгч М.М нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид эмнэлгийн болон бусад туслалцаа үзүүлсэн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон үзлээ.

Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, эрүүл мэндийн байдал, ам бүл 4 эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, гэр бүлээ тэжээн тэтгэдэг зэрэг хувийн байдлуудыг харгалзан үзэж, түүнд тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн 1738002510144 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгчМ.Мын №785852 дугаартай А,В ангиллын жолооны үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэх нь зүйтэй байна.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн Ниссан Террано маркийн 53-25 ХӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөгчийн 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч М.М-ыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.         

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.М-ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч, хорих ялыг оногдуулахгүйгээр 2 /хоёр/  жилийн хугацаагаар тэнссүгэй.    

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.М нь оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

      4. Үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгчМ.Мт хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

      5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар шүүгдэгч М.М-аас 615.420 /зургаан зуун арван таван мянга дөрвөн зуун хорь/ төгрөг гаргуулж хохирогч Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 1-23-23 тоотод оршин суух Ч.Д /РЭ54110401/-д олгосугай.

6. Эрүүгийн 1738002510144 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсанМ.Мын №785852 дугаартай А,В ангиллын жолооны үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Ниссан Террано маркийн 53-25 ХӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөгчийн 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгосугай.

8. Шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогч Ч.Д, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.А нар нь сэтгэл санааны хохирол 5.000.000 төгрөг, эмчилгээний болон бусад зардал 2.845.100 төгрөг нийт 7.845.100 төгрөгийн хохирол болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгчМ.Маас иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.      

     9. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.М-т урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

     10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Т.ХҮРЭЛБААТАР