Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 2024/ДШМ/848

 

  2024           07            23                                          2024/ДШМ/848

 

Т.Х-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч С.Болортуяа, шүүгч М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Одонтуяа,

шүүгдэгч Т.Х, түүний өмгөөлөгч Д.Энхбаатар,

иргэний нэхэмжлэгч, хариуцагч Т.С,   

нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Жанчивнямбуу даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 2024/ШЦТ/451 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Т.Х-н өмгөөлөгч Д.Энхбаатарын гаргасан давж заалдах гомдлоор Т.Х-д холбогдох 2403 00141 0269 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.      

А овгийн Т-н Х, ... оны .. дугаар сарын ..-ны өдөр ........ төрсөн, .. настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт ............ тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД.........../;  

Шүүгдэгч Т.Х нь 2024 оны 2 дугаар сарын 28-ны оройн 20 цагийн орчимд Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, Энэбишийн өргөн чөлөө, Парадоксын автобусны буудлын замд “Тоуоta prius” загварын .... УНВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-т “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэж заасныг зөрчсөний улмаас явган хүний зохицуулдаггүй гарцаар зам гарч байсан явган зорчигч болох Б.Б, Б.С нарыг мөргөж, улмаар хохирогч Б.Б-н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: Т.Х-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Т.Х-г “авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Х-н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 280 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, уг ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэж, шүүгдэгч Т.Х-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “нийтэд тустай ажил хийлгэх” ял оногдуулсан үеэс эхлэн тоолж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, жолооч Т.Х-н жолооны үнэмлэх шүүхэд ирээгүй болохыг дурдаж, шүүгдэгч Т.Х нь хохирогч Б.Б-н эмчилгээний зардалд 571.450 төгрөг, иргэний нэхэмжлэгч Б.С-н эмчилгээний зардалд 173.244 төгрөг, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт нийт 240.000 төгрөг тус тус төлсөн болохыг дурдаж, Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэг, Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолоор баталсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал, Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар тушаалыг тус тус үндэслэн Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Х-с хохирогч Б.Б-н сэтгэцэд учирсан хохирлын хор уршигт 8.580.000 төгрөг гаргуулан хохирогч Б.Б-д олгож, эд мөрийн баримтаар тооцогдсон 1 ширхэг сидиг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт хавсарган үлдээж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Т.Х-н өмгөөлөгч Д.Энхбаатар давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шүүгдэгч Т.Х нь өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөч, хийсэн хэргээ үнэн зөвөөр мэдүүлсэн ба буруутай үйлдэлдээ маш их гэмшиж харамсаж байгаа билээ. Тэрээр хэл ярианы хөгжил сул дорой, гацдаг тул бусдад өөрийгөө ойлгуулахдаа муу, үгээ зөөж удаан ярьдаг. Үүний улмаас тэрээр анхан шатны шүүх хуралдаанд өөрийгөө бүрэн илэрхийлж чадаагүй. Ар гэр, хувийн байдлын тухайд ам бүл 4-үүлээ, эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг ба хувиараа такси үйлчилгээ хийж амьдралаа залгуулдаг. Шүүгдэгч Т.Х нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн, анх удаа тохиолдлын шинжтэй гэмт хэрэгт холбогдсон тул Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь бодитой дүгнэж, хохирогч Б.Б-н сэтгэцэд учирсан гэх 8.580.000 төгрөгийг төлүүлэхээр тогтоосныг багасгаж, мөн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жилийн хугацаагаар хассаныг өөрчилж, 280 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэснийг өөр төрлийн хөнгөн ялаар сольж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Т.Х тус шүүх хуралдаанд “хэлэх тайлбаргүй” гэв.  

Иргэний нэхэмжлэгч, хариуцагч Т.С тус шүүх хуралдаанд “хэлэх тайлбаргүй” гэв. 

Прокурор Б.Одонтуяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүх шүүгдэгч Т.Х-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний үйлдсэн гэмт хэрэг, учруулсан хохирол, хор уршиг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан ял оногдуулсан нь хуульд нийцсэн. Мөн шүүх хохирогчийн сэтгэцэд учирсан гэм хорын нөхөн төлбөрийг тогтоохдоо Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолоор баталсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ын нөхөн төлбөр тооцох жишиг аргачлалын хүснэгтэд зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 13 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу хамгийн доод хэмжээгээр тооцсон нь үндэслэл бүхий болсон. Иймд давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

          Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

            Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

     Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:

Шүүгдэгч Т.Х нь 2024 оны 2 дугаар сарын 28-ны оройн 20 цагийн орчимд Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, Энэбишийн өргөн чөлөө, Парадоксын автобусны буудлын замд “Тоуоta prius” загварын .... УНВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-т “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэж заасныг зөрчсөний улмаас явган хүний зохицуулдаггүй гарцаар зам гарч байсан явган зорчигч болох Б.Б, Б.С нарыг мөргөж, хохирогч Б.Б-н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч Б.Б-н “... Би Парадоксын автобусны буудлын харалдаа ертөнцийн зүгээр баруун талын явган хүний гарцаар урдаас хойд зүгт чиглэлтэй зам хөндлөн зорчих хэсгийн 2 дугаар эгнээгээр явж байтал “Тоуоta prius 20” загварын .... УНВ улсын дугаартай тээврийн хэрэгсэл ертөнцийн зүгээр баруун талаас ирж явган хүний гарцан дээр мөргөсөн. Би мөргүүлээд газар унасан, газар унасан байхад хамт явж байсан Б.С намайг татаж босгож байхад нөгөө жолооч машинаас бууж ирээд юу ч дуугарахгүй зогсоод байсан. Тэгэхээр нь би “гар утасны дугаараа өг” гэж хэлсэн чинь дугаараа өгсөн. Би цааш явах гэтэл миний гутлын ул салаад унасан байсан. ...” /хх 17/,

 иргэний нэхэмжлэгч Б.С-н “...Би зам хөндлөн зорчих хэсгийн 2 дугаар эгнээгээр явж байхад “Тоуоta prius 20” загварын .... УНВ улсын дугаартай тээврийн хэрэгсэл ертөнцийн зүгээр баруун талаас ирж, явган хүний гарцан дээр мөргөсөн. Тэгээд би газар унасан. Би өөрөө босоод найз Б.Б-г зөндөө өргөж татаж байгаад арай гэж босгосон. ...” /хх 22/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн “... Б.Б-н биед зүүн өвдөгний урд чагтан холбоосны урагдал, шаантны ясны хэмт эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр цохих, сунах, дарах, шахах мөханизмаар үүснэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. ...” гэх 3230 дугаартай дүгнэлт /хх 48-49/,

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн “... Б.С-н биед гэмтэл тогтоогдсонгүй. ...” гэх 3232 дугаартай дүгнэлт /хх 55-56/,

зам тээврийн осол, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх 8-9/, хэмжилтийн бүдүүвч /хх 7/, уг ажиллагааг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 10-11/, эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол /хх 68/, камерын бичлэгт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /хх 70/, хойшлуулшгүй тохиолдолд явуулсан мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцсон прокурорын тогтоол /хх 71-72/, эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлт авсан тусламж үйлчилгээний мэдээлэл /хх 74-81/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх шүүгдэгч Т.Х-г авто тээврийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу хохирогч болон шүүгдэгч, тэдгээрийн сонгон авсан өмгөөлөгчдийн тайлбар, улсын яллагчийн дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтуудыг харьцуулан, үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч Т.Х-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилснийг Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.

Мөн шүүхээс шүүгдэгч Т.Х-н гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 280 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байна.

Шүүх шинжилгээний тухай хууль, Улсын Дээд шүүхийн Нийт Шүүгчдийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолд заасны дагуу хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлүүлэх, төлбөрийн жишиг аргачлалын дагуу гэмт хэргийн улмаас хохирогчийн сэтгэцэд учирсан хохирлыг зайлшгүй нөхөн төлүүлэхээр заасан бөгөөд уг аргачлалын дагуу 8.580.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан хохирогч Б.Б-д олгохоор шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй.

Иймд шүүгдэгч Т.Х-н өмгөөлөгч Д.Энхбаатарын гаргасан “... 8.580.000 төгрөгийн хохирлоос хасаж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хассаныг багасгаж, 280 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өөр төрлийн хөнгөн ялаар сольж өгнө үү” гэсэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 2024/ШЦТ/451 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Т.Х-н өмгөөлөгч Д.Энхбаатарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                              Т.ӨСӨХБАЯР

ШҮҮГЧ                                                              С.БОЛОРТУЯА

            ШҮҮГЧ                                                              М.АЛДАР